Хэнтий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 04 сарын 26 өдөр

Дугаар 2022/ДШМ/24

 

 

 

 

 

 

 

 

 

2022 оны 04 сарын 26-ны өдөр                        2022/ДШМ/24                        Хэрлэн сум

 

Б.Б-т холбогдох

эрүүгийн хэргийн талаар

 

 

226/2022/0024

 

Хэнтий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч Я.Алтаннавч даргалж, шүүгч С.Оюунтунгалаг, Г.Болормаа нарын бүрэлдэхүүнтэй шүүх хуралдааны “А” танхимд,

Прокурор Ж.Батбаатар,

Шүүгдэгч Б.Б-,

Шүүгдэгчийн өмгөөлөгч С.Нарангэрэл, Л.Наранчимэг, 

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Довчинсүрэн нарыг оролцуулан,

Хэнтий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Д.Ганзоригийн даргалж, шүүгч М.Энхмандах, Б.Болор-Эрдэнэ нарын бүрэлдэхүүнтэй хийсэн шүүх хуралдааны 2022 оны 02 дугаар сарын 16-ны өдрийн 2022/ШЦТ/36 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч Б.Б-ын гаргасан давж заалдах гомдлоор түүнд холбогдох эрүүгийн 2139000000205 дугаартай хэргийг 2022 оны 04 дүгээр сарын 05-ны өдөр хүлээн авч шүүгч Г.Болормаагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгч Б.Б- нь 2021 оны 07 дугаар сарын 14-ний өдөр согтууруулах унааны зүйл хэрэглэсэн үедээ М.Б-ын гэрт түүнтэй “виза карт хулгайлсан” гэх шалтгааны улмаас маргалдаж, түүний нүүрэн тус газар нь нэг удаа цохиж, улмаар шалан дээр толгойн баруун хажуу хэсгээр унаж биед нь гавал тархины битүү гэмтэл, гавлын баруун дунд хонхор, арын хонхор хэсэг дэх шугаман хугарал, баруун чамархай хэсэг дэх хатуу хальсан дээрх цусан хураа, их тархины баруун тал бөмбөлөг, суурийн хэсгийн нэлэнхүйд хамарсан хатуу хальс доорх цусан хураа, их тархины баруун, зүүн духны дэлбэнгийн урд хэсэг, суурийн хэсгийн эд дэх цусан хураа, эдийн няцрал, баруун чамархайн дэлбэнгийн эд дэх няцрал, бага тархины эдийн гүнд цусан хураа, няцрал толгойн хуйх нь доорх цус хуралт, баруун чамархайн булчин дахь цус хуралт бүхий гэмтлүүдийг үүсгэн, хүнд хохирол санаатай учруулж, энэ гэмт хэргийн улмаас хохирогч М.Б- нас барсан гэмт хэрэгт холбогджээ.

 

Хэнтий аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Т.Баярмаагаас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр  зүйлийн 2 дахь хэсгийн 2.5 дахь заалтад заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд шилжүүлжээ.

 

Хэнтий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Шүүгдэгч Б.Б-ыг хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсны улмаас хохирогч нас барсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.5 дахь заалтад заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.5 дахь заалтад зааснаар шүүгдэгч Б.Б-ыг 6 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэж, оногдуулсан 6 жилийн хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэжээ.

 

Шүүгдэгч Б.Б- давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдол болон тайлбартаа: “Миний бие өөрийн буруутай үйлдлийг ухамсарлаж, үйлдсэн хэрэгтээ чин санаанаасаа гэмшиж байна.

Талийгаач М.Б- бид хоёр олон жил айл саахалт явсан, бие биендээ хор хүргэж, нэгнийхээ аминд хүрэх хэмжээний өс хонзон, хувийн таарамжгүй харилцаа байгаагүй. Би талийгаач М.Б-ыг цохихдоо амь насыг нь хохирооё гэсэн бодол санаа байгаагүй, тухайн үед М.Б- миний виза картыг хулгайлж авчхаад, өөрөөс нь нэхэхээр аваагүй гэж хэлчхээд гүйлгээ хийгээд яваад байсан болохоор 1 удаа нүүрэн тус газар нь гараараа алгадсан нь үнэн. Түүнээс хойш М.Б- архи уугаад сумын төвөөр яваад байсан, 7 хоногийн дараа гэртээ нас барсан байдалтай олдсон. Би урьд нь хэрэг төвөгт холбогдож байгаагүй, анх намайг цагдаа дээр авчраад байцаахад болсон асуудлыг үнэн зөвөөр нь мэдүүлсэн.

