| Шүүх | Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Отгон Аззаяа |
| Хэргийн индекс | 182/2024/03609/И |
| Дугаар | 182/ШШ2024/02848 |
| Огноо | 2024-06-18 |
| Маргааны төрөл | Нэхэмжлэгчээс гаргасан хүсэлтийн дагуу хариуцагчийг эрэн сурвалжлах, |
Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2024 оны 06 сарын 18 өдөр
Дугаар 182/ШШ2024/02848
| 2024 06 18 | 182/ШШ2024/02848 |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч О.Аззаяа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар:
Хүсэлт гаргагч: *******,*******,*******, Ш/Х-22 хаягт байрлах Голомт банк ХК /РД:2075377/-ийн хүсэлттэй,
Иргэний эрх зүйн харилцаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох ******* эрэн сурвалжлуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Бадамцэцэг оролцов. (Нэхэмжлэгчийн эзгүйд хэргийг хянан хэлэлцэв.)
Тодорхойлох нь:
1. Хүсэлт гаргагч Голомт банк ХК нь шүүхэд гаргасан хүсэлтдээ: ******* нь 2015 оны 02 дугаар сарын 03-ний өдөр Голомт банктай ЗГ1805103094 тоот Зээлийн гэрээ байгуулж 2,500,000 төгрөгийн зээлийг жилийн 27.6 хувийн хүүтэй, 18 сарын хугацаатай цалингийн зээл авсан. Зээлдэгч нь төлбөрөө гэрээний нөхцөлд заасны дагуу төлөхгүй хугацаа хэтрүүлэн банкыг хохироож байгаа бөгөөд 7,357,980 төгрөгийн зээлийн төлбөртэй байна. ******* банкнаас байнга идэвхитэйгээр хайж байгаа боловч одоог хүртэл олдохгүй байна. Зээлдэгч нар нь зээл авах үедээ УБ, СХД 25-р хороо Хайрхан 6-108 тоот хаягт оршин сууж байсан боловч одоо тэр хаяг дээрээ амьдардаггүй нь 2024 оны 05 дүгээр сарын 06-ний өдрийн Сонгинохайрхан дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 184/ШЗ2024/11004 тоот захирамжаар тус хороонд оршин суудаггүй нь тодорхойлогдож байгаа тул ******* эрэн сурвалжлах шийдвэр гарган, холбогдох байгууллагад үүрэг болгож өгнө үү гэжээ.
2. Нэхэмжлэгч Голомт банк ХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Одцэцэг нь шүүх хуралд биечлэн оролцох боломжгүй тул шүүх хуралдааныг нэхэмжлэгчийн эзгүйд шийдвэрлэж өгнө үү гэх хүсэлтийг ирүүлсэн байна.
3. Нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээ, итгэмжлэл, Сонгинохайрхан дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүгчийн 2024 оны 05 дугаар сарын 06-ны өдрийн 184/ШЗ2024/11004 дугаар Хэргийг хэрэгсэхгүй болгох тухай захирамж, 2015 оны 02 дугаар сарын 04-ний өдрийн ЗГ1805103094 дугаартай Зээлийн болон барьцааны гэрээний нотариатаар батлуулсан хуулбар, зээлийн эргэн төлөлтийн хуулбар, хүү тооцооны хүснэгтийн хуулбар, Голомт банкны гүйцэтгэх захирлын тушаал зэрэг баримтуудыг шүүхэд гаргаж өгсөн байна.
Шүүх хуралдаанаар хавтаст хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтыг шинжлэн судлаад
Үндэслэх нь:
1. Нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэслэлтэй гэж үзэв.
Хүсэлт гаргагч Голомт банк ХК нь иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох ******* эрэн сурвалжлуулах хүсэлтийг шүүхэд гаргажээ.
2. Нэхэмжлэгч дараах үндэслэлээр хүсэлтээ тодорхойлсон. Үүнд:
2.1. Голомт банк ХК нь С.Отгонбаатартай 2015 оны 02 дугаар сарын 04-ний өдрийн ЗГ1805103094 дугаартай Зээлийн болон барьцааны гэрээний байгуулж, 2,500,000 төгрөгийн зээл олгосон.
