Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2016 оны 04 сарын 27 өдөр

Дугаар 128/ШШ2016/0301

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ц.Сайхантуяа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: Боржигон овогт З*******н Н******* /РД:*******/-ын нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Улсын бүртгэл, статистикийн ерөнхий газрын Эд хөрөнгийн эрхийн бүртгэлийн газарт холбогдох

Нэхэмжлэлийн шаардлага: ...Улсын бүртгэлийн гэрчилгээ гаргахгүй байгаа үйлдлийг хууль бус болохыг тогтоож, Баянзүрх дүүрэг, *******,*******,******* орон сууцны гэрчилгээг З.Н*******ын нэр дээр гаргаж өгөхийг даалгуулах тухай нэхэмжлэлтэй захиргааны хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Г.А, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Т, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Ууганжаргал нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч З.Н******* нь шүүхэд бичгээр гаргасан нэхэмжлэл болон өмгөөлөгч Г.А нь шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

...З.Н******* миний бие 2007 оноос хойш одоог хүртэл Баянзүрх дүүргийн 6 дугаар хороо, 13 дугаар хороолол, Глоб 26 дугаар байрны 2 тоот, 2 өрөө бүхий 50,92 м.кв орон сууцанд амьдарч байна. Миний эхнэр Б.Ц******* уг орон сууцыг 2007 оны 9 дүгээр сарын 21-ний өдөр худалдаж авсан бөгөөд улмаар эхнэр Б.Ц******* 2009 оны 11 дүгээр сарын 06-ны өдөр нас барсан.

Орон сууцыг барьсан Г******* ХХК байхгүй болж, эхнэр нас барснаар орон сууц эзэмших эрхийн гэрчилгээг гаргуулан авч чадаагүй одоог хүрч байна. Миний бие нас өндөр болсон тул орон сууц эзэмших эрхийн гэрчилгээг гаргуулахаар Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн газарт өргөдөл гаргасан боловч 2015 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн 6/15289 дүгээр албан бичгээр өргөдлийг хүлээн аваагүй.

Ингэснээр миний бие өөрийн эзэмшлийн орон сууцны гэрчилгээг гаргуулан авах боломжгүйд хүрч, хохирч байна. Орон сууцны гэрчилгээг гаргахгүй байгаа үйлдлийг хууль бус болохыг тогтоож, Баянзүрх дүүргийн 6 дугаар хороо, 13 дугаар хороолол, Глоб 26 дугаар байр, 2 тоот орон сууцны гэрчилгээг З.Н*******ын нэр дээр гаргаж өгөхийг Улсын бүртгэлийн ерөнхий газрын Эд хөрөнгийн эрхийн бүртгэлийн газарт дааргаж өгнө үү гэв.

Хариуцагч Улсын бүртгэл, статистикийн ерөнхий газрын Эд хөрөнгийн эрхийн бүртгэлийн газрын итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Т нь шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

...Иргэн З.Н*******ын гаргасан 2015 оны 9 дүгээр сарын 16-ны өдөр гаргасан мэдүүлэг, түүнд хавсаргасан нотлох баримтууд нь илт зөрүүтэй байсан бөгөөд Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн 11 дүгээр зүйлийн 11.5.3-т зааснаар энэ хуулийн 11.5.2-т зааснаар нотлох баримт нь зөрчилтэй, бүрэн бус, холбогдох хуулийн заалтыг зөрчсөн бол улсын бүртгэлд бүртгэхээс татгалзах, мөн Эд хөрөнгө өмчлөх эрх түүнтэй холбоотой бусад эрхийн бүртгэлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1.1-д зааснаар Мэдүүлэг гаргагч нь тухайн үл хөдлөх хөрөнгийг өмчлөгч гэдгийг баттай нотлох баримт байхгүй бол, 14.1.8-д Энэ хуулийн 3 дугаар зүйлд заасан эрхийг бүртгүүлэхээр мэдүүлэгт тусгасан үндэслэл нь энэ талаар хийсэн хэлцэлтэй агуулгаараа илт зөрүүтэй бол гэж заасан байдаг тул илт нотлох баримт зөрүүтэй байх тул уг мэдүүлгийг бүртгэхээс татгалзсан нь үндэслэлтэй байх тул нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

ҮНДЭСЛЭХ нь:

Шүүх хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтууд, нэхэмжлэгч болон хариуцагч, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нарын шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбарыг хянаад нэхэмжлэгч З.Н*******ын гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэлээ.

Г******* ХХК болон Ж.О******* нарын хооронд 2005 оны 5 дугаар сарын 31-ний өдөр байгуулсан № 48/02 дугаартай Орон сууц захиалгын гэрээ-гээр 50.92 м.кв талбайтай, 2 өрөө, 1 дүгээр давхарт байрлалтай, орон сууцыг 1 м.кв нь 399 ам.доллар буюу 17262 ам.доллараар харилцан тохиролцож, мөн өдрөө 80 хувь буюу 13810,4 доллар /16.461.984 төгрөг/-ыг, 2016 оны 11 дүгээр сарын 24-ний өдөр 3.806.600 төгрөгийг төлсөн болох нь хэрэгт авагдсан 48/02 дугаар гэрээний хавсралт төлбөрийн хүснэгтээр тогтоогдож байна.

