Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2024 оны 05 сарын 14 өдөр

Дугаар 182/ШШ2024/02158

 

 

 

 

 

 

 

 

2024 05 14 182/ШШ2024/02158

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч О.Цэнд-Аюуш даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: Ч......н нэхэмжлэлтэй

 

Хариуцагч: Чингэлтэй дүүрэг, .....

 

Хариуцагч: Чингэлтэй дүүрэг, 1..... нарт холбогдох

 

Зээлийн гэрээний үүрэгт 25,630,778.41 төгрөг гаргуулан, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулж, зардалд 332,103.89 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Ууганбаяр

Хариуцагч Ч.Бу

Хариуцагч Ц.Да

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга О.Алтанзул нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1.  Нэхэмжлэгч ... банк ХК нь хариуцагч Ч.Бу, Ц.Да нарт холбогдуулан нэхэмжлэл гаргаж, нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:

... банк ХК-ийн Ард зээлийн төв нь зээлдэгч Ч.Бутай 2021 оны 6 дугаар сарын 18-ны өдөр 1090/21/45 тоот Зээлийн гэрээ-г байгуулан 50,000,000 төгрөгийн Ажлын байрыг дэмжих зээлийг сарын 0,25 хувь /жилийн 3,0 хувь/-ийн хүүтэй, 36 сарын хугацаатай эргэлтийн хөрөнгийг нэмэгдүүлэх зориулалтаар зээлдэгчийн 105000943491 тоот дансанд бэлэн бусаар шилжүүлж зээлийг бодитойгоор бүрэн олгосон.

Тус зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангах баталгаа болгож 2021 оны 6 дугаар сарын 11-ний өдөр 1090/21/46-01 тоот Барьцааны гэрээ-г байгуулж зээлдэгч Ц.Дагийн Улаанбаатар хот, Чингэлтэй дүүрэг, 19 дүгээр хороо, Ар согоот /Зуслан/ .... нэгж талбарын дугаар 18643320775227, 700 м.кв талбай бүхий эзэмших эрхтэй газар, Чингэлтэй дүүрэг, 19 дүгээр хороо, Ар согоотын 1 дүгээр гудамж, 81 тоот хаягт байрлах, Ү-2202025650, ГД000529534, 162 м.кв талбай бүхий хувийн сууцны зориулалттай үл хөдлөх хөрөнгүүдийг барьцаалж, барьцааны гэрээг эрхийн улсын бүртгэлд бүртгүүлсэн.

Зээлдэгч нь зээл авснаас хойш зээлийн гэрээний хавсралт-1-д заасан Зээлийн эргэн төлөлтийн хуваарь-ийн дагуу төлбөрийг цаг хугацаанд нь төлөлгүй, гэрээний үүргээ удаа дараа зөрчсөн тул банкны зүгээс зээл төлөх мэдэгдлийг тухай бүрт нь хүргүүлэн, газар дээрх хяналт уулзалтыг хийн, зээлийн гэрээний үүргээ зохих ёсоор урьдчилан мэдэгдэж, эргэх холбоотой ажилласан. Нэхэмжлэгч нь өргөдөл, мэдэгдлийг хүргүүлж сануулж байсан боловч зээлдэгч нь зээлийн гэрээний үүргийг биелүүлээгүй байна.

Зээлдэгч нь зээл, зээлийн хүүний төлбөрийг төлж, зөрчлийг арилгаагүй тул зээлийн гэрээний 2.1, 6.1 заалтын дагуу нэмэлт өөрчлөлтийг оруулсан бөгөөд 2023 оны 5 дугаар сарын 10-ны өдрөөс хойш өнөөдрийг хүртэлх хугацаанд 296 хоног хугацаа хэтрүүлсэн байна.

Өнгөрсөн хугацаанд зээлдэгч үндсэн зээлд 28,639,877,85 төгрөг, хүүнд 2,166,929,24 төгрөг, нэмэгдүүлсэн хүүнд 22,433.63 төгрөгийг тус тус төлсөн.

