Баян-Өлгий аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шүүгчийн захирамж

2023 оны 12 сарын 11 өдөр

Дугаар 110/ШШ2023/0065

 

Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагын заримыг хүлээн зөвшөөрснийг,

нэхэмжлэгчээс нэхэмжлэлийн үлдсэн хэсгээс татгалзсаныг

 тус тус баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

Баян-Өлгий аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч З.Гүлбарша би “М” төрийн бус байгууллагын нэхэмжлэлтэй, Баян-Өлгий аймгийн Засаг даргад холбогдох, “Баян-Өлгий аймагт тусгай зориулалтаар угалз, тэх агнуулах зөвшөөрөл олгох дуудлага худалдаа зохион байгуулах тухай Засаг даргын захирамжийн дуудлага худалдааны ялагчийг хамгийн их үнэтэйгээс нь бага үнэтэй рүү эрэмбэлсэн хэсгийг хууль бус болохыг тогтоолгох, хүчингүй болгуулах, мөн ялагчийг баталгаажуулсан Засаг даргын захирамжийг хүчингүй болгуулах” нэхэмжлэлийн шаардлагатай захиргааны хэрэгт хянан шийдвэрлэх ажиллагаа явуулаад

ТОДОРХОЙЛОХ нь:

Хариуцагч аймгийн Засаг даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.А шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа:

 

М” нэхэмжлэлтэй танилцаад дараах нэмэлт тайлбарыг хүргүүлж байна.

Нэхэмжлэгчээс “Баян-Өлгий аймагт тусгай зориулалтаар угалз, тэх агнуулах зөвшөөрөл олгох дуудлага худалдаа зохион байгуулах тухай Засаг даргын захирамжийн дуудлага худалдааны ялагчийг хамгийн их үнэтэйгээр нь бага үнэтэй рүү эрэмбэлсэн хэсгийг хууль бус болохыг тогтоолгож, хүчингүй болгуулах мөн ялагчийг баталгаажуулсан Засаг даргын захирамжийг хүчингүй болгуулах” шаардлагыг аймгийн Засаг даргад холбогдуулан гаргасан.

Аймгийн Засаг даргаас баталсан захирамж гаргаж, 2023 онд зохион байгуулагдах тусгай зориулалтаар ан агнах тусгай зөвшөөрлийн дуудлага худалдааг ажлын хэсэг байгуулан батлагдсан удирдамжийн дагуу зохион байгуулсан. Энэхүү батлагдсан удирдамж болон байгуулагдсан ажлын хэсэг зөвхөн 2023 оны хувьд  ажиллах, үйлчлэх удирдамж ажлын хэсэг юм.

Энэ удирдамжийн дагуу дуудлага худалдаа явагдаад ялагч нар тодорч, тусгай зөвшөөрөл авч, тусгай зөвшөөрлийн дагуу орон нутгийн төсөвт мөнгө төгрөгөө тушааж, үйл ажиллагаа нь хэрэгжээд дуусчихсан. Дараа жил энэ төрлийн үйл ажиллагаа зохион байгуулагдахад өөр захирамж гарна.

Иймд нэхэмжлэгчийн Баян-Өлгий аймагт тусгай зориулалтаар угалз, тэх агнуулах зөвшөөрөл олгох дуудлага худалдаа зохион байгуулах тухай Засаг даргын захирамжийн дуудлага худалдааны ялагчийг хамгийн их үнэтэйгээр нь бага үнэтэй рүү эрэмбэлсэн хэсэг нь биелэгдэж, дуудлага худалдаа явагдаж бүх ажиллагаа дууссан ба хариуцагчийн зүгээс нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч байгаа тул холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгч “М” төрийн бус байгууллагын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Д шүүхэд ирүүлсэн хүсэлтдээ:

