Хэнтий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 09 сарын 27 өдөр

Дугаар 119

 

    МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

 

Хэргийн индекс:180/2017/0122/Э

 

Хэнтий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Л.Уянга даргалж тус шүүхийн шүүх хуралдааны "Б" танхимд хийсэн хуралдаанд:

 

Нарийн бичгийн дарга                   А.Цэрэндулам

Улсын яллагч                                        Ц.Цэен-Ойдов 

Шүүгдэгчийн өмгөөлөгч        С.Нарангэрэл

Шүүгдэгч                                                Г.Б нарыг оролцуулан

     

 Тус Аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн 10.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Огтор овогт Г.Б  холбогдох 201723000156 дугаартай эрүүгийн хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол улсын иргэн, Хэнтий аймгийн Хэрлэн суманд 1991 оны 02 сарын 12-ны өдөр төрсөн, 26 настай, эрэгтэй, дээд боловсролтой, сагсан бөмбөгийн багш дасгалжуулагч, жолооч, малчин мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, эхнэр 2 хүүхдийн хамт, Баянхутаг сумын 2 дугаар баг, Улаан-Өндөр гэх газар оршин суух, улсаас авсан гавьяа шагнал, ял шийтгэлгүй гэх Огтор овогт Г.Б 

 

Шүүгдэгчийн холбогдсон хэргийн талаар:  /яллах дүгнэлтэд дурдсанаар/

Шүүгдэгч Г.Б нь 2017 оны 06 дугаар сарын 07-ны өдөр Хэнтий аймгийн Баянхутаг сумын 2 дугаар багийн нутаг “Улаан-Өндөр” гэх газарт 01 нас 11 сартай С.Төвшинтөгсийг 56-27 ХЭҮ улсын дугаартай тээврийн хэрэгслийн кабин дотор зорчигчийн суудал дээр суулгах зорилгоор тавихдаа биед нь гэмтэл учруулж болгоомжгүйгээр амь насыг хохироосон гэмт хэрэгт холбогджээ. 

 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Хохирогч Э.Сарантуяагийн мөрдөн байцаалтад өгсөн: “... Түвшинтөгсийг Болдсайхан ахын цагаан өнгийн портер маркийн машинд үлдээгээд Болдсайхан ахын охин болон эгчийн хүүтэй гурвуулаа хонь ямаагаа тасдаж ирэхээр болсон. Тухайн үед би Болдсайхан ахын машинд хүүгээ унтуулахад Болдсайхан ах худагийн онгоц модон дээр зогсоод үлдсэн. Тэгээд би хонь ямаагаа тасдаж байхад Болдсайхан ах өөдөөс өөрийн машинтайгаа амдаж ирсэн. Тэгээд надтай хамт явсан Буянхишиг, Тэнгис нар түрүүлээд Болдсайхан ахын машинд суугаад намайг сууж амжаагүй байхад Буянхишиг Сарантуяа эгчээ Түвшинтөгсийн хамарнаас аймар цус гарсан байна гэж хэлсэн. Тэр үед би машины жолооч талын хаалганы хажууд явж байсан болохоор хаалгыг онгойлгоход хүү Түвшинтөгсийн хамарнаас их хэмжээний цус гарчихсан байсан” Тэгээд Болдсайхан ах надад хүүг маань авч өгсөн. Намайг хүү Төвшинтөгсийг авахад уруул нь аймаар хөхөрсөн бие нь сув сул болсон байсан. Надад гомдол санал байхгүй. 37,000 төгрөгөө нэхэмжилнэ гэсэн мэдүүлэг /хх-ийн 26-37 тал/, 

 

