| Шүүх | Хэнтий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Гэнэдэндоржын Болормаа |
| Хэргийн индекс | 2139000000244 |
| Дугаар | 2022/ДШМ23 |
| Огноо | 2022-04-25 |
| Зүйл хэсэг | 10.1.2.8., |
| Улсын яллагч | Д.Ч |
Хэнтий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2022 оны 04 сарын 25 өдөр
Дугаар 2022/ДШМ23
2022 оны 04 сарын 25-ны өдөр 2022/ДШМ/23 Хэрлэн сум
Д.Ц-т холбогдох
эрүүгийн хэргийн талаар
226/2022/0023/Э
Хэнтий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч Я.Алтаннавч, шүүгч С.Оюунтунгалаг, Г.Болормаа нарын бүрэлдэхүүнтэй шүүх хуралдааны “А” танхимд,
Прокурор Д.Чулуунпүрэв,
Шүүгдэгч Д.Ц-, түүний өмгөөлөгч Н.Мөнгөнцэцэг,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Довчинсүрэн нарыг оролцуулан,
Хэнтий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Д.Ганзоригийн даргалж, шүүгч Н.Адъяа, Д.Адъяасүрэн нарын бүрэлдэхүүнтэй хийсэн шүүх хуралдааны 2022 оны 02 дугаар сарын 11-ний өдрийн 2022/ШЦТ/34 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч Д.Ц-ын гаргасан давж заалдах гомдлоор түүнд холбогдох эрүүгийн 2139000000244 дугаартай хэргийг 2022 оны 03 дугаар сарын 28-ны өдөр хүлээн авч шүүгч Г.Болормаагийн илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүгдэгч Д.Ц- нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2021 оны 08 дугаар сарын 26-27-нд шилжих шөнө 03 цагийн орчимд өөрийн гэртээ гэр бүлийн хамаарал бүхий этгээд болох төрсөн ах Д.М-тай хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдаж, улмаар гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж Д.М-ын цээжний урд зүүн дунд хэсгээр 2, 3-р хавирганы завсарт 25 см урттай хар өнгийн бариултай хутгаар 1 удаа хутгалж, зүрхний үнхэлцэг, зүрхний урд дээд гадаргуу, зүүн уушгины уг хэсгүүдийн хатгагдаж зүсэгдсэн, баруун бугалгын гадна дунд хэсэг, баруун шууны дотор дунд хэсгүүдийн өнгөц зүсэгдсэн шархнууд үүсгэж, улмаар цээжний хөндий дэх дотуур хурц цус алдалт /1140 мл/, үнхэлцгийн хөндий дэх бүлэн ба шингэн цус /500 мл/, зүрх чихэлдэлт, зүүн уушгины бүрэн авчилт, зүрхний үнхэлцэг орчмын цус хуралт гэмтэл үүсгэж алсан гэмт хэрэгт холбогджээ.
Хэнтий аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Д.Чулуунпүрэвээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.8 дахь заалтад заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд шилжүүлжээ.
Хэнтий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Шүүгдэгч Д.Ц-ыг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүнийг алсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.8 дахь заалтад заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.8 дахь заалтад зааснаар 12 /арван хоёр/ жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэж, оногдуулсан 12 жилийн хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлж, Д.Ц-ын цагдан хоригдсон 168 /нэг зуун жаран найм/ хоногийг эдлэх ялд нь оруулан тооцож, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан 25 см урттай хар өнгийн бариултай хутга, цэнхэр өнгийн орны бүтээлэг, Adidas гэсэн бичигтэй саарал өнгийн биеийн тамирын цамц, саарал өнгийн биеийн тамирын даавуун өмд, хар өнгийн түрийтэй 1 хос гутал, энгэр хэсгээрээ цахилгаантай зүүн энгэрийн дээд хэсэгт урагдсан хар өнгийн ноосон цамц, энгэр хэсгээрээ цус мэт улаан хүрэн өнгийн зүйлээр бохирлогдсон зүүн талын дээд хэсгээрээ урагдсан саарал өнгийн майк, хар өнгийн тэлээтэй баруун өвдөг орчмоор цус мэт улаан хүрэн өнгийн зүйлээр бохирлогдсон цэнхэр өнгийн женсин өмд, баруун дээд хэсэгтэй Adidas гэсэн бичигтэй хар өнгийн даавуун өмд, хагас түрүүтэй хар өнгийн 1 хос гутал, цэнхэр өнгийн 1 хос оймс зэргийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахаар тус тус шийдвэрлэжээ.
