Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 04 сарын 20 өдөр

Дугаар 2022/ДШМ/427

 

 

 

 

 

 

2022             04             20                                          2022/ДШМ/427

           

Ц.Эд холбогдох

 эрүүгийн хэргийн тухай

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Д.Мөнхөө даргалж, шүүгч Д.Очмандах, Т.Өсөхбаяр нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор М.Отгонбаатар,

шүүгдэгч Ц.Эын өмгөөлөгч Л.Батжаргал,

нарийн бичгийн дарга Б.Эрхэс нарыг оролцуулан,         

Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Оюунчимэг даргалж хийсэн шүүх хуралдааны 2022 оны 2  дугаар сарын 18-ны өдрийн 163 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч Ц.Эын өмгөөлөгч Л.Батжаргалын гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн Ц.Эад холбогдох эрүүгийн 2009022661545 дугаартай хэргийг 2022 оны 4 дүгээр сарын 13-ны өдөр хүлээн авч, шүүгч Т.Өсөхбаярын илтгэснээр хянан хэлэлцэв.

....................... овгийн Ц.Э, ................................... төрсөн, 43 настай, эрэгтэй, дээд боловсролтой, хэл судлалын мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт ........................... тоотод оршин суух бүртгэлтэй боловч .............................. тоотод оршин суух, /РД: ................................/,

Чингэлтэй дүүргийн шүүхийн 2001 оны 3 дугаар сарын 26-ны өдрийн 88 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 98 дугаар зүйлийн 98.1 дэх хэсэгт зааснаар 30.000 төгрөгөөр торгох ялаар шийтгүүлсэн;

Шүүгдэгч Ц.Э нь 2020 оны 2 дугаар сарын 3-ны өдөр Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэрт, Э.Эд Тоёота камри маркийн JTNBF3HK80301566 арлын дугаартай тээврийн хэрэгслийг 60.000.000 төгрөгөөр худалдаж авна гэж итгүүлж, бодит байдлыг нууж төөрөгдөлд оруулан тээврийн хэрэгслийг банк бус санхүүгийн байгууллагад барьцаанд тавиулан зээл гаргуулж, иргэн Э.Эд 32.704.100 төгрөгийн хохирол учруулсан,

2019 оны 10 дугаар сарын 31-ний өдөр Сүхбаатар дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт, Ж.Ггийн хөөрөг зарах гэсэн хүсэл сонирхлыг далимдуулан хөөргийг чинь зарж өгнө гэж итгүүлж, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулан 66.740.000 төгрөгийн үнэ бүхий 2 ширхэг хөөргийг шилжүүлэн авсан,

Итали улсаас шүр оруулж ирдэг, маш их ашигтай тул зээл аваад мөнгө гаргаад өгчих юм бол 14 хоногийн дараа зээлийг чинь чөлөөлөөд дээрээс нь 20 хувийг нэмж өгнө хэмээн иргэн Г.Жыг хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож, түүний эзэмшлийн орон сууцыг 2019 оны 6 дугаар сарын 28-ны өдөр “Бид финанс” банк бус санхүүгийн байгууллагын барьцаанд 33.000.000 төгрөгөөр тавиулж, 32.988.000 төгрөгийг 2019 оны 6 дугаар сарын 29-ний өдөр Хаан банкны 5007762433 дугаартай өөрийн дансаар, мөн оны 10 дугаар сард мөн аргаараа иргэн Ж.Жаргаланчулууны эзэмшлийн 63.031.188 төгрөгийн үнэ бүхий “Ланд круйзер 200” маркийн автомашиныг тус тус залилан авч, бусдад нийт 195.463.288 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Сүхбаатар дүүргийн прокурорын газраас: Ц.Эын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: .............. овгийн Ц.Эг хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авч, бусдад их хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, шүүгдэгч Ц.Эыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-д зааснаар 20.000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 20.000.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар Ц.Эын цагдан хоригдсон 92 хоногийн нэг хоногийг торгуулийн ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр тооцож, эдлэх ялаас 1.380.000 төгрөгийг хасаж тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар Ц.Э нь шүүхээс тогтоосон торгуулийн ялыг 2 жилийн хугацаанд хэсэгчлэн төлүүлж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар Ц.Э нь шүүхээс тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэж, Ц.Эд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, түүнд хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авч, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл шүүгдэгч Ц.Эад хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэжээ.

Шүүгдэгч Ц.Эын өмгөөлөгч Л.Батжаргал давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Анхан шатны шүүх “... шүүгдэгч Ц.Эыг хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авч, бусдад их хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2 2-д заасан гэмт хэргийн шинжийг бүрэн агуулж байх тул түүнийг уг гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуульд заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлагыг хүлээлгэх нь зүйтэй...” гэж дүгнэж, гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон нь хэргийн жинхэнэ бодит байдалтай нийцээгүй, хууль ёсны ба үндэслэл бүхий болж чадаагүй гэж үзэж байгаа болно.

Хэргийн бодит байдлаар: Хохирогч Ж.Гг гэрч М.Бүрэнжаргал нь шүүгдэгч Ц.Э дээр 2019 оны 10 дугаар сарын 31-ны өдөр дагуулан ирж, 2 ширхэг шүрэн хөөргийг 20.000.000 төгрөгөөр худалдаж өгөөч гэж уулзаж тохиролцсон байдаг. Мөрдөн шалгах ажиллагаанд гэрчээр М.Бүрэнжаргал нь “...Галдан гэх хүний зарах гэж байсан 2 ширхэг хөөргийг Энхбат зарж өгнө гэж хэлээд 1 сарын хугацаатай гэрээ хийж авсан. Түүнээс би Галдан гэх хүнээс аваагүй, тухайн үед би хажууд нь байсан нь бол үнэн, ... Энхбат тэр хөөрөгний 1 ширхгийг нь зараад хагас мөнгийг нь авсан гэж утсаар ярьсан. Харин дараа нь утас нь холбогдохгүй байгаад байна, нэг хөөрөг нь өөрт нь байгаа гэсэн. ...” /1хх 133/ гэх мэдүүлгийг өгсөн байдаг.

