Баян-Өлгий аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2023 оны 11 сарын 29 өдөр

Дугаар 110/ШШ2023/0064

 

             Баян-Өлгий аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Еркеш даргалж, тус шүүхийн танхимд  нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

              Нэхэмжлэгч: А.А

              Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Х.А,

              Хариуцагч: Баян-Өлгий аймгийн  Улсын бүртгэлийн хэлтсийн улсын бүртгэгч  Х.И,

              Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Х.Т,

              Гуравдагч этгээд: З.А нарын хоорондын  үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн  маргааныг хянан  хэлэлцэв.

              Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.А, нэхэмжлэгчийн өмгөөлөгч  С.Нургайып, хариуцагч Х.И, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч  Х.Т, гуравдагч этгээд З.А, түүний өмгөөлөгч Х.Бакен, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга  Т.Еркегүл нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь :

            1. Нэхэмжлэгч А.А нь  Баян-Өлгий аймгийн  Улсын бүртгэлийн хэлтсийн улсын бүртгэгчид холбогдуулан, “Баян-Өлгий аймгийн  Улсын бүртгэлийн хэлтсийн улсын бүртгэгч Х.И,  З.А 2022 оны 11 дүгээр сарын 29-ний өдөр олгосон  үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн Ү-..........  дугаартай, ............. дугаартай гэрчилгээг  илт хууль бус болохыг  тогтоолгох”-оор маргаж байна.

Нэхэмжлэгч анх2022 оны 02 дугаар сарын 17-ны өдөр олгосон  үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн Ү-............. дугаартай  гэрчилгээг  хүчингүйд тооцуулах” шаардлагатай нэхэмжлэл гаргасан ба хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад “Баян-Өлгий аймгийн  Улсын бүртгэлийн хэлтсийн улсын бүртгэгч Х.И-й З.А олгосон үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх .............. дугаартай, улсын бүртгэлийн Ү-.............. дугаартай  гэрчилгээг  хүчингүй болгох” гэж, дараа нь “Баян-Өлгий аймгийн  Улсын бүртгэлийн хэлтсийн улсын бүртгэгч Х.И,  З.А 2022 оны 11 дүгээр сарын 29-ний өдөр олгосон  үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн Ү-................ дугаартай, ............... дугаартай гэрчилгээг  илт хууль бус болохыг  тогтоолгох” гэж нэхэмжлэлийн шаардлагыг тус тус өөрчилсөн.

2. Хариуцагчаас гуравдагч этгээд З.А Өлгий сумын ....... дугаар багт байршилтай, 4 өрөө  үл хөдлөх эд хөрөнгийн  хууль ёсны өмчлөгчөөр эрхийн улсын бүртгэлийн Ү-.............. дугаарт бүртгэж, 2022 оны 11 дүгээр сарын 29-ний өдөр .................. дугаартай улсын бүртгэлийн гэрчилгээ олгосон байна.

3. Нэхэмжлэгч А.А. “өмч хөрөнгөө ашиглахад саад болж байна” гэсэн үндэслэлээр   уг гэрчилгээг хүчингүй болгуулахаар гаргасан гомдолд Улсын бүртгэлийн ерөнхий газрын 2022 оны 10 дугаар сарын 07-ны өдрийн 1/8484 дүгээр албан бичгээр “гомдлыг ханган шийдвэрлэх боломжгүй” гэсэн хариу өгснөөр нэхэмжлэгч нь шүүхэд 2022 оны  10 дугаар сарын 24-ний өдөр нэхэмжлэл гаргажээ.

4.Нэхэмжлэгч А.А. нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл, нэхэмжлэлийн шаардлагыг өөрчилсөн тайлбартаа:

“Миний бие Өлгий сумын ....... дугаар багт 400 м.кв талбайтай газар өмчилдөг. Миний өмчлөлийн газрын урд талын 438 м.кв газрыг Өлгий сумын Засаг даргын 2019 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн А/312 дугаар захирамжаар З.Е. эзэмшүүлсэн. Миний бие уг хууль бус шийдвэрийг  хүчингүй болгуулахаар нэхэмжлэл гаргасан ба Баян-Өлгий аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шийдвэр,  Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2021 оны 01 дүгээр сарын 14-ний өдрийн 38 дугаар магадлалаар хүчингүй болгосон. Гэвч З.Е нь шүүхийн шийдвэрийн дагуу газрыг хүчингүй болгосныг мэдэнгүүтээ уг газарт баригдсан 68.8 м.кв байшинд  2021 оны 3 дугаар сарын 22-ны өдөр үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээ авсан байна. Өөрөөр хэлбэл З.Есболат нь  шүүхээс хүчингүй болсон газрын гэрчилгээг ашиглан хууль бусаар үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээ авч намайг хохироож байна. Улмаар уг үл хөдлөх эд хөрөнгийг өөрийн төрсөн ах болох З.А нэр дээр буулгаж, үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийн улсын бүртгэлийн Ү-.......... дугаартай гэрчилгээг авсан байна.

Миний бие хашаан доторх олон жил эзэмшиж ирсэн тухайн газрыг эзэмших талаар шүүхэд нэхэмжлэл гаргаж байгаа бөгөөд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явагдаж байгаа. А.А. миний нэхэмжлэлтэй, өөрийнхөө хашаан доторх 438 м.кв газрыг надад эзэмшүүлэхгүй байгаа сумын Засаг даргын эс үйлдэхүйтэй холбоотой захиргааны хэрэгт бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдээр З.А. оролцож байгаа. Учир нь З.А. нь шүүхээс хүчингүй болгосон газарт хууль  бусаар үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийн улсын бүртгэлийн Ү-............. дугаартай гэрчилгээ авчхаад эрх ашиг маань зөрчигдөнө хэмээн үндэслэлгүй саад болж байна. Үүнээс болж миний бие олон жил эзэмшиж ирсэн хашаа, байшингаа ашиглаж чадахгүй байна. Тэр бүү хэл гэртээ орж чадахгүй өөр газраас байр хөлслөн  амьдарч байна.

Миний бие 2022 оны 02 дугаар сарын 17-ны өдөр олгосон үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийн улсын бүртгэлийн Ү-0213009476 дугаартай гэрчилгээг хүчингүйд тооцуулах тухай нэхэмжлэл гаргасан. Аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн улсын бүртгэгч Х.И. нь нэхэмжлэлийн шаардлагыг биелүүлж байгаа хэмжээн шүүхэд тайлбар гаргаж, тухайн маргаан бүхий гэрчилгээг хүчингүй болгосон мөртлөө тухайн хууль бус эд хөрөнгөд З. А. дахин хууль бусаар гэрчилгээ олгосон байна. Тодруулбал, хууль бус газарт буюу нийтийн эзэмшлийн миний үл хөдлөх эд хөрөнгөд нэвтрэн орох газарт З.А. үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн ................. гэрчилгээний дугаартай гэрчилгээ олгосон байна. Холбогдох хуульд зааснаар үл хөдлөх эд хөрөнгийг газар эзэмшигчид олгох ёстой атлаа газаргүй үл хөдлөх эд хөрөнгө бүртгэж хууль зөрчсөн, үүнээс болж миний эрх ашиг сонирхол зөрчигдсөн хэвээр байна.