Аав маань 70, ээж маань 60 гарсан хүмүүс байдаг, эхээс хоёулаа, дүү охин маань сургууль соёлын мөр хөөгөөд явчихсан, би ээж аавыгаа асарч нутаг орондоо мал маллаж амьдардаг. Мөн миний асрамжид 3 бага насны хүүхдүүд байгаа, хохирогчийн хууль ёсны төлөөлөгчөөс гомдол, саналгүй, хорих ялын доод хэмжээг оногдуулж өгнө үү гэх хүсэлтийг шүүхэд ирүүлсэн.

Иймд дээрх нөхцөл байдлуудыг харгалзан үзэж анхан шатны шүүхээс надад оногдуулсан ялыг багасгаж өгнө үү” гэв.

 

Шүүгдэгчийн өмгөөлөгч С.Нарангэрэл давж заалдах шатны шүүхэд гаргасан тайлбартаа: “Шүүгдэгч болон өмгөөлөгч нарын зүгээс гэм буруугийн талаар маргаагүй, анхан шатны шүүхээс оногдуулсан ялыг хөнгөрүүлж өгнө үү гэсэн байр сууринаас давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцож байна.

Б.Б-ын хувьд эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй, харин эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдсон гэж өмгөөлөгчийн хувьд үзэж байна.

Б.Б- нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэргээс учирсан хохирол болох оршуулгын зардлыг төлж барагдуулсан, асрамжид өндөр настай эцэг, эх, бага насны 3 хүүхэд нь байдаг. Б.Б-ын хувьд хохирогчийн хууль бус үйлдлийн улмаас М.Б-ыг нэг удаа л цохисон ба 7 хоногийн дараа М.Б- нас барсан байдаг. Б.Б- нь тухайн гэмт хэргийг үйлдэхдээ балмад, догшин, харгис хэрцгий зан авир, үйлдэл гаргаагүй. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 6.5 дугаар зүйлийн 1.4-т заасан “хохирогчийн хууль бус, зүй бус үйлдлээс шалтгаалан гэмт хэрэг үйлдсэн” гэх нөхцөл байдал тогтоогдсон гэж үзэж байна.

Иймд дээрх нөхцөл байдлуудыг харгалзан үзэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.3-т заасныг журамлан Б.Б-т анхан шатны шүүхээс оногдуулсан ялыг багасгаж өгнө үү” гэв.  

 

Шүүгдэгчийн өмгөөлөгч Л.Наранчимэг давж заалдах шатны шүүхэд гаргасан тайлбартаа: ”Б.Б- нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч мөрдөн шалгах ажиллагаанд дэмжлэг үзүүлж ирсэн. Б.Б- нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэргээс учруулсан хохирол болох оршуулгын зардлыг төлж барагдуулсан, гэмт хэрэг үйлдэгдэхэд хохирогчийн хууль бус үйлдэл нөлөөлсөн зэрэг нөхцөл байдлууд тогтоогдож байна.

 Б.Б-ын хувийн байдлын хувьд өндөр настай эцэг, эх, бага насны 3 хүүхэд нь асрамжид нь байдаг, биеийн эрүүл мэндийн хувьд эмчийн байнгын хяналтад байдаг, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч С- нь анхан болон давж заалдах шатны шүүхэд “гомдол саналгүй, уучилсан тул хорих ялын доод хэмжээг оногдуулж өгнө үү” гэсэн хүсэлтийг ирүүлсэн.

Иймд дээрх нөхцөл байдлуудыг харгалзан үзэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.3-т заасныг журамлан анхан шатны шүүхээс Б.Б-т оногдуулсан хорих ялыг багасгаж өгнө үү” гэв.

