Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 12 сарын 23 өдөр

Дугаар 6

 

П.З-гийн нэхэмжлэлтэй                                                                                               иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч  Ц.Ичинхорлоо             даргалж, шүүгч А.Мөнхзул, Н.Батзориг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 9 дүгээр сарын 27-ны өдрийн 101/ШШ2019/02587 дугаар шийдвэртэй нэхэмжлэгч П.З-гийн нэхэмжлэлтэй, хариуцагч “Ө” ХХК-д холбогдох

400 000 төгрөг гаргуулах тухай  нэхэмжлэлтэй иргэний хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан гомдлыг үндэслэн, шүүгч Н.Батзоригийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд нэхэмжлэгч П.З-, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Энхнаран нар оролцов.

Нэхэмжлэгч П.З- шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие 6 жилийн хугацаанд “Ө” ХХК-ийн эзэмшлийн зогсоолд машинаа тавьж ирсэн ба энэ хугацаанд зөвхөн машины зогсоолын төлбөрт сард 45.000 төгрөг, нийт 2.400.000-2.600.000 төлсөн. 2019 оны 6 дугаар сарын 01-ний өдөр Өндөр цайз зах хаагдсан нь үнэн. Хэрэгт өгсөн баримтыг тухайн үед нь зах хаагдаж байгаа гэж гарын үсэг зуруулсан боловч зогсоол хаагдах талаар ямар нэгэн мэдэгдэл ирүүлж байгаагүй. Зөвхөн захын үйл ажиллагаа л зогссон, харин зогсоолын үйл ажиллагаа зогсоогүй. Тийм ч учраас 6 сараас хойш шөнө нь машинаа байрлуулж хонуулдаг хэвээрээ байсан ба төлбөрийг нь сар бүрийн 25-нд бөөнд нь буюу өдрийн 1.500 төгрөгөөр тооцож 45.000 төгрөгийг 7 сарын 25-ны өдөр төлөх байсан. Ингээд 2019 оны 7 сард нэг өглөө машины эд зүйл хулгайд алдагдаж, цагдаа ирж үзлэг хийгээд гэрээ хэлцлийнхээ дагуу иргэний хэргийн шүүхэд хандах хэрэгтэй гэж хэлсний дагуу Өндөр цайз захыг хариуцагчаар татсан байгаа. Өндөр цайз зах байнгын зогсоолын үйл ажиллагаа явуулдаг боловч бидэнтэй гэрээ байгуулж, мөнгө төлсөн тухай баримт өгдөггүй байсан. Энэ оны 7 дугаар сарын 04-ний өдрөөс 5-нд шилжих шөнө миний машины урд талын нүүрсэн шүүлтүүрийг хулгайлсан ба нүүрсэн шүүлтүүр нь их ховор байдаг учраас оронд нь машиндаа 400.000 төгрөгөөр яндан авч тавиулсан. Ингээд сүүлдээ машинууд зогсоолд тавих нь багасаж, 7 сарын дундуур санагдаж байна зогсоол хаагдсан гэж бичиг хадаад хаалганд нь том төмөр татсанаар энэ газрын үйл ажиллагаа зогссон. Захын үйл ажиллагаа зогссон гэж гарын үсэг зуруулах үед харуулаас нь зогсоолын талаар асуухад хэвийн ажиллана гэж хэлсэн. Хэрэв зогсоол хаасан тухай мэдэгдэл ирсэн бол бид зогсоолд машинаа тавихгүй байсан. Иймд хариуцагчаас 400.000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Төмөрцэцэг шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:  Өндөр цайз хүнс барааны зах нь 2019 оны 6 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн үйл ажиллагаагаа зогсоосон тухай албан ёсны мэдэгдлийг 2019 оны 5 дугаар сарын 01-ний өдөр түрээслэгч нарт хүргүүлж, гарын үсэг зуруулсан. Мэдэгдэлд татан буугдаж байгаа учир хүмүүсийн эд хөрөнгийг хариуцахгүй, учир нь өөр байгууллага худалдаж авсан, барилга барих гэж байгаа тул камергүй болсон тухай дурдсан. Энэ баримт дээр нэхэмжлэгч өөрөө гарын үсэг зурсан байгаа. Өмнө нь сар бүр 45.000 төгрөг аваад машиныг нь тавиулдаг байсан талаар маргахгүй. Харин 6 сараас манай байгууллага үйл ажиллагаагаа зогсоосон байгаа. Харин үүнээс хойш хугацаанд машинаа манай талбайг ашиглаж тавьсан, бас энэ хүн 2019 оны 7 дугаар сард мөнгөө төлөөгүй байж үйлчилгээ авсан, машиных нь бүрэн бүтэн байдлыг хариуцах ёстой гэж байгаа нь үндэслэлгүй. Иймээс нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй гэжээ.

