Сүхбаатар аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 11 сарын 14 өдөр

Дугаар 20

 

Сүхбаатар аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн иргэний шүүх хуралдааныг шүүгч О.Баатарсүх даргалж, шүүгч С.Оюунтунгалаг, Д.Байгалмаа нарын бүрэлдэхүүнтэй шүүх хуралдааны “Б” танхимд хийв.

Шүүх хуралдаанд:
Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Баярмаа
Нарийн бичгийн дарга Ц.Алтансүх нар оролцов.

Сүхбаатар аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 09 дүгээр сарын 20-ны өдрийн 376 дугаар шийдвэрийг эс зөвшөөрч бичсэн хариуцагч Т.Ж, Я.С нарын давж заалдах гомдлоор С.Бы “Соната маркийн автомашиныг хууль бус эзэмшлээс гаргуулах тухай”  нэхэмжлэлтэй Т.Ж, Я.С нарт холбогдох иргэний хэргийг давж заалдах шатны шүүх 2019 оны 10 дугаар сарын 15-ны өдөр хүлээн авч, шүүгч  Д.Байгалмаагийн илтгэснээр хянан хэлэлцэв.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.О шүүх хуралдаан дээр гаргасан тайлбартаа: Бид Т.Б өөрийн Соната-6 машины 2018.12.30-ны өдөр түрээсийн гэрээ байгуулж түрээслүүлсэн юм. Т.Б нь 2019.01.28-ны өдөр Улаанбаатар хот руу явахдаа миний машиныг Я.Сийн ээжийн хашаанд орхисон байсан. Б нь Улаанбаатар буцаж явахдаа 2019.02.04-нд осолд орж үүний улмаас Сийн эгч нас барсан хэрэг гарсан. Т.Бын эгч Т.Ц бидэнд машиныг Сийн ээжийн хашаанд байгаа очиж ав гэж хэлсэн. Тэгээд бид 2 ирэхэд уг машин байгаагүй. Эрж сурч байж Саятны хороололд айлын хашаанд байхад олсон. Тэгээд авах гэтэл С Ж нар машиныг чинь өгөх боломжгүй, харин түрээсийн мөнгийг нь өгье гээд нэг удаа 150.000 төгрөг шилжүүлсэн. Стэй машин түрээслэх гэрээг байгуулаагүй. Б эмнэлгээс гараад түрээс төлөх боломжгүй боллоо гээд гэрээгээ цуцлах талаар бичгээр мэдэгдсэн. Гэтэл энэ 2 манай машиныг Баас худалдан авсан гээд өгөхгүй худлаа хэлээд байгаа. Энэ хоёрын үг яриа нь зөрөөд байдаг. Осол гарсан үед л энэ машиныг хүний машин гэдгийг мэдэж байсан. Иймд машинаа гаргуулах, дээр нь олох ёстой байсан орлого 3300.000 төгрөг, ирж очиход гарсан зардал 763.400 төгрөгийг гаргуулж өгнө үү гэв.
Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Баярмаа шүүх хуралдаан дээр гаргасан тайлбартаа: Машины өмчлөгч нь С.Б. С.Б, С Ж нарын хооронд ямар ч гэрээ хэлцэл байхгүй, Энэ машиныг Б эзэмшиж байсан. Ж нар бол шудрага бус эзэмшигч учраас хуулийн дагуу буцаан өгч, олох байсан орлогыг төлөх үүрэгтэй. Б түрээсийн гэрээнээсээ татгалзаж бичгээр мэдэгдсэн байгаа. Иймээс Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн дагуу өмчлөгч шаардах эрхтэй. Мөн бусдын эд хөрөнгө гэдгийг 2019.02.04-ний өдөр мэдсэн гэж өөрсдаа ярьж байгаа тул үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн гэж үзнэ. Иймд машинаа нэхэмжилнэ. 3 удаа Улаанбаатараас ирж очсны зардалд 763400 төгрөг, олох байсан орлого 3300.000 зэргийг гаргуулж өгнө үү гэв.
 Хариуцагч Я.С шүүх хуралдаан дээр гаргасан хариу тайлбартаа: Машиныг манай ээжийн хашаанд тавьсан гэдэг нь бол худлаа. Машиныг манайд зарсан юм. Бичиг баримтгүй машиныг авахгүй гэсэн. Бичиг баримтыг нь нэхэхэд өгнө л гэсэн. Б гэдэг хүн 2019 оны 2 дугаар сарын 9-нд ирж уулзсан. Б тус машиныг хүний нэр дээр байгаа гэдгийг хэлээгүй. Хохирол 3.300.000 төгрөгийг Баас нэхэмжлэх эрхтэй гэж үзэж байна. Эд нар Цагдаагийн байгууллагад хэлж биднийг дарамлуулж байсан. Бид бол Бтай ямар ч холбоогүй. Бид Бтай гэрээ хийгээгүй аман гэрээгээр л худалдаж авсан. 2019.02.04-ний өдөр гэрээг олж үзсэн. Иймд бид нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй гэв.
 Хариуцагч Т.Ж шүүх хуралдаан дээр гаргасан хариу тайлбартаа: Ээжийн хашаанд машиныг үлдээгээгүй. Б манай машиныг унаж яваад осолд орсон. Анх Б 2019.01.25-нд утсаар ярьж 8 сая төгрөгөөр машиныг зарна гэсэн. Өдрийн 30.000 төгрөг төлдөг гэж байсан. Гоё машин байсан болохоор авъя гээд наймаа хийсэн. 8 сая төгрөгөөр авна гэж тохиролцоод өөрийнхөө Аксент маркын машиныг 2200.000 төгрөгт бодож, бэлнээр 1600 000 төгрөг өгөөд үлдсэн мөнгийг нь өгөөгүй байгаа. Б манай машиныг унаж яваад осолд орсон. Бид машинаа зарна гээд Жагаа гэдэг хүнээр дамжуулан заруулахаар Бд өгч явуулсан байсан. Иймд бид Бы нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй гэв.
 Хариуцагчийн өмгөөлөгч Д.Зулаа: Нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй. Энэ машин Б гэдэг хүний өмчлөлийн машин байгаа боловч тухайн үед хуулийн дагуу эзэмшиж байгаад Жд зарсан байна. Одоо Б гэдэг хүн хоригдож байгаа. Бичиг баримтыг нь өгнө гээд энэ 2 хүнийг залилсан байна. Нэхэмжлэлийн шаардлага нь тодорхой биш , идсэн хоолоо хүртэл нэхэмжилсэн байна. 3 дугаар сарын 1-нд гэрээгээ цуцалсан гэсэн атлаа олох орлого нэхэмжилсэн байна. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.
