Шүүх | Улсын дээд шүүх |
---|---|
Шүүгч | Дашдоржийн Мөнхтуяа |
Хэргийн индекс | 128/2017/0636/з |
Дугаар | 196 |
Огноо | 2018-04-30 |
Маргааны төрөл | Төрийн алба, |
Улсын дээд шүүхийн Тогтоол
2018 оны 04 сарын 30 өдөр
Дугаар 196
Ү.С-ын нэхэмжлэлтэй,
Монгол Улсын Ерөнхий аудиторт холбогдох
захиргааны хэргийн тухай
Монгол Улсын Дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдааны бүрэлдэхүүн:
Даргалагч: Х.Батсүрэн
Шүүгчид: Л.Атарцэцэг
П.Соёл-Эрдэнэ
Ч.Тунгалаг
Илтгэгч шүүгч: Д.Мөнхтуяа
Нарийн бичгийн дарга: У.Батцэцэг,
Нэхэмжлэлийн шаардлага: “Монгол Улсын Ерөнхий аудиторын 2017 оны 07 дугаар сарын 16-ны өдрийн Б/246 тоот “Ү.С-ыг ажлаас чөлөөлөх тухай” тушаалыг хүчингүй болгож, урьд эрхэлж байсан ажил албан тушаалд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин хөлс, гаргуулж, нийгмийн даатгалын дэвтэрт болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгэх”
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн 128/ШШ2017/0939 дүгээр шийдвэр,
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 02 дугаар сарын 13-ны өдрийн 221/МА2018/0112 дугаар магадлал,
Шүүх хуралдаанд оролцогч:
Нэхэмжлэгч: Ү.С,
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: С.Энхбаатар, Б.Цэнгүнжав, өмгөөлөгч Б.Оюунбилэг нар,
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Цэнгүнжавын хяналтын журмаар гаргасан гомдлыг үндэслэн хэргийг хянан хэлэлцэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Өмнөх шатны шүүхийн шийдвэр
1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн 128/ШШ2017/0939 дүгээр шийдвэрээр: Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.2, 27.2.3, 27.2.4 дэх хэсэгт тус тус заасныг баримтлан нэхэмжлэгч Ү.С“Монгол Улсын Ерөнхий аудиторын 2017 оны 07 дугаар сарын 16-ны өдрийн Б/246 тоот “Ү.С-ыг ажлаас чөлөөлөх тухай” тушаалыг хүчингүй болгож, урьд эрхэлж байсан ажил албан тушаалд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин хөлс гаргуулж, нийгмийн даатгалын дэвтэрт болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгэх” шаардлага бүхий нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.
2. Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 02 дугаар сарын 13-ны өдрийн 221/МА2018/0112 дугаар магадлалаар: нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн 128/ШШ2017/0939 дүгээр шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцааж шийдвэрлэсэн байна.
Хяналтын журмаар гаргасан гомдол
3. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Цэнгүнжав гомдолдоо: ... Магадлалын хянавал хэсэгт “Анхан шатны шүүх ач холбогдол бүхий нотлох баримтыг цуглуулах, үнэлэх үүргээ бүрэн хэрэгжүүлээгүйгээс шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болж чадаагүй байна” гэжээ.
4. Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага нь “Монгол Улсын Ерөнхий аудиторын 2017 оны Б/246 дугаар “Ү.С-ыг ажлаас чөлөөлөх тухай” тушаалыг хүчингүй болгож, урьд эрхэлж байсан ажил албан тушаалд /тодруулбал Санхүүгийн аудитын хэлтэст шинжээчээр/ эгүүлэн тогтоолгох” бөгөөд анхан шатны шүүх нь тус нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд хэрэгт авагдсан нотлох баримтын үндсэн дээр Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5. “Шүүх нэхэмжлэлийн шаардлагын хүрээнээс хэтэрсэн болон хэргийн оролцогчдын маргаагүй асуудлаар дүгнэлт хийж, шийдвэр гаргаж болохгүй” гэж заасны дагуу шийдвэрлэсэн гэж үзэж байна.
