Хэнтий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 09 сарын 21 өдөр

Дугаар 116

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

 

Хэргийн индекс:180/2017/0117/Э

 

Хэнтий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Л.Уянга даргалж тус шүүхийн шүүх хуралдааны "А" танхимд нээлттэй хийсэн хуралдаанд:

 

Нарийн бичгийн дарга                   Н.Энхзул

Улсын яллагч                                        Я.Сансар 

Шүүгдэгчийн өмгөөлөгч        П.Амаржаргал

Шүүгдэгч                                               Г.Г нарыг оролцуулан

     

 Тус Аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Гүнзэн овогт Г.Г-д холбогдох 1739000810013 дугаартай эрүүгийн хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол улсын иргэн, 1985 оны 03 дугаар сарын 29-ний өдөр Хэнтий аймгийн Өндөрхаан хотод төрсөн, 32 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, ам бүл 4, эхнэр 2 хүүхдийн хамт, Хэнтий аймгийн Хэрлэн сумын 3 дугаар баг, Баянмөнхийн 04-23 тоотод оршин суух, улсаас авсан гавъяа шагналгүй, урьд ял шийтгэлгүй гэх Гүнзэн овогт Г.Г 

 

Шүүгдэгчийн холбогдсон хэргийн талаар:  /яллах дүгнэлтэд дурдсанаар/

Шүүгдэгч Г.Г нь 2017 оны 08 дугаар сарын 25-ны өдөр Хэнтий аймгийн Хэрлэн сумын 3 дугаар багт байрлах Эрдэнэ зочид буудлын 201 тоот өрөөнөөс иргэн Б.Бат-Оршихын самсунг S-8 маркийн гар утсыг нууцаар хулгайлж, 1.940.400  төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ. 

 

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Хохирогч Б.Бат-Оршихын мөрдөн байцаалтад өгсөн: “...Би өөрийн найз Мөнх-Эрдэнэ, Рагчаа, Ганбаатар нарын хамт 2017 оны 8 дугаар сарын 24-ний өдөр 16 цагийн орчимд Улаанбаатар хотоос Хэнтий аймаг руу орох гээд найз Мөнх-Эрдэний пронтер маркийн автомашинтай гарсан. Хэнтий аймагт орой 22 цагийн орчимд ирээд Хэнтий аймгийн Хэрлэн сумын 3 дугаар багт үйл ажиллагая явуулдаг “Эрдэнэ” зочид буудлын 201 тоот өрөөнд буусан. Би Хэнтий аймагт ирэх учир нь өөрийн найз Мөнх-Эрдэнийн хамт өөрийн найз Ганбатаас морь худалдан авах гээд ирсэн юм. Бид хэд буудалдаа ороод байж байхад Мөнх-Эрдэнэ өөрийн оюутан цагийн найз гэх Г.Г гэдэг найзыгаа дуудсан. Удалгүй Мөнх-Эрдэний оюутан цагийн найз Г.Г нь өрөөнд орж ирсэн бид хэдтэй танилцаад сууж байгаад буцаж гараад “Болор” нэртэй 0,75 литрийн архитай орж ирсэн. Ганбат, Рагчаа нар унтлаа гээд өрөөний хажуу өрөөнд ороод унтаад өгсөн. Би Мөнх-Эрдэнэ, Г нартаи архи ууж нилээн суусан. Би нэлээн халсан тул унтлаа гээд унтаад өгсөн. Тэгээд 2017 оны 08 дугаар сарын 25-ны өглөө 09 цагийн орчимд босоод гар утсаа хайгаад олоогүй болохоор нь өөрийн авсан өрөөнийхөө буйдан, ширээ сандлын хажуугаар хайгаад олоогүй. Би самсунг S-8 маркийн гар утас барьдаг юм. Би тэр гар утсаа 2017 оны 03 дугаар сарын эхээр Tedy-с  шинээр нь 2,159,000 төгрөгөөр худалдан авч байсан. Тэгээд би цагдаагийн байгууллагад хандах болсон...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 4-5 тал/, 

 Хохирогчоор дахин өгсөн “... Би өөрийн эзэмшлийн самсунг S-8 маркийн гар утсаа бүрэн хүлээн авлаа. Надад гомдол санал байхгүй..” гэсэн мэдүүлэг /хх-ийн 6 тал/,

 

