Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 04 сарын 14 өдөр

Дугаар 2022/ДШМ/390

 

 

С.Од холбогдох

 эрүүгийн хэргийн тухай

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ц.Оч даргалж, шүүгч Л.Дарьсүрэн, Т.Өсөхбаяр нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор Б.Дэлгэрмаа,

шүүгдэгч С.О, түүний өмгөөлөгч Д.Баасансүрэн,

нарийн бичгийн дарга Ө.Бишрэлт нарыг оролцуулан,    

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Э.Чингис даргалж хийсэн шүүх хуралдааны 2022 оны 3  дугаар сарын 4-ний өдрийн 332 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч С.О, түүний өмгөөлөгч Д.Баасансүрэн, хохирогч Г.Бнарын гаргасан давж заалдах гомдлуудыг үндэслэн С.Од холбогдох эрүүгийн 2103003280368 дугаартай хэргийг 2022 оны 4 дүгээр сарын 4-ний өдөр хүлээн авч, шүүгч Т.Өсөхбаярын илтгэснээр хянан хэлэлцэв.

 

............... овгийн С.О, .............................төрсөн, 18 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3, өвөг эцэг, эмэг эхийн хамт .........................тоотод оршин суух бүртгэлтэй, ял шийтгэлгүй, /РД: ............................./;

 

Шүүгдэгч С.О нь 2021 оны 10 дугаар сарын 16-ны өдөр “Тоyotа Рrius” маркийн 53-94 УБЯ улсын дугаартай тээврийн хэрэгслийг өмчлөгч, эзэмшигчийн зөвшөөрөлгүйгээр авч, улмаар 7 цаг 50 минутын үед Баянзүрх дүүргийн 20 дугаар хороо, Гачууртын замд жолоодон явахдаа Замын хөдөлгөөний дүрмийн 3.7.а-д “Жолоочид дараах зүйлийг хориглоно: а/ тухайн ангиллын тээврийн хэрэгслийг жолоодох эрхгүй, ... согтууруулах ундаа ... хэрэглэсэн ... үедээ тээврийн хэрэгсэл жолоодох” гэж, мөн дүрмийн 11.3-д “Эсрэг хөдөлгөөнтэй хоёр эгнээгээр зорчдог замд гүйцэж түрүүлэх буюу саадыг тойрон гарахаас бусад тохиолдолд эсрэг урсгал сөрөхийг хориглоно.” гэж тус тус заасныг зөрчсөнөөс эсрэг урсгалд явж байсан Г.Бжолоочтой “Тоyotа Рrius” маркийн 90-25 УНА улсын дугаартай тээврийн хэрэгсэлтэй мөргөлдөж, Г.Батхуягийн эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Тээврийн прокурорын газраас: С.Оын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2 дахь заалтад тус тус зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Дугар овгийн Сарангэрэлийн Оргилыг согтуурсан, тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй үедээ автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн, автотээврийн хэрэгслийг зөвшөөрөлгүйгээр авч явах гэмт хэргийг үйлдсэн тус тус гэм буруутайд тооцож, шүүгдэгч С.Оыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2 дахь заалтад тус тус зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 жилийн хугацаагаар хасч, 6 сарын хугацаагаар хорих ялаар, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 240 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар тус тус шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад зааснаар С.Од оногдуулсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 240 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийг хорих ялын 1 хоногтой дүйцүүлэн тооцож 30 хоног буюу 1 сарын хугацаагаар тогтоож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт тус тус зааснаар С.Од оногдуулсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2 дахь заалтад заасан тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 жилийн хугацаагаар хасч, 6 сарын хугацаагаар хорих ял дээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 240 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийг хорих ялын 1 хоногтой дүйцүүлэн тооцож 30 хоног буюу 1 сарын хугацаагаар хорих ялыг нэмж нэгтгэн нийт түүний биечлэн эдлэх ялын хугацааг 7 сарын хугацаагаар хорих ялаар тогтоож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар С.Од оногдуулсан 7 сарын хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар С.Од оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 жилийн хугацаагаар хассан нэмэгдэл ялын хугацааг хорих ялыг эдэлж дууссаны дараа үеэс эхлэн тоолж, хохирогч Х.Б нь цаашид гарах эмчилгээний зардлаа нотлох баримтаа бүрдүүлж Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар жич нэхэмжлэх эрхтэй болохыг, энэ хэрэгт битүүмжлэн ирсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, С.О нь энэ хэрэгтээ цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурьдаж, шүүгдэгч С.Од урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, түүний эдлэх ялыг энэ өдрөөс эхлэн тоолж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэл С.Од авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэжээ.