Шүүгдэгч Д.Ц- давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдол болон тайлбартаа: “Миний бие өөрийн болгоомжгүй, болчимгүй зангаас болж төрсөн ахынхаа амь насыг хохироосондоо маш их харамсаж, гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна.
Харин миний үйлдлийг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний амь насыг хохироосон гэж хүндрүүлж ял оногдуулсныг хүлээн зөвшөөрөхгүй байна. Учир нь би талийгаачийг байнга дарамталдаг, зоддог, харгис хэрцгий ханддаг, өөрийнхөө үгээр байлгаж айлгаж сүрдүүлж байсан удаа байхгүй. Өөрөөр хэлбэл би гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж байгаагүй, ахтайгаа ямар нэгэн хэрүүл, маргаангүй амьдарч байсан.
Тухайн хэрэг болдог өдөр ах бид хоёр хоол хийх дээрээс болж маргалдаж, барьцалдаж аваад ах миний хутгатай гаранд өртөж хатгуулсан. Бие биетэйгээ үл ойлголцсон, хувийн таарамжгүй байдлаас болж энэ хэрэг болсонд би маш их харамсаж байна. Иймд надад холбогдох хэргийг дахиж хянаж зүйл ангийг өөрчилж, ял шийтгэлийг хөнгөрүүлж өгнө үү” гэв.
Шүүгдэгчийн өмгөөлөгч Н.Мөнгөнцэцэг давж заалдах шатны шүүхэд гаргасан тайлбартаа: “1. Шүүгдэгч Д.Ц- нь гэм буруугийн талаар маргаагүй, гэм буруугаа хүлээн зөвшөөрч өөрийн үйлдсэн гэмт хэрэгтээ гэмшиж байгаа, харин зүйлчлэлийг хүлээн зөвшөөрөхгүй байна.
Анхан шатны шүүх Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн зүйлийн 6 дугаар зүйлийн 6.1 дэх хэсгийн 6.1.1, 6.2 дахь заалтыг үндэслэн Д.Ц-ыг хүний амь насыг хүндрүүлэх бүрэлдэхүүнтэй хохироосон гэж дүгнэсэн нь хэргийн бодит байдалтай нийцээгүй, Эрүүгийн хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн гэж үзэж байна.
Хэрэв Гэр бүлийн хүчирхийлэл үйлдэгдсэн гэж үзвэл гэмт хэргийн бүрэлдэхүүний субъектив талын шинж буюу гэм буруутай этгээдийн гэмт үйлдэлдээ хандсан сэтгэхүйн байдлыг нарийвчлан тогтоож гэм буруутай үйлдэлд нь дүгнэлт хийх шаардлагатай байсан. Гэтэл “буузныхаа махыг том хэрчлээ” гэсэн үл ялих зүйлээс болж маргалдсан хувийн таарамжгүй харилцаанаас үүдэн уг гэмт хэрэг үйлдэгдсэн байдаг.
“Гэр бүлийн хүчирхийлэл үйлдэх” гэдэг нь гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүнийг бие махбод, сэтгэл санаа, эдийн засгийн, бэлгийн дарамтандаа байлгадаг, байнга зоддог, догшин авирладаг, харгис хэрцгий харьцдаг хууль бус үйлдлүүд нь байнга давтагддаг, зуршил болсон, цаг хугацааны хувьд урт удаан үргэлжилсэн, байнгын шинжтэй хууль бус үйлдлүүдийг ойлгодог. Гэтэл Д.Ц- талийгаач Д.М- нарын хооронд уг хууль бус үйлдлүүд үйлдэгдэж байгаагүй, энэ талаар шалгасан нотлох баримт хавтаст хэрэгт байдаггүй. Харин хувийн таарамжгүй харилцаанаас үүдэн маргалдаж төрсөн ахыгаа хөнөөсөн үйл баримтыг гэрчүүд мэдүүлсэн байдаг. Гэрч Пүрэвсүрэн Д.Ц-, Д.М- нар нь хоорондоо маргаж, зодолдож, чанга дуу чимээ гаргаж байгаагүй, хоёулаа ажил хөдөлмөр эрхэлдэг гэж мэдүүлсэн байдаг.