 

Хэнтий аймгийн прокурорын газрын хяналтын прокурор Ж.Батбаатар давж заалдах шатны шүүхэд гаргасан тайлбар, дүгнэлтдээ: “Б.Б-ын үйлдсэн гэмт хэрэг нь хавтаст хэрэг авагдсан болон шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан бичгийн нотлох баримтуудаар нотлогдож тогтоогдсон.  

Б.Б-ын үйлдсэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.5 дахь заалтад заасан гэмт хэрэг нь таван жилээс арван хоёр жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэхээр заасан гэмт хэрэг байдаг.

Шүүгдэгч оршуулгын зардлыг төлсөн, хохирогч “гомдол, саналгүй” гэсэн хүсэлт ирүүлснээр гэмт хэргийн улмаас учирсан хор хохирол бүрэн арилсан гэж үзэхгүй, хүний амь нас хохирсон байгаа. Энэ хор хохирлыг харгалзан анхан шатны шүүх ял оногдуулсан нь эрүүгийн хариуцлага хүлээлгэх зарчимд нийцсэн, анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангасан тул анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү” гэв.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх хэргийг шийдвэрлэхдээ шүүгдэгч Б.Б-ын гаргасан давж заалдах гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэрэгт цугларсан нотлох баримтуудад үндэслэж, хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзэв.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих асуудлуудыг мөрдөн шалгах ажиллагаагаар хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалт болон шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн ноцтой зөрчил тогтоогдоогүй болно.

 

Шүүгдэгч Б.Б- нь 2021 оны 07 дугаар сарын 14-ний өдөр согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ М.Б-ын гэрт түүнтэй “виза карт хулгай хийлээ...” гэх шалтгааны улмаас маргалдаж, түүний нүүрэн тус газар нь нэг удаа цохиж, улмаар шалан дээр толгойн баруун хажуу хэсгээр унаж биед нь гавал тархины битүү гэмтэл, гавлын баруун дунд хонхор, арын хонхор хэсэг дэх шугаман хугарал, баруун чамархай хэсэг дэх хатуу хальсан дээрх цусан хураа, их тархины баруун тал бөмбөлөг, суурийн хэсгийн нилэнхүйд хамарсан хатуу хальс доорх цусан хураа, их тархины баруун, зүүн духны дэлбэнгийн урд хэсэг, суурийн хэсгийн эд дэх цусан хураа, эдийн няцрал, баруун чамархайн дэлбэнгийн эд дэх няцрал, бага тархины эдийн гүнд цусан хураа, няцрал, толгойн хуйхан доорх цус хуралт, баруун чамархайн булчин дахь цус хуралт бүхий гэмтлүүдийг үүсгэн, хүнд хохирол санаатай учруулж, энэ гэмт хэргийн улмаас хохирогч М.Б- нас барсан гэмт хэргийг үйлдсэн болох нь:

- Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /1 хавтаст хэргийн 09 хуудас/,

- Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1 хавтаст хэргийн 10-20 хуудас/,

- Хүний биед үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1 хавтаст хэргийн 21-26 хуудас/,

- Цогцост үзлэг хийсэн тэмдэглэл /1 хавтаст хэргийн 128-131, 135-142 хуудас/,

- Хэнтий аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2021 оны 09 дүгээр сарын 21-ны өдрийн 73 дугаартай “Талийгаач М.Б- нь гавал тархины битүү гэмтэл, гавлын баруун дунд хонхор, арын хонхор хэсэг дэх шугаман хугарал, баруун чамархай хэсэг дэх хатуу хальсан дээрх цусан хураа, их тархины баруун тал бөмбөлөг, суурийн  хэсгийн нэлэнхүйд хамарсан хатуу хальсан доорх цусан хураа, их тархины баруун, зүүн духны дэлбэнгийн урд хэсэг, суурийн хэсгийн эд дэх цусан хураа, эдийн няцрал, баруун чамархайн дэлбэнгийн эд дэх няцрал, бага тархины эдийн гүнд цусан хураа, няцрал, толгойн хуйх нь доорх цус хуралт, баруун чамархайн булчин дахь цус хуралт, хүзүү, баруун шуу, зүүн сарвуу, 3-р хуруу, зүүн гуя, өвдөг, шилбэ, баруун шилбэнд зулгаралт, баруун шилбэнд  цус хуралт гэмтлүүд тогтоогдлоо...

