Шүүх | Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх |
---|---|
Шүүгч | Бямбаагийн Тунгалагсайхан |
Хэргийн индекс | 109/2017/0027/З |
Дугаар | 221/МА2017/0836 |
Огноо | 2017-11-29 |
Маргааны төрөл | Бусад, |
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2017 оны 11 сарын 29 өдөр
Дугаар 221/МА2017/0836
А.О-ийн нэхэмжлэлтэй
захиргааны хэргийн тухай
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Н.Хонинхүү даргалж, шүүгч Э.Лхагвасүрэн, шүүгч Б.Тунгалагсайхан нарын бүрэлдэхүүнтэй, нарийн бичгийн дарга Н.Өнө-Эрдэнэ, нэхэмжлэгч А.О, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Л.Загдаа, гуравдагч этгээд Д.Д, Л.О нарын өмгөөлөгч В.Удвал нарыг оролцуулан хийж, Архангай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 09 дүгээр сарын 05-ны өдрийн 109/ШШ2017/0039 дүгээр шийдвэрийг эс зөвшөөрч нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдлоор, А.О-ийн нэхэмжлэлтэй, Архангай аймгийн Засаг дарга болон тус аймгийн Засаг даргын Тамгын газрын даргад холбогдох захиргааны хэргийг шүүгч Б.Тунгалагсайханы илтгэснээр хянан хэлэлцээд
ТОДОРХОЙЛОХ нь:
Архангай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 09 дүгээр сарын 05-ны өдрийн 109/ШШ2017/0039 дүгээр шийдвэрээр: Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.8.-т заасныг баримтлан иргэн А.О-ийн нэхэмжлэлтэй Архангай аймгийн Засаг даргад холбогдох “Архангай аймгийн Засаг даргын 2016 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн “Аймгийн Засаг даргын Тамгын газрын бүтэц, орон тоог шинэчлэн батлах тухай” А/475 дугаар захирамжийн хавсралтын 4 дэх хэсгийн Хөрөнгө, оруулалт, хөгжлийн бодлого төлөвлөлтийн хэлтэс хэсгийн 4.2 Дэд бүтэц, худалдаа, үйлчилгээ хариуцсан мэргэжилтэн-1, 4.5 Авто зам, барилга, газрын асуудал хариуцсан мэргэжилтэн-1 гэх хэсгүүдийг тус тус хүчингүй болгуулах, урьд эрхэлж байсан албан тушаал болох Барилга, дэд бүтэц хариуцсан мэргэжилтний ажлын байрыг Архангай аймгийн Засаг даргын Тамгын газрын Хөрөнгө оруулалт, хөгжлийн бодлого төлөвлөлтийн хэлтсийн бүтцэд бий болгож батлахыг даалгуулах” тухай нэхэмжлэлийн шаардлага бүхий хэргийг хэрэгсэхгүй болгож, нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзаж,
Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.2.3., Захиргааны ерөнхий хуулийн 26, 27 дугаар зүйлийг тус тус баримтлан нэхэмжлэгч А.О-ий нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, Аймгийн Засаг даргын Тамгын газрын даргын 2017 оны 3 дугаар сарын 31-ний өдрийн “А.О-ийг ажлаас чөлөөлөх тухай” Б/18 дугаар тушаалыг хүчингүй болгож,
Төрийн албаны тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.6., Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1., Нийгмийн даатгалын тухай хуулийн 15 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 16 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан 2017 оны 3 дугаар сарын 31-ний өдрөөс 2017 оны 9 дүгээр сарын 05-ны өдөр хүртэл ажилгүй байсан хугацаанд урьд авч байсан цалин хөлстэй тэнцэх хэмжээний олговрыг нэхэмжлэгчид олгож, нийгмийн даатгал болон эрүүл мэндийн даатгалыг суутгаж, зохих бичилтийг хийхийг Архангай аймгийн Засаг даргын Тамгын газарт даалгаж,
Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.4.-т заасныг баримтлан нэхэмжлэгч А.О-ээс Архангай аймгийн Засаг даргын Тамгын газрын даргад холбогдуулан гаргасан “урьд эрхэлж байсан ажилд эгүүлэн тогтоохыг даалгуулах” тухай нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож тус тус шийдвэрлэжээ.
