Дорноговь аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2024 оны 05 сарын 21 өдөр

Дугаар 136/ШШ2024/00214

 

 

 

 

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Дорноговь аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ц.Ариунзул даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар:

Нэхэмжлэгч: ...... дүүргийн .... хороо, .........тоотод оршин суух, Я овогт Б. У ,

Хариуцагч: Дорноговь аймаг, ... сум,.......р баг, .......... гэх газарт оршин суух, Д овогт Н.Т.,

Нэхэмжлэлийн шаардлага: 344,962,100 төгрөг гаргуулах тухай

Сөрөг нэхэмжлэлийн шаардлага: 2022 оны 10 дугаар сарын 02-ны өдрийн 0540 дугаартай гэрээг хүчин төгөлдөр бусд тооцуулах тухай

Шүүх хуралдааны оролцогчид:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Т  /цахимаар/

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Ж.Ч 

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Норжинлхам нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Б.У  Н.Т-т холбогдуулан нэхэмжлэл гаргасан. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:

Б.У миний бие Н.Т-т итгэмжлэн хариуцуулсан байсан тээврийн хэрэгслээс 7 ширхэг чиргүүлийг бусдад зарж, хувьдаа завшиж хохирол учруулсан хэргээр Дорноговь аймгийн Цагдаагийн газарт өргөдөл гаргасан. Өргөдлийн дагуу шалгалтын ажиллагаа явуулж хэргийг шүүхэд шилжүүлсэн бөгөөд Дорноговь аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022/ШЦТ/163 дугаартай шийтгэх тогтоолоор Н.Т-ыг бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг завшиж их хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож 29,262,000 төгрөгийг гаргуулахаар шийдвэрлэж бусад хохирлоо иргэний журмаар шийдвэрлүүлэх эрхтэй болохыг дурдаж шийдвэрлэсэн.

Бид Давж заалдах шатны шүүх болон иргэний хэргийн анхан шатны шүүхэд өргөдөл гаргалгүйгээр хохирол төлбөрийг сайн дураараа төлж барагдуулах санал гаргасныг хүлээн авч 2022 оны 10 дугаар сарын 02-ны өдөр харилцан тохиролцсон гэрээг нотариатаар гэрчлүүлсэн. Энэхүү гэрээнд

1.Н.Т  нь Б.У-д нийт 400,000,000 төгрөг төлөх

2.Энэ төлбөрийг нэг жилийн хугацаанд сар бүр тэнцүү хувааж төлөх

3.Төлбөрөөс өмнөх төлсөн мөнгийг хасах

4.Төлбөрийг хугацаандаа төлөөгүй тохиолдолд гүйцэтгээгүй үнийн дүн хоногт 0,5 хувь алданги тооцох

5.160,000,000 төгрөгөөс сард 1 хувь хүү тооцох заалтуудыг тусгаж Иргэний хуулийн 199 дүгээр зүйлийн 199.2 дугаар зүйлд заасны дагуу байгуулсан.

Н.Т  нь 2022 оны 11 дүгээр сарын 04-ний өдөр шүүхийн шийдвэрийн дагуу 175,000,000 төгрөгийг барагдуулсан. Гэтэл Н.Т нь гэрээнд заасан үүргээ биелүүлэхгүй, цаашид гэрээний дагуу биелүүлэхгүй болсон нь түүний байдлаас тодорхой болсон. Иймээс түүнээс үндсэн мөнгө 400,000,000 төгрөгөөс түүний өмнө нь төлсөн 175,000,000 төгрөгийг хасч 225,000,000 төгрөг, үүн дээр 160,000,000 төгрөгийн хүү гэрээ байгуулсан өдрөөс хойш 4,5 сарын хүү нэг сард 1,600,000 төгрөг нийт 7,200,000 төгрөг, алданги 2022 оны 10 дугаар сарын 02-ны өдрөөс хойш 2023 оны 03 дугаар сарын 17-ны өдөр хүртэл нийт 137 хоног, хоногт 0,5 хувийн алдангийг 225,000,000 төгрөгөөс тооцоход хоногт 1,125,000 төгрөгийг 137 хоногоор тооцоход 154,125,000 төгрөг болж байгаа бөгөөд Н.Т  нь 2022 оны 12 дугаар 27-нд 5,000,000 төгрөг, 2023 оны 03 дугаар сарын 14-нд шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын төлбөрт төлсөн 4,750,000 төгрөгийг алдангаас хасч 144,375,000 төгрөг үлдэж байна. Ингээд ,

1.Үндсэн үлдэгдэл төлбөр болох 225,000,000 төгрөг,

2.160,000,000 төгрөгийн хүү 4,5 сарын хүү 7,200,000 төгрөг,

3.Гүйцэтгээгүй үүрэг буюу 225,000,000 төгрөгийн алданги 144,375,000 төгрөг Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.4 дэх хэсэгт заасан ...анзын нийт дүн гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 50 хувиас хэтэрч болохгүй.. гэсэн заалтыг баримтлан 225,000,000 төгрөгийн 50 хувь болох 112,500,000 төгрөг нийт 344,700,000 төгрөгийг хариуцагчаас нэхэмжилж байна.

Миний хувьд Н.Т т маш их боломжийг олгосон бөгөөд бодитоор төлбөл зохих 429,000,000 төгрөг төлөхөөс 29,000,000 төгрөгийг хасч 400,000,000 төгрөг болгосон, өөрийн амласан давж заалдахгүй байр сууриндаа хүрсэн. Анхан шатны шүүхийн төлбөрөө төлөөгүй этгээдэд ногдуулсан эрүүгийн хариуцлага хуульд нийцээгүй, хорих төрлийн хариуцлага оногдуулах талаар давж заалдаагүй. Гэрээний хугацаандаа төлбөрөө төлөхийг бүтэн сар хүлээсэн байтал Н.Т  нь үүргээ биелүүлэхгүй байгаад гомдолтой байгаа учраас шүүхээр асуудлыг эцэслэн шийдвэрлүүлэх болсон юм.

Мөн би шүүхэд ирж очих болон баримт хуулбарлан гаргуулахад 262,100 төгрөг гарсан. Үүнд:

1.Шүүхийн архиваас бичиг баримт авахаар 2023 оны 05 дугаар сарын 25-ны өдөр Улаанбаатар хотоос Дорноговь аймгийн Сайншанд сум руу ирж, очсон зардал болох бензиний мөнгө болон шуудангаар бичиг баримт илгээсэн, баримт хувилж авсан төлбөр болно гэв.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Т  шүүхэд ирүүлсэн тодруулсан нэхэмжлэлийн шаардлагадаа: Нэхэмжлэгч Б.У  нь хариуцагч Н.Т-с 344,700,000 төгрөг, мөн шүүхэд ирж очих болон бичиг баримт хуулбарлан авсан зардал болох 262,100 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагаа гаргасныг дараах байдлаар тодруулж байна.