Шүүх: Иргэний хуулийн 422 дугаар зүйлийн 422.1, 424 дүгээр зүйлийн 424.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч “Өндөр занги” ХХК-иас 400.000 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч П.З-д олгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай 56 дугаар зүйлийн 56.1 дахь хэсэг, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэг, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 12.650 төгрөгийг улсын орлогод үлдээж, хариуцагч “Өндөр занги” ХХК-иас 12.650 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч П.З-д олгож шийдвэрлэжээ.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Төмөрцэцэг давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо: Шүүх Иргэний хуулийн 422 дугаар зүйлийн 422.3.6-д зааснаар дүгнэсэнд гомдолтой байна. Манай байгууллагын үйл ажиллагаа зогслоо, камер байхгүй, эд хөрөнгийн хохирол гарвал манайх хариуцахгүй гэдгийг нэхэмжлэгч мэдэж 2019 оны 6 дугаар сарын 01-ний өдрөөс зах үйл ажиллагаагаа хаасан. Иймд шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй.

Нэхэмжлэгч П.З- нь хариуцагч “Ө” ХХК-д холбогдуулан хохирол 400.000 төгрөгийг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

Анхан шатны шүүх зохигчдын хэн алиных нь шүүх хуралдаанд гаргасан тайлбар болон тэдгээрийн тайлбартай холбогдуулан маргааны үйл баримтыг тодруулсны үндсэн дээр нэхэмжлэгч П.З- нь хариуцагчтай тохиролцож, Ө захын хүнс барааны тасагт лангуу түрээслэж байсан, хариуцагчийн эзэмшлийн харуул хамгаалалт бүхий захын талбайд өдрийн 1.500 төгрөг, сард 45.000 төгрөгийг төлж, өөрийн өмчлөлийн автомашиныг тавьж байсан үйл баримтыг зөв тогтоож, улмаар  талуудын хооронд Иргэний хуулийн 422 дугаар зүйлийн 422.1 дэх хэсэгт заасан хадгалалтын гэрээ байгуулагдсан гэж үзэх үндэслэлтэй болжээ.

Хариуцагчаас Өндөр цайз хүнс барааны зах нь 2019 оны 6 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн үйл ажиллагаагаа зогсоосон тул зогсоолд тавьсан автомашины  бүрэн бүтэн байдлыг хариуцахгүй гэж тайлбарлаж, тус компанийн  2019 оны 5 сарын 01-ний өдрийн 19/10 тоот мэдэгдэл, уг мэдэгдэлтэй танилцсан нэхэмжлэгчийн гарын үсэг зурсан баримтыг шүүхэд ирүүлсэн боловч уг мэдэгдлийн агуулга нь тээврийн хэрэгслийн зогсоолын үйл ажиллагаа 2019 оны 6 сарын 01-ний өдрөөс зогсоосон үйл баримтыг мэдэгдсэн гэж үзэх үндэслэлгүй байна.

Нөгөө талаар, зохигчдын хооронд бичгээр гэрээ байгуулаагүй боловч нэхэмжлэгчийн автомашиныг зогсоолд байрлуулсны төлөө сар бүрийн 25-ны өдөр сарын төлбөр болох 45.000 төгрөгийн төлбөр авч байснаа хариуцагч тал үгүйсгэгүй, өөрийн эзэмшлийн талбайд уг автомашиныг тавиулж байсан тул хариуцагчийн хадгалалтад тодорхой хугацаагаар шилжсэн гэж үзэх үндэслэлтэй.

Иймд шүүх Иргэний хуулийн 424 дүгээр зүйлийн 424.1 дэх хэсэгт зааснаар  Нэхэмжлэгчийн 24-37 УНД улсын дугаартай тээврийн хэрэгсэлийн яндан 2019 оны 7 сарын 04-ний өдрөөс 05-ны өдөр шилжих шөнө алдагдсан хохирлыг нотлогдсон хэмжээгээр хариуцагчаас гаргуулсан нь хуульд нийцжээ.

Дээр дурдсан үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 9 дүгээр сарын 27-ны өдрийн 101/ШШ2019/02587 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүхэд гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид хариуцагчийн төлсөн 12 650 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                       Ц.ИЧИНХОРЛОО

                                         ШҮҮГЧИД                                       А.МӨНХЗУЛ

                                                                                                 Н.БАТЗОРИГ