Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2021 оны 05 сарын 14 өдөр

Дугаар 128/ШШ2021/0314

 

Нэхэмжлэгч, хариуцагчийн эвлэрлийг

баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Дуламсүрэн би, Нийслэлийн Хан-Уул дүүргийн прокурорын газрын хяналтын прокурор Ч.Т*******гийн дүгнэлттэй, Нийслэлийн Хан-Уул дүүргийн Нийгмийн даатгалын хэлтсийн хяналт шалгалтын байцаагч Б.Д*******д холбогдох захиргааны хэргийг хянаад,

ТОДОРХОЙЛОХ нь:

Нийслэлийн Хан-Уул дүүргийн прокурорын газрын хяналтын прокурор Ч.Т******* болон Нийслэлийн Хан-Уул дүүргийн Нийгмийн даатгалын хэлтсийн хяналт шалгалтын байцаагч Б.Д******* нараас 2021 оны 5 дугаар сарын 0-ны өдөр шүүхэд ирүүлсэн эвлэрлийн гэрээндээ: “...Энэхүү гэрээг нэг талаас нэхэмжлэгч Хан-Уул дүүргийн Прокурорын газрын хяналтын прокурор Ч.Т*******, /цаашид “А” тал гэх/, нөгөө талаас хариуцагч Хан-Уул дүүргийн Нийгмийн даатгалын хэлтсийн хяналт шалгалтын улсын байцаагч Б.Д******* /цаашид “Б”” тал гэх/ бид дор дурдсан нөхцлүүдийг харилцан тохиролцож Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 68 дугаар зүйлд заасны дагуу байгуулав.

1.1         Гэрээний зорилго “Б” тал нь “А” талын Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд гаргасан “Эрх бүхий албан тушаалтны 2021 оны 01 дүгээр сарын 28-ны өдрийн №0079443 дугаартай шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах тухай” дүгнэлтийг бүрэн хүлээн зөвшөөрч, нэхэмжлэлийн шаардлагыг биелүүлэх арга замыг хамтран тодорхойлж эвлэрснийг баталгаажуулахад оршино.

1.2         “Б” тал нь Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хэргийн оролцогч гуравдагч этгээд Ц.Г******* /зөрчлийн хэрэг хялбаршуулсан журмаар шийдвэрлэсэн хэргийн дугаар 0586/03/-д Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн дагуу Зөрчлийн тухай хуульд заасан зохих шийтгэлийг оногдуулах ёстой гэдэг дээр талууд санал нэгдэв

1.3         Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хэргийн оролцогч гураьланч этгээд Ц.Г******* /зөрчлийн хэрэг хялбаршуулсан журмаар шийдвэрлэсэн хэргийн дугаар 0586/03/ нь Хан-Уул дүүргийн прокурорын газрын хяналтын прокурор Ч.Т*******гийн дүгнэлтийг хүлээн зөвшөөрч албан бичгээр тайлбар ирүүлсэн болно.

2.1                     “Б” талын Зөрчлийн тухай хуулийн зүйл, хэсэг, заалтыг буруу тайлбарлаж хэрэглэсэн буюу Зөрчлийн хуулийг буруу хэрэглэсэн Эрх бүхий албан тушаалтны шийтгэл оногдуулсан шийдвэрийг хүчингүй болгоно.

3.1          “Б” тал нь Зөрчлийн тухай хуулийг зөв хэрэглэж, Зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааны оролцогч-холбогдогчид зохих шийтгэлийг оногдуулна.

4.1          Эвлэрлийн гэрээ нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй болохыг талууд нотлов” гэжээ.