Шүүгдэгч Ц.Э нь хохирогч Ж.Ггийн луу хээтэй хөөрөгний үнэ болох 10.000.000 төгрөгийг 2019 оны 12 дугаар сарын 13-ны өдөр өөрийн Хаан банкны 5007762433 тоот данснаас Ж.Ггийн 5032618060 тоот дансанд шилжүүлж өгсөн байна. Мөрдөн шалгах ажиллагаанд гэрчээр Д.Жанлавцогзол “...он, сарыг санахгүй байна, Бүрэнжаргалд мөнгийг нь өгсөн, Бүрэнжаргалын дансаар өгсөн болохоор дансаар нь харагдах байх, Бүрэнжаргал тухайн үед надад орж ирээд зарах гэж байхдаа Энхбат рүү яриад хэдэн төгрөгөөр өгөх юм гээд яриад байсан, ... тэгээд 7.000.000 төгрөгөөр худалдан авч байсан. ...” /2хх 206/ гэх, шүүхийн хэлэлцүүлэгт “...2019 оны 11 дүгээр сарын 9-нд Бүрэнжаргал зах дээр ирээд Салаа шүрэн хөөрөг эарна гээд үзүүлсэн. Би хөөргийг үзэхэд доогуураа жаахан цуурсан, ойролцоогоор 100 гр хүрэх үү, үгүй юу жижиг хөөрөг байсан М.Бүрэнжаргал Ц.Этай миний хажууд утсаар яриад би 7 саяар аваад жаахан засаж янзлаад 8.500.000 төгрөгөөр зарсан. ...” гэх мэдүүлгийг өгсөн байдгаар гэрч М.Бүрэнжаргал нь хохирогч Ж.Ггийн нэг ширхэг хөөргийг зарсан талаараа шүүхийн хэлэлцүүлэгт гэрчээр оролцохдоо хүлээн зөвшөөрсөн байдаг бөгөөд шүүгдэгч Ц.Эад хөөрөгтэй холбоотой 7.000.000 төгрөгийг шилжүүлж байсан гэх зүйл хэрэгт авагдсан баримтаар нотлогддоггүй болно.

Шүүгдэгч Ц.Э мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар /2хх 192/ М.Бүрэнжаргал нь Д.Жанлавцогзолд зарсан 2 толгойтой шүрэн хөөрөгний мөнгийг өгч байгаагүй тул М.Бүрэнжаргал, Д.Жанлавцогзол нарын дансны хуулга, санхүүгийн холбогдох баримтыг гаргуулах хүсэлтийг гаргаж байсан боловч холбогдох мөрдөн шалгах ажиллагаа хийгдээгүй байдаг.

Хохирогч Ж.Г нь шүүгдэгч Ц.Этай байгуулж байсан 2019 оны 10 дугаар сарын 31-ны өдрийн “Иргэд хоорондын гэрээ” /1хх 124/-г нотлох баримтаар гаргасан байдаг. Гэтэл иргэд хоорондын гэрээнд бичигдсэн зарим үг, өгүүлбэр Ц.Эад хадгалагдаж байгаа гэрээнээс өөр, зарим үг өгүүлбэрийг нэмж бичигдсэн байдалтай байгаа болно. Тухайлбал, гэрээний “...114 гр хоёр толгойтой мөчир хэлбэрийн хөөрөг 10.000.000 ..., нийт 30.000.000 төгрөг үнэ бүхий 2 хөөрөг хүлээлгэн өгөв" гэх өгүүлбэр нь үндсэн гэрээнд бичигдсэн бичиглэлээс өөр, гэрээний бусад үг өгүүлбэрийн агуулгатай таарахгүй нөхцөл байдалтай байдаг.

Мөрдөн шалгах ажиллагаанд 2019 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн “Иргэд хоорондын гэрээ” /1хх 124/-г бичсэн Б.Баярмандахаас гэрчийн мэдүүлэг авах, гэрээний “...114 гр хоёр толгойтой мөчир хэлбэрийн хөөрөг 10.000.000 ..., нийт 30.000.000 төгрөгийн үнэ бүхий 2 хөөрөг хүлээлгэн өгөв” гэх бичгийн хэв бусад үг, өгүүлбэрийн бичгийн хэвтэй ижил байгаа эсэх, нэг өнгийн бал, үзгээр бичигдсэн эсэх талаар шинжээчийн дүгнэлт гаргуулан хэргийн бодит байдлыг болон хохирлын хэр хэмжээг нэг мөр тогтооход ач холбогдолтой байгаа болно.

Шүүгдэгч Ц.Эд гэрч Н.Наранбат нь ихээхэн хэмжээний мөнгө, эд зүйлийн өглөгтэй байсан болох нь хэрэгт авагдсан 2018 оны 9 дүгээр сарын 11-ний өдөр С.Нямхишигээс олгосон итгэмжлэл /1хх 244-245/, 2018 оны 7 дугаар сарын 23-ны өдөр З.Гантөмөрөөс Ц.Эын найз Б.Баярмандахад олгосон итгэмжлэл /2хх 169-170/ зэрэг нотлох баримтаар нотлогддог.

Шүүгдэгч Ц.Э нь гэрч Н.Наранбатаас яаралтай өр төлбөр барагдуулах талаар шаардахад төрсөн дүүгийн найз Э.Эын автомашиныг зээлийн барьцаанд тавьж, зээлийн тал хувийг хариуцахаар Ц.Этай тохиролцож 2020 оны 2 дугаар сарын 3-ны өдөр хохирогч Э.Эыг дагуулан ирж Тоёото камри маркийн авто машиныг “Тайгын булаг кредит” ХХК-д 25.000.000 төгрөгийн зээлийн барьцаанд тавьсан байдаг бөгөөд шүүгдэгч, хохирогч нар мөн өдөр анх удаа уулзаж байсан байна.