Хохирогч Г.Бдавж заалдах гомдолдоо: “Миний бие автотээврийн осолд орон хүндэвтэр гэмтэл авсан. Шүүгдэгч С.Оын талаас эмчилгээ болон машины засварт 6.000.000 төгрөг барагуулсан болно. Ингээд шүүх хуралдаанд би мэдүүлэг өгөхдөө С.Од гомдол байхгүй, ял шийтгэл битгий өрөөрэй гэж хэлсэн боловч шүүх 7 сарын хорих ял оногдуулсанд гомдолтой байна. Хүүхдүүдээс ялгаагүй, хорихгүйгээр өөр төрлийн шийтгэл оногдуулж, суллаж өгнө үү” гэжээ.

 

Шүүгдэгч С.О давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Миний бие хийсэн үйлдэлдээ маш их гэмшиж байгаа болно. Цаашид хохирогчид гарах эмчилгээний зардлыг би бүрэн барагдуулах болно. Цаашид сурч боловсрохыг маш их хүсэж байгаа тул оногдуулсан ялыг тэнсэж өгнө үү” гэв.

 

 Шүүгдэгч С.Оын өмгөөлөгч Д.Баасансүрэн давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Шийтгэх тогтоолын тодорхойлох хэсэгт Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “...Энэ хуулийн тусгай ангид заасан хоёр...гэмт хэрэг үйлдсэн бол энэ зүйлийн 1 дэх хэсэг хамаарахгүй” гэжээ.

Дээр дурдсан зүйлд “...хоёр, түүнээс дээш гэмт хэргийг санаатай үйлдсэн...” бол энэ зүйлийн 1 дэх хэсэг хамаарахгүй гэж заасан байхад шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтыг зөрчин Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, мөн хуулийн 39.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т зааснаар хуулийн зүйл, хэсэг, заалтыг буруу тайлбарлаж хэрэглэсэнд гомдолтой байна.

Мөн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт “Ялтан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солино” гэж хуульчилсан байх тул өмгөөлөгчийн тайлбарыг хүлээн авах боломжгүй байна гэсэн дүгнэлт нь ойлгомжгүй бөгөөд хууль ёсны байх зарчимд нийцээгүй байна. Өөрөөр хэлбэл, С.Оын хувьд торгох ялыг биелүүлээгүй тохиолдол байхгүй ба шүүх түүний торгох ялыг хорих ялаар сольж байгаа мэт дүгнэлт хийсэн нь үндэслэлгүй бөгөөд хэргийн бодит байдалтай нийцэхгүй байна.

Хохирогч Г.Бшүүхийн хэлэлцүүлэгт “Би шүүгдэгч С.Од гомдол байхгүй, миний гомдлыг барагдуулсан, миний хүүхэд шиг, хүүхдээс ч бага хүүхэд байна, С.Од хорих ял шийтгэл битгий өгөөрэй” гэж мэдүүлсэн юм. Энэ нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар талуудын мэтгэлцээний үндсэн дээр тал бүрээс нь харгалзаж шийдвэрлээгүй нь шударга ёсны зарчимд нийцээгүй гэж үзэж байна.

Иймд анхан шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1.2, 39.7 дугаар зүйлийн 1.3 дахь хэсгийг тус тус зөрчсөн тул мөн хуулийн 39.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу шүүхийн шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийдвэрлэж өгнө үү” гэв.

