Хөвсгөл аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 11 сарын 03 өдөр

Дугаар 00281

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хөвсгөл аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч М.Эрдэнэ-Очир даргалж,

Нарийн бичгийн дарга Э.Мөнхгэрэл,

Улсын яллагч П.Итгэл,

Шүүгдэгч Б.Б нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар Аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б.Б-д холбогдох эрүүгийн 1738000450095 тоот хэргийг 2017 оны 11 дүгээр сарын 02-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол улсын иргэн, Б.Б, 1986 оны 11 дүгээр сарын 16-ны өдөр Хөвсгөл аймгийн Улаан-Уул суманд төрсөн, 31 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, малчин, ам бүл 5, эхнэр, 3 хүүхдийн хамт  оршин суух, урьд ял шийтгэлгүй, регистрийн .................. дугаартай,

Шүүгдэгч Б.Б нь 2017 оны 07 дугаар сарын 01-ний өдөр Хөвсгөл аймгийн Алаг-Эрдэнэ сумын нутаг Хатгал тосгоны төвд эхнэр Х.Г-тэй маргалдан улмаар түүнийг зодож эрүүл мэндэд нүүрний зөөлөн эдийн няцрал, зовхи, дух, гуянд цус хуралт бүхий хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэнд холбогджээ.

Шүүхийн хэлэлцүүлгээр яллах, цагаатгах болон бусад нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгч Б.Б нь 2017 оны 07 дугаар сарын 01-ний өдөр Хөвсгөл аймгийн Алаг-Эрдэнэ сумын нутаг Хатгал тосгоны төвд эхнэр Х.Г-тэй маргалдан улмаар түүнийг зодож эрүүл мэндэд нь нүүрний зөөлөн эдийн няцрал, зовхи, дух, гуянд цус хуралт бүхий хөнгөн хохирол учруулсан гэм буруутай болох нь хэрэгт авагдсан дараах нотлох баримтуудаар тогтоогдож байна. Үүнд:

Шүүгдэгч Б.Б-ын мөрдөн байцаалтад өгсөн: “Би хугацаагаа яг нарийн санахгүй байна, өнгөрсөн 07 дугаар сарын эхээр байсан юм. Өглөө босоод байж байтал манай эхнэр намайг төрсөн дүүгийнхээ эхнэр болох Баасанжав гэдэг эмэгтэйтэй хардаад түүнээс болж бид хоёрын хооронд маргаан болсон. Тэгж маргалдаж байгаад би уурандаа эхнэрийнхээ хацарлуу нэг удаа алгадчихсан. Тэгтэл эхнэр маань Мөрөн рүү явсан. Түүнээс хойш хэд хоногийн дараа би эхнэрийнхээ араас орж ирж хоорондоо эвлэрсэн...” гэх мэдүүлэг /хх-ийн 31 дүгээр хуудас/,

Хохирогч Х.Г-ийн мөрдөн байцаалтад өгсөн: “Тэр өдөр буюу 2017 оны 07 дугаар сарын 01-ний өдрийн өглөө 08 цагийн үед намайг үхрээ саачхаад аав маань манайд ирсэн байсан болохоор нь ааваар тугалаа цааш нь туулгачхаад гэр рүүгээ ирж явах үед нэг үхэр буцаад тугал руугаа гүйгээд ирэхээр нь би нөхрийгөө тэр үнээг цааш нь туучих гэтэл гэнэт уурлаад архичин ааваараа туулгахгүй юу гэхээр нь би үхэр малаа ивэлгүүлж зарчхаад чи миний аавыг архичин гээд байхдаа яадаг юм гэж хэлтэл манай нөхөр над руу гүйж ирээд хөл рүү өшиглөөд намайг газарт унасан байхад нүүр рүү нэг удаа, 2 хөл рүү 4-5 удаа өшиглөж дэвссэн. Тухайн үед уруул язарсан байсан. Тэр нь одоо гайгүй болсон байгаа...” гэх мэдүүлэг /хх-ийн 12 дугаар хуудас/,

Насанд хүрээгүй гэрч Б.Итгэлийн мөрдөн байцаалтад өгсөн: “Саяхан улсын баярын өмнөхөн манай аав Баасанжаргал ээжийг өглөө үнээгээ саагаад гэртээ орж ирэхэд хөл рүү нь өшиглөж зодсон, би өглөө сэрээд орноосоо босоогүй сууж байсан юм. Мөн аав ээжийг дахиад нүд рүү цохиод ээжийн нүд хавдсан. Тэр үед аав ээжийг ямар ч байсан нэг удаа хөл рүү өшиглөсөн, нүүр лүү нь нэг удаа гараараа цохисон, тэр үед манай хоёр дүү дөнгөж сэрээд байж байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 17 дугаар хуудас/,

Хөвсгөл аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2017 оны 07 дугаар сарын 17-ны өдрийн 433 дугаартай:

  1. Х.Г-ийн биед гэмтэл тогтоогдлоо.
  2. Х.-ийн биед нүүрний зөөлөн эдийн няцрал, зовхи, дух, гуянд цус хуралт бүхий гэмтэл тогтоогдлоо.
  3. Дээрх гэмтэл нь хатуу мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.
  4. Дээрх гэмтэл нь хэрэг учрал болсон гэх хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой байна.
  5. Дээрх гэмтэл нь ШЭГЗТЖ-ын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.
  6. Цаашид хөдөлмөрийн чадвар алдангид нөлөөлөхгүй болно гэх дүгнэлт /хх-ийн 20 дугаар хуудас/ зэрэг болно.

Дээрх нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх тул хэргийг шийдвэрлэхэд хамааралтай, ач холбогдолтой гэж үнэллээ.

Иймд шүүгдэгч Б.Б-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, прокурорын саналыг харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

Шүүгдэгч Б.Б-ын гэмт хэрэг үйлдсэн нь нотлогдсон, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, түүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдлыг харгалзан шүүгдэгчид Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан торгох ял оногдуулах үндэслэлтэй байна гэж дүгнэв.

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна.

 Шүүх шүүгдэгчийн ажил хөдөлмөр эрхлэх, орлого олох боломжийг харгалзан торгох ялыг 6 сарын хугацаанд төлүүлэхээр тогтоов.

Шүүгдэгч Б.Б нь урьд ял шийтгэл эдэлж байгаагүй болох нь ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 34 дүгээр хуудас/-аар тогтоогдож байна.

Хохирогч  Х.Г нь “...Надад ямар нэгэн гомдол, санал, нэхэмжлэх зүйл алга байна...” гэсэн байх тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.

Эрүүгийн 1738000450095 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй болохыг дурдах нь зүйтэй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйл, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10-т заасныг тус тус удирдлага болгон 

ТОГТООХ нь:

  1. Шүүгдэгч Б.Б-ыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэнд гэм буруутайд тооцсугай.
  2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Б-д таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
  3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4-т зааснаар Б.Б-д оногдуулсан 500.000 /таван зуун мянга/  төгрөгөөр торгох ялыг 6 /зургаа/ сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.
  4. Ялтан нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг дурдсугай.
  5. Эрүүгийн 1738000450095 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.
  6. Шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба давж заалдах гомдол эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Б-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
  7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор ялтан, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                            М.ЭРДЭНЭ-ОЧИР