Шүүгдэгч Ц.Э нь хохирогч Э.Эын автомашиныг барьцаалсан төлбөртэй холбоотойгоор гэрч Н.Наранбатаар дамжуулан 7.500.000 төгрөгийн үнэ бүхий 4 ширхэг шүрэн толгойтой хөөрөг, 5.000.000 төгрөгийн үнэ бүхий шүрэн эдлэл зэрэг нийт 12.500.000 төгрөгийн эд зүйл өгсөн байдаг бөгөөд шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч Э.Э, гэрч Н.Наранбат нар эд зүйлийг авсан талаараа хүлээн зөвшөөрсөн болно. Түүнчлэн шүүгдэгч Ц.Э нь 38.000.000 төгрөгийн үнэ бүхий их гарын хээтэй хөөргөөр сольж авсан гар сийлбэртэй, их зургаан ханат иж бүрэн гэр /2хх 167-168/-ийг хохирогч Э.Эд авто машины зээлийн төлбөртэй холбоотойгоор барьцаалсан байх бөгөөд гэрч Н.Наранбат нь гэр байгаа гэж хүлээн зөвшөөрсөн. Анхан шатны шүүх шүүгдэгчийн хохирогч Э.Эд зээлийн төлбөр төлж байсан нөхцөл байдал, авто машин барьцаалахад нөлөөлсөн шалтгаан зэрэгтэй холбоотой үнэлэлт, дүгнэлт хийгээгүй болно.

Хохирогч Г.Ж нь Ц.Этай 2019 оны 6 дугаар сарын үеэр нутгийн ах гэх Г.Энхболд, дүү Д.Энхбүрэнжаргал нараар дамжуулан танилцаж байсан байх бөгөөд улмаар Ц.Эын эрхэлж байгаа шүрний бизнест Г.Энхболдын хамт хөрөнгө оруулах, оруулсан хөрөнгө оруулалтын цэвэр ашгаас 15-20 хувийг авахаар харилцан тохиролцож хамтран ажиллахаар болсон байдаг.

Хамтран ажиллах тохиролцооны дагуу хохирогч Г.Ж нь 2019 оны 6 дугаар сарын 28-ны өдөр Хан-Уул дүүргийн 15 дугаар хороо, 72а байрны 10 тоот хаягт байрлалтай 2 өрөө байрыг “Бид финанс ББСБ” ХХК-д барьцаалж зээлийн гэрээ /2хх 15/-г байгуулан 33.000.000 төгрөг, 2019 оны 9 дүгээр сард Тоёото ланд круйзер маркийн 77-88 БУА улсын дугаартай авто машиныг И.Чинзоригт шилжүүлэн 01-96 УНТ улсын дугаартай болгож, Ц.Э, Б.Баярмандах, И.Чинзориг нарын хамт Да-Хүрээ зах руу явж бусдад 45.000.000 төгрөгөөр зарж борлуулан нийт 78.000.000 төгрөгийг Ц.Э, Б.Баярмандах нарын шүрний бизнест хөрөнгө оруулалт оруулсан байдаг.

Шүүгдэгч Ц.Э, түүний найз Б.Баярмандах нар Итали улсаас шүр оруулан ирж Г.Энхболд болон хохирогч Г.Ж нарт шүр санал болгосон байдаг бөгөөд Г.Энхболд зохих хөрөнгө оруулалтын хэмжээндээ шүр авч Г.Ж нь худалдан борлуулж чадахгүй гээд татгалзсан байна.

Шүүгдэгч Ц.Э нь өөрийн Хаан банкны 5007762433 дугаарын данснаас хохирогч Г.Жы Хаан банкны 5042575418 дугаарын дансанд 2019 оны 6 дугаар сарын 29-ний өдрөөс 2020 оны 3 дугаар сарын 4-ний өдрийн хооронд нийт 4.140.000 төгрөгийг дансаар шилжүүлж өгсөн байдаг. Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч Г.Жы “Бид финанс ББСБ” ХХК-иас зээлсэн 33.000.000 төгрөгийн зээлтэй холбоотой эргэн төлөлтийн санхүүгийн баримт болон бусад лавлагаа тодорхойлолтыг гаргуулах зэрэг ажиллагаа хийгдээгүйн улмаас бодит хохирлын хэр хэмжээ огт тогтоогдоогүй байдаг.

Шүүгдэгч Ц.Э нь хохирогч Г.Жд 2021 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр Хан-Уул дүүргийн 19 дүгээр хороо, зайсан гудамж, 25-01 тоот хаягт байрлах 129 м.кв үл хөдлөх эд хөрөнгийг шилжүүлж өгсөн байдаг болно.

Хохирогч Г.Ж нь Ц.Эад мөнгө зээлсэн эсвэл хөрөнгө оруулалт оруулсан эсэхийг тогтоох зорилгоор Г.Энхболд, Б.Баярмандах нараас гэрчээр тодруулах, хохирогч Г.Жы 33.000.000 төгрөгийн зээлийн эргэн төлөлт, зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүү хэдэн төгрөг болсон эсэх, төлж барагдуулсан эсэх талаар лавлагаа холбогдох баримтыг “Бид финанс ББСБ” ХХК-иас гаргуулах зэрэг мөрдөн шалгах ажиллагааг дахин хийлгэх шаардлагатай байгаа болно.

