Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шүүгчийн захирамж

2024 оны 06 сарын 10 өдөр

Дугаар 184/ШШ2024/03263

 

 

 

 

 

 

 

 

 

      2024                06            10                                              184/ШШ2024/03263

 

 

 

 

Зохигч талуудын эвлэрлийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

******* дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч ******* даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: ***-ын нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: ***-т холбогдох

 

Зээлийн гэрээний үүрэгт 26,025,000 төгрөг гаргуулах тухай  нэхэмжлэлийг шүүх 2024 оны 03 дугаар сарын 11-ний өдөр хүлээн авч, мөн сарын 17-ны өдөр иргэний хэрэг үүсгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: *** оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч ******* шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Иргэн Э.Оюумаргад миний бие 2023 оны 04 дүгээр сарын 18-ны өдөр иргэн *******ын хүсэлтээр “Зээлийн гэрээ” байгуулж 30,000,000 төгрөгийг 6 сарын хугацаатай зээлдүүлсэн юм. Зээлийн гэрээг нийт 3 хувь үйлдэн, нотариатаар гэрчлүүлж, нэг хувийг нотариатын товчоонд, бид тус бүр нэг хувийг авч үлдсэн. Нотариатчын өрөөнд зээлийн гэрээ байгуулж байх үедээ интернэт банкаар 2023 оны 04 дүгээр сарын 18-ны өдөр 20,000,000 төгрөг, 2023 оны 04 дүгээр сарын 19-ний өдөр 10,000,000 төгрөг буюу нийт 30,000,000 төгрөгийг иргэн *******ын Хаан банкны ******* тоот дансанд шилжүүлсэн. ******* нь зээлийн төлөлтийн хуваарийн дагуу 2023 оны 05 дугаар сарын 22-ны өдөр 7,500,000 төгрөг, 2023 оны 06 дугаар сарын 20-ны өдөр 7,500,000 төгрөгийг тус тус Э.Оюумаргад миний Хаан банкны 5111587994 тоот дансанд шилжүүлсэн. Зээлийн гэрээнд заасан хугацаа ёсоор зээлийн төлөлтийг 2023 оны 10 дугаар сарын 20-ны өдөр хүртэл төлж дуусгах байсан боловч ******* нь 2023 оны 06 дугаар сараас хойш төлбөрөө огт төлөөгүй. Зээлийн гэрээний 3.7-д заасны дагуу “үүргийн гүйцэтгэлийг хугацаа хэтрүүлсэн хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0,3 хувийн алданги төлнө” гэж заасан. Зээлдэгч *******ын утас болон Facebook хаягийн чат руу нь товлосон хугацаандаа мөнгөө эргүүлэн төлөх талаар шаардаж холбогдож ярьсан боловч “Мөнгө байхгүй байна”, “7 хоногийн хугацаа өгөөч”, “Ирэх сард мөнгө орж ирнэ” гэх мэтчилэн шалтгаан хэлэн гуйж мөнгөө эргүүлэн төлөх хугацааг хойшлуулсаар байсан юм. Миний бие түүний хэлсэн үгэнд итгэж, адилхан залуу хүн юм чинь за хугацаа өгөөд үзье гэж хугацааг хойшлуулсан байхад мөн л товлосон хугацаандаа мөнгөө эргүүлэн төлөхгүй байгаа явдалд гомдолтой байна. Иймд үндсэн зээлийн төлбөр 15,000,000 төгрөг, алданги 11,025,000 төгрөг, нийт 26,025,000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

Зохигч талууд шүүх хуралдаанд байгуулсан эвлэрлийн гэрээндээ: Хариуцагч ******* нь нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч, төлбөрийг 2024 оны 06 дугаар сарын 30-ны өдрөөс 2026 оны 06 дугаар сарын 25-ны өдрийг хүртэлх хугацаанд сар бүрийн 30-ны өдөр 1,000,000 төгрөгөөр нийт 25,000,000 төгрөгийг, 2026 оны 07 дугаар сарын 25-ны өдөр 1,025,000 төгрөгөөр тус тус төлж барагдуулахаар эвлэрэв. Иймд хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэжээ. 

Шүүх хүсэлтийг хянаад

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч  ******* нь хариуцагч *******т холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 26,025,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.

Шүүх хуралдааны явцад талууд эвлэрэн хэлэлцэж, эвлэрлийн гэрээ байгуулан, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх, нэхэмжлэгч хэргийг эзгүйд шийдвэрлүүлэх тухай хүсэлтүүдийг тус тус гаргасан  байна.

*******ын нэхэмжлэлтэй, *******т холбогдох зээлийн гэрээний үүрэгт 26,025,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрч, төлбөрийг 2024 оны 06 дугаар сарын 30-ны өдөр 1,000,000 төгрөг, 2026 оны 07 дугаар сарын 25-ны өдрөөс 2026 оны 06 дугаар сарын 25-ны өдрийг хүртэлх хугацаанд сар бүрийн 25-ны өдрийн дотор 1,000,000 төгрөгөөр нийт 25,000,000 төгрөгийг, 2026 оны 07 дугаар сарын 25-ны өдөр 1,025,000 төгрөгөөр тус тус төлж барагдуулахаар харилцан тохиролцож, эвлэрлийн гэрээ байгуулж байна гэжээ.

Уг эвлэрэл нь Иргэний хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалсан эрх ашгийг хөндөөгүй гэх тул хуулийн 106 дугаар зүйлийн 106.5 дах хэсэгт зааснаар зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.

Зохигч давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.6 дах хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 288,075 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч *******аас улсын тэмдэгтийн хураамжид 144,037.5 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч *******ад олгохоор шийдвэрлэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5, 106.6, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1.*******ын нэхэмжлэлтэй, *******т холбогдох зээлийн гэрээний үүрэгт 26,025,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрч, төлбөрийг 2024 оны 06 дугаар сарын 30-ны өдөр 1,000,000 төгрөг, 2026 оны 07 дугаар сарын 25-ны өдрөөс 2026 оны 06 дугаар сарын 25-ны өдрийг хүртэлх хугацаанд сар бүрийн 25-ны өдрийн дотор 1,000,000 төгрөгөөр, нийт 25,000,000 төгрөгийг, 2026 оны 07 дугаар сарын 25-ны өдөр 1,025,000 төгрөгөөр тус тус төлж барагдуулахаар харилцан тохиролцсон зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.6 дах хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 288,075 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч *******-иас улсын тэмдэгтийн хураамжид 144,037.5 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч *******ад олгосугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг мэдэгдсүгэй.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар захирамжийг хариуцагч ******* нь сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн адил албадан гүйцэтгүүлэхийг дурдсугай.

 

 

 

 

     ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                   ***