5. Учир нь, Монгол Улсын Ерөнхий аудиторын 2017 оны Б/177 дугаар тушаалаар нийслэл дэх Төрийн аудитын газарт ажиллаж байсан аудитын үйл ажиллагаанд оролцдог удирдах гүйцэтгэх албан хаагчдыг бүгдийг хамруулан чөлөөлж, Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.2.3-т заасны дагуу тухайн нэгжийн холбогдох албан тушаалын ерөнхий болон тусгай шаардлагыг хамгийн илүү хангаж байгаа албан хаагчийг сонгон шалгаруулж томилох зохицуулалтын дагуу явагдсан. Энэ талаар нотлох баримт нь Монгол Улсын Ерөнхий аудиторын дэргэдэх Сонгон шалгаруулалтын комиссын 2017 оны 06 дугаар сарын 28-ны өдрийн хурлын тэмдэглэл, Захиргааны ерөнхий хуулийн 26, 27 дугаар зүйлд заасны дагуу сонсох ажиллагаа явуулсан 2017 оны 06 дугаар сарын 28-ны өдрийн тэмдэглэл зэргээр нотлогдоно.
6. Шүүхээс нэхэмжлэлийн шаардлагад хамааралгүй зүйл “... 27.2.4-т заасан ... нэмэгдэл баталгаа болох цалин хөлсийг бууруулахгүйгээр мэргэжил, мэргэшлийн дагуу нэхэмжлэгчийг өөр ажил, албан тушаалд шилжүүлэн томилох боломж байсан эсэх ...”-ийг тодруулахаар байна гэсэн нь ойлгомжгүй бөгөөд энэ нь анхан шатны шүүхээс Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д заасныг зөрчих нөхцөл байдлыг бий болгож байна. Түүнчлэн магадлалд “... нийслэл дэх Төрийн аудитын газрын аудиторын ажлын байранд тавигдах шаардлагыг нэмэгдүүлж, өөрчлөх болсон бодитойгоор тулгарсан ямар шаардлага бий болсныг тодруулахахаар байна” гэсэн нь мөн л дээрх хуулийн зохицуулалтыг зөрчих нөхцлийг шаардсан гэж үзэж байна. Энэ нь шүүхийн дүгнэсэн шиг шинээр тавьж байгаа шаардлага биш бөгөөд 2014 онд батлагдсан Ажлын байрны тодорхойлолтыг нарийвчлан тодорхой болгож 2017 оны А/88 дугаар тушаалаар баталсан болно. Энэ нь Төрийн албаны тухай хуулийн 4.2.4, 4.2.5, мөн хуулийн 10 дугаар зүйлийн 10.1, Төрийн аудитын тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5-д заасан хуулийн хэрэгжилтийг хангасан бие даасан тушаал шийдвэр бөгөөд энэ нь хууль тогтоомжоор Монгол Улсын Ерөнхий аудиторт байгаа бүрэн эрх болно. Нэхэмжлэгч нь шинээр ажлын байрны тодорхойлолт баталсан тушаал шийдвэртэй маргаагүй болно.
7. Мөн хянавал хэсэгт “Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.2, 27.2.3, 27.2.4 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь буруу байна” гэжээ.
8. Магадлалд Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн аль зүйл заалттай нийцээгүй тухай тодорхой тусгаагүй нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.2.1-т “шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй ...” гэж үзэх үндэслэлтэй гэж үзэж байна.
9. Учир нь, магадлалд “...нийслэл дэх Төрийн аудитын газарт буцаан томилохдоо нийт 34 албан хаагчийг томилсон, харин үлдсэн орон тоонд хүн томилсон эсэх нь тодорхойгүй байна” гэжээ. Энэ талаар нотлох баримт нь Монгол Улсын Ерөнхий аудиторын 2017 оны А/60, Б/177, мөн Б/206, Монгол Улсын Ерөнхий аудиторын дэргэдэх Сонгон шалгаруулалтын комиссын 2017 оны 06 дугаар сарын 28-ны өдрийн хурлын тэмдэглэл зэргээс тодорхой харагдах бөгөөд нэхэмжлэгч нь дээрх тушаал шийдвэр, бүтцийн өөрчлөлттэй маргадаггүй байхад дээрх дүгнэлтийг хийсэн нь ойлгомжгүй байна.