Нэхэмжлэгч А.О давж заалдах гомдолдоо: “...Миний бие Архангай аймгийн Засаг даргад холбогдуулан 2017 оны 05 дугаар сарын 19-ний өдөр “Архангай аймгийн Засаг даргын 2016 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн “Аймгийн Засаг даргын Тамгын газрын бүтэц, орон тоог шинэчлэн батлах тухай” А/475 дугаар захирамжийн хавсралтын 4 дэх хэсгийн Хөрөнгө оруулалт, хөгжлийн бодлого төлөвлөлтийн хэлтэс хэсгийн 4.2 Дэд бүтэц, худалдаа үйлчилгээ хариуцсан мэргэжилтэн-1, 4.5 Авто зам, барилга, газрын асуудал хариуцсан мэргэжилтэн-1 гэх хэсгүүдийг тус тус хүчингүй болгуулах” гэж, мөн 2017 оны 06 дугаар сарын 29-ний өдөр “урьд эрхэлж байсан албан тушаал болох Барилга, дэд бүтэц хариуцсан мэргэжилтний ажлын байрыг Архангай аймгийн Засаг даргын Тамгын газрын хөрөнгө оруулалт, хөгжлийн бодлого төлөвлөлтийн хэлтсийн бүтцэд бий болгож батлахыг даалгуулах” гэж тус тус нэхэмжлэлийн шаардлагаа ихэсгэсэн бөгөөд шүүхээс уг нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн авахаас татгалзаж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.
Ийнхүү шийдвэрлэсэн нь дараах үндэслэлээр хууль бус гэж үзэж байна. Учир нь Архангай аймгийн Засаг даргын Тамгын газрын бүтцийг баталсан Засаг даргын А/475 дугаар захирамж нь 2016 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр батлагдсан. Шинээр баталсан бүтцийн талаар нийт албан хаагчдад мэдэгдсэнийг нотлох баримт хэрэгт авагдаагүй бөгөөд хэзээ, хэрхэн мэдэгдсэн, мөн хэзээнээс эхлэн хөөн хэлэлцэх 30 хоногийн хугацааг тоолох нь тодорхойгүй байтал шүүхээс хүлээн авахаас татгалзаж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлгүй.
Шүүхээс Архангай аймгийн Засаг даргын Тамгын газрын даргын 2017 оны 03 дугаар сарын 31-ний өдрийн Б/18 дугаар тушаалыг хүчингүй болгож шийдвэрлэсэн зөв боловч “Урьд эрхэлж байсан ажилд эгүүлэн тогтоохыг даалгуулах” тухай нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлгүй.
Учир нь миний бие Төрийн албаны зөвлөлийн 2008 оны 03 дугаар сарын 03-ны өдрийн Төрийн албаны мэргэшлийн шалгалтад тэнцсэн иргэдийг төрийн жинхэнэ албан тушаалд анх орох иргэний нөөцийн жагсаалтад бүртгэгдэж, Архангай аймгийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газрын даргын 2009 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн 06 дугаар тушаалаар тус газарт Барилга угсралтын технологи, материалын асуудал хариуцсан мэргэжилтнээр томилогдон ажиллаж байгаад Архангай аймгийн Засаг даргын Тамгын газрын даргын 2013 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн Б/14 дүгээр тушаалаар Архангай аймгийн Засаг даргын Тамгын газрын Хөгжлийн бодлогын хэлтсийн Барилга, дэд бүтэц, мэдээлэл технологи хариуцсан мэргэжилтнээр томилогдон ажиллаж байсан төрийн жинхэнэ албан хаагч юм. Төрийн жинхэнэ албан хаагчийн хувьд Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.2.3-д заасан төрийн жинхэнэ албан хаагчийн баталгаагаар хангагдаж, уг баталгааг эдлэх ёстой.