Гуравдагч этгээд Ц.Г******* нь шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: “...Хан-Уул дүүргийн прокурорын газрын хяналтын прокурор Ч.Т*******гийн 2021 оны 5 дугаар сарын 05-ны өдрийн дүгнэлтийг зохих хууль тогтоомжуудыг судалсны үндсэн дээр хүлээн зөвшөөрч байгаа ... манай байгууллагын ажилтны буруутай үйлдлээс шалтгаалан тухайн сарын нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн тайланд хуульд заасан хугацаанд ажилтны мэдээллийг орхигдуулсан, заасан хугацаанд ирүүлээгүй буюу Нийгмийн даатгалын тухай хуулийн 16 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан заалтыг зөрчсөн байна гэдгийг хүлээн зөвшөөрч байна. Үүнтэй холбоотой оногдсон шийтгэл өөрчлөгдөх ёстойг ойлгож байгаа бөгөөд Монгол улсын Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 6.6 дугаар үйлийн 7 дахь хэсэг мөн хуулийн 7.2 дугаар зүйлийн 8 дахь хэсгийг удирдлага болгон тавигдсан шийтгэлийн хуудсыг хүчингүй болгож дахин шинээр зохих хууль тогтоомжийн дагуу тавигдах шийтгэлийг хүлээн зөвшөөрч байна” гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Нийслэлийн Хан-Уул дүүргийн прокурорын газрын хяналтын прокурор Ч.Т*******гийн дүгнэлттэй, Нийслэлийн Хан-Уул дүүргийн Нийгмийн даатгалын хэлтсийн хяналт шалгалтын байцаагч Б.Д*******д захиргааны хэрэгт нэхэмжлэгч, хариуцагч нар Эвлэрлийн гэрээ”-г бичгээр байгуулан, гарын үсэг зурж баталгаажуулсныг шүүхээс хуульд харшлаагүй, бусад этгээдийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндөөгүй байна гэж дүгнэж, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх хууль зүйн үндэслэлтэй гэж үзлээ.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1.1-д зааснаар нэхэмжлэгч “Нэхэмжлэлээ өөрчлөх, түүний шаардлагын хэмжээг ихэсгэх буюу багасгах, нэхэмжлэлээсээ татгалзах, хариуцагчтай эвлэрэх эрхтэй”, 21 дүгээр зүйлийн 21.1.1-д “...хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх, биелүүлэх, эсхүл татгалзах, сөрөг нэхэмжлэл гаргах, нэхэмжлэгчтэй эвлэрэх эрхтэй”, мөн хуулийн 68 дугаар зүйлийн 68.1-д “Нэхэмжлэгч, хариуцагч харилцан буулт хийж, нэхэмжлэлийн шаардлагыг өөрчлөх, шаардлагыг биелүүлэх арга замаа тодорхойлох зэргээр хоорондоо тохиролцож эвлэрлийн гэрээ байгуулж, маргаанаа дуусгавар болгож болно.”, 68 дугаар зүйлийн 68.2-т “Нэхэмжлэгч, хариуцагч нар нь эвлэрсэн тохиролцоогоо бичгээр хийж, гарын үсгээ зурсан байна”, гэж заасан.

Уг гэрээг талууд хуулиар тогтоосон эрх хэмжээний хүрээнд нийцүүлж байгуулсан нь дээр дурдсан хуулийн заалтуудтай зөрчилдөхгүй байна гэж шүүх үзлээ.  

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 68 дугаар зүйлийн 68.4-д “Нэхэмжлэгч, хариуцагчийн эвлэрсэн нь хуульд харшлаагүй бөгөөд бусад этгээдийн эрх, эрх чөлөө, хууль ёсны ашиг сонирхлыг хөндөөгүй нь тогтоогдвол шүүх эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгоно” гэж зааснаар уг эвлэрэл нь гуравдагч этгээдийн эрх, хууль ёсны ашиг сонирхолд халдаагүй нь тогтоогдож байх тул эвлэрлийг баталж хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэв.  

Хэргийн оролцогчдод Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 67 дугаар зүйлийн 67.1-д “Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрсөн нь бусад этгээдийн эрх, эрх чөлөө, хууль ёсны ашиг сонирхлыг хөндөхөөргүй, хуульд харшлаагүй байвал шүүх хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгоно”, 69 дүгээр зүйлийн 69.2-т “Энэ хуулийн 66-68 дугаар зүйлд заасны дагуу шийдвэрлэсэн шүүгчийн захирамжид гомдол гаргах эрхгүй бөгөөд шүүхийн шийдвэрийн нэгэн адил биелүүлнэ” гэж заасныг тайлбарласан.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 111 дүгээр зүйлийн 111.1-д заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1.1, 21 дүгээр зүйлийн 21.1.1, мөн хуулийн 68 дугаар зүйлийн 68.4-т заасныг тус тус баримтлан Ч.Т*******гийн дүгнэлттэй, Нийслэлийн Хан-Уул дүүргийн Нийгмийн даатгалын хэлтсийн хяналт шалгалтын байцаагч Б.Д*******д холбогдох Нийгмийн даатгалын хэлтсийн хяналт шалгалтын байцаагч Б.Д*******гийн 2021 оны 01 дүгээр сарын 28-ны өдрийн 0079443 дугаартай шийтгэлийн хуудсыг хүчингүй болгож өгнө үү шаардлага бүхий захиргааны хэрэгт талуудын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.2-т зааснаар хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч хэргийг хэрэгсэхгүй болгосон шүүгчийн захирамжид давж заалдах журмаар гомдол гаргах эрхгүй бөгөөд Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.2-т зааснаар энэхүү шүүгчийн захирамжийг шүүхийн шийдвэрийн нэгэн адил биелүүлэхийг дурдсугай.

 

  

 

ШҮҮГЧ                            Н.ДУЛАМСҮРЭН