Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2024 оны 05 сарын 21 өдөр

Дугаар 131/ШШ2024/00466

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянхонгор аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Батзаяа даргалж тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: *******,******* /*******************/

Хариуцагч:*******,*******,******* /**********/

Хариуцагч:*******,******* /****************/

Нэхэмжлэлийн шаардлага: Ажлын хөлс 4,500,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2024 оны 03 дугаар сарын 20-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

Шүүх хуралдааны оролцогчид: Нэхэмжлэгч******* /цахим/, хариуцагч*******,, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Ариунболд оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэгч******* нь*******, нарт холбогдуулан ажлын хөлс 4,500,000 төгрөг гаргуулахаар нэхэмжлэл гаргасан. Нэхэмжлэлийн шаардлагаа дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:

Тольдох Оюуны Өгөөж ХХК нь Баянхонгор аймгийн прокурорын газрын хяналтын прокурор, хууль цаазын дэд зөвлөх Б.Байгалийн 2023 оны 09 сарын 25-ний өдрийн №42 тоот тогтоолыг хүлээн авсан бөгөөд шүүгдэгч болон******* нарт холбогдох хэрэг 2022 оны 09 дүгээр сарын 13-ний өдөр Баянхонгор аймаг Галуут сумын 2 дугаар багийн нутаг дэвсгэр Далтын Овоолго гэх газарт техник хэрэгсэл ашиглан тусгай зөвшөөрөлгүйгээр 0,01 га талбайд ашигт малтмалын эрэл хайгуул явуулж 0,74 грамм алт олборлосон гэх хэрэгт ашиглагдсан уул уурхайн техникүүдийн зах зээлийн үнийг тогтоохоор Тольдох Оюуны Өгөөж" ХХК-ийн захирал, мэргэшсэн үнэлгээчин Д. Отгонцагаан миний бие нь ажилласан болно.

Тус шинжээчийн ажил №20231015/020 дугаартай гэрээг холбогдогч Дамдинсүрэн овогтой Баярсайхантай 2023 оны 10 сарын 02-ний өдөр байгуулан талууд 2023 оны 11 сарын 01-ний өдрийг хүртэл ажлын хөлсийг хойшлуулах аман болон бичгээр гэрээг байгуулсан боловч*******, нар нь өдийг хүртэл утсаа авахгүй, төлбөрөө төлөөгүй ба болон******* нарыг харилцах дансны гүйлгээг хааж өгнө үү? Мөн тус ажлын хөлс болох 4,500,000 (Дөрвөн сая таван зуун мянган) төгрөгийг Тольдох Оюуны Өгөөж ХХК-ийн хаан банкны 5097065049 тоот дансанд хийлгэж өгнө үү гэжээ.

1.2. Нэхэмжлэгч******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Миний бие Баянхонгор аймгийн Прокурор газрын прокурор Б.Байгалийн тогтоолоор 2023 оны 09 дүгээр сарын 25-ны өдөр Уул уурхайд хууль бусаар техник ашигласан гэх битүүмжлэгдсэн техникүүдэд үнэлгээ хийхээр очсон. Тус өдөр Баянхонгор аймгийн Галуут сумын 2 дугаарт баг Далтын овоолго гэх газар очиход өөрийн биеэр хүлээж байсан. Ажлын гэрээгтай байгуулах гэсэн боловч*******ыг төлөөлж байгаа гээд гэрээ хийгээгүй. Уурхай дээр нь үнэлгээгээ хийчхээд буцаад Баянхонгор аймагт ирэхэд******* гэдэг хүн*******оос ирээд*******тай ажил гүйцэтгэх гэрээ хийсэн. Төлбөрийг аман гэрээгээр тохиролцож 2023 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр хүртэл хойшлуулж өгөөч гэхээр нь би 2023 оны 12 дугаар сарын 01-ний өдөр хүртэл хойшлуулсан. Сүүлдээ удаа дараа холбогдох гээд утсаа аваагүй. Иймд шинжээчийн дүгнэлт хийсэн ажлын хөлс болох 4,500,000 төгрөгийг гаргуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргасан гэв.

