Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2020 оны 05 сарын 13 өдөр

Дугаар 128/ШШ2020/0317

 

2020 оны 05 сарын 14 өдөр Дугаар 128/ШШ2020/0317 Улаанбаатар хот

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Чанцалням даргалж, тус шүүхийн хуралдааны нэгдүгээр танхимд хийсэн нээлттэй шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Зүүн баян ******* ХХК,

Хариуцагч: Байгаль орчин, аялал жуулчлалын сайд

Нэхэмжлэлийн шаардлага: Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2017 оны 06 дугаар сарын 20-ны өдрийн А/177 дугаар тушаалыг хүчингүй болгуулах-ыг хүссэн шаардлага бүхий захиргааны хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.С*******, түүний өмгөөлөгч Г.М*******, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Н*******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.А******* нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэг. Нэхэмжлэгч болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч О.С******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ...Төрийн зохих шатны байгууллагуудаас зөвшөөрлийг аваад тухайн газар 16 тэрбум орчим хөрөнгө оруулалттай бүтээн байгуулалтын ажлууд хийгээд явж байсан. Гэтэл Байгаль орчин, аялал жуулчлалын яамнаас үйл ажиллагааг цуцалж, цуцалсан тухай тушаалыг хэвлэл мэдээллийн хэрэгслээр сонсож, тушаалыг авах гэтэл тушаал олддоггүй. 2017 оны 06 дугаар сард архиваас олж авсан. Үүний дагуу шүүхэд хандаж эрхээ сэргээлгэхээр нэхэмжлэл гаргасан. Асар их хөрөнгөөр зээл татаж, хойшлуулсан байдалтай байна. Миний хувьд асах их өрийн дарамтанд орсон. 2 жилийн хугацаанд хүнд хэцүү байдалтай байгаа учраас Захиргааны хэргийн шүүхэд хандаж, шийдвэрлүүлэхийг хүссэн. Сүүлдээ цагдаагийн байгууллагад хандаж шалгуулсан. Нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү гэж хүсч байна... гэв.

Хоёр. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн өмгөөлөгч Г.М******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ...З******* ******* ХХК-д Байгаль орчин аялал жуулчлалын сайдын тушаалаар 2008 онд 4 га газар олгосон. 2017 оны 06 дугаар сарын 20-ны өдөр манай компанид Богдхан уулын хамгаалалтын захиргаанаас албан бичиг ирсэн. Үүний дагуу Байгаль орчин, аялал жуулчлалын яам дээр очиж уулзахад албан ёсны бичиг танилцуулаагүй. Тухайн үед ажиллаж байсан н.Б, мэргэжилтэн н.Г нартай уулзаад бичиг баримтыг авах гэтэл архиваас аваарай гэж хэлсэн. Архиваас хуулбар үнэн даруулж авч байсан. Яг гардуулж өгсөн зүйлгүй. З******* ******* ХХК нь аялал жуулчлалын үйл ажиллагаа явуулахдаа байгаль орчны төлөв алдагдуулсан, дархан цаазат газрын нийтлэг журмыг зөрчсөн гэж үзэж, тухайн аж ахуй нэгжтэй байгуулсан газар эзэмших эрхийг цуцалсан учраас нэхэмжлэл гаргасан.

Газар ашиглах эрхийг цуцлах гэж байгаа бол Захиргааны ерөнхий хуулийн 25, 26, 27 дугаар зүйлд заасан сонсгох, мэдэгдэх ажиллагаа авах ёстой байтал эдгээр арга хэмжээ авагдаагүй юм. Шууд хэвлэл мэдээллээр гаргаж, сүүлд бичгээр хандахад эрх ашиг хөндөгдсөн гэдэг талаар мэдэж, шүүхэд хандсан.

Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1-т зааснаар дархан цаазат газар хориглох үйл ажиллагаа явуулж болохгүй байх талаар тусгасан байдаг. Ямар хориглох үйл ажиллагааг зөрчсөн талаар ...газар хагалах, ухах, тэсэлгээ хийх, ашигт малтмал хайх, олборлох, элс, хайрга чулуу авах, мод, зэгс, шагшуурга бэлтгэх, хязгаарлалтын бүсээс бусад газарт зам тавих зэргээр байгалийн төлөв байдлыг өөрчлөх;  байгалийн дагалт баялаг, эмийн, хүнсний болон техникийн зориулалттай ургамлыг үйлдвэрлэлийн зориулалтаар түүж бэлтгэх; энэ хуулийн 11 дүгээр зүйлийн 4-т зааснаас өөр зориулалтаар ан амьтан агнах, барих, үргээх, тэдгээрийн үүр, ичээ, нүх, ноохойг хөндөх, эвдэж сүйтгэх; хортон шавьж, мэрэгчид, түймэртэй тэмцэх, тэдгээрээс сэргийлэх арга хэмжээнд байгаль орчинд сөрөг нөлөөлөх арга, техник, бодис хэрэглэх; энэ хуулийн 11 дүгээр зүйлийн 7-д зааснаас өөр барилга байгууламж барих; гэж тусгасан. Энэ хуулийн 11 дүгээр зүйлийн 7-д аялагч, зөвшөөрөл бүхий бусад хүн түр буудаллах, отоглох, ажиглалт, судалгаа шинжилгээ хийх зориулалтаар зохих журмын дагуу барьсан орон байрыг ашиглах; гэж заасан.

Тушаалын нэгдүгээр заалтын үндэслэл дээр албан шаардлагыг хэтрүүлэн үйл ажиллагаа явуулсан, унаган төрхийг алдагдуулахгүй байх нийтлэг горимыг ноцтой зөрчсөн гэдэг. Гэтэл ноцтой зөрчсөн гэдгийг тогтоохоор цагдаагийн байгууллагад шалгуулсан боловч эрүүгийн хэрэг бус зөрчлийн шинжтэй гэж дүгнэсэн. Яагаад зөрчлийн шинжтэй хэрэг гэж үзсэн гэхээр тухайн үед ямар ч барилга барьсан тухайн үед 2008 оноос ашиглаж байсан газар тул сул талбайтай байсан. Тухайн үед энэ талаар Богдхан уулын хамгаалалтын захиргаанд мэдэгдээд албан бичиг өгч бургасны тоогоор захиргааны зөрчил хүлээлгүүлсэн. Бургас буцаан нөхөн шилжүүлж суулгах талаар барилгын ажил дуусгаад нөхөн сэргээлт хийнэ гэсэн байдаг. Үүнээс гадна газрын төлбөрийг жил бүр З******* ******* ХХК нь төлдөг байсан. Ямар ч зөрчил байгаагүй. Барилга байгууламжтай холбоотой асуудал гарсан. Гэнэт тухайн газрыг манай компани аваад тохижуулаад байгаа үйлдэл биш. Олон жилийн өмнөөс Их тэнгэрийн аманд аялал жуулчлалын зориулалтаар гэр, амбаар барьсан байдалтай байдаг байсан. Газрын төлбөр төлөгдсөн ч гэсэн олон жилийн өмнөөс тухайн газрын ашиглаж эхэлсэн байдаг. Байгаль орчны яам дархан цаазат газрын бүсэд хяналт тавих эрх хэрэгжүүлэх үүрэгтэй. Гэхдээ хууль бус үйл ажиллагаа явуулаагүй гэдгийг хэлмээр байна. Байгаль орчин аялал жуулчлалын яамнаас олгосон зөвшөөрлийн дагуу үйл ажиллагаа явуулсан. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү. Манай компани хэтрүүлсэн газраа хасаад зохицуулалт хийж, хариуцлага хүлээх бүрэн боломжтой, бургас дахин нутагшуулахаар 2-3 машин зөөвөрлөсөн байгаа. Энэ нөхцөл байдлыг харгалзаад Байгаль орчин аялал жуулчлалын сайдын 2017 оны 06 дугаар сарын 20-ны өдрийн А/177 тоот тушаалыг хүчингүй болгож, хэвийн үйл ажиллагаа явуулах боломжоор хангаж өгнө үү... гэв.