З*******н Н*******, Банзрагчийн Ц******* нар 1960 оны 01 дүгээр сарын 01-ний өдөр гэр бүл болсон учир иргэний гэр бүлийн бүртгэлд 1974 оны 11 дүгээр сарын 24-ний өдөр бүртгэсэн байх бөгөөд иргэн Б.Ц******* 2009 оны 11 дүгээр сарын 04-ний өдөр нас барсныг 2009 оны 11 дүгээр сарын 06-ны өдөр нас барсны бүртгэлийн 1078 дугаарт бүртгэж, гэрчилгээ олгожээ.

Г******* ХХК-ийн 2008 оны 6 дугаар сарын 26-ны өдрийн 8 дугаар албан бичгээр тус компанийн барьсан, Баянзүрх дүүргийн 6 дугаар хороо, 13 дугаар хороолол-2, Энхтайваны өргөн чөлөө 29 дүгээр байрыг улсын комисст хүлээлгэж өгсөн тул улсын бүртгэлд бүртгэж гэрчилгээ олгож өгөх тухай хүсэлтийг Улсын бүртгэлийн байгууллагад гаргахдаа уг байрны 2 тоот, 2 өрөө, 50.92 м.кв орон сууцыг захиалагч нь Ж.О*******, өмчлөгчөөр бүртгэгдэх этгээдийг Ж.О******* гэжээ.

Хадгаламж зээлийн хоршоодын төлбөр барагдуулах ажлын албаны Эд хөрөнгийг битүүмжлэх 2008 оны 5 дугаар сарын 14-ний өдрийн 01 дүгээр тогтоолоор Сонгинохайрхан дүүргийн шүүхийн 2007 оны 01 дүгээр сарын 11-ний өдрийн 27 дугаар шийдвэрийг үндэслэн Баянзүрх дүүргийн 6 дугаар хороо, 13 дугаар хороолол, 29 дүгээр байрны 02 тоот 2 өрөө орон сууцыг битүүмжилсэн байна.

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын Банк, хадгаламж зээлийн хоршоодын төлбөр барагдуулах ажлын албаны 2009 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн 1/1049 дүгээр албан бичгээр Улсын бүртгэлийн ерөнхий газарт Тус албанаас Глоб кредит хадгаламж зээлийн хоршоонд холбогдуулан нуугдмал эд хөрөнгө илрүүлэх ажиллагааны явцад Баянзүрх дүүргийн 6 дугаар хороо 13 дугаар хорооллын Глоб 48 айлын 29 дүгээр байрны 02 тоот орон сууцыг битүүмжилсэн. Уг байрны оршин суугч Банзрагчийн Ц******* нь Г******* ХХК-тай 17.262 ам долларын орон сууц захиалгын гэрээ байгуулж гэрээний дагуу төлбөрөө төлсөн нь холбогдох баримтаар тогтоогдож байх тул Баянзүрх дүүргийн 6 дугаар хорооны 29 дүгээр байрны 02 тоот орон сууцыг битүүмжлэлээс чөлөөлөхөд татгалзах зүйлгүй болно гэж мэдэгджээ.

Улсын бүртгэлийн ерөнхий газрын 2015 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн 6/15289 дүгээр албан бичгээр ...Нийслэлийн Баянзүрх дүүргийн бүртгэлийн хэлтэст 2015 оны 9 дүгээр сарын 16-ны өдөр хандаж гаргасан таны мэдүүлэг, түүнд хавсаргасан нотлох баримтууд нь зөрөөтэй, бүрэн бус, тодорхойгүй байна... гэж нэхэмжлэгч З.Н*******ын нэр дээр бүртгэл хийхээс татгалзсан нь Эд хөрөнгө өмчлөх эрх түүнтэй холбоотой бусад эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.2-т Энэ хуулийн 14.1-д зааснаас бусад үндэслэлээр мэдүүлэг хүлээн авахаас татгалзахыг хориглоно, 15 дугаар зүйлийн 15.2-т Мэдүүлэг, түүнд хавсаргасан баримт нь энэ хуулийн 13 дугаар зүйлийн шаардлагыг хангасан бөгөөд 14 дүгээр зүйлд заасан бүртгэхээс татгалзах үндэслэл байхгүй бол улсын бүртгэгч нь энэ хуулийн 3 дугаар зүйлд заасан эрхийг эрхийн улсын бүртгэлд бүртгэж, мэдүүлэг хүлээн авсан өдрөөр эрхийн улсын бүртгэлийн дугаар өгч, хувийн хэрэг нээн бичилт хийж, гарын үсэг зуран, хувийн дугаар бүхий тэмдгээ дарна гэж тус тус заасныг зөрчсөн байна гэж шүүх үзлээ.

