| Шүүх | Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Баяраагийн Баярмаа |
| Хэргийн индекс | 184/2022/06333/И |
| Дугаар | 184/ШШ2024/02511 |
| Огноо | 2024-05-06 |
| Маргааны төрөл | Хамтран ажиллах гэрээ, |
Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2024 оны 05 сарын 06 өдөр
Дугаар 184/ШШ2024/02511
2024 05 06 184/ШШ2024/02511
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
******* дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч ******* даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: ***-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: **-д холбогдох,
Хөрөнгө оруулж, хамтран ажиллах гэрээний үүргийн гүйцэтгэлд 641,319,200 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг шүүх 2022 оны 12 дугаар сарын 05-ны хүлээн авч, мөн сарын 12-ны өдөр иргэний хэрэг үүсгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд *** нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч “******* *******” ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгч болон хариуцагч нарын хооронд 2020 оны 04 дүгээр сарын 17-ны өдөр “Хөрөнгө оруулж, хамтран ажиллах гэрээ” байгуулсан. Уг гэрээний дагуу нэхэмжлэгч нь хариуцагчаас “******* *******” ХХК-тай 2020 оны 02 дугаар сарын 05-ны өдөр байгуулсан №20/05 дугаартай “Ажил гүйцэтгэх гэрээ”-г хэрэгжүүлэх зорилгоор БНХАУ-аас захиалсан барилгын материал худалдан авах, нийлүүлэх зардлыг санхүүжүүлэхээр гэрээний 1.2 болон 3.1.1.1 дэх заалт, санхүүжилтийн мөнгөө буцаан авахаар гэрээний 3.1.2.1 дэх заалт, хамтын ажиллагаанаас бий болох ашиг буюу 500,000,000 төгрөгийн үнэ бүхий бартерын орон сууцыг гэрээний дагуу хүлээн авах эрх, үүрэгтэйгээр гэрээний 3.1.2.1 дахь заалт харилцан хүлээсэн бөгөөд талууд гэрээгээр хүлээсэн үүргээ шударгаар, зохих ёсоор биелүүлэхээр гэрээний 1.3 дахь заалтаар харилцан тохиролцсон. Нэхэмжлэгч нь гэрээгээр хүлээсэн барилгын материалыг худалдан авах зардалд зориулж 145,000,000 төгрөгийг 2020 оны 04 дүгээр сарын 17-ны өдөр Хас банкаар дамжуулан шилжүүлсэн бол 2020 оны 05 дугаар сарын 18-ны өдөр 30,000,000 төгрөг, нийт 175,000,000 төгрөгийг банкны шилжүүлгээр бэлнээр олгосон, Мөн 2020 оны 04 дүгээр сарын 17-ны өдөр 2018 онд үйлдвэрлэсэн Toyota Land Cruiser 200 маркийн тээврийн хэрэгслийг 00-60 УНЛ улсын дугаар бүхий автомашиныг 125,000,000 төгрөгийн санхүүжилтэд тооцож, худалдах, төлбөрийг хүлээн авах эрх бүхий итгэмжлэлийг нотариатаар гэрчлүүлж хариуцагчийн гүйцэтгэх захирал т олгосон. Өөрөөр хэлбэл, нэхэмжлэгч нь хөрөнгө оруулж, хамтран ажиллах гэрээгээр хүлээсэн барилгын материалыг худалдан авалтыг санхүүжүүлэх үүргээ бүрэн биелүүлж, нийт 300,000,000 төгрөгийг хариуцагчид шилжүүлсэн. Гэтэл хариуцагч нь гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй, тухайлбал нэхэмжлэгчээс хүлээн авсан 300,000,000 төгрөгийг эргүүлэн төлөхөөр гэрээний 3.1.2.1 дэх заалтаар хүлээсэн үүргээс гагцхүү 45,000,000 төгрөгийг бэлнээр төлсөн бол 128,000,000 төгрөгт 2012 онд үйлдвэрлэсэн Лексус 570 маркийн 94-99 УНП улсын дугаар бүхий автомашиныг төлбөрт тооцож өгсөн бөгөөд үлдэгдэл 127,000,000 төгрөгийг өнөөдрийг хүртэл эргүүлэн төлөөгүй байна. Түүнчлэн, хөрөнгө оруулж, хамтран ажиллах гэрээгээр харилцан тохиролцсон хөрөнгө оруулсны ашиг болох 500,000,000 төгрөгийн үнэ бүхий бартерын орон сууц/оффисын талбай/-ыг бодит зах зээлийн үнээр 2020 оны 12 дугаар сарын 31-ний дотор нэхэмжлэгчид гэрээгээр шилжүүлэн өгөхөөр гэрээний 3.2.1-3.2.2 дахь заалтад заасан үүргээ өнөөдрийг хүртэл биелүүлэхгүй зайлсхийж байна. Иймд нэхэмжлэгчээс хөрөнгө оруулж хамтран ажиллах гэрээний үүргийн гүйцэтгэлтэй холбогдуулан 2020 оны 04 дүгээр сарын 17-ны өдөр “Хөрөнгө оруулж, хамтран ажиллах гэрээ”-ний 3.1.1-д заасан нэхэмжлэгчийн оруулсан 300,000,000 төгрөгөөс төлөгдөөгүй үлдсэн 127,000,000 төгрөг, 843 хоногийн алданги 10,706,100 төгрөг, улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 846,481 төгрөг, нийт 138,552,581 төгрөгийг гаргуулах, “Хөрөнгө оруулж, хамтран ажиллах гэрээ”-ний 3.2.2-т заасан тусгайлсан үүргийн дагуу дүүргийн Засаг даргын Тамгын газрын шинээр баригдсан барилгаас 500,000,000 төгрөгийн үнэ бүхийн оффисын зориулалттай талбайг бодит зах зээлийн үнээр захиалгын гэрээгээр нэхэмжлэгчид шилжүүлэх өгөх үүргийг “*******” ХХК-ид даалгаж, гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулж өгнө үү. Хөрөнгө оруулж, хамтран ажиллах гэрээний 1.2 дахь заалтад А тал нэхэмжлэгч нь Б тал хариуцагчид хөрөнгө оруулалт хийж, хариуцагчийн “******* ******* ” ХХК-тай 2020 оны 02 дугаар сарын 05-ны өдөр байгуулсан №20/05 дугаартай ажил гүйцэтгэх гэрээний хэрэгжилт, түүнээс гарах ашгийн тодорхой хувийг энэ гэрээний 3.2-т заасан хэмжээгээр эзэмших”-тэй талаар тодорхой тусгасан. Түүнчлэн, хариуцагчаас “******* ******* *******” ХХК-тай 2022 оны 06 дугаар сарын 08-ны өдөр “Ажил гүйцэтгэх тухай №20/05 дугаартай гэрээний нэмэлт, өөрчлөлтийн UNKH22/130206/ дугаар Ажил гүйцэтгэх гэрээ”-гээр байгуулсан бөгөөд уг гэрээний 9.4 дэх заалтад “Нийт 602.12 м.