Миний урьд ажиллаж байсан аймгийн Засаг даргын Тамгын газрын Хөгжлийн бодлогын хэлтсийн Барилга, дэд бүтэц, мэдээлэл технологи хариуцсан мэргэжилтний ажлын байрны чиг үүрэг, зорилго нь “Архангай аймагт барилга, дэд бүтэц, мэдээлэл технологийн салбарыг хөгжүүлэх бодлого боловсруулах, Засгийн газрын болон Засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөрт тусгагдсан асуудлыг хэрэгжүүлэх, биелэлтэд хяналт тавих, удирдлагад мэргэжлийн дэмжлэг туслалцаа үзүүлэх, захиалгат бүтээгдэхүүнийг хэлтсийн даргад нийлүүлэх” байсан бөгөөд шинэ бүтцээр батлагдсан Хөрөнгө оруулалт, хөгжлийн бодлого төлөвлөлтийн хэлтсийн Дэд бүтэц, худалдаа, үйлчилгээ хариуцсан мэргэжилтний ажлын байрны зорилго, чиг үүрэг нь “Архангай аймагт дэд бүтэц, худалдаа үйлчилгээний салбарыг хөгжүүлэх бодлого боловсруулах...”, Авто зам, барилга, газрын асуудал хариуцсан мэргэжилтний ажлын байрны зорилго, чиг үүрэг нь “Авто зам, тээврийн талаар аймаг, орон нутагт баримтлах бодлого боловсруулж, хэрэгжилтийг зохион байгуулж хангах...” гэж 2017 оны 02 дугаар сарын 10-ны өдөр баталсан ажлын байрны тодорхойлолт тус бүрт заажээ. Эндээс үзвэл урьд миний хэрэгжүүлж байсан чиг үүрэг аль аль албан тушаалд нь хэвээр байгаа нь нотлогдож байна.
Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.2.3 дахь заалтыг “бүтцийн өөрчлөлт” нэрийн дор төрийн албан хаагчийн ажиллах нөхцөл, баталгааг алдагдуулахгүй байх зорилгоор төрийн албан хаагчийн албан тушаал /ажлын байр/-ын тодорхойлолтод заасан чиг үүрэг хэвээр хадгалагдан үлдсэн бол түүнийг уг албан тушаалд нь үргэлжлүүлэн ажиллуулах үүргийг захиргаанд ногдуулсан агуулгатай зохицуулалт гэж үзэж байна.
Иймд миний бие Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.2.3-д заасан төрийн жинхэнэ албан хаагчийн баталгаагаар хангагдаж, тухайн ажлын байруудын мэргэжил, ур чадварын хувьд хамгийн тохирох ажлын байранд үргэлжлүүлэн ажиллах ёстой. Гэтэл хариуцагч нь Хөрөнгө оруулалт, хөгжлийн бодлого төлөвлөлтийн хэлтсийн Дэд бүтэц, худалдаа үйлчилгээ хариуцсан мэргэжилтэн, Авто зам, барилга, газрын асуудал хариуцсан мэргэжилтнүүдийг томилохдоо миний бие болон гуравдагч этгээд нарын үйл ажиллагааны үр дүн, мэргэшлийн түвшингийн үнэлгээ, мэдлэг, ур чадвар, ажлын дадлага, туршлага зэргийг нь харгалзах ёстой байтал энэхүү журмыг хэрхэн хэрэглэж томилсон нь тодорхойгүй, үүнтэй холбоотой ямар ч баримт хэрэгт авагдаагүй.
Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.2.3-д “төрийн байгууллага өөрчлөн байгуулагдсан (нийлүүлэх, нэгтгэх, хуваах, тусгаарлах, өөрчлөх), эсхүл зохион байгуулалтын бүтэц нь өөрчлөгдсөн...” гэж, Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1-д “аж ахуйн нэгж, байгууллага болон түүний салбар, нэгж татан буугдсан, орон тоо хасагдсан, эсхүл ажилтны тоог цөөрүүлсэн” гэж заасан ба чиг үүрэг хэвээр хадгалагдаж, чиг үүрэг хэвээр үлдсэнийг түүний салбар нэгж татан буугдсан, орон тоо хасагдсан гэж үзэх үндэслэл болохгүй.
Мөн Улсын дээд шүүхийн 2006 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн 33 дугаар тогтоолын 15.1.1-д “Хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1-д заасан “орон тоо хасагдсан” гэдэгт тухайн хуулийн этгээд, байгууллагын зохион байгуулалтын бүтцээс тодорхой ажил, албан тушаалын ажлын байр үгүй болсныг ойлговол зохино. Энэ тохиолдолд ажил олгогч зөвхөн хасагдсан орон тооны ажлын байранд ажиллаж байгаа ажилтны хөдөлмөрийн гэрээг цуцална” гэж тайлбарласан. Үүнээс үзвэл төрийн албан хаагчийн албан тушаал (ажлын байр)-ын тодорхойлолтод заасан чиг үүрэг хэвээр хадгалагдан үлдсэн бол түүнийг уг албан тушаалд нь үргэлжлүүлэн ажиллуулахаар хуульчилсан.