10. Анхан шатны шүүх нь хэрэгт авагдсан болон талуудын шинжлэн судлуулсан нотлох баримтын хүрээнд дүгнэсэн нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.4-т “Шүүхийн шийдвэр нь хэрэгт авагдсан бөгөөд шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтад үндэслэсэн байна” гэж заасны дагуу үндэслэл бүхий болсон гэж үзэж байна.
11. Мөн магадлалд “... Төрийн албан хаагчийн нэмэгдэл баталгаа болох цалин хөлсийг бууруулахгүйгээр мэргэжил, мэргэшлийн дагуу өөр ажил албан тушаалд шилжүүлэн томилох боломж байсан эсэхийг тодруулах, мөн ажлын байранд тавигдах шаардлагыг нэмэгдүүлж өөрчлөх болсон бодитойгоор тулгарсан ямар шаардлага бий болсныг тодруулах шаардлагатай байна...” гэжээ. Уг асуудлаар талууд маргадагтүй бөгөөд хэрэгт авагдсан Монгол Улсын Ерөнхий аудиторын 2017 оны А/88, 2014 онд батлагдсан ажлын байрын тодорхойлолт, хурлын тэмдэглэл зэргээс бүрэн харагдна.
12. Түүнчлэн сонгон шалгаруулалтыг явуулахдаа Санхүүгийн аудитын хэлтсийн албан хаагчдыг бусад аудитын нэгжийн албан хаагчидтай харьцуулж явуулаагүй бөгөөд өмнө нь тус нэгжид 25 албан хаагч байснаас 22 болж цөөрсний дагуу тухайн албан тушаалд тавигдах ерөнхий болон тусгай шаардлагыг хамгийн илүү хангаж байгаа албан хаагчийг шалгаруулж томилсон болно. Тус захиргааны үйл ажиллагаатай холбоотойгоор нэхэмжлэгчээс гомдол, санал, нэхэмжлэлийг гаргаагүй болно.
13. Мөн магадлалд “...албан тушаалд эгүүлэн тогтоолгох ... гэж тодорхойлсон нь аль албаны, аль албан тушаалд тогтоолгохоор шаардсан нь тодорхойгүй” гэжээ. Нэхэмжлэгч нь урьд эрхэлж байсан ажил, албан тушаалд эгүүлэн томилуулах гэж нэхэмжлэлийн шаардлагаа маш тодорхой гаргасан бөгөөд магадлалын тодорхойлох хэсэгт дурдсан байна. Түүнчлэн нэхэмжлэгч нь анхан шатны шүүхийн хэлэлцүүлэгт нэхэмжлэлийн шаарлагаа тодруулсан байдаг.
14. Магадлалын хянах хэсэгт “... менежерээр ажиллаж байсан А.Цогбаяр, В.Эрлдэнэцогт, Д.Энхдалай гэх 3 хүн одоо аудитор, ахлах аудитор болсноос үзэхэд дээд шатны албан тушаалтны тоонд өөрчлөлт орсноос ... доод тушаалд ажиллаж байсан хүмүүсийг ажлаас чөлөөлөх гэсэн тайлбар хийсэн байх тул дээрх нөхцөл байдлыг тодруулах шаардлагатай байсан” гэжээ. Энэ талаар нотлох баримт нь Монгол Улсын Ерөнхий аудиторын 2017 оны А/60, Б/177 гэсэн тушаал, бидний гаргасан тайлбар зэргээс хянан үзээгүй хянан шийдвэрлэсэн гэж үзэхээр байна.
15. Магадлалын хянах хэсэгт Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119.2-т “давж заалдах журмаар хэрэг хянан шийдвэрлэсэн шүүх нь анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх, өөрчлөх, хүчингүй болгох шийдвэрийн аль нэгийг гаргана”, 121.1.4-т “шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцаах”, 121.3.4-т “шүүх шаардлагатай нотлох баримтыг дутуу бүрдүүлсэн, эсхүл хуулийн шаардлага хангаагүй болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдээгүй нотлох баримтыг шүүхийн шийдвэрийн үндэслэл болгосон” гэсэн заалтад заасан нөхцөл байдал байгааг давж заалдах шатны шүүх тогтоогоогүй гэж үзэж байна.