кв 3,482,191,000 төгрөгийн оффисын талбайг захиалгын гэрээ хийхээр тохиролцов” гэж тусгасны дагуу хариуцагч нь Ажил гүйцэтгэх гэрээний дагуу 2022 оны 06 дугаар сарын 08-ны өдөр UNKH2022/08B02 дугаартай Оффисын талбай захиалгын гэрээгээр 336.08 м.кв талбайг 1,965,763,000 төгрөгөөр, мөн 2022 оны 06 дугаар сарын 08-ны өдөр UNKH2022/130207 дугаартай Оффисын талбай захиалгын гэрээгээр 266.04 м.кв талбайг 1,516,428,000 төгрөгөөр, нийтдээ 602.12 м.кв оффисын талбайг 3,482,191,000 төгрөгт тооцож тус тус захиалгын гэрээг өөрийн нэр дээр байгуулсан нь хэрэгт цугларсан нотлох баримтаар тогтоогдож байна. Тиймээс, нэхэмжлэгч нь хөрөнгө оруулж, хамтран ажиллах гэрээний дагуу хамтын ажиллагааны ашгаас гэрээгээр тохиролцсон 500,000,000 төгрөгийн өртөг бүхий бартерын талбайг өөрийн нэр дээр шилжүүлэн авч гэрээний үүргээ шударгаар хэрэгжүүлэхээс зайлсхийж байгаа тул гэрээгээр тохиролцсон хамтын ажиллагааны ашиг болох 500,000,000 төгрөгийг хариуцагчаас гаргуулах нь талуудын гэрээ тохиролцоонд нийцнэ. Иймд, талуудын хооронд байгуулсан “Хөрөнгө оруулж, хамтран ажиллах гэрээ”-ний үүргийн гүйцэтгэлийг хангуулж, хариуцагчаас хөрөнгө оруулалтаас буцаан төлөлтийн 132,000,000 төгрөг, түүний хугацаа хэтэрсэн 706 хоногийн алданги 0,01 хувь болох 9,319,200 төгрөг, хөрөнгө оруулж, хамтран ажиллах гэрээний 3.2-т заасны дагуу ашгийн тодорхой хувь буюу 500,000,000 төгрөг, нийт 641,319,200 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ. Хариуцагч “ ” ХХК-ийн захирлын эхнэр манай гэр бүлүүд гэр бүлийн найзууд байсан. Хариуцагчийн төлөөлөгчийн эхнэр манай эхнэртэй цуг дээд сургууль төгссөн хүн байсан. Бид нар уулзалдахгүй байж байгаад тааралдаад эхнэр бид 2-оос зохих хэмжээний мөнгө төгрөг зээлж байж байгаад итгэл олж аваад “ашигтай бизнес буюу 4,500,000,000 төгрөгийн гэрээний ажил байна, цэвэр ашиг нь 2,800,000,000 төгрөг” гэж өдөр болгон шахуу шалж байгаад гэрээн дээрээ 500,000,000 төгрөгөөр тохироод 4 жил ингээд хөөцөлдөөд явж байна. Хариуцагч тал болон бидний дунд 2020 оны 04 дүгээр сарын 17-ны өдөр гэрээ байгуулж 300,000,000 төгрөгийг хөрөнгө оруулахдаа эхний ээлжийн хөнгөн лэлийн материалд хөрөнгө оруулж, 2020 оны 12 дугаар сарын 31-ний өдөр буцаан төлөхөөр гэрээ байгуулсан. Гэтэл хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь тухайн барилга баригдаж дууссаны дараагаар өгнө гэх мэт зүйл хэлж байна. Мөн 2023 онд хариуцагчийн төлөөлөгчтэй та нар юу ч авахгүй байж болно шдээ гэх зүйл бас хэлж байсан гэв.
Хариуцагч “*******” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ******* шүүхэд ирүүлсэн хариу тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Энэ “Хөрөнгө оруулж, хамтран ажиллах гэрээ” байгуулагдсанаар шууд 500,000,000 төгрөгийн ашиг бий болчихоор юм нэхэмжлэгч тал яриад байна. Нэхэмжлэгч талтай хөрөнгө оруулж, хамтран ажиллах тухай 2020 оны 04 дүгээр сарын 17-ны өдөр гэрээ байгуулсан. Энэ гэрээний 1.2-т “ ” ХХК нь “******* ******* констракшин” ХХК-тай 2020 оны 02 дугаар сарын 15-ны өдөр байгуулсан 20/05 тоот “Ажил гүйцэтгэх гэрээ”-ний хэрэгжилт, түүнээс гарах ашгийн тодорхой хувийг гэрээний 3.2-т заасан хэмжээгээр хуваан эзэмшихтэй холбоотой харилцааг зохицуулна гэсэн байгаа. Ингээд явж байсан чинь Ковид болоод нөхцөл байдлуудаас болоод тухайн барилгын ажлыг “******* ******* констракшин” ХХК-тай барих ажил зогссон. Үүний дараа нөгөө “******* ******* констракшин” ХХК нь санхүүжилт байхгүй гээд сүүлдээ дампуураад энэ ажлаа хийхээ болилоо гээд явсан учраас энэ “******* ******* констракшин” ХХК-тай байгуулагдсан гэрээнүүд бүгд цуцлагдсан. Хавтаст хэргийн 110 дугаар хуудсанд авагдсан “******* ******* констракшин” ХХК-ийн албан бичгээс харахад гэрээний дагуу манайд 1,480,000 төгрөгийг манайд шилжүүлсэн, бусад гэрээнүүд нь цуцлагдсан гэж байна. 490,000,000 төгрөг бол манай зүгээс бараа материал нийлүүлэх, хүмүүс ажиллуулсан гээд маш олон зардалтай холбоотой мөнгийг шилжүүлсэн байгаа. Ингээд “******* ******* констракшин” ХХК-тай хийсэн гэрээ нь цуцлагдчихсан. Манай зүгээс нэхэмжлэгч талтай юу гэж тохиролцсон бэ гэвэл “******* ******* констракшин” ХХК-тай байгуулагдсан гэрээний дагуу дүүрэгт байгаа, дүүргийн шүүхийн хойд талд байгаа энэ барилга баригдаад, гадна фасат, цонх бүх зүйлийг нь хийгээд тэр гэрээ нь нийт 4 тэрбум юм. Энэ гэрээ хийгдсэний дараа олгох ёстой байсан ашиг нь 500,000,000 төгрөгийн оффис юм. Тэгэхлээр манайх нэгэнт энэ нэхэмжлэгч талтай байгуулсан Хөрөнгө оруулж, хамтран ажиллах гэрээ буюу 2020 оны 04 дүгээр сарын 17-ны өдөр байгуулагдсан гэрээний дагуу “******* ******* констракшин” ХХК-тай гэрээгээ үргэлжлүүлэх боломжгүй болсон учраас манайх нэхэмжлэгч талтай байгуулсан гэрээнээсээ татгалзаж байгаа юм. Татгалзсантай холбогдуулаад энэ 132,000,000 төгрөгийг нь буцааж өгье, татгалзсантай холбогдуулаад гэрээний үүрэг бол яригдахгүй, алданги болон бусад гомдол, гүйцэтгэл яригдахгүй учраас 132,000,000 төгрөгийг л эргүүлж буцааж өгье. Тиймээс үлдсэн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэсэн хүсэлттэй байна. Энэ ашиг бол “******* ******* констракшин” ХХК-тай байгуулсан 4 тэрбумын