Хэнтий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 09 сарын 21 өдөр

Дугаар 117

 

      МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

 

Хэргийн индекс:180/2017/0118/Э

 

Хэнтий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хуралдааныг  шүүгч Л.Уянга даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны “А” танхимд нээлттэй хийсэн хуралдаанд

 

Нарийн бичгийн дарга            А.Цэрэндулам

Улсын яллагч                            Д.Отгонтуяа

Шүүгдэгч                                                    Д.О нарыг оролцуулан

     

  Тус Аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Д.О-т холбогдох 1739000950015 дугаартай эрүүгийн хэргийг хянан хэлэлцэв. 

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол улсын иргэн, Хэнтий аймгийн Баянхутаг суманд 1979 оны 05 дугаар сарын 13-ны өдөр төрсөн, 38 настай, эрэгтэй, бага боловсролтой, малчин мэргэжилтэй, ам бүл 4, эхнэр, 2 хүүхдийн хамт Хэнтий аймгийн Хэрлэн сумын 3 дугаар баг Баянмөнхийн 10-20 тоотод оршин суух, урьд 2016 оны 04 дүгээр сарын 19-ний өдөр 43 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 02 жил 05 сарын хорих ялыг 03 жилийн хугацаагаар тэнссэн, улсаас авсан гавъяа шагналгүй, Онгууд овогт Д.О 

 

Шүүгдэгчийн холбогдсон хэргийн талаар:  /Яллах дүгнэлтэд дурьдсанаар/

  Шүүгдэгч Д.О нь согтуугаар 2017 оны 08 дугаар сарын 27-ны өдөр Хэнтий аймгийн Хэрлэн сумын төвөөс зүүн хойш 25 км газар байх “Зүрхийн нуур” гэх газарт Д.Дамчаагийн зүүн гарын шуунд нэг удаа хутгалж эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.  

 

 Шүүхийн хэлэлцүүлэгт дараах бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:         

 Хохирогч Д.Дамчаагийн мөрдөн байцаалтад өгсөн: “... 2017 оны 08 дугаар сарын 27-ны шөнө Отгонбаяр, Жаргалын эхнэр бид 3 архи ууж байгаад Отгонбаяр бид 2 согтуу байсан учир хоорондоо маргалдсан яг юунаас болж маргалдсан талаар би санахгүй байна. Жаргалын эхнэр бид 2-ыг Отгонбаярын гэрийн баруун орон дээр сууж байхад Отгонбаяр нэг цагаан иштэй модон бариултай хутга аваад над руу дайрсан тэр үед нь би Отгонбаярыг тоголж байна гэж бодоод боль гэхэд Отгонбаяр барьж байсан хутгаараа далайгаад намайг цохих гэж оролдохоор нь би зүүн гараараа хутгатай гарыг нь хааса чинь миний зүүн гар халуун оргиод явсан. Тэгээд хартал Отгонбаярын хутга миний зүүн гарын шуу хэсгийг нэвт сүлбсэн байсан. ... Эмч миний гаранд 2 оёдол тавьсан гэсэн мэдүүлэг / хх-ийн 20-21 тал/,

          Гэрч О.Оюунтуяагийн мөрдөн байцаалтад өгсөн: “... Манай дүү эмнэлэгийн орон дээр зүүн гараа зүсүүлсэн байдалтай цус алдсан эмнэлэгт ирсэн байсан. Тэгээд юу болсон талаар асуухад 2017 оны 08 дугаар сарын 26-ны орой хөдөө гэртээ нутгийн айл Отгонбаярынд архи, согтууруулах ундаа хэрэглэж байгаад Отгонбаяртай муудалцаад Отгонбаяр нь хутгаар манай дүүгийн гарыг зүссэн гэж дүү Д.Дамчаа хэлсэн гэсэн мэдүүлэг / хх-ийн 23 тал/,

          Гэрч Д.Оюунсувдын  мөрдөн байцаалтад өгсөн: “... Дамчаа гэрээс гараад алга болсон. 15 минутын дахраа орж ирээд Отгонбаярт чи намайг гэрийнхээ гадаа унтууллаа гээд тэр 2 маргалдсан. Тэгээд Отгонбаяр уурлаад гэрийнхээ зүүн урд талын ширээн дээрээс нэг шар өнгийн иштэй хутга аваад Дамчаа руу дайрсан. Би эргэж харахад Отгонбаяр гартаа хутга барьсан байхаар нь би хөөе хутгаар яах гээд байгаан гээд хутгыг нь аваад гэрийнхээ зүүн орон доогуур чулуудахад Дамчаагийн зүүн гарнаас цус гарч байсан гэсэн мэдүүлэг / хх-ийн 24 тал/,   

