Сүхбаатар аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 09 сарын 18 өдөр

Дугаар 17

 

Сүхбаатар аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн иргэний шүүх хуралдааныг шүүгч О.Баатарсүх даргалж, шүүгч С.Оюунтунгалаг, Д.Байгалмаа нарын бүрэлдэхүүнтэй шүүх хуралдааны “Б” танхимд хийв.
Шүүх хуралдаанд:
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч З.Анандсугар
Хариуцагч байгууллагын төлөөлөгч Ш.Д, Ц.Б
Нарийн бичгийн дарга Э.Энхсаруул нар оролцов.
Сүхбаатар аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 07 дугаар сарын 05-ны өдрийн 287 дугаар шийдвэрийг эс зөвшөөрч бичсэн хариуцагч “Д” хоршооны давж заалдах гомдлоор Э.Цын “Д хоршооны гишүүдийн 2018 оны 08 дугаар сарын 20-ны өдрийн хуралдаанаас гаргасан шийдвэрийг хүчингүй болгуулах тухай” нэхэмжлэлтэй “Д” хоршоонд холбогдох иргэний хэргийг давж заалдах шатны шүүх 2019 оны 08 дугаар сарын 07-ны өдөр хүлээн авч, шүүгч Д.Байгалмаагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч З.Анандсугар шүүх хуралдаан дээр гаргасан тайлбартаа: Би нэхэмжлэлийнхээ шаардлагыг дэмжиж байна, хариуцагчтай эвлэрэхгүй. Нэхэмжлэл гаргахдаа он сар өдрийг нь андуурч 2018.08.20-ны өдрийн хуралдааны шийдвэрийг хүчингүй болгуулах гэхийг 2018.07.28 гэж бичсэн нэхэмжлэлийнхээ шаардлагыг өөрчилсөн байгаа. 2018 оны 8 сарын 20-ны өдрийн хоршооны хурал хуулийн дагуу явагдаагүй. Тухайн өдөр гишүүдийн ирц бүрдээгүй байхад хуралдааныг зохион байгуулж, одоогийн дарга Ш.Дыг сонгож, зарим гишүүдийг хууль бусаар элсүүлж, Б.Цогбадрахыг хууль бусаар хассан. Тухайн өдрийн хоршооны хуралд 5 гишүүн оролцсон. Хоршооны тухай хуульд зааснаар хоршооны бүх гишүүдийн хурал нь хоршооны бүх гишүүдийн дийлэнх олонх оролцоно гэснийг зөрчсөн. Тэр өдрийн хуралд Ц.Б, Б.Анхбаяр, З.Энхбаатар, Ш.Өрнөх, Б.Мөнхтөр нар оролцсон. Ц.Байгаль ажилтай гэсэн үндэслэлээр хуралдаанд оролцоогүй. Мөн Д.Энхсайханыг хуралдаанд оролцсон мэтээр хурлын тэмдэглэлд тусгаж, Б.Цогбадрахыг хоршооны гишүүнээс хасъя гэсэн санал хураалтад Д.Энхсайханыг дэмжсэн байдалтай тусгасан байдаг. Гэтэл тэр үед Д.Энхсайхан БНХАУ-ын Эрээн хотод явж байсан. Ц.Байгалийг хуралдаанд орсон гэдэг боловч Ц.Байгаль өөрөө ороогүй гэдгээ хүлээн зөвшөөрсөн. Байгалиас олгосон итгэмжлэл хэрэгт байхгүй. Ц.Нямрагчаа албан ажилтай байсан учраас хуралдаанд оролцоогүй. Б.Цогбадрах мөн хуралдаанд оролцоогүй. Хоршооны бүх гишүүдийн хуралдаанд 4 гишүүн ороогүй, 5 гишүүн оролцсон нь хууль зөрчсөн. Иймд 2018 оны 8 сарын 20-ны өдрийн хурлын шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү гэв.