Дээрхээс үзвэл миний урьд эрхэлж байсан албан тушаал /ажлын байр/-ын тодорхойлолтод заасан чиг үүрэг хэвээр хадгалагдан үлдсэн байтал үргэлжлүүлэн ажиллуулахгүй байгаа нь Төрийн албаны тухай хуульд заасан төрийн жинхэнэ албан хаагчийн баталгааг алдагдуулж, хуулийн 27 дугаар зүйлийн 27.2.3-д заасныг зөрчсөн.
Иймд нэхэмжлэгч А.О-ийн “урьд эрхэлж байсан ажилд эгүүлэн тогтоохыг даалгуулах, Архангай аймгийн Засаг даргын 2016 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн “Аймгийн Засаг даргын Тамгын газрын бүтэц, орон тоог шинэчлэн батлах тухай” А/475 дугаар захирамжийн хавсралтын 4 дэх хэсгийн Хөрөнгө оруулалт, хөгжлийн бодлого төлөвлөлтийн хэлтэс хэсгийн 4.2 Дэд бүтэц, худалдаа үйлчилгээ хариуцсан мэргэжилтэн-1, 4.5 Авто зам, барилга, газрын асуудал хариуцсан мэргэжилтэн-1 гэх хэсгүүдийг тус тус хүчингүй болгуулах, урьд эрхэлж байсан албан тушаал болох Барилга, дэд бүтэц хариуцсан мэргэжилтний ажлын байрыг Архангай аймгийн Засаг даргын Тамгын газрын Хөрөнгө оруулалт, хөгжлийн бодлого төлөвлөлтийн хэлтсийн бүтцэд бий болгож батлахыг даалгуулах” нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү” гэжээ.
ХЯНАВАЛ:
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.3 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрийг хянахад нэхэмжлэгчийн давж заалдах гомдлыг хангах үндэслэлгүй байна.
Архангай аймгийн Засаг даргын Тамгын газрын даргын 2017 оны 03 дугаар сарын 31-ний өдрийн б/18 дугаар тушаалаар А.О-ийг тус газрын Хөрөнгө оруулалт, хөгжлийн бодлого, төлөвлөлтийн хэлтсийн Барилга, дэд бүтэц хариуцсан мэргэжилтний албан тушаалаас чөлөөлсөн, хариуцагч уг тушаалын үндэслэлээ “...аймгийн Засаг даргын Тамгын газрын бүтэц, орон тоо өөрчлөгдөж, нэхэмжлэгчийн ажиллаж байсан албан тушаалын орон тоо хасагдсан...” гэж, нэхэмжлэгч нэхэмжлэлийн үндэслэлээ “...урьд миний хэрэгжүүлж байсан чиг үүрэг шинэ батлагдсан бүтцэд хэвээр хадгалагдан үлдсэн...” гэж тус тус тодорхойлон маргажээ.
Монгол Улсын Засгийн газрын 2016 оны 08 дугаар сарын 03-ны өдрийн 09 дүгээр тогтоолоор аймгуудын Засаг даргын Тамгын газрын бүтэц, орон тоог шинэчлэн тогтоосонтой холбогдуулан Архангай аймгийн Засаг даргын 2016 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн А/475 дугаар захирамжаар тус аймгийн Засаг даргын Тамгын газрын бүтэц, орон тоог шинэчлэн баталсан байх бөгөөд дарга-1, мэргэжилтэн-5, нийт 6 орон тоотой байсан Хөгжлийн бодлогын хэлтсийг Хөрөнгө оруулалт, хөгжлийн бодлого төлөвлөлтийн хэлтэс болгон дарга-1, мэргэжилтэн-4, нийт 5 орон тоотой байхаар баталсан байна.
