Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 04 сарын 07 өдөр

Дугаар 2022/ДШМ/371

 

 

Л.Пд холбогдох

 эрүүгийн хэргийн тухай

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ж.Эрдэнэчимэг даргалж, шүүгч Л.Дарьсүрэн, Т.Өсөхбаяр нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор А.Амарсанаа,

хохирогч А.Э,

шүүгдэгч Л.Пгийн өмгөөлөгч А.Буяндэлгэр,

нарийн бичгийн дарга Т.Цэрэнсоном нарыг оролцуулан,

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Олзод даргалж хийсэн шүүх хуралдааны 2022 оны 2  дугаар сарын 17-ны өдрийн 490 дугаартай шүүгчийн захирамжийг эс зөвшөөрч прокурор А.Амарсанаагийн бичсэн 2022 оны 3 дугаар сарын 11-ний өдрийн 12 дугаартай эсэргүүцэл болон хохирогч А.Эийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн Л.Пд холбогдох эрүүгийн 2106029981991 дугаартай хэргийг 2022 оны 3 дугаар сарын 28-ны өдөр хүлээн авч, шүүгч Т.Өсөхбаярын илтгэснээр хянан хэлэлцэв.

Л.П, .......................төрсөн, 48 настай, эмэгтэй, бүрэн дунд боловсролтой, операторчин мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 7, нөхөр, хүүхдүүдийн хамт ............................тоотод оршин суух бүртгэлтэй, ял шийтгэлгүй, /РД:............................../;

 

Шүүгдэгч Л.П нь Баянзүрх дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Нарантуул олон улсын худалдааны төвд 2021 оны 09 дүгээр сарын 03-ны өдөр иргэн А.Этэй бараан дээр ус асгалаа гэх шалтгаанаар маргалдаж, улмаар нүүрэн тус газар цохисноос эрүүл мэндэд нь баруун нүдний доод зовхи, баруун хацрын шонтонгийн цус хуралт, зөөлөн эдийн няцрал бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Баянзүрх дүүргийн прокурорын газраас: Л.Пгийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: ... Хавтаст хэргийн 80-90 дүгээр хуудсанд “Дамно” ХХК-ийн хөрөнгийн үнэлгээний тайлан авагдсан байна. Тус үнэлгээгээр хохирогчид учирсан хохирол 325.000 төгрөг гэж тодорхойлоод үнэлгээ хийхэд гарсан зардал 80.000 төгрөгийг “Вендо” ХХК-д тушаасан үйл баримт тогтоогджээ.

Хохирогчоос үнэлгээ хийлгэхэд гарсан зардлыг шүүгдэгчээс нэмж нэхэмжилнэ гэж тайлбарлах боловч үнэлгээг “Дамно” ХХК гаргаж, төлбөрийг “Вендо" ХХК-д тушаасан нь ойлгомжгүй, хохирогчид учирсан хохирлын үнэлгээг ямар компани гүйцэтгэсэн нь эргэлзээтэй, тухайн 80.000 төгрөг нь “Дамно” ХХК-ийн хийсэн үнэлгээний зардал мөн эсэх нь тодорхойгүй болжээ. Учир нь, шүүх хохирол, хор уршгийн хэмжээг тогтоох, улмаар гэм буруутай этгээдээс гаргуулах тохиолдолд энэ нь үндэслэл бүхий, эргэлзээгүй, тодорхой байх шаардлагыг хангах учиртай тул уг нөхцөл байдлыг тодруулах шаардлагатай.

Түүнчлэн, хавтаст хэргийн 7-9 дүгээр талд А.Э нь хохирогчоор мэдүүлэг өгөхдөө хохирол учруулсан гэх этгээдийг “Пүрэвсүрэн” гэж тодорхойлсон, хавтаст хэргийн 10-12 дугаарт талд Л.П нь холбогдогчоор мэдүүлэг өгөхдөө “Пүрэвсүрэн” гэж тэмдэглэгдэн, улмаар “Пүрэвсүрэн” гэсэн нэрийн дор өөрийн гарын үсгийг зурсан, 28-29 дүгээр талд А.Э хохирогчоор мэдүүлэг өгөхдөө мөн “Пүрэвсүрэн” гэж тодорхойлсон, 44-45 дугаар талд Д.Наранцэцэг нь гэрчээр мэдүүлэг өгөхдөө “Пүрэвжаргал” гэж тодорхойлсон зэрэг нь эргэлзээтэй, ойлгомжгүй байна. Өөрөөр хэлбэл, маргааны үйл баримтаар тодорхойлогдож байгаа этгээдүүдийн мэдээлэл, нэрийг зөрүүтэй, харилцан адилгүй тодорхойлсноор тэдгээр нотлох баримтуудыг үнэн зөв, эргэлзээгүйд тооцож үнэлэх, улмаар тодорхой этгээдийн гэм бурууг хянах нөхцөл байдлыг үгүйсгэж байна.

