Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2024 оны 05 сарын 27 өдөр

Дугаар 131/ШШ2024/00481

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянхонгор аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Батзаяа даргалж тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар:

Хүсэлт гаргагч: Баянхонгор аймаг, Баянхонгор сум, 1 дүгээр баг, худалдааны гудамж-6, 604 тоотод оршин суух, *******,*******

Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд: Баянхонгор аймгийн Улсын бүртгэлийн хэлтэс

Нэхэмжлэлийн шаардлага: Баянхонгор аймаг, Баянхонгор сум, 01 дүгээр баг, 6 дугаар гудамж, 604 тоот, 17,85 м/кв талбай бүхий, 86 м/кв эзэмшлийн газартай амины орон сууцны өмчлөгчөөр тогтоолгох тухай хүсэлттэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: хүсэлт гаргагч*******, түүний өмгөөлөгч Г.Доржготов, гуравдагч этгээдийн төлөөлөгч*******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Ариунболд нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Хүсэлт гаргагч******* нь Баянхонгор аймаг, Баянхонгор сум, 01 дүгээр баг, 6 дугаар гудамж, 604 тоот, 17,85 м/кв талбай бүхий, 86 м/кв эзэмшлийн газартай амины орон сууцны өмчлөгчөөр тогтоолгох нэхэмжлэл гаргасан. Хүсэлт гаргагч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:

Баянхонгор аймгийн Баянхонгор сумын 1 дүгээр баг, худалдааны гудамж-6-ийн 604 тоот хаягт байрлах амины орон сууцыг Баянхонгор аймгийн нэгдсэн эмнэлгийн 2004 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн шийдвэрээр одоо миний амьдарч байгаа 17.85 мкв бүхий амины орон сууцыг үнийг цалингаас суутгаж, миний өмчлөлд шилжүүлэхээр улсын бүртгүүлэхээр албан бичиг хийж өгсөн.******* миний бие дээрх орон сууцыг өөрийн өмчлөлд бүртгүүлж гэрчилгээ авахаар Баянхонгор аймгийн Улсын бүртгэлийн хэлтэст өргөдөл гаргасан боловч тус хэлтсээс 2024 оны 1 дүгээр сарын 10-ны өдрийн 1/18 тоот албан бичгээр хариу ирүүлэхдээ "... өмчлөх эрхээ шүүхээр тогтоолгон, хууль зүйн боломжоо эдлэх эрхээ хангуулна уу гэсэн хариу өгсөн. Мөн дээрх амины орон сууцны талаар баримт бичгийг олж авахаар Нэгдсэн эмнэлэг хандсан боловч архив нь шатсан учир дээр баримт хамт шатсан гэсэн хариуг бичгээр өгсөн. Мөн Баянхонгор аймгийн Архивын тасгаас лавлагаа авах гэсэн болов ...уг барилгыг хувьчлахтай холбоотой баримт, материалыг архивын тасагт ирүүлээгүй байна гэж хариу өгсөн. Би энэ амины орон сууцандаа 2004 оноос одоог хүртэл байнга оршин сууж байна. Иймд Баянхонгор аймгийн Баянхонгор сумын 1 дүгээр баг, худалдааны гудамж-6-ийн 604 тоот хаягт байрлах 17.85 м/кв бүхий талбайтай, 86 м/кв эзэмшлийн газартай амины орон сууцны өмчлөгчөөр тогтоолгохоор хүсэлт гаргаж байна гэжээ.

1.2. Хүсэлт гаргагч******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Баянхонгор аймгийн, Баянхонгор сумын 1 дүгээр баг, худалдааны гудамжны 604 тоотод оршин суудаг. Баянхонгор аймгийн Нэгдсэн эмнэлэгт ажиллаж байхад 1992 онд бид нарт байр өгсөн юм. Байрны гэрчилгээг өөрийн нэр дээр авах хүсэлтэй байна. Өмчлөх эрх тогтоож өгнө үү гэв.

2. Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд Баянхонгор аймгийн Улсын бүртгэлийн хэлтэс шүүхэд гаргасан тайлбартаа:

Иргэн*******ийн Баянхонгор аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхэд гаргасан хүсэлттэй танилцаад дараах тайлбарыг хүргүүлж байна.Үүнд: Баянхонгор аймгийн Баянхонгор сумын 1 дүгээр баг, худалдааны гудамж, 6- 604 тоот хаягт байрлах амины орон сууцыг Баянхонгор аймгийн нэгдсэн эмнэлгийн 2004 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн шийдвэрээр одоо миний амьдарч байгаа 17.85 м/кв бүхий амины орон сууцны үнийг цалингаас суутгаж, миний өмчлөлд шилжүүлэхээр улсын бүртгэлд бүртгүүлэхээр албан бичиг хийж өгсөн.******* миний бие дээрх орон сууцыг өөрийн өмчлөлд бүртгүүлж гэрчилгээ авахаар Баянхонгор аймгийн Улсын бүртгэлийн хэлтэст өргөдөл гаргасан боловч тус хэлтсээс 2024 оны 1 дүгээр сарын 10-ны өдрийн 1/18 тоот албан бичгээр хариу ирүүлэхдээ ...өмчлөх эрхээ шүүхээр тогтоолгон, хууль зүйн боломжоо эдлэх эрхээ хангана уу гэсэн хариу өгсөн. Мөн дээрх амины орон сууцны талаар баримт бичгийг олж авахаар Нэгдсэн эмнэлэгт хандсан боловч архив нь шатсан учир баримт хамт шатсан гэсэн хариуг бичгээр өгсөн. Мөн Баянхонгор аймгийн Архивын тасгаас лавлагаа авах гэсэн боловч....уг барилгыг хувьчлахтай холбоотой баримт, материалыг архивын тасагт ирүүлээгүй байна гэж хариу өгсөн. Би энэ амины орон сууцандаа 2004 оноос одоог хүртэл байнга оршин сууж байна. Иймд Баянхонгор аймгийн Баянхонгор сумын 1 дүгээр баг, худалдааны гудамж, 6-604 тоот хаягт байрлах 17,85 м/кв бүхий талбайтай, 86 м/кв эзэмшлийн газартай амины орон сууцны өмчлөгчөөр тогтоолгохоор хүсэлт гаргаж байна гэжээ. Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 10-р зүйлийн 10.6-д Үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийг бүртгүүлэх тухай мэдүүлэгт дараах нотлох баримтыг хавсаргана, 10.6.1-д өмчлөх эрхийг нотолсон баримт бичиг-ийг хуульд заасны дагуу бусад холбогдох баримт бичгийн хамт мэдүүлэгт хавсаргана, мөн Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэл хөтлөх журмын 5 дугаар зүйлийн 5.6 дахь заалтын 5.6.1 дэх хэсэгт "Төрөөс хувьчилсан орон сууцны өмчлөх эрхийг эрхийн улсын бүртгэлд бүртгүүлэхэд орон сууц өмчлөх эрхийн гэрчилгээ, Өмчлөгчөөр тогтоосон эрх бүхий этгээдийн шийдвэрийн хувь-ийг мэдүүлэгт хавсарган үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийг анх удаа бүртгэнэ. Харин эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1.2 мэдүүлэг гаргагч энэ хуулийн 7.1-д заасан өмчлөх эрхтэй нотлох баримт байхгүй тохиолдолд мэдүүлэг хүлээн авахаас татгалзана гэж хуульчилсан. Улсын бүртгэлийн ерөнхий хууль, Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн дагуу Улсын бүртгэлийн байгууллага нь өмчлөх эрхтэйг нотолсон баттай нотлох баримтыг үндэслэн өмчлөх эрхийг бүртгэн баталгаажуулдаг чиг үүрэгтэй байгууллага юм. Иймд ямар нэгэн хувьчилсан тухай нотлох баримтгүйгээр бүртгэл хийх боломжгүй болно гэжээ.

2.1. Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдийн төлөөлөгч******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.6-д зааснаар нотлох баримт бүрдүүлж өгөх ёстой гээд заасан байгаа. Нэхэмжлэгч*******ийг өмчлөгчөөр тогтооход нотлох баримт байхгүй болохоор бүртгээгүй. Төрөөс орон сууцыг хувьчлахдаа өмчлөх эрхийг нотолсон өмчлөх эрхийн гэрчилгээ гэж байх ёстой, тогтоол гэж байх ёстой, өмчлөгчөөр тогтоосон эрх бүхий этгээдийн шийдвэр байх ёстой. Эдгээр нотлох баримтууд байхгүй байсан учир мэдүүлэг хүлээн авахаас татгалзсан. Тухайн байгууллагын даргын гаргасан хүсэлт байгаа. Хүсэлт нь нотлох баримтын хэмжээнд тооцогдохгүй байна. Орон сууцыг хувьчлах шийдвэр гэж хүлээн авах боломжгүй байна гэв.