Эрүүгийн хуульд тодорхойлсон гэмт хэргийн бүх шинжийг агуулж буй үйлдэл хийсэн хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэдэг. Гэтэл шүүгдэгч Ц.Э болон хохирогч нарын хооронд үүссэн харилцаа Иргэний хууль тогтоомжийн дагуу шийдвэрлэгдэх бүрэн боломжтой, гэрээний эрсдэлээс үүдсэн, гэрээнд заасан үүргийн гүйцэтгэлтэй холбоотой маргааны шинжтэй байхад анхан шатны шүүх миний үйлчлүүлэгчийн гэм буруугийн сэдэл, санаа зорилго, түүнийгээ хэрэгжүүлсэн арга хэрэгсэл, шүүгдэгчийн болон хохирогчийн хувийн байдал, тэдгээрийн хоорондын харилцааны түүх зэрэг нөхцөл байдлуудад зөв дүгнэлт хийгээгүйгээс гадна мөрдөн шалгах ажиллагаанд яллах болон цагаатгах нотлох баримтыг нэгэн адил цуглуулаагүй, хэргийг бүх тапаас нь шалгаж бүрэн бодитой тогтоогоогүй байхад гэм буруутайд тооцсныг хүлээн зөвшөөрөхгүй байгаа болно. Өөрөөр хэлбэл, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдал мөрдөн шалгах ажиллагаанд нотлогдоогүй болно.

Иймд шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, шүүгдэгч Ц.Эад холбогдох эрүүгийн хэргийг нэмэлт мөрдөн шалгах ажиллагаа хийлгэхээр прокурорт буцааж өгнө үү” гэв.

 

Прокурор М.Отгонбаатар тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол үндэслэлтэй гарсан. Галдан гэх хүний хөөрөгний асуудал яригдаж байна. Галдан гэх хүн мөрдөн шалгах ажиллагааны явцад иргэд хоорондын хэлцэл болохыг нотолсон нотлох баримтыг гаргаж өгсөн. Хэрэг шүүхэд шилжсэний дараа шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэгт өмгөөлөгчийн зүгээс Галдантай холбоотой  гэрээ хэлцлийг нотлох баримтаар гаргаж өгсөн. Үүний үндсэн дээр шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэгт хоёр хөөргийг хэн авсан болох, тухайн этгээдийг гэрчээр шүүх хуралдаанд оролцуулах шаардлагатай нөхцөл байдал тогтоогдсон. Цогжавхлан, Бүрэнжаргал, Энхбат нарын мэдүүлгээр хоёр ширхэг хөөрөг байсан болох нь тогтоогдсон. Хөөрөгний жин ямар байсан талаар гэрч нар тогтвортой мэдүүлсэн. Хөөргийг 7 сая төгрөгөөр худалдаж авсан болохыг мөн тогтвортой мэдүүлсэн. Прокурорын зүгээс тухайн хөөрөг ямар үнэтэй, ханштай байсан талаар хөрөнгийн үнэлгээ хийлгэсэн. Үнэлгээгээр 63 сая төгрөг гэж үнэлэгдсэн. Анх тохиролцсон үнэлгээ гэрч нарын мэдүүлгээр тухайн хөөрөгний үнэ 30 сая төгрөг байсан болох нь тогтоогдсон учраас прокуророос шүүгдэгч Ц.Эаас гаргуулах санал тавьсан. Хохирогч, гэрч нар шүүх хуралдаанд хангалттай мэдүүлэг өгсөн. Хөөрөгний жин 210 гр гэдэг асуудал яригдаж байсан. Гэрч нарын мэдүүлгээр жин тогтоогдсон. Хохирогч анх цагдаад мэдүүлсэн мэдүүлэг, иргэд хоорондын хэлцэл гэх баримтуудаар жин тогтоогдсон учраас эргэлзээ бүхий нөхцөл байдал үүсээгүй. Энэ талаар анхан шатны шүүх хуралдаанаар хэлэлцэгдээд шийтгэх тогтоолд тодорхой дурдсан байгаа. Энхзулын машиныг залилаагүй асуудлыг ярьж байна. Энхзул, Наранбат нарын мэдүүлэг, тухайн үед хийсэн гэрээ, хэлцэл болон дансны хуулга дээрээс машиныг ямар зорилготой авсан болох нь тодорхой харагддаг. Дансны гүйлгээний утга дээр “шүр” гэсэн утгатайгаар шилжүүлсэн байдаг. Ц.Э нь Итали улсаас шүр оруулж ирдэг юм уу, үгүй юм уу гэх талаар хангалттай шалгаж тогтоосон. Ц.Э нь Итали улсаас шүр оруулж ирж байгаагүй болох нь тогтоогдсон. Мөн Г.Жы хөрөнгийг “Итали улсаас шүр оруулж ирнэ” гээд авсан байдаг. Г.Жаас авсан хөрөнгөөрөө Ц.Э өөрийнхөө зээлийг төлсөн байдаг. Энэ нөхцөл байдлыг өмгөөлөгчөөс иргэд хоорондын маргаан гэж тайлбарлаж байна. Хэрвээ иргэд хоорондын маргаан гэж үзэж байгаа бол анхнаасаа гэрээний нөхцөл шаардлагын дагуу гэрээний үүргээ Ц.Э биелүүлж байсан уу гэхэд биелүүлж байгаагүй байдаг. Бусдын эд хөрөнгийг хуурч, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж бусдын эд хөрөнгийг авсан нөхцөл байдал тогтоогдсон. Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх саналтай байна” гэв.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар хэргийг хянан шийдвэрлэхдээ прокурорын бичсэн эсэргүүцэлд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг хянав.

Мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих асуудлуудыг шалгаж тодруулсан, хэргийн үйл баримт, гэм бурууг тогтооход үндэслэл болсон нотлох баримтуудыг цуглуулах, бэхжүүлэх, үнэлэх шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг ноцтой зөрчсөн зөрчил тогтоогдоогүй болно.