Иймд Баян-Өлгий аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн улсын бүртгэгч Х.И. З.А. олгосон улсын бүртгэлийн Ү-................ дугаартай, үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн ........... дугаартай гэрчилгээг хүчингүй болгож өгнө үү гэж нэхэмжлэлийн шаардлагыг өөрчилж байна” гэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.А нэхэмжлэлийн шаардлагыг өөрчилсөн тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан нэмэлт  тайлбартаа:

“Нэхэмжлэгч А.А нь аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн улсын бүртгэгч Х.И холбогдуулан З.А 2022 оны 02 дугаар сарын 17-ны өдөр олгосон үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийн улсын бүртгэлийн Ү-............ дугаартай гэрчилгээг хүчингүйд тооцуулах тухай нэхэмжлэлийг 2022 оны 10 дугаар сарын 24-ний өдөр гаргасан байгаа.

Уг өмчлөх эрх олгосон эрхийн бүртгэл нь үнэн зөв хийгдээгүй болохыг улсын бүртгэлийн хяналтын улсын байцаагчийн 2022 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн 13 тоот албан шаардлага, 2022 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийн 22 тоот өмчлөх эрхийн гэрчилгээ хураан авах тухай акт, зөрчлийн тэмдэглэлийн дагуу тогтоогдсон бөгөөд уг эд хөрөнгийн бүртгэлийг хийсэн улсын бүртгэгч Х.И нь өөрөө Ү-........ дугаартай гэрчилгээг хүчингүй болгосон. Гэсэн хэдий ч хариуцагч нь Баян-Өлгий аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын ахлах шийдвэр гүйцэтгэгчийн 2022 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн 03/1131 дугаартай шийдвэр /албан бичиг/ болон 7 дугаар тойргийн шийдвэр гүйцэтгэгчийн 2022 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийн 01 дугаартай “Хөрөнгийн эрхийг сэргээх тухай” тогтоолыг үндэслэн 2022 оны 11 дүгээр сарын 29-ний өдөр дахин З.А үл хөдлөх эд хөрөнгийн эрхийн гэрчилгээг гаргасан байдаг. Улмаар, нэхэмжлэгч А.А.нь дээрх захиргааны актыг хүчингүй болгуулахаар нэхэмжлэлийн шаардлагаа өөрчилсөн.

Мөн нэхэмжлэгч А.А. нь дээрх шийдвэр гүйцэтгэгчийн хууль бус шийдвэр, тогтоолыг хүчингүй болгуулахаар иргэний хэргийн шүүхэд нэхэмжлэл гаргаж, Баян- Өлгий аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 4 дүгээр сарын 20-ны өдрийн 130/ШШ2023/00368 дугаартай шийдвэр, 2023 оны 8 дугаар сарын 31-ний өдрийн Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 212/МА2023/00096 дугаартай магадлалаар нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж шийдвэрлэсэн юм.

Газрын тухай хуулийн 4 дүгээр зүйлд төрөөс баримтлах зарчмыг тусгасан байдаг бөгөөд 4.1.7-д “газар дээрх үл хөдлөх хөрөнгө нь тухайн газрын бүрдэл хэсэг байх” ёстойг, мөн Эд хөрөнгийн эрхийн  бүртгэлийн тухай хуулийн 10.1-д Үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийг эрхийн улсын бүртгэлд анх удаа бүртгэхэд газрын нэгж талбарын дугаарт үндэслэх бөгөөд нэг нэгж талбарт нэг хувийн хэрэг нээж, тухайн үл хөдлөх эд хөрөнгийн эрхийг уг нэгж талбар газрын эрхтэй нэг бүрдлээр бүртгэнэ” гэж, мөн хуулийн 10.3, 10.6-д заасан тухайн үл хөдлөх эд хөрөнгө байршиж буй газрын холбогдох мэдээллийг үндэслэн үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэл хийх ёстойг хуульчилсан байна. Гэтэл, Улсын бүртгэлийн хэлтсийн байцаагч Х.И дээрх хууль тогтоомжуудын дагуу эзэмших, ашиглах болон өмчлөх эрхийн бүртгэлгүй газарт үл хөдлөх эд хөрөнгийн эрхийн бүртгэл хийж, гэрчилгээ гаргасан байгаа үйлдэл нь уг захиргааны акт гаргах эрх зүйн үндэслэл байгаагүй байхад гаргасан илт хууль бус, анхнаасаа буюу гарсан цагаасаа хэрэгжих боломжгүй, үйлчлэлгүй захиргааны акт байгаа юм.

Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1-д илт хууль бус захиргааны акт юу болохыг тодорхойлсон ба мөн хэсгийн 47.1.6-д “захиргааны акт гаргах эрх зүйн үндэслэл байгаагүй” гэх үндэслэлийг заасан байдаг. Захиргааны акт гаргах эрх зүйн үндэслэл байгаагүй гэдэгт маргаан бүхий актад хуульд байхгүй үндэслэлээр бусдад давуу байдал олгосон, эсхүл огт хууль, эрх зүйн үндэслэлгүйгээр бусдын хүний эрх, эрх чөлөөнд халдсан зэрэг захиргааны актын илэрхий ноцтой агуулгын /“материаллаг эрх зүйн алдаа”/ алдааг ойлгодог. Иймд, Баян-Өлгий аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн улсын бүртгэгч Х.И. З.А. 2022 оны 11 дүгээр сарын 29-ны өдөр олгосон үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийн улсын бүртгэлийн Ү-........... дугаартай, .......... дугаартай гэрчилгээг илт хууль бус болохыг тогтоож өгнө үү.

68.8 м.кв талбай бүхий байрны өмчлөх эрхийн бүртгэлийг хийснээр нэхэмжлэгчийн ямар хууль ёсны эрх ашиг зөрчигдөж байна вэ гэдэг асуудал байна. Нэгэнт тухайн албан ёсны гэрчилгээтэй газар, өмчлөх эрхийн гэрчилгээтэй хөрөнгийг гэрлэлт цуцлуулах маргаанаар А.А. хуваарилж өгсөн. Нэхэмжлэгч өөрийн өмчлөх газраа чөлөөтэй эзэмшиж, ашиглахад гуравдагч этгээд саад учруулж байгаа үйл баримт байгаа. Ийм учраас нэхэмжлэгч захиргааны актыг илт хууль бус болохыг тогтоолгохоор нэхэмжлэл гаргасан. Нэгэнт нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчиж байгаа захиргааны актыг хариуцагч байгууллагын зүгээс хүчингүй болгосон. Хэдийгээр гуравдагч этгээдийн зүгээс хүлээн зөвшөөрөхгүй, миний эрх ашгийг зөрчиж байгаа гэж хариуцагчийн зөвшөөрлийг үгүйсгэж байгаа хэдий  ч хариуцагчийн зөвшөөрлийг эс зөвшөөрч гомдол гаргасан зүйл байхгүй тул нэхэмжлэлээ дэмжиж байна” гэв.