3. Хүсэлт гаргагчаас иргэний үнэмлэхийн хуулбар, Баянхонгор аймгийн Ц.Магсарын нэрэмжит нэгдсэн эмнэлгийн 2004 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн тодорхойлолт, Баянхонгор аймгийн Ц.Магсарын нэрэмжит нэгдсэн эмнэлгийн 2024 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн 17 дугаар албан бичиг, Баянхонгор аймгийн Засаг даргын тамгын газрын архивын тасгийн 2024 оны 01 дүгээр сарын 08-ны өдрийн 08 дугаартай архивын лавлагаа, Баянхонгор аймгийн Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газрын 2024 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн 52 дугаартай албан бичиг, Баянхонгор аймгийн Баянхонгор сумын Номгон 1 дүгээр багийн Засаг даргын 2024 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн 75 дугаартай тодорхойлолт, Баянхонгор аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн 2024 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн 1/18 дугаартай өргөдлийн хариу хүргүүлэх тухай албан бичиг, хуулийн этгээдийн 000268779 дугаартай улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар, амины орон сууцны барилгын хэмжилтийн зураг, иргэний газар эзэмших эрхийн гэрчилгээ, иргэн, хуулийн этгээдэд газар эзэмшүүлэх гэрээ, Баянхонгор-Эрчим хүч ЦТХХК-ийн 2000.04.01-2019.06.01 хүртэлх хэрэглэгчийн дансны дэлгэрэнгүй тайлан зэрэг баримтуудыг гаргаж өгсөн. Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдээс Баянхонгор аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн 2024 оны 5 дугаар сарын 09-ний өдрийн 1/278 болон 2024 оны 5 дугаар сарын 20-ны өдрийн 1/388 дугаартай албан бичгүүд ирүүлсэн байна.

ҮНДЭСЛЭХ нь:

1. Шүүх хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэслэлтэй байна гэж үзэв.

2. Хүсэлт гаргагч******* нь Баянхонгор аймаг, Баянхонгор сум, 01 дүгээр баг, 6 дугаар гудамж, 604 тоот, 17,85 м/кв талбай бүхий, 86 м/кв эзэмшлийн газартай амины орон сууцны өмчлөгчөөр тогтоолгох гэж нэхэмжлэлийн шаардлагаа тодорхойлжээ.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.14-д заасан тогтоох журмыг нь хуульд заагаагүй эрх зүйн ач холбогдол бүхий бусад үйл явдалд хамаарахаар байх тул хүсэлтийг шүүх хүлээн авч хянан шийдвэрлэх үндэслэлтэй байна.  Түүнчлэн Улсын бүртгэлийн Ерөнхий газрын 2014 оны 11 сарын 05-ны өдрийн 6/7796 дугаар Чиглэл, зөвлөмж хүргүүлэх албан бичигт Иргэд олон жил амьдарсан боловч хувьчилсан, өмчилсөн тухай нотлох баримт байхгүй орон сууц, нийтийн байр, үл хөдлөх хөрөнгийг шүүхийн шийдвэрийг үндэслэн улсын бүртгэлд бүртгэж өмчлөх эрхийг баталгаажуулна..гэсэн бол Баянхонгор аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн 2024 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн 1/18 дугаар албан бичгээр иргэн*******ийн өмчлөх эрхээ бүртгүүлэхийг хүссэн хүсэлтийг хүлээн авах боломжгүй, шүүхэд хандан өмчлөх эрхээ тогтоолгох эрхтэйг тайлбарлан хүсэлтийг буцаажээ.