Гурав. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Н******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Байгаль орчин аялал жуулчлалын сайдын 2017 оны 06 дугаар сарын 20-ны өдрийн А/177 тушаал нь үндэслэл бүхий гарсан гэж үзэж байна. Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1, 40.1, 40.1.1 дүгээр зүйл болон, Усны тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1-т заасныг үндэслэн газар ашиглах эрхийг дуусгавар болгосон. Сайдын тушаал үндэслэл бүхий гарсан тушаал гэж үзэж байна... гэв.

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаа Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2017 оны 06 дугаар сарын 20-ны өдрийн А/177 дугаар тушаалыг хүчингүй болгож, манай компанийн зөрчигдсөн эрхийг сэргээлгэх гэж тодорхойлж байгаад Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2017 оны 06 дугаар сарын 20-ны өдрийн А/177 дугаар тушаалыг хүчингүй болгуулах гэж нэхэмжлэлийн шаардлагаа тодруулжээ.

Шүүх болсон үйл баримтыг хэргийн оролцогчдын маргаж байгаа хүрээнд, хуульд заасан журмын дагуу хэрэгт авагдсан бөгөөд шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бичмэл нотлох баримтууд, хэргийн оролцогчид тэдгээрийн төлөөлөгч нараас бичгээр ирүүлсэн тайлбар болон шүүх хуралдаан дээр гаргасан нэмэлт тайлбар зэргийг судалж, нэхэмжлэлийн шаардлагыг дараах байдлаар дүгнэж, шийдвэрлэв.

Анх Байгаль орчны сайдын 2008 оны 08 дугаар сарын 22-ны өдрийн 283 дугаар тушаалын 9 дэх хэсгээр Богдхан Уулын дархан цаазат газрын хязгаарлалтын бүс нутгийн Б нэртэй газарт 4 га газрыг аялал жуулчлалын зориулалтаар ашиглахыг З******* ******* ХХК-д 5 жилийн хугацаатайгаар ашиглахыг зөвшөөрч, 743 тоот гэрчилгээг олгожээ.

Үүний дараа 2016 онд Эрчим хүчний яамны бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын зохицуулах газраас З******* ******* ХХК-ийн аялал жуулчлалын цогцолборын дулааны хэрэглээний 1/2016 дугаартай техникийн нөхцөлийг, 2017 онд цахилгаан хангамжийн 81/2017/22 дугаартай техникийн нөхцөлийг, мөн онд Харилцаа холбооны Зохицуулах хорооноос ТН-В77/2017 дугаартай холбооны хэрэгцээний техникийн нөхцөлийг авчээ.

2017 оны 02 дугаар сарын 23-ны өдөр Улаанбаатар хотын Ерөнхий архитектор бөгөөд нийслэлийн Хот төлөвлөлт ерөнхий төлөвлөгөөний газраас З******* ******* ХХК-ийн аялал жуулчлалын цогцолборын МЗХ дугаартай архитектур төлөвлөлтийн даалгавар, И цогцолборын эскиз зураг төслийг баталжээ.

Дээрх нөхцөл байдлаас үзвэл нэхэмжлэгч захиргааны эрх бүхий байгууллагаас олгосон тусгай зөвшөөрлүүдийн дагуу барилгын ажлыг эхлүүлж, мөн 2008 оноос 2017 оныг дуустал газрын төлбөрийг гэрээнд заасны дагуу төлжээ.

Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2017 оны 06 дугаар сарын 20-ны өдрийн А/177 дугаар тушаалаар Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1, 37 дугаар зүйлийн 37.2.1, 39 дүгээр зүйлийн 39.1.2, 40 дүгээр зүйлийн 40.1.2, 40.2 дахь хэсэг, Усны тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.2.1 дэх заалт, Богдхан Уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргааны улсын байцаагчийн 2016 оны 9 дүгээр сарын 19-ний өдрийн 34 тоот албан шаардлага, Богдхан Уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргааны 2017 оны 6 дугаар сарын 20-ны өдрийн 491 тоот саналыг тус тус үндэслэн талбайн хэмжээг хэтрүүлэн үйл ажиллагаа явуулсан, тухайн орчны төлөв байдал, байгалийн унаган төрхийг алдагдуулан дархан цаазат газрын нийтлэг дэглэм горимыг ноцтой зөрчсөн гэсэн үндэслэлээр З******* ******* ХХК-ийн газар ашиглах эрхийг дуусгавар болгож, уг аж ахуйн нэгжтэй байгуулсан гэрээг цуцалжээ.

Нэхэмжлэгчээс ...манай компани газар ашиглалтын төлбөр тооцооны зөрчил гаргаж байгаагүй 2008 оноос хойш 15,840,000 төгрөгийг жил бүр цаг хугацаандаа төлсөөр ирсэн, аялал жуулчлалын цогцолбор барих төсөл хэрэгжиж эхэлснээс хойш байгаль орчны нөхөн сэргээлтийн төлбөрт 20 гаруй сая төгрөг төлсөн, холбогдох хууль журмын дагуу захиргааны эрх бүхий байгууллагуудаас холбогдох зөвшөөрлүүдийг авч барилгын ажил эхлүүлсэн, гаргасан тушаал болон түүний үндэслэлийн талаар бид огт мэдээгүй ... гэж, хариуцагчаас ...тус компанийг ашиглалтын талбайн хэмжээг хэтрүүлэн үйл ажиллагаа явуулсан, тухайн орчны төлөв байдал, байгалийн унаган төрхийг алдагдуулан дархан цаазат газрын нийтлэг дэглэм горимыг ноцтой зөрчсөн гэж үзэж, газар ашиглах эрхийг нь хүчингүй болгосон нь хууль зүйн үндэслэлтэй... гэж маргаж байгаа болно.

2017 оны 5 дугаар сарын 03-ны өдөр Богдхан Уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргаанаас З******* ******* ХХК-ийг Байгаль орчны тухай хууль зөрчсөн гэсэн үндэслэлээр 11,163,420 төгрөгийн нөхөн төлбөрийг төлүүлэхээр шийдвэрлэж нэхэмжлэгч компани 2017 оны 06 дугаар сарын 09-ний өдөр дээрх нөхөн төлбөрийг төлж барагдуулснаас үзвэл нэхэмжлэгчийн ...бургас тайрсан асуудлаар манай компани Богдхан Уулын дархан цаазат газрын захиргаатай нөхөн төлбөрийг төлж, барилгын ажил дууссаны дараа бургасыг дахин суулгахаар тохиролцсон... гэсэн тайлбар үндэслэлтэй, энэ талаар хариуцагч маргаагүй болно.

2018 онд Байгаль орчин аялал жуулчлалын яамнаас З******* ******* ХХК-ийн Богдхан Уулын дархан цаазат газарт үйл ажиллагаа явуулснаас байгаль орчинд учруулсан хохирол тооцох ажлын хэсэг гарч, уг ажлын хэсгийн тайлангаар байгаль орчинд учруулсан хохирлын үнэлгээг Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2010 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн А-333 дугаар тушаалд зааснаар тооцож, нэхэмжлэгч компани байгаль орчинд учруулсан хохирлын нөхөн төлбөрийн хэмжээг 9 тэрбум 171.0 сая төгрөгөөр тогтоожээ.

Захиргааны байгууллагаас дээрх ажлын хэсгийн дүгнэлтийг үндэслэн нэхэмжлэгчийн газар ашиглах эрхийг дуусгавар болгосны дараа З******* ******* ХХК-ийн Богдхан Уулын дархан цаазат газарт үйл ажиллагаа явуулснаас байгаль орчинд учруулсан хохирлыг тогтоолгохоор цагдаагийн байгууллагад шалгуулахаар шилжүүлжээ.

