Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2024 оны 05 сарын 27 өдөр

Дугаар 131/ШШ2024/00485

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

******* дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Батзаяа даргалж тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар:

Хүсэлт гаргагч: *******,*******,*******,*******,*******,*******,

 Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд: *******,*******,*******,*******,,

 Нэхэмжлэлийн шаардлага: Хүүхэд үрчилснийг хүчингүйд тооцуулах тухай хүсэлттэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 Шүүх хуралдаанд: хүсэлт гаргагч, бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Бүжинлхам нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Хүсэлт гаргагч нь хүүхэд үрчилснийг хүчингүйд тооцуулахаар нэхэмжлэл гаргасан. Хүсэлт гаргагч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:

Миний бие нь 2017 оны 04 дүгээр сарын 08-нд хүү Буяндэлгэрийг төрүүлсэн. Тухайн үед би Солонгос улсад ажиллахаар явах гэж байхад эрүүл мэндийн шалтгаанаар явж чадаагүй тул өөрийн төрсөн эцэгд хүү Буяндэлгэрийг үрчлүүлэн үлдээсэн юм. Одоо би эрүүл мэндийн шалтгаанаар эх орондоо ажиллаж амьдрахаар болсон тул хүүгээ өөрийн асрамжид авах хүсэлтэй байна. Миний эцэг одоо 57 настай, иймд үрчлэлтийг хүчингүйд тооцож өгнө үү гэжээ.

1.2. Хүсэлт гаргагч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Би Солонгос улс руу явах гээд 2023 оны 11 дүгээр сарын 13-ны өдөр 2017 оны 4 дүгээр сарын 08-ны өдөр төрсөн хүү Л.Буяндэлгэрийг эцэгд үрчлүүлсэн. Тэгээд Солонгос улс руу явахаа болиод хүү Л.Буяндэлгэрийг өөрийн асрамжид авахаар болсон гэв.

2. Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд шүүхэд гаргасан тайлбартаа:

Миний бие 1977 онд төрсөн. Манай бага охин хүү Буяндэлгэрийг төрүүлсэн. Ээжийнх нь асрамжид өгч, Бадамхандын нэр дээр болгохыг зөвшөөрч байна гэжээ.

2.1. Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Манай охин нь Солонгос улс руу явах гээд хүү Л.Буяндэлгэрийг надад үрчлүүлсэн. Одоо Солонгос улс руу явахаа больсон тул хүү Л.Буяндэлгэрийг эхын асрамжид өгөхөд татгалзах зүйлгүй гэв.

3. Хүсэлт гаргагчаас иргэний үнэмлэхийн хуулбар, хүүхдийн төрсний гэрчилгээний хуулбар, гуравдагч этгээдийн иргэний үнэмлэхийн хуулбарууд, төрсний бүртгэлийн лавлагаа, үрчилсний бүртгэлийн лавлагаа, өрхийн эрүүл мэндийн төвийн тодорхойлолт, Баянхонгор аймгийн Хөдөлмөр, халамж үйлчилгээний газрын 2024 оны 4 дүгээр сарын 09-ний өдрийн 418 дугаартай тодорхойлолт, Баянхонгор аймгийн*******ын Дуурсах*******ийн засаг даргын 2024 оны 4 дүгээр сарын 09-ний өдрийн тодорхойлолт зэрэг баримтуудыг гаргаж өгсөн. Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдээс болон шүүхээс бүрдүүлсэн баримтгүй болно.

ҮНДЭСЛЭХ нь:

1. Шүүх хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэслэлтэй байна гэж үзэв.

2. Хүсэлт гаргагч нь хүүхэд үрчилснийг хүчингүйд тооцуулах  гэж нэхэмжлэлийн шаардлагаа тодорхойлжээ.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 136 дугаар зүйлийн 136.1-д заасны дагуу эрх зүйн ач холбогдол бүхий үйл явдлыг тогтоолгох тухай хүсэлтээ гаргах, шаардах эрхтэй байна. Тодруулбал Гэр бүлийн тухай хуулийн 61 дүгээр зүйлийн 61.2-т Шаардлагатай гэж үзвэл бусад үндэслэлээр шүүх үрчлэлтийг хүчингүйд тооцож болно., 61.1-т Үрчлэгч нь ...Ганц бие... болох нь илэрсэн тохиолдолд төрүүлсэн эцэг, эх, сонирхогч бусад этгээд, хүүхдийн эрх, ашиг сонирхлыг хамгаалах байгууллага, 14 нас хүрсэн хүүхдийн өөрийн нэхэмжлэлээр шүүх үрчлэлтийг хүчингүйд тооцно..гэж хуулиар нэхэмжлэл гаргах эрхтэй этгээдийг тусгайлан заажээ.