16. Иймд, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 02 дугаар сарын 13-ны өдрийн 221/МА2018/0112 дугаар магадлал нь хэрэгт авагдсан нотлох баримтыг тал бүрээс нь бүрэн судлалгүйгээр дүгнэж, хуулийг буруу тайлбарласан гэж үзэж байх тул нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шүүхийн 2017 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн 128/ШШ2017/0939 дүгээр шийдвэрийг хэвээр үлдээж, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 02 дугаар сарын 13-ны өдрийн 221/МА2018/0112 дугаар магадлалыг хүчингүй болгож өгнө үү гэжээ.
ХЯНАВАЛ:
17. Хяналтын шатны шүүх дараах үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж шийдвэрлэлээ.
18. Нэхэмжлэгч Ү.С нь Монгол Улсын Ерөнхий аудиторын 2015 оны 05 дугаар сарын 29-ний өдрийн 145 дугаар тушаалаар Үндэсний аудитын газрын харьяа Нийслэлийн аудитын газрын шинжээчийн албан тушаалд “туршилтын 6 сарын хугацаатай” томилогдсон, маргаан бүхий захиргааны акт гарах үед мөн газрын Санхүүгийн аудитын газрын шинжээчээр ажиллаж байсан, талууд уг үйл баримттай маргаагүй байна.
19. Монгол Улсын Ерөнхий аудиторын 2017 оны 07 дугаар сарын 16-ны өдрийн маргаан бүхий Б/246 дугаар тушаалаар Төрийн аудитын тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.4.7, 14 дүгээр зүйлийн 14.1, Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.2.3, 27.2.4, Монгол Улсын Ерөнхий аудиторын дэргэдэх Сонгон шалгаруулалтын байнгын комиссын 2017 оны 06 дугаар сарын 28-ны өдрийн тэмдэглэлийг тус тус үндэслэн Ү.С-ыг албан тушаалаас чөлөөлсөн, хариуцагчаас уг тушаалын үндэслэлээ “... батлагдсан ажлын байрны тодорхойлолтод заасан шаардлагад нийцээгүй” гэж, нэхэмжлэгчээс “... төрийн жинхэнэ албан хаагчийг төрийн албанаас чөлөөлөх болон халах хуульд заасан үндэслэлд хамаарахгүй ... /үндэслэлээр/ ажлаас чөлөөлсөн, анх ажилд орохдоо ажлын байранд тавигдсан нөхцөл шаардлагад нийцэн ажилд орсон тул шинээр нэмэгдсэн ... шаардлагад нийцэхгүй гэсэн нь үндэслэлгүй” гэж маргажээ.
20. Хэргийн оролцогчдын тайлбар, хэрэгт цугларсан бусад нотлох баримтуудаас үзвэл, Монгол Улсын Ерөнхий аудиторын 2014 оны 23 дугаар тушаалаар батлагдсан орон тоогоор Нийслэлийн аудитын газар нь 50 орон тоотой байсныг Монгол Улсын Ерөнхий аудиторын 2017 оны 04 дүгээр сарын 07-ны өдрийн А/60 дугаар тушаалаар өөрчлөн, нийслэл дэх Төрийн аудитын газар (хуучнаар Нийслэлийн аудитын газар)-ын орон тоог 45 болгон цөөрүүлж, мөн Ерөнхий аудиторын 2017 оны 05 дугаар сарын 26-ны өдрийн Б/177 дугаар тушаалаар “... албан хаагчдыг шинэ ажлын байранд томилохтой холбогдуулан Захиргааны ерөнхий хуулийн 26, 27 дугаар зүйлийг баримтлан сонсох ажиллагаа явуулж, ... шинэчлэн батлагдсан ажлын байрны тодорхойлолтод тавигдах шаардлагыг хангасан албан хаагчдыг сонгон шалгаруулж танилцуулахыг Ерөнхий аудиторын дэргэдэх Сонгон шалгаруулалтын комисст даалгаж” шийдвэрлэсэн, үүний дагуу Ерөнхий аудиторын дэргэдэх Сонгон шалгаруулалтын комиссын 2017 оны 06 дугаар сарын 28-ны өдрийн хуралдаанаар “... тухайн албан тушаалд тавигдах ерөнхий болон тусгай шаардлагыг хамгийн илүү хангаж байгаа албан хаагчдын нэрсийн жагсаалт”-ыг гаргасан, харин Ү.С-ыг “мэргэшсэн байх”, “төрийн албанд 5 жилээс доошгүй /ажилласан байх/” шаардлага хангаагүй гэх үндэслэлээр “ажлын байр, албан тушаалын ерөнхий болон тусгай шаардлага, шалгуур үзүүлэлтэд нийцээгүй албан хаагчдын жагсаалт”-д оруулжээ.