Зээлдэгч Ч.Буын ... банк ХК-тай байгуулсан 2021 оны 6 дугаар сарын 18-ны өдрийн 1090/21/45 дугаар зээлийн гэрээг хугацаанаас нь өмнө цуцалж, хариуцагч нараас үндсэн зээлд 21,360,122.15 төгрөг, зээлийн хүүнд 3,999,456.86 төгрөг, нэмэгдүүлсэн хүүнд 271,199.40 төгрөг, нийт 25,630,778.41 төгрөгийг гаргуулан хариуцагч нар нь шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлээгүй тохиолдолд зээлдэгч Ц.Дагийн Улаанбаатар хот, Чингэлтэй дүүрэг, 19 дүгээр хороо, Ар согоот /Зуслан/ .... нэгж талбарын дугаар 18643320775227, 700 м.кв талбай бүхий эзэмших эрхтэй газар, Чингэлтэй дүүрэг, 19 дүгээр хороо, Ар согоотын 1 дүгээр гудамж, 81 тоот хаягт байрлах, Ү-2202025650, ГД000529534, 162 м.кв талбай бүхий хувийн сууцны зориулалттай үл хөдлөх хөрөнгүүдийг албадан дуудлага худалдаагаар худалдаж, үүргийн гүйцэтгэлийг хангуулж өгнө үү.

Мөн нэхэмжлэлийг гаргахтай холбогдон гарсан улсын тэмдэгтийн хураамж болох 286,103.89 төгрөг, нотариатын зардал 46,000 төгрөгийг хариуцагч нараас гаргуулж өгнө үү.

Банкны зүгээс итгэмжлэгдсэн төлөөлөгчид эвлэрэх эрх олгоогүй тул эвлэрэн хэлэлцэх боломжгүй гэв.

 

2. Хариуцагч Ч.Бу шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: 2021 оны 6 дугаар сард тус банкнаас ажлын байр дэмжих зээл авч бизнесээ өргөжүүлсэн. Гэвч короногийн дараах хил гааль хаагдсаны дараа буюу 2023 оны 01 дүгээр сараас бүтээгдэхүүн авах тээврийн зардал огцом нэмэгдэж захиалсан бараа 3 сарын дараа хагас дутуу ирэх болж, дотооддоо цементны үнэ 160,000-800,000 төгрөг болж бизнес зогсонги байдалд орсон.

Үйлдвэрийн байр, газраа зараад зээлийг төлөх хүсэлтэй байгаа. Барьцааны хөрөнгөөр үүргийг хангуулах талаар ярьсан. 50,000,000 төгрөгөөр анх тооцсон. Энэ мөнгөн дүнг багасахгүйгээр үүргийг хангуулж болно гэвэл татгалзах зүйл байхгүй. Нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч байна гэв.

 

3. Хариуцагч Ц.Да шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Гэр бүлийнхээ бизнесийг дэмжих зорилгоор тухайн зээлийг авсан. Тодорхой хугацаанд үйл ажиллагаагаа явуулж, цаг тухайд нь зээлээ төлж, тодорхой хэмжээний хүмүүсийг ажлын байраар хангаж, гэр бүлийнхээ санхүүг дээшлүүлсээр ирсэн. Цар тахлын улмаас гэр бүлээрээ өвдсөн, эмнэлгийн байгууллагаар багагүй хугацаанд явсан. Бараа, материал урдаас захидаг, удаж ирдэг байсан. Жижиг компани тул үйл ажиллагаагаа тасралтгүй явуулж байж хэвийн ажиллах юм билээ. Үйл ажиллагаа хэвийн явуулаад, бараа материалаа зараад, захиалгаа аваад явж байсан бол өнөөдрийн ийм байдалд хүрэхгүй байсан.

Анхнаас нь банктайгаа эвлэрээд, банкнаас биднийг ойлгосон бол нөхцөл байдал ийм дээрээ тулахгүй байсан. Авсан зээлээ хурдан төлж дуусах чин хүсэлтэй байгаа. Үйлдвэрийн газар, байрыг хамтад нь 50,000,000 төгрөг гэж үнэлээд анх зээл авч байсан. Энэ мөнгөн дүнгээс бууруулмааргүй байна. Нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч байна гэв.

