Хэнтий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 10 сарын 03 өдөр

Дугаар 122

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

                

          Хэргийн индекс: 180/2017/0125/Э

    

Хэнтий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Л.Уянга даргалж тус шүүхийн шүүх хуралдааны “А” танхимд нээлттэй хийсэн хуралдаанд:

 

Нарийн бичгийн дарга              А.Цэрэндулам,

Улсын яллагч    Т.Баярмаа,

Шүүгдэгч   Л.О нарыг  оролцуулан

 

Тус аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Орлой овогт Л.О-т холбогдох 1739000050023 дугаартай хэргийг 2017оны 09 дугаар сарын 29-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Сүхбаатар аймгийн Түвшинширээ суманд 1987 оны 03 дугаар сарын 05-ны өдөр төрсөн, 30 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, ам бүл 8, эцэг, эх, дүү, эхнэр, 2 хүүхдийн хамт, Хэнтий аймгийн Хэрлэн сумын 2 дугаар баг Өлзийтийн 15-03 тоотод оршин суух,  улсаас авсан гавъяа шагналгүй, ял шийтгэлгүй, Орлой овогт Л.О

 

Шүүгдэгчийн холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд дурьдсанаар/

Шүүгдэгч Л.О-нь 2017 оны 06 дугаар сарын 12-ны шөнө 03 цагийн үед Хэнтий аймгийн Батноров сумын 3 дугаар багийн нутаг дэвсгэр “Овоотын шил” гэх газар хөх өнгийн 18-73 УБТ улсын дугаартай Тоёото Приус маркийн автомашиныг жолоодон явахдаа Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн 7.17 дахь заалт буюу “Бусдын хөдөлгөөнд саад учруулахааргүй газарт, аюулгүй байдлыг хангасан нөхцөлд ухрах үйлдэл хийхийг зөвшөөрнө. Шаардлагатай тохиолдолд ухрах үйлдлийг бусдын тусламжтайгаар гүйцэтгэх бөгөөд жолооч аюулгүй байдлыг хангах үүргээс чөлөөлөгдөхгүй” мөн Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн 7.6 “Жолооч хөдөлгөөн эхлэхдээ зам, орчны байдлыг биеэр шалгаж, байр эзлэх, хөдөлгөөний чиг өөрчлөхөд бусдын хөдөлгөөнд саад учруулахгүй байх бүх нөхцөлийг хангана” гэх заалтуудыг зөрчин хохирогч Б.Өсөхбаярын биед хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ. 

 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

Шүүх шүүхийн хэлэлцүүлэгт болон хавтаст хэрэгт авагдсан дараах бичгийн нотлох баримтуудыг судлав. Үүнд:

 

Хохирогч Б.Өсөхбаярын мөрдөн байцаалтад өгсөн: “... би “Хэнтий аймгийн Батноров сумын 3 дугаар баг буюу “Баян” багийн засаг даргаар 2009 оноос хойш одоог хүртэл ажиллаж байна. Сүүлийн 3 жилийн хугацаанд манай сумын 1 дүгээр баг буюу “Эрдэнэчандмана” баг, 2 дугаар баг буюу “Эхэн бүрд” багийн нутгаар иргэд хууль бусаар байгалийн өнгөт чулууг ихээр түүж байгаль орчинг сүйтгэх болсон. 2017.06.12-ны шөнө сумынхаа хэсгийн цагдаа, цагдаагийн ахлах ахлагч Ж.Нямбарс, сумын хурлын төлөөлөгч Б.Ган-Эрдэнэ, 3 дугаар багийн иргэн Д.Хүрэл-Эрдэнэ нарын хамт 3 дугаар багийн нутаг “Овоотын шил” гэх газарт хууль бусаар байгалийн өнгөт чулуу түүж байгаа иргэдийн үйлдлийг таслан зогсоох, нийтийн хэв журам сахиулах эргүүлийн үүрэг гүйцэтгэхээр 00 цаг өнгөрч байхад саарал өнгийн Мазда димо маркийн автомашинтай яваад шөнийн 1 цаг өнгөрч байхад улсын дугааргүй саарал өнгийн Приус 10 маркийн автомашинтай хүмүүс чулуу түүж байгаад бид нарыг шалгалт хийж байгааг мэдсэн бололтой хүмүүс нь гүйлдэж машиндаа суугаад машинаа асааж зугтах гэж хөдөлж бүдэг гэрэлтэй баруун урд зүг рүү явсан. Гадаа сарны гэрэлтэй байсан болохоор мотоциклийнхоо гэрлийг асаалгүй явж ойртож очоод гэрлээ асаахад нөгөө машин зогссон учир миний ард сууж байсан Нямбарс буугаад шалгах гэтэл нөгөө машин шууд хөдөлсөн. Араас нь ахин очиж Нямбарс цагдаа хаалга цонхыг нь тогшиход нөгөө машин хаазлаад урагшаа хөдөлж явах үед нь би уг машины зүүн гар талд нь ойрхон байсан учир арын дугуйнд нь баруун хөлөө цохиулах шиг болсон. Нэг алхаад дахин алхах гэтэл хөл маань шагайгаараа дотогшоо мултарчихсан байсан. Хөлийнхөө зургыг авахуулахад хавчаар яс гэдэг нь үенийхээ орчмоор хугарсан байсан” гэсэн мэдүүлэг /хх-ийн 31-32 тал/, 

