Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 12 сарын 23 өдөр

Дугаар 4

 

П.З-гийн нэхэмжлэлтэй                                                                                               иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч  Ц.Ичинхорлоо             даргалж, шүүгч А.Мөнхзул, Н.Батзориг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн 101/ШШ2019/02929 дүгээр шийдвэртэй нэхэмжлэгч П.З-гийн нэхэмжлэлтэй, хариуцагч Р.Б- болон “ГК”  ХХК-д холбогдох

Баянзүрх дүүргийн 4 дүгээр хороо Глобын 32 дугаар байрны 13 тоот орон сууцны гэрчилгээ гаргуулж, орон сууцны өмчлөгчөөр тогтоолгох үндсэн нэхэмжлэлтэй, П.З-, Р.Б- нарт холбогдуулан Баянзүрх дүүргийн 4 дүгээр хороо Глобын 32 дугаар байрны 13 тоот орон сууцыг чөлөөлүүлж, ГК ХХК-д хүлээлгэн өгөхийг даалгах тухай сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг хариуцагч “ГК” ХХК-ийн төлөөлөгчийн гаргасан гомдлыг үндэслэн, шүүгч Н.Батзоригийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн өмгөөлөгч М.Хандармаа, хариуцагч Глоб контсракшн ХХК-ийн төлөөлөгч Ж.Мэндбаяр, хариуцагч Р.Батчулууны итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Батхүү, гуравдагч этгээд Д.Дөлгөөн, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Сумъяа нар оролцов.

Нэхэмжлэгч П.З- шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: П.З- би 2003 онд “ГК” ХХК-тай орон сууц захиалгын гэрээ байгуулан Баянзүрх дүүрэг, 4 дүгээр хороо, Глобын 32 дугаар байр, 13 тоот 3 өрөө байрыг захиалсан бөгөөд туахйн үед байр 2004 оны 7 дугаар сард ашиглалтад орно гэж байсан юм. Байр ашиглалтад орохоос өмнө би орон сууц захиалгын гэрээнд заасны дагуу орон сууцны төлбөр мөнгөнөөс 67 доллар л дутуу үлдээсэн билээ. “ГК” ХХК-иас байрны ордер гаргаж өгөхийг удаа дараа шаардаж 2011 он хүртэл байрны ордероо нэхэмжилж байранд амьдарсан юм. 2011 онд аргагүйн эрхэнд байрыг зарж өөрийн хүүхдүүд дээрээ очиж амьдрахгүй бол маш хүйтэн байранд байх хэцүү байсан. Ингээд 2011 оны 7 дугаар сарын 29-ний өдөр 3 өрөө байраа байрны ордер байхгүй учраас тухайн үеийн 1 өрөө байрны ханшаар буюу 40.000.000 төгрөгөөр байрыг Р.Б- гэх хүнд зарсан юм. Би “ГК” ХХК-иас байрны ордероо одоог хүртэл аваагүй тул Р.Батчулуунд өгч чадаагүй юм. Р.Б- нь ордероо өгөхгүй бол буцаагаад мөнгөө авъя гэдэг юм. 2017 онд “ГК” ХХК-тай уулзаж тооцоо нийлэхэд манайхыг мөнгө дутуу байна гээд 4.781.696 төгрөг нэмж төлөх шаардлагатай гэсэн тул 2017 онд  төлсөн. Үүнээс хойш дахиад л байрны ордер байдаггүй гэтэл энэ төлсөн мөнгө нь ямар ч төлөх ёсгүй мөнгө байсныг нь би дараа нь гэрээгээ үзэж байгаад мэдсэн. Учир нь 2004 оны 5 дугаар сарын 20-ны өдөр төлсөн 3.500 доллароор 2 удаа тушаасан байхад нэг баримт үйлдэж өгснийгөө манайхыг мөнгө дутуу тушаасан гэж үзсэн байсан юм. Иймд “ГК” ХХК-иас Баянзүрх дүүрэг, 4 дүгээр хороо, Глобын 32 дугаар байр, 13 тоот байрны өмчлөгчөөр тогтоолгож, гэрчилгээг гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч ГК ХХК-ийн төлөөлөгч Ж.Мэндбаяр шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: П.З- нь манай компаниас Баянзүрх дүүрэг, 4 дүгээр хороо, Глобын 32 дугаар байр, 13 тоот орон сууцыг захиалгын гэрээ байгуулан худалдаж авсан. Компанийн үүргээ биелүүлж орон сууцыг хугацаанд нь өгсөн. Харин П.З- мөнгийг төлөхдөө гэрээний 5-д заасны дагуу 3.066, 3.100, 3.500  ам доллар төлсөн гэх хуурамч баримт өгсөн. Уг хэргээ манай хүүхэд ингэсэн байна уучлаарай гээд 2017 онд 4.781.696 төгрөг төлсөн /1.945 ам доллар/. Ингээд 11.611 ам доллар тушаасан. Үлдсэн төлбөрийг өнөөг хүртэл төлөөгүй учраас компани 2018 оны 1 дүгээр сард гэрээнээс татгалзаж үүнийгээ бичгээр болон амаар мэдэгдэж гэрээгээ цуцалж, энэ тухайгаа Баянзүрх дүүргийн үл хөдлөх бүртгэлийн газарт бичгээр мэдэгдсэн. Авсан айл нь байрнаас өнөөг хүртэл гарахгүй, мөнгөө аваад гарна гэдэг. Манай компани нэгэнт гэрээнээс татгалзсан үүнийгээ удаа дараа мэдэгдсэн, сүүлд авсан айлд нь хүртэл мэдэгдсэн учраас уг байраа манайх буцааж авна. Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй гэжээ.

