| Шүүх | Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Баасанжавын Зориг |
| Хэргийн индекс | 2202000720042 |
| Дугаар | 2022/ДШМ/481 |
| Огноо | 2022-05-05 |
| Зүйл хэсэг | 20.7.1., |
| Улсын яллагч | Г.Билгүүжин |
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2022 оны 05 сарын 05 өдөр
Дугаар 2022/ДШМ/481
2022 5 05 2022/ДШМ/481
М.У-т холбогдох эрүүгийн
хэргийн тухай
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Б.Батзориг даргалж, шүүгч Л.Дарьсүрэн, Б.Зориг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:
прокурор Г.Билгүүжин,
шүүгдэгч М.У-т, түүний өмгөөлөгч У.Хандсүрэн,
нарийн бичгийн дарга Э.Бүрэнбэх нарыг оролцуулан,
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Н.Одонтуул даргалж хийсэн шүүх хуралдааны 2022 оны 3 дугаар сарын 21-ний өдрийн 2022/ШЦТ/420 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч прокурор Г.Билгүүжиний бичсэн 2022 оны 4 дүгээр сарын 11-ний өдрийн 37 дугаартай эсэргүүцлийг үндэслэн М.У-т холбогдох эрүүгийн 2202000720042 дугаартай хэргийг 2022 оны 4 дүгээр сарын 20-ны өдөр хүлээн авч, шүүгч Б.Зоригийн илтгэснээр хянан хэлэлцэв.
Б овгийн М.............. У.................., 19... оны .. дугаар сарын ..-ний өдөр .............. аймгийн ................ суманд төрсөн, .. настай, эрэгтэй, ........ боловсролтой, ................... мэргэжилтэй, “........................” ХХК-д мах бэлтгэгч ажилтай, ам бүл 4, эцэг, эх, дүү нарын хамт ...................... дүүргийн .. дугаар хороо, .................... дугаар гудамжны ... тоотод оршин суух бүртгэлтэй, ял шийтгэлгүй, /РД: ..................../;
М.У-т нь 2021 оны 8 дугаар сард Төв аймгийн Батсүмбэр сумын нутаг давсгэрээс НҮБ-ын 1971 оны “Сэтгэцэд нөлөөт бодисын тухай конвенц”-ийн 2 дугаар жагсаалтад багтсан дельта-9 тетрагидроканнабинолийн агууламжтай “Өвс” гэх нэршилтэй цэвэр жин нь 51.1942 грамм хориглосон сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр, хууль бусаар түүж бэлтгэсэн,
мөн 2021 оны 8 дугаар сараас 2022 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр хүртэл хугацаанд дээрх “Өвс” гэх нэршилтэй цэвэр жин нь 51.1942 грамм хориглосон сэтгэцэд нөлөөт бодисыг Баянзүрх дүүргийн 2 дугаар хороо, Цэргийн хотхоны 1/23 дугаар нийтийн байрны 3 тоотод худалдаалах, зорилгогүйгээр хууль бусаар хадгалсан гэмт хэрэгт холбогджээ.
Нийслэлийн прокурорын газраас: М.У-ын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Шүүгдэгч М.У -ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хориглосон сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар бэлтгэсэн, хадгалсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар М.У-ыг 2 жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч М.У-ыг 2 жилийн хугацаанд Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрээс явахыг хориглох, эрх бүхий байгууллагын зөвшөөрөлтэйгөөр оршин суух газраа өөрчлөх, зорчих үүргийг хүлээлгэж, түүнд хяналт тавихыг Нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар М.У-т нь зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн 1 хоногийг хорих ялын 1 хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2, 1.4 дэх хэсэгт зааснаар энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 1 ширхэг DVD-г хавтаст хэрэг хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсаргаж, мөн хураан авсан ууттай, жин нь 51,1942 грамм “өвс” гэх нэршилтэй сэтгэцэд нөлөөт ургамлыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц устгаж, устгасан эд мөрийн баримтын жагсаалт ирүүлэхийг ЦЕГ-ийн Хар тамхитай тэмцэх газар болон Нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт тус тус даалгаж, энэ хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, М.У-т нь бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурьдаж шийдвэрлэжээ.