Хариуцагч Н.Т  нь өөрөө болон Б  ХХК-ийн нэрийг ашиглан нэхэмжлэгч Б.У-тай Хамтран ажиллах гэрээ байгуулж улмаар итгэмжлэн хариуцуулсан тээврийн хэрэгслүүд болон зөөврийн сууц, дугуйнуудыг бусдад зарж борлуулан хувьдаа завшсаны улмаас их хэмжээний хохирол учруулсан асуудлаар Дорноговь аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээр шийтгүүлж, иргэний нэхэмжлэлийн асуудлыг иргэний журмаар нэхэмжлэх нь зүйтэй гэсэн шийтгэх тогтоол гаргасан байдаг. Тиймээс хариуцагч Н.Т-с учирсан хохирлыг арилгуулахаар Иргэний хуулийн 227 дугаар зүйлийн 227.1-т зааснаар шаардаж байна.

Хариуцагч Н.Т  нь учирсан хохирол төлбөрийн асуудлаар тооцоо нийлж гэрээ байгуулах санал тавьсны дагуу 2022 оны 10 дугаар сарын 02-ны өдөр Иргэний хуулийн 189 дугаар зүйлийн 189.1-т заасныг үндэслэн №0540 дугаартай гэрээг байгуулсан.

Тус гэрээгээр Б.У-д Хамтран ажиллах гэрээ байгуулснаас хойш учирсан хохирол 400,000,000 төгрөг, үүнээс Н.Т-ын эрүүгийн хэрэгт шалгагдаж байх хугацаандаа төлсөн 175,000,000 төгрөгийг хасч үлдэгдэл төлбөр 225,000,000 төгрөг болсон байна.

Үлдэгдэл 225,000,000 төгрөгийн 160,000,000 төгрөг нь Н.Т-н эзэмшилд байгаа 8 ширхэг тээврийн хэрэгслийн үнэ бөгөөд Ашид билгүүн ХХК-ийн хөрөнгийн үнэлгээгээр тус бүр 20,000,000 төгрөгөөр тогтоосон ба гэрээ байгуулсан өдрөөс хойш нэг сарын хүүтэй байхаар, төлбөрөө гэрээнд заасан хугацаанд төлөөгүй тохиолдолд 0,5 хувийн алданги тооцохоор тохирсон.

Харин 225,000,000 төгрөгөөс 8 ширхэг тээврийн хэрэгслийн үнэ 160,000,000 төгрөг гэхээр 65,000,000 төгрөг нь Ханги мандлаас тээврийн хэрэгслүүдийн Өмнөговь аймгийн Цогтцэций сум руу зөөвөрлөхөд гарсан зардал болон дугуй обудны төлбөрүүдийн нийт дүнгээс хасаж тооцож тохиролцсон үнийн дүн юм.

Иймд 2022 оны 10 дугаар сарын 02-ны өдөр Иргэний хуулийн 189 дүгээр зүйлийн 189.1-т заасны дагуу төлбөр тооцоог харилцан тохиролцож байгуулсан гэрээний дагуу хариуцагч Н.Т-с үлдэгдэл төлбөр 225,000,000 төгрөг, үүнээс 8 тээврийн хэрэгслийн 160,000,000 төгрөгийн 4,5 сарын хүү 7,200,000 төгрөг, 225,000,000 төгрөгөөс гүйцэтгээгүйн хүүгийн алданги 112,500,000 төгрөг, учирсан хохирол 262,100 төгрөг нийлбэр дүн 344,962,100 төгрөгийг хариуцагчаас гаргуулж өгнө үү. Ийм учраас нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү гэв.

Хариуцагч Н.Т шүүхэд гаргасан тайлбартаа: Н.Т би 2022 оны 09 дүгээр сарын 08-ны өдрийн 2022/ШЦТ/....... дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож 20,000 нэгж буюу 20,000,000 төгрөгөөр торгох ялаар шийтгүүлсэн. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хохирогч Б.У нь давж заалдаж Н.Т-ыг хориулна, ял хөндөгдсөн гэсэн байдаг.

Шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 1-т: ... их хэмжээний буюу 245,000,000 төгрөгийн хохирол учруулсан.. мөн тогтоолын 5-д: ...Н.Т-аас Б.У-д 29,262,000 төгрөгийг олгож.. гэсэн шийтгэх тогтоол гарсан. Шийтгэх тогтоолд дурдсан хохирол төлбөрийг Н.Тнь төлж барагдуулсан ба энэ талаар нэхэмжлэгч Б.У мөн нэхэмжлэлдээ дурдсан байна. Н.Тнь 2022 оны 12 дугаар сарын 27-ны өдөр 5,000,000 төгрөг нэмж төлсөн байна.

Нэхэмжлэгч Б.У нь гэрээнд заасны дагуу гэсэн байгаагаас харахад: Нийслэлийн тойргийн нотариатч С.Г-ийн баталсан 2022 оны 10 дугаар сарын 02-ны өдрийн 0540 дугаартай гэрээнд ...Дорноговь аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд заасан төлбөрөөс бусад заалтад энэ гэрээ хамаарахгүй...гэрээний агуулга, хууль зүйн үр дагаврыг нотариатч зөвлөсөн болно...гэжээ. Шүүхийн шийтгэх тогтоолд дурдсан 245,000,000 төгрөгийг Н.Т нь төлж барагдуулсан байхад Б.У нь хаанаас 400,000,000 төгрөг түүний үлдэгдэл болох 160,000,000 төгрөг гээд байгааг ойлгохгүй байна.

Эрүүгийн шүүх хуралдаан дээр үндэслэлгүй нэхэмжилсэн үнийн дүнг хэрэгсэхгүй болгож нотлох баримтаа бүрдүүлээд иргэний журмаар нэхэмжлэх эрхтэйг нээлттэй орхиж шийдвэрлэсэн гэж ойлгож байна. Гэтэл ямар ч нотлох баримт байхгүйгээр Н.Т-аас 160,000,000 төгрөгийг хүү, алданги тооцож авна гэж байгаа нь үндэслэлгүйгээр хөрөнгөжих бодит нөхцөл бий болж байна гэж үзэж байна.

Б.У нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ ..бусад хохирлыг хэлэлцэхгүй орхиж иргэний журмаар нэхэмжлэхийг тусгасан... 2022 оны 10 дугаар сарын 02-ны өдөр харилцан тохиролцож гэрээг нотариатаар гэрчлүүлж энэ гэрээнд:

1.Н.Т  нь Б.У-д нийт 400,000,000 төгрөг төлөх

2.Энэ төлбөрийг 1 жилийн хугацаанд сар бүр тэнцүү хувааж төлөх

3.Төлбөрөөс өмнөх төлсөн мөнгийг хасах

4.Төлбөрийг хугацаандаа төлөөгүй тохиолдолд гүйцэтгээгүй үнийн дүнд хоногт 0,5 хувь алданги тооцох

5.160,000,000 төгрөгөөс сард 1 хувь тооцох заалтуудыг тусгаж Иргэний хуулийн 199 дүгээр зүйлийн 199.2 дугаар зүйлд заасны дагуу байгуулсан.. гэжээ.

1.....Нотариат гэрээг байгуулахад 400,000,000 төгрөг авах нь юугаар нотлогдох юм. Чамаас 400,000,000 төгрөг Н.Т авсан гэсэн баримт байна уу гэхэд Б.У бид хоёр тохиролцсон юм аа, хамаагүй батлаад өгчих.. гэсэн байдаг.