Гэрч Б.Оюунцэцэгийн мөрдөн байцаалтад өгсөн: “... 2017 оны 08 дугаар сарын 25-ны өглөө 09 цагийн орчимд гэр лүү ирсэн чинь манай нөхөр Г гэрт ирээд унтаж байсан. Ггийн орны хажууд хар өнгийн гар утас байсан. Миний 2 охидууд гаднаас орж ирээд юун утас вэ гээд тоглоё гээд бариад тоглож байсан. Миний хамгийн том охин гар утсаар нь тоглож байгаад цоожийг тайлсан. Манай нөхөр Г би энэ гар утсыг олсон юм. Ломбардад тавъя гэж хэлсэн. Тэгээд Ханбүргэдийн зүүн талд байдаг Билэгмаа гэдэг хүний ломбард орсон. Би эхэлж ороод энэ гар утсыг тавъя гэсэн чинь тэр ломбардад байгаа охин мөнгө байхгүй. Ээж байхгүй байна гэхээр нь би гарч яваад Билэгмээ эгч рүү яриад утас тавих гэсэн чинь охин чинь мөнгө байхгүй гээд байна гэсэн чинь мөнгө байгаа. Охинтой гар утсаар яриад хэлъе гэхээр нь би өөрийн нөхөр Гд тэр гар утсыг бариулаад оруулсан. Манай нөхөр 350.000 төгрөгөнд тавьсан гээд гараад ирсэн. Тэгээд надад 240.000 төгрөгийг өгөөд өөрөө 110.000 төгрөгийг авсан. Манай нөхөр Г баазын дэлгүүрийн гадаа буусан.” гэсэн мэдүүлэг/хх-ийн 15-16 тал/,

 

Гэрч Т.Билэгмаагийн мөрдөн байцаалтад өгсөн: “... өглөө 11 цагийн орчимд миний 98167756 гэсэн дугаарын утас руу 98916171 гэсэн дугаараас Отгонцэцэг яриад гар утас тавих гэсэн юм. Ажиллаж байгаа юу гэхээр нь би ажиллаж байгаа охин байгаа гэсэн чинь танай охин гар утас авахгүй. Мөнгө байхгүй гэж хэлсэн гэхээр нь би шкафанд мөнгө байгаа талаар хэлсэн. Тэгсэн Отгонцэцэг надад та охин руугаа яриад хэлчих гэхээр нь би охин руугаа яриагүй. Би охиныхоо гар утсыг барьж байсан юмаа. Би хүнсээ цуглуулж дуусаад гэртээ ирсэн чинь нэг ах ирээд миний эхнэр барьж байсан гар утас юмаа гээд хар өнгийн сансунг S-8 маркийн гар утсыг 350.000 төгрөгөөр 14 хонгийн хугацаатай 10 хувийн хүүтэй тавиад явсан гэсэн ... удалгүй Отгонцэцэг миний гар утас руу залгаад тавьсан гар утас алдагдсан гар утас байна. Манай нөхөр уг нь олсон гээд байсан чинь олоогүй юм байна гэхээр нь би ирээд уулз гэж хэлсэн .... Тэгээд дутуу мөнгөө олж өгъе гээд 240,000 төгрөгөө өгөөд яваад өгсөн. Тэгээд надад дээр ирээд дутуу мөнгө 110,000 төгрөгөө өгөөд гар утсаа аваад явсан. Би хувиар бодож хүүний мөнгө 20,000 төгрөг авсан..." гэсэн мэдүүлэг /хх-ийн 17-18 тал/,

 

Эд мөрийн баримт хураан авсан тэмдэглэл / хх-ийн 13 тал /,

Эд зүйл хүлээлгэн өгсөн тэмдэглэл / хх-ийн 17 тал /,

Гар утасны үнэлгээ / хх-ийн 18 тал /,

Гэрэл зургийн үзүүлэлтүүд / хх-ийн 9-10 тал /,

Урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас / хх-ийн 37 тал зэрэг болно. 

 

Шүүгдэгч Г.Г нь 2017 оны 08 дугаар сарын 25-ны өдөр Хэнтий аймгийн Хэрлэн сумын 3 дугаар багт байрлах Эрдэнэ зочид буудлын 201 тоот өрөөнөөс иргэн Б.Бат-Оршихын самсунг S-8 маркийн гар утсыг хүч хэрэглэхгүйгээр,  нууцаар, хууль бусаар авсан гэмт хэргийг үйлдсэн  болох нь шүүгдэгчийн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг, хохирогч Б.Бат-Оршихийн мэдүүлэг, гэрч Б.Оюунцэцэг, Т.Билэгмаа нарын мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байна.  

Хохирогч Б.Бат-Орших нь шүүгдэгчээс нэхэмжлэх зүйлгүй, гомдол саналгүй гэсэн тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзэх нь зүйтэй байна. 

Шүүгдэгч Г.Г-д ял оногдуулах эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлууд тогтоодохгүй байна. 

Шүүгдэгч Г.Г-д холбогдох эрүүгийн хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17 дугаар зүйлд зааснаар хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн болно. 

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 36.1 дүгээр зүйлийн 5, 6, 8, 36.8 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон 

 

  ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Гүнзэн овогт Г.Г-г бусдын эд хөрөнгийг хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

 2. Эрүүгийн хуулийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Г-г 320 цагийн  нийтэд тустай ажил хийлгэх  ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Г нь шүүхээс оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол ажлын 8 цагийг нэг хоногийн хугацаагаар тооцож хорих ялаар солихыг анхааруулсугай.

 

4. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн зүйл үгүй, шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдоогүй, түүний бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг дурдсугай.

 

5. Шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардуулснаас хойш 14 хоногийн дотор Хэнтий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл  бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

6. Давж заалдах гомдол гаргасан буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч Г.Г-д авсан хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр  үргэлжлүүлсүгэй. 

 

 

 

ДАРГАЛАГЧ,  ШҮҮГЧ Л.УЯНГА