 

4.Нэхэмжлэгч талаас дараах нотлох баримтыг шүүхэд гаргаж өгсөн. Үүнд:

4.1 Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар /хх-9/

4.2 Зээлийн гэрээ /хх-10-13/

4.3 Барьцааны гэрээ /хх-14-15/

4.4 2021.06.11-ний өдрийн 21/46 тоот Зээлийн хорооны шийдвэр /хх-16/

4.5 Үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн гэрчилгээний хуулбар /хх-17/

4.6. Газар эзэмших эрхийн гэрчилгээний хуулбар /хх-18/

4.7 УБЕГ-т бүртгүүлсэн, 11-1939749 тоот Барьцаалбар /хх-19/

4.8 Үл хөдлөх хөрөнгийн бүртгэлийн лавлагаа /хх-20/

4.9 Газар эзэмших эрхийн барьцааны бүртгэлийн тодорхойлолт /хх-21/

4.10 Мемориалын баримт /хх-22/

4.11 Зээлдэгч нарын анкет /хх-23-27/

4.12 Зээлийн дансны хуулга /хх-28-29/

4.13 Хүү тооцооллын хүснэгт /хх-30/

4.14 Зээл төлөх шаардлага хүргүүлсэн мэдэгдэх хуудас /хх-32-34/ зэрэг баримт авагдсан байна.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

1. Нэхэмжлэгч ... банк ХК нь хариуцагч Ч.Бу, Ц.Да нарт холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 25,630,778.41 төгрөг гаргуулан, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулж, зардалд 332,103.89 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

 

Шүүх хэрэгт авагдсан нотлох баримтуудын хүрээнд дүгнэлт хийж, дараах үйл баримт, хууль зүйн үндэслэлээр нэхэмжлэгч ... банк ХК-ийн нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзлээ.

 

2.Нэхэмжлэгч тал нэхэмжлэлийн шаардлагаа дэмжиж, үндэслэлээ хариуцагч нь зээлийг хүлээн авч ашигласан боловч зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчиж, зээлийн төлбөрийг хуваарийн дагуу төлж барагдуулаагүй, зээл төлөх үүргээ бүрэн биелүүлээгүй тул зээл, хүү, нэмэгдүүлсэн хүү болон шүүхэд нэхэмжлэл гаргахад хавсарган ирүүлсэн баримт, материалыг нотариатчаар гэрчлүүлсэнтэй холбоотой гарсан зардлыг хариуцагчаас шаардах эрхтэй. Хариуцагч нар гэрээний үүргээ биелүүлэхгүй байх нь барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах үндэслэл болно гэж тайлбарлажээ.

 

3.Хариуцагч нар нь нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч, Цар тахлын дараанаас компанийн үйл ажиллагаа доголдож эхэлснээр зээл төлөх боломжгүй нөхцөлд хүрсэн. Барьцааны зүйлийг анх 50,000,000 төгрөг гэж үнэлснээс бууруулахгүйгээр үүргийн гүйцэтгэлийг хангуулахад татгалзахгүй. Банкнаас биднийг ойлгож эвлэрсэн бол ийм нөхцөл байдалд хүрэхгүй байсан. гэж татгалзжээ.

 

4.Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтаар дараах үйл баримт тогтоогдож байна.

 

... банк ХХК, Ч.Бу, Ц.Да нарын хооронд 2021 оны 6 дугаар сарын 18-ны өдөр 1090/21/45 дугаартай Ажлын байрыг дэмжих зээлийн гэрээ байгуулагдаж, зээлдүүлэгч нь 50,000,000 төгрөгийг 36 сарын хугацаатай, сарын 0,25 хувь, жилийн 3 хувийн хүүтэй, зээлдэгчийн зээлд жилийн 7 хувийн хүүгийн дэмжлэгийг Засгийн газраас хариуцах, зээлийг хугацаандаа төлөөгүй тохиолдолд нэмэгдүүлсэн хүү төлөх нөхцөлтэй, зориулалтаар зээл олгох, зээлдэгч нь зээлийн төлбөрийг хуваарийн дагуу төлөх үүргийг тус тус хүлээхээр харилцан тохиролцжээ.

 

Зохигч талуудын хэн аль нь гэрээ байгуулсан талаар маргаагүй тул тэдгээрийн хооронд банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс олгох зээлийн гэрээний харилцаа үүссэн, зээлийн гэрээ нь Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 451.2 дахь хэсэгт заасан хуулийн шаардлагыг хангасан хүчин төгөлдөр гэрээ байна.

