Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2016 оны 04 сарын 06 өдөр

Дугаар 128/ШШ2016/0256

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ц.Сайхантуяа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: Боржигон өндөр овогт Р*******ын Б******* /РД: *******/-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Гааль, татварын ерөнхий газрын даргад холбогдох,

Нэхэмжлэлийн шаардлага: ...Татварын ерөнхий газрын даргын /хуучин нэрээр/ 2014 оны 10 дугаар сарын 07-ны өдрийн А/366, 2014 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн Б/505 дугаар тушаалуудыг хүчингүй болгож, ажилд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалинг нөхөн олгуулах тухай нэхэмжлэлтэй захиргааны хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.О*******, хариуцагч Гааль, татварын ерөнхий газрын даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Т*******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга В.Эрдэнэбат нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Р.Б******* нь шүүхэд гаргасан нэхэмжлэл болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч С.О******* нь шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

...Миний бие 2008 оноос одоог хүртэл Архангай аймагт Татварын хэлтэст улсын байцаагчаар ажиллаж байсан. Би ажиллах хугацаандаа татварын байгууллагад мөрдөгдөж буй хууль, дүрэм, журмын хүрээнд ажиллаж, ажил үүрэгтээ бие оюунаа зориулж өмнөө тавигдсан зорилтуудыг бүрэн биелүүлж ажиллаж ирсэн. Миний ажлыг дээд байгууллага маань үнэлж татварын хэлтсийн өргөмжлөлөөр 3 удаа, 2011 онд аймгийн Засаг даргын жуух бичгээр, 2012 онд Татварын ерөнхий газрын жуух бичгээр тус тус шагнагдаж байсан.

Би ажлын байранд тавигдаж буй нөхцөл шаардлагыг ханган ажилладаг бөгөөд татварын хэлтсээс зохион байгуулдаг олон нийтийн ажил, соёл, спортын ажилд идэвхи санаачлагатай оролцдог.

Миний эцэг төр захиргааны болон татварын байгууллагад олон жил ажиллаж байгаад гавьяаныхаа амралтанд гарсан. Би эцгийнхээ ажиллаж байсан байгууллагад ажиллаж байдгаараа бахархаж явдаг.

Гэтэл 2013 оны сүүлийн хагас жилээс манай татварын хэлтсийн дарга Р.Ц******* намайг янз бүрээр дарамтлах болсон.

Ажил үүргээ гүйцэтгэж яваад ирэхэд чи ажлаас хоцорлоо, гадуур тэнж яваад ирлээ гэх мэтээр дарамталж эхэлсэн.

Татвар төлөгчид тэр болгон утсаар дуудаад ирдэггүй, зарим нь зугтдаг, араас нь явж тандахгүй бол цаг хугацаандаа татвараа төлдөггүй татвар төлөгчид олон байдаг. 2014 оны 02 дугаар сарын 07-ны өдөр 09 цагаас 13 цаг хүртэл Хөнгөлөлт, чөлөөлөлтийн тайлан авч ажлын байрандаа ажилласан. Үдээс хойш 13 цаг 45 минутад гадуур ажлын дэвтэрт бичээд хувь хүний орлогын албан татварын тайлан авах, мөн 1 дүгээр сард татвар төлөөгүй иргэдтэй тооцоо хийхээр Татвар хураалтын тасгийн татварын улсын байцаагч Н.Үл-Олдохын хамт хувь хүний орлогын албан татварын тайлан авч татварын тооцоо хийгээд ирэхэд ажил хийхгүй тэнэж яваад ирлээ гэж дарамтлан Хяналт шалгалтын тасгийн дарга, Татвар хураалтын тасгийн дарга нарыг дуудан оруулж ирээд Н.Үл-Олдох, Р.Б******* нарыг ажлаас халах саналтай байна, Татварын ерөнхий газарт бичиг явуулна гэж танилцуулсан.

Татвар хураалтын тасгийн дарга Б.Э******* ...Ажлаа хийж яваад ирсэн хүмүүсийг халах үндэслэл байхгүй гэж бодож байна гээд уурлаад гараад явсан.

Хэлтсийн дарга Р.Ц******* Татварын ерөнхий газарт бичиг явуулахаас өмнө өөрийн хүсэлтээр халагдана гэсэн хүсэлт бичиж өг гээд цаас үзэг өгч шаардсан. Энэ дарамтын улмаас бид дараа ямар нэгэн алдаа гаргавал өөрийн хүсэлтээр халагдана гэж бичиж өгсөн. Бидний 2 сарын цалинг 20 хувиар бууруулах, үр дүнгийн шагналыг 2 сар хасах гэсэн давхар давхар арга хэмжээг авсан.