    Хариуцагч Д хоршоог төлөөлж дарга Ш.Д шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Хоршооны бүх гишүүдийн 2018 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн хуралдаанаар Б.Цогбадрах, Д.Энхсайхан нарыг Сүхбаатар жинчин компанид том машин барьдаг, хоршооны үйл ажиллагаанд жил гаруй хугацаанд оролцоогүй, хоршоонд хувь нийлүүлсэн автобусаа зарсан зэрэг үндэслэлээр гишүүнээс хассан. Хоршооны бүх гишүүдийн хурлын тогтоол гарснаар Б.Цогбадрахын хоршооны гишүүний эрх дуусгавар болсон. Хоршооны бүх гишүүдийн 2018 оны 8 дугаар сарын 20-ны өдрийн шийдвэрийн талаар Б.Цогбадрах нь шүүхэд нэхэмжлэл гаргах эрхгүй. Тиймээс уг нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Б.Цогбадрах бол нэхэмжлэгч биш гэж үзэж байна. Б.Цогбадрахыг нэхэмжлэгч мөн биш эсэх асуудлыг шийдсэний дараа дараагийн асуудал яригдана гэж үзэж байна. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.5-д зааснаар нэхэмжлэл гаргах эрхгүй этгээд нэхэмжлэл гаргасан бол нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзах үндэслэл болно гэж үзэж байна. 2018 оны 08 дугаар сарын 20-ны бүх гишүүдийн хуралдаанаар Ц.Байгаль хөдөө явсан учир хүү Б.Мөнхтөрд итгэмжлэл олгож өөрийгөө төлөөлүүлж саналаа өгүүлнэ гэсэн. Ц.Байгалийн гаргасан итгэмжлэл нь тэр хэвээрээ ирсэн. Ц.Байгаль тухайн хуралдаанд оролцсон ч, оролцоогүй ч энэ хурал хууль ёсны болсон гэж үзэж байна. Нэхэмжлэгч талаас хуралдаанд 5 хүн оролцсон гэж ярьж байна. Гэтэл анх Ц.Нямрагчааг өөрийнх нь хүсэлтээр гишүүнээс хасаад, намайг гишүүнээр элсүүлсэн. Ингээд миний хоршооны гишүүний эрх, үүрэг бий болсон. Санал хураахад би өөрөө өөрийгөө дэмжиж санал оруулсан. Ингээд хуралдаан 66.6 хувийн ирцтэй болсон. Хоршоонд гишүүн элсүүлэх асуудлыг бүх гишүүдийн хуралдаанаар шийдвэрлэнэ. Бүх гишүүдийн хурал гишүүдийн дийлэнх олонх оролцсоноор хүчин төгөлдөр болно гэсэн байгаа. Тиймээс 8 дугаар сарын 20-ны өдрийн хуралдаан Хоршооны тухай хуулийг зөрчөөгүй. Б.Мөнхтөр өөрөө хоршооны гишүүн учраас аавыгаа төлөөлж хуралдаанд хоёр саналын эрхтэй оролцсон. Би тухайн өдрийн хуралдаанаар гишүүнээр элсээд дараагийн асуудлыг таслах эрхтэй тул өөрийнхөө төлөө саналаа өгөх боломжтой. Тиймээс Ц.Байгаль, Д.Энхсайхан нар орсон ороогүй ирц бүрдсэн гэж үзэж байгаа гэв.

Хамтран хариуцагч Ц.Б шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: 2018 оны 8 дугаар сарын 20-нд Д хоршооны тамга надад байсан. Би хоршооны даргаар ажиллаж байсан. Хоршооны 9 гишүүнээс бүх гишүүдийн хуралдааныг хийхдээ алдаа гаргаж ирц бүрдээгүй байхад хуралдсан. Энэ нь бидний алдаа болсон. Хоршооны нэг гишүүн нэг саналын эрхтэй гэсэн хоршооны дүрэм байгаа. Ц.Байгаль ямар ч итгэмжлэл өгөөгүй. Ц.Байгаль хүүдээ итгэмжлэл өгсөн бол би түүнийг нь хуралд танилцуулах байсан. Хоршооны тухай хуульд итгэмжлэлийг хоршооны гишүүдэд танилцуулна гэсэн байгаа. Бүх гишүүдийн хуралдааныг ирц бүрдээгүй байхад хийсэн гэдгээ хүлээн зөвшөөрөх ёстой. Дашням ах бол үүнд тайлбар өгөх боломжгүй. Шинээр элсэж байгаа гишүүнийг улсын бүртгэлд бүртгүүлсний дараа хүчин төгөлдөр болно. Тэр өдрийн хуралдаанд би, Анхбаяр, Ш.