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч С.Нургайып шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

“Нэхэмжлэгчээс гаргасан энэхүү захиргааны актыг илт хууль бусад тооцуулах талаарх нэхэмжлэлийг дараах үндэслэлээр ханган шийдвэрлэх боломжтой. Тухайн актыг бүртгэх хуулийн үндэслэл байгаагүй байхад бүртгэл хийсэн. Өөрөөр хэлбэл, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын мэдэгдэл тухайн актыг гаргах үндэслэл болох ёсгүй. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын албан бичиг хууль зөрчсөн, шүүхийн шийдвэрийг үндэслээгүй гэж хүчингүй болгосон Баян-Өлгий аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шийдвэр болон давж заалдах шатны шүүхийн магадлалыг нотлох баримтаар гаргаж өгсөн. Улсын бүртгэлийн холбогдох хууль, журмын дагуу нэгж талбарын газар дээр үндэслэж үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээ олгож, бүртгэх журамтай. Тухайн бүртгэлийг хийх хууль зүйн үндэслэл байгаагүй байхад бүртгэл хийсэн нь илтэд хууль бус захиргааны акт мөн.  Бид 106.3.1 дэх хэсгээр нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны  ашиг сонирхлыг зөрчсөн гэж хүчингүй болгоё гэж нэхэмжлэл гаргаж байсан. 106.3.2 болгож нэхэмжлэлийн шаардлагыг өөрчилсөн нь захиргааны акт, захиргааны гэрээг илт хууль бус болохыг тогтоолгох шийдвэрийг шүүхээс гаргахдаа нэхэмжлэгчийн эрх , хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн гэж үзэх шаардлага байхгүй. Анхнаасаа хууль бус байсан бүртгэл учраас бүхэлд нь ханган шийдвэрлэх боломжтой. Дээд шатны байгууллага, албан тушаалтан болох хяналтын байцаагчийн дүгнэлт гарч бүртгэл хүчингүй болсон.  Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг хариуцагч хүлээн зөвшөөрч байна. Нэгэнт маргаан бүхий акт хүчингүй болсон учраас шүүхээс хэргийг хэрэгсэхгүй болгож нэхэмжлэлийн шаардлага биелэгдсэн гэдгээр шийдвэрлэх боломжтой. Гуравдагч этгээдийн эрх ашгийг шүүхээс зөрчсөн асуудал байхгүй” гэв.

5.Хариуцагч Баян-Өлгий аймгийн  Улсын бүртгэлийн хэлтсийн улсын бүртгэгч  Х.И. хариу тайлбар, шүүх хуралдаанд гаргасан  нэмэлт тайлбартаа:

“Баян-Өлгий аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 03 дугаар сарын 05-ны өдрийн 130/ШШ2020/00241 тоот шийдвэрээр гэр бүлийн дундын хөрөнгөөс зуны байрыг иргэн З.А. үлдээсэн. Энэ шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2022 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн шүүхийн шийдвэрийн биелэлтийг хангаж, дээрх үл хөдлөх эд хөрөнгийг З.А. өмчлөгчөөр бүртгэж, үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээ олгож өгөх тухай 03/1131 албан бичиг, 2022 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийн 01 дүгээр “Хөрөнгийн эрх сэргээх тухай” тогтоол, мөн улсын байцаагчийн 2022 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн 13 тоот албан шаардлага тус тус гарсан болон Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.3 дахь хэсэгт заасны дагуу шүүхийн шийдвэрийг үндэслэн Ү.......... тоот улсын бүртгэлийн дугаартай хувийн хэргийн өмчлөгчөөр З.А. хууль, журмын дагуу бүртгэж, 2022 оны 11 дүгээр сарын 29-ны өдөр ........... тоот гэрчилгээ олгосон, бүртгэл хийх үед үл хөдлөх хөрөнгийн талаар ямар нэгэн гомдол санал ирээгүй, маргаангүй байсан.

Улсын бүртгэгч би Улсын бүртгэлийн ерөнхий хуульд заасан шүүхийн шийдвэр, шийдвэр гүйцэтгэх газрын тогтоол, хяналтын улсын байцаагчийн албан шаардлагыг биелүүлэх үүрэгтэй болно. Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн 19 дүгээр зүйлийн 19.4-т хэсэгт заасан эрх, үүргийн дагуу бүртгэлийг би хууль, журмын дагуу хөтөлсөн, бүртгэл үнэн зөв болно” гэв.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч  Х.Т. шүүх хуралдаанд гаргасан нэмэлт тайлбартаа:

“Нэхэмжлэгч А.. Улсын бүртгэлийн ерөнхий газар болон манай Улсын бүртгэлийн хэлтэст гомдол гаргасан. Гомдлыг хүлээж аваад хянаж үзэхэд, шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын тогтоол хүчингүй болсон учраас маргаан бүхий захиргааны актыг хүчингүй болгосон. Урьд нь бүртгэл хуулийн дагуу хийгдсэн. А.А. гомдлыг нь хүлээж аваад маргаан бүхий захиргааны актыг хүчингүй болгож байгаа талаар тайлбарлаж хэлсэн.  Иймд  нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэсэн хүсэлттэй байна” гэв.

 

6.Гуравдагч этгээд З.А.  хариу тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан нэмэлт тайлбартаа:

“А.А. бид хоёр 2007 онд гэр бүл болж хамтран амьдарч байгаад хоорондоо таарч тохироогүй учир Баян-Өлгий аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 241 дугаартай шийдвэрээр гэрлэлтээ цуцлуулсан. Шүүхийн дээрх шийдвэрээр А.А. гомдолд дурдсан 68.8 м.кв талбайтай байшин буюу зуны байрыг З.А миний өмчлөлд үлдээсэн. Тухайн 68.8 м.кв талбайтай зуны байшин нь дүү З.Е. эзэмшлийн байшин байсан бөгөөд А.А. нь шүүхэд нэхэмжлэл гаргахдаа бид худалдаж авсан, бидний гэр бүлийн гишүүдийн хамтран өмчлөх дундын хөрөнгө гэж маргаан үүсгэсэн. Гэвч хэргийг хянан шийдвэрлэсэн шүүх гэр бүлийн гишүүдийн хамтран өмчлөх дундын өмчид тооцож надад хуваарилсан.

Гурван шатны шүүхийн эцсийн шийдвэр гарах хооронд З.Е. нь 2021 оны 3 дугаар сарын 22-ны эхнэр К.К. хамт тухайн зуны байшинг үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн Ү-........... дугаарт бүртгүүлж, ............ дугаартай үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээ авсан байсан. Анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлалыг хяналтын шатны шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааны тогтоолоор хэвээр үлдээсэн учир миний бие 2022 оны 02 дугаар сарын 16-ны өдрийн үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээгээр 68.8 м.кв талбайтай зуны байшинг З.Е.., К.К. нараас худалдаж авч 2022 оны 02 дугаар сарын 17-ны өдөр өөрийн нэрээр үл хөдлөх эд хөрөнгийн хууль ёсны өмчлөгчөөр бүртгүүлсэн. Гэвч А.А. нь 68.8 м.кв талбайтай зуны байшинг З.Е., К.К. нарын нэр дээр бүртгэсэн, дараа нь миний нэр дээр шилжүүлж бүртгэсэн бүртгэлийн асуудлаар маргаан үүсгэж шүүхэд нэхэмжлэл гаргасан байна.