...Талийгаач М.Б- нь гавал тархины битүү гэмтэл, гавлын баруун дунд хонхор, арын хонхор хэсэг дэх шугаман хугарал, баруун чамархай хэсэг дэх хатуу хальсан дээрх цусан хураа, их тархины баруун тал бөмбөлөг, суурийн  хэсгийн нэлэнхийд хамарсан хатуу хальсан доорх цусан хураа, их тархины баруун, зүүн духны дэлбэнгийн урд хэсэг, суурийн хэсгийн эд дэх цусан хураа, эдийн няцрал, баруун чамархайн дэлбэнгийн эд дэх няцрал, бага тархины эдийн гүнд цусан хураа, няцрал, гэмтлийн улмаас нас баржээ...” гэх дүгнэлт /1 хавтаст хэргийн 131-133 хуудас/,

- Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төвийн 732 дугаартай “Б.Б- нь үнэн зөв мэдүүлэг өгөх чадвартай, хэрэг үйлдэх үедээ сэтгэцийн хувьд хэрэг хариуцах чадвартай байсан. Одоо сэтгэцийн хувьд хэрэг хариуцах чадвартай...” гэх дүгнэлт  /1 хавтаст хэргийн 155-156 хуудас/,

- Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2021 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн 823 дугаартай “Гавал тархины битүү гэмтэл, гавлын баруун дагз чамархай хэсгийн шугаман хугарал, баруун чамархай хэсэг дэх хатуу хальсан дээр, доорх цусан хураа, баруун, зүүн духны дэлбэнгийн дээд, үзүүр, доод суурийн хэсгийн тархи, няцрал, баруун чамархайн дэлбэнгийн няцрал, багана тархины хоёрдогч цус харвалт гэмтлүүд бүгд нэг дор үүсээгүй, эхлээд цохилтын хүч үйлчилсэн даруй гавлын баруун дагз чамархай хэсгийн шугаман хугарал, баруун чамархай, баруун зүүн духны дэлбэнгийн тархины эдийн няцрал үүссэн ба энэ үедээ түр зуур ухаан алдаад эргээд сэргэж болох ба 5-7 хоногийн хугацаанд тархины няцралын талбай, хатуу хальс дээрх, доорх, цусан хураа, аажим нэмэгдэн тархи дарагдах, тархи хавагнахын хэрээр багана тархины хоёрдогч цус харвалт үүсэж нас баржээ.

...Хэнтий аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээч эмчийн 73 дугаартай дүгнэлт үндэслэлтэй байна.

...Талийгаачид учирсан гавал тархины гэмтэл нь үхэлд хүргэсэн хүнд гэмтэл болно...” гэх дүгнэлт  /2 хавтаст хэргийн 29-32 хуудас/,

- Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Э.С-гийн: “...талийгаач М.Б- надтай утсаар холбоотой байхдаа хүнтэй маргалдаж муудсан, унаж туссан, гэмтэл, шарх авсан тухай хэлж байгаагүй. Би талийгаачтай 2021 оны 07 дугаар сарын 16-ны өдөр утсаар холбогдоход эрүүл байсан. ... сүүлийн 4-5 хоног талийгаачийн утас холбогдохгүй болсон. Намайг хөдөө байсан болохоор архи их уусан байх...” гэх мэдүүлэг /1 хавтаст хэргийн 31-34 хуудас/,

- Гэрч Э.А-н “...2021 оны 07 дугаар сарын 20-ны өдөр намайг гэртээ байхад ойролцоогоор 20 цагийн үед нагац эгч болох Б над руу залгаад “Б гэртээ хэвтэж байна гэнэ ээ, татаад уначихсан юм шиг байна. Чи яаралтай түргэн дуудчих, би Б-гийн гэрт нь очих гээд явж байна” гэж хэлсэн. ...бид гурав Б-н гэр рүү шууд орохгүй эмч ирэхийг хүлээсэн бөгөөд байшингийнх нь цонхоор Б-г харахад 1 давхардаа газарт хивсэн дээрээ огт хөдөлгөөнгүй, нэг л эвгүй гулдайчхаад хэвтсэн байдалтай байгаад байсан. ...сумын эмч ирээд Б-н биеийг үзчихээд нас барчихсан байна аа, нас бараад нэлээн удчихсан байна гэж л хэлсэн...” гэх мэдүүлэг /1 хавтаст хэргийн 37-38 хуудас/,