Хавтаст хэргийн 50-52 дугаар талд фото зургууд авагдсан байх боловч мөрдөгч тухайн баримтуудыг хуульд зааснаар тэмдэглэл үйлдэж, бэхжүүлээгүй, тэдгээр нь хэзээ, ямар эх үүсвэрээс авагдсан нь тодорхойгүй, хуульд заасан шаардлагыг хангахгүй байна.

Мөн хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын шатанд хохирогчоос Долгор, Энхзаяа, Мөнхзориг зэрэг гэрчүүдийн талаар дурдаж, тэдгээр нь болсон үйл баримтыг мэдэх боломжтой талаар бичгээр, амаар илэрхийлсэн байхад энэ талаар тодорхой ажиллагаа хийгээгүй, мөн мөрдөн шалгах ажиллагааны явцад гэрчээр мэдүүлэг өгсөн Л.Отгондарь, Б.Мөнхцолмон, Д.Батцэцэг нарын мэдүүлэг харилцан зөрүүтэй, бодит байдлыг тогтооход хангалтгүй, эргэлзээтэй нөхцөл байдлыг бий болгож байх тул гэрчүүдийн мэдүүлгийн зөрүүг арилгах, шаардлагатай тохиолдолд тодорхой гэрчүүдийг нэмж асуух шаардлагатай гэж үзэв.

Түүнчлэн Д.Батцэцэг нь шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч А.Эийг нүдний шилтэй байсан талаар мэдүүлэх боловч энэ талаар урьд өмнө тодруулсан зүйл хэрэгт авагдаагүйгээс гадна уг нөхцөл байдлыг тодруулах нь хэргийг үйл баримтад нотолгооны ач холбогдолтой байж болзошгүй тул тодруулах шаардлагатай.

Иймд дээрх үндэслэлүүдээр буюу хөрөнгийн үнэлгээг ямар байгууллага гаргасан, үнэлгээ хийлгэх зардлыг "Вендо” ХХК-д төлсөн нь үндэслэлтэй эсэх, гэрч, хохирогч нарын мэдүүлэгт “Пүрэвсүрэн” гэснийг тодруулах, шаардлага хангуулах, оролцогчоос гарган өгсөн фото зургийн үзүүлэлтүүдийг хуульд заасан журмын дагуу бэхжүүлж авах, мөн мөрдөн шалгах ажиллагааны явцад гэрчийн мэдүүлэг өгсөн хүмүүсийн мэдүүлгийн зөрүүг арилгах, шаардлагатай тохиолдолд хэрэг болсон цаг хугацаанд байсан, үйл явдлыг харсан байх боломжтой бусад хүмүүсийг гэрчээр асуулгах зэрэг ажиллагааг хийлгэхээр хэргийг прокурорт буцааж, хэргийг прокурорт очтол яллагдагчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэжээ.

 

Прокурор А.Амарсанаа бичсэн эсэргүүцэл болон тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Нэг. Шүүхийн шийдвэр нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Шүүхийн шийдвэр нь удиртгал, тодорхойлох, тогтоох хэсгээс бүрдэнэ", 3 дахь хэсэгт “Шүүхийн шийдвэр нь ойлгомжтой, түүнийг биелүүлэхэд ямар нэгэн эргэлзээ төрүүлэхгүй байхаар бичигдсэн байна” гэснийг тус тус зөрчсөн ба энэ нь мөн хуулийн 36.6 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5, 1.6 дахь заалтад заасан шүүгдэгчийн биеийн байцаалтын талаарх бусад мэдээлэл, шүүгдэгчийн холбогдсон хэрэг Эрүүгийн хуулийн ямар зүйл, хэсэг, заалтад заасан болохыг тусгаагүй нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн.

Хоёр. Шүүхийн шийдвэр нь “үндэслэл бүхий байх” хуулийн шаардлагыг хангахын тулд шүүх хэрэгт хамааралтай бөгөөд хуульд заасан арга хэрэгслээр олж авсан нотлох баримтаар хэргийн үйл баримт, ач холбогдол бүхий бүх нөхцөл байдал бүрэн тогтоогдсон, шүүх хуралдаанаар хэлэлцэгдэж, шинжлэн судлагдсан нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитойгоор харьцуулан үзсэний үндсэн дээр хууль зүйн дүгнэлт өгөх нь хууль ёсны байх зарчимд нийцнэ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана”, мөн хуулийн 16.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Хавтаст хэрэгт авагдаагүй нотлох баримт шүүхийн шийдвэрийн үндэслэл болохгүй” гэж заасныг тус тус зөрчсөн. Тухайлбал, хэрэгт авагдаагүй баримтаар буюу хохирогч А.Эээс хэргийн талаар харсан, мэдэх Долгор, Энхзаяа, Мөнхзориг гэх хүмүүсээс тодорхойлолт гаргуулан шүүх хуралдааны явцад гаргаж өгсөн баримтыг нотлох баримтаар үнэлж, эдгээр хүмүүсийг гэрчээр асуулгахыг шүүгч захирамждаа дурдсан нь үндэслэлгүй юм.