Өрнөх, Б.Мөнхтөр, З.Энхбаатар нар оролцсон. Дашнямын зүгээс Ц.Байгалийг хөдөө явсныг хүлээн зөвшөөрч байгаа. Өмнө нь Ш.Д ах хуралдаанд Д.Энхсайхан байсан гэж худлаа ярьж байсан. Тиймээс Д.Энхсайханыг хуралдаанд байгаагүй талаарх нотлох баримтыг шүүхэд гаргаж өгсөн. 2018 оны 07 дугаар сарын 31-ний өдрийн тэмдэглэлд миний гарын үсгийг хуулбарласан байна. Дашням дандаа хуурамч баримт үйлдэж байна. Тэр үед манай аймагт Алтан-Овооны тахилга болж байсан учраас ямар ч хурал хийгдээгүй. 2018 оны 7 дугаар сарын 21, 8 дугаар сарын 20-нд хоршооны хуралдааныг хийсэн. Ингэхдээ 8 дугаар сарын 20-ны хуралдаан процессийн алдаатай болсон. Бид хуралдааныг 6 хүнтэй хийх ёстой байсан. 2018 оны 08 дугаар сарын 20-ны өдрийн хуралдаанд би тайлбар өгөх ёстой. Тэр өдрийн хуралдааны шийдвэрийг би гаргах ёстой. Гэтэл Дашням тэр өдрөөс хойш намайг өрөөнд оруулахгүй,  орохоор цагдаа дуудаж өгөөд, өөрөө шүүхэд миний гарын үсгийг хуулбарлаж, хуурамч нотлох баримт, тэр өдрийн хурлын шийдвэрийг гаргаж өгч байгаа.  Би энэ хурлыг хийж болохгүй, ирц нь болохгүй байна гэж Дашням ахад хэлж байсан. 9 гишүүнээс 5 гишүүн оролцсон тул тухайн өдрийн хурал хүчингүй. Гарсан шийдвэр хүчингүй гэв.
 
     Сүхбаатар аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 07 дугаар сарын 05-ны өдрийн 287 дугаар шийдвэрт:  Хоршооны тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.5-д заасныг баримтлан Д хоршооны 2018.08.20-ны өдрийн бүх гишүүдийн хурлаас гарсан шийдвэрийг хүчингүй болгож, иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-д заасныг баримтлан нэхэмжлэгч Э.Цын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Д хоршооноос улсын тэмдэгтийн хураамжид 70200 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч Б.Цогбадрахад олгож  шийдвэрлэжээ.

Хариуцагч “Д” хоршоо /дарга Ш.Д/ давж заалдах гомдолдоо: 2018 оны 08 дугаар 20-ны өдрийн “Д” хоршооны бүх гишүүдийн хурлаар 5 асуудал хэлэлцсэн. Хэлэлцэх асуудлын дарааллын дагуу хоршооны гишүүн Нямрагчаагийн өөрийн нь бичгээр гаргасан хүсэлтийг үндэслэн Хоршооны тухай хуулийн 17.1.1 дэх заалтыг үндэслэн хоршооны гишүүнээс гаргасан юм. Энэ өдрийн хуралд 9 гишүүн саналын эрхтэй оролцохоос 6 гишүүн оролцон /Ц.Байгалийн оронд хүү Б.Мөнхтөр итгэмжлэлээр/ өгсөн саналыг оруулснаар хурлын дийлэнх олонхи нь хуулийн шаардлагыг хангасан. Ер нь Хоршооны тухай хуулийн 23.4 дэхь хэсэгт зааснаар 11 асуудлыг хэлэлцэхэд олонхи нь оролцсноор хүчин төгөлдөр байхаар хуульчилсан. Дээрхи 11 асуудлаас бусад асуудлыг хэлэлцэхэд олонхи байх шаардлага тавигддаг. Иймд энэ өдрийн хурлаар Нямрагчааг хоршооны гишүүнээс гаргаж, намайг хоршооны гишүүнээр элсүүлж шийдвэр гаргасан нь Хоршооны тухай хуульд нийцсэн, олон талаас нь авч үзэхэд хуулийн шаардлага хангасан гэж үзэж байна. Мөн