Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 04 сарын 14 өдөр

Дугаар 2022/ДШМ/391

 

Б.Бт холбогдох

эрүүгийн хэргийн тухай

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ц.Оч даргалж, шүүгч Л.Дарьсүрэн, Т.Өсөхбаяр нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор Ч.Батбаатар,

шүүгдэгч Б.Бын өмгөөлөгч Л.Соёмбо,

            нарийн бичгийн дарга Ө.Бишрэлт нарыг оролцуулан,    

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ц.Эрдэнэчимэг даргалж хийсэн шүүх хуралдааны 2022 оны 3 дугаар сарын 11-ний өдрийн 194 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч Б.Б, түүний өмгөөлөгч Л.Соёмбо нарын гаргасан давж заалдах гомдлуудыг үндэслэн Б.Бт холбогдох эрүүгийн 2203000000070 дугаартай хэргийг 2022 оны 4 дүгээр сарын 7-ны өдөр хүлээн авч, шүүгч Т.Өсөхбаярын илтгэснээр хянан хэлэлцэв.

 

....................... овгийн Б.Б, .................................. төрсөн, 26 настай, эрэгтэй, дээд боловсролтой, ойн инженер мэргэжилтэй, олон улсын нисэх буудалд гал сөнөөгч ажилтай, ам бүл 2, ахын хамт ....................................тоотод оршин суух бүртгэлтэй, ял шийтгэлгүй, /РД: .............................../;

 

Шүүгдэгч Б.Б нь 2021 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн 23 цаг 10 минутын үед Баянгол дүүргийн 5 хороо, Нарны гүүрний доод замд Тоёота приус маркийн 14-50 УАН улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон явахдаа Замын хөдөлгөөний дүрмийн 3.4 дэх хэсэгт “Жолооч явахдаа дараах үүргийг хүлээнэ. а/ энэ дүрмийн 4 дүгээр хавсралтад заасан эвдрэл, гэмтэл, техникийн зөрчилгүй байхаар тээврийн хэрэгслийнхээ бүрэн бүтэн байдлыг хангах, тээврийн хэрэгслийн ... харанхуй үед болон үзэгдэлт хангалтгүй нөхцөлд хол, ойрын буюу ар талын оврын гэрэл асахгүй болсон ... бол хөдөлгөөнөө үргэлжлүүлэхийг хориглоно, мөн дүрмийн 15.1 дэх хэсэгт “жолооч уулзвараар баруун, зүүн гар тийш эргэхдээ тухайн хөдлөн замын зорчих хэсгийг явган хүний гарцаар хөндлөн гарч байгаа яваа явган зорчигчид ... зам тавьж өгнө” гэж заасныг тус тус зөрчсөнөөс явган зорчигч П.Эыг мөргөж, эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Тээврийн прокурорын газраас: Б.Бын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Бэсүд овгийн Батболдын Буянбаярыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан Авто тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал ашиглалтын журам зөрчих гэмт хэргийг хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулж үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Б.Быг 350 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 2, 4 дэх хэсэгт зааснаар Б.Б нь шүүхээс оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэж, Иргэний хуулийн 499 дүгээр зүйлийн 499.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт заасны дагуу хохирогч П.Э нь гэмт хэргийн улмаас цаашид гарах эмчилгээний зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн Б.Баас иргэний журмаар жич нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт  зааснаар эд мөрийн баримтаар хураагдан ирсэн жолоочийн В ангиллын  1008875 дугаартай үнэмлэхийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц шүүгдэгч Б.Бт буцаан олгож, 1 ширхэг бичлэг бүхий СД-г хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсаргаж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Бт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээж шийдвэрлжээ.

Шүүгдэгч Б.Б давж заалдах гомдолдоо: “...Би “.................................. ажилтай бөгөөд тус байгууллагад 4 дэх жилдээ ажиллаж, 1.200.000 төгрөгийн цалин хөлсийг сар бүр тогтмол авч, нийгмийн даатгал, татвар төлж ирсэн бөгөөд эдгээр баримтыг гаргаж өгөх, хэрэгт хавсаргуулах шаардлагатай талаар ямар ч ойлголтгүй, мөн өмгөөлөгч аваагүй, бусдаас хууль зүйн туслалцаа аваагүй байдлаасаа болж холбогдох баримтуудаа мөрдөгч, прокурор, шүүхэд гаргаж өгөөгүй болно. Үүнээс үүдэн шүүхээс намайг торгуулийн ялыг төлж чадах эсэх нь эргэлзээтэй гэж үзэж нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулсан.