21. Монгол Улсын Ерөнхий аудиторын 2017 оны 05 дугаар сарын 12-ны өдрийн А/88 дугаар тушаалаар батлагдсан нийслэл дэх Төрийн аудитын газрын Санхүүгийн аудитын хэлтсийн аудиторын Ажлын байр (албан тушаал)-ны тодорхойлолтод зааснаар уг албан тушаал эрхлэгч нь “... мэргэшсэн нягтлан бодогчийн эрхтэй..., төрийн албанд 5 жилээс доошгүй /ажилласан байх/” шаардлага тавигдсан, нэхэмжлэгч Ү.С нь эдгээр шаардлагуудыг хангаагүй болох нь тогтоогдсон байх тул “... шинэ ажлын байрны тодорхойлолтод заасан ерөнхий болон тусгай шаардлагыг хамгийн илүү хангаж байгаа 5-36 жил ажилласан мэргэжлийн дадлага, туршлага бүхий албан тушаалтнуудыг эрх бүхий комиссоос сонгон шалгаруулж авсан” нь хууль зөрчөөгүй талаар анхан шатны шүүхийн дүгнэлт үндэслэлтэй зөв байна.
22. Төрийн албаны тухай хууль (2017 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн хуулиар хүчингүй болсонд тооцогдсон)-ийн 27 дугаар зүйлийн 27.2.3-т “... төрийн байгууллага ... зохион байгуулалтын бүтэц нь өөрчлөгдсөн.../-өөр/ ... албан тушаал (ажлын байр)-ын орон тоо цөөрсөн бол уг албан тушаалыг эрхэлж байсан албан хаагчийн үйл ажиллагааны үр дүн, мэргэшлийн түвшингийн үнэлгээ, мэдлэг, ур чадвар, ажлын дадлага, туршлага зэргийг нь харгалзан тухайн албан тушаалд тавигдах ерөнхий болон тусгай шаардлагыг хамгийн илүү хангаж байгаа албан хаагчийг томилох эрх бүхий албан тушаалтан нь шалгаруулж авна” гэж заасан, тухайн тохиолдолд, нийслэл дэх Төрийн аудитын газрын бүтэц өөрчлөгдсөнөөр ажлын байрны орон тоо цөөрсөн, тус газрын Санхүүгийн аудитын хэлтсийн аудиторын албан тушаалд тавигдах ерөнхий болон тусгай “мэргэшсэн нягтлан бодогчийн эрхтэй байх”, “төрийн албанд 5 жилээс доошгүй жил /ажилласан байх/” шаардлагыг хангаагүй Ү.С-ыг нийслэл дэх Төрийн аудитын газрын Санхүүгийн аудитын хэлтсийн аудиторын албан тушаалд томилох, шүүхээс томилохыг даалгах боломжгүй юм.