68.8 м.кв талбайтай зуны байшин нь гурван шатны шүүхийн шийдвэрээр надад хуваарилсан хуваарьт хөрөнгө бөгөөд З.Е., К.К. нар анх бүртгүүлэхдээ болон дараа нь миний нэр дээр шилжүүлж бүртгүүлэхэд шүүхийн шийдвэрийг үндэслэхгүйгээр бүртгэл хийлгэсэн нь буруу болсон учир миний бие Баян-Өлгий аймгийн Өлгий сумын .... дугаар баг, .... гол .-2 гудамжны .... тоот хаягт байршилтай, 68.8 м.кв талбайтай, дөрвөн өрөө хувийн сууц зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг 2021 оны 03 дугаар сарын 22-ны өдөр З.Е., К.К. нарын нэр дээр бүртгэсэн, 2022 оны 02 дугаар сарын 17-ны өдөр З.А. миний нэр дээр шилжүүлж  Ү-......... дугаарт бүртгэсэн үл хөдлөх эд хөрөнгийн хууль ёсны өмчлөгчийн эрхийн улсын бүртгэлийг хүчингүй болгож, иргэний хэргийн анхан шатны шүүхийн шийдвэр, магадлал, тогтоолыг үндэслэн З.А. миний нэр дээр бүртгэж өгөх хүсэлтийг Улсын бүртгэлийн хэлтэст гаргасан.

Улсын бүртгэлийн хэлтэс миний хүсэлтийг хүлээн авч уг үл хөдлөх эд хөрөнгийг 2022 оны 11 дүгээр сарын 29-ний өдөр миний нэр дээр эрхийн бүртгэлийн Ү-..........-д бүртгэж, ............. дугаартай гэрчилгээ олгосон. Энэхүү бүртгэл нь шүүхийн шийдвэрийн үндсэн дээр хийгдсэн бүртгэл бөгөөд нэгэнт шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрээр тогтоогдсон үйл баримт учир А.А. тухайн эд хөрөнгийн талаар маргах ёсгүй. Нэгэнт шүүхийн шийдвэр хүчинтэй байхад би яагаад эд хөрөнгөө авч болохгүй вэ, ямар учраас эд хөрөнгөө авч нүүх ёстой вэ. Би гомдолтой байгаа учраас шүүхээр шийдвэрлүүлэх хүсэлттэй байна” гэв.  

Гуравдагч этгээдийн өмгөөлөгч  Х.Бакен шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

“Захиргааны акт гарах эрх зүйн үндэслэл байгаагүй гэж  байна. Тухайн үед улсын бүртгэлд бүртгэхдээ Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын эрх сэргээсэн тогтоол, шийдвэрийг үндэслээд бүртгэж байсан. Бүртгэл хийгдсэний дараа тухайн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас гаргасан акттай холбоотой асуудал иргэний хэргийн шүүхээс хянагдаад  Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас гаргасан шийдвэр хууль бус байна гэж тогтоосон. Түүнээс биш улсын бүртгэлийн байгууллага өөрсдөө ямар нэгэн хууль зүйн үндэслэлгүйгээр тухайн бүртгэлийг хийгээгүй. Энэ тохиолдолд захиргааны акт гарах эрх зүйн үндэслэл байгаагүй гэж байгаа нь үндэслэлгүй. Ийм учраас нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй” гэв.

ҮНДЭСЛЭХ нь:

1.Нэхэмжлэгч А.А. “Баян-Өлгий аймгийн  Улсын бүртгэлийн хэлтсийн улсын бүртгэгч Х.И. З.А. 2022 оны 11 дүгээр сарын 29-ний өдөр олгосон  үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн Ү-..... дугаартай, ...... дугаартай гэрчилгээг илт хууль бус болохыг  тогтоолгох” шаардлагатай нэхэмжлэл  үндэслэлгүй байна.

2. Нэхэмжлэгчийн маргаж буй  2022 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн ..........  дугаартай үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээ нь З.А. Өлгий сумын . дугаар баг, .... гол даукен арал-2  гудамж, .... тоот хаягт байршилтай, 68,8 м.кв талбайтай, 4 өрөө , хувийн сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийн  хууль ёсны өмчлөгчөөр эрхийн улсын бүртгэлийн Ү-........... дугаарт бүртгэсэн агуулгатай  захиргааны акт байна.

3.  А.А. нь  З.А. 2006 оны 1 дүгээр сард гэрлэлтээ бүртгүүлж, Өлгий сумын ..... дугаар багт байрлах хашаалсан газарт амьдарч байсан, З.А. уг хашаалсан газрын 400 м.кв  талбайтай хэсгийг А.А. хамтран эзэмших хүсэлт гаргаснаар Өлгий сумын Засаг даргын 2007 оны 03 дугаар сарын 06-ны өдрийн 25 дугаар захирамжаар З.А. Өлгий сумын 5 дугаар багийн нутаг дэвсгэрээс 0,04 га газрыг 50 жилийн хугацаагаар эзэмшүүлсэн. Энэхүү захирамжийг үндэслэн нэгж талбарын ......... дугаартай 400 м.кв газрыг З.А. гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар эзэмшүүлэхээр 2007 оны 04 дүгээр сарын 09-ний өдрийн ............. дугаартай газар эзэмших эрхийн гэрчилгээ олгож, газар эзэмшүүлэх гэрээ байгуулжээ.

Нэхэмжлэгч А.А., гуравдагч этгээд З.А. нарын амьдарч байсан Өлгий сумын ... дугаар багт байршилтай хашаалсан газар нь 838 м.кв талбайтай бөгөөд үүний З.А. гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар эзэмшүүлсэн 400 м.кв талбай бүхий газарт өвлийн сууцны зориулалттай 3 өрөө байшин, махны амбаар, автомашины гарааш, үлдсэн 438 м.кв талбай бүхий газарт зуны байр, түлээ, нүүрсний амбаар гэсэн үл хөдлөх эд хөрөнгүүд тус тус байрладаг болох нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар /1 дэх хавтаст хэргийн 8-10,65-81,82-86,87-95,124-129,133,134,137-138,139,142-151 дэх тал/ тус тус тогтоогдсон.

Баян-Өлгий аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 03 дугаар сарын 05-ны өдрийн 130/ШШ2020/00241 дүгээр шийдвэрээр З.А., А.А. нарын гэрлэлтийг цуцалж, гэр бүлийн дундын хөрөнгийг хуваарилахдаа зуны байр, түлээ, нүүрсний амбаар, махны амбаар гэсэн эд хөрөнгийг З.А. үлдээж, З.А. 2007 оны 04 дүгээр сарын 09-ний өдрийн ........ дугаартай газар эзэмших эрхийн гэрчилгээтэй  400 м.кв газар, өвлийн сууцны зориулалттай, 60 м.кв талбайтай 3 өрөө байшин, автомашины гарааш гэсэн эд хөрөнгийг гаргуулан А.А. олгож шийдвэрлэсэн, уг шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болсноор 2022 оны 06 дугаар сарын 21-ний өдөр гүйцэтгэх хуудас олгосон /1 дэх хавтаст хэргийн 175-177 дах тал/ байна.