гэрээний хэрэгжилт нь болоод, тохиргоог нь хийж өгч дууссаны дараа нь ашгийн тооцоо гарах байсан байх. Тухайн маргаан бүхий орон сууц баригдаж дуусаагүй мөн Улсын комисс хүлээн аваагүй, ажил нь хийгдээгүй, гэрээ нь цуцлагдчихсан учраас ашгийг тооцоолох боломж байхгүй, манайх “******* ******* констракшин” ХХК-тай байгуулсан гэрээ цуцлагдсан учраас манай зүгээс танай талтай байгуулсан гэрээнээсээ татгалзаж байна. Тиймээс 132,000,000 төгрөгөөс бусад нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй. Талбай захиалсан гэрээг тухайн үедээ “******* ******* констракшин” ХХК-тай хийгээд, “******* ******* констракшин” ХХК нь энэ төслийг хийхээ болиод гэрээнүүдээ бүгдийг нь дуусгавар болгоод, өөр компани руу шилжүүлчихсэн. Тэгээд өөр компанитай хийх гэрээний асуудал нь “ ” ХХК-тай тухайн компани гэрээнүүдийг шинэчилж хийгээгүй учраас тухайн гэрээнүүд нь бүгд дуусгавар болчихсон юм. Мөн гэрээ байгуулаад л шууд манайх өмчилж байгаа гэсэн зүйл байхгүй. Энэ “Захиалгын гэрээ”-г манай зүгээс эх хувиар нь авчирч өгсөн. Эх хувиар нь авчирч өгч байна гэдэг нь “энэ гэрээ Улсын бүртгэлд очихгүй, Улсын бүртгэлд очвол эх хувиар нь авчирч өгдөг”. Тэгэхлээр тухайн “Талбайн захиалгын гэрээ” нь “******* ******* констракшин” ХХК-ийн албан бичигт дурдаад байгаа гэрээнүүд нь дуусгавар болчихсон. Үүнтэй холбоотой асуудлыг өөр компани гээд явж байсан чинь шүүх дээр хэрэг маргаан үүсээд, шүүхээс “******* ******* констракшин” ХХК болон “Асар өргөө” ХХК руу мэдэгдэл очоод “энэ ХХК нь шүүхийн маргаантай юм байна, эдний компанитай гэрээ хийхгүй” гээд гэрээгээ шинэчилж хийгээгүй учраас энэ “******* ******* констракшин” ХХК-тай байгуулагдсан гэрээ дуусгавар болчихсон. Мөн давж заалдах шатын шүүхээс хэргийг буцаахдаа нэхэмжлэлийн шаардлагыг тодруулах хэрэгтэй гэсэн. Нэхэмжлэлийн шаардлага нь нэг орон сууцыг өөрийн нэр дээр шилжүүлэхийг даалгах тухай гэсэн байгаа. Хөрөнгө оруулах гэрээг манай зүгээс зээлийн харилцаа гэж үздэг. Гэрээний 3 дугаар зүйлийн 3.2-т заасан 500,000,000 төгрөгийн орон сууц буюу талбайг гаргуулахаар нэхэмжлэгч тал анх шүүхэд нэхэмжлэл гаргасан. Одоо яаж яваад 500,000,000 төгрөг гаруулах болж нэхэмжлэлийн шаардлага өөрчлөгдөж байгааг ойлгохгүй байна. Энэ талаарх хууль зүйн тайлбараа нэхэмжлэгч тал гаргасангүй. Гэрээгээрээ байр авна гэж нэхэмжлэлийн шаардлага гаргасан, мөн нэхэмжлэгч талаас ахин нэхэмжлэлийн шаардлагаа тодруулсан. Нэхэмжлэлийн шаардлагаа тодруулна гэдэг нь тухайн байрны хаяг, тоот, давхар зэргийг л тодруулах байсан байх. Гэтэл нэхэмжлэгч талаас нэхэмжлэлийн шаардлагаа тодруулсан юм уу өөрчилсөн юм уу гэж асуухаар “манайхаас нэхэмжлэлийн шаардлагаа тодруулсан” гэсэн тайлбар хэлдэг. Тодруулсан гэсэн мөртлөө 500,000,000 төгрөг гаргуулахаар шал өөр нэхэмжлэлийн шаардлага гаргасан мөн 500,000,000 төгрөгт ноогдох улсын тэмдэгтийн хураамж төлөөгүй байна. Тиймээс 500,000,000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлага үндэслэлгүй байна. Тиймээс 132,000,000 төгрөгөөс бусад нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.
Нотлох баримтууд:
Нэхэмжлэгч талаас: 2022 оны 12 дугаар сарын 05-ны өдөр тус шүүхэд гаргасан нэхэмжлэл/ хавтаст хэргийн 1-2 тал/, 2024 оны 01 дүгээр сарын 04-ний өдрийн огноотой нэхэмжлэлийн тодруулсан шаардлага/хавтаст хэргийн 175-176 дугаар тал/, улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт/хавтаст хэргийн 3-5 тал/, итгэмжлэл/хавтаст хэргийн 6 тал/, “******* *******” ХХК-ийн хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар/хавтаст хэргийн 7 тал/, “******* *******” ХХК-ийн компанийн дүрмийн хуулбар/хавтаст хэргийн 8-9 тал/, итгэмжлэл/ хавтаст хэргийн 10 тал/, 2020 оны 04 дүгээр сарын 17-ны өдөр “******* *******” ХХК болон “*******” ХХК нарын хооронд байгуулсан “Хөрөнгө оруулж хамтран ажиллах гэрээ”-ний хуулбар/хавтаст хэргийн 11-14, 179-187/, “*******” ХХК-ийн хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар/ хавтаст хэргийн 15 тал/, Хас банкны төлбөрийн баримт/хавтаст хэргийн 19 тал/, ын Хас банк ХК-ийн тоот дансны 2020 оны 04 дүгээр сарын 01-ний өдрөөс 2020 оны 07 дугаар сарын 01-ний өдрийн дансны хуулга/хавтаст хэргийн 20-21 дүгээр тал/, гэрэл зургийн үзүүлэлт/хавтаст хэргийн 64-68 тал/ зэрэг нотлох баримтыг гарган өгсөн.
Хариуцагч талаас: “ ” ХХК-иас *******т олгосон итгэмжлэл/хавтаст хэргийн 25 дугаар тал/, хариу тайлбар/ хавтаст хэргийн 35 тал/, “******* ******* *******” ХХК болон “*******” ХХК нарын хооронд байгуулсан 2020 оны 02 дугаар сарын 05-ны өдрийн 20/05 тоот дугаартай “Ажил гүйцэтгэх гэрээ”/хавтаст хэргийн 76-80 дугаар тал/, Б тал А талд арилжих бараа материалын жагсаалт/хавтаст хэргийн 81 дүгээр тал/, гэрэл зургийн үзүүлэлт/хавтаст хэргийн 82-84 дүгээр тал/, “ ” ХХК-ийн Түүхий эд материалын нийт төсвийн хүснэгт/хавтаст хэргийн 85 дугаар тал/, “ ” ХХК-ийн Түүхий эд материалын 1 дэх татан авалтын төсвийн хүснэгт/хавтаст хэргийн 86 дугаар тал/, “ ” ХХК-ийн Түүхий эд материалын 2 дах татан авалтын төсвийн хүснэгт/хавтаст хэргийн 87 дугаар тал/ зэрэг нотлох баримтыг гарган өгсөн.