 

Прокурор Б.Дэлгэрмаа тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “Шүүгдэгч нь согтуугаар хүний тээврийн хэрэгслийг зөвшөөрөлгүй авч явсан бөгөөд тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй хүн байсан. Миний зүгээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч С.Од 240 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах, мөн хуулийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 жилийн хугацаагаар хасаж, 1 жилийн хорих ял оногдуулах, 240 цаг нийтэд тустай ажил хийх ялын 8 цагийг хорих ялын 1 хоногтой дүйцүүлэн ялыг нэмж нэгтгэн нийт 1 жил 1 сарын хугацаатай хорих ял оногдуулах саналыг шүүхэд гаргасан. Шүүх хорих ялыг улсын яллагчийн санал болгосон саналаас бага буюу нийт 7 сар хорих ял оногдуулах шийдвэр гаргасан. Шүүгдэгчийн өмгөөлөгчийн зүгээс торгох ял оногдуулах хүсэлтийг гаргасан бөгөөд шүүхийн зүгээс түүнд тайлбар өгсөн байгаа. Гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал, мөн хохирогчийн зүгээс “Баримттай хохирол төлбөрийг С.Оын зүгээс төлж барагдуулсан боловч имрай авахуулах шаардлагатай байгаа. Сүүлийн үед С.О надтай холбоо барихгүй байгаа” гэдгээ шүүх хуралдаанд хэлж байсан зэргээс харахад шүүхийн шийдвэр үндэслэлтэй гарсан гэж үзэж байна. Тийм учраас шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү” гэв.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар хэргийг хянан шийдвэрлэхдээ давж заалдах гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг хянав.

С.Од холбогдох хэргийн мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих асуудлуудыг хангалттай шалгаж тодруулсан, хэргийн үйл баримт, гэм бурууг тогтооход үндэслэл болсон нотлох баримтуудыг цуглуулах, бэхжүүлэх, үнэлэх шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг ноцтой зөрчсөн зөрчил тогтоогдоогүй болно.

Шүүгдэгч С.О нь 2021 оны 10 дугаар сарын 16-ны өдөр “Тоyotа Рrius” маркийн 53-94 УБЯ улсын дугаартай тээврийн хэрэгслийг өмчлөгч, эзэмшигчийн зөвшөөрөлгүйгээр авч, улмаар 7 цаг 50 минутын үед Баянзүрх дүүргийн 20 дугаар хороо, Гачууртын замд жолоодон явахдаа Замын хөдөлгөөний дүрмийн 3.7.а-д “Жолоочид дараах зүйлийг хориглоно: а/ тухайн ангиллын тээврийн хэрэгслийг жолоодох эрхгүй, ... согтууруулах ундаа ... хэрэглэсэн ... үедээ тээврийн хэрэгсэл жолоодох” гэж, мөн дүрмийн 11.3-д “Эсрэг хөдөлгөөнтэй хоёр эгнээгээр зорчдог замд гүйцэж түрүүлэх буюу саадыг тойрон гарахаас бусад тохиолдолд эсрэг урсгал сөрөхийг хориглоно.” гэж тус тус заасныг зөрчсөнөөс эсрэг урсгалд явж байсан Г.Бжолоочтой “Тоyotа Рrius” маркийн 90-25 УНА улсын дугаартай тээврийн хэрэгсэлтэй мөргөлдөж, Г.Батхуягийн эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь:

хохирогч Г.Батхуягийн “...Би 2021 оны 10 дугаар сарын 16-ны өдөр 07:40 цагийн үед худаг орох гээд өөрийн эзэмшлийн Тоёота приус 20 маркийн 9025 УНА улсын дугаартай автомашиныг жолоодон Баянзүрх дүүргийн 20 дугаар хороо, Шар хоолойн зам руу ороод ертөнцийн зүгээр хойноос урагшаа чиглэлд явж байхад гэнэт урдаас цагаан өнгийн Тоёота Приус 20 маркийн автомашин дайвалзаад маш хурдтай яваад ирэхээр тэр машиныг өнгөрүүлэх гээд хурдаа хасаад бараг зогсох үед юу юугүй миний машины зүүн талын урд хэсгээр мөргөөд зогссон. ... Хас Үнэлгээ” ХХК-иас гаргасан автомашины хохирлын үнэлгээ 4.484.000 төгрөг болсон байгаа. Энэ мөнгөн дээр эмчилгээ, эм тарианы зардалд 1.558.000 төгрөг болсныг нэмээд 1.516.000 төгрөг, нийт 6.000.000 төгрөг өгсөн. ...” /хх 28-29/,