Мөн гэрч, хохирогч нарын мэдүүлэгт шүүгдэгч Л.Пгийн нэрийг өөр өөрөөр хэлж мэдүүлсэн мэдүүлгүүдийг үнэн зөв, эргэлзээгүйд тооцож үнэлэх, тодорхой этгээдийн гэм бурууг хянах нөхцөл байдлыг үгүйсгэж байна гэж дүгнэсэн нь үндэслэлгүй бөгөөд дээрх гэрч, хохирогч нараас Л.Пгийн нэрийг Пүрэвсүрэн, Пүрэвжаргал гэх зэргээр хэлж мэдүүлсэн байгаа нь Л.П эсэхэд эргэлзээ төрөх, түүний гэм бурууг үгүйсгэх үндэслэл биш юм. Шүүх хуралдааны явцад гэрч, хохирогч нараас зөрүүтэй байдлаар нэрлэж хэлсэн хүн Л.П мөн эсэхийг тодруулж асуух боломжтой бөгөөд шүүх хуралдаанаар нөхөн гүйцэтгэх боломжгүй гэж үзэх үндэслэлд хамаарахгүй.

Шүүгч захирамждаа гэрч Л.Отгондарь, Б.Мөнхцолмон, Д.Батцэцэг нарын мэдүүлэг харилцан зөрүүтэй, бодит байдлыг тогтооход хангалтгүй, эргэлзээтэй нөхцөл байдлыг бий болгож байна гэж дүгнэн, мэдүүлгийн зөрүүг арилгуулах үндэслэлээр нэмэлт ажиллагаа хийх шаардлагатай гэж үзсэн нь шүүхийн шийдвэр тодорхой, ойлгомжтой, түүнийг биелүүлэхэд эргэлзээ төрүүлэхгүй байх шаардлагыг хангахгүй байна. Учир нь, эдгээр гэрч нарын мэдүүлгүүд хэргийн үйл баримтын ямар асуудлаар зөрүүтэй мэдүүлсэн талаар шүүгч захирамждаа дурдаагүй ба мэдүүлгийн зөрүүг арилгах ямар ажиллагаа хийх нь ойлгомжгүй байна.

Түүнчлэн, шүүгч захирамждаа хэрэг болсон цаг хугацаанд байсан, үйл явцыг харсан байх боломжтой бусад хүмүүсийг гэрчээр асуулгахаар даалгасан нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.15 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Шүүх, ... нь хууль болон эрх зүйн ухамсрыг удирдлага болгож нотлох баримтыг тал бүрээс нь нягт нямбай, бүрэн гүйцэд, бодит байдлаар нь хянаж үзсэний үндсэн дээр нотлох баримтыг өөрийн дотоод итгэлээр үнэлнэ” гэснийг зөрчиж, өөрийн гаргаж буй шийдвэрээ таамаглалд тулгуурласан болохыг харуулж байна.

Иймд шүүгчийн захирамжийг хүчингүй болгуулахаар прокурорын эсэргүүцэл бичсэн” гэв.

 

Хохирогч А.Э давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “2022 оны 2 дугаар сарын 17-ны өдрийн 2022/ШЗ/490 дугаартай “хэргийг прокурорт буцаах тухай” захирамжийг эсэргүүцэн гомдол гаргахын зэрэгцээ шүүгч С.Олзодын шүүх хурлыг удирдан хянасан байдалд эргэлзэн, Пүрэвцэрэнд давуу байдал гаргаж, ял завшуулах сонирхолтой байна гэж үзсэн тул хандаж байна.

Учир нь, 2022 оны 2 дугаар сарын 17-ны шүүх хуралд 2022 оны 2 дугаар сарын 9-ний өдөр Пүрэвцэрэнгийн өмгөөлөгч Буянжаргалын санал болгосон шаардлага, миний үзэхээр хангахгүй төрлийн 2 гэрчийн нэг Отгондарь, худалдагч нь болох Батцэцэг, ... гэрч Мөнхцолмон нарын зэрэгцээ ямар шалтгаанаар 2 дахь удаагаа яг миний ард хянагч маягтай, өөрийгөө бөө гэж сагсуурч дөвийлгөдөг, худал ярьдагаараа алдартай, хэн ч шүтэж байхыг нь хараагүй Пүрэвцэрэнгийн нөхөр Наранзулыг босч явж чаддаггүй тул түшэж босгуулна гэсэн түших ёстой авгайгаас нь хол суулгаж хурлыг чимэв. Энэ 2 дугаар сарын 9-ний өдрийн хэлэлцүүлэгт миний гэрч болох Энхзаяа Нарантуулд хэрэг болсон орой  мэдүүлэхэд 4 дүгээр сарын 21-ний өглөө өргөдлөө норсон гуталтай, бороо ороход байсан жижүүрийн цагдааг байцаалгах гээд мөрдөн байцаагч, прокурор нарын дэмждэггүй хүмүүсийг санал болгосон ч мөн л дэмжигдээгүй.

