Хэнтий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 10 сарын 03 өдөр

Дугаар 120

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

 

Хэргийн индекс:180/2017/0123/Э

 

Хэнтий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Л.Уянга даргалж тус шүүхийн шүүх хуралдааны "А" танхимд нээлттэй хийсэн хуралдаанд:

 

Нарийн бичгийн дарга                    Н.Энхзул

Улсын яллагч                                        Т.Баярмаа

Шүүгдэгч                                                О.М нарыг оролцуулан

     

 Тус Аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Боржигон овогт О.М д холбогдох 1739000730019 дугаартай эрүүгийн хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол улсын иргэн, Хэнтий аймгийн Норовлин суманд 1986 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр төрсөн, 31 настай, эрэгтэй, тусгай дунд боловсролтой, сувилагч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 1, Хэнтий аймгийн Хэрлэн сумын 8 дугаар баг, Тахилгат тосгонд оршин суух, улсаас авсан гавъяа шагнал, ял шийтгэлгүй гэх Боржигон овогт О.М 

 

Шүүгдэгчийн холбогдсон хэргийн талаар:  /яллах дүгнэлтэд дурдсанаар/

Шүүгдэгч О.М нь 2017 оны 08 дугаар сарын 12-ноос 13-ны өдрийн хооронд Хэнтий аймаг Хэрлэн сумын 5 дугаар баг Дулааны 22-05 тоотод оршин суух Т.Баяржаргалын гэрээс мөнгөн аяга 1 ширхэг, алтан ээмэг 1 хос зэрэг эд зүйлсийг нууцаар хууль бусаар авсан гэмт хэрэгт холбогджээ. 

 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Хохирогч Т.Баяржаргалын мөрдөн байцаалтад өгсөн: “... Би Дундговь аймаг яваад 4 хоноод ирсэн. 2017 оны 08 дугаар сарын 15-ны өглөө эд зүйлээ хулгайд алдсанаа мэдсэн. Би мөнгөн аяга болон ээмгээ 2011 оны 07 дугаар сард худалдан авсан. Алтан ээмгийг бөгжтэй нь хосоор нь 750.000 төгрөгөөр, мөнгөн аягыг 210.000 төгрөгөөр худалдан авсан. ... О.М нь миний төрсөн эгчийн бага хүү нь юм. О.М нь хохирол барагдуулсан тул надад ямар нэгэн гомдол санал нэхэмжлэх зүйлгүй гэсэн мэдүүлэг /хх-ийн 9-12 тал/, 

 

Гэрч Ж.Ууганжаргалын мөрдөн байцаалтад өгсөн: “... манай нөхөр хадам ээж, 2 хүүгийн хамтаар 2017.08.10-ны өглөө Дундговь аймаг руу ургийн баярт явсан. Тэр үед манайд О.М гэх залуу байсан. Тэр залуу манайд зурагт үзээд 2 хоног байсан. Намайг гадуур сүү, цагаан идээгээ зараад ирэхэд О.М явсан байсан гэсэн мэдүүлэг /хх-ийн 21 тал/ 

 

Гэрч Л.Энхбаатар мөрдөн байцаалтад өгсөн: “... О.М 2017 оны 06 дугаар сарын эхээр нэг мөнгөн аяга барьж орж ирээд аав, ээж минь тусдаа гарахад надад сүү хийж өгч байсан аяга юм. Энэ аягыг барьцаанд тавьчихая гэсэн. Би үгүй гэж хэлэхэд намайг шалаад байхаар нь 3 том 2.5 литрийн пивонд тавьсан...  гэсэн мэдүүлэг /хх-ийн 17-18 тал/ 

 

Вендо хөрөнгийн үнэлгээний тайлан /хх-ийн 21-29 тал/ 

Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 6 тал/

Урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас / хх-ийн 41 тал /зэрэг болно. 

 

Шүүгдэгч О.М нь 2017 оны 08 дугаар сарын 12-ноос 13-ны өдрийн хооронд Хэнтий аймаг Хэрлэн сумын 5 дугаар баг Дулааны 22-05 тоотод оршин суух Т.Баяржаргалын гэрээс мөнгөн аяга 1 ширхэг, алтан ээмэг 1 хос зэрэг эд зүйлсийг нууцаар хууль бусаар авсан гэмт хэргийг үйлдсэн болох нь түүний хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг, хохирогч Т.Баяржаргалын мэдүүлэг, гэрч Ж.Ууганжаргал, Л.Энхбаатар нарын мэдүүлэг, зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байна. 

Иймээс шүүх шүүгдэгч О.М-ийг бусдын хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр нууцаар, хууль бусаар авсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй болно. 

Шүүх шүүгдэгчид холбогдох эрүүгийн хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэсэн ба шүүгдэгчид эрүүгийн хариуцлагад хүлээлгэхдээ тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэнийг хөнгөрүүлэх нөхцөл байдал болгон харгалзав. 

Хохирогч Т.Баяржаргал нь шүүгдэгчээс нэхэмжлэх зүйлгүй, гомдолгүй гэх ба шүүгдэгч нь гэм буруугаа хүлээн зөвшөөрч, бусдад учруулсан хохирлыг бүрэн төлж барагдуулсан байна. 

 

Шүүгдэгч нь шүүх хуралдаанд өмгөөлөгчгүй оролцох тухай хүсэлтийг шүүхэд бичгээр ирүүлсэн. 

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 36.1 дүгээр зүйлийн 5, 6, 8, 36.8 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон 

 

  ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Боржигон овогт О.М-ийг бусдын эд хөрөнгийг хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

 2. Эрүүгийн хуулийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт хэсэгт зааснаар шүүгдэгч О.М-ийг 250 /хоёр зуун тавь/ цагийн  нийтэд тустай ажил хийлгэх  ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч О.М нь шүүхээс оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол ажлын 8 цагийг нэг хоногийн хугацаагаар тооцож хорих ялаар солихыг анхааруулсугай.

 

4. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн зүйл үгүй, шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдоогүй, түүний бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг дурдсугай.

 

5. Шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардуулснаас хойш 14 хоногийн дотор Хэнтий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл  бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

6. Давж заалдах гомдол гаргасан буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч О.М-д авсан хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр  үргэлжлүүлсүгэй. 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ,  ШҮҮГЧ Л.УЯНГА