Шүүгдэгч Ц.Э нь 2020 оны 2 дугаар сарын 3-ны өдөр Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэрт, Э.Эд Тоёота камри маркийн JTNBF3HK80301566 арлын дугаартай тээврийн хэрэгслийг 60.000.000 төгрөгөөр худалдаж авна гэж итгүүлж, бодит байдлыг нууж төөрөгдөлд оруулан тээврийн хэрэгслийг банк бус санхүүгийн байгууллагад барьцаанд тавиулан зээл гаргуулж, иргэн Э.Эд 32.704.100 төгрөгийн хохирол учруулсан,

2019 оны 10 дугаар сарын 31-ний өдөр Сүхбаатар дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт, Ж.Ггийн хөөрөг зарах гэсэн хүсэл сонирхлыг далимдуулан хөөргийг чинь зарж өгнө гэж итгүүлж, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулан 30.000.000 төгрөгийн үнэ бүхий 2 ширхэг хөөргийг шилжүүлэн авсан,

Итали улсаас шүр оруулж ирдэг, маш их ашигтай тул зээл аваад мөнгө гаргаад өгчих юм бол 14 хоногийн дараа зээлийг чинь чөлөөлөөд дээрээс нь 20 хувийг нэмж өгнө хэмээн иргэн Г.Жаргалчулууныг хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож, түүний эзэмшлийн орон сууцыг 2019 оны 6 дугаар сарын 28-ны өдөр “Бид финанс” банк бус санхүүгийн байгууллагын барьцаанд 33.000.000 төгрөгөөр тавиулж, 32.988.000 төгрөгийг 2019 оны 6 дугаар сарын 29-ний өдөр Хаан банкны 5007762433 дугаартай өөрийн дансаар, мөн оны 10 дугаар сард мөн аргаараа иргэн Ж.Жаргаланчулууны эзэмшлийн 63.031.188 төгрөгийн үнэ бүхий “Ланд круйзер 200” маркийн автомашиныг тус тус залилан авч, бусдад нийт 158.723.288 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь:

 

хохирогч Э.Энзулын “...Ц.Э нь өөрийгөө ширэн эдлэлийн наймаа хийдэг гэж танилцуулсан. 2020 оны 1 дүгээр сарын сүүлчээр “Чиний машиныг зээлээр худалдаж авъя. Мөнгийг нь 2020 оны 2 дугаар сарыг дуусгаад цагаан сарын дараа өгье” гэхээр нь би Ц.Эд итгээд машинаа 2020 оны 2 дугаар сарын 3-ны өдөр өгсөн. Ц.Э надад “ахдаа машинаа барьцаанд тавиад өгчих, Гаалийн бичигтэй учраас чиний нэр дээр л барьцаанд тавих боломжтой гэж байна” гэж хэлэхээр нь би зөвшөөрөөд 17 дугаар сургуулийн буудлын эсрэг талд байрлах Сайн авто ломбарданд очсон. Тэнд би өөрийн эзэмшлийн 2018 онд үйлдвэрлэгдсэн, дугаар огт аваагүй, цагаан өнгийн Тоёота Камри маркийн автомашиныг 25.000.000 төгрөгөөр барьцаанд тавьсан. Ингээд Ц.Эд 20.000.000 төгрөгийг зээл гардаг өдөр бэлнээр авч М.Бүрэнжаргал гэж хүний данс руу хийсэн. Дараа нь 5.000.000 төгрөгийг өөрийн Хаан банкны данснаасаа Ц.Эын өөрийнх нь данс руу шилжүүлсэн. ...” /1хх 20-21, 40-42/,

гэрч Н.Наранбатын “...мөнгө хэрэгтэй байна гэж Ц.Э руу ярьсан. Тэгээд тэр “3 кг шүр авах гээд байна. Дээрээс нь 2-3 кг бөмбөлгөн шүр авахад бэлэн байгаа. Ойролцоогоор 300.000.000 орчим төгрөг болж байна” гэж хэлэхээр нь бид тал талаас мөнгө асуусан. Тэр үед Ц.Э надаас “Дүү Э.Эын чинь Тоёота Камри машин байгаа юу” гэж асуухаар нь байгаа гэж хэлсэн. Тэгэхэд Ц.Э “Машиныг нь авъя. Хэдээр өгөх бол. Зээлээр өгөх болов уу” гэхээр нь өөртэй нь уулзаад үз гэж хэлсэн.  Ингээд 2020 оны 2 дугаар сарын 3-ны өдөр Ц.Э нь өөрөө Э.Эд тайлбарлаж хэлээд тухайн өдрөө Э.Эын машиныг 17 дугаар сургуулийн “Сайн” ломбарданд барьцаанд тавьсан. Тэгээд тэр мөнгийг авч, машин барьцаалдаг өдөр М.Бүрэнжаргал, Ц.Э, Э.Э бид 4 явж байсан бөгөөд мөнгө авалцах асуудлын талаар бүгд мэдэж байгаа. Бэлнээр 20.000.000 төгрөгийг Э.Э ломбарднаас аваад Ц.Эад өгөөд үлдэгдэл 5.000.000 төгрөгийг өөрийн данснаас Ц.Эын данс руу шилжүүлсэн.