23. Давж заалдах шатны шүүхээс “... үлдсэн орон тоонд хүн томилсон эсэх нь тодорхойгүй, “... дээд шатны албан тушаалтны орон тоонд өөрчлөлт орсноос ... доод тушаалд ажиллаж байсан хүмүүсийг ажлаас чөлөөлсөн” ... нөхцөл байдлыг тогтоох, ... тухайн байгууллагад нийт хэдэн хүн ажиллаж байсан, одоо хэдэн хүн ажиллаж байгаа, шинэ бүтэц батлагдсанаас хойш гүйцэтгэлийн аудитын хэлтэст томилогдсон бүх аудиторууд нь өмнө нь бүгдээрээ гүйцэтгэлийн аудитын чиг үүрэг бүхий ажил, албан тушаал эрхэлж байсан эсэх...”-ийг тодруулахаар хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцаасан нь буруу, учир нь, Санхүүгийн аудитын хэлтсийн аудиторын албан тушаалд тавигдах ерөнхий болон тусгай “мэргэшсэн нягтлан бодогчийн эрхтэй байх”, “төрийн албанд 5 жилээс доошгүй жил /ажилласан байх/” шаардлагыг хангаагүй гэх үндэслэлээр нэхэмжлэгчийг ажлаас чөлөөлсөн маргаан бүхий захиргааны актын үндэслэл нь дээрх нөхцөл байдлуудыг тогтоосноор үгүйсгэгдэхээргүй байна.
24. Түүнчлэн, нэхэмжлэгч Ү.С нь Монгол Улсын Ерөнхий аудиторын 2015 оны 05 дугаар сарын 29-ний өдрийн 145 дугаар тушаалаар Үндэсний аудитын газрын харьяа Нийслэлийн аудитын газрын шинжээчийн албан тушаалд “туршилтын 6 сарын хугацаатай” анх томилогдон, “жинхэлсэн”, түүнийг томилогдох үед Монгол Улсын Ерөнхий аудиторын 2014 оны 03 дугаар сарын 15-ны өдөр баталсан “шинжээчийн” Ажлын байр /албан тушаал/-ны тодорхойлолт хүчин төгөлдөр байсан, уг тодорхойлолтод зааснаар “аудитор-шинжээч” нь “мэргэшсэн нягтлан бодогч”, “төрийн албанд ажилласан туршлагатай” байх ерөнхий болон тусгай шаардлага тавигдаж байсан, Ү.С нь анх уг албан тушаалд томилогдохдоо эдгээр шаардлагуудыг хангаагүй байжээ.
25. Иймд, Ажлын байр /албан тушаал/-ны тодорхойлолтод заасан шаардлага, шалгуурыг хангаагүй гэх үндэслэлээр Ү.С-ыг албан тушаалаас нь чөлөөлж, 3 сарын цалинтай тэнцэх хэмжээний нэг удаагийн тэтгэлэг олгохоор шийдвэрлэсэн Монгол Улсын Ерөнхий аудиторын 2015 оны 05 дугаар сарын 29-ний өдрийн 145 дугаар тушаал Төрийн албаны тухай хууль (2017 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн хуулиар хүчингүй болсонд тооцогдсон)-ийн 27 дугаар зүйлийн 27.2.3 болон 27.2.4-т “... албан тушаалын орон тоо нь хасагдсан тохиолдолд ... 3 сарын цалинтай тэнцэх хэмжээний нэг удаагийн тэтгэлэг тухайн байгууллагаас олгоно” гэснийг зөрчөөгүй, нэхэмжлэгч Ү.С эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндөөгүй гэж үзнэ.
26. Анхан шатны шүүх маргааны үйл баримтуудад үндэслэл бүхий дүгнэлт хийж, хэрэглэвэл зохих Төрийн албаны тухай хууль (2017 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн хуулиар хүчингүй болсонд тооцогдсон)-ийн 27 дугаар зүйлийн 27.2.3, 27.2.4-т заасныг тус тус зөв тайлбарлан хэрэглэж, нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь зөв, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн “... /давж заалдах шатны шүүх/ нэхэмжлэлийн шаардлагад хамааралгүй зүйл ... -ийг тодруулахаар /буцаасан/, ... талуудын маргаагүй ... нэхэмжлэлийн шаардлагад хамааралгүй асуудлаар дүгнэлт хийсэн” гэх үндэслэлээр гаргасан хяналтын гомдлыг хангах үндэслэлтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.2.3-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 02 дугаар сарын 13-ны өдрийн 221/МА2018/0112 дугаар магадлалыг хүчинүй болгож, нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн 128/ШШ2017/0939 дүгээр шийдвэрийг хэвээр үлдээсүгэй.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар хариуцагч тэмдэгтийн хураамж төлөөгүйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Х.БАТСҮРЭН
ШҮҮГЧ Д.МӨНХТУЯА