Хэнтий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 10 сарын 03 өдөр

Дугаар 121

 

    МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

 

Хэргийн индекс:180/2017/0124/Э

 

          Хэнтий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Л.Уянга даргалж тус шүүхийн шүүх хуралдааны "А" танхимд нээлттэй хийсэн хуралдаанд:

 

     Нарийн бичгийн дарга                  Н.Энхзул

     Улсын яллагч                                        Т.Баярмаа

     Шүүгдэгч                                                Х.М нарыг оролцуулан

     

        Тус Аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн 24.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Боржигон овогт Х.М-т холбогдох 1739000660027 дугаартай эрүүгийн хэргийг хянан хэлэлцэв. 

 

    Шүүгдэгчийн биеийн байцаалт:

      Монгол улсын иргэн, 1978 оны 07 дугаар сарын 02-ны өдөр Сүхбаатар аймгийн Асгат суманд төрсөн, 39 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, жолооч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, эхнэр, 2 хүүхдийн хамт, Хэнтий аймгийн Батширээт сумын Норовлин 4 дүгээр багт оршин суух хаягтай, улсаас авсан гавъяа шагнал, ял шийтгэлгүй гэх Боржигон овогт Х.М 

 

      Шүүгдэгчийн холбогдсон хэргийн талаар:  /яллах дүгнэлтэд дурдсанаар/

      Шүүгдэгч Х.М-нь 2017 оны 06 дугаар сарын 25-ны өдөр Хэнтий аймгийн Батширээт сумын 4 дүгээр баг 04-03 тоотод оршин суух гэртээ ховор амьтан болох бугын чив, засаа, сүүл, мах зэрэг түүхий эдийг хадгалж байгаль экологит 13.200.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ. 

 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

       Шүүхийн хэлэлцүүлэгт дараах бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

      Хохирогчийн төлөөлөгч Б.Санчирын мөрдөн байцаалтад өгсөн: “... Би Хэнтий аймгийн Байгаль орчин аялал жуулчлалын газрын Биологийн төрөл зүйл хариуцсан мэргэжилтнээр ажилдаг. Манай байгууллагаас намайг уг хэрэгт хохирогчоор томилсон. Хэнтий аймгийн Батширээт сумын Норовлин багийн иргэн Х.М-нь өөрийн гэртээ бугийн сүүл, чив, засаа, мах, зүрх зэргийг хадгалсан хэрэг гарсан. Уг хэрэгт Байгаль орчны улсын байцаагчийн акт гарч 13.200.000 төгрөгийн нөхөн төлбөр гарсан /хх-ийн 18 тал/,  

 

       Гэрч Н.Лхамжавын мөрдөн байцаалтад өгсөн: “... манай нөхөр Х.М өвөлжөөн дээрээсээ шуудайтай мах олчихлоо, нохойн хоол хийхэд хэрэгтэй гэж бодоод авчраад хөлдөөгчинд хийчихлээ гэж хэлж байсан. Юуны мах байгаа талаар надад огт хэлээгүй. Бид 2 маргааш нь хүү Ирмүүний биеийг үзүүлэхээр Улаанбаатар явсан. Явахдаа ээж Саруулыг гэртээ орхисон. Улаанбаатарт байхад ээж над руу залгаад танай хөргөгчинд ангийн мах байсан байна. Намайг дуудаж мэдүүлэг авлаа гэж ярьсан...”  гэсэн мэдүүлэг /хх-ийн 22 тал/, 

 

      Гэрч Р.Шийрэвдоржийн мөрдөн байцаалтад өгсөн: “... Х.М огт ан гөрөө сонирхдоггүй хүн. Хөдөө явж байгаад шуудайтай мах олсон. Тэрийгээ гэртээ хадгалж байгаад асуудалд орлоо. Хөдөө явж байхад замд таарахаар нь нохойн хоол хийчихдэг юм уу гэж бодоод аваад ирсэн юм гэж ярьж байсан” гэсэн мэдүүлэг /хх-ийн 26 тал/, 

 

     Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 7-8 тал/ 

     Эд мөрийн баримт хураан авах тухай тогтоол, тэмдэглэл / хх-ийн 30-31 тал / 

     Гэрэл зургийн үзүүлэлтүүд / хх-ийн 10-14 тал / 

     Улсын байцаагчийн акт / хх-ийн 27 тал / зэрэг нотлох баримтууд болно. 

 

     Шүүгдэгч Х.М нь 2017 оны 06 дугаар сарын 25-ны өдөр Хэнтий аймгийн Батширээт сумын 4 дүгээр баг 04-03 тоотод оршин суух гэртээ ховор амьтан болох бугын чив, засаа, сүүл, мах зэрэг түүхий эдийг хадгалсан гэмт хэргийг үйлдсэн болох нь түүний үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг болон хавтаст хэрэгт авагдсан хохирогч, гэрч нарын мэдүүлэг, эд мөрийн баримт хураан авсан тухай тогтоол, тэмдэглэл зэргээр нотлогдон тогтоогдож байх тул түүнийг Эрүүгийн хуулийн 24.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцох нь зүйтэй байна. 

     Шүүх хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн бөгөөд хохирогч нь шүүх хуралдаанд оролцох хүсэлтийг шүүхэд бичгээр ирүүлээгүй бөгөөд шүүгдэгчээс нэхэмжлэх зүйлгүй гэснийг дурьдах нь зүйтэй. 

Шүүх шүүгдэгч Х.М-т эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдснийг хөнгөрүүлэх нөхцөл байдал болгон харгалзсан болно. 

Шүүгдэгч Х.М-нь хөнгөн гэмт хэрэг үйлдсэн ба шүүх түүний үйлдсэн гэмт хэргийн нөхцөл байдал, хувийн байдлыг харгалзан хорих ял оногдуулахгүйгээр тэнсэх үндэслэлтэй гэж үзлээ. 

 

           Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйл, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 36.1 дүгээр зүйлийн 5, 6, 8, 36.8 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон 

                                                         

ТОГТООХ НЬ:

  

1. Шүүгдэгч Боржигон овогт Х.М-ыг хууль бусаар ховор амьтны гаралтай түүхий эд зүйлийг хадгалсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

 2. Эрүүгийн хуулийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн 24.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Х.М-ыг  01 /нэг/ жилийн хугацаагаар тэнсэж, Эрүүгийн хуулийн 7.3 дугаар зүйлийн 2.3, 2.5 дахь хэсэгт зааснаар тэнссэн хугацаанд хэрэг зөрчилд холбогдохгүй байж, оршин суух газраа өөрчлөхдөө хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэхийг үүрэг болгосугай. 

 

3. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1.3 дахь хэсэгт зааснаар шийтгэх  тогтоол хүчин төгөлдөр болмогц энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн ховор амьтан болох бугын чив, засаа, сүүл, мах зэрэг зэргийг худалдан борлуулж, улсын орлого болгуулахаар Хэнтий аймгийн шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн албанд хүргүүлсүгэй. 

 

4. Шүүгдэгч Х.М-нь цагдан хоригдоогүй бусдад төлөх төлбөргүй ба түүний биеийн байцаалттай холбоотой баримт бичиг шүүхэд ирээгүй болохыг дурдсугай.

 

5. Шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардуулснаас хойш 14 хоногийн дотор Хэнтий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл  бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

6. Давж заалдах гомдол гаргасан буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч Х.М-т авсан хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр хэвээр үргэлжлүүлсүгэй. 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ,  ШҮҮГЧ                                Л.УЯНГА