2014 оны 9 дүгээр сарын 10 өдөр дахин шалгалт авна гэж Татварын ерөнхий газраас мэдэгдсэний дагуу товлосон цагт шалгалт өгч байхад татварын хэлтсийн хуулийн зөвлөх Д.Нэргүйбаатар орж ирээд Татварын ерөнхий газраас шалгалтаа зогсоо гэж ярлаа хэмээн хэлээд шалгалтыг зогсоосон. Мөн 2014 оны 9 дүгээр сарын 12-ны өдөр Татвар хураалтын тасгийн дарга Б.Э******* рүү Татварын ерөнхий газраас утастан 11 цагт шалгалт явна гэж хэлсний дагуу Хэлтсийн даргад мэдэгдэх гэтэл өрөөндөө байгаагүй гадагшаа гарсан байсан тул сургалтын өрөөний камерыг асаан шалгалтыг ном дүрмийн дагуу өгсөн. Мөн хэд хоногийн дараа хэлтсийн дарга Р.Ц******* дуудан шалгалтыг дахин авах болсон маргааш өглөө 10 цагт шалгалт өгнө гэж хэлсэн. Байн байн шалгалт авч байгаад би үнэхээр их гайхаж, яагаад ингээд байгааг олоогүй. Энэ тухай татварын ерөнхий газарт гомдол гаргаж байсан болно. Хамгийн сүүлийн шалгалтанд тэнцсэн байна гэж Татварын ерөнхий газарт ажиллаж байсан танил маань хэлсэн боловч Р.Ц******* дарга тэнцээгүй гэж хэлсэн.

Ингээд татварын ерөнхий газрын даргын 2014 оны 10 дугаар сарын 07-ны өдрийн А/366 дугаар тушаалаар улсын байцаагчийн эрхийг хассан.

Уг тушаалыг үл хүлээн зөвшөөрч Татварын ерөнхий газарт гомдол гаргаад хариу ирээгүй байхад Татварын ерөнхий газрын даргын 2014 оны 11 дүгээр сарын 13-ны өдөр Б/505 дугаар тушаалаар Архангай аймгийн Татварын хэлтсийн татвар хураагч Р.Б******* намайг татварын албанаас чөлөөллөө. Дээрх 2 тушаал өөрөөр хэлбэл Татварын ерөнхий газрын даргын 2014 оны 10 дугаар сарын 07-ны өдрийн А/366, 2014 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн Б/505 дугаар тушаалуудыг эс зөвшөөрч байна.

Р.Б******* миний бие Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4-д заасныг огт зөрчөөгүй бөгөөд сахилгын зөрчлийг давтан буюу ноцтой зөрчил гаргаагүй. Манай Архангай аймгийн татварын хэлтсийн дарга Р.Ц******* удаа дараа бэлгийн дарамтанд оруулахыг шаардаж эхнэр байхгүй, хоёулаа манайд хоноё, чи одоо миний хүн шүү гэх мэтээр байнга оролддог байснаас гадна шалгалтанд унагаах, гадуур татвар хурааж тайлан аваад ирэхэд ажил тасалсан гэж арга хэмжээ авах зэргээр ажлын байрны дарамтанд байнга оруулснаар өнөөдрийг хүрлээ.

Миний хийж байгаа ажил өөрөө гадуур явж, татвар хураах, хувь хүний орлогын албан татварын тайлан авч татварын тооцоо хийх, татвараа төлөхгүй байгаа иргэдтэй биечлэн уулзаж, тайлан, татвар хураах зэрэг ажлууд багтах ба гарч явахдаа тасгийн дарга, бүртгэлийн дэвтэрт бүртгүүлдэг байсан болно.

Ийм байхад ажил тасалсан гэж ажлаас халсныг би зөвшөөрөхгүй байна.

Татварын ерөнхий газрын даргын 2014 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн Б/505 дугаар тушаалд заасан Татварын ерөнхий хуулийн 30 дугаар зүйлийн 30.1.7-д Татварын улсын байцаагчдын ёс зүйн дүрэм зөрчих гэсэн заалтыг зөрчөөгүй, ёс зүйн алдаа гаргаагүй.