гэрч Б.Мөнгөнхөлөгийн “... Би 2021 оны 10 дугаар сарын 15-ны өдөр Гачууртад байх найзынхаа лагер дээр нь очсон. Тухайн өдөр манай найзууд цэргээс халагдаж ирээд уулзацгаасан. ...Өглөө сэрээд гараад хартал машин байхгүй байсан. Тэгээд би “машин хайччихав” гээд хамт байсан найзуудаасаа асуухад мэдэх хүн байхгүй байсан. ...Миний санаж байгаагаар би машины түлхүүрийг ширээн дээр тавиад унтсан байх. С.О надаас ямар нэгэн зөвшөөрөл авалгүйгээр машин жолоодож яваад зам тээврийн осол гаргасан. ...” /хх-44/,

гэрч Т.Чингүний “...С.О жолооны ард суугаад машин асааж ойрхон түц байвал орж тамхи авя гэхээр нь “согтуу байж жолоо барьж яах гээд байгаа юм бэ, хэрэггүй” гэж хэд хэдэн удаа хэлээд болиулах гэсэн боловч миний үгэнд ороогүй машиныг хөдөлгөж хашаанаас гарч төв зам руу ороод хэсэг явсан боловч онгорхой дэлгүүр байхгүй болохоор нь буцаж хашаа руу орох гээд олохгүй төөрөөд хашаагаа хайгаад явж байсан. Би тэр үед нилээн согтуу, дээр нь нойр хүрээд хэсэг унтаад сэрэхэд машин хүчтэй юм мөргөх чимээ гарч урдаас аваарын дэр гарсан. ...” /хх-47/,

иргэний хариуцагч Т.Сүхбаатарын “...Би иргэний хариуцагчаар оролцож байгаа гэдгээ ойлгосон. Гэхдээ миний автомашиныг зөвшөөрөлгүй жолоодож осол гаргасан залуутай би ямар ч хамааралгүй, манай дүүгийн найз нь гэж хэлсэн. Дүү Б.Мөнгөнхөлөгийг унтаж байхад нь машиных нь түлхүүрийг зөвшөөрөлгүй авч яваад зам тээврийн осол гаргасан гэж би сонссон. ...” /хх 38/,

шүүгдэгч С.Оын яллагдагчаар өгсөн “...Миний хувьд тээврийн хэрэгсэл жолоодох эрхийн үнэмлэхгүй, согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож замын хөдөлгөөнд оролцож осол гаргасандаа маш их харамсаж байна. ...” /хх 124/ гэсэн мэдүүлгүүд,

Г.Батхуягийн биед зүүн шилбэний шаант ясны далд хугарал бүхий хүндэвтэр зэргийн гэмтэл учирсныг тогтоосон Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 10015 дугаартай шинжээчийн дүгнэлт /хх 77-78/,

хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, үзлэгээр тогтоосон байдал, хэмжилтийн бүдүүвч болон гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх 6-14/, жолоочийн согтууруулах ундаа хэрэглэсэн эсэхийг шалгасан тэмдэглэл /хх 15/, мөрдөгчийн магадлагаа /хх 91-92/, “Хас Үнэлгээ” ХХК-ийн автомашин техникийн эвдрэл, хохирлын үнэлгээний тайлан, гэрэл зургийн үзүүлэлт /хх 51-58, 62-73/ зэрэг хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, анхан шатны шүүхийн шүүх хуралдааны хэлэлцүүлгээр хянан хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар тус тус нотлогдон тогтоогджээ.

Шүүхийн шийдвэрийн үндэслэл болсон дээрх нотлох баримтуудыг хуульд заасан журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, хэрэгт хамааралтай, ач холбогдолтой байх бөгөөд анхан шатны шүүхээс шүүгдэгч С.Оыг согтуурсан, тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй үедээ Автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан, автотээврийн хэрэгслийг зөвшөөрөлгүйгээр авч явсан тус тус гэм буруутай талаар дүгнэсэн нь хэргийн бодит байдалтай нийцсэн байна.

Шүүгдэгч С.Оын бусдын тээврийн хэрэгслийг зөвшөөрөлгүйгээр авч явсан үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар,  мөн тээврийн хэрэгсэл жолоодон явахдаа замын хөдөлгөөний дүрмийн заалтыг зөрчсөнөөс Г.Батхуягийн эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2 дахь заалтад зааснаар тус тус зүйлчилсэн нь хууль зүйн үндэслэлтэй, Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэжээ.