 Хариуцагч “ГК” ХХК шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэлдээ: Тус компани нь Баянзүрх дүүрэг, 4 дүгээр хороо, 32 дугаар байр, 13 тоот орон сууцыг барьж хугацаанд нь ашиглалтад оруулсан. Харин захиалагч П.З- нь гэрээгээр хүлээсэн төлбөрийн үүрэг биелүүлэхдээ хуурамч орлогын баримт үйлдэж хуурахыг завдсан, үлдсэн үүргээ бүрэн биелүүлэхээс удаа дараа татгалзсан, компанийн өмчлөлийн орон сууцыг бусдад дамжуулан худалдсан байх тул тус компани Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.1-д талуудын аль нэг тал гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчсөн бөгөөд үүрэг гүйцэтгэх нэмэлт хугацаа тогтоосон боловч үр дүн гараагүй бол нөгөө тал гэрээнээс татгалзах эрхтэй гэж заасны дагуу гэрээнээс татгалзсан мэдэгдлээ удаа дараа утсаар болон бичгээр хүргүүлсний эцэст 225.1, Иргэний хуулийн 101 дүгээр зүйлийн 101.1 дэх хэсэгт тус тус заасныг үндэслэн өөрийн өмчлөлийн орон сууцаа өөрийн үзэмжээр чөлөөтэй захиран зарцуулж иргэн Д.Дөлгөөнд худалдсан. Иргэн Д.Дөлгөөн нь орон сууцаа эрхийн улсын бүртгэлд бүртгүүлж өмчлөх эрхээ баталгаажуулсан боловч тус орон сууцыг П.З-, Р.Б- гэгчид худалдсан гэх ба Р.Б- нь П.З-гийн үлдэгдэл төлбөрийг төлөөд ордероо ав эсвэл орон сууцыг суллаж өг гэсэн тус компанийн болзлыг хүлээж авахаас удаа дараа татгалзсан. Харин Д.Дөлгөөн нь одоо орон сууцаа чөлөөлүүлэн тус компаниас хүлээж авах, хүлээлгэж өгөх хүртлээ түрээсийн төлбөр тооцон хохирол төлөх шаардлагыг байнга тавьж эхэлснээр манай эрх ашиг зөрчигдөж байна. Иймд тус компани бусдад худалдсан орон сууцаа П.З-, Р.Б- нараас суллуулан хүлээн авч дараагийн худалдан авагчдаа хүлээлгэн өгөх шаардлагатай байна. Баянзүрх дүүрэг, 4 дүгээр хороо, 32 дугаар байр, 13 тоот орон сууцыг чөлөөлж “ГК” ХХК-д хүлээлгэн өгөхийг П.З-, Р.Б- нарт даалгаж өгнө үү гэжээ.