Шүүхийн журмаар:
Нэхэмжлэгч талын хүсэлтээр “******* ******* *******” ХХК болон “*******” ХХК нарын хооронд байгуулсан 2020 оны 02 дугаар сарын 05-ны өдрийн UKC/20-003 дугаар “Ажил гүйцэтгэх гэрээ”/хавтаст хэргийн 92-96 дугаар тал/, “******* ******* *******” ХХК болон “*******” ХХК нарын хооронд байгуулсан 2022 оны 06 дугаар сарын 08-ны өдрийн UKH22/130206 дугаар “Ажил гүйцэтгэх тухай 20/05 тоот гэрээний нэмэлт, өөрчлөлтийн ажил гүйцэтгэх гэрээ”/хавтаст хэргийн 97-98 дугаар тал/, “******* ******* *******” ХХК-ийн 2023 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн УГ-012 дугаартай “Санал хүргүүлэх нь” албан бичиг/хавтаст хэргийн 110 тал/, “*******” ХХК-ийн 2023 оны 04 дүгээр сарын 11-ний өдрийн 16 дугаартай “Баримт, тайлбар хүргүүлэх тухай” албан бичиг/хавтаст хэргийн 111 тал/, “******* ******* ******* ХХК” болон “*******” ХХК-ийн хооронд байгуулагдсан 2022 оны 06 дугаар сарын 08-ны өдрийн UNKH22/130207 дугаартай “Оффисын талбай захиалгын гэрээ”-ний хуулбар/хавтаст хэргийн 112-116 тал/, 2022 оны 06 дугаар сарын 08-ны өдрийн UNKH2022/08B02 тоот дугаартай “Оффисын талбай захиалгын гэрээ”/хавтаст хэргийн 217-220 дугаар тал/, 2024 оны 04 дүгээр сарын 25-ны өдрийн огноотой Үзлэг хийсэн тэмдэглэл/хавтаст хэргийн 234-236 дугаар тал/, үзлэг хийсэн тэмдэглэл/хавтаст хэргийн 234-242 тал/ зэрэг нотлох баримт цугларсан байна.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч “******* *******” ХХК нь хариуцагч “*******” ХХК-ид холбогдуулан Хөрөнгө оруулж хамтран ажиллах гэрээний үүргийн гүйцэтгэлд төлөгдөөгүй 127,000,000 төгрөг, алданги 10,706,100 төгрөг, нийт 137,706,100 төгрөгийг гаргуулах, гэрээний ашиг болох 500,000,000 төгрөгийн өртөг бүхий оффисын зориулалттай талбайг нэхэмжлэгчийн нэр дээр шилжүүлэхийг даалгах тухай нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд анх гаргасан.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч “******* *******” ХХК нь хариуцагч “*******” ХХК-иас хөрөнгө оруулж хамтран ажиллах гэрээний үүргийн гүйцэтгэлд буцаан төлөлтийн 132,000,000 төгрөг, хугацаа хэтрүүлсэн 706 хоногийн алдангид 9,319,200 төгрөг, “Хөрөнгө оруулж, хамтран ажиллах гэрээ”-ний 3.2-т заасан ашгийн 500,000,000 төгрөгийн хамт, нийт 641,319,200 төгрөгийг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлагыг өөрчилж тодруулсан.
Нэхэмжлэгч “******* *******” ХХК нь нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ ...2020 оны 04 дүгээр сарын 17-ны өдөр “Хөрөнгө оруулж, хамтран ажиллах гэрээ”-ний дагуу нэхэмжлэгч нь хариуцагчийн “******* ******* констракшин” ХХК-тай 2020 оны 02 дугаар сарын 05-ны өдөр байгуулсан №20/05 дугаартай “Ажил гүйцэтгэх гэрээ”-г хэрэгжүүлэх зорилгоор БНХАУ-аас захиалсан барилгын материал худалдан авах, нийлүүлэх зардлыг санхүүжүүлэхээр гэрээний 1.2 болон 3.1.1.1 дэх заалт, санхүүжилтийн мөнгөө буцаан авахаар гэрээний 3.1.2.1 дэх заалт, хамтын ажиллагаанаас бий болох ашиг буюу 500,000,000 төгрөгийн үнэ бүхий бартерын орон сууцыг гэрээний дагуу хүлээн авах эрх, үүрэгтэйгээр гэрээний 3.1.2.1 дэх заалт харилцан хүлээсэн бөгөөд талууд гэрээгээр хүлээсэн үүргээ шударгаар, зохих ёсоор биелүүлэхээр харилцан тохиролцон нэхэмжлэгч нь гэрээгээр хүлээсэн барилгын материалыг худалдан авах зардалд зориулж 145,000,000 болон 30,000,000 төгрөг, нийт 175,000,000 төгрөг, мөн 2018 онд үйлдвэрлэсэн Toyota Land Cruiser 200 маркийн тээврийн хэрэгслийг 00-60 УНЛ улсын дугаар бүхий автомашиныг 125,000,000 төгрөгийн санхүүжилтэд тооцож, нийт 300,000,000 төгрөгийг хариуцагчид шилжүүлсэн, хариуцагч нь эргүүлэн төлөх төлбөрөөс 45,000,000 төгрөгийг бэлнээр, 128,000,000 төгрөгт 2012 онд үйлдвэрлэсэн Лексус 570 маркийн 94-99 УНП улсын дугаар бүхий автомашиныг төлбөрт тооцож өгсөн, үлдэгдэл 127,000,000 төгрөгийг төлөөгүй, түүнчлэн гэрээгээр харилцан тохиролцсон хөрөнгө оруулсны ашиг болох 500,000,000 төгрөгийн үнэ бүхий бартерын орон сууц/оффисын талбай/-ыг шилжүүлэх үүргээ өнөөдрийг хүртэл биелүүлээгүй тул буцаалт төлбөр, алданги болон бартерын зүйлийн үнийг гаргуулахаар шаардсан, нийт 641,319,200 төгрөгийг гаргуулах үндэслэлтэй гэжээ.
Хариуцагч “*******” ХХК нь зөвшөөрөл ба татгалзалдаа ...“Хөрөнгө оруулж, хамтран ажиллах гэрээ” байгуулсан, гэрээний тохиролцооны дагуу буцаан төлөлтийн 132,000,000 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрч байна, тус гэрээний 1.2-т заасан “ ” ХХК-ийн “******* ******* констракшин” ХХК-тай 2020 оны 02 дугаар сарын 15-ны өдөр байгуулсан 20/05 тоот “Ажил гүйцэтгэх гэрээ”-ний хэрэгжилт, түүнээс гарах ашгийн тодорхой хувийг гэрээний 3.2-т заасан хэмжээгээр хуваан эзэмшихээр тохиролцсон атал хариуцагч талын “******* ******* констракшин” ХХК-тай байгуулсан гэрээ цуцлагдан ажил зогссон, үүнтэй холбогдуулан манай зүгээс “******* *******” ХХК-тай байгуулсан гэрээнээс татгалзсан, гэрээнээс татгалзсан учир алданги болон бусад үүргийн гүйцэтгэл яригдахгүй учир бусад нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй, маргаан бүхий барилга байгууламж баригдаж дуусаагүй, улсын комисс хүлээн аваагүй учраас ашгийг тооцоолох боломж байхгүй, “******* ******* констракшин” ХХК нь өөр компани буюу “Асар өргөө” ХХК-иар ажлаа гүйцэтгүүлсэн учир 132,000,000 төгрөгөөс бусад нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй гэж маргажээ.
Шүүх зохигч талуудын тайлбар, хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтууд, гэрчийн мэдүүлэгт үндэслэн нэхэмжлэлийн шаардлагаас зарим хэсгийг ханган зарим хэсгийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.
Дараах үйл баримт тогтоогдов.
Шүүх зохигчийн хүсэлтээр “******* ******* *******” ХХК-иас хариуцагч “ ” ХХК-тай байгуулагдсан ажил гүйцэтгэх гэрээг шүүхийн журмаар бүрдүүлсэн.