...М.Бүрэнжаргалын 3 ширхэг шүрэн толгойтой халтар манан хөөргийг плитаны наймаанд оролцуулаад плита зарагдахаар мөнгийг нь гаргаж өгнө гэж хэлээд Ц.Э авсан. Тэрнээс хойш плита авах гэж байгаа Энх-Амгалан гэж дүүд би өөрөө 3 ширхэг хөөргийг нь хүргэж өгсөн. Тэгээд Ц.Э, Энх-Амгалантай наймаа хийж мөнгийг нь өөрөө авчихаад М.Бүрэнжаргалын мөнгийг өгөлгүй өдий хүртэл явж байгаа” /1хх 44-45, 2хх 199-200/,

“Тайгын булаг кредит” ХХК-ийн 2020 оны 2 дугаар сарын 3-ны өдрийн барьцаат зээлийн гэрээний хуулбар /1хх 13-16/, “Тайгын булаг кредит” ХХК-ийн 2020 оны 8 дугаар сарын 5-ны өдрийн албан бичиг /1хх 18/,

хохирогч Ж.Ггийн “...Мөнгөний хэрэгцээ гарахаар нь гэртээ байсан 2 ширхэг хөөргөө зарах санаатай байхад зүс таньдаг хүн надад олон жил хөөрөгний наймаа хийсэн хүн байна гэж хэлсний дагуу Сүхбаатар дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах оффист очиж Энхбат гэх хүнтэй уулзаж ярилцаад өөрийн 114 гр 2 толгойтой хөөрөг, 214 гр луу хээтэй хөөрөг, нийт 2 ширхэг шүрэн хөөргийг нийлээд 30.000.000 төгрөгөөр заруулахаар тохиролцож, иргэд хоорондын гэрээгээр хөөрөгнүүд авсан, 1 сарын хугацаанд зарж өгнө эсвэл 1 сарын хугацаа өнгөрсний дараа зарагдахгүй бол буцааж өгнө гэж надад хэлээд бичиж өгсөн. Энхбатад 2 ширхэг хөөргөө үлдээсэн. Үүнээс хойш 1 сарын хугацаа өнгөрөхөд Энхбатын 99118612 дугаарын утас руу олон дахин залгасан боловч утсаа авахгүй, анх уулзаж байсан ажлын байранд нь очиход огт байхгүй байсан. ... Энхбатын утаснаас дансаа гэсэн мэссэж ирэхээр нь явуултал тэр дор нь 10.000.000 төгрөг орж ирсэн.

... Би хөөргөө үлдээхдээ “Иргэд хоорондын гэрээ гэсэн бичигтэй гар бичмэл хийгээд үнэ болон хугацаагаар тохироод доод талд нь гарын үсгээ зурсан” /1хх 131-132, 2хх 197/,

гэрч М.Бүрэнжаргалын “...Би 2016 оноос хойш шүрэн эдлэл худалдан авч зарах ажил хувиараа хийж байгаа бөгөөд 2019 оны 10 дугаар сарын 31-ний өдөр шүрэн хөөрөг зарах гэж байгаа гэх Галдан гэдэг эмэгтэйтэй анх танилцаж уулзсан. Бусдаар бол танихгүй. Галдангийн зарах гэж байсан 2 ширхэг хөөргийг Энхбат зарж өгнө гээд нэг хугацаатай гэрээ хийж авсан. Түүнээс би Галдан гэх хүнээс аваагүй. Тухайн үед би хажууд нь байсан нь үнэн. Энхбат тэр хөөрөгний нэгийг нь зараад хагас мөнгийг нь авсан гэж утсаар ярьсан. ... Галдан, Энхбат хоёр салаа толгойтой шүрэн хөөргийг нь 10.000.000 төгрөгөөр, луун хэлбэртэй хөөргийг 20.000.000 төгрөгөөр, нийт 30.000.000 төгрөгөөр 2 хөөргийг нийлүүлээд зарж өгнө гэж хэлж байсан” /1хх 133/,

гэрч Д.Жанлавцогзолын “...Бүрэнжаргалын дансаар мөнгийг өгсөн болохоор дансаар нь харагдах байх. Бүрэнжаргал тухайн үед надад орж ирээд зарах гэж байхдаа Ц.Э руу яриад хэдэн төгрөгөөр өгөх юм гээд ярьсан. Тэгээд тэр хоёр хоорондоо утсаар ярьж байгаад Бүрэнжаргал эхлээд 8.000.000-9.000.000 төгрөгөөр өгнө гэж байсан. Хөөрөг нь доогуураа жаахан хагаралтай байхаар нь үнийг нь буулгаж 7.000.000 төгрөгөөр худалдан авсан. Одоо тухайн хөөрөг надад байхгүй. Явуулын хүнд 8.000.000 төгрөгөөр зарсан” /2хх 206/,

Ц.Э, Ж.Г нарын хооронд байгуулсан иргэд хоорондын гэрээ /1хх 124/, “Дамно” ХХК-ийн хөрөнгийн үнэлгээний тайлан /2хх 222-223/,

хохирогч Г.Жын “...2019 оны 5 дугаар сард Ц.Э, Б.Мандах нартай танилцсан. 2019 оны 6 дугаар сарын эхээр “Италиас шүр авчирна. Мөнгөний хэрэг байна” гэж хэлээд намайг байраа барьцаанд тавьчих, үндсэн мөнгөн дээр чинь 20 хувийн ашиг өгнө гэж хэлээд гуйгаад байхаар нь би “Бид финнас” ББСБ-д 2019 оны 6 дугаар сарын 28-ны өдөр өөрийн амьдарч байгаа байраа 33.000.000 төгрөгөөр сарын 4.5 хувийн хүүтэй, 12 сарын хугацаатай барьцаалж мөнгөө Ц.Эын Хаан банкны 5007762433 дугаарын данс руу 2019 оны 6 дугаар сарын 29-ний өдөр 32.988.000 төгрөгийг шилжүүлсэн. ... Ланд крузер 200 маркийн автомашинаа Сонсголонгийн авто тээврийн үндэсний төв дээр очиж нэрээ шилжүүлж өгсөн. ... Би тухайн тээврийн хэрэгслээ 65 сая төгрөгөөр бодож уг хүмүүст өгсөн. ...” /2хх 20-21, 203/,