Харин би хуралд 4 дүгээр сарын 3-ны өдөр хэрэг болоод ширээндээ гутлаа өрөөд Пүрэвцэрэн, Отгондарь хоёрт чиний гутал огт нороогүй, харин минийх тал нь норсон байна гэж хэлээд баримтжуулан авсан. Гутлын зургаа /7 ширхэг/ Пүрэвцэрэнгийн 4 дүгээр сарын 22-ны өдөр гутлуудыг усанд хаясан гэсэн мөртлөө 92 дугаар хуудсанд наранд гандсан гутал намайг тавьсан мэт зөрүүтэй мэдүүлэгт хариулт өгөх гэж авчирсан. Энхзаяа, Долгор нарын тодорхойлолт, 10 дугаар сарын 15, 11 дүгээр сарын 18-нд прокурор хүлээн аваагүй хоёр өргөдлөө тайлбарын хамт бусад баримтыг өгч, шүүх маань эцэст нь үнэн зөв шийднэ гэсэн итгэлтэй байлаа. 

Гэтэл хурал нээсэн цагаас эхлэн миний өргөдлийн дагуу Пүрэвцэрэнгийн өдий хүртэл худлаа яриаг баталж цэглэсэн бурууг нь илчилж хүлээлгэх хурал биш харин намайг хүн гүтгээд байгаа мэт, хүн зодсон мэт, худлаа яриад 6 сар яваад байгаа хүн шиг түүнийг батлах гэсэн Пүрэвцэрэнд давуу байдал олгож, нэг талыг барин ял завшуулж хэргийг сунжруулан хөөн хэлэлцэх хугацаа хүлээж буй гэж сэжиглэсэн прокурор А.Амарсанаагийн санааг гүйцэлдүүлсэн хурал байнаа гэж бодлоо. Би бүтэн 6 сар хуулиар шалгууллаа, харамсаж байна.

Шүүгчийн анхны шахуу асуултаас Пүрэвцэрэнгээс “чи Эрдэнчимэгийн хөхрөлтийг харсан уу” гэхэд Пүрэвцэрэн тэр даруй хараагүй гэх боловч хэрэг болсны дараа 3-4 дэх хоногт нөхөр нь хүмүүст “Эрдэнэчимэгийн энэ хөхрөлт нь архи уугаад байдаг нөхрөөс нь болсон байх” гэж миний сонссон яриаг яг давтан ярихад нь шүүгч тэр яахав гэж үгийг нь тасалж, би сүүлд нь дахин ярихад тэр ямар хамаатай юм бэ гэж дургүйцсэн.

Мөн надаас чи хэргийн маргааш ирсэн үү гэх Мөнхцолмон нилээн удсан, би бараг мартчихсан гээд байхад нь Эрдэнэчимэг маргааш нь ирсэн үү гэж Мөнхцолмонгийн маргааш Эрдэнэчимэг эгчийн нүд хөхөрсөн байсан, урьд өдрийн хэргээс болсон болов уу гэсэн мэдүүлгээс нь маргааш ирээгүй гэж хэлүүлж буцаалгасан. Түүнчлэн Мөнхцолмон би үнэлгээний хүн биш гэсээр байхад Пүрэвцэрэнгийн өмгөөлөгч чи энийг хардаа, норсон гутал биш наранд гундсан гутал байгаа биз дээ, сайн хар гэж энэ үгээ янз янзаар улайран тулгаж шаргуу асууж байхад шүүгч хориг тавиагүй. Өмгөөлөгч нь за би хариултаа авчихлаа гэж төгсгөсөн.

Мөн Пүрэвцэрэнгийн Батцэцэг, Отгондарь нараас манай эгч Эрдэнэчимэгийг цохиогүй, хөхөрсөнг нь харсан уу гэж асууж тэд хараагүй гэж хэлүүлж, түүгээр барахгүй урьд мэдүүлгүүддээ огт дурьдаж байгаагүй хар усан бараандуу нүдний шилтэй байсан. Хэрэв Пүрэвцэрэн цохисон юм бол нүдний шил нь хагарах байсан. Отгондарь нь мэдүүлэгтээ намайг танихгүй эмэгтэй гэж би ч гэрч анх удаа харсан байгаа. Энэ хурал дээр хар нүдний шилтэй байсан урдуур нь өнгөрч явахад үргэлж шилтэй сууж харагддаг гэж, Мөнхцолмонгоос ч миний наранд шил зүүдгийг хэлүүлж, өмгөөлөгч, шүүгч 2 уралдан асууж байсан. Энэ хоёр гэрчийг хуралд оруулах гэж улайрсан бололтой.

Мөн Пүүжээ гэсэн дуудлагаас миний өргөдөлд Пүрэвсүрэн, Наранцэцэг, Пүрэвжаргал гэснийг бүр захирамжинд дурдсан 12 дугаар хуудсанд Пүрэвцэрэн тухай бүр засч Пүрэвцэрэн гэж тод гаргацтай гарын үсгээ зурсан байдаг төдийгүй анкет, иргэний үнэмлэхийн хуулбар байсаар байхад захирамжиндаа тусгаж шалихгүй асуудал хөөцөлдсөн мөртлөө 105 дугаар дуудсанд байх прокурорын яллах дүгнэлтийн 4 дүгээрт миний 655.580 төгрөгийн нэхэмжлэлд миний нэрийг бүр Мандахцэцэг гэснийг засах тухай захирамжинд дурдаагүй нь сонирхолтой.