Тус гэрээ ёсоор хариуцагч/ажил гүйцэтгэгч/ “ ” ХХК нь захиалагч “******* ******* *******” ХХК-тай 2020 оны 02 дугаар сарын 05-ны өдөр 20/05 тоот “Ажил гүйцэтгэх гэрээ”-г байгуулсан байх ба захиалагч тус гэрээгээр дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт баригдаж буй дүүргийн Засаг даргын Тамгын газрын барилга байгууламжийн ажлаас чанарын шаардлага хангасан хуванцар вакум цонх, гадна шилэн металл фасад, А хавтан бэлтгэн нийлүүлэх, худалдан авах болон бусад суурьлуулалтын ажиллагааг БУ19-1872/17 дугаар тусгай зөвшөөрөл бүхий “ ” ХХК-иар хийж гүйцэтгүүлэхээр, захиалагч тал болох “******* ******* *******” ХХК нь шаардагдах хөдлөх болон үл хөдлөх хөрөнгө, мөнгөн хөрөнгө, бараа материалыг гэрээгээр тохирсон хугацаанд шилжүүлэн өгөхөөр үндсэн нөхцлийг тохиролцсон байх ба гэрээний дагуу эхний ээлжид 1 м.кв-ийн үнэлгээг 450,000 төгрөгөөр тооцон 8,414.8 м.кв шилэн фасад, 1 м.кв-ийн үнэлгээг 250,000 төгрөгөөр тооцон 2,688 м.кв А хавтан тус тус нийлүүлэх, угсралтын ажлын нийт үнийн дүн 4,458,660,000/3,786,660,000+672,000,000/ төгрөг байхаар, захиалагч нь гэрээт ажлын хөлсийг нийт ажлын үнийн дүнгийн 23 хувь болох 1,000,000,000 төгрөгийн үнэ бүхий бартерын зүйлийн өмчлөх эрхийг фасадын угсралтын ажлыг эхлэхэд гүйцэтгэгч талд урьдчилгаа болгон 2020 оны 04 дүгээр сарын 10-нд шилжүүлэх, гэрээт ажлын 10 хувь буюу 445,866,000 төгрөгийг гүйцэтгэгч талын ******* банкны 5026154116 тоот дансанд бэлнээр 2020 оны 05 дугаар сарын 30-ны дотор шилжүүлэх, үлдэгдэл төлбөрийг гэрээт ажлын явц болон гүйцэтгэлийн санхүүжилтийг тооцож, оффисын талбай, орон сууц оролцуулан бартерлахаар тохиролцсон. Түүнтэй холбогдуулан бараа материал татан авалтын болон нийт төсөв тооцоог гаргасан, “******* ******* *******” ХХК дээрх гэрээг өөрсдийн архив албан хэрэг хөтлөлтийн журмаар 2020 оны 02 дугаар сарын 05-ны өдөр 20/05 тоот “Ажил гүйцэтгэх гэрээ”-г UKC/20-003 дугаараар баталгаажуулж шүүхэд ирүүлсэн байдаг./хавтаст хэргийн 76-80, 92-96, 81, 82-84, 85, 86, 87 дугаар тал/
Дээрх гэрээний талууд буюу “ ” ХХК, “******* ******* *******” ХХК нар нь дахин 2022 оны 06 дугаар сарын 08-ны өдөр UKН22/130206 тоот “Ажил гүйцэтгэх тухай 20/05 тоот гэрээний нэмэлт өөрчлөлтийн ажил гүйцэтгэх гэрээ”-г хожим байгуулсан байх ба тус гэрээгээр ажил гүйцэтгэх хэмжээ өөрчлөгдсөнтэй холбоотойгоор 8,414.8 м.кв шилэн фасад гэснийг 11,802, 2,688 м.кв А хавтан гэснийг 1,121 гэж тус тус өөрчлөн А, Б блокийн болон хамар ханын шилэн фасад, техникийн өрөөний металл фасад, консолын тааз, усны хаялга, малгай, металл хавтангийн зэрэг бүх ажлын нийт үнийн дүн 6,432,890,000 төгрөг болсныг тэмдэглээд, нэмэлтээр 17 дугаар давхрын шилэн фасад 1,004 м.кв, дам нурууны дээд хөндлөл буюу 464 ш хөндлөлийн нэмэлт ажил, өнгөт саарал хуванцар 3 давхар шилтэй вакум цонхны 133 м.кв ажлыг хийж гүйцэтгэхээр нэмж тохиролцсон болох нь тогтоогддог.
Тус нэмэлт гэрээний хөлсөнд гүйцэтгэгч тал 1,095,330,000 төгрөгийн үнэ бүхий бартерын зүйл хүлээн авсан болохыг, 597,280,000 төгрөгт 95,99 м.кв оффисийн талбайг 1 м.кв үнийг 6,222,000 төгрөгөөр тооцож төслийн талбайгаас оффисын талбай захиалгын гэрээ хийхийг, бартерын 2,884,911,000 төгрөгийн 1 м.кв үнэ 5,700,000 төгрөгөөр тооцож 506,12 м.кв талбайг бартерын төлбөр тооцоонд оффисын талбай захиалгын гэрээ хийхээр, нийт 602,12 м.кв 3,482,191,000 төгрөгийн оффисын талбай захиалгын гэрээ хийхээр, 2022 оны 07 дугаар сарын 10-ны өдрийн дотор 550,569,000 төгрөгийн бартерын төлбөр тооцоог бэлэн болмогц шилжүүлэхээр тохиролцсон, мөн гүйцэтгэгч тал буюу “ ” ХХК нь гэрээний үнээс 114,800,000 төгрөгийн бетон зуурмагийг “ ” ХХК-иас хүлээн авахаар тохиролцсон.