гэрч П.Чинзоригийн “...Энхбат, Баярмандах, Жаргаланчулуун, Бүрэнжаргал бид нар Ланд крузер 200 маркийн автомашинаа худалдахаар Да хүрээ зах руу явж, машины ченжид 45.000.000 төгрөгөөр худалдаж, би өөрийн Хаан банкны 5027026829 дугаарын дансанд шилжүүлэн авсан. Тухайн өдрөө уг мөнгийг Энхбатын өртэй байсан гэх Хангайбазар гэх хүний Хаан банкны 5024467937 дугаарын дансанд 17.316.000 төгрөгийг шилжүүлсэн. Мөн Энхбат, Энхтайван гэх хүнд өртэй байсан гээд 5131070007 дугаарын дансанд 27.000.000 төгрөгийг шилжүүлсэн. Үлдэгдэл мөнгийг Энхбатын 5007762433 дугаарын дансанд шилжүүлсэн. Жаргаланчулууны Ланд 200 машин нь орон нутгийн дугаартай байсан тул Улаанбаатар хотод зарах боломжгүй байсан. Ингээд Энхбат, Жаргаланчулуун нар намайг чи өөрийнхөө нэр дээр шилжүүлчих гэсэн тул би өөрийн нэр дээр шилжүүлээд тухайн өдрөө зарсан” /2хх 139/,

П.Чинзоригийн эзэмшлийн 5027026829 дугаарын дансны дэлгэрэнгүй хуулга /2хх 140/, Ланд крузер 200 маркийн 01-96 УНТ улсын дугаартай автомашины тээврийн хэрэгслийн лавлагаа /2хх 141/, “Дамно” ХХК-ийн хөрөнгийн үнэлгээний тайлан /2хх 145-148/, Ц.Эын эзэмшлийн 5007762433 дугаарын дансны дэлгэрэнгүй хуулга /1хх 61, 2хх 82/ зэрэг мөрдөн шалгах ажиллагааны явцад хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, анхан шатны шүүхийн шүүх хуралдааны хэлэлцүүлгээр хянан хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар тус тус нотлогдон тогтоогджээ.

Шүүхийн шийдвэрийн үндэслэл болсон дээрх нотлох баримтуудыг хуульд заасан журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, хэрэгт хамааралтай, ач холбогдолтой байх бөгөөд анхан шатны шүүхээс шүүгдэгч Ц.Эыг хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авч, бусдад их хэмжээний хохирол учруулсан гэм буруутай талаар дүгнэсэн нь хэргийн бодит байдалтай нийцсэн байна.

Шүүгдэгч Ц.Эын бусдын эд хөрөнгийг залилан авч, их хэмжээний хохирол учруулсан үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т зааснаар зүйлчилсэн нь хууль зүйн үндэслэлтэй, Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэжээ.

Анхан шатны шүүхээс шүүгдэгч Ц.Эын гэмт хэргийн улмаас бусдад учруулсан хохирлоо нөхөн төлсөн байдлыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, мөн түүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-д заасан ялын төрлөөс торгох ялыг сонгож, 20.000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 20.000.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэснийг хууль зүйн үндэслэл бүхий болсон гэж үзэв.

Шүүгдэгч Ц.Эын өмгөөлөгч Л.Батжаргал “...Хохирогч Ж.Гг гэрч М.Бүрэнжаргал нь шүүгдэгч Ц.Э дээр 2019 оны 10 дугаар сарын 31-ны өдөр дагуулан ирж, 2 ширхэг шүрэн хөөргийг 20.000.000 төгрөгөөр худалдаж өгөөч гэж уулзаж тохиролцсон байдаг. ... гэрч М.Бүрэнжаргал нь хохирогч Ж.Ггийн нэг ширхэг хөөргийг зарсан талаараа шүүхийн хэлэлцүүлэгт гэрчээр оролцохдоо хүлээн зөвшөөрсөн байдаг бөгөөд шүүгдэгч Ц.Эад хөөрөгтэй холбоотой 7.000.000 төгрөгийг шилжүүлж байсан гэх зүйл хэрэгт авагдсан баримтаар нотлогддоггүй болно.

...Мөрдөн шалгах ажиллагаанд 2019 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн “Иргэд хоорондын гэрээ” /1хх 124/-г бичсэн Б.Баярмандахаас гэрчийн мэдүүлэг авах, гэрээний “...114 гр хоёр толгойтой мөчир хэлбэрийн хөөрөг 10.000.000 ..., нийт 30.000.000 төгрөгийн үнэ бүхий 2 хөөрөг хүлээлгэн өгөв” гэх бичгийн хэв бусад үг, өгүүлбэрийн бичгийн хэвтэй ижил байгаа эсэх, нэг өнгийн бал, үзгээр бичигдсэн эсэх талаар шинжээчийн дүгнэлт гаргуулан хэргийн бодит байдлыг болон хохирлын хэр хэмжээг нэг мөр тогтооход ач холбогдолтой байгаа болно.

Шүүгдэгч Ц.Э нь хохирогч Э.Эын автомашиныг барьцаалсан төлбөртэй холбоотойгоор гэрч Н.Наранбатаар дамжуулан 7.500.000 төгрөгийн үнэ бүхий 4 ширхэг шүрэн толгойтой хөөрөг, 5.000.000 төгрөгийн үнэ бүхий шүрэн эдлэл зэрэг нийт 12.500.000 төгрөгийн эд зүйл өгсөн байдаг бөгөөд шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч Э.Э, гэрч Н.Наранбат нар эд зүйлийг авсан талаараа хүлээн зөвшөөрсөн болно. Түүнчлэн шүүгдэгч Ц.Э нь 38.000.000 төгрөгийн үнэ бүхий их гарын хээтэй хөөргөөр сольж авсан гар сийлбэртэй, их зургаан ханат иж бүрэн гэр /2хх 167-168/-ийг хохирогч Э.Эд авто машины зээлийн төлбөртэй холбоотойгоор барьцаалсан байх бөгөөд гэрч Н.Наранбат нь гэр байгаа гэж хүлээн зөвшөөрсөн. Анхан шатны шүүх шүүгдэгчийн хохирогч Э.Эд зээлийн төлбөр төлж байсан нөхцөл байдал, авто машин барьцаалахад нөлөөлсөн шалтгаан зэрэгтэй холбоотой үнэлэлт, дүгнэлт хийгээгүй болно.