Нотариат гэрээг батлахдаа Нотариатын тухай хууль, журам, дүрэмд нийцүүлэн баталдаг. Гэрээнээс харахад Б.У  нь Н.Т-т 400,000,000 төгрөг өгсөн нь тодорхойгүй, ямар үндэслэлээр Н.Т-с 400,000,000 төгрөг нэхээд байгааг ойлгоогүй байх. Нотариат шүүхээс гарсан шийтгэх тогтоолыг ч үзээгүй гэдэг. Тийм ч учраас нотариат ...шүүхийн шийтгэх тогтоолд заасан төлбөрөөс бусад заалтад энэ гэрээ хамаарахгүй гэж өөрийгөө хамгаалж гэрээг баталсан байх.

Дорноговь аймаг дахь Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд нотлох баримтаа бүрдүүлж иргэний журмаар нэхэмжлэл гаргах эрхийг нь дурдсан. Гэтэл ямар ч нотлох баримт байхгүйгээр гэрээний үүргээ биелүүлээгүй гэдгээр хүнээс их хэмжээний мөнгө нэхэмжилж байгааг хүлээн зөвшөөрөхгүй байна. Эрүүгийн хэрэгт дурдагдсан тээврийн хэрэгслийг өөрийн компанийн нэр дээр шилжүүлж авсан ба одоо хоёр л тээврийн хэрэгсэл нь Н.Т-т байгаа болно.

Гэрээнд машин, чиргүүл, зөөврийн хөлс, дугуйн төлбөр гэсэн байгаа боловч гэрээнд хавсаргасан нотлох баримт байхгүй байна. Хууль зүйн үндэслэлийг Б.Уянга нь гэрээний үүргээ биелүүлэхгүй байгаа учраас гэж нэхэмжлэлийн шаардлагаа тодорхойлсон байна. Гэрээг дагаад ямар нотлох баримтыг үндэслэн Н.Т-т үүрэг үүсгэсэн нь тодорхойгүй байна.

Б.У шүүхэд ирж очих болон баримт хуулбарлан гаргуулахад 262,100 төгрөг гарсан тул гэжээ. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1-д нотлох баримтаа өөрөө гаргаж цуглуулах үүрэгтэй. Мөн хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2-т холбоотой баримтыг өөрөө нотлох, нотлох баримтыг цуглуулах гаргаж өгөх үүрэгтэй гэж тус тус заасан байх тул зөвшөөрөхгүй.

Тиймээс 344,962,100 төгрөг төлөх үүрэг Н.Т-т үүсээгүй байх тул нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

Хариуцагч шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэлдээ: Нийслэлийн тойргийн нотариатч С.Г-ийн баталсан 2022 оны 10 дугаар сарын 02-ны өдрийн 0540 дугаартай гэрээг хүчин төгөлдөр бусад тооцуулна. Н.Т-р миний бие 2022 оны 09 дүгээр сарын 08-ны өдрийн 2022/ШЦТ/......... дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн Хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай гэж 20,000 нэгж буюу 20,000,000 төгрөгөөр торгох ялаар шийтгүүлсэн. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болоогүй байхад хохирогч Б.У нь давж заалдаж намайг хориулна ял хөнгөгдсөн гэж байсан. Б.У нь намайг ийм гэрээ хийхгүй бол чамайг шоронд чинь хатаана гээд заналхийлгээд айлгаад байсан учир энэ гэрээг хийж давж заалдаагүйгээр шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон. Нотариат болохоор ямар учиртай юм, чи энэ хүнээс 400,000,000 төгрөг авчихсан юм уу гээд асуугаад байхад Б.У  нь бид хоёр тохирчихсон юм хамаагүй гээд байсан. Би Цагдаа, Прокурор, Шүүхийн шатанд байхад л Б.У учраа хэлээд байхад ойлгоогүй. Б.У-н давж заалдаж миний торгуулийн ялыг хорих ялаар солиулна гэж айлгаж заналхийлж байж гэрээ байгуулсан нь гэрээн дээр бичээтэй байгаа ба гэрээнд ...шийтгэх тогтоолд давж заалдахгүй болно.. гэж оруулсан байгаа.

Б.У нь давж заалдвал чиний торгуулийн ялыг чинь хорих ялаар солино гэж надад байнга хэлж би ч тэгээд хорих ялаар солигдоод шоронд орох юм байна гэж итгэсэн. Ингээд энэ гэрээг Б.У  нь нотариатад хэлж бичүүлээд батлуулсан. Нотариат ...энэхүү гэрээнд оролцогч талуудад гэрээний агуулга, хууль зүйн үр дагаврыг нотариатч зөвлөсөн болно... гэжээ. Ямар ч зөвлөгөө өгөөгүй. Чи мөнгө авчихсан юм уу, ямар учиртай юм би ойлгохгүй байна гээд байсан. Уг нь ийм өртэй, тийм эд зүйлс авсан ч гэдэг юм уу бүх байдлыг бодитоор үзэж байж батлах ёстой байсан. Жуковын хажууд нэг нотариат дээр орсон чинь Би ийм гэрээг батлахгүй. Яагаад ийм агаарын юм яриад байгаа юм. Авсан өгсөн гэсэн ямар ч нотлох баримт байхгүй гээд баталж өгөөгүй. Би ч давж заалдах шатны шүүхэд гомдол гаргахгүй бол энэ гэрээг яаж ийгээд батлуулчихъя тэгж байгаад учир нь олдох биз гэж бодож Б.У-г юу ч гэж байсан хүлээн зөвшөөрөөд батлуулчихъя гээд Б.У-г хуурсан. Тийм учраас Б.У-тай хийсэн гэрээг Иргэний хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 60.2 дахь хэсэгт зааснаар хүчин төгөлдөр бусад тооцож өгнө үү..гэжээ.

Нэхэмжлэгч Б.У  сөрөг нэхэмжлэлд гаргасан тайлбартаа: Хариуцагч болон өмгөөлөгчийн тайлбар үндэслэлгүй байна. 2022 оны 10 дугаар сарын 02-ны өдөр энэ гэрээг хийхээс өмнө Т-т би ямар ч санал тавиагүй. Надад маш их хэмжээний хохирол учирсан байсан болохоор би шүүхийн шийдвэрийг хүлээн зөвшөөрөөгүй давж заалдах гээд байж байсан. Тэгэхэд Т  нь надад хүсэлт тавьсан. Энэ мөнгийг чинь ингээд төлье гэсэн. Чи намайг давж заалдаад шоронд оруулбал мөнгөө авч чадахгүй шүү гэж байсан. Тийм учраас чи өөрт ашигтай зүйл хий гэж Т  өөрөө хэлсэн. Би энэ хүнийг дарамталж гэрээ байгуулаагүй.Т  торгуулийн ялаа төлсөн учраас хорих ял аваагүй. Тийм учраас би цаашид давж заалдах хүсэлтэй байсан. Энэ хүн амралтын өдөр тааруулаад намайг дуудсан. Тэгээд нотариат дээр очиж энэ хүн шүүхийн шийдвэрийг үзүүлээд, бид хоёр аман тохиролцоо хийж үүнийг батлаад өгөөч гэсэн зүйлийг яриагүй. Т нь өөрөө нотариатчид хэлж тайлбарлаад батлуулж байсан.

