| Шүүх | Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Отгон Аззаяа |
| Хэргийн индекс | 182/2024/03489/И |
| Дугаар | 182/ШШ2024/02843 |
| Огноо | 2024-06-18 |
| Маргааны төрөл | Нэхэмжлэгчээс гаргасан хүсэлтийн дагуу хариуцагчийг эрэн сурвалжлах, |
Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2024 оны 06 сарын 18 өдөр
Дугаар 182/ШШ2024/02843
| 2024 06 18 | 182/ШШ2024/02843 |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч О.Аззаяа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар:
Хүсэлт гаргагч: *******,*******,*******, Ш/Х-22 хаягт байрлах Голомт банк ХК /РД:2075377/-ийн хүсэлттэй,
Иргэний эрх зүйн харилцаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох ******* эрэн сурвалжлуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Бадамцэцэг оролцов. (Нэхэмжлэгчийн эзгүйд хэргийг хянан хэлэлцэв.)
Тодорхойлох нь:
1. Хүсэлт гаргагч Голомт банк ХК нь шүүхэд гаргасан хүсэлтдээ: Иргэн ******* нь Голомт банктай 2021 оны 7 дугаар сарын 30-ны өдөр дугаар ЗГ/2015151637 тоот зээлийн гэрээ байгуулан 18,000,000 төгрөгийг жилийн 13,2 %-ийн хүүтэй, 30 сарын хугацаатай зээлж авсан. 2022 оны 4 дүгээр сарын 12-ны өдөр Зээлийн гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулах тухай ЗГ/2015151637 А тоот гэрээ байгуулан 9,600,000 төгрөгийг жилийн 13,2%-ийн хүүтэй 30 сарын хугацаатай, 2022 оны 9 дүгээр сарын 09-ний өдөр Зээлийн гэрээнд өөрчлөлт оруулах тухай Дугаар 2015151637 Б тоот гэрээ байгуулан 10,000,000 төгрөгийг жилийн 13,2%-ийн хүүтэй, 30 сарын хугацаатай тус тус зээлж авсан. Зээлдэгч нь зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчин төлбөрөө төлөхгүй байсан тул *******т холбогдуулан Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргасан боловч Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2024 оны 4-р сарын 26-ны өдрийн дугаар 184/ШЗ2024/10184 тоот захирамжаар хариуцагч нь хаягтаа оршин суудаггүй гэсэн үндэслэлээр хэргийг хэрэгсэхгүй болгосон. Иймд иргэн *******ийг эрэн сурвалжлах шийдвэр гарган холбогдох байгууллагад үүрэг болгож өгнө үү гэжээ.
2. Нэхэмжлэгч Голомт банк ХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Ганбаатар нь шүүх хуралд биечлэн оролцох боломжгүй тул шүүх хуралдааныг нэхэмжлэгчийн эзгүйд шийдвэрлэж өгнө үү гэх хүсэлтийг ирүүлсэн байна.
3. Нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээ, итгэмжлэл, Сонгинохайрхан дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүгчийн 2024 оны 04 дүгээр сарын 26-ны өдрийн 184/ШЗ2024/10184 дугаар Хэргийг хэрэгсэхгүй болгох тухай захирамж, 2021 оны 07 дугаар сарын 30-ны өдрийн ЗГ2015151637 дугаартай Зээлийн болон барьцааны гэрээний нотариатаар батлуулсан хуулбар, зээлийн эргэн төлөлтийн хуулбар, хүү тооцооны хүснэгтийн хуулбар, Голомт банкны гүйцэтгэх захирлын тушаал зэрэг баримтуудыг шүүхэд гаргаж өгсөн байна.
Шүүх хуралдаанаар хавтаст хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтыг шинжлэн судлаад
Үндэслэх нь:
1. Нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэслэлтэй гэж үзэв.
Хүсэлт гаргагч Голомт банк ХК нь иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох ******* эрэн сурвалжлуулах хүсэлтийг шүүхэд гаргажээ.
