Хэнтий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 09 сарын 20 өдөр

Дугаар 115

 

 

    МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

 

Хэргийн индекс:180/2017/0116/Э

 

          Хэнтий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Л.Уянга даргалж тус шүүхийн шүүх хуралдааны "А" танхимд нээлттэй хийсэн хуралдаанд:

 

     Нарийн бичгийн дарга                  А.Цэрэндулам 

     Улсын яллагч                                        Д.Отгонтуяа

     Шүүгдэгч                                                Б.Б нарыг оролцуулан

     

        Тус Аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Хэрээд овогт Б.Б-д холбогдох 1739000140010 дугаартай эрүүгийн хэргийг хянан хэлэлцэв. 

 

    Шүүгдэгчийн биеийн байцаалт:

      Монгол улсын иргэн, 1980 оны 04 дүгээр сарын 22-ны өдөр Хэнтий аймгийн Өмнөдэлгэр суманд төрсөн, 37 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 4, эхнэр, 2 хүүхдийн хамт, Хэнтий аймгийн Өмнөдэлгэр сумын 4 дүгээр багт оршин суух хаягтай, улсаас авсан гавъяа шагнал, ял шийтгэлгүй гэх Хэрээд овогт Б.Б 

 

      Шүүгдэгчийн холбогдсон хэргийн талаар:  /яллах дүгнэлтэд дурдсанаар/

      Шүүгдэгч Б.Б нь 2017 оны 07 дугаар сарын 03-ны өдөр Хэнтий аймгийн Өмнөдэлгэр сумын 6 дугаар баг Айраг хороолол 15-05 тоот хашаанд байрлалтай Л.Бямбацогтын эзэмшлийн 7:4 хэмжээтэй байшинг машинаар 2 удаа мөргөж, байшин болон байшин дотор байсан эд хөрөнгийг гэмтээж, эд хөрөнгөд хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ. 

 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

       Шүүхийн хэлэлцүүлэгт дараах бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

       Хохирогч Л.Бямбацогтын мөрдөн байцаалтад өгсөн: “... Манай хашаанд Б.Б, түүний эхнэр Зулаа, Шижирбаатар бид 4 “Ерөөл” нэртэй 0.78 граммтайархи хувааж уусан. ... би байшингаа онгойлгоод орж цуваа цэвэрлэж байхад Б.Бгийн машин асаж байсан. Би байшингаасаа гартал Б.Б машинаар ухар ч манай хашааны зүүн талыг дайрсан, дараа нь машинаараа манай байшингийн урд талаас нь мөргөсөн. ... Б.Б ухраад манай байшингийн  урд талаас дайрсан, буцаж ухраад байшингийн баруун урд талаас дайрсан. Тэгээд байж байтал цагдаа ирсэн. Байшин дотор байсан угаалгын машин хагарсан, мөлхөө урт тавилга эвдэрсэн, хүүхдийн сурагч ширээ эвдэрсэн, хувцасны шүүгээ эвдэрсэн байсан. Хашааны зүүн талыг дайрч хашаа нурсан. Нийт хашаа байшин тавилгаа 21.470.000 төгрөгөөр үнэлж байна” гэсэн мэдүүдэг /хх-ийн 13 тал/,  

 

      Гэрч Д.Батмөнхийн мөрдөн байцаалтад өгсөн: “...Гэнэт нэг юм мөргөөд түс тас хийгээд байсан тэгэхээр нь гараад харсан чинь манай хажуу талын айлын байшинг машинаар ухарч ирээд мөргөөд байсан. Тэгж байгаад тэр байшинг цөмлөөд ороод гэнэт ухарч ирээд хашааг нь мөргөж нураасан тэгээд зогсоод буухад нь харахад хар хөх өнгийн фудволк өмссөн бор залуу машинаас бууж ирсэн цаана нь манай хөрш зогсож байсан. .... дараа нь цагдаа ирсэн. Байшин эвдсэн хүнийг Б.Б гэж хэлсэн. Тэр хүн зэрлэг хүн байна лээ”  гэсэн мэдүүлэг /хх-ийн 14-16 тал/, 

 

    Гэрч Д.Зулаагийн мөрдөн байцаалтад өгсөн: “... манай нөхөр уурлаад тэр Бямбацогтын байшинг 2 удаа дайрсан тэгээд байшин нь эвдэрсэн. Тэр байшингийн урд талыг нь цааш нь цөмлөсөн” гэсэн мэдүүлэг /хх-ийн 18 тал/, 