2022 оны 10 дугаар сарын 02-ны өдрийн яриад байгаа асуудал бүгд тодорхой тусгагдсан. Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолтой холбоотой асуудлыг тусгасан. Яриад байгаа тайлбар мэдүүлгээс нь харахад хүнд дарамтлуулах битгий хэл залилуулахааргүй хүн гэдэг нь анзаарагдаж байна. Нотлох баримтын хүрээнд ярих юм бол ямар нэг хууль хяналтын байгууллагаар дарамтлуулсан, өргөдөл гомдол гаргаж байсан нэг гомдол баримт байхгүй. Нэхэмжлэлийн шаардлага бол нотариатч Г-н баталсан гэрээг хүчин төгөлдөр бусад тооцуулах гэсэн шаардлага гаргасан байна. У-ай холбогдуулан тайлбарлаагүй, нотариатын үйлдэлтэй холбогдуулан тайлбарлаж байна. Үүн дээр хариуцагчаа буруу тодорхойлсон байна гэж үзэхээр байна. Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.3-т заасныг үндэслэл болгосон гэсэн. Энэ дээр тайлбараа хэлж чадаагүй гэж үзэж байна. Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.4-т яг ямар үндэслэл байгаа эсэхийг тодорхой тайлбарлаж чадахгүй байна гэж миний зүгээс үзэж байна. Тийм учраас сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хангахгүй орхиж, хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Ч  тодруулсан нэхэмжлэлийн шаардлагатай холбогдуулан шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Б.У-н нэхэмжлэлтэй Н.Т  надад холбогдох иргэний хэрэгт нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Т  нь нэхэмжлэлийн шаардлагаа тодруулсан байна.

Нэхэмжлэлийн шаардлагаа тодруулахдаа:...тээврийн хэрэгслүүд болон зөөврийн сууц, дугуйнуудыг бусдад зарж борлуулан хувьдаа завшсаны улмаас их хэмжээний хохирол учруулсан асуудлаар гэжээ. Н.Т  нь эрүүгийн журмаар 7 тооны чиргүүл зарж борлуулж завшсан хэргээр шийтгүүлсэн. Харин Б.У  нь бусад хохирлоо иргэний журмаар нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээж шийдсэн.

Н.Т-ын эзэмшилд байгаа 8 ширхэг толгой тээврийн хэрэгслийн үнэ 160,000,000 төгрөг гэжээ. 8 ширхэг толгой байхгүй, 3 ширхэг толгойг хүлээлгэж өгөөгүй байгаа талаар хариуцагч болон гэрчүүд Б.У  өөрөө шүүхэд мэдүүлсэн тайлбарласан.