Мөн мөрдөн шалгах ажиллагааны явцад хэргийг бүрэн гүйцэд шалгаагүй. Одоогийн мөрдөгдөж байгаа Эрүүгийн хууль нь 2015 онд батлагдаж, 2017 оноос эхлэн хүчин төгөлдөр мөрдөгдөж байна. 2015 оны Эрүүгийн хууль “гэр бүлийн хүчирхийлэл” гэсэн шинэ ойлголт орж ирсэн. Үүнээс үзэхэд хүчирхийлэл үйлдэгч, хүчирхийлэлд өртөгч гэсэн хоёр ойлголт гарч ирж байна. Хүчирхийлэл үйлдэгч гэдгийг прокурор, анхан шатны шүүх зөвхөн субъект байх чадвараар /гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай... г.м/ нь явцуу дүгнэлт хийж хэргийг хүндрүүлэн зүйлчилж байна. Мөн хүчирхийлэлд өртөгч гэсэн ойлголт байна. Хохирогч Д.М- нас барсан хэдий ч мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогчийн талаар шалгаагүй байдаг. Жишээлбэл талийгаач Д.М-ыг өмнө нь хүчирхийлэлд өртөж байсан эсэх талаар, Д.Ц-, талийгаач хоёрын хооронд хүчирхийллийн шинжтэй үйлдэл болж байсан уу гэдгийг, мөн амь хохирогчийн амьдралын түүхийг шалгасан нэг ч баримт хавтаст хэрэгт авагдаагүй байдаг.
Иймд Д.Ц-ын үйлдсэн гэмт хэргийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж зүйлчлэлийг хөнгөрүүлж, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч чин сэтгэлээсээ гэмшиж байгаа, бусдад төлөх төлбөргүй зэргийг харгалзан үзэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4-т заасныг хэрэглэж хуульд заасан хорих ялыг доод хэмжээг оногдуулж анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж өгнө үү” гэв.
Хэнтий аймгийн прокурорын газрын хяналтын прокурор Д.Чулуунпүрэв давж заалдах шатны шүүхэд гаргасан тайлбар, дүгнэлтдээ: Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1 дэх хэсгийн 5.1.1-т зааснаар гэр бүлийн хүчирхийлэл гэж “эхнэр, нөхөр, гэр бүлийн бусад гишүүн, хамтран амьдрагч, асран хамгаалагч, харгалзан дэмжигч, тэдгээрийн асрамж, хамгаалалтад байгаа этгээд, тухайн гэр бүлд хамт амьдарч байгаа этгээд, тусдаа амьдарч байгаа төрүүлсэн, үрчлэн авсан хүүхэд, төрсөн, үрчлэн авсан эцэг, эх, ах, эгч, дүү, гэрлэлтээ цуцлуулсан эхнэр, нөхөр, хамтран амьдарч байсан, эсхүл хамтран амьдарч байгаагүй ч гэр бүлийн харилцаатай байсан, дундаасаа хүүхэдтэй этгээд”-ийн хүний сэтгэл санаанд дарамт учруулах, эдийн засаг, бэлгийн эрх чөлөө, бие махбодод халдсан үйлдэл, эс үйлдэхүйг ойлгохоор хуульчилсан байдаг.
Д.Ц- нь амь хохирогчтой сүүлийн нэг жилийн хугацаанд нэг гэрт хамт амьдарч байсан бөгөөд амь хохирогчтой хувийн таарамжгүй харилцаатай байдаг нь үнэн. Д.Ц- нь урьд Д.М-тай хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдаж, улмаар Д.М-ын биед хөнгөн гэмтэл учруулж шүүхээр ял шийтгүүлж байсан. Эдгээр нөхцөл байдлуудыг харгалзан Д.Ц-ын дээрх үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.8 дахь заалтад зааснаар зүйлчилж хэргийг шүүхэд шилжүүлсэн.
Мөрдөн шалгах ажиллагааг хуульд заасны дагуу бүрэн хийж гүйцэтгэсэн, хохирогчийн хувийн байдлыг тогтоох гэсэн заалт хуульд байхгүй, тогтоох шаардлагагүй гэж үзэж байна.
Шүүгдэгч Д.Ц-ын үйлдсэн гэмт хэрэг нотлогдсон тул шүүгдэгчийн гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож, анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолын хэвээр үлдээж өгнө үү” гэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх хэргийг шийдвэрлэхдээ шүүгдэгч Д.Ц-ын гаргасан давж заалдах гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэрэгт цугларсан нотлох баримтуудад үндэслэж, хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих асуудлуудыг мөрдөн шалгах ажиллагаагаар хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалт болон шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн ноцтой зөрчил тогтоогдоогүй болно.