Өөрөөр хэлбэл дээрх шүүхийн шийдвэрээр нэхэмжлэгч А.А.,  гуравдагч этгээд З.А. нарын хамт амьдарч байсан Өлгий сумын ..... дугаар багт байрлах 838 м.кв талбайтай хашаалсан газрын газар эзэмших эрхийн гэрчилгээтэй  400 м.кв талбайтай газар болон  уг 400 м.кв газарт байрлах махны амбаараас бусад өвлийн сууц болон автомашины гарааш гэсэн үл хөдлөх эд хөрөнгүүдийг  А.А.,  харин махны амбаар болон уг хашаалсан газрын газар эзэмших эрхийн гэрчилгээгүй 438 м.кв газарт  байрлах 68,8 м.кв талбайтай зуны байр, түлээ, нүүрсний амбаар гэсэн үл хөдлөх эд хөрөнгүүдийг З.А. хуваарилсан үйл баримт тогтоогдсон болно.

4. А.А., З.А. нарын  гэр бүлийн маргааныг иргэний хэргийн шүүхээс хянан шийдвэрлэх ажиллагааны явцад  Өлгий сумын Засаг даргын 2019 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн А/312 дугаар захирамжаар З.А. дүү З.Е.  дээрх 68,8 м.кв талбайтай зуны байр, түлээ, нүүрсний амбаар гэсэн үл хөдлөх эд хөрөнгүүд байрлах 428 м.кв газрыг  эзэмшүүлсэн байх ба уг захирамжийг хүчингүй болгуулах тухай А.А. нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн тус аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн 65 дугаар шийдвэрийг  Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2021 оны 01 дүгээр сарын 14-ний өдрийн 38 дугаар магадлалаар хүчингүй болгож, А.А. нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэсэн, хяналтын шатны шүүхийн 2021 оны 5 дугаар сарын 17-ны өдрийн 111 дүгээр тогтоолоор уг магадлалыг хэвээр үлдээсэн /1 дэх хавтаст хэргийн 8-10,130-131,152-157 дах тал/ байна.

Түүнчлэн З.Е. гаргасан эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн мэдүүлгийн дагуу  Өлгий сумын Засаг даргын 2019 оны А/312 дугаар захирамжийг үндэслэн  түүнийг дээрх зуны байрны  хууль ёсны өмчлөгчөөр эрхийн улсын бүртгэлийн Ү-............ дугаарт бүртгэж, 2021 оны 03 дугаар сарын 22-ны өдөр ............ дугаартай  үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн  улсын бүртгэлийн гэрчилгээ олгосон байх ба 2022 оны 02 дугаар сарын 16-ны өдрийн үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээний дагуу уг үл  хөдлөх эд хөрөнгийн хууль ёсны өмчлөгчөөр З.А. эрхийн улсын бүртгэлийн Ү-............... дугаарт бүртгэж, 2022 оны 02 дугаар сарын 17-ны өдөр ........... дугаартай үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн  улсын бүртгэлийн гэрчилгээ олгожээ. /1 дэх хавтаст хэргийн 24-39  дэх тал/

5.Улмаар 2022 оны 9 дүгээр сард А.А. .......... дугаартай үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн  улсын бүртгэлийн гэрчилгээг хүчингүй болгох, 10 дугаар сард З.А.. ........... дугаартай үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээг хүчингүй болгож, Баян-Өлгий аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 03 дугаар сарын 05-ны өдрийн 130/ШШ2020/00241 дүгээр шийдвэр, давж заалдах шатны шүүхийн магадлал, хяналтын шатны шүүхийн тогтоолыг үндэслэн тухайн зуны байрыг  З.А. нэр дээр бүртгэх тухай өргөдөл, гомдол тус тус   аймгийн улсын бүртгэлийн байгууллагад гаргасан /1 дэх хавтаст хэргийн 161,167 дах тал/ байна.

Мөн Баян-Өлгий  аймаг дахь  Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын ахлах шийдвэр гүйцэтгэгчийн 2022 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн 03/1131 дүгээр “68,8  м.кв талбайтай зуны амбаарын өмчлөгчөөр З.А. бүртгэж, үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээ олгож, хариу ирүүлэх” агуулгатай  албан бичиг, тус газрын 7 дугаар тойргийн шийдвэр гүйцэтгэгчийн 2022 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийн 01 дүгээр “Баян-Өлгий  аймгийн Өлгий сумын ... дугаар багт байрлах, иргэн З.А. өмчлөлийн 68,8 м.кв талбайтай үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийг сэргээсэн” агуулгатай  тогтоолыг тус тус аймгийн Улсын бүртгэлийн хэлтэст /1 дэх хавтаст хэргийн 57,58 дах тал/ явуулжээ.

6.Аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн  хяналтын улсын байцаагчийн 2022 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн 13 дугаар  шаардлагаар зөрчлийн тэмдэглэлд дурдсан зөрчлийг арилгах буюу ................. дугаартай гэрчилгээг хүчингүй болгох,  мөн Баян-Өлгий аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2022 оны 03/1131 дугаартай албан бичиг болон 7 дугаар тойргийн шийдвэр гүйцэтгэгчийн 01 дүгээр тогтоол, Баян-Өлгий аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 03 дугаар сарын 05-ны өдрийн 130/ШШ2020/00241 дүгээр шийдвэрт заасны дагуу уг үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгчөөр З.А. бүртгэж,өмчлөх эрхийг баталгаажуулахыг шаардсаны дагуу  ..... дугаартай  улсын бүртгэлийн гэрчилгээг хүчингүй болгож,  гуравдагч этгээд З.А. 68,8 м.кв талбайтай, 4 өрөө, хувийн сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийн  хууль ёсны өмчлөгчөөр эрхийн улсын бүртгэлийн Ү-............ дугаарт бүртгэж, 2022 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн .......... дугаартай улсын бүртгэлийн гэрчилгээг  улсын бүртгэгчээс олгожээ. /1 дэх хавтаст хэргийн 40,221-222,223,224,225-229 дэх тал/

7. Түүнчлэн А.А. 2022 оны 01 дүгээр сарын 28-ны өдөр шүүхэд гаргасан Баян-Өлгий аймгийн Өлгий сумын ...... дугаар багаас 438 м2 газрыг А.А. эзэмшүүлэхээс татгалзсан Өлгий сумын Засаг даргын татгалзал хууль бус болохыг тогтоож, уг газрыг А.А эзэмшүүлэх шийдвэр гаргахыг Өлгий сумын Засаг даргад даалгах” шаардлагатай нэхэмжлэлийг тус аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 3 дугаар сарын 20-ны өдрийн 110/ШШ2023/0013 дугаар шийдвэрээр бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн байх ба уг шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болсон байна. /1 дэх хавтаст хэргийн 98-99,100,101,102, 2 дах хавтаст хэргийн 57-58,92-98,99-102 дах тал/

Уг шийдвэрийн үндэслэх хэсэгт “...Хэдийгээр маргаан бүхий 438 м2 газрыг эзэмших эрх гуравдагч этгээд З.А. үүсээгүй, түүнд уг газрыг эзэмшүүлсэн шийдвэр хуульд заасан журмаар гараагүй боловч шүүхийн шийдвэрээр гуравдагч этгээдэд хуваарилсан эд хөрөнгүүд  нь уг газарт байрладаг, уг эд хөрөнгүүдийг хуульд зааснаар тухайн маргаан бүхий газрын бүрдэл хэсэг гэж үзэх  тул бусдын эзэмшил, ашиглалтад байгаа эд хөрөнгө оршдог, мөн гуравдагч этгээдийн хувьд ч 2006 оноос хойш гэр бүлийн зориулалтаар ашиглаж ирсэн, одоогоор амьдарч байгаа газрыг нэхэмжлэгчид эзэмшүүлэхээс татгалзсан Өлгий сумын Засаг даргын татгалзал нь Газрын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.3-т заасан “газар өмчлөх, эзэмших, ашиглахад шударга ёс, тэгш байдлыг хангах”, 4.1.7-д заасан “газар дээрх үл хөдлөх хөрөнгө нь тухайн газрын бүрдэл хэсэг байх” талаарх төрөөс газрын талаар баримтлах зарчмуудыг зөрчөөгүй гэж үзэхээр байна”  гэжээ.