Нийслэлийн тойргийн нотариатч С.Г-н баталсан /2022 оны 10 дугаар сарын 02-ны өдрийн 14 цаг 18 минут/ 0540 дугаартай гэрээнд 8 ширхэг тээврийн хэрэгслийн үнэ 160,000,000 төгрөг, тээврийн зардал 65,000,000 төгрөг гэсэн үг үсэг ороогүй байна. Нотариатч хоёр талын хүсэл зоригийг бүрэн сонсож нотлох баримтыг үндэслэн гэрээг байгуулах ёстой. Гэрээнд хавсаргасан 8 ширхэг тээврийн хэрэгслийн гэрчилгээг хавсаргаагүй байдаг. Мөн тээврийн зардалд хаанаас хаана хүргэх хэдэн км явах, шатахууны үнийн тооцоолол бас хавсаргаагүй байна. Тиймээс нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй. 2023 оны 11 дүгээр сарын 08-ны өдөр анхан шатны шүүхээр тухайн хэрэг орж шийдвэрлэгдсэн. Давж заалдах шатны шүүхээр хүчингүй болоод дахин хэлэлцэгдэж байгаа. Анхан шатын шүүхэд нэхэмжлэгч Б.У , хариуцагч Н.Т  нар өөрсдөө орсон. Нэхэмжлэгчийн зүгээс өнөөдрийн шүүхэд гаргаж байгаа тайлбар мэдүүлгээс харахад тухайн шүүх хуралдаан дээр энэ нөхцөл байдал яригдаагүй. Гэрээний үүргээ биелүүлээгүй гэдэг үндсэн дээрээс нэхэмжлэлийн шаардлагаа тодруулаад ирсэн байсан. Гэрчээр тухайн гэрээг нотолсон нотариатч Г-ийг шүүхэд оруулсан. Ингэхэд бид нар 8 ширхэг чирэгч толгойны үнэ 160,000,000 төгрөг, 8 чирэгч машиныг Хангийн боомтоос зөөвөрлөхөд зарцуулагдах зардал 65,000,000 төгрөг нийтдээ 225,000,000 төгрөг болсон. Үүний дагуу гэрээ байгуулаад, хэрвээ төлөхгүй бол хүү, алданги тооцно гэсэн тохиролцоонд хүрч энэ гэрээг байгуулсан гэдэг зүйл яриагүй. Мөн тухайн нотариатч ийм юм яриагүй. Өмнөх шүүх хуралдаан дээр нэхэмжлэлийн шаардлагаа тодруулж байна гэсэн байдлаар нэхэмжлэлийн шаардлагаа тодруулсан байна. Итгэмжлэгдсэн төлөөлөгчийн нэхэмжлэлийн шаардлагаа тодруулаад байгаа нөхцөл байдал үнэхээр байсан бол өмнөх шүүх хуралдаан дээр яагаад яригдаагүй юм бэ? Нэхэмжлэгч, хариуцагч 2 бие биеэ харж сууж байгаад тухайн нотариат дээр гэрээ хийхдээ А.Т  итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хэлж байгаагаар тооцоо нийлж гэрээ байгуулах санал тавьснаар уг гэрээг байгуулсан гэж байна. Нотариатч Н.Т-с чи 400,000,000 төгрөг авчихсан юм уу, ямар учиртай юм гээд асуугаад, эргэлзэж эргэлзэж байгаад Б.У-н хэлснээр бид нар учраа олчихсон юм аа, та зүгээр баталчих гэж байгаад батлуулчихсан гэдэг зүйлийг Н.Т  ч ярьдаг, гэрч ч ярьдаг. Гэтэл өнөөдрийн шүүх хурал дээр ингэж ярьж байгаа нь хэн нь үнэн ярьж байгаа, хэн нь худлаа ярьж байгаа юм, үнэхээр ойлгомжгүй нөхцөл байдал үүсгэж байна. Хэрвээ А.Т  итгэмжлэгдсэн төлөөлөгчийн ярьж байгаа шиг тайлбарыг хэлсэн байсан бол нотариатч энэ гэрээг батлахгүй байсан. Яагаад гэхээр тухайн нотариатч 8 ширхэг чирэгч толгойны улсын бүртгэлийн гэрчилгээг уг гэрээнд хавсаргах ёстой. Зүгээр сэтгэлийн хөөрлөөр нотариатч баталчихдаггүй. Хэрвээ баталбал өөрөө Эрүүгийн хуульд зааснаар эрүүгийн хариуцлага хүлээдэг учраас нотариатч ийм үйлдэл хийхгүй. Тухайн 65,000,000 төгрөгийн зардал гарах юм байна гэдгийг тооцооллоор гаргаж ирүүлсэн байх ёстой байдаг. Тухайн 2 хүн хүсэл зоригоо илэрхийлээд бид хоёр 8 ширхэг чирэгч толгойг ийм үнэлгээний компани ингэж үнэлчихсэн юм гээд үнэлгээний компанийнхаа үнэлгээг үзүүлээд, энэ дээр 160,000,000 төгрөг болж байгаа, энийг тээвэрлэхэд километр нь тэд, 8 ширхэг чирэгч толгойд нийт тэдэн литр түлш, бензин орно, ингээд бодоход 65 сая төгрөг болж байна гээд тооцооллоо хийсний дараа гэрээний ард заавал нотлох баримт хавсрагдаж байж энэ гэрээ хүчин төгөлдөр болно. Гуйгаад байхаар нь хийчихсэн юм гэдэг зүйлийг тухайн нотариатч хэлдэг. Нотариатч энэ гэрээн дээр нотлох баримт байхгүй учраас талууд 2022 оны 09 дүгээр сарын 08-ны өдрийн 2022/ШЦТ/     дугаартай шийтгэх тогтоолд давж заалдахгүй болно гэдэг үгийг оруулсан байгаа. Тэгэхээр миний үйлчлүүлэгч хариуцагч Н.Т-н яриад байдаг хэрвээ энэ гэрээг хийвэл давж заалдахгүй, хийхгүй бол давж заалдаад чамайг хорих ялаар солиулна шүү гэж байгаад энэ гэрээг батлуулсан гэж байгаа. Арга ядахад таны яриад байгаа шиг тохиролцсон гэрээ нь хаана байгаа юм, гараараа биччихээд 8 ширхэг чирэгч толгойг бид нар ингэж үнэлээд гараараа бичээд энэ гэрээг батлуулах гэж байгаа юм гээд бариад очсон бол тухайн нотариатч бас тэрийг нь үндэслээд гэрээг нотлох байсан, тийм ч юм байхгүй байгаа. Тэгэхээр өнөөдрийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн ярьж байгаа тайлбар мэдүүлэг худлаа байна гэж үзэж байгаа. Тийм учраас нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэсэн хүсэлтийг шүүхэд оруулж байгаа. Дээрээс нь шийтгэх тогтоолд заасан төлбөр гэж байгаа юм. Шийтгэх тогтоолын 9 дүгээр хуудсанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд хэлэхдээ олон тооны тээврийн хэрэгсэл, дугуй, чиргүүлийг зарж борлуулж ашиг олсны улмаас залилан мэхлэх гэмт хэргийг үйлдсэн гэж байгаа. Шийтгэх тогтоолд 7 ширхэг чиргүүлийг зарж борлуулсны улмаас ийм, ийм хохирол учруулсан байна гэдэг байдлаар Н.Т р эрүүгийн хариуцлага хүлээсэн. Шийтгэх тогтоолын 9 дүгээр хуудсанд байгаа хохирлын хувьд Б.У-д 7 ширхэг чиргүүл буюу 245,000,000 төгрөгийн хохирол учруулснаас 2 чиргүүлийн үнийг иргэний нэхэмжлэгч Э с гаргуулсан тул 175,000,000 төгрөгийг Н.Т-т хариуцуулан төлөх үүрэгтэй гэж шийтгэх тогтоолд дурдсан байгаа. Үүнийг шүүх анхаарч үзэх нь зүйтэй. Мөн Б.У нь 429,000,000 төгрөгийн бодит хохирол гарсан гэж өөрөө тооцоолсон боловч нотлох баримтын шаардлага хангаагүй, энэ хэрэгт хамааралгүй байх тул иргэний журмаар нэхэмжлэх нь нээлттэй гэж орхисон. 429,000,000 төгрөгийн хохирол учирсан юм бол нотлох баримтаа гаргаж ирсний дараа шүүхэд нэхэмжлэлээ гаргах нь зүйтэй байсан. Хүнийг айлгаж, дарамталж байж гэрээ байгуулчхаад гэрээний үнийн дүнг үүргийн гүйцэтгэлээ биелүүлэхгүй байна, дээрээс нь хүү, алдангиа төлөхгүй байна гэж шүүхэд нэхэмжлэл гаргаж байгаа нь хууль зүйн үндэслэлгүй нэхэмжлэл байна. Тийм учраас нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэсэн хүсэлтийг шүүхэд оруулж байна гэв.

Нэхэмжлэгчээс: Нийслэлийн тойргийн нотариатч С.Г н 0540 бүртгэлийн дугаартай гэрээний хуулбар /1хх-2х/, Дорноговь аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолын хуулбар /1хх-3х-8х/, нэхэмжлэгчийн иргэний үнэмлэхийн лавлагаа /1хх-9х/, 1/17 дугаар Хамтран ажиллах гэрээний хуулбар, 02/2018 дугаар хамтран ажиллах гэрээний хуулбар, Б  ХХК-ийн 2018 оны 02 дугаар сарын 08-ны өдрийн албан бичиг, Б  ХХК-ийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар /1хх-80-94/, Б.У-н Сүхбаатар дүүргийн цагдаагийн хэлтсийн мөрдөн байцаах тасагт гаргасан өргөдлийн хуулбар, Нийслэлийн Сүхбаатар дүүргийн Прокурорын газрын 2018 оны 04 дүгээр сарын 06-ны өдрийн 328 дугаар Мөрдөн шалгах ажиллагаа явуулах тухай Прокурорын зөвшөөрлийн хуулбар, 2018 оны 08 дугаар сарын 21-ний өдрийн        ХХК-ийг хохирогчоор тогтоосон Мөрдөгчийн тогтоолын хуулбар, Хохирогчийн хууль ёсны төлөөлөгчөөс мэдүүлэг авсан тэмдэглэлийн хуулбар, Хохирогчийн хууль ёсны төлөөлөгчөөс дахин мэдүүлэг авсан тэмдэглэлийн хуулбар, Хил хамгаалах ерөнхий газарт бичсэн албан бичгийн хуулбар, Хил хамгаалах Ерөнхий газрын Сүхбаатар дүүргийн Цагдаагийн нэгдүгээр хэлтсийн мөрдөн байцаах тасгийн дарга, Цагдаагийн дэд хурандаа Б.Б-т хандсан албан бичгийн хуулбар, хавсралт, Мэдээлэл баримт бичиг гаргуулан авах тухай мөрдөгчийн тогтоолын хуулбар, Өмгөөлөгч Д.Т-н албан бичгийн хуулбар, Хүсэлт хэсэгчлэн хангах тухай Прокурорын 2019 оны 04 дүгээр сарын 17-ны өдрийн 24 дугаар тогтоолын хуулбар, 2019 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн Яллагдагчаас мэдүүлэг авсан тэмдэглэлийн хуулбар, Хохирогч Б.У-с дахин мэдүүлэг авсан тэмдэглэлийн хуулбар, Яллагдагч Н.Т-с дахин мэдүүлэг авсан тэмдэглэлийн хуулбар, гэрч Б.Х-с мэдүүлэг авсан тэмдэглэлийн хуулбар, Тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тухай тэмдэглэлийн хуулбар, Хас үнэлгээ ХХК-ийн үнэлгээний тайлангуудын хуулбар, Ашид билгүүн ХХК-ийн үнэлгээний тайлангийн хуулбар, Дорноговь аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 02 дугаар сарын 06-ны өдрийн шүүх хурлын тэмдэглэлийн хуулбар, Монгол шуудан ХК-ийн 4,400, 3,300 төгрөгийн баримт, 134,400, 120,000 төгрөгийн баримт, Дорноговь аймгийн Прокурорын газарт Б.У-н гаргасан гомдол /3хх-74-76х/, Ашид билгүүн ХХК шинжээчийн дүгнэлт /3хх-77-104х/, мөрдөгчийн тогтоол /3хх-105х/, Хас үнэлгээ ХХК-ийн үнэлгээний тайлан /3хх-106-119х/, мөрдөгчийн тогтоол /3хх-120-144х/, Ухаа шүрт консалтинг ХХК-ийн үнэлгээний тайлан /3хх-145-234х/ зэрэг баримтуудыг гаргаж өгсөн байна.