Үндэсний татварын албаны ёс зүйн дүрмийн 2 дугаар зүйлийн 2.2.1-д Хуулийг дээдлэн сахин биелүүлэх гэсэн заалтыг зөрчөөгүй ажил үүргээ гүйцэтгэж явсан. Үүнийг гэрчийн мэдүүлгээр нотлуулна.

Үндэсний татварын албаны Хөдөлмөрийн дотоод журмын 9 дүгээр зүйлийн 9.4.14-д Хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр урьдчилан мэдэгдэлгүй 2-с дээш өдөр ажил тасалсан гэсэн заалтыг огт зөрчөөгүй. Үүнийг нотлох баримт, гэрчээр нотлуулна. Мөн 9 дүгээр зүйлийн 9.5.2-т заасан заалтыг зөрчөөгүй.

Архангай аймгийн Татварын хэлтсийн дарга Р.Ц******* нь миний ажиллах онцлогийг харгалзахгүй үргэлж өрөөндөө байлгаж байх сонирхолтой, гарч орохыг үргэлж хянаж шалгаж байдаг, ажлын байрны дарамтанд оруулахыг санаархдаг. Өөрөө ёс зүйгүй байдал гаргадаг.

Иймд Татварын ерөнхий газрын даргын 2014 оны 10 дугаар сарын 07-ны өдрийн А/366, 2014 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн Б/505 дугаар тушаалуудыг хүчингүй болгож, ажилд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалинг нөхөн олгуулж өгнө үү гэв.

Хариуцагч Татварын ерөнхий газрын даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.Сувд-Эрдэнэ нь шүүхэд бичгээр гаргасан тайлбар болон итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Т******* нь шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

...2014 оны А/366 дугаар тушаалын тухайд татварын улсын байцаагч байсан Р.Б******* 2014 оны 4 дүгээр сард өгсөн татварын улсын байцаагчийн эрх сунгах шалгалт, 9 дүгээр сард өгсөн давтан шалгалтанд дараалан ажилтгүй дүн үзүүлсэн тул Татварын ерөнхий газрын даргын 2013 оны 313 дугаар тушаалаар батлагдсан Татварын улсын байцаагчдын эрх олгох,сунгах журам-ын 3.1.2, 3.1.12 дах хэсэгт заасны дагуу татварын улсын байцаагчийн эрхийг хассан болно.

2014 оны А/505 дугаар тушаалын тухайд хураагч байсан Р.Б******* хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр удаа дараа ажил тасалж, энэ тухай удирдлага сануулсаар байхад зөрчил дутагдлаа залруулаагүй тул Татварын ерөнхий газрын даргын 2014 оны А/125 дугаар тушаалаар батлагдсан Хөдөлмөрийн дотоод журам-ын 9.4.14-д заасан арга хэмжээ авсан байна.

Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

ҮНДЭСЛЭХ нь:

Шүүх хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтууд, нэхэмжлэгч, хариуцагч, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбарыг хянаад нэхэмжлэгч Р.Болор-Эрдэнийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэлээ.

Иргэн Р.Б******* нь Архангай аймгийн татварын хэлтсийн даргын 2008 оны 9 дүгээр сарын 19-ний өдрийн 49 дүгээр тушаалаар Эрдэнэмандал сумын татварын улсын байцаагчаар томилогдон ажиллаж байгаад татварын улсын байцаагчийн эрх сунгах шалгалтад орж, тэнцээгүй тул Татварын ерөнхий газрын даргын 2015 оны 5 дугаар сарын 16-ны өдрийн А/144 дүгээр тушаалаар татварын улсын байцаагч Р.Болор-Эрдэнийн эрхийг түдгэлзүүлж шийдвэрлэжээ.

Улмаар татварын улсын байцаагчийн эрх сунгах давтан шалгалтад орж амжилтгүй дүн үзүүлсэн тул Татварын ерөнхий газрын даргын 2014 оны 10 дугаар сарын 07-ны өдрийн А/366 дугаар тушаалаар Р.Болор-Эрдэнийн татварын улсын байцаагчийн эрхийг хассан байна.