Өөрөөр хэлбэл нэхэмжлэгчийн маргаж буй захиргааны акт болох 2022 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн ..............  дугаартай улсын бүртгэлийн гэрчилгээгээр гуравдагч этгээд З.А. өмч гэж  бүртгэсэн  68,8 м.кв талбайтай зуны байр байрлах 438 м.кв газрыг эзэмшүүлэхээс татгалзсан үйл баримтад шүүхээс  дээрх байдлаар дүгнэлт хийж, А.А. нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн байна.

8. Мөн Баян-Өлгий аймаг дахь Сум дундын иргэний хэргийн  анхан шатны шүүхийн  2023 оны 4 дүгээр сарын 20-ны өдрийн 130/ШШ2023/00368 дугаар шийдвэрээр А.А. гомдлыг хангаж, Баян-Өлгий аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын ахлах шийдвэр гүйцэтгэгчийн 2022 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн 03/1131 дугаартай шийдвэр /албан бичиг/ болон Баян-Өлгий аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 7 дугаар тойргийн шийдвэр гүйцэтгэгчийн 2022 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийн 01 дугаартай “Хөрөнгийн эрх сэргээх тухай” тогтоолыг тус тус хүчингүй болгожээ. /2 дах хавтаст хэргийн 63-74 дэх тал/

Энэхүү  шүүхийн шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болсны дараа  А.А 2023 оны 11 дүгээр сарын 03-ны өдөр гаргасан гомдлын  дагуу аймгийн Улсын бүртгэлийн   хэлтсийн  хяналтын улсын байцаагчийн 2023 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн 6546 дугаартай  дүгнэлтээр 2022 оны 11 дүгээр сарын 29-ний өдөр  улсын бүртгэгч Х.И. шүүхийн шийдвэрээр  өмчлөх эрх өөрчлөх бүртгэлд бүртгэж олгосон  үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн ............. дугаартай гэрчилгээг хүчингүй болгож,  2023 оны 11 дүгээр сарын 27-ны өдрийн 10 дугаартай  актаар үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн ............  дугаартай гэрчилгээг хураан  авсан болох нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар /2 дах хавтаст хэргийн 75-81,139-149,151-155 дах тал/ тус тус тогтоогдсон.

Дээрх үйл баримтууд нь хэрэг  авагдсан нотлох баримтуудаар тогтоогдсон ба уг үйл баримтуудыг хэргийн оролцогчид үгүйсгэж маргаагүй   болно.

9. Нэхэмжлэгчийн илт хууль бус болохыг тогтоолгохоор маргаж буй 2022 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн .........  дугаартай  улсын бүртгэлийн гэрчилгээг аймгийн Улсын бүртгэлийн   хэлтсийн хяналтын  улсын байцаагчийн дүгнэлтээр хүчингүй болгосон байх ба нэхэмжлэгч талаас   шүүх хуралдаанд хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай хүсэлт, харин гуравдагч этгээд, түүний өмгөөлөгчөөс “Хяналтын улсын байцаагчийн шийдвэрийг хүлээн зөвшөөрөхгүй, дээд шатны байгууллага, албан тушаалтанд хандана. Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосноор З.А. эрх ашиг зөрчигдөж болзошгүй нөхцөл байдал байгаа учраас  хялбаршуулсан журмаар хэргийг шийдвэрлэх боломжгүй” гэсэн тайлбар тус тус гаргасан.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 67 дугаар зүйлийн 67.1-д “Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрсөн нь бусад этгээдийн эрх, эрх чөлөө, хууль ёсны ашиг сонирхлыг хөндөхөөргүй, хуульд харшлаагүй байвал шүүх хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгоно” гэж заасан.

Нэхэмжлэгч А.А. .......... дугаартай улсын бүртгэлийн гэрчилгээг илт хууль бус болохыг тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлагын улмаас  эрх, хууль ёсны ашиг сонирхол нь зөрчигдөж болзошгүй  тул хэрэгт гуравдагч этгээдээр оролцож байгаа З.А. дээрх байдлаар тайлбар гаргаж байгаа энэ тохиолдолд хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь гуравдагч этгээдийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндөхөөргүй байна гэж үзэх боломжгүй тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж  хэргийг шийдвэрлэх  үндэслэлгүй  гэж үзээд шүүх хуралдааныг үргэлжлүүлснийг дурдах нь зүйтэй.

10. Нэхэмжлэгч талаас уг ............  дугаартай  улсын бүртгэлийн гэрчилгээг илт хууль бус болохыг тогтоолгох тухай  нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ “...эзэмших, ашиглах  болон өмчлөх эрхийн бүртгэлгүй газарт үл хөдлөх эд хөрөнгийн  эрхийн бүртгэл хийж, гэрчилгээ гаргасан үйлдэл нь уг захиргааны акт гаргах эрх зүйн үндэслэл байгаагүй байхад гаргасан илт хууль бус,анхнаасаа буюу гарсан цагаасаа хэрэгжих боломжгүй, үйлчлэлгүй  захиргааны акт байгаа юм.  Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1-д илт хууль бус захиргааны актыг тодорхойлсон ба  мөн хэсгийн 47.1.6-д “захиргааны акт гаргах эрх зүйн үндэслэл байгаагүй” гэх үндэслэлийг заасан байдаг. Захиргааны акт гаргах эрх зүйн үндэслэл байгаагүй гэдэгт  маргаан бүхий актад хуульд байхгүй үндэслэлээр  бусдад давуу байдал олгосон,  эрх зүйн үндэслэлгүйгээр бусдын  эрх, эрх чөлөөнд халдсан  зэрэг захиргааны актын  илэрхий ноцтой агуулгын алдааг ойлгодог” гэж тодорхойлжээ.

Харин хариуцагч тус аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн улсын бүртгэгчээс шүүхийн шийдвэрийг үндэслэн З.А. гаргасан улсын бүртгэлийн мэдүүлэг, шүүхийн шийдвэр гүйцэтгэх  байгууллагын албан бичиг,  шийдвэр гүйцэтгэгчийн  тогтоол, улсын бүртгэлийн байгууллагын хяналтын улсын байцаагчийн шаардлагын дагуу  тухайн ......... дугаартай  улсын бүртгэлийн гэрчилгээг олгосон гэж тайлбарласан.

11. Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн 8 дугаар зүйлийн 8.1-д “Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэл дараах төрөлтэй байна:8.1.1.эд хөрөнгө өмчлөх эрхийн;”, 18 дугаар зүйлийн 18.7-д “Улсын байцаагч нь ...улсын бүртгэлийн үйл ажиллагаанд хяналт тавих чиглэлээр дараах эрх, үүрэгтэй байна: 18.7.1.хяналт шалгалтын явцад улсын бүртгэлийн хууль тогтоомж, түүнд нийцүүлэн гаргасан дүрэм, журам зөрчсөн үйлдлийг таслан зогсоох, ...зөрчлийг арилгах талаар холбогдох иргэн, хуулийн этгээд, албан тушаалтанд шаардлага тавьж, хугацаатай үүрэг даалгавар өгч биелэлтийг хангуулах;” 18.9-д “Улсын байцаагчийн шийдвэрийг иргэн, хуулийн этгээд, албан тушаалтан заасан хугацаанд нь биелүүлж, хариуг албан ёсоор мэдэгдэх үүрэгтэй”, 19 дүгээр зүйлийн 19.4-т “Улсын бүртгэгч нь дараах эрх, үүрэгтэй байна: 19.4.2.энэ хуулийн 6, 7, 8 дугаар зүйлд заасан улсын бүртгэлийн төрлийн хүрээнд иргэн, хуулийн этгээдээс улсын бүртгэл хийлгэх тухай хүсэлт, нотлох баримтыг хүлээн авч хянан улсын бүртгэлд бүртгэх эсэх тухай шийдвэр гаргах; 19.4.5.энэ хуулийн 6, 7, 8 дугаар зүйлд заасан улсын бүртгэлийн төрлийн талаар эрх бүхий байгууллагаас хуульд заасны дагуу гаргасан шийдвэрийг үндэслэн улсын бүртгэлд өөрчлөлт, тэмдэглэл хийж, шийдвэрийг улсын бүртгэлийн хувийн хэрэгт хавсарган хадгалж, баяжилт хийх;” гэж,

Эд хөрөнгийн эрхийн  улсын бүртгэлийн тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.1-д “Үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийг эрхийн улсын бүртгэлд анх удаа бүртгэхэд газрын нэгж талбарын дугаарт үндэслэх бөгөөд нэг нэгж талбарт нэг хувийн хэрэг нээж, тухайн үл хөдлөх эд хөрөнгийн эрхийг уг нэгж талбар газрын эрхтэй нэг бүрдлээр бүртгэнэ”, 10.6-д “Үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийг бүртгүүлэх тухай мэдүүлэгт дараах нотлох баримтыг хавсаргана: 10.6.1.өмчлөх эрхийг нотолсон баримт бичиг;10.6.2.газар өмчлөх эрх олгосон шийдвэр;”, 11.1-т “Үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрх болон түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн шилжилтийг бүртгэхэд эрхийн улсын бүртгэлд дараах мэдээллийг тусгана: 11.1.4.эрх бүхий этгээдийн шийдвэрээр эрх шилжиж байгаа бол шийдвэрийн нэр, он, сар, өдөр, дугаар”, 11 дүгээр зүйлийн 11.3-т “Шүүх, арбитрын шийдвэрийн үндсэн дээр өмчлөгч, эзэмшигч, ашиглагч өөрчлөгдөж байгаа бол өмчлөх эрх болон түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрх олж авч байгаа этгээд мэдүүлэг гаргах ба мэдүүлэгт шүүх, арбитрын шийдвэрийг хавсаргана” гэж тус тус зохицуулжээ.

12.Хариуцагч аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн улсын бүртгэгчийн З.А. Өлгий сумын ........  дугаар багт байршилтай, 68,8 м.кв талбайтай зуны байрны хууль ёсны өмчлөгчөөр эрхийн улсын бүртгэлийн Ү-....... дугаарт бүртгэж олгосон 2022 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн ............  дугаартай  үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээг илт хууль бус захиргааны акт гэж үзэх үндэслэлгүй байна.

Учир нь дээр дурдсанаар нэхэмжлэгч А.А. болон гуравдагч этгээд  З.А. нарын хамт амьдарч байсан Өлгий сумын ..... дугаар багт байрлах, 838 м.кв талбайтай хашаалсан газрын газар эзэмших эрхийн гэрчилгээ байхгүй 438 м.кв газарт  байрлах 68,8 м.кв талбайтай зуны байрыг гэр бүлийн маргааныг шийдвэрлэхдээ  иргэний хэргийн анхан шатны шүүхийн шийдвэрээр З.А. хуваарилсан ба уг шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болсон.

З.А.  уг шүүхийн шийдвэрийг  үндэслэн тухайн үл хөдлөх эд хөрөнгийг өөрийн нэр дээр бүртгэх тухай хүсэлт улсын бүртгэлийн байгууллагад гаргасан, мөн шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын  шийдвэр гүйцэтгэгч нараас  “З.А.өмчлөх эрхийг сэргээх, 68,8  м.кв талбайтай зуны байрны өмчлөгчөөр З.А. бүртгэж, үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээ олгох”  тухай  албан бичиг, тогтоолыг улсын бүртгэлийн байгууллагад явуулсан, мөн улсын бүртгэлийн байгууллагын хяналтын улсын байцаагчаас тухайн үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгчөөр З.А. бүртгэж,өмчлөх эрхийг баталгаажуулахыг шаардсан шаардлага гаргасан үйл баримтууд тогтоогдож байгаа.

Түүнчлэн Улсын бүртгэлийн ерөнхий хууль болон Эд хөрөнгийн эрхийн  улсын бүртгэлийн тухай хуулиудад шүүхийн шийдвэрийн үндсэн дээр өмчлөх эрх болон түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрх олж авч байгаа этгээд нь мэдүүлэг гаргах, улсын бүртгэгч нь улсын бүртгэл хийлгэх тухай хүсэлт, нотлох баримтыг хүлээн авч эд хөрөнгө өмчлөх эрхийг улсын бүртгэлд бүртгэх эсэх тухай шийдвэр гаргах, хяналтын улсын байцаагч нь хяналт шалгалтын явцад улсын бүртгэлтэй холбоотой зөрчлийг арилгах талаар шаардлага тавьж, хугацаатай үүрэг даалгавар өгч биелэлтийг хангуулах  эрхтэй байхаар, харин улсын бүртгэгч нь эрх бүхий байгууллагаас хуульд заасны дагуу гаргасан шийдвэрийг үндэслэн улсын бүртгэлд өөрчлөлт хийх, улсын байцаагчийн шийдвэрийг заасан хугацаанд нь биелүүлэх үүрэгтэй байхаар тус тус зохицуулсан байх  тул тухайн тохиолдолд  захиргааны акт гаргах эрх зүйн үндэслэл  огт байгаагүй байхад захиргааны акт гаргасан  гэж үзэх үндэслэлгүй байна.