Хариуцагчаас: хариуцагчийн иргэний үнэмлэх /1хх-13х/, Мөрдөгчийн 2019 оны 04 дүгээр сарын 23-ны өдрийн саналын хуулбар, Мөрдөгчийн 2018 оны 08 дугаар сарын 21-ний өдрийн Б.У-г хууль ёсны төлөөлөгчөөр тогтоосон тогтоолын хуулбар,  ....... ХХК-ийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар, дүрмийн хуулбар, ..... ХХК-ийн итгэмжлэлийн хуулбар, Шийдвэр гүйцэтгэх ажиллагаа дуусгавар болсон тухай тогтоолын хуулбар, зэрэг баримтуудыг гаргаж өгсөн байна.

Шүүхээс: Шүүхээс гэрчээр С.Га г, Н.М т, Э.Э н, Т.Б  нарыг гэрчээр асууж нотлох баримт бүрдүүлсэн байна.

ҮНДЭСЛЭХ нь:

1.Шүүх үндсэн нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, үлдэх хэсгийг нь хэрэгсэхгүй болгож, сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд хангаж шийдвэрлэв. Учир нь:

2.Нэхэмжлэгч Б.У  дараах үндэслэлээр шаардах эрхээ тодорхойлсон. Үүнд:

а.Б.У   ХХК-ийн хооронд байгуулсан хамтран ажиллах гэрээний дагуу 25 чирэгч толгой, 20 ширхэг чиргүүл, контейнер сууц 5 ширхэг, мотор, дугуй гэх мэт зүйлсийг шилжүүлсэн. Н.Т  гэрээний үүргээ биелүүлээгүй тул гэрээ цуцалж, гарсан зардал, дутуу шилжүүлсэн эд зүйлсийн үнийг тооцож байгуулагдсан 2022 оны 10 дугаар сарын 02-ны өдрийн 0540 бүртгэлийн дугаартай гэрээний үүрэгт үндсэн үлдэгдэл төлбөрт 225,000,000 төгрөг, 160,000,000 төгрөгийн хүү 7,200,000 төгрөг, 225,000,000 төгрөгийн алданги 112,500,000 төгрөг нийт 344,700,000 төгрөг,

б.Шүүхэд нэхэмжлэл гаргахад гарсан зардалд 262,100 төгрөг гаруулна гэж,

3.Хариуцагч Н.Т татгалзлын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:

а.344,700,000 төгрөгийн хувьд гэрээний дагуу мөнгө аваагүй, нотариат гэрээний үр дагаврыг тайлбарлаагүй, нотлох баримтгүйгээр мөнгө нэхэмжилж байгаа нь үндэслэлгүй тул хүлээн зөвшөөрөхгүй,

б.262,100 төгрөг нь нэхэмжлэгчийн өөрийн нэхэмжлэлийн шаардлагаа нотлох үүрэгтэй холбоотой гарсан зардал тул зөвшөөрөхгүй гэж маргаж байна.

4.хариуцагч Н.Т сөрөг нэхэмжлэлийн үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна.

а. Б.У нь намайг ийм гэрээ хийхгүй бол чамайг шоронд чинь хатаана гээд заналхийлгээд айлгаад байсан учир 2022 оны 10 дугаар сарын 02-ны өдрийн 0540 дугаартай гэрээг хүчин төгөлдөр бусд тооцуулна гэж,

5.Нэхэмжлэгч Б.У сөрөг нэхэмжлэлд гаргасан татгалзлын үндэслэлдээ: Т  нь надад хүсэлт тавьсан. Энэ мөнгийг чинь ингээд төлье гэсэн. Чи намайг давж заалдаад шоронд оруулбал мөнгөө авч чадахгүй шүү гэж байсан. Тийм учраас чи өөрт ашигтай зүйл хий гэж Тогтохбаяр өөрөө хэлсэн. Би энэ хүнийг дарамталж гэрээ байгуулаагүй гэж тодорхойлж байна.

6.Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримт, талуудын тайлбараар дараах үйл баримт тогтоогдож байна.

Б.Уянга   ХХК нар 2017 оны 08 дугаар сарын 31-ний өдөр 1/17 дугаартай хамтран ажиллах гэрээ нэртэй гэрээ байгуулан Б.У 25 ширхэг чирэгч толгой, 20 ширхэг чиргүүл, /хавсралт-1-д дурдсан/ 5 ширхэг контейнер сууц, мотор, дугуй гэх мэт сэлбэгийн хамт  ХХК-ийн өмчлөлд шилжүүлэх, гэрээ дууссаны дараа тээврийн хэрэгслийг Б.У.д бүрэн бүтэн буцаан шилжүүлэхээр, тээврийн хэрэгслүүдийг Дорноговь аймгийн Хатанбулаг сумын нутагт байрлах И.ХХК болон А  ХХК-ийн уурхайгаас БНХАУ-ын Мандал хилийн боомт хүртэл нүүрс тээвэрлэн хүргэх ажил гүйцэтгэж, олсон орлогыг хуваан авахаар тохиролцож хавсралтын дагуу татра маркийн чирэгч толгой, чиргүүлийг хүлээлцжээ. /1-р хх 80-85, 3-р хх 125-144 тал/

Мөн 2018 оны 02 дугаар сарын 08-ны өдөр Б.У, Б ХХК-ийн хооронд дахин хамтран ажиллах гэрээ нэртэй гэрээ байгуулан Дорноговь аймгийн Хатанбулаг сумын нутагт байрлах И ХХК болон Коал ХХК-ийн уурхайгаас БНХАУ-ын Мандал хилийн боомт хүртэл нүүрс тээвэрлэхээр А ХХК-ийн өмчлөлийн 12 чирэгч толгой, 10 ширхэг чиргүүлийн хамт Б  ХХК-ийн өмчлөлд шилжүүлэн авахаар тохиролцжээ. Уг гэрээгээр 2017 оны 08 дугаар сарын 31-ний өдрийн 01/17 тоот гэрээнд дурдсан хавсралт-1-д заасан 45 тээврийн хэрэгслээс 23 тээврийн хэрэгслүүд, 3 ширхэг сууцны зориулалттай тохижуулсан контейнер, хавсралтад заасан сэлбэгийг 2018 оны 02 дугаар сарын 24-ний өдөр А талаас томилсон комисс Дорноговь аймгийн Хатанбулаг сумын нутагт байрлах Б  ХХК-ийн кэмпээс акт үйлдэж хүлээлцэж буцаан шилжүүлэхээр тохиролцжээ.