 

Гэрч Л.Наранбаатарын мөрдөн байцаалтад өгсөн: “... 2 хүн ирээд хаалгаа онгойлго гээд машины цонх цохиод байсан. Бид нар хаалгаа онгойлгож өгөөгүй. Машинаа асаагаад баруун урд зүг хөдөлсөн. Араас гэрэлгүй мотоциклтой 2 хүн ирээд машины урд зогсоод, мотоциклоос бууж ирээд хаалга, цонх цохиод байсан. Тэгэхээр нь манай дүү Л.О машинаа ухрааж байгаад баруун тийшээ эргээд зугтсан” гэсэн мэдүүлэг /хх-ийн 38 тал /,

 

Гэрч Ж.Нямбарсын мөрдөн байцаалтад өгсөн: “... би буугаад цонхыг нь тогшсон чинь шууд ухарсан. Тэгээд цаашаа яваад өгсөн. Тэр үед Өсөхбаяр мотоциклоос буугаад машины ойр зогсоод бас зогс гэж дохиж байсан. Тэгээд машин явсан хойно Өсөхбаяр хөл эвгүй болчихлоо гээд ойчоод өгсөн ” гэсэн мэдүүлэг /хх-ийн 40 тал /,

 

Шинжээчийн дүгнэлт: 2017.06.30 № 2017.210 Шүүх эмнэлгийн үзлэг хийсэн дүгнэлт: 1. Б.Өсөхбаярын биед баруун хөлийн шагайн хавчлага ясны зөрөөгүй хугарал бүхий гэмтэл тогтоогдлоо. 2. Дээрх гэмтэл нь мохоо хүчин зүйлийн 1 удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой. 3. Дээрх гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна. 4. Цаашид дээрх гэмтэл нь ерөнхий хөдөлмөрийн чадвар үлэмж хэмжээгээр буюу 15% алдагдана. /хх-ийн 44 тал/ 

 

 Шүүгдэгч Л.О-нь 2017 оны 06 дугаар сарын 12-ны шөнө 03 цагийн үед Хэнтий аймгийн Батноров сумын 3 дугаар багийн нутаг дэвсгэр “Овоотын шил” гэх газар хөх өнгийн 18-73 УБТ улсын дугаартай Тоёото Приус маркийн автомашиныг жолоодон явахдаа Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн 7.17 дахь заалт буюу “Бусдын хөдөлгөөнд саад учруулахааргүй газарт, аюулгүй байдлыг хангасан нөхцөлд ухрах үйлдэл хийхийг зөвшөөрнө. Шаардлагатай тохиолдолд ухрах үйлдлийг бусдын тусламжтайгаар гүйцэтгэх бөгөөд жолооч аюулгүй байдлыг хангах үүргээс чөлөөлөгдөхгүй” мөн Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн 7.6 “Жолооч хөдөлгөөн эхлэхдээ зам, орчны байдлыг биеэр шалгаж, байр эзлэх, хөдөлгөөний чиг өөрчлөхөд бусдын хөдөлгөөнд саад учруулахгүй байх бүх нөхцөлийг хангана” гэх заалтуудыг тус ус зөрчсний улмаас хохирогч Б.Өсөхбаярын хөлийг дайрч биед хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь түүний хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг, хохирогч Б.Өсөхбаярын мэдүүлэг, 210 дугаартай шинжээчийн дүгнэлт зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна. Иймээс шүүх шүүгдэгч Л.Л.Оыг эрүүгийн хуулийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцох нь зүйтэй. 

Хохирогч Б.Өсөхбаяр шүүгдэгчээс нэхэмжлэх зүйлгүй, гомдолгүй гэсэн тул шүүх шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүйд тооцох үндэслэлтэй байна. 

Шүүх шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ анх удаа тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас гэмт хэрэг үйлдснийг хөнгөрүүлэх нөхцөл байдал болгон харгалзав. 

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ НЬ: 

 

1. Шүүгдэгч Орлой овогт Л.О-т автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Л.О-ыг 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000  төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй. 

 

3. Эрүүгийн хуулийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Л.О-т оногдуулсан 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоолыг танилцуулснаас хойш 01  сарын  хугацаанд төлөхөөр тогтоосугай.

 

4. Эрүүгийн хуулийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Л.Онь торгох ялыг  биелүүлээгүй бол торгох ялын 15 нэгжийг 1 хоногоор бодож хорих ялаар солих  болохыг мэдэгдсүгэй.

 

5. Шүүгдэгч нь цагдан хоригдоогүй бусдад төлөх төлбөргүй ба түүний биеийн байцаалттай холбоотой баримт бичиг шүүхэд ирээгүй болохыг дурдсугай.

 

6. Шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардуулснаас хойш 14 хоногийн дотор Хэнтий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл  бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

7. Давж заалдах гомдол гаргасан буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч Л.О-т авсан хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй. 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ,  ШҮҮГЧ                                Л.УЯНГА