 Сүхбаатар аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 09 дүгээр сарын 20-ны өдрийн 376 дугаар шийдвэрт: Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 492 дугаар зүйлийн 492.1-д заасныг баримтлан хариуцагч Я.С Т.Ж нараас 45-03 УНЯ улсын дугаартай, мөнгөлөг саарал өнгийн Соната-NF маркын автомашин, олох байсан орлого 120.000 төгрөг, бусад зардалд 51.900 төгрөг бүгд 171.900 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч С.Бд олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 3.891.500 төгрөгийг хэрэгсэхгүй болгож, иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д заасныг баримтлан нэхэмжлэгч С.Бы улсын тэмдэгтийн хураамжинд урьдчилан төлсөн 207.970 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Я.С, Т.Ж нараас улсын тэмдэгтийн хураамж 8.171.900 төгрөгөөс улсын тэмдэгтийн хураамж тооцож 145.700 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч С.Бд олгож тус тус шийдвэрлэжээ.
Хариуцагч Я.С, Т.Ж нар давж заалдах гомдолдоо: Анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч давж заалдах гомдол гаргаж байна. Бид хоёр энэ автомашиныг Б гэдэг хүнээс худалдаж авсан.  Энэ машины асуудлаас болж бид хоёр маш хохирч байна. Б нь уг автомашиныг жолоодож яваад тээврийн хэрэгслийн тухай хуулийг зөрчиж авто осол болж эгч минь нас барсан юм. Хамгийн гол асуудал нь Б нь Бтай түрээсийн гэрээ хийсэн байсныг цуцлуулсан байгаа юм. Үүнээс үзэхэд энэ хоёр нь үгсэн хуйвалдаж бид хоёрыг залилан мэхлээд байна. Бын хувьд Хэнтий аймгийн хорих ангид ял эдэлж байгаа. Энэ хүнд маш их гомдолтой байна. Б нь бид хоёрыг автомашиныг хууль бусаар авсан гэж цагдаагийн газарт гомдол гаргасан.  Б нь танил талаа ашиглаж бид хоёрыг дарамталж байгаа. Бид хоёрын хувьд Бд өөрийн өмчлөлийн машиныг өгөөд энэ машиныг худалдаж авахаар амаар хэлцэл хийсэн байсан. Гэтэл энэ машиныг барьж яваад осол гаргасан. Энэ асуудлын гол эзэн нь Б учраас түүнийг хорих ялаа эдэлж дуусаад гарч ирсэний дараа энэ асуудлыг шийдвэрлэх бүрэн боломжтой гэж үзэж байгаа. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцааж өгнө үү гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч С.Б хариуцагч Т.Ж, Я.С нараас өөрийн өмчлөлийн 8000000 төгрөгийн үнэтэй Соната-NF автомашин, 2019 оны 2 дугаар сарын 16-наас одоог хүртэлх түрээсийн орлого 3300000 төгрөг, машинаа авахаар Улаанбаатар хот Сүхбаатар аймгийн хооронд явсан зардал, машины үнэлгээ хийлгэсэн 763400 төгрөг,  бүгд 12063400 төгрөг гаргуулахаар шүүхэд нэхэмжлэлээ ирүүлжээ.
    Хариуцагч нар  Быг танихгүй учир  машин түрээслэх гэрээ хийгээгүй, нэхэмжлэлийн шаардлагыг  зөвшөөрөхгүй гэж маргажээ.
Талууд С.Б Т.Б нарын хооронд 2018 оны 12 дугаар сарын 13-ны өдөр байгуулагдсан автомашин түрээслэх  гэрээний талаар маргаагүй байна.
Маргааны зүйл болсон Соната-NF автомашиныг хариуцагч нар Т.Баас худалдан авсан гэх боловч, үүнийгээ нотолсон нотлох баримтыг шүүхэд ирүүлээгүй, зохигчдын хооронд ямар нэгэн гэрээний дагуу иргэний эрх зүйн харилцаа үүсээгүй байна. Харин Соната-NF автомашины өмчлөгч С.Б  мөн болох нь автомашины тээврийн хэрэгслийн гэрчилгээгээр тогтоогдож байна. Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1 дэх хэсэгт  “Өмчлөгч хөрөнгөө бусдын хууль бус эзэмшлээс шаардах эрхтэй” гэж зааснаар С.Б хариуцагч Т.Ж, Я.С нараас тухайн автомашиныг нэхэмжилсэн нь үндэслэлтэй төдийгүй анхан шатны шүүх нэхэмжлэлийн шаардлагаас энэ хэсгийг  хангаж шийдвэрлэсэн нь хуульд нийцжээ./хх-6,40,39,43/
 Түрээслэгч Т.Б нь автын осолд орж цаашид гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлж чадахгүй болсон, түрээсийн гэрээгээ цуцлах тухай хүсэлтээ түрээслэгч С.Бд  2019 оны 03 дугаар сарын 01-ний өдөр бичгээр мэдэгдсэнийг тэрээр хүлээн авч машинаа авахаар Баруун-Урт суманд ирж хариуцагч нартай уулзсанаар  С.Б Т.Б нарын хооронд автомашин түрээслэх гэрээ цуцлагдсанд тооцсон талаар шүүх үндэслэлтэй дүгнэлт хийсэн байна. Нэхэмжлэгч С.Б хариуцагч нарын хооронд гэрээний эрх зүйн харилцаа үүсээгүй тул  2019 оны 7 дугаар сарын 5-ны өдрийг хүртэл олох байсан орлого 3300000 төгрөг нэхэмжилснийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох ёстой байтал шүүх С.Б, Т.Б нарын хооронд байгуулагдсан гэрээ хүчин төгөлдөр байх хугацааны түрээсийн төлбөр 120000 төгрөгийг хариуцагч нараас гаргуулж шийдвэрлэсэн нь буруу байна.