Учир нь Ж.О******* нь нэхэмжлэгчийн эхнэр Б.Ц*******эд уг орон сууцыг шилжүүлэхээр тохиролцон 2007 оны 9 дүгээр сарын 21-ний өдөр итгэмжлэл олгож, төлбөрийн тооцоог Ж.О*******, Б.Ц******* нар бүрэн төлж дуусгасан болох нь хэрэгт авагдсан 48/02 дугаар гэрээний хавсралт, Г******* ХХК-ийн батламж болон Ж.Мэндбаярт бэлэн мөнгө хүлээлгэн өгсөн тухай баримтуудаар нотлогдож байх тул З.Н*******ын нэр дээр орон сууцыг улсын бүртгэлд бүртгэж, гэрчилгээ олгохоос татгалзсан нь хуульд нийцэхгүй байна.

Мөн Глоб констракш" ХХК-ийн 2009 оны 8 дугаар сарын 18-ны өдрийн 021 дугаартай албан бичигт 29 дүгээр байрны захиалагчдыг орон сууц, гражаа бүртгүүлэхэд шүүхийн шийдвэр биелүүлэх газраас орон сууцыг битүүмжлэлээс чөлөөлсөн тодорхойлолт, "Г*******" ХХК-ийн захирлын төлбөр тооцоогоо бүрэн төлж дууссан тодорхойлолтыг заавал шаардаж байхыг уламжилсан албан тоотыг улсын бүртгэлд ирүүлсэн гэх тайлбарыг хариуцагч нь гаргаж, уг орон сууцанд ямар нэгэн төлбөрийн тооцоогүй нь хэрэгт авагдсан төлбөрийн баримтууд болон битүүмжлэлээс чөлөөлөгдсөн тухай Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын Банк, хадгаламж зээлийн хоршоодын төлбөр барагдуулах ажлын албаны 2009 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн 1/1049 дүгээр албан бичгээр тус тус тогтоогдож байх тул хариуцагчийн дээрх тайлбар үндэслэлгүй байна.

Түүнчлэн Баянзүрх дүүргийн 6 дугаар хороо, 13 дугаар хороолол, Глоб 29 дүгээр байрны 02 тоотод бүртгэлтэй орон сууц нь бусад этгээдийн өмчлөлд улсын бүртгэлд бүртгэгдэж, гэрчилгээ олгогдоогүй болох нь нэхэмжлэгч, хариуцагч нарын шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбараар тогтоогдож байх ба тухайн орон сууцыг өнөөдрийг хүртэл нэхэмжлэгч эзэмшиж, ашиглаж, оршин сууж байгаа нь түүний иргэний үнэмлэх, 2007 оноос хойш цахилгаан, байрны төлбөр төлж байсан баримтуудаар нотлогдож байна.

Иймд нэхэмжлэгч З.Н*******ын ...Улсын бүртгэлийн гэрчилгээ гаргахгүй байгаа үйлдлийг хууль бус болохыг тогтоож, Баянзүрх дүүрэг, *******,*******,******* орон сууцны гэрчилгээг З.Н*******ын нэр дээр гаргаж өгөхийг даалгуулах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж, Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1-д зааснаар мэдүүлгийг хүлээн авахгүй байх үндэслэл тогтоогдохгүй байх тул мөн хуулийн 15 дугаар зүйлийн 15.2-т заасны дагуу З.Н*******ыг уг орон сууцны өмчлөгчөөр бүртгэн, өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээ олгохыг даалгаж шийдвэрлэх нь зүйтэй гэж дүгнэв.

Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 70 дугаар зүйлийн 70.1, 70.2.4-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.2, 15 дугаар зүйлийн 15.2-т тус тус заасныг баримтлан З.Н*******ын нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж, мэдүүлгийг хүлээн авч, өмчлөх эрхийг З.Н*******ын нэр дээр бүртгэн, гэрчилгээ олгохгүй байгаа нь хууль бус болохыг тогтоож, Баянзүрх дүүргийн 6 дугаар хороо, 13 дугаар хороолол, Глоб 29 дүгээр байрны 02 тоот орон сууцны өмчлөгчөөр З.Н*******ыг бүртгэж, үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн гэрчилгээ олгохыг Улсын бүртгэл, статистикийн ерөнхий газрын Эд хөрөнгийн эрхийн бүртгэлийн газарт даалгасугай.

2. Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т тус тус зааснаар нэхэмжлэгч З.Н*******ын улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг Чингэлтэй дүүргийн Татварын хэлтсийн орлогод хэвээр үлдээн, хариуцагчаас 70200 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.

Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 81 дүгээр зүйлийн 81.1-д заасны дагуу нэхэмжлэгч, хариуцагч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ц.САЙХАНТУЯА