Нэхэмжлэгч Б.У  нь  Б  ХХК-тай хамтран ажиллах гэрээ байгуулсан гэх боловч Б.У , Н.Т  нарын хооронд Иргэний хуулийн 476 дугаар зүйлийн 476.1-д заасан хоёр буюу түүнээс дээш этгээд хуулийн этгээд байгуулахгүйгээр, ашиг олох болон бусад тодорхой зорилгыг хэрэгжүүлэхийн тулд хамтран ажиллах үүрэг хүлээхээр зохицуулсан хамтран ажиллах гэрээний харилцаа үүссэн байна.

Гэрээний дагуу Б.У  чирэгч толгой, чиргүүл, бусад эд зүйлийг Н.Т.н өмчлөлд шилжүүлж, гэрээ дууссаны дараа буцаан авахаар, Н.Т Дорноговь аймгийн Хатанбулаг сумын нутагт байрлах уурхайгаас Бүгд Найрамдах Хятад Ард улс руу нүүрс тээвэрлэх ажлыг зохион байгуулж, ашгаа хуваахаар тохиролцсон байна.

Б.У  2017 оны 10 дугаар сарын 30-ны өдөр Сүхбаатар дүүргийн цагдаагийн хэлтсийн мөрдөн байцаах тасагт дээрх гэрээтэй холбогдуулан гомдол гаргасны дагуу эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж Дорноговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 09 дүгээр сарын 08-ны өдрийн 2022/ШЦТ/....... дугаартай шийтгэх тогтоолоор Н.Т.г Б.У.д 7 чиргүүл буюу 245,000,000 төгрөгийн хохирол учруулснаас 2 чиргүүлийн үнийг иргэний нэхэмжлэгч Б.Э.с гаргуулсан тул үлдэх 175,000,000 төгрөгийг Н.Т  хариуцан төлөх үүрэгтэйг дурдаж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т заасан бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг завшиж их хэмжээний буюу 245,000,000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, 20,000,000 төгрөгийн торгож, Н.Т.с 29,262,000 төгрөг гаргуулж Б.У.д олгож, Б.У.н нэхэмжлэлээс 283,488,800 төгрөгийг хэлэлцэхгүй орхисон байна. /1-р хх 3-8, 159 тал/

Шийтгэх тогтоол гарсны дараа Н.Т  нь Б.У д 400,000,000 төгрөгийн төлбөр төлнө. Машин, чиргүүл, зөөврийн хөлс, дугуйн төлбөр бөгөөд энэ төлбөрийг 1 жилийн хугацаанд сар бүрийн 05-ны дотор тэнцүү хувааж төлнө. Төлбөрөөс өмнөх төлсөн байгаа мөнгийг хасч тооцно. Төлбөрийг хугацаандаа төлөөгүй тохиолдолд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнд хоногт 0.5 хувийн алданги тооцно. 400,000,000 төгрөгөөс 160,000,000 төгрөгт 1 хувийн хүү тооцно. Талууд 2022 оны 09 дүгээр сарын 08-ны 2022/ШЦТ/.... Шүүхийн шийтгэх тогтоолд давж заалдахгүй болно. Дорноговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд заасан төлбөрөөс бусад заалтад энэ гэрээ хамаарахгүй. Шинээр үүссэн нөхцөл байдал илэрсний улмаас хянуулах үндэслэл болохгүй гэж тохиролцон нэхэмжлэгч Б.У , хариуцагч Н.Т  нар 2022 оны 10 дугаар сарын 02-ны өдөр 0540 бүртгэлийн дугаартай гэрээ байгуулжээ. /1-р хх-2 тал/

Нэхэмжлэгч тал дээрх гэрээний дагуу 175,000,000 төгрөгийг шийтгэх тогтоолд заасны дагуу хүлээн авсан үлдэгдэл 225,000,000 төгрөгт 8 ширхэг тээврийн хэрэгслийн үнэ 160,000,000 төгрөг, Ханги мандлаас тээврийн хэрэгслүүдийг Өмнөговь аймгийн Цогтцэций сум руу зөөвөрлөхөд гарсан зардал болон дугуй обудны төлбөрт 65,000,000 төгрөг, 160,000,000 төгрөгт ногдсон хүү 7,200,000 төгрөг, 225,000,000 төгрөгөөс гүйцэтгээгүй үүргийн алданги 112,500,000 төгрөг, мөн учирсан хохиролд 262,100 төгрөг нийт 344,962,100 төгрөг гаргуулна гэж шаардсан.

Хариуцагч Н.Т Б.У  нь намайг ийм гэрээ хийхгүй бол чамайг шоронд чинь хатаана гээд заналхийлгээд айлгаад байсан учир 2022 оны 10 дугаар сарын 02-ны өдрийн 0540 дугаартай гэрээг хүч хэрэглэж хийсэн тул хүчин төгөлдөр бус гэрээ, одоо нэхэмжлэгчид 3 чирэгч толгой өгөх дутуу байгаа тул зөвшөөрөхгүй гэж маргаж байна.

Иргэний хуулийн 60 дугаар зүйлийн 60.1-д нөгөө тал, эсхүл гуравдагч этгээдийн зүгээс хүч хэрэглэн буюу хүч хэрэглэхээр заналхийлэн хэлцэл хийлгэсэн бол хэлцэл хийгч этгээд уг хэлцлийг хүчин төгөлдөр бус гэж тооцуулахаар шаардах эрхтэй 60.2 Хэлцэл хийгч этгээдэд өөрт нь буюу түүний гэр бүлийн гишүүд, садан төрөл, ойр дотны бусад этгээдэд, эсхүл тэдний эд хөрөнгөд нь аюул учирна гэж итгүүлж үнэмшүүлснийг хүч хэрэглэсэн гэж үзнэ гэж зохицуулжээ.

Талуудын хооронд байгуулагдсан 2022 оны 10 дугаар сарын 02-ны өдрийн 0540 дугаартай гэрээнд Талууд 2022 оны 09 дүгээр сарын 08-ны 2022/ШЦТ/......... Шүүхийн шийтгэх тогтоолд давж заалдахгүй болно. Дорноговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд заасан төлбөрөөс бусад заалтад энэ гэрээ хамаарахгүй гэж дурдсан нь дээрх гэрээг хүч хэрэглэж хийсэн гэх хариуцагчийн тайлбар үндэслэлтэй байна.