Манай “М” төрийн бус байгууллага нь шүүхэд 2023 оны 8 дугаар сарын 22-ны өдөр Баян-Өлгий аймагт тусгай зориулалтаар угалз, тэх агнуулах зөвшөөрөл олгох дуудлага худалдаа зохион байгуулах тухай Засаг даргын захирамжийн дуудлага худалдааны ялагчийг хамгийн их үнэтэйгээс нь бага үнэтэй рүү эрэмбэлсэн хэсгийг хууль бус болохыг тогтоолгож, хүчингүй болгуулах, мөн ялагчийг баталгаажуулсан Засаг даргын захирамжийг хүчингүй болгуулах тухай шаардлага бүхий нэхэмжлэлийг гаргасан.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад цугларсан нотлох баримт болон хариуцагчийн гаргаж буй нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн талаарх тайлбар хүсэлттэй танилцаад нэхэмжлэлийн шаардлагын “ялагчийг баталгаажуулсан Засаг даргын захирамжийг хүчингүй болгуулах” шаардлагаас татгалзаж, үлдсэн шаардлага болох Баян-Өлгий аймагт 2023 онд тусгай зориулалтаар угалж, тэх агнуулах зөвшөөрөл олгох дуудлага худалдаа зохион байгуулахдаа хууль тогтоомж зөрчиж явуулсан болохыг болон дуудлага худалдаа зохион байгуулах тухай Засаг даргын захирамжийн “дуудлага худалдааны ялагчийг хамгийн их үнэтэйгээс нь бага үнэтэй рүү эрэмбэлсэн” хэсгийг хууль бус болохыг тогтоож хүчингүй болгуулах шаардлагын хүрээнд шийдвэрлүүлэх хүсэлттэй байна.

Иймд нэхэмжлэгч талаас нэхэмжлэлийн шаардлагыг дээрх байдлаар тодорхойлж байгаагийн зэрэгцээ хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх тайлбар хүсэлтийг дэмжиж байгаа тул Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 67 дугаар зүйлд заасныг үндэслэн хэргийг шийдвэрлэж өгнө үү” гэжээ.

 

ҮНДЭСЛЭХ нь:

1. Нэхэмжлэгч “М” холбоо төрийн бус байгууллагаас анх тус шүүхэд Баян-Өлгий аймгийн Засаг даргад холбогдуулан “Баян-Өлгий аймагт тусгай зориулалтаар угалз, тэх агнуулах зөвшөөрөл олгох дуудлага худалдаа зохион байгуулах тухай Засаг даргын захирамжийн дуудлага худалдааны ялагчийг хамгийн их үнэтэйгээс нь бага үнэтэй рүү эрэмбэлсэн хэсгийг хууль бус болохыг тогтоолгох, хүчингүй болгуулах, мөн ялагчийг баталгаажуулсан Засаг даргын захирамжийг хүчингүй болгуулах” нэхэмжлэлийн шаардлага гаргасан.

2. Хариуцагч аймгийн Засаг даргын итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс “Аймгийн Засаг даргаас баталсан захирамж гаргаж, 2023 онд зохион байгуулагдах тусгай зориулалтаар ан агнах тусгай зөвшөөрлийн дуудлага худалдааг ажлын хэсэг байгуулан батлагдсан удирдамжийн дагуу зохион байгуулсан. Энэхүү батлагдсан удирдамж болон байгуулагдсан ажлын хэсэг зөвхөн 2023 оны хувьд  ажиллах, үйлчлэх удирдамж ажлын хэсэг юм. Энэ удирдамжийн дагуу дуудлага худалдаа явагдаад ялагч нар тодорч, тусгай зөвшөөрөл авч, тусгай зөвшөөрлийн дагуу орон нутгийн төсөвт мөнгө төгрөгөө тушааж, үйл ажиллагаа нь хэрэгжээд дуусчихсан. Дуудлага худалдааны ялагчийг хамгийн их үнэтэйгээр нь бага үнэтэй рүү эрэмбэлсэн хэсэг нь биелэгдэж дууссан.  Дараа жил энэ төрлийн үйл ажиллагаа зохион байгуулагдахад өөр захирамж гарна. Мөн яллагчийг тодорхойлсон Засаг даргын захирамж гараагүй зөвхөн ажлын хэсгийн яллагчийг тодорхойлсон зөвлөмжийг үндэслээд гэрээ байгуулагдаж, одоогийн байдлаар бүх ангийн тусгай зөвшөөрөл олгогдож ан агнаж дууссан” гэж тайлбарлан нэхэмжлэлийн шаардлагын холбогдох хэсгийг хүлээн зөвшөөрч, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх тухай хүсэлтээ шүүхэд бичгээр илэрхийлсэн байна.