Хэргийн оролцогчдын тайлбар, хэрэгт цугларсан нотлох баримтуудаас үзвэл, нэхэмжлэгч А.О нь Архангай аймгийн Засаг даргын Тамгын газрын даргын 2013 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн б/14 дүгээр тушаалаар тус газрын Хөгжлийн бодлогын хэлтэст, Барилга, дэд бүтэц, мэдээлэл технологи хариуцсан мэргэжилтнээр “...Архангай аймагт барилга, дэд бүтэц, мэдээлэл технологийн салбарыг хөгжүүлэх бодлого боловсруулах, Засгийн газрын болон Засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөрт тусгагдсан асуудлыг хэрэгжүүлэх, биелэлтэд хяналт тавих, удирдлагад мэргэжлийн дэмжлэг туслалцаа үзүүлэх, захиалгат бүтээгдэхүүнийг хэлтсийн даргад нийлүүлэх...” чиг үүрэгтэй ажиллаж байсан, харин аймгийн Засаг даргын 2017 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн А/475 дугаар захирамжаар аймгийн Засаг даргын Тамгын газрын бүтэц, орон тоог шинэчлэхдээ “Барилга, дэд бүтэц, мэдээлэл технологи хариуцсан мэргэжилтэн” гэх албан тушаалын орон тоог батлаагүй боловч уг албан тушаалын дэд бүтэц, барилгын асуудалтай холбоотой чиг үүрэг худалдаа үйлчилгээ, авто замын асуудал хариуцсан мэргэжилтний чиг үүргүүдтэй нэгтгэгдэж, шинэчилсэн бүтцээр Дэд бүтэц, худалдаа, үйлчилгээ хариуцсан мэргэжилтэн, Авто зам, барилга, газрын асуудал хариуцсан мэргэжилтний албан тушаал болж батлагдан орон тоо цөөрсөн байна.
Энэ тохиолдолд нэхэмжлэгч А.О нь Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.2-т “Төрийн жинхэнэ албан хаагч дараахь нэмэгдэл баталгаагаар хангагдана”, 27.2.3-д “...тухайн чиг үүргийг хэрэгжүүлэх албан тушаал (ажлын байр)-ын орон тоо цөөрсөн бол уг албан тушаалыг эрхэлж байсан албан хаагчийн үйл ажиллагааны үр дүн, мэргэшлийн түвшингийн үнэлгээ, мэдлэг, ур чадвар, ажлын дадлага, туршлага зэргийг нь харгалзан тухайн албан тушаалд тавигдах ерөнхий болон тусгай шаардлагыг хамгийн илүү хангаж байгаа албан хаагчийг томилох эрх бүхий албан тушаалтан нь шалгаруулж авах” гэж заасан төрийн жинхэнэ албан хаагчийн нэмэгдэл баталгаагаар хангагдах ёстой.
Гэтэл хариуцагчаас орон тоо цөөрсөн тохиолдолд хэрэглэгдэх хуулийн дээрх зохицуулалтын дагуу шалгаруулалт явуулалгүйгээр маргаан бүхий б/18 дугаар тушаалаар нэхэмжлэгчийг Төрийн албаны тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.4, 27 дугаар зүйлийн 27.2.4-д заасан “төрийн байгууллага татан буугдсан, өөрчлөн байгуулагдсан, эсхүл өөрөөс нь үл хамаарах шалтгаанаар албан тушаалын орон тоо нь хасагдсан” гэх үндэслэлээр үүрэгт ажлаас нь чөлөөлж, 3 сарын цалинтай тэнцэх тэтгэлэг олгохоор шийдвэрлэсэн нь буруу, нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн байна.
Иймд хариуцагч Архангай аймгийн Засаг даргын Тамгын газрын дарга нь нэхэмжлэгч болон гуравдагч этгээдүүдийн үйл ажиллагааны үр дүн, мэргэшлийн түвшингийн үнэлгээ, мэдлэг, ур чадвар, ажлын дадлага, туршлага зэргийг нь харгалзан тухайн албан тушаалд тавигдах ерөнхий болон тусгай шаардлагыг хамгийн илүү хангаж байгаа албан хаагчийг шалгаруулж, шинээр батлагдсан бүтцэд бий болсон Дэд бүтэц, худалдаа, үйлчилгээ хариуцсан мэргэжилтэн, Авто зам, барилга, газрын асуудал хариуцсан мэргэжилтнүүдийг томилох нь зүйтэй.