Хэзээ хойно хэрэг болсноос 18 хоногийн дараа 9 дүгээр сарын 22-нд Пүрэвцэрэнгийн гэрч Батцэцэг, Пүрэвцэрэн хоёр байцаагдахдаа урьд өгсөн мэдүүлэгт байхгүй, Пүрэвцэрэнг Эрдэнэчимэг гар модоороо цохих гэтэл Батцэцэг дундуур нь орж гараа цохиулж хөхөрсөн гэж ам нэгтэй хэлсэн байдаг. Тэр цохиулсан зүйлээ хурал дээр Пүрэвцэрэн гар мод, Батцэцэг шалны мод, Долгорын тодорхойлолтоор миний цээжин дээр гутал шидэгдэж ирсэн, өөр газар цохигдсон гэх, хөхөрсөнг хараагүй гэдгийг тодорхойлсон. Илэрхий хуйвалдаж худал хэлээд байгаа, шүүх шинжилгээгээр тогтоогдоогүй, тогтоох боломжгүй үед гаргаж ирсэн асуудалд цаг үрж миний шүүх эмнэлгээр онош гарчихсан гэмтлийг хэзээ, хэн, хэрхэн хийв гэж Пүрэвцэрэнгээс асуугаагүй нь сонин санагдаж байсан. Пүрэвцэрэн анхнаасаа мэдүүлэг тайлбар бүрдээ худлаа хэлж шаардлага хангахгүй гэрч нартайгаа хуйвалдаж, үг зааж өгч байна ч гэж таасангүй.   

Би 2021 оны 9 дүгээр сарын 3-нд Пүрэвцэрэнд цохиулж, бүтэн хагас сайн өнгөрөөгөөд 2021 оны 9 дүгээр сарын 6-ны өдөр Баянзүрх дүүргийн Цагдаагийн хэлтэст гаргасан өргөдөлдөө гэмтлээ шүүх шинжилгээний эмч, мэдрэлийн эмч нарын заавраар тархины RTT, тархины цахилгаан бичлэг, судасны шинжилгээгээр тогтоож гэмтлийн хөнгөн зэрэг, тархины доргилт оноштойгоор нийт 30 хоног 547.350 төгрөгийн эмчилгээг, 30.000 төгрөгөөр толгойн бариа, энэ төлбөрөөсөө 330.580 төгрөг нэхэмжилж, мөн Пүрэвцэрэнгийн усанд хаясан зарах аргагүй болгосон 5 ширхэг одоогийн ханшаар 470.000 төгрөг байх ч 325.000 төгрөгөөр үнэлэгдсэн барааны хохирол, мөн Дамно ХХК-ийн үнэлгээний хөлс, нийт 330.580+325.000+80.000=735.580 төгрөг нэхэмжилсэн ч прокурор Амарсанаа 655.580 төгрөг бичсэн байдаг. Амарсанаа  прокурорын 10 дугаар сарын 15, 11 дүгээр сарын 18-ны өдөр миний өргөдлүүдийг хүлээж аваагүй. Пүрэвцэрэн эвлэрье гэж Мөнхцолмонгоор зуучлуулан хэллээ, бодит хохирол 1.000.000 төгрөгөөс дээш бол эд нар хэцүү гээд байна гэхээр 1, 2 сая гэнгүүт товлосон өдрөө шууд зугтчихлаа гэж хэлэхэд минь цаад тал чинь тэгсэн юм бол би зохион байгуулъя гэхчихээд анхнаасаа эвлэрэх хэрэггүй гээд байсан. Манай өмгөөлөгчийг тэд нар руу яриулж будлиулсан, миний хохиролд шинжээч томилуулъя гэхэд дургүйцсэн, мөн би хохирсон гутлаа үнэлүүлье гэхэд Пүрэвцэрэнгийн төлбөр дээр бас үнэлгээний хөлс нэмэгдэх нь ээ гэж санаа зовж байгаад нь ашиг сонирхлын зөрчилтэй гэж үзэж прокуророос татгалзах өргөдөл өгсөнд Амарсанаа прокурор над хонзогнож байх үндэслэлтэй, хэргийг байцаалтанд буцааж зөвхөн Отгондарийг байцааж хэргийг 4 сар гаруй шалгаж өөрийн танил тал, ашиг сонирхол нэг шүүгчдээ 107-109 дүгээр хуудсанд байгаагаар танилцуулсан гэж үзэж байна. Одонтуул шүүгч 1 жил амралттай байсан гэж бодохгүй байна. Тэр нь ч батлагдаж Олзод шүүгч мөн л захирамжиндаа Дамно ХХК-ийн төлбөрийн хуудсыг зохих журмаар нь хандсан байгууллагаар солиулж ирсэн байхад 15 жил хуулийн байгууллагатай хамтран ажилладаг арвин туршлагатай Эрүүгийн хуулийн 21.4 дүгээр зүйлийг удирдлага болгон ажилладаг компанийн үйл ажиллагаанд эргэлзсэн нь сонин.