2.2. Зээлдэгч С.Отгонбаатараас зээлийн гэрээний үүрэг шаардсан нэхэмжлэлийг Сонгинохайрхан дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүгчийн 2024 оны 05 дугаар сарын 06-ны өдрийн 184/ШЗ2024/11004 дугаар Хэргийг хэрэгсэхгүй болгох тухай захирамжаар С.Отгонбаатар нь Сонгинохайрхан дүүрэг 25-р хороо, хайрхан 6-108 тоот хаягт бүртгэлтэй боловч оршин суудаггүй болох нь тогтоогдсон тул хэргийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэсэн байна. С.Отгонбаатарийн хаяг тодорхойгүй гэнэ.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.2 дахь хэсэгт Энэ хуулийн 155.1-д заасан хүсэлтийг өөрийн оршин суух газрын шүүхэд гаргана гэж зааснаар тус шүүхэд эрэн сурвалжлуулах тухай хүсэлт гаргасан нь дээрх хуулийн зохицуулалтад нийцсэн гэж үзнэ.
4. Энэхүү иргэний хэрэг нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлд заасан шүүх онцгой ажиллагааны журмаар хянан шийдвэрлэх маргааны төрөлд хамаарах тул хэргийг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий нөхцөл байдлыг бүрэн дүүрэн тогтооход шаардлагатай баримт, лавлагааг шүүхийн журмаар гаргуулах эрхтэй.
Энэ хүрээнд шүүхээс 2024 оны 06 дугаар сарын 06-ний өдөр 182/ШЗ2024/10559 дугаар захирамжийн дагуу Улсын бүртгэлийн газраас С.Отгонбаатарийн оршин суугаа газрын лавлагааг гаргуулсан ба лавлагаанд Сонгинохайрхан дүүрэг 25-р хороо, хайрхан 6-108 тоот гэжээ.
5. Иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох С.Отгонбаатарийн оршин суух газар нь мэдэгдэхгүй байгаа болох нь хүсэлт гаргагчийн тайлбар болон дээрх баримтуудаар тогтоогдож байх тул Голомт банк ХК-ийн гаргасан иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох ******* эрэн сурвалжлуулах хүсэлтийг хангах үндэстэй.
6. Хүсэлт гаргагчаас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэх нь зүйтэй.
Нэхэмжлэгч Голомт банк ХК нь нэхэмжлэгчийг байлцуулахгүйгээр, нотлох баримтын хүрээнд шийдвэрлүүлэх хүсэлт ирүүлсэн байх тул нэхэмжлэгчийн эзгүйд хэргийг хянан шийдвэрлэсэн болохыг дурдах нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 133 дугаар зүйлийн 133.1.9-д заасныг тус тус удирдлага болгон
Тогтоох нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.3-т зааснаар иргэний эрх зүйн харилцаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох ******* эрэн сурвалжилсугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.4-т зааснаар иргэний эрх зүйн харилцаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох Сүхбаатрын Отгонбаатар /РД:ВП92112914/-ийг эрэн сурвалжлах, түүний амьдарч байгаа газрыг тогтоох ажиллагааг хийж, энэ тухай хүсэлт гаргагч Голомт банк ХК, түүний төлөөлөгч Г.Одцэцэг /утас:80080680/-д мэдэгдэхийг Сонгинохайрхан дүүргийн Цагдаагийн газарт даалгасугай.
3. Улсын тэмдэгтийн хураамжийн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгч Голомт банк ХК-ийн тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээсүгэй.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй бөгөөд зохигч 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах ба шийдвэрийг гарган аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүй болохыг дурдсугай.
5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигчид шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдаж шатны шүүхэд давж заалдах гомдол гаргаж болохыг дурдсугай.
ДаргалагЧ, шҮҮГЧ О.АЗЗАЯА