Улсын дээд шүүхийн Тогтоол

2019 оны 03 сарын 13 өдөр

Дугаар 118

 

Б.Г-д холбогдох эрүүгийн

хэргийн тухай

Улсын дээд шүүхийн Эрүүгийн хэргийн  танхимын тэргүүн Б.Цогт даргалж, шүүгч С.Батдэлгэр, Д.Ганзориг, Ч.Хосбаяр, Д.Эрдэнэбалсүрэн нарын бүрэлдэхүүнтэй, Улсын ерөнхий прокурорын газрын хяналтын прокурор А.Оюунгэрэл, шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Онолтуяа, нарийн бичгийн дарга Н.Энхжил нарыг оролцуулж хийсэн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар

Хан-Уул дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн 509 дүгээр шийтгэх тогтоол, Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн 06 дугаар магадлалтай, Б.Г-д холбогдох 181000311052 дугаартай эрүүгийн хэргийг шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Онолтуяагийн гаргасан гомдлыг үндэслэн 2019 оны 02 дугаар сарын 26-ны өдөр хүлээн авч, шүүгч Ч.Хосбаярын танилцуулснаар хянан хэлэлцэв.

Монгол Улсын иргэн, 1982 онд төрсөн, 37 настай, эмэгтэй, дээд боловсролтой, хүнсний технологич мэргэжилтэй, ял шийтгэлгүй, Яргай овогт Б-ын Г нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах” гэмт хэрэгт холбогджээ.

Хан-Уул дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүх Б.Г-ыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 600 нэгж буюу 600,000 төгрөгөөр торгох ял шийтгэсэн байна.

Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Онолтуяагийн давж заалдсан гомдлыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

Хяналтын шатны шүүхэд шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Онолтуяа гаргасан гомдол болон шүүх хуралдаанд хэлсэн саналдаа “Анхан болон давж заалдах шатны шүүхийн шийтгэх тогтоол, магадлалыг эс зөвшөөрч гомдол гаргаж байна. Учир нь хэргийн бодит үнэн шүүхийн шийтгэх тогтоол болон магадлалтай нийцэхгүй байгаагаас шүүх Эрүүгийн хуулийг буруу хэрэглэж, хэрэглэвэл зохих хуулийн зүйл заалтыг буруу тайлбарлаж хэрэглэсэн. Б.Г-ыг Хан-Уул дүүргийн Цагдаагийн 1 дүгээр хэлтсийн хэрэг бүртгэх тасгаас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэж эрүүгийн хэрэг үүсгэсний дараа яллагдагчаар татан яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлсэн юм. Өмгөөлөгчийн зүгээс хэргийг тал бүрээс нь бодитоор судалж үзэхэд хэт нэг талыг барьж, бодит үнэн байдлыг тогтоогоогүй, мөн гэмт хэргийн сэдэлт, зорилгыг тогтоолгүй шалгасан нь илт байна. Б.Г нь “Хан-Уул дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Прозоне” гэх РС тоглоомын газарт очихдоо тус байгууллагын хууль бус үйл ажиллагааг таслан зогсоох гэж холбогдох газарт нь мэдэгдэх зорилгоор очсон байдаг. Гэтэл хохирогч Б.Ө нь хэл амаар доромжилж улмаар биед нь халдсан тул түүнийг өөрөөсөө холдуулах гэж түлхсэнээс болж нүүрэн тус газар нь маажигдсан байдаг юм. Иймд Б.Г-ын үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг хангаагүй тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.8 дугаар дүгээр зүйлийн 1.2-т заасны дагуу хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэв.

Хяналтын шатны шүүх хуралдаанд хяналтын прокурор А.Оюунгэрэл гаргасан хууль зүйн дүгнэлтдээ “Шүүгдэгч Б.Г-ын үйлдсэн гэмт хэрэг нь мөрдөн шалгах ажиллагаагаар цугларсан нотлох баримтаар тогтоогдсон болно. Шүүгдэгч чихэндээ хагалгаа хийлгэсэн тул өөрийгөө хамгаалах зорилгоор хохирогчийг түлхсэн гэж тайлбарладаг боловч хэрэгт авагдсан нотлох баримтаар нотлогдоогүй. Энэхүү гэмт хэрэг гарахад хохирогчийн хууль бус ажиллагаа нөлөөлсөн гэж үзэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна. Шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг зөв хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчөөгүй тул шийтгэх тогтоол, магадлалыг хэвээр үлдээх нь зүйтэй” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Онолтуяагийн гаргасан гомдлыг үндэслэн Б.Г-д холбогдох хэргийг хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцэж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.5 дугаар зүйлд зааснаар анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг зөв хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн эсэх болон шүүхийн үйл ажиллагаа, шийдвэрийг бүрэн хянаж үзэв.

Шүүгдэгч Б.Г нь өөрийн 15 настай хүүг компьютерийн тоглоомын газар хонуулан төлбөртэй тоглуулж гэрт нь ирүүлээгүй, хичээлд нь явуулаагүй гэх шалтгаанаар “Про зоне” цахим тоглоомын газрыг хариуцан ажиллуулж байсан Ө.Ө-тай уулзаж, энэхүү үйлдэл нь хууль бус болох талаар шаардлага тавьсан боловч Ө.Ө-ийн зүгээс энэ явдалд өөрийг нь болон хүүг нь буруутгасан маргааны улмаас зууралдах явцад хохирогчийн эрүүл мэндэд хөнгөн зэргийн гэмтэл учруулсан үйлдлийн нийгмийн аюулын шинж чанар нь бага, хохирлын хэр хэмжээ нь ялимгүй байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг хэлбэрийн төдий агуулсан гэж үзлээ.

Иймд анхан болон давж заалдах шатны шүүхийн шийтгэх тогтоол, магадлалыг хүчингүй болгож, Б.Г-д холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгохоор шүүх бүрэлдэхүүн шийдвэрлэв.

Хэргийг хяналтын журмаар хянан хэлэлцэх явцад шүүгдэгч Б.Г-д холбогдох хэргийн хөөн хэлэлцэх хугацаа өнгөрч эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулж болохгүй тохиолдол үүссэн хэдий ч хэргийг цагаатгах нөхцөл байдал илэрсэн тул ердийн журмаар хэргийг хэлэлцэн цагаатгаж шийдвэрлэсэн болно.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.8 дугаар зүйлийн 1.2 дахь хэсэгт заасныг удирдлага болгон хяналтын шатны шүүх хуралдаанаас ТОГТООХ нь:

1. Хан-Уул дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн 509 дүгээр шийтгэх тогтоол, Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн 06 дугаар магадлалыг тус тус хүчингүй болгож, Хан-Уул дүүргийн прокуророос шүүгдэгч Б.Г-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсгийг журамлан Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дугаар зүйлийн 1.1-д зааснаар хэрэгсэхгүй болгож, Б.Г-ыг цагаатгасугай.

2. Б.Г-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгосугай.

 

                       

             ДАРГАЛАГЧ                                                 Б.ЦОГТ

             ШҮҮГЧ                                                          С.БАТДЭЛГЭР

                                                                                   Д.ГАНЗОРИГ

                                                                                   Ч.ХОСБАЯР

                                                                                   Д.ЭРДЭНЭБАЛСҮРЭН