Хэнтий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 09 сарын 26 өдөр

Дугаар 118

 

    МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хэргийн индекс:180/2017/0121/Э

 

Хэнтий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Л.Уянга даргалж тус шүүхийн шүүх хуралдааны "А" танхимд хаалттай хийсэн хуралдаанд:

 

Нарийн бичгийн дарга            А.Цэрэндулам 

Улсын яллагч                            Д.Отгонтуяа

Шүүгдэгчийн өмгөөлөгч П.Амаржаргал

Шүүгдэгч И.Э нарыг оролцуулан

     

Тус Аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Хуучид овогт И.Э холбогдох 1739000750017 дугаартай эрүүгийн хэргийг хянан хэлэлцэв. 

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт: 

Монгол улсын иргэн, Хэнтий аймгийн Галшар суманд 1978 оны 05 дугаар сарын 23-ны өдөр төрсөн, 39 настай, эрэгтэй, боловсролгүй, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, эхнэр 2 хүүхдийн хамт, Хэнтий аймгийн Хэрлэн сумын 1 дүгээр баг, Хийдийн 7Б-14 тоотод оршин суух, улсаас авсан гавъяа шагнал, ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай гэх, Хуучид овогт И.Э 

 

Шүүгдэгчийн холбогдсон хэргийн талаар:  /яллах дүгнэлтэд дурдсанаар/

Шүүгдэгч И.Э нь 2017 оны 08 дугаар сарын 13-наас 14-нд шилжих шөнө Хэнтий аймгийн Хэрлэн сумын 1 дүгээр багийн нутаг дэвсгэрт Р.Идэрбаатарын зүүн гарын шуун тус газар нь унадаг дугуйны рам төмрөөр цохиж эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэгт  холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

        Шүүхийн хэлэлцүүлэгт дараах бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

         Хохирогч Р.Идэрбаатарын мөрдөн байцаалтад өгсөн: “...би 2017 оны 08 дугаар сарын 13-ны орой найз Эрдэнэхуягынд очиж тэнд хоол унд идэж уугаад 1 шил архи хувааж уусан. Архи дуусаад гэрт нь хэсэг байж байгаад шөнө 00 цагийн үед гэр лүүгээ харихаар гараад явж байтал нэг хашаанаас 2-3 хүн гарч ирж байх шиг байсан юм. Тэгсэн тэр хүмүүсийн араас нэг хүн гартаа төмөр бололтой нилээн том юм барьж гарч ирээд над руу цохисон. Би цохих үед нь зуүн гараараа хаатал нөгөө хүн барьж байсан юмаараа миний зүүн гарын шууг оносон. Чи яалаа гэж хүн цохиж байгаа юм бэ? гэхэд нөгөө хүн ахиад гартаа нөгөө юмаа бариад “алчихъя” гээд над руу дайрсан. Энэ үед намайг цохисон хүнийг Чагт хочтой Энхээ болохыг таньсан... маргааш өглөө нь Энхээд би гар хугалсан талаар нь хэлэхэд Энхээ “Би хүн андуураад цохисон байна” гэж хэлсэн. ... сүүлд харахад унадаг дугуйн дан төмөр рам байсан. Би Энхээгээс 3 сая төгрөг нэхэмжилнэ.” гэсэн мэдүүлэг. /ХХ-ийн 13-14 тал/ 

         Гэрч И.Пүрвээгийн мөрдөн байцаалтад өгсөн: “... манай нөхөр И.Энь зан байдлын хувьд хүнтэй тэр болгон муудаад байдаггүй. Ар гэр, эхнэр хүүхэддээ халамжтай. Архи дарс хаяа нэг уудаг. Эрхэлсэн тодорхой ажилгүй. Манай нөхөр эрүүл мэндийн хувьд их тааруу. Уушигны мэс засалд орж уушгаа тайруулж байсан. Мөн нурууны суулттай. 