Шүүгдэгч Д.Ц- нь согтуугаар 2021 оны 08 дугаар сарын 26-27-нд шилжих шөнө 03 цагийн орчимд Хэнтий аймгийн Хэрлэн сумын 5 дугаар баг Саригийн 12-05 тоотод байрлах өөрийн гэртээ гэр бүлийн хамаарал бүхий этгээд болох төрсөн ах Д.М-тай хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдаж, улмаар гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж Д.Д.М-ын цээж рүү хутгалж, зүрхний үнхэлцэг, зүрхний урд дээд гадаргуу, зүүн уушгины уг хэсгүүдийн хатгагдаж зүсэгдсэн шархнууд үүсгэж, улмаар цээжний хөндий дэх дотуур хурц цус алдалт /1140 мл/, үнхэлцгийн хөндий дэх бүлэн ба шингэн цус /500 мл/, зүрх чихэлдэлт, зүүн уушгины бүрэн авчилт, зүрхний үнхэлцэг орчмын цус хуралт үүсгэж алсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай болох нь:
- Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл, хүлээн авсан тэмдэглэл /1 хавтаст хэргийн 09 хуудас/,
- Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1 хавтаст хэргийн 10-16 хуудас/,
- Хүний биед үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1 хавтаст хэргийн 21-28 хуудас/,
- Эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1 хавтаст хэргийн 34-38 хуудас/,
- Хэнтий аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2021 оны 09 дүгээр сарын 27-ны өдрийн 98 дугаартай: “...Талийгаач нь цээжний хөндий рүү нэвтэрсэн, хатгагдаж зүсэгдсэн шархны улмаас үнхэлцгийн хөндийд цус хуримтлагдан, зүрх чихэлдэж нас баржээ...” дүгнэлт /1 хавтаст хэргийн 69-79 хуудас/,
- Цогцост гадна үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1 хавтаст хэргийн 80-83 хуудас/,
- Хувцсанд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1 хавтаст хэргийн 84-85 хуудас/,
- Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2021 оны 09 дүгээр сарын 14-ний өдрийн 2492 дугаартай: “...Шинжилгээнд ирүүлсэн хутганы ажлын хэсэгт хохирогчийн өмсөж байсан гэх хар өнгийн цамцны хөвөн ширхэгт материал байна. Иймд шинжилгээнд ирүүлсэн хар өнгийн бариултай хутгаар уг хар өнгийн цамцны гэмтэл үүссэн байж болно...” гэх дүгнэлт, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1 хавтаст хэргийн 101-106 хуудас/,
- Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2021 оны 09 дүгээр сарын 14-ний өдрийн 2489 дугаартай “Шинжилгээнд ирүүлсэн хар өнгийн цамц, саарал майканд зүсэлтүүд, бусад хувцаснууд гэмтэлгүй байна. ...зүсэлтүүд хурц иртэй зүйлийн үйлчлэлээр үүссэн байна...” гэх шинжээчийн дүгнэлт, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1 хавтаст хэргийн 109-114 хуудас/,
- Шүүх сэтгэц эмгэг судлалын шинжилгээний 2021 оны 09 дүгээр сарын 16-ны өдрийн 31 дугаартай: “Д.Ц- нь сэтгэцийн хувьд үнэн зөв мэдүүлэг өгөх, сэтгэцийн хувьд хэрэг хариуцах чадвартай.” гэх дүгнэлт /1 хавтаст хэргийн 135-136 хуудас/,
- Хэнтий аймгийн Хэрлэн сумын Өндөрхаан багийн засаг даргын тодорхойлолт /1 хавтаст хэргийн 178 хуудас/,
- Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Д.Ц-н: “...Манай ээж өнгөрсөн жил нас барсан. Ээжийг барснаас хойш Д.М-, Д.Ц- хоёр ээжийн гэрт хоёулаа амьдарч байсан. ...2021 оны 08 дугаар сарын 26-27-нд шилжих шөнө 03 цагийн үед намайг гэртээ амарч байхад Д.Ц- над руу утасдаад “Д.М- ах сонин байна, та нэг ирээд хараад өгөөч” гэж хэлсэн...намайг гэр рүү ороход Д.Ц- зүүн орон дээрээ сууж байсан, харин Д.М- баруун орон дээрээ хэвтэж байхаар нь очоод харахад ямар ч хөдөлгөөнгүй цав цагаан болсон, гарынх нь судсыг барьж үзэхэд цохилж байгаа үгүй нь мэдэгдэхгүй байсан. ...надад гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй...” гэх мэдүүлэг /1 хавтаст хэргийн 46 хуудас/,
- Гэрч О.А-н: “...Ц утсаар залгаад “та хүрээд ир ээ, би Т ахыг хутгалчихлаа, цээжинд нь хутгалчихсан юм шиг байна” гэхээр нь “түргэн дуудсан юм уу” гэхэд Ц “дүү нь хэцүү ш дээ, шүүхээс цагийн ажил хийх ял авчихсан байгаа” гэж хэлсэн...” гэх мэдүүлэг /1 хавтаст хэргийн 49-50 хуудас/,
- Гэрч М.М-н: “...намайг гэртээ унтаж байхад 2021 оны 08 дугаар сарын 26-27-нд шилжих шөнө 03-04 цагийн үед Ц-д хамт архи уусан А гэх залуу “Ц Т-г хутгалчихсан гэж байна, та ойрхноороо яваад очооч” гэж хэлсэн. ...Д.Ц-гийн гэрт очиход Д.Т- баруун талын орон дээрээ цустайгаа холилдчихсон, нас барчихсан бололтой дээшээ харсан байдалтай хэвтэж байсан. ... 2018, 2019 оны үеэр Д.Ц- нь өөрийн төрсөн ах Д.Т-г зодож цохиж байсан...” гэх мэдүүлэг /1 хавтаст хэргийн 53-54 хуудас/,
- Гэрч Ц.Г-н: “...2021 оны 08 дугаар сарын 27-ны өглөө 06 цагийн орчимд Д.М-, Д.Ц- хоёрын төрсөн эгч Цэцгээ манай гэрт орж ирээд “манай дүү Д.Ц- ах Д.М-ыгаа алчихсан байна ш дээ, та хоёр мэдсэн үү” гэхээр нь би “М-тай цуг эрт гэртээ ирсэн” гэж хэлсэн. ...2019 онд Д.Ц- Д.М- 2 хоорондоо маргалдаад Д.Ц- нь Д.М-ыг зодож байсан...” гэх мэдүүлэг /1 хавтаст хэргийн 56-57 хуудас/,
- Д.Ц-ын яллагдагчаар өгсөн: “...2021 оны 08 дугаар сарын 26-ны орой ... бууз хийж идэх санаатай махаа хэрчиж байхад Д.М- ах “...чи бууз хийх гэж байж махаа ямар том хөшиглөдөг юм бэ, би хөшиглөнө...” гээд хэрүүл маргаан үүсгээд босож ирээд хутга булаацалдаад байхаар нь “та сууж бай” гээд хоёр ч удаа орон дээр нь суулгасан. Д.М- ах буцаж босож ирснээ “би хөшиглөнө” гээд миний хутгатай гарыг барьж аваад хутга булааж авах гээд байхаар нь хутгатай гараа таттал Д.М- ах орон дээр ойчоод өгсөн. Тэгээд гурилаа зуураад буузаа хийгээд дуусаж байхад Д.М- ах орон дээр бөгшүүлээд байхаар нь “та зүгээр үү” гээд харахад цээжнээс нь цус гарч байхаар нь “түргэн дуудах уу” гэхэд “зүгээрээ түргэн хэрэггүй” гэж хэлсэн. Тэгээд би цээжнээс нь гарч байгаа цусан дээр хөвөн шатаагаад тавихад цус гарах нь гайгүй болсон. Тэгээд буузаа тавьж жигнэчхээд талийгаачийг сэрээх гэхэд ам, хамраас нь цус гарчихсан гар нь хүйтэн болчихсон байсан. ...бид хоёроос өөр ямар нэгэн хүн байгаагүй...” гэх мэдүүлэг /1 хавтаст хэргийг 156-158 хуудас/ зэрэг хэрэгт цуглуулж, бэхжүүлсэн, анхан шатны шүүхийн шүүх хуралдааны хэлэлцүүлгээр хэлэлцэгдсэн хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий нотлох баримтуудаар нотлогдож тогтоогджээ.
Эдгээр нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, хэргийн үйл баримтыг нотолж чадсан байх ба анхан шатны шүүх хэргийг эцэслэн шийдвэрлэсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана” гэсэн хуулийн шаардлагад нийцжээ.