 

    Гэрч М.Шижирбаатарын мөрдөн байцаалтад өгсөн: “... Б.Б машинаа асааж байшинг 2 удаа дайрч байшинг нь эвдсэн” гэсэн мэдүүлэг /хх-ийн 20 тал/ ,

 

    Гэрч Ж.Гэрэлмаагийн мөрдөн байцаалтад өгсөн: “ ... манай нөхөр Бямбацогт утсаар манай хашаа байшинг Б.Б машинаар дайрчихлаа чи ир гэж хэлсэн. Намайг ирэхэд хашааны зүүн тал нурчихсан. Байшинг 2-3 мөргөсөн. Байшингийн урд талын хана дотогшоо цөмөрч орсон байсан. Байшинд байсан гэрийн тавилга, угаалгын машин, хүүхдийн сурагч ширээ, мөлхөө тавилга, хувцасны шүүгээ хулдаас урагдсан байсан” гэсэн мэдүүлэг /хх-ийн 23 тал/ ,

 

    Эвдэрсэн эд зүйлийн үнэлгээ / хх-ийн 29 тал / 

     Урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас / хх-ийн 51 тал /

    Шийтгэх тогтоолын хуулбарууд / хх-ийн 53-54 / зэрэг нотлох баримтууд болно. 

 

      Шүүгдэгч Б.Б нь 2017 оны 07 дугаар сарын 03-ны өдөр Хэнтий аймгийн Өмнөдэлгэр сумын 6 дугаар баг Айраг хороолол 15-05 тоот хашаанд байрлалтай Л.Бямбацогтын эзэмшлийн 7:4 хэмжээтэй байшинг машинаар 2 удаа мөргөж, байшин болон байшин дотор байсан эд хөрөнгийг гэмтээж, бусдын эд хөрөнгийг хууль бусаар устгаж гэмтээсний улмаас бага хэмжээнээс дээш хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь түүний хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг, хохирогч Л.Бямбацогт, гэрч Д.Батмөнх, Д.Зулаа, М.Шижирбаатар, Ж.Гэрэлмаа нарын мэдүүлэг, зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байх тул шүүх шүүгдэгчийг гэм буруутайд тооцож ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй байна. 

         Уг гэмт хэргийг үйлдэгдэхэд хохироч Л.Бямбацогтын зүй бус үйлдэл нөлөөлсөн гэж үзэх үндэслэлтэй байх тул шүүх шүүгдэгч Б.Б.Бд эрүүгийн хариуцлагыг хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн 6.5 дугаар зүйлийн 1.4 дэх хэсэгт заасныг хөнгөрүүлэх нөхцөл байдал болгон харгалзав. 

         Хохирогч Л.Бямбацогт нь шүүгдэгчээс нэхэмжлэх зүйлгүй, гомдол саналгүй /хх-ийн 32 тал / гэсэн тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзэх нь зүйтэй байна. 

             Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 36.1 дүгээр зүйлийн 5, 6, 8, 36.8 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон 

 

ТОГТООХ НЬ:

  

1. Шүүгдэгч Хэрээд овогт Б.Б-г бусдын эд хөрөнгийг хууль бусаар устгах, гэмтээх гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

 2. Эрүүгийн хуулийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Б-г 700 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 700.000 /долоон зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй. 

 

3. Эрүүгийн хуулийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Б.Бд оногдуулсан 700 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 700.000 төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоолыг танилцуулснаас хойш 01 сарын  хугацаанд төлөхөөр тогтоосугай.

 

4. Эрүүгийн хуулийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Б-нь торгох ялыг  биелүүлээгүй бол торгох ялын 15 нэгжийг 1 хоногоор бодож хорих ялаар солих  болохыг мэдэгдсүгэй.

 

5. Шүүгдэгч нь цагдан хоригдоогүй бусдад төлөх төлбөргүй ба түүний биеийн байцаалттай холбоотой баримт бичиг шүүхэд ирээгүй болохыг дурдсугай.

 

6. Шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардуулснаас хойш 14 хоногийн дотор Хэнтий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл  бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

7. Давж заалдах гомдол гаргасан буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч Б.Б-д авсан хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй. 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ,  ШҮҮГЧ                                Л.УЯНГА