 

Дээрх зээлийн гэрээний дагуу зээлдүүлэгч нь мөнгөн хөрөнгийг хуульд заасан үндэслэл журмаар дагуу зээлдэгчид шилжүүлэн өгөх, зээлдэгч нь үндсэн зээл, түүний хүүг гэрээнд заасан хугацаанд төлөх үүргийг тус тус хүлээсэн.

 

2021 оны 6 дугаар сарын 21-ний өдөр 50,000,000 төгрөгийг нэхэмжлэгч ... банк ХК-аас хариуцагч Ч.Буын ... банк ХК дахь 109090911892 тоот дансанд шилжүүлсэн болох нь хэрэгт авагдсан дансны хуулгаар тогтоогджээ.

Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, мөнгөн хөрөнгийн шилжүүлэг, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.5-т Зээлийн гэрээнд заасны дагуу зээлийг зээлдэгчийн зээлийн дансанд шилжүүлсэн, эсхүл зээлдэгч зээлийн данснаас зээлээ ашигласныг зээл олгосонд тооцно гэжээ.

 

Нэхэмжлэгч ... банк ХК нь гэрээнд заасан мөнгөн хөрөнгийг шилжүүлэх үүргээ биелүүлсэн тул хариуцагч Ч.Бу, Ц.Да нараас үүргийн гүйцэтгэлийг шаардах эрхтэй.

 

5. Хариуцагч Ч.Бу, Ц.Да нар нь зээлийг ашиглаж, эргэн төлөлтийн хуваарийн дагуу, зээлийн гэрээний хугацаанд үндсэн зээлд 28,639,877.85 төгрөг, зээлийн хүүд 2,166,929.24 төгрөг, нэмэгдүүлсэн хүүд 22,433.63 төгрөг нийт 30,829,240.72 төгрөг төлсөн байх ба зохигч талууд биелүүлсэн үүргийн талаар маргаагүй.

 

Талуудын хооронд байгуулсан зээлийн гэрээний хугацаа 2024 оны 6 дугаар сарын 18-ны өдөр дуусах боловч хариуцагч нар нь 2023 оны 6 дугаар сарын 10-ны өдрөөс гэрээнд заасан үүргээ зохих ёсоор биелүүлээгүйгээс үүргийн зөрчил үүссэн байна.

 

Нэхэмжлэгч нь 2023 оны 02 дугаар сарын 07-ны өдөр, 2023 оны 8 дугаар сарын 09-ний өдөр, 2023 оны 9 дүгээр сарын 28-ны өдөр тус тус хариуцагч Ч.Бу, Ц.Да нарт зээлийн гэрээний үүргээ биелүүлэхийг шаардаж, нэмэлт хугацаа олгож, төлөөгүй тохиолдолд гэрээг цуцлах тухай албан бичгүүдийг хүргүүлсэн нь Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.2 дахь хэсэгт заасны дагуу үүрэг гүйцэтгэх нэмэлт хугацаа тогтоосон гэж үзэхээр байна.

 

Иргэний хуулийн 221 дүгээр зүйлийн 221.3 дахь хэсэгт Гэрээний үүргийг зөрчсөн нь түүнийг цуцлах үндэслэл болж байвал зөвхөн энэ хуулийн 219.3, 225.2-т заасан зөрчлийг арилгах буюу урьдчилан сануулах хугацаанд гэрээг цуцалж болно, мөн хуулийн 225 дугаар зүйлийн 225.2 дахь хэсэгт Үүрэг гүйцэтгүүлэгч нэмэлт хугацаа тогтоож өгөөгүй боловч үүрэг гүйцэтгэхийг үүрэг гүйцэтгэгчид урьдчилан сануулсан бол нэмэлт хугацаа тогтоосонтой адилтгаж үзнэ. гэж тус тус заажээ.

 

Зээлийн гэрээний 6.2-т Дараах нөхцөл байдал үүссэн, үүсч болзошгүй болсон нь нотлогдсон тохиолдолд Банк энэхүү гэрээг хугацаанаас нь өмнө нэг талын санаачилгаар цуцалж болно, 6.2.1-т Зээлийн эргэн төлөлтийн хуваарийг ноцтой зөрчиж байгаа талаар зээлдэгчид удаа дараа мэдэгдэл хүргүүлсэн боловч зөрчлийг арилгах арга хэмжээ аваагүй бол, 2.2.3-т Зээлдэгч зээлийн эргэн төлөлтийн хуваарийг 3-аас дээш удаа зөрчсөн тохиолдолд гэрээг ноцтой зөрчсөн гэж үзнэ гэж харилцан тохиролцсон байна.

