| Шүүх | Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Төмөрбаатарын Өсөхбаяр |
| Хэргийн индекс | 2205000000078 |
| Дугаар | 2022/ДШМ/428 |
| Огноо | 2022-04-20 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Ш.Анужин |
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2022 оны 04 сарын 20 өдөр
Дугаар 2022/ДШМ/428
Э.Ут холбогдох
эрүүгийн хэргийн тухай
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Д.Мөнхөө даргалж, шүүгч Д.Очмандах, Т.Өсөхбаяр нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:
прокурор Ш.Анужин,
шүүгдэгч Э.У,
хохирогч М.Т,
нарийн бичгийн дарга Б.Эрхэс нарыг оролцуулан,
Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Болортуяа даргалж хийсэн шүүх хуралдааны 2022 оны 3 дугаар сарын 15-ны өдрийн 203 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч хохирогч М.Тийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн Э.Ут холбогдох эрүүгийн 2205000000078 дугаартай хэргийг 2022 оны 4 дүгээр сарын 14-ний өдөр хүлээн авч, шүүгч Т.Өсөхбаярын илтгэснээр хянан хэлэлцэв.
Э.У, ............................ төрсөн, 22 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, ........................... ажилтай, ам бүл 5, эцэг, эх, эгч нарын хамт ......................... тоотод оршин суух бүртгэлтэй, ял шийтгэлгүй, /РД: .................................../;
Шүүгдэгч Э.У нь 2021 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн 23 цагийн үед Баянгол дүүргийн 13 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Оргил” худалдааны төвийн урд талд хохирогч М.Ттэй хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдаж, улмаар нүүрэн тус газар нь нэг удаа мөргөснөөс эрүүл мэндэд нь хамрын ясны хугарал, таславчийн мурийлт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
Баянгол дүүргийн прокурорын газраас: Э.Уын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.
Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Боржгон овгийн Эрдэнэбатын Ууганбаярыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Уыг 700 /долоон зуу/-н нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 700.000 /долоон зуун мянга/-н төгрөгөөр торгох ял шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Ут оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 3 /гурав/ сарын хугацаанд хэсэгчлэн төлөх хугацаа тогтоож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүхээс тогтоосон 3 /гурав/ сарын хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцон хорих ялаар солихыг шүүгдэгч Э.Ут сануулж, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт зааснаар Э.Уаас 120.000 /нэг зуун хорин мянга/-н төгрөг гаргуулан хохирогч М.Тт олгож, хохирогч М.Т нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар цаашид энэ хэргийн улмаас учирсан хохирлоо нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар жич нэхэмжлэх эрхтэй болохыг тайлбарлаж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Э.Ут авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэжээ.
Хохирогч М.Т давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Би хамрынхаа эмчилгээний зардалд 5.600.000 төгрөгөөр хагалгаанд орохоор Мөнгөн гүүр эмнэлгийн баримт гаргаж өгсөн. Уг баримтыг хэргийн материалд хавсаргасан. Иймд миний бие хохирол төлбөрөө бүрэн гаргуулах хүсэлтэй байна. Надад учирсан баримттай төлбөр хохирлыг бүрэн гаргуулан шийдвэрлэж өгнө үү” гэв.
Шүүгдэгч Э.У тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Надад 5.600.000 төгрөг төлөх боломж байхгүй. Тохирсон ял шийтгэлээ авъя” гэв.
Прокурор Ш.Анужин тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “Хавтас хэрэгт хохирогч М.Тийн томографийн зураг авхуулсан баримт, мөн хамрын мэс засалд ороход хэдэн төгрөг шаардлагатай талаарх “Мөнгөн гүүр” эмнэлгийн баримтыг гаргаж өгсөн. Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд шүүгдэгч Э.Уаас 120.000 төгрөгийг гаргуулж хохирогч М.Тт олгохоор шийдвэрлэж, цаашид гарах эмчилгээний зардлыг иргэний журмаар жич нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээж шийдвэрлэсэн. Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх саналтай байна” гэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянав.
Баянгол дүүргийн прокурорын газраас Э.Уын 2021 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн 23 цагийн үед Баянгол дүүргийн 13 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Оргил худалдааны төвийн урд талд хохирогч М.Ттэй хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдаж, улмаар нүүрэн тус газарт нэг удаа мөргөснөөс эрүүл мэндэд нь хамрын ясны хугарал, таславчийн мурийлт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан бол дөрвөн зуун тавин нэгжээс нэг мянга гурван зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр зуун дөчин цагаас долоон зуун хорин цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл нэг сараас гурван сар хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэнэ” гэж заасан.
Анхан шатны шүүх Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Уыг 700 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 700.000 /долоон зуун мянга/-н төгрөгөөр торгох ялаар шийтгэжээ.
Шүүгдэгч Э.У нь хохирогчид учруулсан хохирлын мөнгөн төлбөрийг төлөөгүй байх бөгөөд хохирогч М.Тийн эрүүл мэндэд учруулсан хөнгөн хохирол нь цаашид мэс засал хийлгэх үр дагаврыг үүсгэсэн хор уршиг бүхий гэмтэл байна.
Анхан шатны шүүхээс шүүгдэгч Э.Уын үйлдсэн гэмт хэрэг, үйлдлийнх нь нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн байдалд бодитой дүгнэлт хийлгүйгээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан ялын төрлөөс торгох ялыг сонгон хэрэглэсэн нь мөн хуулийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан шударга ёсны зарчимд нийцээгүй гэж үзэв.
Өөрөөр хэлбэл, анхан шатны шүүхээс шүүгдэгч Э.Ут ял шийтгэл оногдуулахдаа гэмт хэрэг гарсан шалтгаан нөхцөл, шүүгдэгчийн хувийн байдлыг харгалзан торгох ял оногдуулахаар дүгнэлт хийсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.6 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4-д заасан нөхцөлд хамаарч байна.
Иймд шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, шүүгдэгч Э.Ут холбогдох хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр тухайн шүүхэд буцаах хууль зүйн үндэслэлтэй байна гэж давж заалдах шатны шүүх дүгнэв.
Хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцаасан тул хохирогч М.Тийн гаргасан давж заалдах гомдолд хууль зүйн дүгнэлт хийгээгүй болно.
Хэргийг анхан шатны шүүхээр хэлэлцүүлэхээр буцаасан тул шүүгдэгч Э.Ут авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 3 дугаар сарын 15-ны өдрийн 203 дугаартай шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, шүүгдэгч Э.Ут холбогдох хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр тухайн шүүхэд буцаасугай.
2. Хэргийг анхан шатны шүүхээр хэлэлцэх хүртэл шүүгдэгч Э.Ут авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээсүгэй.
3. Анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.МӨНХӨӨ
ШҮҮГЧ Д.ОЧМАНДАХ
ШҮҮГЧ Т.ӨСӨХБАЯР