Хариуцагч Р.Б- шүүхэд болон итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Батхүү шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Р.Б- гэр бүл зориулалттай 3 өрөө орон сууцыг 2016 оны 7 дугаар сарын 19-ний өдөр 40.000.000 төгрөгөөр худалдаж аваад, тус байранд 8 жилийн амьдарч байгаа. 2011 оны 7 дугаар сарын 20-ны өдөр 36.000.000 төгрөгийг, гэрчилгээг авсны дараа 4.000.000 төгрөгөөр төлөхөөр тохиролцсон. Орон сууцны мөнгө төлсөн баримтуудыг нэхэмжлэгч нь эх хувиар нь өгсөн. Үүнийг хэрэгт өгсөн байгаа. Нийт 11.677 долларыг төлсөн. Орон сууц захиалгын гэрээний ихэнх хэсгийг биелүүлсэн. Ж.Мэндбаярыг суллагдахыг Р.Б- чих тавин хүлээж байсан. 2017 онд Ж.Мэндбаяр суллагдсан талаар яригдсан. 2017 оноос эхлэн Ж.Мэндбаяр нь Р.Батчулуунаас мөнгө нэхэж дарамталсан. Орон сууцыг өмчлөгч нь “Глоб констракш” ХХК биш учраас Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1-д заасны дагуу шаардах эрхгүй. Энэ хэргийн оролцогчийн хувьд “ГК” ХХК нь 2003 онд П.З-тай орон сууц захиалгын гэрээ байгуулсан. Хариуцагч компани гэрээнийхээ үүргийг биелүүлээгүй бөгөөд ажил гүйцэтгэх гэрээний дагуу ажлын үр дүнг захиалагчид хүлээлгэж өгөөгүй. Хариуцагч компани нь Д.Дөлгөөнд 15.300 ам доллараар тус байрыг зарсан гэх төлбөр төлсөн баримт хэрэгт байхгүй. Арван хэдэн жилийн өмнө байрныхаа мөнгөө авчихаад дахиад дараагийн хүнээс мөнгө нэхээд байгаа шударга биш байна. Хэрэв 36.000.000 төгрөгийг өгчихвөл байрыг чөлөөлж өгнө. Уг байранд халаалт ирээгүй. Халаалт доголдолтой, ус их тасардаг. Байр нь чанарын шаардлага хангахгүй байгаа. П.З- нь гэрээний төлбөрүүдийг хэд хэд хувааж өгсөн байдаг. П.З- нь нийт 1.621 ам долларын үлдэгдэлтэй байгаа. 4.000.000 төгрөгийг гэрчилгээн гарснаар төлөх болно. Үндсэн болон сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Гуравдагч этгээд Д.Дөлгөөн шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Тайлбар байхгүй гэжээ.

Шүүх: Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт зааснаар П.З-г Баянзүрх дүүргийн 4 дүгээр хороо Глобын 32 дугаар байрны 13 тоот орон сууцны өмчлөгчөөр тогтоож, байрны гэрчилгээ гаргахыг Баянзүрх дүүргийн улсын бүртгэлийн хэлтэст даалгаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.5-д зааснаар Баянзүрх дүүргийн 4 дүгээр хороо Глобын 32 дугаар байрны 13 тоот байрыг чөлөөлөхийг П.З-, Р.Б- нарт даалгах сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2.-т Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1., 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар улсын тэмдэгтийн хураамжид П.З-гаас төлсөн 140.400 төгрөг, “ГК” ХХК-иас төлсөн 140.400 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч “ГК” ХХК-иас 140.400 төгрөг гаргуулж, П.З-д олгож шийдвэрлэжээ.

Хариуцагч ГК ХХК-ийн төлөөлөгч Ж.Мэндбаяр давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо: Харин хавтаст хэргийн 49, 50 дугаар талд байгаа тус компаны мэргэжилтэн н.Хишигжаргалын үйлдсэн "П.З-гийн үлдэгдэл төлбөрийг Р.Б- төлж барагдуулахаар болов. Иймд П.З- нь төлбөр тооцоо дууссан болно" гэсэн тодорхойлолт байх бөгөөд уг бичиг баримт нь П.З-гийн өмнөөс түүний төлбөрийн нэг хэсгийг авчирч тушаасан н.Тунгалаг гэгч нь зөвхөн мөнгө хүлээн авч баримт олгох үүрэгтэй ажилтаныг төөрөлдүүлэн зөвхөн мөнгөний баримтад дарах зорилгоор түүнд байсан компанийн тэмдгийг даруулан дээрхи тодорхойлолтыг хийлгэж авсан нь гэрээ хэлцлийн шаардлага хангахгүй. Нотлох баримтын хүрээнд үнэлэх боломжгүй уг тодорхойлолт гэх баримтыг анхан шатны шүүх үнэлж "Нэхэмжлэгч П.З- гэрээний дагуу төлбөрөө төлсөн, үлдэгдэл 4.000.000 төгрөгийг маргаан бүхий байранд оршин сууж байгаа Р.Б- төлж барагдуулахаар “ГК” ХХК, П.З-, Р.Б- нар тохирчээ", "Иргэний хуулийн 75 дугаар зүлйинй 75.2.2-т хөөн хэлэлцэх хугацаа 6 жил гэж заасан ба П.З- дээрхи гэрээтэй холбоотой шаардаж байсан нь хавтаст хэргийн 49, 50 дугаар талд авагдсэн баримтаар тогтоогдож байна" гэж үзээд "Дээрхи баримтаас үзэхэд нэхэмжлэгчийн уг гэрээтэй холбоотой шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа дуусаагүй, "ГК” ХХК тухайн орон сууцны гэрчилгээ гаргаж өгсөн тохиолдолд Р.Б- үлдэгдэл төлбөр барагдуулахаар зөвшөөрсөн. П.З-тай төлбөр тооцоо дууссан тул П.З-г орон сууцны өмчлөгчөөр тоггоож, улсын бүртгэлийн гэрчигээ гаргуулах нь зүйтэй" гэж анхан шатны шүүх шийдвэрлэсэн нь зүйд огт нийцэхгүй байна. Гэрээ 2004 оны 2 дугаар сарын 25-нд хийгдсэн. Гэрээний үүрэг биелүүлэх хугацаа 12 сар буюу 2005 оны 2 дугаар сарын 25-нд дууссан. Үүнээс хойш 6 жилийн дараа буюу 2011 оны 2 дугаар сарын 25-нд уг гэрээнд маргаан үүсгэх хөөн хэлэлцэх хугацаа дууссан. Дээрхи тодорхойлолтыг гэрээтэй холбоотой шаардаж байсныг нотлох баримт мөн гэж үзвэл уг тодорхойлолт хөөн хэлэлцэх хугацаа дууссанаас хойш 7 жил хагасын дараа буюу 2018 оны 10 дугаар сарын 12-ны өдөр үйлдэгдсэн байхад уг гэрээний хөөн хэлэцэх хугацаа дуусаагүй гэж үзэх боломжгүй юм. Түүнчлэн 13 тоот гэрээ хийснээс хойш 12 сарын хугацаанд /2005 оны 2 дугаар сэрын 25-ны дотор/ бүрэн барагдуулсан нөхцөлд орон сууц түүний өмчлөлд шилжих зохицуулалттай. Уг гэрээг манай компанитай Р.Б- биш П.З- байгуулсан. Гэрээний 5-д зааснаар 4.599 ам долларын төлбөрийг хүүгүй зээлээр төлөх үүрэг хүлээсэн. Гэрээний 5.4-т заасан байгаа бөгөөд үүнээс өөрөөр тус компани уг орон сууцны талаар Р.Батчулуунтай ямар нэгэн гэрээ хэлцэл хийгээгүй, иргэний харилцаа үүсгээгүй. Зөвхөн П.З- мөнгөө төлөөд түүний дараа манайх гэрчилгээг гаргаж өгөх нөхцөлийг хангах үүрэгтэй. Иймд шийдвэрийг бүхэпд нь хэрэгсэхгүй болгож, сөрөг нэхэмжлэлийг хангаж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасан шаардлагыг хангаагүй байна.