хоршооны тухай хууль түүнд нийцүүлсэн “Д” хоршооны дүрмээр бүх гишүүдийн хурал ирцийн тухайд олонхи, дийлэнх гэсэн нь хоёр тусдаа ойлголт гэж би бодож байна. Миний бие энэ өдрийн бүх гишүүдийн хурлаар хоршооны гишүүнээр элссэнээр Хоршооны тухай хуулийн 16.1 дэх хэсэгт зааснаар: хоршооны эд хөрөнгийн зохих хувийг өмчлөгч болж хоршооны гишүүний эрх, үүрэг үүссэн. Миний бие мөн хуулийн 14, 14.1.3, 14.1.4 дэх зүйл заалтад заасан эрх эдэлж үүрэг хүлээж,  энэ өдрийн бүх гишүүдийн хурлаар хэлэлцэж буй дараагийн асуудлыг хэлэлцэхэд хуулиар асуулт тавих, санал гаргах, шийдвэр гаргахад таслах эрхтэй оролцсон. Мөн өдрийн хурлаар намайг хоршооны даргаар сонгох асуудлыг хэлэлцсэн. Би уг асуудлыг хэлэлцэхэд саналын эрхтэй оролцож, Хоршооны тухай хуулийн 23.5 дахь хэсэгт заасан бүх гишүүдийн хурал гишүүдийн дийлэнх олонхи оролцсоноор хүчин төгөлдөр шаардлагыг хангаж байгаа юм. Ц.Байгалийн саналыг оруулвал миний санал ороод хурлын ирц 77.7 хувьтай байгаа юм. Энэ нь хууль зөрчөөгүй. Э.Цыг хоршооны гишүүний үүргээ биелүүлээгүй, сүүлийн хоёр жил хоршооны үйл ажиллагаанд оролцоогүй үндэслэлээр 2018 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн бүх гишүүдийн хурлын шийдвэрээр хоршооны гишүүнээс “хувь хөрөнгөө бусдад шилжүүлсэн хоёр жилийн үйл ажиллагаанд оролцоогүй үндэслэлээр хоршооны тухай хуулийн 17.1.3 дахь зүйл заалтыг үндэслэн мөн өдрөөр дуусгавар болгон хоршооны гишүүнээс хассан юм. Энэ нь хоршооны тухай хуулийн 18.5 дахь зүйлд зааснаар хоршооны гишүүнээс хассан тухай шийдвэр гарснаар гишүүний бүрэн эрх дуусгавар болно гэжээ. Иймд энэ асуудлыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65.1.5 дахь зүйл заалтаас үзэхэд нэхэмжлэгчийг төлөөлөх бүрэн эрхгүй этгээд нэхэмжлэл гаргасан гэж үзэх үндэслэлтэй байна. Анхан шатны шүүх шийдвэр гаргахдаа дээр дурдсан асуудлыг тал бүрээс нь бодитой, нотлох баримтад тулгуурлаж шийдвэр гаргасангүй гэж үзэж гомдол гаргаж байна гэжээ.
                                                          ҮНДЭСЛЭХ нь:
          Анхан шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай  хуулийн 40 дүгээр зүйлд зааснаар талуудаас ирүүлсэн бичгийн нотлох баримтууд, гэрчийн мэдүүлгүүдийг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үзэж, тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлж,   нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангасан байна.
    Нэхэмжлэгч Э.Ц “Дарьганга- Өртөө” хоршооны  2018 оны 08 дугаар сарын 20-ны өдрийн бүх гишүүдийн хурлаас гарсан шийдвэрийг “ирц хүрээгүй” гэх үндэслэлээр хүчингүй болгуулахаар шүүхэд нэхэмжлэл ирүүлжээ.
    Хариуцагч “Д” хоршооны дарга Ш.Д “хоршоо 9 гишүүнтэй, түүний 7 нь хуралд ирсэн, ирц 77.7 хувьтай байсан” тул 2018 оны 08 дугаар сарын 20-ны өдрийн бүх гишүүдийн хурлаас гарсан шийдвэр хүчинтэй, нэхэмжлэгч Э.Ц нь нэхэмжлэл гаргах эрхгүй этгээд тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь зөвшөөрөхгүй гэж маргажээ.