Хэрэв үнэхээр эргэлзсэн шалтаг хайгаагүй бол Дамно ХХК-ийн материал дахь 11318784 утсаар лавлах бололцоо байлаа. Пүрэвцэрэн хэргийн материалд бэхжүүлэгдээгүй группэд байдаг гэх боловч бага зэрэг доголсон Баялаг Ундраа захын сарын 500.000 гаруй төгрөгийн түрээстэй гутлын лангууг ажиллуулж нааш цааш явж худалдаагаа хийж чаддаг. Эдний нөхрийнх нь хэлснээс гурван лангуу доод тал нь 1.000.000 төгрөг орлого хийдэг. Батцэцэгийг хоногт 25.000 төгрөгөөр цалинжуулдаг, өөрийнх нь хэлснээр группэд байдаг нь үнэн бол группын мөнгө авдаг. Гэтэл Амарсанаа прокурор 2021 оны 10 дугаар сарын 4-ний өдөр яллагдагчаар дөнгөж татах үедээ 63 дугаар хуудсанд Эрүүгийн хуулийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар 3 жилийн хугацаанд төлбөр төлөх мэт, мөн Эрүүгийн хуулийн 5.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, 5.5 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 6.7 дугаар зүйлээр ялаас чөлөөлж тэнсэх арга хэмжээг тусгасан нь миний хардлага үнэний хувьтайг илэрхийлнэ.

Эдгээр бүх шүүгчийн захирамжинд дурдсан хэргийг прокурорт буцаах тухай үндэслэлүүд анхнаасаа төлөвлөгдсөн, миний олсноор 6 сар мөрдсөн мөрдөгч, прокурор шүүхийн хяналтын алдаанаас гарсан дутуу ажиллагаатай холбоотой гэж үзнэ.

Энэ хугацаанд хохирогч намайг улам хохироож байна. Пүрэвцэрэн шиг дүү, худалдагч нараараа гэрч хийчихээд худлаа хуйвалдаж намайг гүтгээд байгаа байцаалт бүр дээрээ намайг буруутгасан юм гаргаж ирээд байгаа хүмүүст яаж мөрдөж хэрэг хүлээлгэдэг юм. Яагаад барьж хорьж болдоггүй юм. Мөрдөгч, прокурор хоёр хэрэг нь тодорхой гээд хэрэг төлөвлөсөн байхад өмгөөлөгч нь шууд цагаатгана гээд байдаг. Шүүгч над руу чиглэсэн асуулт асуугаад байдаг. Юу болж байна гэж ойлгох вэ.

Надаас өө хайж ядахдаа миний чадан ядан өөрийн гар утсаар камерныхаа араас зураг баруун, зүүн талдаа солигдож гардаг юм гэж хэлсэн л юмсан. Бүр болохгүй бол мэнгэ соривоор нь аль тал гэдгийг олж болмоор.

Эдгээрээс харахад бүх шалихгүй алдаануудыг шалтаг болгон хэргийг буцааж хавтаст хэрэг дэх хүмүүсийн мэдүүлгүүдийг өөрчилж хуйвалдсан Пүрэвцэрэнгийн гэрч нарын, нүдний шилтэй байсан гэсэн гүжирдлэг оруулах гэсэн арга гэж үзэж байна.

Би тэтгэврийн настай хүн, өдий хүртэл шүүх, цагдаад асуугдаж худлаа хэлээд хүн гүтгээд явах ёс суртахуунтай хүн биш, 6 сар худлаа хэлээд нааш цааш ажил орлогоо алдаад явах хүн биш. Миний мэргэжил хүнд худлаа хэлж болохгүй, хариуцлагатай намбатай байхыг шаарддаг ажил байсан. Худал хэлж дэмий сэлгүүцэн, чалчиж, хов зөөж хүн муулж явах завгүй ажил хийдэг байсан болохоор үүнээс хол хөндий. Пүрэвцэрэн, Батцэцэг нарын энэ зангаас зай барьдаг байсан. Хүн зодвол хуультай гэдгийг мэднэ. Хичнээн уурласан ч Пүрэвцэрэн шиг хийснээ, хэлснээ мэддэггүй хүн биш. Уураг тархиараа өөрийгөө удирдаж чадна. Би Пүрэвцэрэнг уучлалт гуйх байх гэж чиний гутал нороогүй байна гэж байхдаа эвлэрье гэх үед нь шүүх хурал дээр хүлээж байлаа. Би шударга хуулиар өөрийгөө хамгаалуулах эрхтэй хүн гэж бодож байна. Тиймээс энэ хэргийг хуулийн дагуу шийдэж, прокурорт буцаах тухай захирамжийг хүчингүй болгож өгнө үү. Пүрэвцэрэнгийн миний гутлыг санаатай гэмтээсэн 325.000 төгрөгийн хохиролд нь тохирсон ял төлөвлөхгүй байна” гэв.