- Гэрч Г.Б-н: “...2021 оны 07 дугаар сарын 20-ны өдөр намайг гэртээ байж байхад ойролцоогоор 20 цагийн үед манай аав Г нь гадуур явж байгаад ирээд “монтёр Б-н гэр рүү ороход Б- нэг л сонин гэртээ хэвтэж байна аа, нас барчихсан юм шиг байна” гэж хэлсэн. Тэгэхээр нь би Б- ахын эхнэрийнх нь талын хамаатан болох Бу- эгч рүү утсаар залгаж хэлсэн. ...Бу- эгч бид хоёр уулзалдаад хамтдаа Б- ахын гэрт нь очоод байшингийнх нь цонхоор харахад Б- ах том өрөөнийхөө шалан дээрх хивсэн дээр хэвтэж байсан...” гэх мэдүүлэг /1 хавтаст хэргийн 41-42 хуудас/,

- Гэрч Ж.А-н: “...2021 оны 07 дугаар сарын 20-ны өдөр намайг сум дундын эмнэлэг дээрээ жижүүртэй байхад 20 цаг 30 минутын орчимд “мончёр Б- гэх хүн гэртээ нас барчихсан юм шиг байна” гэсэн дуудлага ирсэн, дуудлагыг хүлээн аваад 20 цаг 35 минутад дуудлагынхаа айл дээр очиж ...Б- гэх хүний гүрээний болон шууны судсыг тэмтэрч үзэхэд ямар ч лугшилт байхгүй байсан, цээжийг нь чагнуураараа чагнаж үзэхэд зүрхний цохилт нь сонсогдохгүй, бие нь нэлэнхийдээ хөрчихсөн, хүүрийн толбо үүсчихсэн байсан...” гэх мэдүүлэг  /1 хавтаст хэргийн 49-50 хуудас/,

- Гэрч М.Б-ын: “...М.Б- ах картыг нь гаргаж ирээд Б.Б-т өгтөл Б.Б- шууд М.Б- ахын нүүр рүү нь гараараа цохисон. М.Б- ах Б.Б-т цохиулаад хойшоогоо толгойгоороо хивсэн дээр савж унаад хамраас нь цус гараад ухаан алдчихаад хурхираад байсан. ...маргааш нь М.Б- ахтай таарахад ахынх нь толгой тархи өвдөөд байна, эм авч уумаар байна гэчихсэн явж байсан. ...тухайн үед талийгаачийн баруун шанаа орчим нь хавдаад, бага зэрэг язарчихсан байсан. ...би талийгаач ахтай 2021 оны 07 дугаар сарын 08, 09-ний өдрөөс 07 дугаар  сарын 19-ний өдрийг хүртэл хамт байсан. ...2021 оны 07 дугаар сарын 14-ний өдөр л талийгаач М.Б- ах Б.Б-т цохиулсан бусад өдрүүдэд хүнтэй хэрэлдэж маргалдаж зодолдож цохилцсон асуудал байхгүй...” гэх мэдүүлэг /1 хавтаст хэргийн 57-59, 93 хуудас/,

- Гэрч Э.Э-н: “...М.Б-ын байшингийн гадаа очиход хаалга нь цоожгүй байсан. Х талийгаач М.Б-ын байшинд гүйгээд орсон. Б бид хоёр Х-н араас нь ороход Х “энэ хоёрыг цохиод унагачихлаа” гэж хэлсэн. Х-н зүүн талд талийгаач М.Б- шалан дээр дээшээ хараад ам нь ангайсан байдалтай хурхираад хэвтэж байсан. Нохой М.Б Х-н баруун талд шалан дээр хөлөө жийгээд сууж байсан. ...би Х-д “чи яагаад М.Б-ыг цохиж байгаа юм, бие муутай хүн шүү дээ” гэж хэлэхэд Хонгороо буцаад талийгаач М.Б-ын гэр рүү орсон...” гэх мэдүүлэг  /1 хавтаст хэргийн 67-74 хуудас/,