 

Хэрэгт авагдсан баримт, талуудын тайлбараас үзвэл хариуцагч нар нь зээлийн төлбөрийг зээлийн эргэн төлөх хуваарийн дагуу төлөөгүй, зээлийн гэрээг цуцлах үндэслэл тогтоогдсон байх тул нэхэмжлэгч ... банк ХК-ийн нэг талын санаачилгаар гэрээг хугацаанаас нь өмнө цуцалж, үүргийг шаардсан нь хууль болон гэрээг зөрчөөгүй гэж үзэх үндэслэлтэй.

 

6. Зээлдэгч гэрээнд заасан хугацаанд авсан зээлээ эргүүлэн төлөөгүй бол зээлдүүлэгчийн үндсэн хүүгийн хорин хувиас хэтрэхгүй хэмжээний нэмэгдүүлсэн хүү төлөхөөр талууд гэрээнд зааж болох талаар Иргэний хуулийн 452 дугаар зүйлийн 452.2 дахь хэсэгт зохицуулжээ.

Талууд дээрх хуульд заасны дагуу зээлийн гэрээний 2.1.7-д нэмэгдүүлсэн хүү төлөхөөр харилцан тохиролцсон байна.

Нэхэмжлэгч ... банк ХК нь хууль болон гэрээнд зааснаар хариуцагч нараас нэмэгдүүлсэн хүү шаардах эрхтэй.

 

7. Зээлийн гэрээний үүргийн тооцоолол болон зардлын талаар хариуцагч нар маргаагүй ба харин нэхэмжлэгч талтай эвлэрэн хэлэлцэх боломжтой талаар тайлбарлах боловч нэхэмжлэгчийн төлөөлөгчөөс өөрт эвлэрэх эрх олгогдоогүй, эвлэрэн хэлэлцэх боломжгүй гэх тайлбар гаргаж байх тул талуудыг төлбөр төлөх нөхцөлийн талаар харилцан тохиролцох боломжтой гэж үзэхгүй.

 

8. Иймд хариуцагч Ч.Бу, Ц.Да нар нь зээлийн гэрээний дагуу төлбөр төлөх үүргээ Иргэний хуулийн 206 дугаар зүйлийн 206.1, 208 дугаар зүйлийн 208.1, 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.2 дахь хэсэгт заасны дагуу хугацаанд нь зохих ёсоор, шударгаар биелүүлээгүй, зээлийн үлдэгдэлтэй байх тул нэхэмжлэгч нь зээл, зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүү шаардсан нь үндэслэлтэй байна.

 

9. Нэхэмжлэгч нь шүүхэд нэхэмжлэл гаргахдаа нотлох баримтыг нотариатаар гэрчлүүлж 46,000 төгрөгийг төлсөн гэж тайлбарлан түүнтэй холбоотой Мөнгөн шилжүүлгийн баримтыг нотлох баримтаар ирүүлсэн байна.

Иргэний хуулийн 227 дугаар зүйлийн 227.1 дэх хэсэгт Гэрээний нэг тал үүргээ зөрчсөн бол нөгөө тал нь гэрээнээс татгалзсантай холбогдон учирсан хохирлыг арилгуулахаар шаардах эрхтэй. гэж заасан учир хариуцагч нараас нотариатын зардалд төлсөн 46,000 төгрөгийг гаргуулах үндэстэй.

 

Түүнчлэн шүүхэд нэхэмжлэл гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 286,103.89 төгрөгийг нэхэмжлэгч нь хариуцагч нараас шаардах боловч уг төлбөр нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт заасны дагуу хуваарилагдах шүүхийн зардал байх тул нэхэмжлэгчийг энэ талаар нэхэмжлэлийн шаардлага гаргасан гэж үзэхгүй.