Өөрөөр хэлбэл Захиргааны байгууллага З******* ******* ХХК-ийг Богдхан Уулын дархан цаазат газарт Байгаль орчны тухай хууль зөрчиж, байгаль орчинд хохирол учруулсан гэж үзсэн бол хөндлөнгийн байгууллагын хяналт шалгалтаар дээрх нөхцөл байдлыг тогтоолгож, үүний дараа газар ашиглах эрхийг дуусгавар болгох эсхүл цуцлах асуудлыг шийдвэрлэх ёстой байсан. Гэтэл хариуцагч өөрийн яамнаас ажлын хэсэг гарган ажиллуулж, нэхэмжлэгчийн байгаль орчинд учруулсан хохирлыг тогтоож, газар ашиглах эрхийг дуусгавар болгосны дараа, цагдаагийн байгууллагад шилжүүлсэн нь зүйд нийцэхгүй байна.

Учир нь нэхэмжлэгчийг хууль тогтоомж зөрчсөн талаарх хууль сахиулах байгууллагын шийдвэр гараагүй, хариуцагчаас ...ажлын хэсгийн дүгнэлтээр зөрчил тогтоогдсон... гэж байгаа хэдий ч ажлын хэсгийн хохирол тогтоосон дүгнэлт нь маргаан бүхий 2017 оны А/177 дугаартай тушаал гаргасан сайдын шууд удирдлагад ажилладаг, эрх үүргийн харилцан хамааралтай этгээд байх тул уг хяналт шалгалтыг хөндлөнгийн гэж үзэхгүй.

Мөн хавтаст хэрэгт авагдсан Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын 2018 оны 06 дугаар сарын 26-ны өдрийн 01/2241 дугаартай Байгаль орчин, аялал жуулчлалын дэд сайд Ц.Б З******* ******* ХХК-ийн хууль зөрчсөн талаарх баримт, судалгааг албан бичгээр хүргүүлсэн хэдий ч энэ нь мөн л нэхэмжлэгчийн газар ашиглах эрхийг дуусгавар болгосны дараах үйл баримт болно.

Нийслэлийн прокурорын газраас Байгаль орчин, аялал жуулчлалын яамны дэд сайд Ц.Б Мөрдөн байцаах албаны Хүрээлэн буй орчны эсрэг гэмт хэрэг мөрдөн шалгах хэлтэст гаргасан З******* ******* ХХК нь Богдхан Уулын дархан цаазат газрын хязгаарлалтын бүс, Их тэнгэрийн аманд усан сан бүхий газрын онцгой хамгаалалтын бүсээс дотогш 20 метр зөвшөөрөлгүй барилгын үйл ажиллагаа явуулснаас байгаль орчинд үлэмж хэмжээний буюу 9,171,000,000 төгрөгийн хохирол учруулсан гэх гэмт хэргийн шинжтэй гомдлыг хүлээн авч 2018 оны 07 дугаар сарын 20-ны өдөр хэрэг бүртгэлтийн хэрэг нээж, шалгаад 2020 оны 03 дугаар сарын 25-ны өдрийн 143 дугаартай прокурорын тогтоолоор З******* ******* ХХК нь байгалийн тэнцэл алдагдуулсан гэж үзэх үндэслэл нотлогдохгүй, гэмт хэргийн шинжгүй, Богдхан уулын дархан цаазат газрын тусгай хамгаалалттай газар нутагт аялал жуулчлалын зориулалтаар газар ашиглах 734 дугаартай гэрчилгээ авч тус газарт үйл ажиллагаа явуулахдаа зөвшөөрөлтэй талбай хэтрүүлсэн гэх үйлдэл нь зөрчлийн шинжтэй гэж үзэхээр байна гээд Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 30.14 дүгээр зүйлийн 4 дэх хэсгийг удирдлага болгон хэрэг бүртгэлтийн 180 дугаартай хэргийг хаажээ.