        Гэрч Д.Ганчимэгийн мөрдөн байцаалтад өгсөн: “ ... 2017 оны 08 дугаар сарын 27-ны өглөө манай нөхөр Отгонбаяр над руу утсаар яриад би хүн хутгалчихлаа. Эмнэлэг дээр хүрээд ир гэж хэлсэн. ... миний ойлгосноор манай нөхөр Отгонбаяр, Дамчаа нар нь урьд шөнө манай хөдөө гэрт архи уусан юм байна лээ. Яг ямар шалтгааны улмаас маргалдсан талаар мэдээгүй гэсэн мэдүүлэг / хх-ийн 26 тал/,

 

        Эд мөрийн хураан авах тухай тогтоол, тэмдэглэл / хх-ийн 17-18 тал /, 

  Гэрэл зургийн үзүүлэлтүүд / хх-ийн 11-12 тал /,

  Урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас / хх-ийн 40 тал / ,

  Шийтгэх тогтоолын хуулбар / хх-ийн 41-42 тал / зэрэг нотлох баримтууд

болно. 

 

        Шүүгдэгч Д.О нь согтуугаар 2017 оны 08 дугаар сарын 27-ны өдөр Хэнтий аймгийн Хэрлэн сумын төвөөс зүүн хойш 25 км газар байх “Зүрхийн нуур” гэх газарт Д.Дамчаагийн зүүн гарын шуунд нэг удаа хутгалж эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь түүний хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг, хохирогч Д.Дамчаагийн мэдүүлэг, гэрч О.Оюунтуяа, Д.Оюунсувд, Д.Ганчимэг нарын мэдүүлэг, зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байна. 

           Шүүгдэгч Д.О нь Хэнтий аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 4 дүгээр сарын 19-ний өдрийн 43 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар 2 жил 5 сарын хорих ялыг 3 жилийн хугацаагаар тэнсэж хянан харгалзсан хугацаанд дахин гэмт хэрэг үйлдсэн бөгөөд 2015 оны шинэчлэн найруулсан эрүүгийн хуулиар “ял оногдуулахгүйгээр тэнсэх, оногдуулсан болон үлдсэн ялуудыг бүгдийг нэмж нэгтгэх”  тухай зохицуулсан нь уг хуулийг хэрэглэхэд эргэлзээ үүсгэж байгаа тул 2017 оны шинэчлэн найруулсан Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан зарчмын дагуу шүүгдэгчид ашигтайгаар буюу 2002 оны хуулиар тэнсэгдсэн ялыг нэмж нэгтгэлгүйгээр шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ. 

 

          Уг гэмт хэргийг үйлдэгдэхэд хохироч Д.Дамчаагийн зүй бус үйлдэл нөлөөлсөн гэж үзэх үндэслэлтэй байх тул шүүх шүүгдэгч Д.О-т эрүүгийн хариуцлагыг хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн 6.5 дугаар зүйлийн 1.4 дэх хэсэгт заасныг хөнгөрүүлэх нөхцөл байдал болгон харгалзав. 

 

          Хохирогч Д.Дамчаа нь шүүгдэгчээс нэхэмжлэх зүйлгүй, гомдол саналгүй гэсэн тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзэх нь зүйтэй байна.

 

         Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 36.1 дүгээр зүйлийн 5, 6, 8, 36.8 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон 

           

  ТОГТООХ нь:

  

           1. Шүүгдэгч Онгууд овогт Д.О-ыг хүний эрүүл мэндэд хөнгөн  хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

           2.  Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1  дэх хэсэгт заасныг зааснаар шүүгдэгч Д.Оыг 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй. 

 

           3. Эрүүгийн хуулийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.От оногдуулсан 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000  төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоолыг танилцуулан сонсгосноос хойш 01 сарын  хугацаанд төлөхөөр тогтоосугай.

 

           4. Эрүүгийн хуулийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.О нь торгох ялыг  биелүүлээгүй бол торгох ялын 15 нэгжийг 1 хоногоор бодож хорих ялаар солих  болохыг мэдэгдсүгэй.

 

          5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1.4 дэх хэсэгт зааснаар шийтгэх  тогтоол хүчин төгөлдөр болмогц энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 25.5 см-ийн урттай шаргал өнгийн бариултай 1 ширхэг хутгыг устгасугай. 

 

          6. Шүүгдэгч нь цагдан хоригдоогүй бусдад төлөх төлбөргүй ба түүний биеийн байцаалттай холбоотой баримт бичиг шүүхэд ирээгүй болохыг тус тус дурдсугай.

 

           7. Шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардуулснаас хойш 14 хоногийн дотор Хэнтий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл  бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

           8. Давж заалдах гомдол гаргасан буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч Д.О-т авсан хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй. 

 

 

 

ДАРГАЛАГЧ,  ШҮҮГЧ                                Л.УЯНГА