 

Хохирогч А.Э прокурорын эсэргүүцэлд гаргасан тайлбартаа: “Шүүгч С.Олзодын хууль ёсны захирамжийн 3 дахь хэсэгт зааснаар 2022 оны 3 дугаар сарын 3-ны өдөр захирамжаа гардаж авсан. Прокурор Амарсанаа хууль зөрчиж 2022 оны 3 дугаар сарын 11-ний өдөр 6 дахь хоног дээрээ эсэргүүцэл гаргасан байх тул хүчингүй эсэргүүцэл гэж үзэж байна. Учир нь, туслах Ганбаяраас 3 дугаар сарын 4-ний өдөр захирамж аваад миний бие 2022 оны 3 дугаар сарын 11-ний өдөр гомдол гаргасан ч  яг эцсийн 5 дахь өдөр нь байна гэж хүлээж авч байсан.

Иргэн Энхзаяа, Долгор нарын тодорхойлолт миний ойлгосноор Пүрэвцэрэнгийн өөрийн төрсөн дүү Отгондарь, өөрийн худалдагч Батцэцэг нартай хуйвалдаж гүтгэсэн мэдүүлэг бүрдээ шинээр гүтгэлэг гаргадаг байдалд хариулт өгөх чухал нотлох баримт билээ. Эдгээр болон бусад нотлох баримтууд шүүх хурал дээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.1 дүгээр зүйлийн 8 дахь хэсэгт зааснаар шүүхийн хэлэлцүүлэг, шүүх хуралдаанаар шинжлэн судалсан нотлох баримт шүүхийн шийдвэрийн үндэслэл болно гэсэн тайлбарт нийцсэн шүүгчийн шийдвэр гэж үзэж байгаа билээ. Гэтэл тухайн шүүх хурал дээр танилцуулагдаж хэлэлцүүлж байхад юу ч дугараагүй, прокурор миний гаргасан нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.1 дүгээр зүйлийн 9 дэх хэсгийг 16.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг мэт хуулийг буруу зүйлчилж тайлбарласан тайлбартайгаа нийцээгүй нь энэ хүний мэдлэг сулыг илэрхийлэхийн зэрэгцээ миний 10 дугаар сарын 15-ны өдөр, 11 дүгээр сарын 18-ны өдөр эдгээр өргөдлийг няцааж байсан нь анхнаасаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсгээр санаатайгаар нөхцөл бүрдүүлсэн гэж үзнэ.

Мөн прокурорын эсэргүүцэлд дурьдсан 2021 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн 1403 дугаартай яллах дүгнэлт үйлдээд шүүхэд шилжүүлсэн мэт өгүүлэх боловч түүнээсээ хойш 1 сар 13 хоногийн дараа шүүхэд өгсөн байгаа нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 32.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийг зөрчсөн гэж үзэж байна. Мөн 1403 дугаартай яллах дүгнэлтэд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 32.10 дугаар зүйлийн 5, 3 дахь хэсгийг тусгаагүй.

Баянзүрх дүүргийн прокурорын газраас Л.Пг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт буруутгаж гэсэн мөртлөө 2021 оны 10 дугаар сарын 4-ний өдөр яллагдагчаар татсан тогтоолд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, Эрүүгийн хуулийн 5.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, 6.7 дугаар зүйлд зааснаар ялаас чөлөөлж тэнсэх арга хэмжээг Л.Пд танилцуул гэсэнд тайлбар шаардаж байна” гэжээ.

 

Шүүгдэгч Л.Пгийн өмгөөлөгч А.Буяндэлгэр тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Миний хувьд шүүгчийн захирамж үндэслэлтэй гарсан гэж  үзэж байгаа. Учир нь, прокуророос шүүхэд шилжүүлсэн хэрэг маань Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлийн 1.1, 1.2, 1.5 дахь хэсэгт зааснаар нотловол зохих байдал бүрэн батлагдаагүй. Яагаад ингэж үзэж байна вэ гэвэл хохирогч шүүх хуралдаанд мөрдөн байцаалтын шатанд гэрчээр оролцоогүй этгээдүүдийг гэрчээр оролцуулах хүсэлт гаргадаг. Мөн хэн энэ хэргийг үйлдсэн бэ буюу Пүрэвцэрэн юмуу, Пүрэвжаргал юмуу гэдэг нь эцэслэн тогтоогдоогүй” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт тус тус зааснаар хэргийг хянан хэлэлцэхдээ анхан шатны шүүхийн шүүгчийн захирамж хууль ёсны ба үндэслэлтэй болсон эсэхийг эсэргүүцэл, гомдолд тус тус заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг хянаж үзэв.

Шүүгчийн захирамжид “... үнэлгээг “Дамно” ХХК гаргаж, төлбөрийг “Вендо" ХХК-д тушаасан нь ойлгомжгүй, хохирогчид учирсан хохирлын үнэлгээг ямар компани гүйцэтгэсэн нь эргэлзээтэй, тухайн 80.000 төгрөг нь “Дамно” ХХК-ийн хийсэн үнэлгээний зардал мөн эсэх нь тодорхойгүй ...” гэж заасан боловч хавтаст хэргийн 137 дугаар хуудсанд “Дамно” ХХК-д 80.000 төгрөг төлсөн талаар баримт авагджээ.