Шүүгдэгч С.О, түүний өмгөөлөгч Д.Баасансүрэн нар “...Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хорих ял оногдуулахгүйгээр тэнсэж өгнө үү” гэсэн агуулга бүхий давж заалдах гомдол гаргажээ.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Хөнгөн гэмт хэрэг үйлдсэн хүн гэм буруугаа хүлээн зөвшөөрч гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлж хор уршгийг арилгасан, эсхүл гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлсэн бол гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдлыг харгалзан тухайн зүйл, хэсэг, заалтад заасан хорих ялыг оногдуулахгүйгээр таван жил хүртэл хугацаагаар тэнсэж болно” гэж заасан бөгөөд шүүгдэгч С.Од Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2 дахь заалтад заасан хорих ял оногдуулахгүйгээр тэнсэх нь түүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдалд тохирохгүй байна гэж үзлээ.

Харин Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэж,

мөн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршино” гэж тус тус заасан бөгөөд шүүгдэгч С.Од Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2 дахь заалтад зааснаар оногдуулсан хорих ял ялыг зорчих эрхийг хязгаарлах ял болгон өөрчлөхөд энэ хэм хэмжээний агуулгатай нийцэхээр байна.

Шүүгдэгч С.О нь анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, гэмт хэргийн улмаас бусдад учруулсан хохирлоо нөхөн барагдуулсан зэрэг нөхцөл байдлыг харгалзан үзэж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2 дахь заалтад тус тус зааснаар С.Од тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 жилийн хугацаагаар хасч, 6 сарын хугацаагаар зорчих эрх хязгаарлах ял оногдуулах боломжтой гэж үзэв.

Анхан шатны шүүхээс шүүгдэгч С.Оыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 240 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэсэн нь гэм бурууд нь тохирсон байх бөгөөд түүнд оногдуулсан 2 өөр төрлийн ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар тус тусад нь эдлүүлэхээр тогтоов.

Дээрх үндэслэлээр шүүгдэгч С.О, түүний өмгөөлөгч Д.Баасансүрэн нарын давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож, магадлалд заасан үндэслэлээр шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулах хууль зүйн үндэслэлтэй байна гэж давж заалдах шатны шүүх дүгнэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.4 дэх заалтыг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 3 дугаар сарын 4-ний өдрийн 332 дугаартай шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн:

2 дахь заалтыг “Шүүгдэгч С.Оыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2 дахь заалтад тус тус зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 жилийн хугацаагаар хасч, 6 сарын хугацаагаар зорчих эрх хязгаарлах ялаар, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 240 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар тус тус шийтгэсүгэй” гэж,

3 дахь заалтыг “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар С.Од Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 240 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялыг, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2 дахь заалтад тус тус зааснаар оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 жилийн хугацаагаар хасч, 6 сарын хугацаагаар зорчих эрх хязгаарлах ялыг тус тусад нь эдлүүлсүгэй” гэж,

4 дэх заалтыг “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч С.Оын энэ хэрэгт цагдан хоригдсон 41 хоногийн нэг хоногийг зорчих эрхээр хязгаарлах ялын нэг хоногоор тооцон эдлэх ялаас хассугай” гэж,

5 дахь заалтыг “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч С.Од эрх бүхий байгууллагын зөвшөөрөлтэйгөөр оршин суух газраа өөрчлөх, Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэрт зорчих үүргийг хүлээлгэсүгэй” гэж,

6 дахь заалтыг “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар С.Од оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 жилийн хугацаагаар хассан нэмэгдэл ялын хугацааг зорчих эрхээр хязгаарлах ял оногдуулсан үеэс эхлэн тоолсугай” гэж тус тус өөрчилсүгэй.

2. Шийтгэх тогтоолын тогтоох хэсэгт “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол ялтны зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгч С.Од мэдэгдсүгэй” гэсэн нэмэлт заалт оруулсугай.

3. Шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн бусад заалтыг хэвээр үлдээж, шүүгдэгч С.Оыг нэн даруй сулласугай.

 

4. Анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

                        ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                        Ц.ОЧ

            ШҮҮГЧ                                                              Л.ДАРЬСҮРЭН

            ШҮҮГЧ                                                             Т.ӨСӨХБАЯР