Түүнчлэн гүйцэтгэгч талд бэлэн төлөх төлбөрөөс 490,000,000 төгрөгийг хүлээн авсан болохыг, үлдэгдэл 700,000,000 төгрөгийг нэмэлт гэрээ байгуулагдсан 2022 оны 06 дугаар сарын 08-ны өдрөөс хойш 14 хоногийн дотор гүйцэтгэгч талын Хаан банкны 5026154116 тоот дансанд шилжүүлэхээр нэмэлт нөхцлүүд тохиролцоог тусгажээ./хавтаст хэргийн 97-98 дугаар тал/
Дээрх “ ” ХХК, “******* ******* *******” ХХК нарын хоорондоо 2022 оны 06 дугаар сарын 08-ны өдөр UKН22/130206 тоот “Ажил гүйцэтгэх тухай 20/05 тоот гэрээний нэмэлт өөрчлөлтийн ажил гүйцэтгэх гэрээ”-нээс гадна мөн өдрийн огноотой UNKН2022/130207 дугаар бүхий “Оффисын талбай захиалгын гэрээ” байгуулагдсан байх ба гүйцэтгэгч тал дүүргийн 6 дугаар хороо, Нэгдсэн Үндэсний гудамжны нутаг дэвсгэрт баригдаж буй дүүргийн Засаг даргын Тамгын газрын 16 давхар барилга угсралтын ажил нь явагдаж буй “UN TOWER” оффис, үйлчилгээний барилгад захиалагч тал тохиролцсон үнээр сонгосон давхрын талбайд хөрөнгө оруулан оффисыг захиалан авахаар буюу тус барилгын А блокийн 13 дугаар давхарын баруун жигүүр хэсэгт байрлалтай 1 өрөө тасалгаа танхимтай, нийт 266,04 м.кв ашигтай талбайтай оффиссын зориулалттай эд хөрөнгийг захиалагч талд 100 хувь бартераар шилжүүлэх, ингэснээр 2020 оны 02 дугаар сарын 05-ны өдрийн ажил гүйцэтгэх болон 2020 оны 06 дугаар сарын 08-ны өдрийн нэмэлт гэрээний үүргээс 266,04 м.кв талбайн төлбөр болох 1,526,428,000 төгрөгийг барагдуулсанд тооцох зэрэг нөхцөлүүдийг тохиролцсон./хавтаст хэргийн 112-116 тал/
Мөн дахин “ ” ХХК, “******* ******* *******” ХХК нарын хооронд 2022 оны 06 дугаар сарын 08-ны өдөр UNKН2022/08В02 дугаар бүхий “Оффисын талбай захиалгын гэрээ” байгуулагдсан байх ба гүйцэтгэгч тал дүүргийн 6 дугаар хороо, Нэгдсэн Үндэсний гудамжний нутаг дэвсгэрт баригдаж буй дүүргийн Засаг даргын Тамгын газрын 16 давхар барилга угсралтын ажил нь явагдаж буй “UN TOWER” оффис, үйлчилгээний барилгад захиалагч тал тохиролцсон үнээр сонгосон давхрын талбайд хөрөнгө оруулан оффисыг захиалан авахаар буюу тус барилгын Б блокийн 08 дугаар давхарт байрлалтай 1 өрөө тасалгаа танхимтай, нийт 336,08 м.кв ашигтай талбайтай оффиссын зориулалттай эд хөрөнгийг захиалагч талд 100 хувь бартераар шилжүүлэх, ингэснээр 2020 оны 02 дугаар сарын 05-ны өдрийн ажил гүйцэтгэх болон 2020 оны 06 дугаар сарын 08-ны өдрийн нэмэлт гэрээний үүргээс 336,08 м.кв талбайн төлбөр болох 1,965,763,000 төгрөгийг барагдуулсанд тооцох зэрэг нөхцөлүүдийг тохиролцсон./хавтаст хэргийн 217-220 тал/
Дээрх үйл баримтуудаас үзвэл хариуцагч тал болон “******* ******* *******” ХХК нарын хооронд дүүргийн нутаг дэвсгэрт баригдаж буй тус дүүргийн Засаг даргын Тамгын газрын барилгын ажлын гадна шилэн металл фасад, хуванцар вакум цонх, А хавтан бэлтгэн нийлүүлэх, худалдан авах болон А, Б блокийн болон хамар ханын шилэн фасад, техникийн өрөөны металл фасад, консолын тааз, усны хаялага, малгай, металл хавтангийн зэрэг бүх ажлыг хийж гүйцэтгэхээр харилцан тохиролцсон болох нь тогтоогдсон.
Уг “******* ******* *******” ХХК-ийн ажлыг гүйцэтгэх явцад хариуцагч “ ” ХХК нь нэхэмжлэгч “******* *******” ХХК-тай хөрөнгө оруулж, хамтран ажиллах тухай гэрээг байгуулсан байдаг.
Тус зохигч талуудын хооронд байгуулагдсан гэрээг нэхэмжлэгчийн хүсэлтээр хариуцагч талаас эх хувиар гаргуулсан бөгөөд 2020 оны 04 дүгээр сарын 17-ны өдөр зохигч талуудын хооронд байгуулагдсан “Хөрөнгө оруулж, хамтран ажиллах гэрээ”-гээр “ ” ХХК-ийн “******* ******* *******” ХХК-тай 2020 оны 02 дугаар сарын 05-ны өдрийн 20/05 тоот ажил гүйцэтгэх гэрээний хэрэгжилт, түүнээс гарах ашгийн тодорхой хувийг хуваан эзэмшихээр тохиролцсон байх ба тус гэрээний 3 дугаар зүйлд нэхэмжлэгч/хөрөнгө оруулагч/ “******* *******” ХХК нь хариуцагч/гүйцэтгэгч/ “ ” ХХК-ийн БНХАУ-аас захиалсан Peace Aliminium брэндийн барилгын материалыг худалдан авах зардалд зориулж 270,000,000 төгрөгийг 2020 оны 04 дүгээр сарын 17-ны өдрийн дотор, 30,000,000 төгрөгийг 2020 оны 05 дугаар сарын 01-ний дотор тус тус “ ” ХХК-ийн захирал ын Худалдаа хөгжлийн банкны тоот дансанд шилжүүлэхээр, хариуцагч “ ” ХХК нь 300,000,000 төгрөгийг буцаан 2020 оны 08 дугаар сарын 15-ны өдрийн дотор нэхэмжлэгч ******* *******” ХХК-ид төлж барагдуулах болон 2020 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн дотор хариуцагч “ ” ХХК нь хөрөнгө борлуулсны ашиг болох 500,000,000 төгрөгийн үнэ бүхий бартерын орон сууц/оффисын талбай/-ыг “******* *******” ХХК-ид шилжүүлэн өгч захиран зарцуулах эрх эдлүүлэх нөхцлийг харилцан тохиролцжээ./хавтаст хэргийн 11-14, 179-187/
Тус гэрээний үүрэгт нэхэмжлэгч талаас гүйцэтгэх захирал аас 2020 оны 04 дүгээр сарын 17-ны өдөр Хас банкны тоот данснаас хариуцагч талын гүйцэтгэх захирал ын Худалдаа хөгжлийн банкны тоот данс руу 145,000,000 төгрөг шилжүүлсэн, мөн дансаар 2020 оны 05 дугаар сарын 18-ны өдөр 30,000,000 төгрөг шилжигдсэн, 2020 оны 04 дүгээрсарын 17-ны өдөр Тоёота ланд круйзер-200 маркийн 2018 онд үйлдвэрлэгдсэн 00-60 УНЛ улсын дугаартай автомашиныг 125,000,000 төгрөгт тооцон т итгэмжлэл хийж шилжүүлэн өгсөн, нийт 300,000,000 төгрөгийг шилжүүлсэн, хариуцагч тал хүлээн авсан гэх үйл баримтын талаар талууд маргадаггүй/хавтаст хэргийн 20-21 дүгээр тал/
Талуудын хооронд байгуулагдсан хөрөнгө оруулж, хамтран ажиллах гэрээний 3 дугаар зүйлийн 3.1.1.1-т зааснаар хариуцагч талаас нэхэмжлэгч талд 45,000,000 төгрөгийг бэлнээр болон 128,000,000 төгрөгт тооцон 2012 онд үйлдвэрлэсэн Лексус 570 маркийн 94-99 УНП улсын дугаар бүхий автомашиныг өгсөн талаар талууд маргадаггүй.
Хариуцагч тал нэхэмжлэгчид буцаан төлөх 300,000,000 төгрөгөөс 132,000,000 төгрөг төлөгдөөгүй гэх үйл баримтын талаар талууд мөн маргаагүй.
Харин хариуцагч тал гэрээний 5 дугаар зүйлийн 5.1-д заасан алданги, 3 дугаар зүйлийн 3.2.1, 3.2.2-д заасан хөрөнгө оруулсны ашиг болох 500,000,000 төгрөгийг гэрээ цуцлагдсан үндэслэлээр эс хүлээн зөвшөөрч маргасан.