 

Нэхэмжлэгч П.З- нь хариуцагч “ГК” ХХК-д холбогдуулан Баянзүрх дүүргийн 4 дүгээр хороо Глобын 32 дугаар байрны 13 тоот байрны өмчлөгчөөр тогтоолгох, гэрчилгээ гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч “ГК” ХХК эс зөвшөөрч П.З-, Р.Б- нарт холбогдуулан Баянзүрх дүүргийн 4 дүгээр хороо Глобын 32 дугаар байрны 13 тоот байрыг чөлөөлөхийг даалгах тухай сөрөг нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

 

Хамтран хариуцагчийг татан оролцуулах эсэх асуудлыг шүүх зөвхөн нэхэмжлэгчийн зөвшөөрөлтэйгөөр гүйцэтгэдэг байтал анхан шатны шүүх хариуцагч “ГК” ХХК-ийн сөрөг нэхэмжлэлээр Р.Батчулууныг хариуцагчаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцуулсан нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.3, 27 дугаар зүйлийн 27.3 дах хэсэгт заасныг ноцтой зөрчсөн.

Мөн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2.-т заасан шаардлагад нийцэхгүй хуулбар баримт мөн авагдсан байхад хэргийг хянан шийдвэрлэсэн байна.  \хх-ийн 154 – 155  дугаар тал\

 

Түүнчлэн хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хүсэлтээр н.Нарангаравыг гэрчээр оролцуулахаар шийдвэрлэсэн боловч уг ажиллагааг явуулаагүй Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.6 дах хэсэгт заасныг зөрчжээ.

 

Иймд анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөнийг давж заалдах шатны шүүхээс залруулах боломжгүй, хэргийн оролцогчийн хүсэлтээр нотлох баримтыг дутуу бүрдүүлсэн байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 168 дугаар зүйлийн 168.1.1, 168.1.7-д тус тус зааснаар шийдвэрийг хүчингүй болгож дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцаах нь зүйтэй

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5, 168 дугаар зүйлийн 168.1.1, 168.1.7-д заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн 101/ШШ2019/02929 дүгээр шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр мөн шүүхэд буцаасугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дах хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүхэд хариуцагч “ГК” ХХК-аас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 366 071,61 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд энэ өдрөөс тооцон 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдаанд оролцсон талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах, энэхүү үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй ба шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                       Ц.ИЧИНХОРЛОО

                                         ШҮҮГЧИД                                       А.МӨНХЗУЛ

                                                                                                 Н.БАТЗОРИГ