Гэрч Э.Сарантуулын мөрдөн байцаалтад өгсөн: “... 2017 оны 06 дугаар сарын 07-ны орой 19 цагийн үед манай нөхөр Г.Б над руу залгаад “ яанаа Сарантуяагийн хүү Түвшинтөгс нас барчихлаа” гэж хэлсэн. Би өөрийн хамаатны ах, эгч 2 той Баянхутаг суманд ирсэн. Нөхөр Г.Баас яагаад  нас барчихваа гэж асуухад “мэдэхгүй, машин дотор унтаж байсан” гэж хэлсэн. Тэр өдөр надтай муудсан нь үнэн. Би аймагт хүүхэдтэйгээ байсан, надтай уулчихаад хөдөө гэр рүүгээ явсан. Би хэрэг болсноос хойш дүү Сарантуяатай уулзаж болсон асуудлын талаар асуусан гэсэн мэдүүлэг /хх-ийн 39-40 тал/, 

 

Гэрч Э.Ундрахнарангийн мөрдөн байцаалтад өгсөн: “...  намайг эмнэлэг рүү ороход хүлээн авахын орон дээр 1 нас гарантай байх жоохон хүүхэд хэвтэж байсан. Тухайн хүүхэд нас барсан байдалтай байсан. Намайг үзлэг хийхэд хүүхдийн хамар уруулын гурвалжин хөхөрсөн, гар хөлийн үзүүр хөрсөн, хамраас цус гарсан байдалтай хэлээ хазсан аман дотроо цустай, бөгсөндөө баастай байсан. Талийгаачийн зүүн талын цээж хэсэгт хөхөрсөн, ар нуруундаа хэсэг газарт хөхөрсөн, баруун духны дээд хэсэг хөхөрсөн, зүүн хацар зулгарсан байдалтай байсан. ... намайг эмнэлэг рүү ороход нэг залуу та нар энэ хүүхдийг авраач гээд хана цохиод байсан. Би цагдаагийн байгууллагад хандсаны дараа нөгөө залууг тайвшруулаад өөрийн өрөөндөө орох гээд эмнэлгийн коридороор явж байхдаа тэр залууг архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байсныг мэдсэн гэсэн мэдүүлэг /хх-ийн 43-44 тал/, 

 

Гэрч Ц.Нарантуулын мөрдөн байцаалтад өгсөн: “... 2017 оны 06 дугаар сарын 07-ны өдөр 17 цаг 53 минутад хар өнгийн малгай өмссөн 25-30 насны залуу манай дэлгүүрээс 2 ширхэг лаазтай Боргио пиво, 2 ширхэг Нийслэл пиво авсан гэсэн мэдүүлэг /хх-ийн 46 тал/,

 

Шүүгдэгч Г.Б ы шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “кабин дотор талийгаачийг 2 гараараа өргөөд өвөр дээрээ авсан боловч уйлахаа болихгүй байхаар нь барьсан чигээрээ жолоочийн талын хаалгаар машинаасаа буусан. Тэгээд талийгаач Түвшинтөгс уйлахаа болихгүй уйлсан хэвээрээ байхаар нь би талийгаачийг машины рулны хойгуур 2 гараараа барьж байгаад суудал тавих гээд хүрэхгүй болохоор нь суудал руу шидсэн. Тэгтэл намайг шидсэний улмаас талийгаач миний баруун гар талын суудал дээр дээшээ харж эхлээд нуруугаараа унаснаа толгойгоороо хаалттай байсан хаалганы дотор хатуу хэсгийг мөргөсөн. Тэгээд уйлсаар байхаар нь би сандраад 2 хөлнөөс нь татаад баруун гар талын суудал дээр дээш харуулан хэвтүүлсэн” Уйлаад л байсан. Тэгэхээр нь би кабиныхаа 2 цонхыг нь онгойлгоод 2 хаалгаа хаалттай чигээр нь орхисон. Талийгаач уйлаад л байсан. Би үлдсэн тал пивоныхоо талыг нь хонь усалж байхдаа нөгөө аягаараа ганцаараа уусан. Нилээд цөөхөн хонь үлдэхээр нь би сонсоход талийгаач дуугүй болчихоор нь би зүүн гар талын цонхоор дээшээ харахад унтаж байгаа юм шиг дээшээ хараад хэвтэж байсан. Би талийгаачийг санаандгүй байдлаар суудал дээр суулгах гэж байгаад шидсэнээс гэмтэл учруулан улмаар амь насыг нь хохироосон байх гэж бодож байна гэсэн мэдүүлэг /хх-ийн 105-107 тал/, 