2. Хариуцагч*******, нар нь нэхэмжлэлийг дараах үндэслэлээр зөвшөөрөхгүй байна. Үүнд:

Тольдох Оюуны Өгөөж ХХК-ийн захирал мэргэшсэн үнэлгээчин*******ы нэхэмжилсэн 4,500,000 төгрөгөөс 700,000 төгрөгийг төлсөн. Үлдэгдэл 3,800,000 төгрөгийг 2024 оны 11 дүгээр сард төлж барагдуулна гэжээ.

2.1. Хариуцагч*******, нар шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Баянхонгор аймгийн 2 дугаар баг Далтын овоолго гэх газар Тээврийн цагдаагийн газраас хэмжилт хийж манай дээр акт тавьсан. Манай дээр 100 гаруй сая төгрөгийн төлбөр гарсан Шүүхийн шийдвэр дээр төлөөд явж байгаа. Нэмэлтээр Прокурорын газраас техникийг үнэлүүлэх шаардлагатай байна гээд шинжээчээр үнэлүүлсэн. Манай дээр ирээд буцахад нь 700,000 төгрөг өгсөн. Авсан 700,000 төгрөгөө ирж буцах зардал, хоол ундны мөнгө гэж байна. Бид нар үнэлгээ хийлгэе гэж хийлгээгүй. Ирж буцах зардлыг манайхаас төлөхгүй. Урьдчилгаа 700,000 төгрөг өг гэхээр нь өгсөн. Үлдэгдэл 3,800,000 төгрөгийг өгье гэсэн байгаа. 700,000 төгрөгөө хас гэсэн тайлбар гаргаж байна гэв.

3. Нэхэмжлэгчээс нэхэмжлэгчийн иргэний үнэмлэхийн хуулбар, үзлэг хийсэн акт, Баянхонгор аймгийн прокурорын газрын прокурорын 2023 оны 9 дүгээр сарын 25-ны өдрийн 42 дугаар тогтоол, тольдох оюуны өгөөж ХХК-ийн 2023 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн 10/05 дугаартай албан бичиг, шинжээчийн дүгнэлт, 2023 оны 10 дугаар сарын 02-ны өдрийн №20231015/020 дугаартай ажил гүйцэтгэх гэрээ зэрэг баримтуудыг шүүхэд гаргаж өгсөн. Хариуцагчаас болон зохигчийн хүсэлтээр шүүхээс бүрдүүлсэн баримтгүй болно.

Шүүх зохигчдын шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар, хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

1. Нэхэмжлэгч******* нь хариуцагч*******, нарт холбогдуулан ажлын хөлс 4,500,000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

2. Хариуцагч******* нь ажлын 4,500,000 төгрөг төлөхөөс 700,000 төгрөгийг төлсөн тул үлдэх 3,700,000 төгрөгийг төлнө гэж маргажээ.

3. Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэв.

4. Нэхэмжлэгч Д.Отгонцагаан, хариуцагч*******, нар нь ажил гүйцэтгэх гэрээ байгуулж, гүйцэтгэгч нь шинжээчийн дүгнэлт гаргах, захиалагч нь ажлын хөлс 4,500,000 төгрөг төлөхөөр харилцан тохиролцжээ. /хх-ийн 26-28 дугаар тал/

5. Баянхонгор аймгийн Прокурорын газрын прокурорын 2023 оны 9 дүгээр сарын 25-ны өдрийн 42 дугаартай Дахин шилнжилгээ хийлгэх тухай тогтоолын дагуу шинжээчээр Тольдох оюуны өгөөж ХХК-ийн шинжээчийг томилж, улмаар тус газрын үнэлгээчин******* нь Баянхонгор аймгийн Галуут сумын 2 дугаар багийн нутаг Далтын овоолго гэх газарт ирж үзлэг хийн Тольдох оюуны өгөөж ХХК-ийн 2023 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн 10/05 дугаартай албан бичгээр шинжээчийн дүгнэлтийг Баянхонгор аймгийн Прокурорын газарт хүргүүлсэн байна. /хх-ийн 7-25 дугаар тал/

6. Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1-д Ажил гүйцэтгэх гэрээгээр ажил гүйцэтгэгч нь захиалагчийн буюу өөрийн материалаар гэрээнд заасан ажил гүйцэтгэх, захиалагч нь уг ажлын үр дүнг хүлээн авч, хэлэлцэн тохирсон хөлс төлөх үүргийг тус тус хүлээнэ. гэжээ.

7. Дээрхээс үзвэл нэхэмжлэгч******* нь ажил0 гүйцэтгэх гэрээгээр хүлээсэн шинжээчийн дүгнэлт гаргах үүргээ биелүүлсэн бөгөөд хариуцагч нар нь уг шинжээчийн дүгнэлттэй маргасан үйл баримт хэрэгт авагдсан баримтаар тогтоогдоогүй.

8. Харин захиалагч буюу хариуцагч*******, нар нь ажлын хөлс 4,500,000 төгрөг төлөх үүргээ биелүүлээгүй гэж, хариуцагч нараас ажлын хөлс шаардах эрхтэй байна.

9. Хариуцагч нар нь нэхэмжлэгчид*******оос Баянхонгор аймаг хүртэл ирж очсон замын зардал, хоол, унааны мөнгө гэж 700,000 төгрөг төлсөн талаар зохигч тайлбарладаг бөгөөд уг төгрөгийн зориулалт, мөнгөн дүн дээр зохигч маргадаггүй болно.

10. Гагцхүү уг 700,000 төгрөг нь ажлын хөлснөөс хасагдана гэж хариуцагч нар маргадаг, нэхэмжлэгч томилолтын зардал тул тусдаа зардал гэж тайлбарладаг.

11. Талуудын хооронд байгуулсан 2023 оны 10 дугаар сарын 02-ны өдрийн ажлын гүйцэтгэх гэрээний 3.1-т гүйцэтгэгчийн хийх ажлын нийт өртөг 4,500,000 төгрөг байна. Дээрх дүнд НӨАТ шингээгүй ба бусад бүх зардал шингэсэн болно. гэж заажээ.

12. Дээрх ажил гүйцэтгэх гэрээний гүйцэтгэгчийн үндсэн үүрэг нь шинжээчийн дүгнэлт гаргах, захиалагчийн үндсэн үүрэг нь хөлс төлөх байх бөгөөд шинжээчийн дүгнэлт гаргах ажлын хөлс нь 4,500,000 төгрөг байх тул*******оос Баянхонгор аймаг хүртэл ирж очсон замын зардал, хоол, унааны мөнгөний зардал ороогүй байна.

13. Өөрөөр хэлбэл*******оос Баянхонгор аймаг хүртэл ирж очсон замын зардал, хоол, унааны мөнгөний зардал буюу томилолтын зардал нь шинжээчийн дүгнэлт гаргах ажлын хөлсөнд хамаарахгүй зардал гэж шүүх дүгнэв.

13. Иймд хариуцагч нар нь уг хөлс төлөх үүргээ биелүүлээгүй байх тул ажлын хөлс 4,500,000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгож шийдвэрлэлээ.

14. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгч*******ы улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 86,950 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч*******, нараас 86,950 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч*******д олгож шийдвэрлэх нь зүйтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1-т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1-д заасныг баримтлан хариуцагч*******, нараас ажлын хөлс 4,500,000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч*******д олгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгч*******ы улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 86,950 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч*******, нараас 86,950 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч*******д олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-т зааснаар шүүхийн шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргаж болохыг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Г.БАТЗАЯА