4. Баянхонгор аймаг, Баянхонгор сум, 01 дүгээр баг, 6 дугаар гудамж, 604 тоот, 17,85 м/кв талбай бүхий, 86 м/кв эзэмшлийн газартай амины орон сууцыг нэгдсэн эмнэлгийн ажилчдын нийгмийн асуудлыг шийдвэрлэх зорилгоор байгууллагын төсвийн гадуурх данснаас 60000 төгрөг зарцуулж, тус эмнэлгийн удирдах зөвлөлийн 1992 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн хурлаар шийдвэр гарган нэр бүхий 10 ажилчинд хуваарилан, тэдний цалингаас нь суутгах замаар өмчлөлд шилжүүлсэний дотор хүсэлт гаргагч******* /халдвартын тасгийн асрагч/ байсан,******* нь 1992 оноос одоог хүртэл тус үл хөдлөх эд хөрөнгийг өмчилж, эзэмшиж байгаа болох нь Баянхонгор аймгийн Ц.Магсарын нэрэмжит нэгдсэн эмнэлгийн 2004 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн тодорхойлолт, Баянхонгор аймгийн Ц.Магсарын нэрэмжит нэгдсэн эмнэлгийн 2024 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн 17 дугаар албан бичиг, Баянхонгор аймгийн Засаг даргын тамгын газрын архивын тасгийн 2024 оны 01 дүгээр сарын 08-ны өдрийн 08 дугаартай архивын лавлагаа, Баянхонгор аймгийн Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газрын 2024 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн 52 дугаартай албан бичиг, Баянхонгор аймгийн Баянхонгор сумын Номгон 1 дүгээр багийн Засаг даргын 2024 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн 75 дугаартай тодорхойлолт, Баянхонгор аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн 2024 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн 1/18 дугаартай өргөдлийн хариу хүргүүлэх тухай албан бичиг, амины орон сууцны барилгын хэмжилтийн зураг, Баянхонгор-Эрчим хүч ЦТХХК-ийн 2000.04.01-2019.06.01 хүртэлх хэрэглэгчийн дансны дэлгэрэнгүй тайлан зэрэг бичгийн нотлох баримтуудаар тогтоогдож байна.

5. Мөн тус Баянхонгор аймаг, Баянхонгор сум, 01 дүгээр баг, 6 дугаар гудамж, 604 тоот,хаягт байрлах 86 м.кв газрыг амины орон сууц зориулалтаар 15 жилийн хугацаатай эзэмшүүлсэн иргэний газар эзэмших эрхийн гэрчилгээ, иргэн, хуулийн этгээдэд газар эзэмшүүлэх гэрээ, хүсэлт гаргагчийн тайлбар зэргээр уг орон сууцны газар нь*******ийн эзэмшилд байна.

6. Иргэний хуулийн 104 дүгээр зүйлийн 104.1-д Эзэнгүй эд юмсыг илээр, шударга аргаар олж авснаас хойш өөрийн өмчлөлийн зүйлийн адил 5 жил тасралтгүй илээр эзэмшсэн этгээд тухайн эд хөрөнгийг өмчлөх эрхийг олж авна, 105 дугаар зүйлийн 105.1-д Хууль болон гэрээнд өөрөөр заагаагүй бол эд хөрөнгийг арав буюу түүнээс дээш жилийн турш хууль ёсоор эзэмшиж, ашиглаж байсан эзэмшигч уг эд хөрөнгийг өмчлөх эрхийг тэргүүн ээлжинд олж авах давуу эрхтэй байна ... гэж тус тус заасан бөгөөд дээрх эд хөрөнгийг нэхэмжлэгч******* нь 1992 оноос албан газраас нь хуваарилан өгснөөс хойш өмчлөн авч одоог хүртэл шударгаар эзэмшиж байсан болох нь тогтоогдсон,

7. Дээрх үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийн талаар сонирхогч этгээдээс маргаан үүсгээгүй зэрэг үндэслэл тогтоогдож байх тул Иргэний хуульд зааснаар хүсэлт гаргагч Л.Бадамцэцэгийн хүсэлтийг хангаж, Баянхонгор аймаг, Баянхонгор сум, 01 дүгээр баг, 6 дугаар гудамж, 604 тоот, 17,85 м/кв талбай бүхий, 86 м/кв эзэмшлийн газартай амины орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийн шударга өмчлөгч болохыг тогтоон шийдвэрлэв.

8. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар хүсэлт гаргагч Л.Бадамцэцгийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70.200 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээснийг дурдав.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Иргэний хуулийн 100 дугаар зүйлийн 100.1, 105 дугаар зүйлийн 105.1 дэх хэсэгт заасныг баримтлан Баянхонгор аймаг, Баянхонгор сум, 01 дүгээр баг, 6 дугаар гудамж, 604 тоот, 17,85 м/кв талбай бүхий, 86 м/кв эзэмшлийн газартай амины орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгчөөр*******ийг тогтоосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар хүсэлт гаргагч*******ийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70.200 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дугаар зүйлийн 119.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй бөгөөд мөн хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Г.БАТЗАЯА