- Гэрч Д.Б-н: “...намайг монтёр Б- ахынх руу ороход Б- ах баруун өрөөнийхөө зүүн хананы наад талын хивсэн дээрээ дээшээ харсан байдалтай, толгой нь доошоо чигтээ харчихсан, хурхираад хэвтэж байсан. ...Б.Б- “миний картыг аваагүй гээд байсан авчихсан байна, уур хүрээд монтёр Б- ах, нохой Б- хоёрыг нэг, нэг цохичихлоо” гэж хэлсэн...” гэх мэдүүлэг  /1 хавтаст хэргийн 78-81 хуудас/,

- Яллагдагч Б.Б-ын: “..тухайн үед М.Б- ах миний картыг өгөхгүй, худлаа яриад яваад байсан учир миний уур хүрээд нүүр рүү нь нэг удаа алгадчихсан юм...” гэх мэдүүлэг /1 хавтаст хэргийн 179-182 хуудас/ зэрэг хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогджээ.

 

Эдгээр нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, хэргийн үйл баримтыг нотолж чадсан байх ба анхан шатны шүүх хэргийг эцэслэн шийдвэрлэсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана” гэсэн хуулийн шаардлагад нийцжээ.

 

Анхан шатны шүүх шүүгдэгч Б.Б-ын үйлдсэн гэмт хэргийн үйл баримтын талаар үндэслэл бүхий дүгнэлт хийсэн, хэргийг зөв зүйлчилж, Эрүүгийн хуулийг зөв тайлбарлаж хэрэглэсэн байх бөгөөд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.5 дахь заалтад зааснаар Б.Б-ыг  6 жилийн хорих ялаар шийтгэж, уг ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэсэн нь түүний үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэр, хувийн байдалд тохирсон байна.  Дээрх байдал нь  Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан шударга ёсны зарчимд нийцсэн байх тул “ял хөнгөрүүлэх” агуулга бүхий  давж заалдах гомдлыг  хүлээн авах үндэслэлгүй байна.  

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Гэмт хэрэг үйлдсэн нь нотлогдсон, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн хүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдлыг харгалзан шүүх дараах байдлаар хорих ялыг хөнгөрүүлж, ялаас чөлөөлж, албадлагын арга хэмжээ хэрэглэж болно” гэсэн заалт  нь  шүүх заавал хэрэглэхээр үүрэг болгосон зохицуулалт биш ба харин  шүүхээс оногдуулж буй  эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсноороо  шударга ёсны зарчимд нийцнэ.

 

       Хэнтий аймгийн прокурорын газрын 2021 оны 09 дүгээр сарын 24-ний өдрийн 65 дугаартай “Эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тухай тогтоолд өөрчлөлт оруулах тухай” /1хх-213-214/ тогтоолыг яллагдагч Б.Б-т танилцуулаагүй, гарын үсэг зураагүй зөрчил байгаа боловч  “прокурорын тогтоолтой танилцсан, тогтоолд орсон өөрчлөлтийг мэдсэн” тухайгаа шүүгдэгч, түүний өмгөөлөгч нар тайлбарласан, тогтоолд гарын үсэг зураагүй байдал нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.8 дугаар зүйлд заасан Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль ноцтой зөрчилд хамаарахгүй гэж үзлээ.

 

Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгчийн  гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

 

      Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр 1 дэх хэсгийн 1.1, 39.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг удирдлага  болгон ТОГТООХ нь:

 

1. Хэнтий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022  оны 02 дугаар сарын 16-ны өдрийн 2022/ШЦТ/36 дугаартай шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч Б.Б-ын гаргасан “ял хөнгөрүүлэх” агуулга бүхий  давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Б-ын цагдан хоригдсон 69 /жаран ес/ хоногийг ял эдлэх хугацаанд оруулж тооцсугай.

 

3. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосон даруй хуулийн хүчин төгөлдөр болохыг дурдсугай.

 

4. Анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсхүл дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч нар хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.

 

 

 

 

                      ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                 Я.АЛТАННАВЧ

 

                      ШҮҮГЧИД                                                  С.ОЮУНТУНГАЛАГ

                                                               

                                                                                         Г.БОЛОРМАА