Усны тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.2.1-т онцгой хамгаалалтын бүсэд барилга, байгууламж барих,...байгуулахыг  хориглоно, 22.3-д Усны сан бүхий газрын эргээс 200 метрээс доошгүй зайд энгийн хамгаалалтын бүс...тогтооно гэж заасан байх ба шүүхээс маргаан бүхий газарт үзлэг хийсэн бөгөөд үзлэгээр ... үерийн далангаас хашаа, байшин хүртэлх зайг мөн голоос хашаа, байшин хүртэлх зайг хэмжсэн боловч эдгээрийн хоорондын зай хэмжээг дахин мэргэжлийн байгууллагаар хэмжүүлэхээр шийдвэрлэж, харин цогцолборын барилгын тойруулан хашаалсан хашаанаас барилга хоорондын талбайг хэмжиж, зөвшөөрөлтэй талбайг хэтрүүлсэн эсэхийг шалгахад барилга барих аюулгүй ажиллагааны дүрэм журмын дагуу хашаа барьсан байх бөгөөд барилгын ажил дууссаны дараа баригдсан хашааг буулгах боломжтой байх тул засаж болохгүй зөрчил гэж үзэхээргүй байна.

Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн газаас ирүүлсэн магадлан хэмжилт хийсэн дүгнэлтээр үерийн далангаас хашаа хүртэлх зайг, үерийн далангаас баригдаж буй барилга хүртэлх зайд хэмжилт хийжээ. Хэмжилтийн үр дүнг үерийн далангаас эхэлсэн байх ба далангаас голын эрэг хүртэл зайг оруулан тооцвол Усны тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.3-д заасныг зөрчөөгүй байна.

Мөн З******* ******* ХХК нь 2008 оны 08 дугаар сарын 08-ны өдрийн газар ашиглах гэрчилгээ сунгуулах хүсэлтээ 2013 оны 7 дугаар сарын 15-ны өдөр Байгаль орчны яаманд гаргахдаа усны хамгаалалтын бүсээс гаргах зорилгоор гэрчилгээн дээрх газрын координатыг өөрчлөн хүргүүлж, уг газрын солбилцолыг өөрчлөн 2014 оны 04 дүгээр сарын 23-ны өдөр гэрчилгээний хугацааг 5 жилээр сунгасан байна.

Нөгөөтэйгүүр Захиргааны ерөнхий хуулийн 37 дугаар зүйлийн 37.4-д Эерэг нөлөөлөл бүхий захиргааны акт гэж эрх зүйн үйлчлэл чиглэсэн этгээдэд эрх олгосон, эсхүл ашигтай нөхцөл байдлыг бий болгосон захиргааны актыг ойлгоно гэж тодорхойлсон бөгөөд ямар нэгэн эрх, эсхүл эрх зүйн ач холбогдол бүхий ашигтай талыг иргэд, аж ахуйн нэгжийн хувьд үүсгэх эсхүл баталгаажуулж өгсөн байдаг бөгөөд Байгаль орчны сайдын 2008 оны 08 дугаар сарын 08-ны өдрийн тушаалаар З******* ******* ХХК-д Богдхан уулын дархан цаазат газрын хязгаарлалтын бүсэд газар ашиглах зөвшөөрөл олгогдсоноос хойш 12 жилийн хугацаа өнгөрсөн байх бөгөөд Захиргааны ерөнхий хуулийн 48 дугаар зүйлийн 48.2-д заасан тохиолдлоор 48.3-д заасан хугацаан дотор л хүчингүй болгох эрхийг хуулиар захиргааны байгууллагад олгож, хариуцагч хуулийн дээрх заалтыг зөрчсөн байна.