     “Д” хоршооны 2018 оны 08 дугаар сарын 20-ны өдрийн бүх гишүүдийн хурлын 004 дүгээр тэмдэглэлд “9 гишүүн оролцохоос 7 гишүүн буюу Ц.Б, З.Энхбаатар, Б.Анхбаяр, Ц.Байгаль, Ш.Өрнөх, Б.Мөнхтөр, Д.Энхсайхан нар оролцож, Э.Ц, Ц.Нямрагчаа ажлаар явсан, ирц 77,7 хувийн ирцтэйгээр хуралдсан”  гэж дурджээ. /хх-ийн 76-79 дүгээр тал/
    Гэтэл зохигчдын тайлбар болон анхан шатны шүүхэд гэрчээр мэдүүлэг өгсөн Ц.Байгаль, Б.Анхбаяр, Б.Мөнхтөр, З.Энхбаатар, Д.Энхсайхан нарын мэдүүлгүүдээс үзэхэд Ц.Байгаль нь тус хоршооны гишүүн хүү Б.Мөнхтөрд итгэмжлэл өгсөн гэх боловч,  итгэмжлэл нь хуульд заасан шаардлагыг хангаагүй, Д.Энхсайхан нь тухайн өдрийн хуралд оролцоогүй БНХАУ-ын Эрээн хотод явж байсан болох нь тогтоогдож байх тул бүх гишүүдийн хурлын тэмдэглэл үнэн зөв бичигдээгүй байна.   /хх-ийн 60-67, 85, 139 дүгээр тал/
Тус хоршооны бүх гишүүдийн хуралд 5 гишүүн оролцож ирц 55.5 хувьтай хуралдсан нь Хоршооны тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.5-д “Бүх гишүүдийн хурал гишүүдийн дийлэнх олонхи оролцсоноор хүчин төгөлдөр болно” гэж заасантай нийцэхгүй байна.
Сүхбаатар аймгийн “Д” хоршооны бүх гишүүдийн 2018 оны 08 дугаар сарын 20-ны өдрийн 005 дугаар “Ш.Дыг тус хоршоонд гишүүнээр элсүүлж,  түүний өргөдөл,  гишүүнээр элсүүлэх бичиг баримтыг бүрдүүлж бүртгэлийн байгууллагад бүртгүүлэхийг тэргүүлэгчдэд даалгах тухай” тогтоолд Ш.Д нь өөрөө  гарын үсэг зуржээ.  Хоршооны тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.3 дахь хэсэгт  “Тэргүүлэгчид нь гишүүнээр элсэхийг хүссэн этгээдийн өргөдөл, түүнийг гишүүнээр элсүүлсэн тухай шийдвэрийг бүртгэх байгууллагад бүртгүүлнэ” гэж зааснаар тухайн өдөр улсын бүртгэлд Ш.Дыг хоршооны гишүүнээр бүртгээгүй учраас нийт гишүүдийн хуралд нэг саналын эрхтэй оролцох хоршооны гишүүн гэж үзэхгүй. /хх-ийн 74 дүгээр тал/
    Улсын бүртгэгч Ц.Мөнхчимэгээс гаргасан хуулийн этгээдийн бүртгэлийн лавлагаанд “Э.Цыг “Д” хоршооны үүсгэн байгуулагчид бүртгэлтэй байна” гэснээс үзэхэд Э.Ц нь  нэхэмжлэл гаргах эрхтэй этгээд юм. /хх-ийн 133 дугаар тал/
    Иймд анхан шатны шүүх зохигчдын хооронд үүссэн маргаантай харилцааг зохицуулсан холбогдох хуулийг зөв хэрэглэсэн байх тул шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагч байгууллагын төлөөлөгч Ш.Дын давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзэв.
    Хариуцагч байгууллагаас давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр нь үлдээхээр шийдвэрлэв.  
      Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
    Нэг. Хариуцагч Ш.Дын давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, Сүхбаатар аймгийн сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 07 дугаар сарын 05-ны өдрийн 287 дугаартай шийдвэрийг хэвээр үлдээсүгэй.
    Хоёр. Хариуцагч байгууллагаас давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
 Гурав. Зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн, төсөөтэй харилцааг зохицуулсан хуулийг буруу хэрэглэсэн, шүүх хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн гэж үзвэл хяналтын журмаар Монгол Улсын Дээд  шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг мэдэгдсүгэй.  

                      ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                             О.БААТАРСҮХ
                                       ШҮҮГЧИД                             С.ОЮУНТУНГАЛАГ
                                                                                     Д.БАЙГАЛМАА