Мөн захирамжид “... хавтаст хэргийн 7-9 дүгээр талд А.Э нь хохирогчоор мэдүүлэг өгөхдөө хохирол учруулсан гэх этгээдийг “Пүрэвсүрэн” гэж тодорхойлсон, хавтаст хэргийн 10-12 дугаарт талд Л.П нь холбогдогчоор мэдүүлэг өгөхдөө “Пүрэвсүрэн” гэж тэмдэглэгдэн, улмаар “Пүрэвсүрэн” гэсэн нэрийн дор өөрийн гарын үсгийг зурсан, 28-29 дүгээр талд А.Э хохирогчоор мэдүүлэг өгөхдөө мөн “Пүрэвсүрэн” гэж тодорхойлсон, 44-45 дугаар талд Д.Наранцэцэг нь гэрчээр мэдүүлэг өгөхдөө “Пүрэвжаргал” гэж тодорхойлсон зэрэг нь эргэлзээтэй, ойлгомжгүй байна. ...” гэжээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалт, шүүх хуралдааны явцад дараах байдлыг нотолно” гэж заасан бөгөөд мөрдөгч тодорхой этгээдийг хэрэгт холбогдуулан, зарим хүнийг хохирогч, гэрчээр байцааж мэдүүлэг авсан, уг мэдүүлгүүдэд хүний нэрийг өөрөөр бичсэн нөхцөл байдлуудыг шүүх хуралдааны явцад тухайн этгээдүүдээс тодруулж, тухайн асуудлаар дүгнэлт хийх боломжтой гэж үзлээ.

Мөрдөн шалгах ажиллагааны үед  гаргасан дээрх алдаа зөрчил нь мөрдөгчийн зүгээс хайнга хандсан байдалтай, түүнчлэн мөрдөгчөөс тодруулах асуултаар буруу бичигдсэн хүний нэр нь Л.П мөн эсэх талаар тодруулан тодорхой болгох боломжтой байсныг орхигдуулсантай холбоотой байна.

Иймд, прокурор нь шүүх хуралдаанд тодорхой оролцогч нарыг оролцуулах хүсэлтийг шүүхэд гаргаж, шүүх хуралдаанны явцад эргэлзээ бүхий нөхцөл байдлуудыг тодорхой болгох, гэрчүүдийн мэдүүлгийн зөрүүг арилгах, нотлох баримтыг хуульд заасан үндэслэл журмаар цуглуулж, бэхжүүлсэн талаар мэтгэлцээнийг өрнүүлэх нь хуульд нийцэхээр байх тул энэ талаар анхаарвал зохино.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Хэргийн бодит байдлыг нотлохын тулд мөрдөгч, прокурор хуульд заасан бүх арга хэмжээг авч яллагдагч, шүүгдэгчийг яллах, цагаатгах, ял хүндрүүлэх, хөнгөрүүлэх нөхцөл байдлыг эргэлзээгүй тогтооно” гэж заасан бөгөөд прокурор хуульд заасан чиг үүргийнхээ хүрээнд шүүх хуралдаанд гэрч, хохирогч, шинжээч зэрэг оролцогч нарыг оролцуулах талаар хүсэлт гарган шийдвэрлүүлж, шүүх хуралдаанд хэргийн бодит байдлыг тогтоох чиг үүргийг хэрэгжүүлэх боломжтой байна.

Түүнчлэн, шүүгдэгч, түүний өмгөөлөгч нараас шүүх хуралдаанд гэрч, хохирогч, шинжээч зэрэг оролцогч нарыг оролцуулах талаар хүсэлт гарган шийдвэрлүүлж, цагаатгах, ял хөнгөрүүлэх нөхцөл байдлыг тогтоох ажиллагааг хэрэгжүүлэх нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно” гэсэн зарчимд нийцнэ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана” гэж заасан зохицуулалтын хүрээнд шийдвэрлэх нь зүйтэй.

Иймд прокурорын эсэргүүцлийг хүлээн авч, шүүгчийн захирамжийг хүчингүй болгож, хэргийг анхан шатны шүүх хуралдаанаар дахин хэлэлцүүлэхээр тухайн шүүхэд буцаах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх дүгнэв.

Хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцэх хүртэл шүүгдэгч Л.Пд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэх нь зүйтэй гэж үзэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 2  дугаар сарын 17-ны өдрийн 490 дугаартай шүүгчийн захирамжийг хүчингүй болгож, шүүгдэгч Л.Пд холбогдох хэргийг анхан шатны шүүх хуралдаанаар дахин хэлэлцүүлэхээр тухайн шүүхэд буцаасугай.

2. Хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцэх хүртэл шүүгдэгч Л.Пд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

3. Анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                    Ж.ЭРДЭНЭЧИМЭГ

 

 

ШҮҮГЧ                                                            Л.ДАРЬСҮРЭН

 

                                                                                                             

ШҮҮГЧ                                                            Т.ӨСӨХБАЯР