 

Шүүх эмнэлгийн задлан шинжилгээний №33 тоот дүгнэлтэд: 1.Талийгаач С.Түвшинтөгсийн биед тархины зөөлөн эдийн бүрхүүл доорхи цус харвалт, 2 уушигны дэлбэнгийн цус харвалт зөөлөн эдийн няцрал, дух, цээж баруун нүдний гадна хэсэг, гуяны ар доод хэсэг, толгойн хуйхны цус хуралт, нурууны ар хэсгийн зөөлөн эдийн няцралт бүхий гэмтэл тогтоогдлоо. 2. Дээрх гэмтэл мохоо хүчин зүйлийн 1 удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой. 3.Талийгаач нь тархи, түүний бүрхүүд хальсны гэмтэл болох тархины зөөлөн бүрхүүл доорхи цус харвалтын улмаас нас баржээ. / хх-ийн 86-87 тал/, 

Шүүх эмнэлгийн задлан шинжилгээний гэрэл зургийн үзүүлэл /хх-ийн 88-91 тал/, 

Шүүгдэгчийн ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 162 тал/ зэрэг болно. 

 

Шүүгдэгч Г.Б нь 2017 оны 06 дугаар сарын 07-ны өдөр Хэнтий аймгийн Баянхутаг сумын 2 дугаар багийн нутаг “Улаан-Өндөр” гэх газарт өөрийн эзэмшлийн 56-27 ХЭҮ улсын дугаартай Портер маркийн тээврийн хэрэгслийн кабин дотор 01 нас 11 сартай С.Төвшинтөгсийг зорчигчийн суудал руу шидсэний улмаас бие махбодид нь хүнд гэмтэл учруулж болгоомжгүйгээр амь насыг хохироосон гэмт хэргийг үйлдсэн болох нь хавтаст хэрэгт авагдсан хохирогч гэрч нарын мэдүүлгүүд болон шүүх эмнэлгийн задлан шинжилгээний дүгнэлт зэрэг бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна. 

Иймээс шүүх шүүгдэгч Г.Б ыг Эрүүгийн хуулийн 10.6  дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцох нь зүйтэй байна. 

Шүүх шүүгдэгчид эрүүгийн хариуцлагыг хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдсэний дараа хохирогчид шууд эмнэлгийн бусад туслалцаа үзүүлсэн байдлыг хөнгөрүүлэх нөхцөл байдал болгон харгалзав. 

Хохирогч Э.Сарантуяа шүүгдэгчээс нэхэмжлэх зүйлгүй, гомдолгүй гэсэн байх тул шүүх шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүйд тооцох нь зүйтэй.  

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 36.1 дүгээр зүйлийн 5, 6, 8, 36.8 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон 

 

  ТОГТООХ нь:

 

  1. Шүүгдэгч Огтор овогт Г.Б ыг хүний амь насыг болгоомжгүйгээр хохироох гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

 2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Быг 02 жилийн хорих ялаар шийтгэсүгэй. 

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Б д оногдуулсан 02 жилийн хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй. 

 

4. Эрүүгийн хуулийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Б ы цагдан хоригдсон 60 хоногийг эдлэх ялд нь оруулан тооцсугай.

 

5. Шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй, түүний бичиг баримт шүүхэд ирээгүй, энэ хэрэгт битүүмжлэгдсэн зүйлгүйг тус тус дурьдаж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1.4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 2,5 литрийн боргио нэртэй пивоны савыг устгасугай. 

 

6. Шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардуулснаас хойш 14 хоногийн дотор Хэнтий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл  бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

7. Давж заалдах гомдол гаргасан буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч Г.Б д авсан хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж цагдан хорьсугай.  

 

 

 

 

ДАРГАЛАГЧ,  ШҮҮГЧ Л.УЯНГА