Анхан шатны шүүх шүүгдэгч Д.Ц-ын үйлдсэн гэмт хэргийн үйл баримтын талаар үндэслэл бүхий дүгнэлт хийсэн, дүгнэлт нь хэргийн бодит байдалтай нийцсэн, хэргийг зөв зүйлчилж, Эрүүгийн хуулийг зөв тайлбарлаж хэрэглэсэн, шүүгдэгч Д.Ц-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.8 заасан гэмт хэрэгт гэм буруутайд тооцож, 12 жилийн хорих ялаар шийтгэж, ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэсэн нь Д.Ц-ын үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна.
Шүүгдэгч Д.Ц- “хэргийн зүйлчлэлийг өөрчилж, ял хөнгөрүүлэх” агуулга бүхий давж заалдах гомдол гаргасныг хүлээн авах үндэслэлгүй байна. Учир нь:
Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1 дэх хэсгийн 5.1.1-т “гэр бүлийн хүчирхийлэл гэж” эхнэр, нөхөр, гэр бүлийн бусад гишүүн, хамтран амьдрагч, асран хамгаалагч, харгалзан дэмжигч, тэдгээрийн асрамж, хамгаалалтад байгаа этгээд, тухайн гэр бүлд хамт амьдарч байгаа этгээд, тусдаа амьдарч байгаа төрүүлсэн, үрчлэн авсан хүүхэд, төрсөн, үрчлэн авсан эцэг, эх, ах, эгч, дүү, гэрлэлтээ цуцлуулсан эхнэр, нөхөр, хамтран амьдарч байсан, эсхүл хамтран амьдарч байгаагүй ч гэр бүлийн харилцаатай байсан, дундаасаа хүүхэдтэй этгээдийн сэтгэл санаанд дарамт учруулах, эдийн засаг, бэлгийн эрх чөлөө, бие махбодод халдсан үйлдэл, эс үйлдэхүйг ойлгохоор хуульчилсан байна.
Шүүгдэгч Д.Ц- нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ өөрийн гэртээ гэр бүлийн хамаарал бүхий этгээд болох төрсөн ах Д.М-тай маргалдан түүний цээжинд 1 удаа хутгалж, талийгаач цээжний хөндий нэвтэрсэн, хатгагдаж зүсэгдсэн шархны улмаас үнхэлцгийн хөндийд цус хуримтлагдан, зүрх чихэлдэж нас барсан хэргийн үйл баримт мөрдөн шалгах ажиллагаагаар хангалттай нотлогдсон байна.
Шүүгдэгч Д.Ц-, амь хохирогч Д.М- нар төрсөн ах дүү нар ба 2021 оны 05-р сараас хэрэг гарах өдөр хүртэлх хугацаанд хамт амьдарч байсан, Д.Ц- урьд нь 2019 оны 12 дугаар сарын 18-19-нд шилжих шөнө төрсөн ах Д.М-тай маргалдаж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт ял шийтгүүлсэн, 2018, 2019 оны үеэр Д.Ц- нь өөрийн төрсөн ах Д.М-ыг зодож байсан талаарх нотлох баримт болох Хэрлэн сумын багийн засаг даргын тодорхойлолт, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Д.Цэцэгжаргалын мэдүүлэг, Хэнтий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн 2020/ШЦТ/20 дугаартай шийтгэх тогтоол, гэрч М.М, Ц.Г нарын мэдүүлэг хэрэгт авагдсан байна.
Иймд шүүгдэгч Д.Ц- нь 2021 оны 08 дугаар сарын 26-27-нд шилжих шөнө төрсөн ах Д.М-ын цээж рүү хутгалж алсан үйлдлийг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, хүн алах гэмт хэрэг үйлдсэн гэж хэргийн зүйлчлэлийг хүндрүүлэн зүйлчилсэн нь зөв байх тул шүүгдэгчийн гаргасан “зүйлчлэл өөрчилж, ял хөнгөрүүлэх” утга бүхий давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож, анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр 1 дэх хэсгийн 1.1, 39.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Хэнтий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 02 дугаар сарын 11-ний өдрийн 2022/ШЦТ/34 дугаартай шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч Д.Ц-ын гаргасан “зүйлчлэл өөрчилж, ял хөнгөрүүлэх” утга бүхий давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.
2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Ц-ын цагдан хоригдсон 73 /далан гурав/ хоногийг ял эдлэх хугацаанд оруулж тооцсугай.
3. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосон даруй хуулийн хүчин төгөлдөр болохыг дурдсугай.
Анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсхүл дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч нар хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Я.АЛТАННАВЧ
ШҮҮГЧИД С.ОЮУНТУНГАЛАГ
Г.БОЛОРМАА