2. Нэхэмжлэгч дараах үндэслэлээр хүсэлтээ тодорхойлсон. Үүнд:
2.1. Голомт банк ХК нь *******тэй 2021 оны 07 дугаар сарын 30-ны өдрийн ЗГ2015151637 дугаартай Зээлийн болон барьцааны гэрээний байгуулж, 18,000,000 төгрөгийн зээл олгосон.
2.2. Зээлдэгч *******ээс зээлийн гэрээний үүрэг шаардсан нэхэмжлэлийг Сонгинохайрхан дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүгчийн 2024 оны 04 дүгээр сарын 26-ны өдрийн 184/ШЗ2024/10184 дугаар Хэргийг хэрэгсэхгүй болгох тухай захирамжаар ******* нь Сонгинохайрхан дүүрэг 42 дугаар хороо, Хайрхан 09 дүгээр гудамж 166 тоот хаягт бүртгэлгүй, оршин суудаггүй болох нь тогтоогдсон тул хэргийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэсэн байна. *******ийн хаяг тодорхойгүй гэнэ.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.2 дахь хэсэгт Энэ хуулийн 155.1-д заасан хүсэлтийг өөрийн оршин суух газрын шүүхэд гаргана гэж зааснаар тус шүүхэд эрэн сурвалжлуулах тухай хүсэлт гаргасан нь дээрх хуулийн зохицуулалтад нийцсэн гэж үзнэ.
4. Энэхүү иргэний хэрэг нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлд заасан шүүх онцгой ажиллагааны журмаар хянан шийдвэрлэх маргааны төрөлд хамаарах тул хэргийг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий нөхцөл байдлыг бүрэн дүүрэн тогтооход шаардлагатай баримт, лавлагааг шүүхийн журмаар гаргуулах эрхтэй.
Энэ хүрээнд шүүхээс 2024 оны 06 дугаар сарын 06-ны өдөр 182/ШЗ2024/10555 дугаар захирамжийн дагуу Улсын бүртгэлийн газраас *******ийн оршин суугаа газрын лавлагааг гаргуулсан ба лавлагаанд Сонгинохайрхан дүүрэг, 42 дугаар хороо, Хайрхан 09 дүгээр гудамж 166 тоот гэжээ.
5. Иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох *******ийн оршин суух газар нь мэдэгдэхгүй байгаа болох нь хүсэлт гаргагчийн тайлбар болон дээрх баримтуудаар тогтоогдож байх тул Голомт банк ХК-ийн гаргасан иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох ******* эрэн сурвалжлуулах хүсэлтийг хангах үндэстэй.
6. Хүсэлт гаргагчаас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэх нь зүйтэй.
Нэхэмжлэгч Голомт банк ХК нь нэхэмжлэгчийг байлцуулахгүйгээр, нотлох баримтын хүрээнд шийдвэрлүүлэх хүсэлт ирүүлсэн байх тул нэхэмжлэгчийн эзгүйд хэргийг хянан шийдвэрлэсэн болохыг дурдах нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 133 дугаар зүйлийн 133.1.9-д заасныг тус тус удирдлага болгон
Тогтоох нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.3-т зааснаар иргэний эрх зүйн харилцаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох ******* эрэн сурвалжилсугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.4-т зааснаар иргэний эрх зүйн харилцаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох Батдэлгэрийн Цэлмэг /РД:РЭ93042735/-ийг эрэн сурвалжлах, түүний амьдарч байгаа газрыг тогтоох ажиллагааг хийж, энэ тухай хүсэлт гаргагч Голомт банк ХК, түүний төлөөлөгч Н.Ганбаатар /утас:99150109/-д мэдэгдэхийг Сонгинохайрхан дүүргийн Цагдаагийн газарт даалгасугай.
3. Улсын тэмдэгтийн хураамжийн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгч Голомт банк ХК-ийн тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээсүгэй.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй бөгөөд зохигч 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах ба шийдвэрийг гарган аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүй болохыг дурдсугай.
5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигчид шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдаж шатны шүүхэд давж заалдах гомдол гаргаж болохыг дурдсугай.
ДаргалагЧ, шҮҮГЧ О.АЗЗАЯА