Нөгөө талаас Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.5-д зааснаар захиргааны байгууллагын шийдвэр, үйл ажиллагаа бодит нөхцөл байдалд тохирсон байх ёстойн дээр төрийн үйл ажиллагаанд тэгш байдлыг хангах зарчимтай. Байгаль орчны асуудал эрхэлсэн сайд нь 1994 оноос хойш Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 33 дугаар зүйлийн 1-т дархан цаазат газрын болон байгалийн цогцолборт газрын хязгаарлалтын бүс, байгалийн нөөц газар, дурсгалт газраас иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад тодорхой зориулалт, хугацаа, болзолтойгоор байгаль орчинд сөрөг нөлөөгүй арга хэлбэрээр гэрээний үндсэн дээр ашиглуулж болно, 36 дугаар зүйлийн 1-т Төрийн захиргааны төв байгууллага нь дархан цаазат газрын болон байгалийн цогцолборт газрын хязгаарлалтын бүс, байгалийн нөөц газар, дурсгалт газраас иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад газар ашиглуулах тухай шийдвэрийг хамгаалалтын захиргаа болон сум дүүргийн Засаг даргын саналыг үндэслэн гаргана гэсэн зохицуулалтыг үндэслэн дархан цаазат газрын хязгаарлалтын бүсэд аялал жуулчлалын зориулалтаар газар ашиглах эрхийг олгосоор ирсэн байх ба Богдхан уулын дархан цаазат газрын хязгаарлалтын бүсэд буюу Б, Зайсангийн ам, Богинын ам, Хүүшийн ам, Арцатын ам, Нүхтийн ам, Ташгайн ам, Жаргалантын ам, Түргэний ам зэрэг газруудад нэхэмжлэгчтэй адилхан нөхцөлөөр буюу аялал жуулчлалын зориулалтаар газар ашиглах эрхийг олгосон, цаашлаад Богдхан уулын дархан цаазат газрын зөвшөөрөгдсөн бүс нэрийн дор хязгаарлалтын бүсэд суурин газрын ерөнхий болон хэсэгчилсэн төлөвлөгөөг холбогдох газар боловсруулж баталсан, улмаар ерөнхий төлөвлөгөөний дагуу орон сууц, олон нийтийн барилга байгууламж баригдахаар төлөвлөгдөж, барилгажиж, инженерийн шугам сүлжээнд холбогдсон, суурьшлын бүс болсон зэрэг нь нийтэд илэрхий үйл баримт байх тул төрийн үйл ажиллагаанд тэгш байдлыг хангах, захиргааны шийдвэр бодит нөхцөл байдалд тохирсон байх, иргэн, хуулийн этгээдийн хууль ёсны итгэлийг хамгаалах гэсэн зарчмуудад нийцэхгүй байна.

Иймд З******* ******* ХХК-ийг талбайн хэмжээг хэтрүүлэн үйл ажиллагаа явуулсан, тухайн орчны төлөв байдал, байгалийн унаган төрхийг алдагдуулан дархан цаазат газрын нийтлэг, горимыг ноцтой зөрчсөн гэсэн үндэслэлээр газар ашиглах эрхийг нь дуусгавар болгосон Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2017 оны 06 дугаар сарын 20-ны өдрийн Газар ашиглах эрхийг дуусгавар болгох тухай А/177 дугаартай тушаал нь нэхэмжлэгчийн хууль ёсны эрх, ашиг сонирхлыг зөрчсөн болох нь дээрх үндэслэлүүдээр тогтоогдож байх тул хүчингүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.

Иймд Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.2, 106.3.1, 106.1.12 дахь заалтыг үндэслэн ТОГТООХ нь:

1. Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 33 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 36 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 37 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, Усны тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.3, Захиргааны ерөнхий хуулийн 48 дугаар зүйлийн 48.4-д заасныг баримтлан нэхэмжлэгч З******* ******* ХХК-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж, Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2017 оны 06 дугаар сарын 20-ны өдрийн А/177 дугаар тушаалыг хүчингүй болгосугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1-д заасны дагуу нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 70200 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.

3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д зааснаар нэхэмжлэгч, хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг тайлбарласугай.

 

 

 

ШҮҮГЧ Д.ЧАНЦАЛНЯМ