        Шүүгдэгч И.Э-н яллагдагчаар өгсөн мэдүүлэг: “ ... би тэр орой 23 цагийн үед гэртээ унтаж байтал гаднаас хүн хашаа даваад орж ирж байгаа чимээ гарсан. Би гараад хартал 2-3 эрэгтэй хүн манай хашаа руу орж ирсэн. Тэр хүмүүсийн нэг нь манай хашааны үүдэнд байсан унадаг дугуйн хоосон төмөр рамыг бариад зогсож байгаад над руу нөгөө рам аа шидчихээд гүйлдээд явчихсан. Би араас нь над руу шидсэн унадаг дугуйны рамыг барьж хашаанаас гараад хартал хашааны үүдэнд Идэрбаатар таарсан. Би түүнийг зугтаасан хүмүүсийн нэг гэж бодоод рамаар цээж рүү нь цохичихоод буцаад орсон. ... Идэрбаатар “намайг цохичихлоо ш дээ, яаж байгаа юм бэ? сая хажуугаар 2-3 хүн надтай зөрсөн” гэж хэлсэн. Би Идэрбаатарт хүн андуурсан гэдгээ хэлж уучлалт гуйсан” гэсэн мэдүүлэг /хх-ийн 26-27 тал/ 

         2017.08.23-ны өдрийн Шинжээчийн дүгнэлт: Хүний биедт үзлэг хийсэн акт № 224 1. Р.Идэрбаатарын биед зүүн гарын шуу ясны дунд хэсгийн хугарал бүхий гэмтэл тогтоогдлоо. 2. Дээрх гэмтэл  нь зүүн гарын шуу ясанд хугарал үүссэн байна. 3. Дээрх гэмтэл нь 2017.08.13-наас 14-нд шилжих шөнө үүссэн байх боломжтой. 4. Дээрх гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна. 4. Цаашид дээрх гэмтэл нь ерөнхий хөдөлмөрийн чадвар үлэмж хэмжээгээр буюу 15% алдагдана.  

 

          Хэргийн газар үзлэг хийсэн тэмдэглэл / хх-ийн 17-18 тал /,

    Урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас / хх-ийн 29 тал / зэрэг нотлох баримтууд болно. 

 

        Шүүгдэгч И.Э нь 2017 оны 08 дугаар сарын 13-наас 14-нд шилжих шөнө Хэнтий аймгийн Хэрлэн сумын 1 дүгээр багийн нутаг дэвсгэрт Р.Идэрбаатарын зүүн гарын шуун тус газар нь унадаг дугуйны рам төмрөөр цохиж эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь түүний хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг, хохирогч Р.Идэрбаатарын мэдүүлэг, 224 дугаартай шинжээчийн дүгнэлт зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байна.

        Хохирогч Р.Идэрбаатар нь шүүгдэгчээс нэхэмжлэх зүйлгүй, гомдол саналгүй, гэсэн тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзэх нь зүйтэй байна.

Шүүх шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдснийг хөнгөрүүлэх нөхцөл байдал болгон харгалзсан ба шүүх хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэсэн болно. 

 

             Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 36.1 дүгээр зүйлийн 5, 6, 8, 36.8 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон 

 

  ТОГТООХ нь:

  

1. Шүүгдэгч Хуучид овогт И.Э-г хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх  хэсэгт зааснаар И.Э-т 280 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч И.Э-нь шүүхээс оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол ажлын 8 цагийг нэг хоногийн хугацаагаар тооцож хорих ялаар солихыг анхааруулсугай.

 

4. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд зүйл үгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй бусдад төлөх төлбөргүй болохыг дурьдаж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц шүүгдэгчийн цахим иргэний үнэмлэхийг буцаан олгосугай.

 

5. Шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардуулснаас хойш 14 хоногийн дотор Хэнтий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл  бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

6. Давж заалдах гомдол гаргасан буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч И.Э-т авсан хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Л.УЯНГА