Хэнтий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 10 сарын 04 өдөр

Дугаар 123

 

    МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

 

Хэргийн индекс:180/2017/0126/Э

 

     Хэнтий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Л.Уянга даргалж тус шүүхийн шүүх хуралдааны "А" танхимд нээлттэй хийсэн хуралдаанд:

 

Нарийн бичгийн дарга            А.Цэрэндулам 

Улсын яллагч                                      Т.Баярмаа 

Шүүгдэгчийн өмгөөлөгч Г.Баярсайхан

Шүүгдэгч Я.Н нарыг оролцуулан

     

    Тус Аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Шувуутынхан овогт Яковын Наранбаасанд холбогдох 1739000540018 дугаартай эрүүгийн хэргийг хянан хэлэлцэв. 

 

   Шүүгдэгчийн биеийн байцаалт: 

   Монгол улсын иргэн, Хэнтий аймгийн Батноров суманд 1976 оны 09 дүгээр сарын 17-ны өдөр төрсөн, 41 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мужаан мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3, 2 хүүхдийн  хамт, Хэнтий аймгийн Батноров сумын 7 дугаар башг Бэрх тосгоны 67-01-02 тоотод оршин суух, улсаас авсан гавъяа шагналгүй ял шийтгэлгүй гэх, Шувуутынхан овогт Я.Н 

 

      Шүүгдэгчийн холбогдсон хэргийн талаар:  /яллах дүгнэлтэд дурдсанаар/

      Шүүгдэгч Я.Н нь 2017 оны 08 дугаар сарын 06-ны өдөр Хэнтий аймгийн Батноров сумын 7 дугаар баг Бэрх тосгоны төвд Г.Одбаярын нүүрэн тус газар нь гараараа 1 удаа, толгойн ар дагзны хэсэгт тоосгоор 1 удаа цохиж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт  холбогджээ. 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

         Шүүхийн хэлэлцүүлэгт дараах бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав.  Үүнд:

         Хохирогч Г.Одбаярын мөрдөн байцаалтад өгсөн: “... 2017 оны 08 дугаар сарын 06-ны орой бааранд Золбаяр, Рэгзэн, Баттулга, Гомбосүрэн бид 5 суугаад 500 граммын  архи аваад ууцгаасан. Золбаяр, Гомбосүрэн бид 3 гадаа гарч тамхи татаж байсан. Байшингийн хойд булангаас Я.Н ах нэг эгчтэй цуг гарч ирээд юу ч ярилгүй хамар луу гараараа цохисон. Миний хамраас цус гарахаар нь цаашаа яваад доошоо тонгойгоод цусаа тогтоох гэж байтал араас дагз руу тоосгоор цохисон”. Толгой эргээд байхаар нь цагдаа руу Баттулгыг дагуулан очоод болсон асуудлын талаар хэлчихээд эмнэлэг рүү явж үзүүлээд өвчин намдаах эм уусан. Эмч үзээд хамар хугарч тархи доргион байна. Аймгийн эмнэлэгт бичлэг хийлгэ гэсэн. Нэхэмжлэх зүйлгүй, гомдолтой гэсэн мэдүүлэг /хх-ийн 14-15 тал/, 

 

         Гэрч Ш.Рэгзэний мөрдөн байцаалтад өгсөн: “... Би Б.Золбаяр, Б.Баттулга, Э.Гомбосүрэн, Г.Одбаяр нарын  хамт 2017 оны 08 дугаар сарын 06-ны орой 22 цагийн үед Бэрх хотын “Хараацай” бааранд орж 0.75 литрийн архи аваад уусан. Бид нар гадаа гарч тамхи татсан. Буцаж баар луу ороод дахин 1 шил архи аваад ууж байтал гаднаас Г.Одбаяр хүнд зодуулчихлаа гээд нүүр болон толгойных нь ар тал нь цус болчихсон орж ирсэн. Бид нар баарнаас гарахад Б.Баттулга гартаа тоосго барьчихсан байсан хүний тоосгыг салгаж байсан. Тэр хүнийг харахад Я.Нах байсан”  гэсэн мэдүүлэг /ХХ-ийн 16-17 тал/, 

 

        Гэрч Б.Баттулгын мөрдөн байцаалтад өгсөн: “... тамхи татаж дуусаад эргэж баар луу ороход найз Одбаяр гадаа үлдсэн байна лээ. Гэтэл бид нарыг дуулж байхад Г.Одбаяр хөгшин нь хүнд зодуулчихлаа гээд нүүр болон толгойных нь ар тал нь цус болчихсон орж ирсэн. Хэнд зодуулсныг нь мэдэх гэж баарнаас гарахад гадаа Я.Нгэдэг хүн баруун гараараа тоосго барьчихсан доош тонгойгоод сууж байхад нь би араас нь очиж шилэн хүзүүн дээрээс нь доош дараад гарт нь байгаа тоосгыг газар хаяуулсан. Түүнийг дээш нь босгоход хамраас нь цус гарсан бололтой нүүр нь цус болчихсон байсан. Г.Одбаяраас юу болсон талаар асуухад: Я.Нахыг гал байна уу гэж асуухад нь Г.Одбаяр хэн бэ гэж хэлээд Я.Нахыг хөлөөрөө хавсарч дэгээдэн унагаачихаад  баарны үүдний довжоон дээр сууж байтал Я.Нах тоосгоор Г.Одбаярын толгой руу цохисон гэж хэлж байсан гэсэн мэдүүлэг /хх-ийн 18-19 тал/ 

 