 

10. Дээрхээс дүгнэн үзвэл, хариуцагч Ч.Бу, Ц.Да нараас үндсэн зээлд 21,360,122.15 төгрөг, зээлийн хүүд 3,999,456.86 төгрөг, нэмэгдүүлсэн хүүд 271,199.40 төгрөг, нотариатын зардал 46,000 төгрөг нийт 25,676,778.41 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч ... банк ХК-д олгох нь зүйтэй гэж дүгнэв.

 

11. Нэхэмжлэгч нь барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах шаардлага гаргажээ.

 

Талуудын хооронд байгуулагдсан 1090/21/45 дугаартай зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангах зорилгоор 2021 оны 6 дугаар сарын 11-ний өдөр ... банк ХХК-аас Ч.Бу, Ц.Да нартай 1090/21/46-01 дугаартай барьцааны гэрээ байгуулсан байна.

Уг гэрээгээр барьцааны зүйлд хариуцагч Ц.Дагийн өмчлөлийн үл хөдлөх хөрөнгүүдийг барьцаалсан байх ба гэрээ нь Иргэний хуулийн 154 дүгээр зүйлийн 154.1, 156 дугаар зүйлийн 156.1, 165 дугаар зүйлийн 165.1 дэх хэсэгт заасан шаардлагад нийцсэн байна.

 

Иргэний хуулийн 174 дүгээр зүйлийн 174.1 дэх хэсэгт заасны дагуу зээлийн гэрээний үүрэгт барьцаалагдсан барьцааны зүйл болох хариуцагч Ц.Дагийн эзэмшлийн нэгж талбарын 18643320775227 дугаартай, Чингэлтэй дүүргийн 19 дүгээр хороо, Ар согоот хаягт байрлах, 700 м.кв талбай бүхий, 15 жилийн хугацаатай газар эзэмших эрх, хариуцагч Ц.Дагийн өмчлөлийн Улсын бүртгэлийн Ү-2202025650 дугаартай, Чингэлтэй дүүргийн 19 дүгээр хороо, Ар согоотын 1 гудамж, 81 тоот хаягт байрлах, хувийн сууцны зориулалттай 162 м.кв талбай бүхий үл хөдлөх хөрөнгөөр тус тус үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар нэхэмжлэгч шаардах эрхтэй байх тул хариуцагч нар нь зээлийн гэрээний дээрх үүргийг сайн дураар эс биелүүлбэл Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1 дэх хэсэгт зааснаар албадан худалдаж, үнийн дүнгээс үүргийг гүйцэтгүүлэх үндэслэлтэй байна.

 

12.Нэхэмжлэгч ... банк ХК-аас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 286,103.89 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Ч.Бу, Ц.Да нараас 286,103.89 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч ... банк ХК-д олгох нь хуульд нийцнэ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1-т заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.1, 227 дугаар зүйлийн 227.1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан хариуцагч Ч.Бу, Ц.Да нараас 25,676,778.41 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч ... банк ХК-д олгосугай.

 

2.  Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч Ч.Бу, Ц.Да нар зээлийн гэрээний үүргээ сайн дураар биелүүлээгүй тохиолдолд барьцааны зүйл болох хариуцагч Ц.Дагийн эзэмшлийн нэгж талбарын 18643320775227 дугаартай, Чингэлтэй дүүргийн 19 дүгээр хороо, Ар согоот хаягт байрлах, 700 м.кв талбай бүхий, 15 жилийн хугацаатай газар эзэмших эрх,

хариуцагч Ц.Дагийн өмчлөлийн Улсын бүртгэлийн Ү-2202025650 дугаартай, Чингэлтэй дүүргийн 19 дүгээр хороо, Ар согоотын 1 гудамж, 81 тоот хаягт байрлах, хувийн сууцны зориулалттай 162 м.кв талбай бүхий үл хөдлөх хөрөнгийг тус тус албадан дуудлага худалдаагаар худалдан борлуулж, үүргийн гүйцэтгэлийг хангуулсугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгч ... банк ХК-аас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 286,103.89 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Ч.Бу, Ц.Да нараас 286,103.89 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч ... банк ХК-д олгосугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4 дэх хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба шийдвэр хүчинтэй болсон өдрөөс хойш 14 хоногийн хугацаа өнгөрмөгц хуралдаанд оролцсон тал 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй болохыг мэдэгдсүгэй.

 

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар энэ шийдвэрийг зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ О.ЦЭНД-АЮУШ