Харин А.О-ийн харьяалагдан ажиллаж байсан хэлтсийн орон тоо цөөрч, шинээр батлагдсан бүтцэд нэхэмжлэгчийн урьд эрхэлж байсан Барилга, дэд бүтэц, мэдээлэл технологи хариуцсан мэргэжилтний албан тушаал батлагдаагүй тул түүний “урьд эрхэлж байсан ажилд эгүүлэн тогтоохыг даалгах” нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэслэлгүй, энэ талаар гарсан нэхэмжлэгчийн гомдлыг хүлээн авах боломжгүй.
Түүнчлэн анхан шатны шүүх нэхэмжлэгчийн нэмэгдүүлсэн “Архангай аймгийн Засаг даргын 2016 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн “Аймгийн Засаг даргын Тамгын газрын бүтэц, орон тоог шинэчлэн батлах тухай” А/475 дугаар захирамжийн хавсралтын 4 дэх хэсгийн Хөрөнгө, оруулалт, хөгжлийн бодлого төлөвлөлтийн хэлтэс хэсгийн 4.2 Дэд бүтэц, худалдаа, үйлчилгээ хариуцсан мэргэжилтэн-1, 4.5 Авто зам, барилга, газрын асуудал хариуцсан мэргэжилтэн-1 гэх хэсгүүдийг тус тус хүчингүй болгуулах, урьд эрхэлж байсан албан тушаал болох Барилга, дэд бүтэц хариуцсан мэргэжилтний ажлын байрыг Архангай аймгийн Засаг даргын Тамгын газрын Хөрөнгө оруулалт, хөгжлийн бодлого төлөвлөлтийн хэлтсийн бүтцэд бий болгож батлахыг даалгуулах” шаардлагыг захиргааны хэргийн шүүхийн харьяаллын бус байхад хүлээн авч, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.8-д заасан үндэслэлээр хүлээн авахаас татгалзаж шийдвэрлэсэн нь буруу байна.
Төсвийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1.17-д зааснаар Архангай аймгийн Засаг дарга нь өөрийн эрхлэх асуудлын хүрээний төсвийн ерөнхийлөн захирагчийн хувьд мөн зүйлийн 14.2.12-т “эрхлэх асуудлын хүрээнд хамаарах төсөвт байгууллагын үйл ажиллагааны үр дүнг дээшлүүлэх, чиг үүргийн давхардлыг арилгах, ажлын ачааллыг нягтруулах, бүтээмжийг дээшлүүлэх зорилгоор чиг үүрэг, зохион байгуулалтын бүтцийг батлагдсан орон тооны хязгаар, төсөвт багтаан шинэчлэн тогтоох” гэж заасны дагуу Монгол Улсын Засгийн газрын 2016 оны 09 дүгээр тогтоолоор шинэчлэн баталсан аймгийн Засаг даргын Тамгын газрын зохион байгуулалтын бүтэц, орон тооны дагуу тус аймгийн Засаг даргын Тамгын газрын бүтэц, орон тоог шинэчлэн баталсан нь Захиргааны ерөнхий хуулийн 37 дугаар зүйлийн 37.1-д заасан захиргааны актын гадагш чиглэсэн, нэхэмжлэгчид шууд чиглэсэн эрх зүйн үр дагавар бий болгосон байх шинжийг агуулаагүй байна.
Иймд Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.1-д зааснаар А.О-ийн нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлагыг хүлээн авахаас татгалзаж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосон өөрчлөлтийг шүүхийн шийдвэрт оруулж, нэхэмжлэгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэв.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.3-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Архангай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 09 дүгээр сарын 05-ны өдрийн 109/ШШ2017/0039 дүгээр шийдвэрийн Тогтоох хэсгийн 1 дэх заалтын “...54.1.8-т...” гэснийг “...54.1.1-д...” гэж өөрчлөн, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.
2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1, 51 дүгээр зүйлийн 51.1-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч А.О-ээс давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5-д зааснаар шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн, төсөөтэй харилцааг зохицуулсан хуулийг буруу хэрэглэсэн, мөн шүүх хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн нь шүүхийн шийдвэр гарахад нөлөөлсөн гэж үзвэл магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд гомдол гаргах эрхтэй.
ШҮҮГЧ Н.ХОНИНХҮҮ
ШҮҮГЧ Э.ЛХАГВАСҮРЭН
ШҮҮГЧ Б.ТУНГАЛАГСАЙХАН