Миний бие одоо ч дээрх ажил үүргээ гүйцэтгэж байгаа тул шүүхээс оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялыг эдлэхэд хүндрэл үүсч, ажилгүй болох өндөр магадлалтай болоод байна. Олон хоногийн чөлөө авах боломжгүйгээс ажлаасаа халагдах, цалин орлогогүй болох, хохирогчид цаашид төлөх төлбөрийг барагдуулах чадваргүй болох зэрэг олон хүнд нөхцөл байдал тулгараад байна.

Би өөрийн анхаарал болгоомжгүй байдлаас зам тээврийн осол гаргаж, хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа маш сайн ойлгож, хүлээн зөвшөөрч, чин санаанаасаа гэмшиж байгаа бөгөөд хохирогч П.Эт учирсан бодит хохирол 315.200 төгрөгийг төлж барагдуулсан, мөн цаашид гарах эмчилгээний зардлыг нөхөн төлөхөө илэрхийлж байна.

Иймд миний гэм буруугаа ойлгож, гэмшиж байгаа байдал, тодорхой эрхэлсэн ажилтай, цалин орлоготой байдал зэргийг харгалзан үзэж, надад оногдуулсан ял шийтгэлийг хөнгөрүүлэн өөрчилж, торгох ял оногдуулж өгнө үү” гэжээ.

 

Шүүгдэгч Б.Бын өмгөөлөгч Л.Соёмбо давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Б.Б нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд өөрийн үйлдлийг үнэн шударгаар мэдүүлж, чин санаанаасаа гэмшиж ирсэн бөгөөд хохирогч П.Эт учирсан бодит хохирол 315.200 төгрөгийг төлж барагдуулсан бөгөөд цаашид гарах эмчилгээний зардлыг нөхөн төлөхөө илэрхийлж байгаа болно.

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааны үед улсын яллагчийн зүгээс торгох ял оногдуулах санал тавьсан боловч “шүүгдэгч Б.Б нь ажил хөдөлмөр эрхэлдэг, цалин орлоготой эсэх нь хавтаст хэрэгт авагдсан баримтаар тогтоогдохгүй байх тул торгуулийн ял төлж чадах эсэх нь тодорхойгүй” гэж шүүхээс дүгнэн түүнд нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулжээ.

Гэвч Б.Б нь “Нью Улаанбаатар интернэйшнл Эйрпорт” ХХК-ийн Аюулгүй ажиллагаа, аюулгүй байдлын газрын Аврах гал унтраах хэлтэст гал сөнөөгч, аврагч ажилтай бөгөөд тус байгууллагад 4 дэх жилдээ ажиллаж байгаа, 1.200.000 төгрөгийн цалин хөлсийг сар бүр тогтмол авч, зохих нийгмийн даатгал, татвараа төлж ирсэн байх бөгөөд анхан шатны шүүх хуралдааны үед өмгөөлөгчгүй оролцож, хууль зүйн туслалцаа аваагүй, эрх зүйн мэдлэггүйгээсээ болж холбогдох баримтаа шүүхэд гаргаж өгөөгүй байна.

Б.Б нь одоо ч дээрх ажил үүргээ гүйцэтгэж байгаа тул шүүхээс оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялыг эдлэхэд түүнд хүндрэл бэрхшээлтэй байдал үүсч байгаа буюу өөрөөр хэлбэл, олон хоногийн чөлөө авах боломжгүйгээс ажлаасаа халагдах, цаашлаад амьдрах баталгаа алдагдах, хохирогчид цаашид төлөх төлбөрийг барагдуулах чадваргүй болох зэрэг олон сөрөг үр дагавар гарах, улмаар ажлаа алдахгүйн тулд уг ялыг эдэлж чадахгүйд хүрвэл хорих ялаар солигдож эрх зүйн байдал нь улам дордох зэрэг нөхцөл байдал үүсч байна.

Хэдийгээр шүүгдэгч өөрөө баримтаа гаргаж өгөх шаардлагатай боловч хууль эрх зүйн ямар ч ойлголтгүй хүн хэзээ, хаана, ямар баримт өгөхөө мэдэхгүй тул энэ талаар мөрдөгч, прокурор нар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад яллах болон цагаатгах, хөнгөрүүлэх, хүндрүүлэх бүхий л талаас нь нотлох баримтыг цуглуулж, хувийн байдлыг бүрэн тогтоож, тухайн зүйлд заасан ял шийтгэлийн алийг нь ч шүүх хэрэглэх нөхцөлийг бүрдүүлэх үүргээ хангалтгүй хэрэгжүүлсэн нь нөлөөлжээ гэж өмгөөлөгчийн зүгээс дүгнэж байна.