Архангай аймгийн Татварын хэлтсийн дарга Р.Ц*******аас гомдол гаргасны дагуу Р.Болор-Эрдэнийн ёс зүйн дүрэм зөрчсөн асуудлаар тус аймгийн татварын хэлтсийн Ёс зүйн салбар хороо 2014 оны 10 дугаар сарын 22-ны өдөр хуралдан ...татварын улсын байцаагчийн эрх сунгах шалгалтад амжилтгүй дүн үзүүлсэн, ...2014 оны эхний 10 сарын байдлаар 66 удаа ажлын цагаас хожимдсон... зэрэг үндэслэл зааж Төрийн албаны тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.1.3-т заасны дагуу сахилгын шийтгэл ногдуулах саналыг Татварын ерөнхий газрын Төрийн захиргаа удирдлагын газарт хүргүүлсний дагуу Татварын ерөнхий газрын даргын 2014 оны 11 дүгээр сарын 13-ны өдөр Б/505 дугаар тушаалаар Архангай аймгийн татварын хэлтсийн хураагч Р.Б******* хүндэтгэн үзэх шалтгаангүй удаа дараа ажил тасалсан нь Татварын ерөнхий хуулийн 30 дугаар зүйлийн 30.1.7, Үндэсний татварын албаны ёс зүйн дүрмийн 2.2.1.а, Үндэсний татварын албаны хөдөлмөрийн дотоод журмын 9.4.14, 9.5.2 дахь заалтуудыг зөрчсөн тул хөдөлмөрийн гэрээг цуцалж, Үндэсний татварын албанаас халжээ.

Татварын ерөнхий газраас татварын улсын байцаагч нарын эрх сунгах шалгалтыг 2014 оны 4 дүгээр сарын 25-ны өдөр, давтан шалгалтыг 9 дүгээр сарын 26-ны өдөр цахимаар тус тус авч Р.Б******* нь 19, 14 оноо тус бүр авч, нийт 67.5, 64.1 оноо авснаар шалгалтад хангалтгүй дүн үзүүлсэн нь шүүхээс бичиг баримтад хийсэн үзлэгээр нотлогдож байх тул нэхэмжлэгчийн ..9 дүгээр сард удаа дараа шалгалт авсан, намайг шалгалтдаа тэнцсэн гэж хэлж байсан гэх тайлбар баримтаар тогтоогдохгүй байх тул Татварын ерөнхий газрын даргын 2014 оны А/336 дугаар тушаал нь нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчөөгүй байна.

Татварын ерөнхий хуулийн 27 дугаар зүйлийн 27.6.2, 27.6.3-т заасны дагуу Татварын ерөнхий газрын дарга журам, заавар, аргачлалыг баталж мөрдүүлэх, татварын улсын байцаагчийн эрх олгох, эрхийг сунгах, хүчингүй болгох, түдгэлзүүлэх эрхийн хүрээнд гарсан тушаал байна.

Татварын ерөнхий газрын даргын 2013 оны 5 дугаар сарын 01-ний өдрийн 313 дугаар тушаалаар батлагдсан Татварын улсын байцаагчийн эрх олгох, сунгах журам-ын 3.1.2-т Татварын улсын /ахлах/ байцаагч нь эрх авсан буюу сунгуулснаас хойш 3 жил тутамд шалгалтанд хамрагдаж эрхээ сунгуулна-аар заасны дагуу Р.Б******* нь шалгалт өгсөн байх бөгөөд уг журмын 3.1.11, 3.1.12-т зааснаар байцаагчийн эрхийг түдгэлзүүлж, улмаар эрхийг хассан тушаалууд нь хууль бус гэж үзэх боломжгүй тул энэхүү нэхэмжлэлийн шаардлагад холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж үзэв.

Харин Татварын ерөнхий газрын даргын 2014 оны 10 дугаар сарын 07-ны өдрийн А/366 дугаар тушаалаар Р.Болор-Эрдэнийн татварын улсын байцаагчийн эрхийг хассаны дараа түүнтэй хөдөлмөрийн гэрээ байгуулаагүй байсан нь хэрэгт авагдсан Р.Б******* гарын үсэг зураагүй хөдөлмөрийн гэрээгээр нотлогдож байна.

Хариуцагч Татварын ерөнхий газрын дарга, Архангай аймгийн татварын хэлтсийн дарга нар нэхэмжлэгч Р.Б*******тэй хөдөлмөрийн гэрээ байгуулж, гэрээний нэг хувийг ажилтан буюу Р.Б*******д өгөх үүргийг Хөдөлмөрийн хуулиар хүлээсэн тул байгуулаагүй хөдөлмөрийн гэрээг уг тушаалаар цуцалж шийдвэрлэсэн нь бодит байдалтай нийцэхгүй акт болжээ.