 Нэхэмжлэгч Улаанбаатар хотоос Сүхбаатар аймгийн Баруун-Урт сум 3 удаа машинаа авахаар явсан зардлын талаарх баримтуудаа шүүхэд ирүүлсэн хэдий ч  бусад зардлын үнийн дүн зөрүүтэй, ямар машинаар явсан нь тодорхойгүйн зэрэгцээ газ авсан болон нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн шуудангаар явсан баримтууд давхацсан байх тул шүүх бусад зардлаас 51900 төгрөгийг хангаж, үлдсэнийг хэрэгсэхгүй болгосон нь үндэслэлтэй байна.   
Иймд анхан шатны шүүхийн 376 дугаар шийдвэрт өөрчлөлт оруулж, хариуцагч нарын давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Хариуцагч нарын давж заалдах гомдол гаргахдаа төлсөн улсын тэмдэгтийн хураамжийг улсын орлогод үлдээхээр шийдвэрлэв,   

    Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

    Нэг. Сүхбаатар аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 09 дүгээр сарын 20-ны өдрийн 376 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтаас “олох байсан орлого 120000 төгрөг, бүгд 171900 төгрөг” гэснийг  хасч, 2 дахь заалтын “3891500 төгрөгийг” гэснийг “4011500 төгрөг” гэж, 3 дахь заалтын “145700 төгрөгийг” гэснийг “143780 төгрөгийг” гэж тус тус өөрчилсүгэй.

    Хоёр. Хариуцагч нарын давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.
 
           Гурав. Хариуцагч нарын давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 145700 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

Зохигчид, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн, хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн, төсөөтэй харилцааг зохицуулсан хуулийг буруу хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн үндэслэлээр Хяналтын шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.


                           ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                           О.БААТАРСҮХ
                                                  ШҮҮГЧИД                           С.ОЮУНТУНГАЛАГ
                                                                                              Д.БАЙГАЛМАА