       Гэрч Б.Золбаярын мөрдөн байцаалтад өгсөн: “... Одбаярын нүүр болон толгойноос нь цус гарч байсан. Я.Нахад тоосгоор толгойруугаа цохиулчихлаа гэж Одбаярыг хэлэхэд Я.Нах дахин тоосго авах гэж байхад нь Баттулга очиж болиулж гарт нь байсан тоосгыг тавиулах үед би тэр 2 дээр очиход намайг ална гээд над руу дайраад “ та нартай явдаг газар луу чинь хамт яваад чулуу няслаад сууна гээд” байхаар нь би түүний нүүр лүү нэг удаа гараараа цохисон” гэсэн мэдүүлэг /хх-ийн 20 тал/ 

 

        Гэрч А.Бат-Эрдэний мөрдөн байцаалтад өгсөн: “...Одбаяр баарны үүдэнд намайг хүн зодчихлоо гээд нүүр болон толгойноос нь цус гарч байсан. Хэн зодсон юм гэж асуухад гадаа цаашаа хараад сууж байгаа хүнийг заасан. Баттулга бид 2 тэр хүн рүү очиход Я.Нгэдэг ах гартаа тоосго барьчихсан байхаар нь би “та найзыг маань арай дэндүү болгочихсон байна ш дээ гэхэд” Я.Нах “харин тиймээ Одбаяраас гал гуйсан чинь намайг хавсарч унагаасан учраас зодчихсон юм” гэж хэлсэн гэсэн мэдүүлэг /хх-ийн 22-23 тал/

 

       Гэрч Э.Гомбосүрэнгийн мөрдөн байцаалтад өгсөн: “... би утсаар ярьж байхад миний ар талд хүн орилсон. Эргээд хартал Г.Одбаяр явган суучихсан доошоо тонгойгоод нүүрээ гараараа дарсан байдалтай харагдсан. Гэтэл Одбаярын хажууд байсан Я.Нах ална аа гээд орилоод над руу гартаа тоосго барьчихсан бололтой ирж хөөхөөр нь би түүнээс айгаад зугтсан. Нөгөө найзууддаа Г.Одбаярыг зодуулсан байна гэж хэлсэн” гэсэн мэдүүлэг /хх-ийн 26-27 тал/

 

        Шинжээчийн дүгнэлт: 2017.08.11-ний өдрийн 2017.091 

             1. Г.Одбаярын биед хамар ясны далд хугарал, зөөлөн эдийн няцрал, хамрын нуруу хэсгийн зулгаралт, толгойн ар дагзны хэсгийн зулгарсан шарх бүхий гэмтэл тогтоогдлоо. 2. Дээрх гэмтэл нь  хатуу мохоо хүчин зүйлийн 1 ба түүнээс дээш удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой. 3. Дээрх гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. 4. Цаашид дээрх гэмтэл нь энгийн хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй. /хх-ийн 30 тал/,  

 

           Гэрэл зургийн үзүүлэлтүүд / хх-ийн 9-11 тал/,

           Шүүгдэгчийн ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 38 тал/,

           Иргэний үнэмлэхийн хуулбар /хх-ийн 37 тал/ зэрэг болно.

 

           Шүүгдэгч Я.Н нь 2017 оны 08 дугаар сарын 06-ны өдөр Хэнтий аймгийн Батноров сумын 7 дугаар баг Бэрх тосгоны төвд Г.Одбаярын нүүрэн тус газар нь гараараа 1 удаа, толгойн ар дагзны хэсэгт тоосгоор 1 удаа цохиж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь түүний хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг, хохирогч Г.Одбаярын мэдүүлэг, гэрч Ш.Рэгзэн, Б.Баттулга, Б.Золбаяр, А.Бат-Эрдэнэ, Э.Гомбосүрэн нарын мэдүүлэг, 091 дугаартай шинжээчийн дүгнэлт зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байна. 

           Шүүгдэгч Я.Н нь үйлдсэн гэмт хэргээ хүлээн зөвшөөрч, хохирогч Г.Одбаяр шүүгдэгчээс нэхэмжлэх зүйлгүй, гомдолгүй гэсэн бөгөөд шүүх тус хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн болохыг дурьдах нь зүйтэй. 

          Шүүгдэгч Я.Н нь шүүхийн хэлэлцүүлэгт би барилгын засварын ажил хийдэг одоогоор надад ажлын 2 санал ороод ирсэн байгаа тул торгуулийн ялаар шийтгүүлж өгнө үү гэх тул шүүх торгуулийн ялыг нэг сарын хугацаанд төлөхөөр тогтоох үндэслэлтэй гэж үзэв. 

         Шүүх шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдснийг хөнгөрүүлэх нөхцөл байдал болгон харгалзах нь зүйтэй байна. 

           

            Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17 дугаар бүлэг, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 36.1 дүгээр зүйлийн 5, 6, 8, 36.8 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон 

 

  ТОГТООХ нь:

  

1. Шүүгдэгч Шувуутынхан овогт Я.Н-г хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Я.Н-г  450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй. 

 

3. Эрүүгийн хуулийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Я.Н-д  оногдуулсан 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450,000 төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоолыг танилцуулснаас хойш 01 /нэг/ сарын  хугацаанд төлөхөөр тогтоосугай.

 

4. Эрүүгийн хуулийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Я.Ннь торгох ялыг  биелүүлээгүй бол торгох ялын 15 нэгжийг 1 хоногоор бодож хорих ялаар солих  болохыг мэдэгдсүгэй.

 

5. Шүүгдэгч нь цагдан хоригдоогүй бусдад төлөх төлбөргүй ба түүний биеийн байцаалттай холбоотой баримт бичиг шүүхэд ирээгүй болохыг дурдсугай.

 

6. Шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардуулснаас хойш 14 хоногийн дотор Хэнтий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл  бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

7. Давж заалдах гомдол гаргасан буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч  Я.Н-д авсан хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй. 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ,  ШҮҮГЧ Л.УЯНГА