Тэрээр зохих орлогын эх үүсвэртэй, мөн гэр бүлийн хувьд ам бүл 2, ахынхаа хамт амьдардаг бөгөөд өөрөө ажил хөдөлмөр эрхэлдэг тул торгуулийн ялыг эдлэхэд хэн нэгэнд халдаахгүй, бусдад дарамт болохгүйгээр эрүүгийн хариуцлагаа өөрөө хүлээх бүрэн чадвартай, боломжтой гэж үзэж байна.

Иймд шүүгдэгч Б.Бын гэмт хэрэг үйлдсэн, гэм буруугаа шударгаар хүлээж, чин санаанаасаа гэмшиж байгаа байдал, тодорхой эрхэлсэн ажилтай, цалин орлоготой байдал, болгоомжгүй байдлаасаа гэмт хэрэгт холбогдсон зэргийг харгалзан үзэж, мөн залуу хүнийг алдсан дээр нь түлхэлгүй ажил хөдөлмөрөө эрхлэн үлдэх бололцоог олгож, түүнд оногдуулсан ял шийтгэлийг хөнгөрүүлэн өөрчилж, торгох ял оногдуулж өгнө үү” гэв.

 

Прокурор Ч.Батбаатар тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “Анхан шатны шүүхийн шийдвэр үндэслэлтэй гэж үзэж байгаа. Гал сөнөөгчөөр ажилладаг боловч анхан шатны шүүхэд ямар нэгэн нотлох баримт гаргаж өгөөгүй. 350 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулсан нь үндэслэлтэй байх тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү” гэв.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар хэргийг хянан шийдвэрлэхдээ давж заалдах гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг хянав.

Мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих асуудлуудыг шалгаж тодруулсан, хэргийн үйл баримт, гэм бурууг тогтооход үндэслэл болсон нотлох баримтуудыг цуглуулах, бэхжүүлэх, үнэлэх шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг ноцтой зөрчсөн зөрчил тогтоогдоогүй болно.

Шүүгдэгч Б.Б нь 2021 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн 23 цаг 10 минутын үед Баянгол дүүргийн 5 хороо, Нарны гүүрний доод замд “Тоёота приус” маркийн 14-50 УАН улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон явахдаа Замын хөдөлгөөний дүрмийн 3.4 дэх хэсэгт “Жолооч явахдаа дараах үүргийг хүлээнэ. а/ энэ дүрмийн 4 дүгээр хавсралтад заасан эвдрэл, гэмтэл, техникийн зөрчилгүй байхаар тээврийн хэрэгслийнхээ бүрэн бүтэн байдлыг хангах, тээврийн хэрэгслийн ... харанхуй үед болон үзэгдэлт хангалтгүй нөхцөлд хол, ойрын буюу ар талын оврын гэрэл асахгүй болсон ... бол хөдөлгөөнөө үргэлжлүүлэхийг хориглоно, мөн дүрмийн 15.1 дэх хэсэгт “жолооч уулзвараар баруун, зүүн гар тийш эргэхдээ тухайн хөдлөн замын зорчих хэсгийг явган хүний гарцаар хөндлөн гарч байгаа яваа явган зорчигчид ... зам тавьж өгнө” гэж заасныг тус тус зөрчсөнөөс явган зорчигч П.Эыг мөргөж, эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь:

хохирогч П.Эын “...2021 оны 12 дугаар сарын 27-ны өдөр би И-март худалдааны төвөөс өөрийн найз Эрмүүнийг баруун 4 зам руу гэр рүү нь хүргэж өгчихөөд буцаад гэр рүүгээ харих гээд нарны гүүрний доод замаар ертөнцийн зүгээр урдаасаа хойшоо чиглэлтэй зам хөндлөн гарах гээд явган хүний гарцын гэрлэн дохио нь дээр хүлээж зогсож байгаад ногоон гэрэл асангуут зам хөндлөн гараад явж байтал зорчих хэсгийн хойноосоо урагшаа явж байсан тээврийн хэрэгсэл уулзвараар баруун гар тийш эргэх үедээ намайг мөргөсөн. Тэгээд би газарт унахад жолооч машинаасаа бууж ирээд “гайгүй юу” гэж асуугаад машиндаа суулгаад гэмтлийн эмнэлэг авч очоод үзүүлсэн. ...” /хх 19/,