Прокурор Г.Билгүүжин эсэргүүцэл болон тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Шүүхийн шийдвэр хэргийн бодит байдалтай нийцээгүй, Эрүүгийн хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн гэж үзэж дараах үндэслэлээр эс зөвшөөрч байна. Үүнд:
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэж хуульчилсан байхад М.У-ыг 2 жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулсан нь үндэслэлгүй, ял хөнгөдсөн байх бөгөөд Эрүүгийн хуулийн ерөнхий ангид заасан хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчим, эрүүгийн хариуцлагын зорилго, үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хор уршгийн хэмжээг харгалзан үзээгүй байна.
Учир нь, мансууруулах, сэтгэцэд нөлөөт бодис нь хүн амын эрүүл мэндийг богино хугацаанд өргөн хүрээ хамруулан сарниулдаг, дахин хэрэглэх зуршлийг бий болгодог, ойр дотны хүмүүсээ хэрэглээндээ татан оруулдаг зэрэг нийгмийн хор аюул ихтэй, олон нийтийн аюулгүй байдал, ашиг сонирхол цаашлаад Монгол Улсын Үндэсний аюулгүй байдалд хор уршиг учруулдаг үр дагавартай юм.
Шүүгдэгчийн үйлдэл нь хориглосон сэтгэцэд нөлөөт бодисыг хууль бусаар түүж бэлтгэсэн, хадгалсан гэх 2 шинжийг агуулсан байхад шүүх ямар үндэслэлээр шүүгдэгчид зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулсан талаар шийтгэх тогтоолд тодорхой зааж дүгнээгүй, үндэслэл бүхий дүгнэлт хийгээгүй нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.7 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1 дэх заалтад “Шийтгэх тогтоолын тодорхойлох хэсэгт эрүүгийн хариуцлагын төрөл, хэмжээний үндэслэлийг тусгах” гэсэн заалтыг зөрчсөн гэж үзнэ.
Түүнчлэн шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч М.У-т нь “өөрийн гэртээ найзыгаа авчран мансууруулах бодис хэрэглэх үү гэж асуусан” талаар мэдүүлсэн ба анхан шатны шүүхээс ял оногдуулахдаа энэ нөхцөл байдлыг харгалзан үзээгүй байна.
Иймд Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 3 дугаар сарын 21-ний өдрийн 420 дугаартай шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцааж өгнө үү. ...” гэв.
Шүүгдэгч М.У-т шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Монгол Улсын иргэн М.У-т би өөрийн гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Улс эх орон минь надад нэг удаа боломж олгож өгнө үү. Би дахин ийм гэмт хэрэгт холбогдохгүй. Монгол Улс даа хөдөлмөр эрхэлж, зөв шударгаар амьдрах хүсэлтэй байна. ...” гэв.
Шүүгдэгч М.У-ын өмгөөлөгч У.Хандсүрэн шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршидог. Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол нь шударга ёсны зарчимд нийцсэн гэж үзэж байна. Өөр бусад хүмүүсийг татан оролцуулахыг санал болгосон гэдэг нь мөрдөн шалгах ажиллагаагаар нотлогдон тогтоогдоогүй. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэг нь сонгох санкцтай. Анхан шатны шүүхээс миний үйлчлүүлэгчийн хувийн байдал, анх удаа гэмт хэрэгт холбогдсон, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, үнэн зөв мэдүүлэг өгсөн зэрэг байдлуудыг харгалзан үзэж зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэл оногдуулсан нь хуульд нийцсэн гэж үзэж байна. Мөн шүүхэд М.У-ын хувийн байдалтай холбоотой баримтыг гаргаж өгч байна. ...” гэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Давж заалдах шатны шүүх хуралдаанаар М.У-т холбогдох хэргийг хэлэлцэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар прокурорын эсэргүүцэлд заасан асуудлуудаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг хянаж үзлээ.
Хэргийн бүх ажиллагааг хянахад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах болон шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн зүйл тогтоогдсонгүй.