Өөрөөр хэлбэл нэхэмжлэгч Б.У  нь хариуцагч Н.Т-тай тус гэрээг байгуулбал давж заалдах гомдол гаргана гэж хүч хэрэглэж гэрээ байгуулсан гэж үзэж тэдний хооронд хийгдсэн 0540 дугаартай гэрээг хүчин төгөлдөр бус гэж үзэж сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэлээ.

Хариуцагч Н.Т 3 чирэгч толгойг хүлээлгэн өгөөгүй, 5 чирэгч толгойг Б.У  авч яваад .М ХХК-ийн хашаанд үлдээсэн тул зөвшөөрөхгүй гэх тайлбар гэрч Т.Б.н ...Нацагаа гэдэг хүн нөгөө талаас хуулийн хүн ирж байсан. Бид машинаа хүлээлцээд, сэндвич, контейнэр, ор, бүх л юмыг хүлээлцсэн. 3 Татра машин дутуу байсан. 3 татра машины толгой дутуу байсныг мэдэж байсан. Ийм юмнуудыг хүлээж авлаа гээд надаар гарын үсэг зуруулаад авч байсан. М.н хашаанд аваачсан. М  нүүсэн чинь хашаагүй газар үлдсэн. Машинууд тоногдсон харагдаж байсан... гэх мэдүүлэг /2-р хх 140-147 тал/, Б.Уянгын ...Өнөөдрийн байдлаар 7 чиргүүл, 3 толгой, 150 орчим дугуй зэрэг эд хөрөнгө дутсан байна. Мөн бусад тээврийн хэрэгслүүдийн засвар гэж хэдэн төгрөгний зардал гарах нь тодорхойгүй байна... гэх 2018 оны 08 дугаар сарын 21, 09 дүгээр сарын 04-ний өдрийн мэдүүлгээр /1-р хх-165, 167 тал/ тогтоогдож байх тул хариуцагчаас 3 чирэгч толгойны үнийг,

мөн 69 дугуйг хариуцагч хүлээлгэн өгсөн талаар нотлох үүргээ биелүүлээгүй байх тул дугуйны үнийг,

Гэрээний үүрэг биелүүлээгүйгээс учирсан хохирол 262,100 төгрөгийг гаргуулах нь зүйтэй байна.

Нэхэмжлэгч 2020 оны 09 дүгээр сарын 25-ны өдрийн эрүүгийн хэрэгт өгсөн гэрчийн мэдүүлэгт ............... улсын дугаартай 5 ширхэг чирэгт толгойн мотор эвдэрсэн зөөвөрлөх боломжгүй болсон байсан болохоор авалгүй үлдээгээд явсан зөөвөрлөж очсон 16 ширхэг чирэгч толгой, 13 ширхэг чиргүүлийн зарим нь эвдрэл үүссэн засвар үйлчилгээ хийх шаардлагатай болсон байсан...,

2020 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн эрүүгийн хэрэгт өгсөн гэрчийн мэдүүлэгт ......86 дугуй хүлээлгэн өгсөн баримт нь байгаад үлдсэн дугуйг нь хүлээлгэн өгсөн баримт нь байхгүй ...болохоор өөрт байгаа баримтын хүрээнд 86 ширхэг дугуйны үнэлгээ гаргуулан нэхэмжлэхэд татгалзах зүйл байхгүй... гэх мэдүүлэг,

Ашид билгүүн ХХК-ийн 2022 оны 04 сарын 06-ны өдрийн автомашины техникийн үнэлгээний тайланд ........УНӨ улсын дугаартай чирэгч толгойг зах зээлийн үнэ 20,000,000 төгрөг, ......... УНӨ улсын дугаартай чирэгт толгойн зах зээлийн үнэлгээ 20,000,000 төгрөг, ....УНӨ улсын дугаартай чирэгч толгойн зах зээлийн үнэлгээ 20,000,000 төгрөг гэж, 86 ширхэг дугуй обуд 36,125,000 төгрөгөөр үнэлсэн /3-р хх 77-104 тал/ байх тул хариуцагчаас 3 чирэгч толгойн үнэ 60,000,000 төгрөг, 86 ширхэг дугуй обудны үнэ 36,125,000 төгрөг, хохирол 262,100 төгрөг нийт 96,387,100 төгрөгийг хариуцагчаас гаргуулж, нэхэмжлэгчид олгох нь зүйтэй байна.

Харин шүүх талуудын хооронд байгуулсан гэрээг хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцсон тул хүү 7,200,000 төгрөг, алданги 112,500,000 төгрөг нийт 119,700,000 төгрөгийг,

тээврийн хэрэгсэл гаргах зардлыг нэхэмжлэгч нотлоогүй, нотлох үүргээ биелүүлээгүй байх тул 28,875,000 төгрөгийг,

5 ширхэг чирэгч толгойг хүлээлгэн өгсөн байх тул 100,000,000 төгрөг нийт 248,575,000 төгрөгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 56.2, 58 дугаар зүйлийн 58.1 дэх хэсэгт зааснаар Б.У.с улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 1,881,450+8,513=1,889,963 төгрөгөөс 1,882,760 төгрөгийг, Н.Т.с улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200+2,157,950=2,228,150 төгрөгөөс 2,157,950 төгрөгийг улсын төсвийн дансанд хэвээр үлдээж Н.Т.с 639,885 төгрөг гаргуулж Б.У.д, Б.У.с 2,157,950 төгрөг гаргуулж Н.Т.т, улсын төсвийн данснаас илүү төлсөн 7,203 төгрөг гаргуулж Б.У.д, 70,200 төгрөгийг гаргуулж Н.Т.т тус тус олгох нь зүйтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 115.2.2 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1.Иргэний хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 60.2 дахь хэсэг, 476 дугаар зүйлийн 476.1 дэх хэсэгт заасны тус тус баримтлан Н.Т.с 96,387,100 төгрөг гаргуулж Б.Уянгад олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 248,575,000 төгрөгийг хэрэгсэхгүй болгож, Б.У. Н.Т. нарын хооронд байгуулагдсан 2022 оны 10 дугаар сарын 02-ны өдрийн 0540 дугаартай гэрээг хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцсугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 56.2, 58 дугаар зүйлийн 58.1 дэх хэсэгт зааснаар Б.У.с улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 1,881,450+8513=1,889,963 төгрөгөөс 1,882,760 төгрөгийг, Н.Т.с улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200+2,157,950=2,228,150 төгрөгөөс 2,157,950 төгрөгийг улсын төсвийн дансанд хэвээр үлдээж Н.Т.с 639,885 төгрөг гаргуулж Б.У.д, Б.У.с 2,157,950 төгрөг гаргуулж Н.Т.т, улсын төсвийн данснаас илүү төлсөн 7,203 төгрөг гаргуулж Б.У.д, 70,200 төгрөгийг гаргуулж Н.Т.т тус тус олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-д зааснаар зохигч анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй бөгөөд мөн хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг гардаж авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг тайлбарласугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ц.АРИУНЗУЛ