3. Нэхэмжлэгч талаас хариуцагч талын дээрх тайлбар, хүсэлттэй холбогдуулан нэхэмжлэлийн “ялагчийг баталгаажуулсан Засаг даргын захирамжийг хүчингүй болгуулах” шаардлагаас татгалзаж байгааг шүүхэд мөн бичгээр илэрхийлжээ.

            4.  Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.1-т “Нэхэмжлэгч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны аль ч үе шатанд нэхэмжлэлээсээ бүхэлд нь, эсхүл хэсэгчлэн татгалзаж болно” гэж, 67  дугаар зүйлийн 67.1-д “Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрсөн нь бусад этгээдийн эрх, эрх чөлөө, хууль ёсны ашиг сонирхлыг хөндөхөөргүй, хуульд харшлаагүй байвал шүүх хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгоно” гэж тус тус заасан.

5. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс  нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хүлээн зөвшөөрснийг, нэхэмжлэгчээс нэхэмжлэлийн шаардлагын үлдсэн хэсгээс  татгалзаж байгааг тус тус шүүхэд илэрхийлсэн.

Иймд дээрх байдлаар нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хариуцагч хүлээн зөвшөөрсөн, мөн нэхэмжлэлийн шаардлагын үлдсэн хэсгээс нэхэмжлэгч өөрөө татгалзсан тул Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.1, 67 дугаар зүйлийн 67.1 дэх хэсгүүдэд зааснаар хариуцагч нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хүлээн зөвшөөрсөн, нэхэмжлэгч нэхэмжлэлийн үлдсэн шаардлагаас татгалзсаныг тус тус баталж, энэхүү захиргааны хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй байна.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.5, 47.6, 51 дүгээр зүйлийн 51.1-д тус тус зааснаар хариуцагч нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хүлээн зөвшөөрсөн, нэхэмжлэгч нэхэмжлэлийн үлдсэн шаардлагаасаа татгалзсан тул нэхэмжлэгчийн төлсөн улсын тэмдэгтийн хураамжийн тавин хувь буюу 35100 төгрөгийг хариуцагчаар төлүүлэн нэхэмжлэгчид олгож, нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэлээ.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.2, 111 дүгээр зүйлийн 111.1-д заасныг тус тус удирдлага болгон

ЗАХИРАМЖЛАХ нь:

1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.1, 67 дугаар зүйлийн 67.1-д заасныг  тус тус баримтлан нэхэмжлэгч “М” холбоо төрийн бус байгууллагаас гаргасан  “Баян-Өлгий аймагт тусгай зориулалтаар угалз, тэх агнуулах зөвшөөрөл олгох дуудлага худалдаа зохион байгуулах тухай Засаг даргын захирамжийн дуудлага худалдааны ялагчийг хамгийн их үнэтэйгээс нь бага үнэтэй рүү эрэмбэлсэн хэсгийг хууль бус болохыг тогтоолгох, хүчингүй болгуулах” шаардлагыг хариуцагч хүлээн зөвшөөрсөн, нэхэмжлэлийн үлдсэн шаардлага болох “Ялагчийг баталгаажуулсан Засаг даргын захирамжийг хүчингүй болгуулах”  шаардлагаасаа нэхэмжлэгч татгалзсаныг тус тус баталж, “М” төрийн бус байгууллагын нэхэмжлэлтэй, аймгийн Засаг даргад холбогдох захиргааны хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.5, 47.6, 51 дүгээр зүйлийн 51.1-д тус тус зааснаар хариуцагч аймгийн Засаг даргаас 35100 төргөг гаргуулан нэхэмжлэгчид олгож, нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 /далан мянга хоёр зуун/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.4-д зааснаар нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзсан асуудлаар дахин нэхэмжлэл гаргах эрхгүй.

4. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69 дүгээр зүйлийн 69.2-т тус тус зааснаар шүүгчийн энэ захирамжид гомдол гаргах эрхгүй бөгөөд шүүхийн шийдвэрийн нэгэн адил биелэгдэх болохыг дурдсугай.

 

                              ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                         З.ГҮЛБАРША