...Шүүгдэгч Ц.Э нь өөрийн Хаан банкны 5007762433 дугаарын данснаас хохирогч Г.Жы Хаан банкны 5042575418 дугаарын дансанд 2019 оны 6 дугаар сарын 29-ний өдрөөс 2020 оны 3 дугаар сарын 4-ний өдрийн хооронд нийт 4.140.000 төгрөгийг дансаар шилжүүлж өгсөн байдаг. Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч Г.Жы “Бид финанс ББСБ” ХХК-иас зээлсэн 33.000.000 төгрөгийн зээлтэй холбоотой эргэн төлөлтийн санхүүгийн баримт болон бусад лавлагаа тодорхойлолтыг гаргуулах зэрэг ажиллагаа хийгдээгүйн улмаас бодит хохирлын хэр хэмжээ огт тогтоогдоогүй байдаг.

... Шүүгдэгч Ц.Э нь хохирогч Г.Жд 2021 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр Хан-Уул дүүргийн 19 дүгээр хороо, зайсан гудамж, 25-01 тоот хаягт байрлах 129 м.кв үл хөдлөх эд хөрөнгийг шилжүүлж өгсөн байдаг болно. Хохирогч Г.Ж нь Ц.Эад мөнгө зээлсэн эсвэл хөрөнгө оруулалт оруулсан эсэхийг тогтоох зорилгоор Г.Энхболд, Б.Баярмандах нараас гэрчээр тодруулах, хохирогч Г.Жы 33.000.000 төгрөгийн зээлийн эргэн төлөлт, зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүү хэдэн төгрөг болсон эсэх, төлж барагдуулсан эсэх талаар лавлагаа холбогдох баримтыг “Бид финанс ББСБ” ХХК-иас гаргуулах зэрэг мөрдөн шалгах ажиллагааг дахин хийлгэх шаардлагатай байгаа болно.

Иймд шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, шүүгдэгч Ц.Эад холбогдох эрүүгийн хэргийг нэмэлт мөрдөн шалгах ажиллагаа хийлгэхээр прокурорт буцааж өгнө үү” гэсэн агуулга бүхий давж заалдах гомдол гаргажээ.

Хохирогч Ж.Г, гэрч М.Бүрэнжаргал нарын мэдүүлгээр шүүгдэгч Ц.Э нь хохирогч Ж.Ггаас 30 сая төгрөгийн үнэ бүхий 2 ширхэг шүрэн хөөрөг худалдаж өгөхөөр авч, улмаар бусдад худалдсан боловч мөнгийг нь тохирсон хугацаандаа өгөөгүй байх бөгөөд шүүгдэгч Ц.Э нь тухайн цаг хугацаанд өөр хүмүүсээс бэлэн мөнгө, эд зүйл авсан боловч төлбөрөө төлөөгүй, өр зээлтэй байсан нөхцөл байдал тогтоогдсон байна.

Хохирогч Ж.Ггийн 2 ширхэг хөөргийг 66.740.000 төгрөгөөр үнэлж, уг үнэлгээгээр хохирлыг тогтоосон нь үндэслэлгүй байх бөгөөд анх хохирогч Ж.Г, шүүгдэгч Ц.Э нарын худалдахаар тохиролцсон 30 сая төгрөг, мөн хохиролд 30 сая төгрөг төлж, хохирлыг нөхөн төлсөн бодит байдалд дүгнэлт хийж, хохирлыг 30 сая төгрөгөөр тогтоов.

Шүүгдэгч Ц.Э нь хохирогч Э.Эын хохиролд тооцож 4 ширхэг шүрэн толгойтой хөөрөг, шүрэн эдлэл, гар сийлбэртэй, их зургаан ханатай иж бүрэн гэр өгсөн талаар давж заалдах гомдолдоо тайлбарласан бол хохирогч Э.Э нь хохирлоо эд материалаар авснаа шүүх хуралдаан дээр мэдүүлжээ.

Шүүгдэгч Ц.Э нь хохирогч Э.Этай хөрөнгийн нэр төрөл, чанар, үнэлгээний талаар харилцан тохиролцож гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо арилгасан байх тул шүүхээс тухайн эд зүйлсийн үнэлгээний талаар дүгнэлт хийх боломжгүй байна.

Шүүгдэгч Ц.Э нь хохирогч Г.Жы хохиролд тооцож үл хөдлөх хөрөнгө шилжүүлэн өгсөн талаар хохирогч Г.Ж шүүх хуралдаан дээр мэдүүлж, гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй болохоо илэрхийлжээ.

Шүүгдэгч Ц.Эын үйлдсэн гэмт хэргийн хувьд мөрдөн шалгах ажиллагааны шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих байдлыг хангалттай шалгаж тодруулсан, хэрэгт цуглуулж, бэхжүүлсэн нотлох баримтын хүрээнд хэргийн үйл баримтыг тогтоож, уг үйл баримтад хууль зүйн дүгнэлт хийж, хэргийг эцэслэн шийдвэрлэсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана.” гэж заасан зохицуулалтад нийцжээ.

Иймд шүүгдэгч Ц.Эын өмгөөлөгч Л.Батжаргалын гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож, шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх хууль зүйн үндэслэлтэй байна гэж давж заалдах шатны шүүх дүгнэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 2  дугаар сарын 18-ны өдрийн 2022/ШЦТ/163 дугаартай шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч Ц.Эын өмгөөлөгч Л.Батжаргалын гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

2. Анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     Д.МӨНХӨӨ

 

ШҮҮГЧ                                                            Д.ОЧМАНДАХ

                        ШҮҮГЧ                                                            Т.ӨСӨХБАЯР