Түүнчлэн Хөдөлмөрийн тухай хуулиас үзвэл ажилтан гэж ажил олгогчтой хөдөлмөрийн гэрээ байгуулан ажиллаж байгаа иргэнийг хэлэх бөгөөд хариуцагч Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4-т заасан ажилтан хөдөлмөрийн сахилгын зөрчлийг давтан гаргасан, эсхүл хөдөлмөрийн харилцааг шууд зогсоохоор хөдөлмөрийн гэрээнд тухайлан заасан ноцтой зөрчил гаргасан үндэслэлээр хөдөлмөрийг гэрээг цуцлахдаа ажилтан хөдөлмөрийн сахилгын зөрчлийг давтан гаргасан үндэслэлд хамааруулах тохиолдолд хөдөлмөрийн сахилгын зөрчлийг 2 буюу түүнээс дээш гаргасан байхыг ойлгоно.

Энэхүү тохиолдолд Р.Болор-Эрдэнийн татварын улсын байцаагчаар ажиллаж байх үеийн 2014 оны 2, 8 дугаар сарын ажлаас хоцорсон зөрчил гэх зэргийг давтан зөрчил гаргасанд хамруулан, нэгэнт татварын улсын байцаагчийн эрх сунгах шалгалтад тэнцээгүйн улмаас 366 дугаар тушаалаар татварын улсын байцаагчийн эрхийг хассан байхад давхар хариуцлага тооцож, Ёс зүйн салбар хорооны татварын улсын байцаагчийн эрх сунгах шалгалтад амжилтгүй дүн үзүүлсэн гэх хууль бус дүгнэлтийг үндэс болгон халсан нь үндэслэлгүй байна.

Иймд нэхэмжлэгч Р.Болор-Эрдэнийн гаргасан Татварын ерөнхий газрын даргын 2014 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн Б/505 дугаар тушаалыг хүчингүй болгож, түүнийг урьд эрхэлж байсан татварын хураагчийн албан тушаалд эгүүлэн тогтоон, ажилгүй байсан хугацааны цалин хөлс гаргуулах нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэх нь зүйтэй гэж үзэв.

Төрийн албаны тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.6, Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1-д зааснаар үндсэн болон нэмэгдэл цалинг 530.210 /цалингийн дэлгэрэнгүй үндсэн цалин 504.965, нэмэгдэл 25.245/ төгрөгөөр тооцож ажилгүй байсан хугацааны 2014 оны 11 дүгээр сарын 14-ний өдрөөс шүүхийн шийдвэр гарах өдөр буюу 2016 оны 4 дүгээр сарын 06-ны өдөр хүртэлх нийт 348 хоногийн цалин хөлстэй тэнцэх олговор /530210:21,2=25.009х348/ 8.703.132 /найман сая долоон зуун гурван мянга нэг зуун гучин хоёр/ төгрөгийг нэхэмжлэгчид олгохыг хариуцагчид даалгаж шийдвэрлэв.

Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 70 дугаар зүйлийн 70.1, 70.2.8-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Татварын ерөнхий хуулийн 27 дугаар зүйлийн 27.6.2, 27.6.3, Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4-т тус тус заасныг баримтлан нэхэмжлэгч Р.Болор-Эрдэнийн гаргасан нэхэмжлэлийн зарим хэсгийг хангаж, Татварын ерөнхий газрын даргын 2014 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн Б/505 дугаар тушаалыг хүчингүй болгож, түүнийг урьд эрхэлж байсан татварын хураагчийн албан тушаалд эгүүлэн тогтоон, нэхэмжлэлийн үлдэх хэсэг Татварын ерөнхий газрын даргын 2014 оны 10 дугаар сарын 07-ны өдрийн А/366 дугаар тушаалын Р.Б*******д холбогдох хэсгийг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.

2. Төрийн албаны тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.6, Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1-д заасныг баримтлан нэхэмжлэгчийн ажилгүй байсан 2014 оны 11 дүгээр сарын 13-ны өдрөөс шүүхийн шийдвэр гарсан өдөр хүртэлх хугацааны дундаж цалин хөлстэй тэнцэх олговор болох 8.703.132 /найман сая долоон зуун гурван мянга нэг зуун гучин хоёр/ төгрөгийг нэхэмжлэгчид олгохыг Гааль, Татварын ерөнхий газарт даалгасугай.

3. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2-т зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 35100 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.

Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 81 дүгээр зүйлийн 81.1-д заасны дагуу хэргийн оролцогчид, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ц.САЙХАНТУЯА