Өөрөөр хэлбэл, хариуцагчийн хувьд дээрх хуулиудын зохицуулалтын хүрээнд  хүсэлт гаргагч З.А.  улсын бүртгэлд  бүртгэх  тухай мэдүүлэг, шийдвэр гүйцэтгэх байгууллагын эрх бүхий албан тушаалтны шийдвэр,хяналтын улсын байцаагчийн шаардлагыг тус тус үндэслэн шүүхийн шийдвэрээр гэр бүлийн дундын хөрөнгөд тооцож,  хуваарилсан үл хөдлөх эд хөрөнгө болох зуны байрны  өмчлөгчөөр З.А. бүртгэж, 2022 оны 11 дүгээр сарын 29-ний өдөр гэрчилгээ олгосон нь  үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийг эрхийн улсын бүртгэлд бүртгэхдээ  газрын нэгж талбарын дугаарт үндэслэх, тухайн үл хөдлөх эд хөрөнгийг өмчлөх эрхийг нотолсон баримт бичгээс гадна  газрын эрх олгосон шийдвэрийг мэдүүлэгт хавсаргах талаарх хуулийн зохицуулалтыг үндэслэхгүйгээр гаргасан  эрх зүйн зөрчилтэй буюу алдаатай захиргааны акт  байна.

Гэхдээ энэ алдаа нь “захиргааны акт гаргах эрх зүйн үндэслэл байгаагүй” гэдэгт хамаарах ноцтой алдаа  биш, харин хуулийн заалтыг буруу хэрэглэсэн, хууль хэрэглээний алдаа байх тул нэхэмжлэгчийн маргаж буй захиргааны актыг  Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1, тодруулбал 47.1.6-д заасан илт хууль бус  захиргааны акт  гэж үзэх үндэслэлгүй  юм.

13. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 1 дүгээр зүйлийн 1.1, 3 дугаар зүйлийн  3.1.3,  52 дугаар зүйлийн 52.5.1, 106 дугаар зүйлийн 106.3.2-т  тус тус зааснаар  захиргааны акт илт хууль бус бөгөөд  түүний улмаас нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдсөн нь  тогтоогдсон тохиолдолд захиргааны акт илт хууль бус болохыг тогтоолгох нэхэмжлэл хангагдах боломжтой, өөрөөр хэлбэл, нэхэмжлэгчийн хувьд захиргааны акт илт хууль бус болохыг тогтоолгох онцгой ашиг сонирхол байх ёстой.

Нэхэмжлэгч талаас илт хууль бус  захиргааны акт гэж  тогтоолгохоор маргаж байгаа .............  дугаартай  улсын бүртгэлийн гэрчилгээний улмаас эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хэрхэн зөрчигдсөн талаар  “өөрийн  хашаа,байшиндаа  орж, гарч чадахгүй байгаа буюу өмчлөх эрхээ хэрэгжүүлэхэд саад учруулж  байна” гэж  тайлбарлажээ.

Иргэний хэргийн шүүхээс А.А., З.А. нарын гэр бүлийн маргааныг шийдвэрлэсний дараа нэхэмжлэгч А.А. нь гэр бүлийн дундын хөрөнгөөс өөрт нь хуваарилсан 400 м.кв  талбайтай  газар  болон өвлийн  сууцны зориулалттай, 60 м.кв талбайтай, 3 өрөө байшинг  өөрийн нэр  дээр бүртгүүлж газар эзэмших эрхийн  гэрчилгээ, үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн гэрчилгээ авсан, гэхдээ эзэмшлийн  400 м.кв газраа хашаалж зааглаагүй байна.

Мөн А.А. үлдсэн 438 м.кв газрыг шинээр эзэмшүүлэх тухай хүсэлтэд  Өлгий сумын Засаг даргаас татгалзсан хариу өгсөн ба энэхүү татгалзлыг хууль бус болохыг тогтоож, 438 м.кв газрыг эзэмшүүлэхийг даалгах  тухай  түүний нэхэмжлэлийг  шүүхээс хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн. Харин гуравдагч этгээд З.А. 2021 оны 11 дүгээр сарын 08-ны өдөр гаргасан 438 м.кв газрыг  эзэмшүүлэх тухай хүсэлтийг Өлгий сумын Засаг даргаас  шийдвэрлээгүй  байх ба З.А. нь уг 438 м.кв газарт байрлах  шүүхийн шийдвэрээр хуваарилсан зуны байрандаа амьдарч байгаа болох нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар /1 дэх хавтаст хэргийн  100,101,106-107,109,110,111-112, 2 дах хавтаст хэргийн 57-58,92-98,99-102 дах тал/ тус тус  тогтоогдсон.

Эдгээр үйл баримтуудаас үзэхэд нэхэмжлэгч А.А. “өөрийн  хашаа,байшиндаа  орж, гарч чадахгүй,  эрх зөрчигдөж байна” гэх асуудлын хувьд энэ нь З.А. шүүхийн шийдвэрээр хуваарилсан  үл хөдлөх эд хөрөнгийг  улсын бүртгэлд бүртгэсэнтэй холбогдон  үүссэн эрхийн зөрчил биш юм. Өөрөөр хэлбэл маргаан бүхий улсын бүртгэлийн гэрчилгээ нь одоогийн байдлаар эрх бүхий этгээдийн шийдвэрээр хүчингүй болсон  бөгөөд  уг  бүртгэлийг илт хууль бус болохыг тогтоосноор нэхэмжлэгчийн  зөрчигдсөн гэж байгаа эрх нь шууд сэргээгдэх боломжгүй тул нэхэмжлэгчид  уг  гэрчилгээг илт хууль бус болохыг тогтоолгох онцгой ашиг сонирхол байна гэж үзэх үндэслэлгүй байна.

Хэрвээ нэхэмжлэгч, гуравдагч этгээдийн хооронд шүүхийн шийдвэрээр  хуваарилсан эд хөрөнгийг бодитоор эзэмших, ашиглахтай холбоотой маргаан  байгаа тохиолдолд  энэ нь хөршийн эрхтэй холбоотой иргэний журмаар шийдвэрлэгдвэл зохих тусдаа маргаан болохыг дурдах нь зүйтэй.

            14.Иймд  гуравдагч этгээд З.А. Өлгий сумын . дугаар багт байршилтай, 68,8 м.кв талбайтай үл хөдлөх эд хөрөнгийн  хууль ёсны өмчлөгчөөр эрхийн улсын бүртгэлийн Ү-............ дугаарт бүртгэж олгосон 2022 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн ...............  дугаартай үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээг илт хууль бус захиргааны акт гэж үзэх,  мөн уг   бүртгэлийн улмаас  нэхэмжлэгчийн эрх ,хууль   ёсны ашиг сонирхол зөрчигдсөн гэж  үзэх үндэслэлгүй  тул  нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.14, 107 дугаар зүйлийн 107.5-д заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн 18 дугаар зүйлийн 18.7.1,18.9, 19 дүгээр зүйлийн 19.4.2,19.4.5, Эд хөрөнгийн эрхийн  улсын бүртгэлийн тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.3, Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1 дэх хэсгийг  тус тус  баримтлан нэхэмжлэгч А.А. “Баян-Өлгий аймгийн  Улсын бүртгэлийн хэлтсийн улсын бүртгэгч Х.И. З.А. 2022 оны 11 дүгээр сарын 29-ний өдөр олгосон  үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн Ү-........... дугаартай, ........... дугаартай гэрчилгээг  илт хууль бус болохыг  тогтоолгох” нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2,  Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

           3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д зааснаар  хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч  шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг тайлбарласугай.

 

 

                          ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                               С.ЕРКЕШ