Прокуророос М.У-ыг мансууруулах эм сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр, хууль бусаар түүж бэлтгэсэн, худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар хадгалсан гэмт хэрэгт буруутган Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдсэнийг анхан шатны шүүх хэлэлцээд шүүгдэгч М.У-т Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 2 жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч М.У-ыг 2 жилийн хугацаанд Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрээс явахыг хориглох, эрх бүхий байгууллагын зөвшөөрөлтэйгөөр оршин суух газраа өөрчлөх, зорчих үүргийг хүлээлгэж, түүнд хяналт тавихыг Нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар М.У-т нь зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн 1 хоногийг хорих ялын 1 хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэж шийдвэрлэсэн нь шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, нийгмийн хор аюулын шинж чанар, түүний хувийн байдалд тохироогүй байна гэж үзэв.
Учир нь, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүний үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна.” гэсэн зарчим, мөн хуулийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүнийг цээрлүүлэх, ... гэмт хэргээс урьдчилан сэргийлэхэд оршино.” гэж тус тус заасан бөгөөд шударга ёсны зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн этгээдэд эрүүгийн хариуцлага хүлээлгэх бүрт зайлшгүй хууль зүйн дүгнэлт хийх шаардлагатай.
Гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ нь тухайн гэмт хэргийн нийгэмд үзүүлэх нөлөөлөл, үр дагавартай шууд холбоотой ойлголт бөгөөд Эрүүгийн хуулиар хамгаалагдсан эрх, ашиг сонирхолд учруулж буй хор уршиг, хүлээлгэх эрүүгийн хариуцлагын төрөл, хэмжээгээр тодорхойлогдоно.
Мөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх хуулийн 39.6 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4 дэх заалтад заасан дүгнэлт нь шүүгдэгчийн гэм буруугийн асуудлыг шийдвэрлэх, Эрүүгийн хуулийг зөв хэрэглэх, ял оногдуулахад нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болох ноцтой зөрүүтэй байвал анхан шатны шүүхийн тогтоолд хийсэн дүгнэлтийг хэргийн бодит байдалтай нийцээгүй гэж үзэхээр хуульчилжээ.
Гэтэл анхан шатны шүүх хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан “Өвс” гэх нэршилтэй мансууруулах эм, сэтгэцэд нөлөөлөх бодисын хэмжээнд ач холбогдол өгөлгүйгээр гэмт хэрэг үйлдсэн этгээд гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, хувийн байдлыг нь харгалзан зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэл оногдуулах нь зүйтэй гэсэн тодорхойгүй дүгнэлт хийж, хуульд заасан үндэслэл нь хэрэгт авагдсан нотлох баримтуудтай хэрхэн нийцэж байгаа талаарх хууль зүйн дүгнэлт хийгээгүй нь буруу болжээ.
Иймд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад “шүүхийн тогтоолд заасан үндэслэл нь хэргийн бодит байдалтай нийцээгүй” бол шүүхийн тогтоолыг хүчингүй болгох, эсхүл өөрчилнө гэж заасан ба Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.4 дэх заалтад “хэргийн зүйлчлэл, ялыг хүндрүүлэхгүйгээр анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах” гэж давж заалдах шатны шүүхийн эрх хэмжээг тодорхойлсон учраас давж заалдах шатны шүүх шүүгдэгчийн эрх зүйн байдлыг хүндрүүлэх замаар анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах эрхгүй тул прокурор Г.Билгүүжиний бичсэн 2022 оны 4 дүгээр сарын 11-ний өдрийн 37 дугаар эсэргүүцлийг хүлээн авч, шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, М.У-т холбогдох хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцааж шийдвэрлэлээ.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 3 дугаар сарын 21-ний өдрийн 2022/ШЦТ/420 дугаартай шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, шүүгдэгч М.У-т холбогдох хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцаасугай.
2. Хэргийг анхан шатны шүүхийн шүүх хуралдаанаар хэлэлцтэл шүүгдэгч М.У-т урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
3. Анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.БАТЗОРИГ
ШҮҮГЧ Л.ДАРЬСҮРЭН
ШҮҮГЧ Б.ЗОРИГ