 4. Иймд үрчлэгдэгч Буяндэлгэрийн төрүүлсэн эх болохын нэхэмжлэлээр шүүх хүсэлтийг хүлээн авч шийдвэрлэх боломжтой гэж үзэв. 

5. Хүсэлт гаргагч нь 2017 оны 4 дүгээр сарын 08-ны өдөр төрүүлсэн өөрийн хүү Л.Буяндэлгэрийг 2023 оны 3 дугаар сарын 15-ны өдөр өөрийн эцэг, эх Б.Ариунтуул нарт үрчлүүлсэн болох нь үрчилсний бүртгэлийн лавлагаагаар тогтоогдсон байна. 

6. Улмаар хүү Буяндэлгэрийг үрчилж авсан эцэг, эх Б.Ариунтуул нараар овоглож 6401000254 дугаартай төрсний гэрчилгээ авч төрсний бүртгэлд бүртгүүлж хамтран амьдарч байжээ.

7. Мөн үрчлүүлснээс хойш нь эцэг, эхтэйгээ хамт амьдарч хүүгээ гардан өсгөж байгаа, одоо хүүгийн төрсөн эцгээс нь хүүхдийн тэтгэлэг тогтоолгох шаардлагатай байгаа тул үрчлэлтийг хүчингүйд тооцуулах талаар шүүх хуралдаанд тайлбарласан. 

8. Гуравдагч этгээд нь үрчилж авсан хүү Буяндэлгэрийг өөрийн төрсөн эхийнх нь асрамжид өгч, үрчлэлтийг хүчингүйд тооцож өгөхийг зөвшөөрсөн байна. 

9. Хэдийгээр үйл баримтаар үрчлэгч нь эцэг, эх байх эрхээ урвуулан ашигласан, хүүхэдтэй хэрцгий харьцсан, хуурамч бичиг баримт бүрдүүлэн үрчлэн авах шийдвэр гаргуулсан, эцэг, эх байх эрхээ хасуулсан, эрх зүйн бүрэн чадамжгүй буюу хязгаарлагдмал чадамжтай гэж тооцогдсон, сүрьеэ, сэтгэцийн өвчтэй, согтууруулах ундаа, мансууруулах бодис байнга хэрэглэдэг, эрүүгийн хэрэгт удаа дараа шийтгүүлсэн болон хорих ял эдэлж байгаа ..зэрэг хүүхэд үрчлүүлж болохгүй болон үрчлэлт хүчингүйд тооцуулах хуульд заасан үндэслэл тогтоогдохгүй байх ч зохигчдын хүсэлт, хэргийн нөхцөл байдал, хүүхдийн эрх ашиг сонирхлыг харгалзан үрчлэлтийг хүчингүйд тооцох боломжтой гэж үзэв. 

10. Иймд хүү Буяндэлгэрийг, Б.Ариунтуул нарт үрчлүүлсэн 2023 оны 3 дугаар сарын 15-ны өдрийн үрчлэлтийг хүчингүйд тооцож шийдвэрлэлээ. 

11. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 58 дугаар зүйлийн 58.3-т зааснаар хүсэлт гаргагч нь улсын тэмдэгтийн хураамж 70.200 төгрөг төлөх үүргээс чөлөөлөгдсөн болохыг дурдав.

 Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Гэр бүлийн тухай хуулийн 61 дүгээр зүйлийн 61.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 145 дугаар 145.6 дахь хэсэгт заасныг баримтлан 2017 оны 4 дүгээр сарын 08-ны өдөр төрсөн хүү Л.Буяндэлгэрийг, Б.Ариунтуул нарт үрчлүүлсэн үрчлэлтийг хүчингүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 145 дугаар зүйлийн 145.7 дахь хэсэгт зааснаар хүү Л.Буяндэлгэрийг түүний төрсөн эхын асрамжид үлдээсүгэй.

3. Улсын бүртгэлийн тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.8 дахь хэсэгт зааснаар үрчлэлтийг хүчингүйд тооцсон тухай шүүхийн шийдвэрийг үндэслэн улсын бүртгэгч тухайн бүртгэлд өөрчлөлт оруулж төрсний бүртгэл сэргээхийг тайлбарлаж,

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 58 дугаар зүйлийн 58.3-т зааснаар хүсэлт гаргагч нь улсын тэмдэгтийн хураамж 70.200 төгрөг төлөх үүргээс чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дугаар зүйлийн 119.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй бөгөөд мөн хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Г.БАТЗАЯА