шүүгдэгч Б.Бын яллагдагчаар өгсөн “...тухайн өдөр Алтай хотхоноос гараад 20 эмийн сан орж хүн авах гээд өөрийн эзэмшлийн Тоёота приус маркийн 14-50 УАН дугаартай тээврийн хэрэгслийг жолоодоод Нарны гүүрний доод уулзвараар гэрлэн дохио дээр зогсож байгаад гэрэл дохио ногоон гэрэл асангуут Барс тал руугаа ертөнцийн зүгээр баруун гар тийш эргэтэл зорчих хэсгийн явган хүний гарцаар зам хөндлөн гарч байсан явган зорчигчийг машины урд хэсгээрээ мөргөсөн. ...” /хх 65/ гэсэн мэдүүлгүүд,

П.Эын биед зүүн өвдөгний үеийн дотор хажуугийн холбоосны урагдал, зөөлөн эдийн няцрал, зүүн өгзөг, өвдөгт зулгаралт бүхий хүндэвтэр зэргийн гэмтэл учирсныг тогтоосон Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 1007 дугаартай дүгнэлт /хх 37-38/,

Зам тээврийн осол, хэргийн үзлэгээр тогтоосон байдал, гэрэл зургийн үзүүлэлт /хх 4-9/, эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл /хх 15/, Баянгол дүүргийн техникийн хяналтын үзлэгийн төвийн шинжээчийн дүгнэлт, гэрэл зургийн үзүүлэлт /хх 44-49/, Авто тээврийн хэрэгслийн техникийн хяналтын дүгнэлтийн хуудас /хх 50/, мөрдөгчийн магадлагаа /хх 53/, Нарны зам, нарны гүүрний зүүн доод уулзварын гэрлэн дохионы горим /хх 77-78/ зэрэг  хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, анхан шатны шүүхийн шүүх хуралдааны хэлэлцүүлгээр хянан хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар тус тус нотлогдон тогтоогджээ.

Шүүхийн шийдвэрийн үндэслэл болсон дээрх нотлох баримтуудыг хуульд заасан журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, хэрэгт хамааралтай, ач холбогдолтой байх бөгөөд анхан шатны шүүхээс шүүгдэгч Ч.Буянбаярыг Авто тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал ашиглалтын журам зөрчих гэмт хэргийг хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулж үйлдсэн гэм буруутайд тооцсон нь хэргийн бодит байдалтай нийцсэн байна.

Шүүгдэгч Б.Бын тээврийн хэрэгсэл жолоодон явахдаа Замын хөдөлгөөний дүрмийн заалтыг зөрчсөний улмаас явган зорчигч П.Эыг мөргөж, эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол учруулсан үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилсэн нь хууль зүйн үндэслэлтэй, Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэжээ.

Шүүгдэгч Б.Б, түүний өмгөөлөгч Л.Соёмбо нарын гаргасан “...оногдуулсан ялыг хөнгөрүүлэн торгох ял оногдуулж өгнө үү” гэсэн агуулга бүхий давж заалдах гомдол гаргажээ.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэж,

мөн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршино” гэж тус тус заасан бөгөөд шүүгдэгч Б.Бт оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялыг торгох ял болгон өөрчлөхөд энэ хэм хэмжээний агуулгатай нийцэхээр байна.

Шүүгдэгч Б.Б нь давж заалдах гомдолдоо “Нью Улаанбаатар интернэйшнл эйрпорт” ХХК-д ажилладаг талаарх нотлох баримтыг хавсаргасан байх бөгөөд түүний гэм буруугаа хүлээн зөвшөөрч, хохирлоо нөхөн төлсөн нөхцөл байдлуудыг харгалзан үзэж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 350 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялыг өөрчилж, 1000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1.000.000 төгрөгөөр торгох ял оногдуулах боломжтой байна гэж давж заалдах шатны шүүх дүгнэв.

Иймд шүүгдэгч Б.Б, түүний өмгөөлөгч Л.Соёмбо нарын гаргасан давж заалдах гомдлыг хүлээн авч, магадлалд заасан үндэслэлээр шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулав.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.4 дэх заалтыг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 3  дугаар сарын 11-ний өдрийн 194 дугаартай шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн:

2 дахь заалтыг “Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Б.Быг 1000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1.000.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй” гэж,

3 дахь заалтыг “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар Б.Бт оногдуулсан 1000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1.000.000 төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 3 сарын дотор хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, Б.Б нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй” гэж тус тус өөрчилж, бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

2. Анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

 

                                 ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                        Ц.ОЧ

 

                                 ШҮҮГЧ                                                              Л.ДАРЬСҮРЭН

 

                                 ШҮҮГЧ                                                             Т.ӨСӨХБАЯР