Тус хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шүүхийн журмаар “******* ******* *******” ХХК нь тус шүүхэд 2023 оны 03 дугаар сарын 10-ны өдөр ирүүлсэн УГ-012 тоот албан бичгээр 2020 оны 02 дугаар сарын 05-ны өдрийн гэрээ байгуулснаас тус компани нь “ ” ХХК-ид 490,000,000 төгрөгийн урьдчилгаа төлсөн, тус компанийн хувьцаа эзэмшигч солигдон дүүргийн Засаг даргын Тамгын газрын барилгын төслийг хэрэгжүүлэгчээр ажиллаж байсан гэрээ дуусгавар болсон бөгөөд дээрх 3 гэрээг цаашид “Асар өргөө” ХХК-ид шилжүүлсэн ба дээрх гэрээнүүдтэй холбоотой эрх, үүрэг хариуцлагыг хариуцах болсныг мэдэгдсэн агуулга бүхий тайлбар ирүүлсэн байдаг./хавтаст хэргийн 110 тал/
Шүүх зохигч талуудын хооронд үүссэн харилцааг Иргэний хуулийн 476 дугаар зүйлийн 476.1 дэх хэсэгт заасан хүчин төгөлдөр хамтран ажиллах гэрээний харилцаа үүссэн гэж үзэв.
Тус гэрээний хүчин төгөлдөр байдлын талаар зохигч талууд маргаагүй.
Зохигчид дүүргийн Засаг даргын тамгын газрын барилга байгууламжийн ажлаас шилэн фасад, цонх, А хавтангийн бэлтгэн нийлүүлэн суурилуулах ажлын туслан гүйцэтгэгч болох “ ” ХХК-ид санхүүжилт олгон хамтран ажиллан нэхэмжлэгч нь 175,000,000 төгрөгийн мөнгөн болон 125,000,000 төгрөгийн автомашинаар хөрөнгө оруулах, хариуцагч компани нь нэхэмжлэгчид түүний оруулсан 300,000,000 төгрөгийн хөрөнгө оруулалтыг буцаан олгохын сацуу “******* ******* *******” ХХК-иас авах ажлын хөлс төлбөрт ноогдох мөнгөн хөрөнгө болон бартерын зүйлээс 500,000,000 төгрөгт ноогдох талбайгаар хөрөнгө оруулахаар талууд үүрэг хүлээсэн болох нь зохигчдын хэн алины тайлбараар тогтоогдож байна.
Зохигчид гэрээний дагуу нэхэмжлэгч тус барилгад 300,000,000 төгрөгийн хөрөнгө оруулалт хийсэн байх бөгөөд уг мөнгөн хөрөнгө нь гэрээт барилгын ажилд зарцуулагдсан, хараахан ашиглалтад ороогүй болох нь тогтоогдсон, эдгээр үйл баримтын талаар маргаагүй.
Хамтран ажиллах гэрээгээр хоёр буюу түүнээс дээш этгээд хуулийн этгээд байгуулахгүйгээр, ашиг олох болон бусад тодорхой зорилгыг хэрэгжүүлэхийн тулд хамтран ажиллах үүрэг хүлээдэг.
Хамтран ажиллах гэрээгээр талууд төлсөн хураамжаа мөнгөн хэлбэрээр эргүүлэн авах талаар Иргэний хуулийн 476 дугаар зүйлийн 476.3.5-д заасан үндэслэл журмын дагуу тохиролцсон байх бөгөөд талууд буцаан авсан хөрөнгийн талаар болон үлдэгдэл төлбөртэй талаар маргаагүй боловч ашиг тооцогдох эсэх талаар маргажээ.
Иргэний хуулийн 477 дугаар зүйлийн 477.3 дах хэсэгт зааснаар талуудын төлөх хураамж нь гэрээнд өөрөөр заагаагүй бол тэдгээрийн дундаа өмчлөх хөрөнгө байна.
Хариуцагч нь оруулсан хураамжийг буюу хөрөнгө оруулалтыг буцаан өгөхөөр тохиролцсон талаар маргаагүй боловч “ ” ХХК, “******* ******* *******” ХХК нарыг хооронд байгуулагдсан гэрээ цуцлагдан дуусгавар болсон ашиг олоогүй, барилга ашиглалтад ороогүй үндэслэлүүдээр ашгийн хуваарилалт 500,000,000 төгрөгийг эс хүлээн зөвшөөрч маргасан боловч энэ талаар уг байдлыг нотолсон баримт хэрэгт авагдаагүй байна.
Өөрөөр хэлбэл “******* ******* *******” ХХК-ийн үүрэг “Асар өргөө” ХХК-ид шилжсэн эсэх, “ ” ХХК-ийн хүлээх үүрэг “Асар өргөө” ХХК-ийн өмнө үргэлжилж байгаа болон солигдсон эсэх, “******* ******* *******” ХХК нь хариуцагч талд бэлэн мөнгөөр 2022 оны 06 дугаар сарын 22-ны өдөр үлдэгдэл 700,000,000 төгрөгийг төлсөн эсэх, эсхүл “Асар өргөө” ХХК өмнөөс нь үүрэг гүйцэтгэсэн эсэх, мөн нэмэлт гэрээнд заасан 1,095,330,000 төгрөгийн бартерын зүйлийг хариуцагчид “******* ******* *******” ХХК болон “Асар өргөө” ХХК өгсөн эсэх нь тодорхойгүй, “ ” ХХК нь “ ” ХХК-иас 114,800,000 төгрөгийн бетон зуурмаг авсан эсэх, цаашлаад “******* ******* *******” ХХК нь “ ” ХХК болон “******* ******* *******” ХХК-тай байгуулсан нэмэлт ажлын гэрээнд 1,095,330,000 төгрөгийн бартерын зүйл хүлээлгэн өгсөн болохыг нэмэлт гэрээнд дүгнэсэн зэрэг байдлууд нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2-т зааснаар шүүх нотлох баримтыг үнэлэхэд үнэн зөв гэж үзэхэд эргэлзээтэй байна.
Хариуцагч “ ” ХХК, “******* ******* *******” ХХК нарын хооронд байгуулагдсан ажил гүйцэтгэх гэрээ цуцлагдсан эсэхээс үл хамааран зохигч талуудын хооронд байгуулагдсан хамтран ажиллах гэрээ хугацаатай тул 2020 оны 12 дугаар сарын 31-ний өдрөөс нэхэмжлэгчийг тус гэрээнээс гарсан гэж үзэхээр байна.
Иргэний хуулийн 479 дүгээр зүйлийн 479.3 дахь хэсэгт зааснаар аль нэг тал гэрээнээс гарснаар хамтын үйл ажиллагаа дуусгавар болно.
Иргэний хуулийн 480.1.1, 480.1.4, 480.3 дахь хэсэгт зааснаар гэрээ дуусгавар болж хамтын үйл ажиллагаа үргэлжлэх боломжгүй болсон тохиолдолд талууд хамтын үйл ажиллагааны явцад бий болсон орлого, зардлыг тооцон үлдэх ашгийг хуваан авах эрхтэй.
Талуудын хооронд хамтран ажиллах гэрээний дагуу хүртэх ашгийн хэмжээний талаар үлэмж маргаантай боловч ашиг олоогүй, алдагдалтай ажилласан болохоо хариуцагч тал Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1, 25 дугаар зүйлийн 25.2.2-т зааснаар нотлоогүй гэж үзэв.
Иргэний хуулийн 478 дугаар зүйлийн 478.8 дахь хэсэгт гэрээнд өөрөөр заагаагүй бол талууд хамтын үйл ажиллагаанаас олсон ашгийг талуудын оруулсан хөрөнгөд хувь тэнцүүлэн хуваарилахаар зохицуулсан ч талуудын хооронд ашгийн хэмжээг хэрхэн тооцох талаар нарийвчлан тодорхойлсон тохиролцоо хийгдээгүй боловч хариуцагч нь нэхэмжлэгчийн өмнө 2020 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн дотор ашиг болох 500,000,000 төгрөгийн үл хөдлөх хөрөнгө шилжүүлэн өгөх үүрэг хүлээсэн, ашиг олоогүйгээ нотлоогүй, ашиг олсон эсэх нь тодорхойгүй ч зохигч талуудыг төлөөлөх эрх бүхий этгээдүүд хоорондоо 2022 оны 08 дугаар сарын 29-ний өдөр харилцсан фэйсбүүк чатанд дээрх ашгийг төлөхийг хүлээн зөвшөөрч байсан болох нь хэрэгт авагдсан үзлэгийн тэмдэглэл зэрэг нотлох баримтуудаас тогтоогддог тул хөрөнгө оруулж хамтран ажилласны ашгийг мөнгөөр тооцон шаардсаныг буруутгах үндэслэлгүй, гаргуулах үндэслэлтэй, Иргэний хуулийн 206 дугаар зүйлийн 206.1, 199 дүгээр зүйлийн 199.3 дахь хэсэгт заасан үүрэг гүйцэтгэх зарчимд үл нийцнэ.
Иймд Иргэний хуулийн 479 дүгээр зүйлийн 479.6-д зааснаар гэрээнээс гарч байгаа талын үүрэг гүйцэтгүүлэгчийн өмнө хүлээсэн үүрэг хэвээр үлдэхээр заасан тул хариуцагч талын татгалзал үндэслэлгүй төдийгүй хамтран ажиллах гэрээ цуцлагдах агуулга үндэслэлгүй, харин дуусгавар болох, гэрээнээс гарах агуулгаар хуульчлагдсан байна.
Мөн хариуцагч талын татгалзалд дурдсан “******* ******* *******” ХХК-ийн хувьцаа эзэмшигч өөрчлөгдсөнтэй холбогдуулан “Асар өргөө” ХХК-ид эрхээ шилжүүлсэн гэх тайлбар албан бичиг нь хариуцагч талыг зохигч талуудын хооронд байгуулагдсан гэрээний хариуцлагаас чөлөөлөх үндэслэл болохгүй болох нь Компанийн тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1, 9.2, 9.3-т заасан хувьцаа эзэмшигч нь компанийн хүлээх үүргийг хариуцахгүй бөгөөд гагцхүү өөрийн эзэмшлийн хувьцааныхаа хэмжээгээр хариуцлага хүлээхээр заасан, мөн Иргэний хуулийн 123 дугаар зүйлийн шаардах эрх өөр этгээдэд шилжсэн эсэхийг мэдэгдээгүй бол үүрэг гүйцэтгэгч анхны үүрэг гүйцэтгүүлэгчийн өмнө гэрээгээр хүлээсэн үүргээ гүйцэтгэх тул татгалзал үндэслэлгүй юм.
Хамтран ажиллах гэрээгээр талууд хамтын үйл ажиллагааг хэрхэн явуулж зорилгодоо хүрэх, хураамжид тооцогдох материаллаг болон материаллаг бус хөрөнгө, шийдвэр гаргалтад оролцох, мэдээлэл авах, ашигтай ажилласан тохиолдолд ашгийг хуваарилах зэргийг тодорхойлохоос гадна Иргэний хуулийн 478 дугаар зүйлийн 478.11, 478.12-т заасны дагуу хамтын үйл ажиллагааны улмаас бий болсон хүндрэл, эрсдэл, алдагдлыг хамтран хариуцахаар заасан боловч энэ тухай хариуцагч тал марган мэтгэлцээгүй болохыг дурдав.
Түүнчлэн нэхэмжлэгч талын хариуцагч талаас гэрээний 5 дугаар зүйлийн 5.1-д заасан үндэслэлээр 706 хоногийн алдангид 9,319,200 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасныг шүүх заримыг ханган шийдвэрлэх нь зүйтэй гэж үзэв.
Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.3, 232.6-д зааснаар талууд бичгээр алданги төлөхөөр тохиролцсон байх тул нэхэмжлэгч шаардах эрхтэй.
Талуудын хооронд байгуулсан гэрээний 5 дугаар зүйлийн 5.1-д талуудын хэн аль нь гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй тохиолдолд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0,01 хувьтай тэнцэх хэмжээний алданги төлөхөөр тохиролцсон байх тул шүүх гэрээний хугацаанд үндэслэн 2020 оны 08 дугаар сарын 15-ны өдрөөс 2020 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл 137 хоногийн алдангийг төлөгдөөгүй гэрээний үүрэг 132,000,000 төгрөгөөс тооцоход 1,808,400/137*13,200/ төгрөгийн тооцоолол гарах тул энэ хэмжээнд хангах үндэслэлтэй.
Иймээс хамтран ажиллах гэрээний үүрэг 2020 оны 12 дугаар сарын 31-ний өдөр дуусгавар болсон тул Иргэний хуулийн 476 дүгээр зүйлийн 476.1, 480 дугаар зүйлийн 480.1.1, 480.3, 478 дугаар зүйлийн 478.8, 232 дугаар зүйлийн 232.4-т зааснаар хамтран ажиллах гэрээний үүрэгт хариуцагч “*******” ХХК-иас 633,808,400/132,000,000+1,808,400+500,000,000/ төгрөг гаргуулан нэхэмжлэгч “******* *******” ХХК-ид олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 7,510,800 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 991,113 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, нэхэмжлэгч “******* *******” ХХК-иас дутуу төлөгдсөн 2,373,433 төгрөгийг гаргуулан улсын орлогод оруулж, хариуцагч “*******” ХХК-иас 3,364,546 төгрөг гаргуулан нэхэмжлэгч “******* *******” ХХК-ид олгон шийдвэрлэв.
Шүүх хавтаст хэрэгт авагдсан шаардлага хангаагүй хавтаст хэргийн 58-63, 69, 223-227 дугаар талд авагдсан баримтуудыг нотлох баримтын хэмжээнд үнэлэхгүй шүүхийн шийдвэрийн үндэслэл болгоогүй болохыг дурдав.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Иргэний хуулийн 476 дүгээр зүйлийн 476.1, 480 дугаар зүйлийн 480.1.1, 480.3, 478 дугаар зүйлийн 478.8, 232 дугаар зүйлийн 232.4-т заасныг тус тус баримтлан хамтран ажиллах гэрээний үүрэгт хариуцагч “*******” ХХК-иас 633,808,400 төгрөг гаргуулан нэхэмжлэгч “******* *******” ХХК-ид олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 7,510,800 төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчээс тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 991,113 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, дутуу төлөгдсөн 2,373,433 төгрөгийг нэхэмжлэгч “******* *******” ХХК-иас гаргуулан улсын орлогод оруулж, хариуцагч “*******” ХХК-иас 3,364,546 төгрөг гаргуулан нэхэмжлэгч “******* *******” ХХК-ид олгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар шүүх хуралдаанд оролцсон тал энэ хуулийн 119.3-т заасан хугацаа өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах ба шийдвэрийг гардан аваагүй нь давж заалдах гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нь шийдвэрийг эс зөвшөөрвөл гардаж авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ ***