Шүүх | Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Нэрэндашийн Дуламсүрэн |
Хэргийн индекс | 128/2020/0655/З |
Дугаар | 128/ШШ2021/0263 |
Огноо | 2021-04-26 |
Маргааны төрөл | Тусгай зөвшөөрөл, |
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2021 оны 04 сарын 26 өдөр
Дугаар 128/ШШ2021/0263
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Н.Дуламсүрэн даргалж тус шүүхийн шүүх хуралдааны 3 дугаар танхимд хийсэн шүүх хуралдаанаар:
Нэхэмжлэгч: “Монголтур рисорт” ХХК
Хариуцагч: Байгаль орчин, аялал жуулчлалын сайд,
Хариуцагч: Байгаль орчин, аялал жуулчлалын яамны тусгай хамгаалалттай нутгийн удирдлагын газар,
Гуравдагч этгээд: “ЧДЧГ” ХХК
Нэхэмжлэлийн шаардлага: “Байгаль орчин, аялал жуулчлалын яамны сайдын 2018 оны 3 дугаар сарын 14-ний өдрийн А-60 дугаар тушаалын нэг дэх заалтын “ЧДЧГ” ХХК-д холбогдох хэсгийг илт хууль бус болохыг тогтоолгох, Тусгай хамгаалалттай нутгийн удирдлагын газрын дарга Г.Эрдэнэчимэгийн “ЧДЧГ” ХХК-д олгосон газрын давхцалыг арилгаж гэрчилгээний хугацааг 2017 оны 11 дүгээр сарын 07-ны өдөр хүртэл сунгасан захиргааны үйл ажиллагааг илт хууль бус болохыг тогтоож “Монголтур рисорт” ХХК-ийн 2015 оны 8 дугаар сарын 05-ны өдрийн 2015/560 дугаар газар ашиглах гэрчилгээний дагуу эзэмшиж байсан 5,2 га талбай бүхий газар ашиглах эрх сэргээхийг Байгаль орчин, аялал жуулчлалын сайдад даалгах” шаардлага бүхий захиргааны хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Нандин-Эрдэнэ, хариуцагч Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Мөнхбат, Байгаль орчин, аялал жуулчлалын яамны тусгай хамгаалалттай нутгийн удирдлагын газрын итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Ганзоригт, гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Туул, өмгөөлөгч Д.Батсүх, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Мөнхтулга нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч “Монголтур рисорт” ХХК-ийн захирал Г.Одгийв шүүхэд бичгээр ирүүлсэн тайлбартаа: “...Манай компани 2008 оноос эхлэн Улаанбаатар хот, Баянзүрх дүүргийн.Зуун модны ам нэртэй газарт 5-1 гектар талбайг хамгаалж аялал жуулчлалын цогцолбор барих төлөвлөгөөтэй байсан ба анх 1,6 га талбайд зөвшөөрөл олгогдож улмаар 2015 онд талбайн хэмжээг нэмэгдүүлэх хүсэлт гаргаснаар 2015 оны А/321-р тушаалаар 3,6 га талбайг нэмж олгосноор газар ашиглах гэрчилгээ авч гэрчилгээний үүргээ зохих ёсоор биелүүлж ирсэн юм.Гэтэл БОАЖ-ын сайдын 2016 оны 8 дугаар сарын 04-ний өдрийн А/12-р тушаалын нэг дэх заалтаар ‘Шүүхийн шийдвэр биелүүлж газар ашиглах эрхийг сэргээх тухай’ “ЧДЧГ” компанид 2007 оны 311 -р тушаалаар анх олгосон гэх 1 га газрын эрхийг сэргээснээр манай компани нийт хүсэлт болгосон байсан газрыг тус компанид олгож манай компанийн газар ашиглах эрхийг зөрчсөн илт хууль бус захиргааны акт гэж үзэж байна.Тухайлбал манай компани 2011, 2012 онуудад газраа нэмэгдүүлэн ашиглах хүсэлтийг удаа дараа гаргаснаар Зуун модны аманд газрын хэмжээг 3.6 га -р нэмэгдүүлэн олгосон БОАЖ-ын Сайд А/12-р тушаал гаргахдаа “ЧДЧГ” ХХК-д.анх олгосон Зайсангийн аманд олгосноо сэргээсэн мэт боловч уг тушаалд яг хаана орших,ямар хэмжээ солбицол бүхий болгох тухай дурдаагүй байна.Энэ нь захиргааны ерөнхий хуулийн 47-р зүйлийн 47.1.1-д зааснаар утга агуулгын илэрхийлэл алдаатай захиргааны акт бөгөөд уг илт хууль бус захиргааны актыг үндэслэж газрын солбицлыг тогтоохдоо манай ашиглаж буй Зуун модны амаар “ЧДЧГ” ХХК-ийг ашиглах эрхтэй мэтээр тогтоосноор манай компанийн газар ашиглах эрхийн зөрчсөн юм.
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 221/МА2017/0665 дугаар үндэслэл гаргасан уг тушаалын нэг дэх заалтаар “ЧДЧГ” ХХК-д хамаарах 3,0 га газрын эрхийг шүүхийн шийдвэрийн дагуу сэргээсэн боловч уг газар нь Залаатын 3үүн богинод байршилтай газар, “Монголтур рисорт” ХХК-ийн хүсэлт болгосон газартай байршлын хувьд давхцалгүй. Түүнчлэн давж заалдах шатны шүүхийн магадлалд “ЧДЧГ” ХХК-ийн 3 га газартай давхцуулан өгсөн хэсгийг илт хууль бус болохыг тогтоож шийдвэрлэснээр тус компанид анх олгосон 1 га газрын эрхийг сэргээхээр шийдвэрлэсэн атал манай компанийн ашиглах эрх бүхий нийт газрын ашиглах эрхийг бүхэлд нь хүчингүй болгож улмаар 2,1З га газрыг Хүрхрээгийн аманд олгохоор шийдвэрлэсэн нь хууль бус гэж үзэж байна. Учир нь давж заалдах шатны шүүхийн магадлалд манай компанид ашиглах эрх олгосон А/12 дугаар тушаалын талаар огт заагаагүй байхад А/12 дугаар тушаалыг бүхэлд нь хүчингүй болгосон атлаа 2,13 га газрыг манай компанид ашиглуулахаар шийдвэрлэсэн нь шүүхийн шийдвэрийг биелүүлэхдээ манай компанийн эрх ашиг сонирхлыг илт зөрчсөн хууль бус шийдвэр гэж үзэж байна.” гэжээ.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Нандин-Эрдэнэ шүүхэд бичгээр гаргасан нэхэмжлэлийн өөрчилсөн шаардлага болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Байгал орчин аялал жуулчлалын тусгай хамгаалалттай нутгийн удирдлагын газрын дарга Ч.Эрдэнэчимэгийн “ЧДЧГ” ХХК-нд газрын давхцалыг арилгаж гэрчилгээний хугацааг 2017 оны 11 дүгээр сарын 07-ны өдөр хүртэл сунгасан захиргааны үйл ажиллагааг илт хууль бус болохыг тогтоолгох гэсэн нэхэмжлэлийнхээ үндэслэлийг тайлбарлая. Анх “ЧДЧГ” ХХК-нд байгаль орчин аялал жуулчлалын сайдын 2007 оны 10 дугаар сард 311 тоот тушаалаар 1 га газрын Зайсангийн аманд эзэмших тушаал гарч байсан. Үүний дараа 2007 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийн 497 тоот дугаарт иргэн хуулийн этгээдэд газар ашиглах эрх олгосон гэрчилгээний дагуу Зуун модны ам нэртэй газар 3 га газрын ашиглуулах гэрчилгээг олгосон байдаг. Анх 2007 оны 11 дүгээр сарын 07-ны өдөр гэрчилгээг олгохдоо гэрчилгээний хавсралтад Солбицлын цэгүүдийг тодорхой зааж өгсөн байдаг. Солбицлын цэгүүдийг тодорхойлохдоо А, Б, С бүхий гурван тустаа газар 1, 1 га гаагаар гурван өөр талбайд газрыг нэг гэрчилгээгээр ашиглуулахаар шийдүүлсэн байдаг. Энэ нь хүчин төгөлдөр гэж тооцсон гурван шатны шүүхийн шийдвэр байдаг. Гэтэл 2013 оны 9 дүгээр сарын 16-ны өдөр тусгай хамгаалалттай нутгийн удирдлагын газрын дарга Г.Эрдэнэчимэг нь 2007 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийн 497 тоот гэрчилгээгээр олгосон А, Б, С гэсэн гурван өөр талбай бүхий газрын давхцалыг арилгах нэрийдлээр өөрт хуулиар олгогдоогүй Тусгай хамгаалалттай газар нутгийн хуульд заасны дагуу Төрийн захиргааны төв байгууллагын эдлэх эрхийг эдлээд А, Б, С гэсэн гурван байршлыг нэгтгэж нэг болгож гэрчилгээний хавсралтад өөрчлөлт оруулсан байдаг. Ингэж өөрчлөлт оруулахдаа “Монголтур рисорт” ХХК-ийн 2008 оноос хойш ашиглаж үйл ажиллагаагаа явуулж байгаа газарт давхцуулан олгосон үйл ажиллагаа байдаг. 2013 оны 9 дүгээр сарын 16-ны өдөр байршлыг нэгтгээд зогсохгүй Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулиар өөрт олгогдоогүй эрхийг эдэлж газар эзэмших эрхийг 2017 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийг хүртэл сунгаж шийдвэрлэсэн байдаг. Энэ нь Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.3 дахь хэсэгт заасныг ноцтой зөрчсөн захиргааны акт болон захиргааны илт хууль бус актын шинжийг бүрэн агуулж байна. Өөрөөр хэлбэл тухайн захиргааны байгууллага өөрийн чиг үүрэгт үл хамаарах захиргааны акт гаргасан гэж үзэж байгаа.
Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 36 дугаар зүйлийн 36.1 дэх хэсэгт зааснаар төрийн захиргааны төв байгууллага нь дархан цаазат газрын хязгаарлалтын бүс байгалын нөөц газар дурсгалт газраас иргэн аж ахуй нэгж байгууллагад газар ашиглуулах тухай шийдвэрийг хамгаалалтын захиргаа болон сум дүүргийн Засаг даргын саналыг үндэслэн гарган гэж байгаа. Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 36 дугаар зүйлийн 36.1 дэх хэсэгт сая дурдсаны дагуу иргэн аж ахуй нэгж байгууллагад газар ашиглуулах тухай шийдвэрийг хамгаалалтын захиргаа болон сум дүүргийн Засаг даргын саналыг үндэслээд төрийн байгууллагын төв байгууллага буюу Байгал орчин аялал жуулчлалын яам, сайд гаргахаар хууль дээр зааж өгсөн байгаа. Гэтэл энэ хуульд төрийн захиргааны төв байгууллагад олгохоор заасан эрхийг Тусгай хамгаалалттай нутгийн удирдлагын дарга Г.Эрдэнэчимэг эдэлж өөрт олгогдоогүй эрх хэмжээг хэрэгжүүлж сунгасан шийдвэр гаргасан. Гурван тустаа байршил бүхий газрын давхцалыг арилгах нэрийдлээр нэгтгэж гэрчилгээний хавсралтад өөрчлөлт оруулсан нь өөрт олгогдоогүй эрх хэмжээг хэрэгжүүлсэн гэж үзэж байгаа. Энэ нь Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.3 дахь хэсэгт заасан захиргааны илт хууль бус шинжийг бүрэн агуулсан гэж үзэж нэхэмжлэлээ гаргасан.
“Монголтур рисорт” ХХК-ийн 2015 оны 8 дугаар сарын 05-ны өдрийн 2015560 дугаартай газар ашиглах гэрчилгээний дагуу эзэмшиж байсан 5.2 га талбай бүхий газар ашиглах эрхийг сэргээхийг Байгал орчин аялал жуулчлалын яамны сайдад даалгах гэх шаардлагаа гаргасан. Гурван шатны шүүхийн шийдвэрээр буюу Нийслэлдэх захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 6 дугаар сарын 19-ны өдрийн 490 дугаартай шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 9 дүгээр сарын 13-ны өдрийн 665 дугаартай магадлал, Улсын дээд шүүхийн захиргааны хэргийн 2017 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн 509 дугаартай тогтоолоор 497 дугаартай гэрчилгээний дагуу “ЧДЧГ” ХХК-ийн газар эзэмших эрхийг сэргээсэн баримтууд байгаа. Тусгай хамгаалалтын нутгийн удирдлагын газрын дарга Г.Эрдэнэчимэг даргын 2013 оны 9 дүгээр сарын 16-ны өдөр хийсэн захиргааны хоёр тустай бие даасан үйл ажиллагаа нь илт хууль бусад тооцогдсоноор “Монголтур рисорт” ХХК-ийн өмнө эзэмшиж 2015650 дугаартай газар ашиглах эрхийг гэрчилгээний дагуу эзэмшиж байсан 5.2 га талбай бүхий газар ашиглах эрхийг сэргээх бүрэн үндэслэлтэй. Учир нь Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.2 дахь хэсэгт заасны дагуу илт хууль бус захиргааны акт гарсан цагаасаа эрх зүйн үндэслэлгүй байна гэж заасны дагуу эрхийг сэргээх бүрэн үндэслэлтэй байна гэсэн нэхэмжлэлийн шаардлага гаргасан.
Байгал орчин аялал жуулчлалын сайдын 2018 оны 3 дугаар сарын 14-ний өдрийн А/60 дугаар тушаалын 1 дэх хэсэг заалтын “ЧДЧГ” ХХК-нд холбогдох хэсгийг илт хууль бус болохыг тогтоолгох гэсэн нэхэмжлэлийн шаардлагаа гаргасан. Энэ актыг илт хууль бус болохыг тогтоолгосноор манай “Монголтур рисорт” ХХК-ийн газар ашиглах эрхийг сэргээх буюу эхний 1, 2 дахь нэхэмжлэлийн шаардлагатайгаа шууд уялдаа холбоо бүхий байдлаар гарч байгаа. 2008 онд “Монголтур рисорт” ХХК 1.6 га талбай бүхий газар ашиглах эрхийг олж авч өнөөдөр аялал жуулчлалын төвөө барьж ашиглаж байсан. 2008 онд бид нар шүүхэд нотлох баримтаар гаргаж өгсөн гүнийн худгийг гаргаж ашиглалтад оруулсан. Энэ гүний худаг нь өөрөө Байгал орчин аялал жуулчлалын сайдан 2018 оны 3 дугаар сарын 14-ний өдрийн А/60 дугаар тушаалын 1 дэх заалт нь “ЧДЧГ” ХХК-нд олгосон 3 га газрын тайлбай дээр 2008 оноос хойш байршиж байгаа. Сүүлд гаргаж өгсөн нотлох баримтаас харахад Богд хаан уулын Зуун модны ам нэртэй газар “Монголтур рисорт” ХХК гүний худгийг өрөмдөж гаргасан. Гүний худгийн паспортыг авч гэрчилгээжүүлсэн үйл баримт тогтоогдож байгаа. Энэ гүний худгаас хоолойнууд яваад “Монголтур рисорт” ХХК-ийн аялал жуулчлалын цогцолбор төвийг ундны усаар хангадаг тэжээл байгаа. Гэтэл Байгал орчин аялал жуулчлалын яамнаас энийг судалж тогтоолгүйгээр манай компани өмчлөх эд хөрөнгө байгаа газар дээр “ЧДЧГ” ХХК-нд газар ашиглах эрх олгосон нь өөрөө Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.7 дахь хэсэгт заасны дагуу түүнийг бодит нөхцөл байдал дээр биелүүлэх боломжгүй гэсэн захиргааны актын шинжийг агуулж байна. Мөн илт хууль бус захиргааны акт гарсан цагаасаа эрх зүйн үндэслэлгүй байна гэж заасны дагуу Байгал орчин аялал жуулчлалын сайдын 2018 оны 3 дугаар сарын 14-ний өдрийн А/60 дугаартай тушаал гарахдаа 1 дэх нэхэмжлэлийн шаардлага дээр дурдсан “ЧДЧГ” ХХК-нд газар ашиглах эрх олгосон 2017 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийн 497 дугаартай гэрчилгээний хавсралт түүнд 2013 оны 9 дүгээр сарын 16-ны өдөр өөрчлөлт оруулсан Г.Эрдэнэчимэгийн илт хууль бусад тооцуулахаар шүүхэд нэхэмжлэлийн шаардлага гаргаагүй. Илт хууль бус хоёр үйл ажиллагааны дагуу А/60 дугаартай тушаал гарсан байх тул түүний илт хууль бус захиргааны актад тооцоход бүрэн хууль зүйн үндэслэлтэй байна.” гэв.
Хариуцагч Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Мөнхбат шүүхэд бичгээр ирүүлсэн болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Байгал орчин аялал зуучлалын яамнаас нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй. “Монголтур рисорт” ХХК-ийн 2018 оны 3 дугаар сарын 16-ны өдрийн А/60 дугаартай тушаалыг хүчингүй болгох, хууль бус болгохыг тогтоолгох нэхэмжлэлийн шаардлагыг тухайд “ЧДЧГ” ХХК Залаатын богинод ашиглаж байсан 3 га газрын газар ашиглах эрх цуцлах тухай Байгал орчин аялал жуулчлалын сайдын 2015 оны 6 дугаар сарын 16-ны өдрийн А/236 дугаартай тушаалаар цуцалж “ЧДЧГ” ХХК-ийн Залаатын богинод цуцалсан газарт давхардуулан 2 сарын дараа буюу газар ашиглах зөвшөөрөл олгох тухай Байгал орчин аялал жуулчлалын сайдын 2015 оны 8 дугаар сарын 05-ны өдрийн А/321 дугаартай тушаалаар “Монголтур рисорт” ХХК-нд Хүрхрээний аманд 3.6 га газар олгосон байдаг. Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрт байрлах Залаатын ам болон Хүрхрээний ам бол өөр хоорондоо залгаа ам байгаа. Тус сайдын тушаалыг “ЧДЧГ” ХХК эс зөвшөөрч Нийслэлдэх захиргааны хэргийн анхан шатны шүүхэд 2015 оны 236 дугаартай захирамжийн өөрт холбогдох хэсгийг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэл гаргасан байдаг. Үүнтэй болохоор “Монголтур рисорт” ХХК-нд олгосон 2015 оны 8 дугаар сарын 05-ны өдрийн 321 дугаартай тушаалыг “Монголтур рисорт” ХХК-нд олгосон хэсгийг хууль бус болохыг тогтоолгохоор мөн нэхэмжлэл гаргасан байдаг. Тус хэрэгт гуравдагч этгээдээр “Монголтур рисорт” ХХК оролцсон. Ингэж оролцохдоо бие даасан шаардлага гаргасан байдаг. Бие даасан шаардлага дээрээ Тусгай хамгаалалттай бүс нутагт газар ашиглах 497 дугаартай гэрчилгээг илт хууль бус болох бие даасан шаардлага гаргасан. Хавтас хэрэгт тухайн хэргүүдийн материал авагдсан. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 490 дугаартай тогтоолын тогтоох хэсэгт нэхэмжлэгч “ЧДЧГ” ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож тогтоох хэсгийн хоёрт Тусгай хамгаалалттай нутаг дэвсгэрт газар ашиглах 497 дугаартай гэрчилгээг илт хууль бус болохыг тогтоолгох “Монголтур рисорт” ХХК-ийн гэрчилгээг хууль бус болохыг тогтоож нэхэмжлэлийг бүхэлд нь хүлээн авахаас татгалзсан байдаг. Магадлалаар анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулаад тогтоох хэсгийн 1 дэх заалтад холбогдох хуулийн үндэслэн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж “ЧДЧГ” ХХК-ийн “Монголтур рисорт” ХХК-нд давхардуулан олгосон хэсгийг илт хууль бус гэж өөрчилсөн байгаа. Иймд дээд шүүхээр 2017 оны 509 дугаартай тогтоолоор магадлалыг хэвээр үлдээж гуравдагч этгээд “Монголтур рисорт” ХХК-ийн бие даасан шаардлагыг хэрэгсэхгүй болгож гомдлыг хангахгүй орхисон. Үүний дагуу шүүхийн шийдвэрийг биелүүлэх тухай Байгал орчин аялал жуулчлалын сайдын 2018 оны 3 дугаар сарын 14-ний өдрийн А/60 дугаартай тушаалаар Байгал орчин аялал жуулчлалын сайдын 2015 оны 6 дугаар сарын 16-ны өдрийн 236 дугаартай тушаалын нэгдэх хэсэгт “ЧДЧГ” ХХК-нд хамаарах 3 га газрын эрхийг шүүхийн шийдвэрийн дагуу сэргээж Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2015 оны 5 дугаар сарын зааснаар А/321 дугаартай тушаалын 13 дахь заалтын “Монголтур рисорт” ХХК-нд холбогдох хэсэг, мөн Байгал орчин аялал жуулчлалын сайдын 2016 оны 8 дугаар сарын 24-ний өдрийн А12 дугаартай тушаалыг бүхэлд нь хүчингүй болгож “Монголтур рисорт” ХХК-нд олгосон 2.10 га газрыг Хүрхрээн аманд олгосон байгаа. Иймд хууль зүйн шүүхийн шийдвэрийг үндэслэж 2018 оны А60 дугаартай тушаал гарсан гэж үзэж байгаа. 2017 онд шүүхийн шийдвэрт “Монголтур рисорт” ХХК бие даасан шаардлага гаргаж тус гэрчилгээг илт хууль бус болохыг тогтоолгох нэхэмжлэл гаргасан байдаг. Энэ нь Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.6 дахь хэсэгт нэхэмжлэлд заасан захиргааны үйл ажиллагааны талаар эсвэл уг нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзсан түүнчлэн хэргийг хэрэгсэхгүй болгосон хуулийн хүчин төгөлдөр шүүхийн шийдвэр болон шүүгчийн захирамж, тогтоол байгаа бол нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзана гэж байгаа. Иймд Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 1 дүгээр тогтоолоор “Монголтур рисорт” ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн авахаас татгалзсан байдаг. Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.6 дахь хэсэгт заасны дагуу нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн авахаас татгалзаж өгнө үү.” гэв.
Хариуцагч Байгаль орчин, аялал жуулчлалын яамны Тусгай хамгаалалттай нутгийн удирдлагын газрын итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Ганзоригт шүүхэд бичгээр ирүүлсэн болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...ЧДЧГ ХХК Зайсанд газар авсан байж байгаад 3 га газар болгохдоо Залаатын зүүн богино буюу Зуун модны ам гэж өөрчилсөн. Эд нар бүгд нэг нэртэй ам байгаа. “ЧДЧГ” ХХК-ийн 1 га газар нь сайдын тушаалтай байсан. Залаатын зүүн богинод авсан 3 га газарт сайдын тушаал байхгүй. “ЧДЧГ” ХХК-нд байгаа эсэх талаар мэдэхгүй тул олж тогтоох шаардлагатай байх гэж бодож байна. Г.Эрдэнэчимэг дарга тухайн үед 2013 оны 9 дүгээр сард гурван өөр газарт давхцал арилгана гэсэн боловч эдгээр 3 газар нь байршлын хувьд голын эрэг дээр, голын дэнж дээр, ойн захад гэсэн 3 өөр байрлалтай газрыг хооронд нь нэгтгэсэн. Гурван газар гурван өөр байршилд байдаг учраас сайдын тушаал гарч, уг тушаалын үндсэн дээр 3 тусдаа гэрчилгээ гарах ёстой. Хугацааг сунгах эрх газрын даргад 2016 он хүртэл байсан. Тухайн нэг гэрчилгээн дээр гарын үсэг зураад 5 жил хүртэлх хугацаагаар сунгадаг эрх газрын даргад байдаг байсан. Харин газрыг нэгтгэнгүүтээ сунгасан нь алдаатай болсон байна. Газрын дарга 2016 оноос хойш газар ашиглах эрхийг сунгах эрх эдлэхээ больсон. Тэрнээс хойш сайдын тушаал гардаг болсон. Хэрэв гэрчилгээг сунгах байсан бол 1 га газрыг сунгах эрх, эсвэл сайдын тушаалаар авсан 3 га газрын эрх дуусаж байж сунгах эрх нээгдэх байсан. Тэгэхээр 2007 онд авсан газрыг 2013 онд сунгахдаа 3 га газар болгоод сунгасан нь Г.Эрдэнэчимэг даргын үйл ажиллагааны алдаа болж байгаа. Газрын гэрчилгээг олгохдоо Байгал орчин аялал жуулчлалын яамнаас баримталдаг зарчим нь Газрын тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.3 дахь заалтыг баримтлаад нэгж талбар тус бүрдээр нь нэг гэрчилгээ олгоно гэсэн зохицуулалттай байдаг. Яагаад гэвэл тухайн газар нь өөрөө янз бүрийн байгал орчны төлөв байдлыг үзүүлдэг урчаас үнэлгээ нь тус бүрдээ өөр гардаг. Би ажиллаж байсан хугацааныхаа мэдээллийг үндэслээд шүүхэд ийм тайлбар гаргаж өгсөн.” гэв.
Гуравдагч этгээд “ЧДЧГ” ХХК-ийн захирал Б.Энхцацрал шүүхэд бичгээр ирүүлсэн тайлбартаа: “...Нэхэмжлэлийн үндэслэлд дурдсан дээрх тайлбарын агуулгаар нэхэмжлэгч нь “...БОАЖ-ын сайдын 2018 оны 3 дугаар сарын 14-ний өдрийн А/60 дугаар тушаалаар, БОАЖ-ын Сайдын 2016 оны 8 дугаар сарын 24-ний өдрийн А/12 дугаар тушаалын талаар шүүхийн шийдвэр гараагүй байхад тус А/12 дугаар тушаалыг хүчингүй болгож шийдвэрлэсэн нь илт хууль бус шийдвэр...” гэсэн үндэслэлээр нэхэмжлэл гаргасан болох нь харагдаж байна. Нэхэмжлэлийн үндэслэлд дурдсан БОАЖ-ын Сайдын 2016 оны 8 дугаар сарын 24-ний А/12 дугаар тушаалыг Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 10 сарын 26-ны өдрийн 351 дүгээр тогтоолын 2 дахь заалтаар цуцалсан. Шүүхийн энэ тогтоол нь шинээр илэрсэн нөхцөл байдлын улмаас захиргааны хэргийн шүүхийн шийдвэрийг хүчингүй болгуулах тухай “Монголтур рисорт” ХХК-ийн хүсэлтийг шийдвэрлээд гарсан тогтоол байдаг. Өөрөөр хэлбэл тус компанийн хүсэлтээр тухайн А/12 дугаартай тушаал цуцлагдаж, хүчингүй болсон гэсэн үг.
БОАЖ-ын сайд 2018 оны 3 дугаар сарын 14-ний өдрийн А/60 дугаар тушаалын 1 дэх заалтаараа өөрийн гаргасан 2016 оны А/12 дугаар тушаалыг хүчингүй болгож, шийдвэрлэсэн нь шүүхийн дээрх тогтоолд нийцсэн бөгөөд Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлд заасан илт хууль бус шинжийг огт агуулаагүй байна. Нэхэмжлэгчийн зүгээс ч БОАЖ-ын сайдын 2018 оны А/60 дугаар тушаалын 1 дэх заалтын энэ хэсгийг илт хууль бус гэж үзэж буй хууль зүйн үндэслэлээ тодорхой тайлбарлаагүй байна. Иймээс БОАЖ-ын сайдын 2018 оны 3 дугаар сарын 14-ний өдрийн А/60 дугаар тушаалын 1 дэх заалтын БОАЖ-ын сайдын 2016 оны А/12 дугаар тушаалтай холбоотойгоор тус тушаалын манай компанид холбогдох хэсгийг илт хууль бус гэж үзэх үндэслэлгүй болно.
“ЧДЧГ” ХХК нь анх 2016 оны 4 дүгээр сарын 04-ний өдөр Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхэд БОНХАЖ-ын сайдын 2015 оны 6 дугаар сарын 16-ны өдрийн А/236 дугаар тушаалын өөрт холбогдох хэсгийг хүчингүй болгуулах нэхэмжлэл гаргасан байдаг. Тухайн нэхэмжлэл бүхий хэргийг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч БОНХАЖ-ын сайдын итгэмжлэгдсэн төлөөлөгч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн тул Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2016 оны 7 дугаар сарын 08-ны өдрийн 516 дугаартай шийдвэрээр “хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталсан” шийдвэр гаргасан. Нэхэмжлэлийн үндэслэлд дурдсан БОАЖ-ын сайдын 2016 оны А/12 дугаар тушаал нь энэхүү шүүгчийн шийдвэрийг үндэслэн гарсан байна. Нэхэмжлэгч “Монголтур рисорт” ХХК нь 2016 оны 10 дугаар сарын 03-ны өдөр Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шүүхийн шүүгчийн 2016 оны 516 дугаартай шийдвэрийг шинээр илэрсэн нөхцөл байдлын улмаас захиргааны хэргийн шүүхийн шийдвэрийг хүчингүй болгуулж, хэргийг ердийн журмаар шийдвэрлүүлэх хүсэлт гарсан байдаг. Уг хүсэлтдээ “...5/6 дугаар шүүгчийн шийдвэрийг хариуцагч биелүүлэн А/12 дугаар тушаалыг гаргаж, “ЧДЧГ” ХХК-ит газар ашиглах эрх сэргээсний улмаас 2 хуулийн этгээд 1 газарт үйл ажиллагаа явуулах нөхцөл байдал үүсээд байна...” хэмээн БОАЖ-ын сайдын 2016 оны А/12 дугаар тушаалын талаар маргасан. Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн 351 дүгээр тогтоолоор дээр дурдсан Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2016 оны 516 дугаартай шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хянан шийдвэрлэхээр болсон. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад “ЧДЧГ” ХХК нь анхны гаргасан БОНХАЖ-ын сайдын 2015 оны 6 дугаар сарын 16-ны өдрийн А/236 дугаар тушаалын “ЧДЧГ” ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгуулах нэхэмжлэлийнхээ шаардлагаа нэмэгдүүлж, БОНХАЖ-ын сайдын 2015 оны 8 дугаар сарын 05-ны өдрийн А/321 дугаартай тушаалын “Монголтур рисорт” ХХК-д холбогдох хэсгийг илт хууль болохыг тогтоолгох шаардлага гаргасныг Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 490 дүгээр шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 665 дугаар магадлал, Монгол Улсын дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдааны 2017 оны 502 дугаар тогтоолоор тус тус хянан шийдвэрлэсэн нь хуулийн хүчин төгөлдөр хэвээр байна. Дээр дурдсан шүүхийн шийдвэр, магадлал, тогтоолоор "ЧДЧГ" ХХК нь Улаанбаатар хотын Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэр, Богдхан уулын дархан цаазат газрын тусгай хамгаалалтын бүсэд байршилтай Зуун модны ам нэртэй газарт З га талбай бүхий газрыг ашиглах эрхтэй эсэх”, “тус компанийн ашиглалтад хамаарах газартай давхцуулан “Монголтур рисорт” ХХК-д газар ашиглах эрх олгосон БОНХАЖ-ын сайдын 2015 оны 8 дугаар сарын 05-ны өдрийн А/321 дугаартай тушаал нь илт хууль бус байсан эсэх”, “ЧДЧГ” ХХК-ийн 3 га газар ашиглах эрхийг хүчингүй болгосон БОНХАЖ-ын сайдын 2015 оны А/236 дугаар тушаалын “ЧДЧГ” ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгох үндэслэлтэй эсэх” зэрэг үйл баримтын талаарх маргааныг хянан шийдвэрлэсэн.
“Монголтур рисорт” ХХК нэхэмжлэлийн үндэслэлдээ “...манай компанийн ашиглах эрх бүхий нийт газрын ашиглах эрхийг бүхэлд нь хүчингүй болгож улмаар 2,13 га газрыг Хүрхрээгийн аманд олгохоор шийдвэрлэсэн нь хууль бус гэж үзэж байна....” гэжээ. Энэ хэргийн хариуцагч БОАЖ-ын сайд Сайдын 2018 оны 3 дугаар сарын 14-ний өдрийн А/60 дугаар тушаалын 1 дэх заалтаар “Монголтур рисорт” ХХК-д Богдхан уулсын дархан цаазат газрын Хүрхрээгийн аманд 2.13 га газар олгохоор шийдвэрлэсэн нь “ЧДЧГ” ХХК-ийн нэхэмжлэлийг хангаж, тус компанийн 3 га газар ашиглах эрхийг хүчингүй болгосон БОНХАЖ-ын сайдын 2015 оны А/236 дугаар тушаалын “ЧДЧГ” ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгосон, тус .компанийн ашиглалтад байгаа газартай Давхцуулан “Монголтур рисорт” ХХК-д газар ашиглах эрх олгосон БОНХАЖ-ын сайдын 2015 оны А/321 дугаартай тушаалын “Монголтур рисорт” ХХК-д холбогдох хэсгийг илт хууль бус захиргааны акт болохыг тогтоосон Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 665 дугаар магадлал, Монгол Улсын дээд шуүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдааны 20-17 оны 502 дугаар тогтоолыг биелүүлэх хүрээнд гарсан БОАЖ-ын сайдын шийдвэрийн “ЧДЧГ” ХХК-д холбогдох хэсгийг илт бус гэж үзэх үндэслэл болохгүй юм. Дээр дурдсан тайлбарын хүрээнд Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.6, 109 дүгээр зүйлийн 109.2 дахь хэсэгт заасныг үндэслэн “Монголтур рисорт” ХХК-ийн нэхэмжлэлтэй хэргийг хэрэгсэхгүЙ болгож, нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзаж, өгөхийг хүсье.” гэжээ.
Гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Туул шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Нэхэмжлэлийн шаардлагын 497 дугаартай гэрчилгээг илт хууль бус болохыг тогтоолгох шаардлагын хувьд гурван шатны шүүх шийдвэрлэхээс гадна 2020 оны 4 дүгээр сарын 13-ны өдрийн 2858 дугаартай шүүгчийн захирамжаар хэргийг хэрэгсэхгүй болгож нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзахдаа Улсын тусгай хамгаалалттай газар нутагт ашиглах 497 дугаартай гэрчилгээг илт хууль бус болохыг тогтоолгох шаардлага бүхий нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзаж холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосугай гэсэн шүүгчийн захирамж хүчин төгөлдөр байгаа учраас 497 дугаартай гэрчилгээг хүчингүй болгох шаардлагын хувьд хүлээн авахаас татгалзах ёстой гэж үзэж байгаа. А/60 дугаартай тушаал буюу шүүхийн шийдвэрийг биелүүлэхдээ алдаа гаргасан нэхэмжлэлийн шаардлагын хувьд гурван шатны шүүхийн шийдвэрт энэ асуудлыг дурдагдаад явж байсан. Бие даасан шаардлага гаргаад хэрэгсэхгүй болсон байгаа учраас шүүхээр нэгэнт тогтоогдсон үйл баримтыг дахин хэлэлцэхгүй гэдэг үүднээс хэрэгсэхгүй болгож өгнө үү.” гэв.
Гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн өмгөөлөгчөөс шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Өмнө шүүхээр шийдвэрлэгдэж байгаа нэхэмжлэлийн нэг дэх шаардлага нь бол урьд шүүхийн хүчин төгөлдөр шийдвэр, захирамжаар шийдвэрлэгдсэн Улсын тусгай хамгаалалттай газарт газар ашиглах 497 дугаартай гэрчилгээг захирамжийн хүрээнд явуулсан захиргааны үйл ажиллагаатай холбогдуулж нэхэмжлэлийн шаардлагаа гаргасан. Нэхэмжлэлийн шаардлага нь тухайн гэрчилгээтэй холбоотой бус харин тусгай хамгаалалттай газар нутгийн захиргааны газрын даргын захиргааны үйл ажиллагаатай холбоотой шаардлага учраас өөр гэж тайлбарлаж байгаа нь үндэслэлгүй байна. Энэ талаар хариуцагчийн Байгал орчин аялал жуулчлалын сайдын төлөөлөгчийн хэлж байгаа тайлбар үндэслэлтэй.
Тухайн захиргааны актыг шүүх шийдсэн, шийдээгүй гэдгээс үл хамаарч захиргааны актад хамаарах үйл баримт яаж шийдвэрлэгдсэн юм бэ. Энэ үйл баримттай холбоотойгоор шийдсэн шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр байгаа эсэх асуудал нь нэхэмжлэлийг шийдэхэд чухал ач холбогдолтой. Өөрөөр хэлбэл нэхэмжлэлийн үндэслэл болж байгаа захиргааны актыг шүүхийн шийдвэр гарсан эсэхээс үл хамаарч тухайн захиргааны акттай холбоотой үйл баримтын талаар шүүхийн хүчин төгөлдөр шийдвэр байгаа учраас энэ шийдвэрийг үндэслэж асуудалд хандах нь зөв юм.
Нэхэмжлэгч компани гурван үндсэн нэхэмжлэлийн шаардлага гаргаж байгаа. Г.Эрдэнэчимэг гэдэг хүний 2013 онд хийсэн тусгай зөвшөөрлийн координатыг илт хууль бус болохыг тогтоолыгоо шаардлага гаргаж байна. 2013 онд нэхэмжлэгчийн эрх хууль ёсны ашиг сонирхол зөрчигдсөн эсэх талаар тогтоогдох ёстой. Захиргааны актын улмаас нэхэмжлэгчийн эрх хууль ёсны ашиг сонирхол зөрчигдөөгүй талаар тогтоогдоно. Нэхэмжлэлийн шаардлагатай холбогдуулан “ЧДЧГ” ХХК-нд 1 гаа газар ашиглаж байсан гэдэг нь худлаа. “ЧДЧГ” ХХК-нд Богд хаан ууланд хоёр өөр газар эзэмшиж байсан. Анх Залаатын аманд “ЧДЧГ” ХХК-нд 3 га газар олгосон. Энэ асуудлаа тухайн үед нь Байгал орчин, аялал жуулчлалын яаманд хэлж засуулж авсан. Засуулж аваад үйл ажиллагаагаа явуулж байхад тухайн газар дээр өөр байгууллага үйл ажиллагаа явуулж эрх нь зөрчигдсөн зүйл огт байхгүй байсан. 2018 оны Байгаль орчин, аялал жуулчлалын яамны сайдын А/60 дугаартай тогтоолоор 5 гаа газраа буцаан олгохыг даалгаж өгнө үү гэж байгаа нь шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрээр тогтоогдсон. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн агуулга дээрээ Байгаль орчин, аялал жуулчлалын яамны сайдын А/60 дугаар тушаал, А/12 дугаар тушаалын талаар шүүхийн шийдвэр гаргаж байгаа нь илт хууль бус байна. Өмнө миний хэлсэн А551 дугаартай тушаалаар А/12 дугаартай тушаал хүчин төгөлдөр байгаа талаар хангалттай харагдаж байгаа. Улсын дээд шүүхийн Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар 5002 дугаар шийдвэрээр “ЧДЧГ” ХХК-ийн маргаан бүхий газарт 3 га талбай газар ашиглах эрхтэй байсан. Ийм үйл баримт тогтоогдсон байхад гуравдагч этгээдээр оролцож байсан Монгол тур ресорт ХХК дахин энэ асуудлаар шүүхээр маргаан гаргаж байгаа нь Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 112 дугаар зүйлийг зөрчиж байна.
Нэхэмжлэлийн гурав дахь шаардлагын талаар тодруулсан. Байгаль орчин, аялал жуулчлалын яамны сайдын А/60 дугаар тушаал энд яригдаад байгаа шийдвэрээс хойш гарсан. Гуравдагч этгээд “ЧДЧГ” ХХК шүүхэд гаргасан тайлбар дээр дэлгэрэнгүй гаргасан тул нэг бүрчлэн унших шаардлагагүй. Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.6 дахь хэсэг, 109 дүгээр зүйлийн 109.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзах хууль зүйн үндэслэлтэй байна” гэв.
ҮНДЭСЛЭХ нь:
Шүүх энэ хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтууд, нэхэмжлэгч хариуцагч, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нараас шүүх хуралдаанд гаргасан тайлбар зэргийг шинжлэн судалж үнэлээд дараахь хууль зүйн үндэслэлүүдээр нэхэмжлэгч “Монголтур рисорт” ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэв. Үүнд:
Нэхэмжлэгч “Монголтур рисорт” ХХК-ийг төлөөлж Г.Одгийв тус шүүхэд хандаж “ Байгаль орчин, аялал жуулчлалын яамны сайдын 2018 оны 3 дугаар сарын 14-ний өдрийн А-60 дугаар тушаалын нэг дэх заалтын “ЧДЧГ” ХХК-д холбогдох хэсгийг илт хууль бус болохыг тогтоолгох, мөн Сайдын 2016 оны 8 дугаар сарын 24-ний өдрийн А-12 дугаар тушаалын 1 дэх заалтын “ЧДЧГ” ХХК-д холбогдох хэсгийг хууль бус байсан болохыг тогтоолгох” нэхэмжлэлийн шаардлага гаргасныг тус компанийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Нандин-Эрдэнээс нэг дэх шаардлагыг хэвээр нь дэмжиж 2 дахь шаардлагыг “Тусгай хамгаалалттай нутгийн удирдлагын газрын дарга Г.Эрдэнэчимэгийн, “ЧДЧГ” ХХК-д олгосон газрын давхцалыг арилгаж гэрчилгээний хугацааг 2017 оны 11 дүгээр сарын 07-ны өдөр хүртэл сунгасан захиргааны үйл ажиллагааг илт хууль бус болохыг тогтоож “Монголтур рисорт” ХХК-ийн 2015 оны 8 дугаар сарын 05-ны өдрийн 2015/560 дугаар газар ашиглах гэрчилгээний дагуу эзэмшиж байсан 5,2 га талбай бүхий газар ашиглах эрх сэргээхийг Байгаль орчин, аялал жуулчлалын сайдад даалгах” гэж өөрчилсөн, энэ шаардлагын хүрээнд хэргийг хэлэлцэв.
Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ “...анх “ЧДЧГ” ХХК-д 2007 оны 497 дугаар гэрчилгээгээр А Б С гэсэн 3 тусдаа байршилд нэг, нэг га-гаар ашиглах эрх олгосон, энэ талаар гурван шатны шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрүүд байгаа, гэтэл Тусгай хамгаалалттай нутгийн удирдлагын газрын дарга Г.Эрдэнэчимэг нь 497 дугаар гэрчилгээгээр олгосон 3 өөр талбай бүхий газрын давхцалыг арилгах нэрийдлээр өөрт олгогдоогүй эрх эдэлж А Б С байршлыг нэгтгэж гэрчилгээний хавсралтад өөрчлөлт оруулсан, гэрчилгээний хугацааг сунгасан нь Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.3-д зааснаар илт хууль бус үйл ажиллагаа..., энэ илт хууль бус үйл ажиллагааны дагуу гарсан Байгаль орчин, аялал жуулчлалын яамны сайдын 2018 оны 3 дугаар сарын 14-ний өдрийн А-60 дугаар тушаалын нэг дэх заалтын “ЧДЧГ” ХХК-д холбогдох хэсгийг илт хууль бус...” гэж тодорхойлсныг хариуцагч Тусгай хамгаалалттай нутгийн удирдлагын газрын итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс “...Г.Эрдэнэчимэг дарга 3 өөр байршилд байгаа газрыг нэгтгэнгүүтээ сунгасан нь алдаатай болсон байна, 2016 оноос хойш Газрын дарга газар ашиглах эрхийг сунгах эрхгүй болсон...тул 2007 онд авсан газрыг 2013 онд сунгахдаа 3 га газар болгож сунгасан нь үйл ажиллагааны алдаа болж байна...” гэж, хариуцагч Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын итгэмжлэгдсэн төлөөлөгч болон гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс “...Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 490 дүгээр тогтоолын 2 дох заалтаар Тусгай хамгаалалттай нутгийн удирдлагын газрын дарга Г.Эрдэнэчимэгээс олгосон 497 дугаар гэрчилгээг илт хууль бус болохыг тогтоолгох бие даасан шаардлагыг шүүх хэрэгсэхгүй болгож, нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзсан, мөн шүүгчийн захирамжаар 497 дугаар гэрчилгээг илт хууль бус болохыг тогтоолгох шаардлагыг хэрэгсэхгүй болгосон, уг захирамж хуулийн хүчин төгөлдөр байгаа...Улсын дээд шүүхийн 2017 оны 509 дүгээр тогтоолоор эцэслэн шийдвэрлэсэн...тул Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.6-д заасны дагуу нэхэмжлэлийг бүхэлд нь хүлээн авахаас татгалзах үндэслэлтэй...” гэж тус тус маргаж байна.
Нэг. Байгаль орчин, аялал жуулчлалын яамны Тусгай хамгаалалттай нутгийн удирдлагын газрын дарга Г.Эрдэнэчимэгийн “ЧДЧГ” ХХК-д олгосон газрын давхцалыг арилгаж гэрчилгээний хугацааг 2017 оны 11 дүгээр сарын 07-ны өдөр хүртэл сунгасан захиргааны үйл ажиллагааг тус тус илт хууль бус болохыг тогтоолгох шаардлагын тухайд:
Нэхэмжлэгчээс уг шаардлагын үндэслэлээ “...2007 онд олгогдсон 497 дугаар гэрчилгээтэй маргаагүй, харин 2013 оны 9 дүгээр сарын 16-ны өдөр “ЧДЧГ” ХХК-ийн газар ашиглах эрхийг сунгасан захиргааны үйл ажиллагаа илт хууль бус, энэ хууль бус үйл ажиллагааны улмаас нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдсөн...” гэж тодорхойлон маргав.
Хэрэгт цугларсан нотлох баримтуудаас үзвэл “Монголтур рисорт” ХХК-д Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2018 оны 3 дугаар сарын 14-ний өдрийн А/60 дугаар тушаалаар Богдхан уулын дархан цаазат Залаатын амны хязгаарлалтын бүсэд аялал жуулчлалын зориулалтаар 2,13 га газрыг ашиглах эрхийн 0171066 дугаар гэрчилгээг 2018 оны 6 дугаар сарын 06-ны өдөр олгосон, уг гэрчилгээг үндэслэн Баянзүрх дүүргийн Засаг дарга Т.Баясах, Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргааны дарга Ц.Дуламсүрэн нартай “Газар ашиглах тухай” гэрээг 2023 оны 3 дугаар сарын 14-ний өдөр хүртэлх хугацаагаар байгуулсан,
“ЧДЧГ” ХХК нь 2007 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийн, Байгаль орчны яамны Тусгай хамгаалалттай нутгийн удирдлагын газрын дарга А.Намхайгаас олгосон Улсын тусгай хамгаалалттай нутаг дэвсгэрт газар ашиглах 497 дугаар гэрчилгээгээр Богдхан уулын дархан цаазат Зуун модны аманд аялал жуулчлалын зориулалтаар А Б С гэсэн 3 тусдаа байршилд байх 3,0 га газар ашиглах эрх олгогдсон,
Байгаль орчин, аялал жуулчлалын яамны Тусгай хамгаалалттай нутгийн удирдлагын газрын дарга Г.Эрдэнэчимэг 2013 оны 9 дүгээр сарын 16-ны өдөр “ЧДЧГ” ХХК-д олгосон 3 тусдаа байршил бүхий газрыг нэгтгэж тус компанийн газар ашиглах гэрчилгээний хугацааг 2017 оны 11 дүгээр сарын 07-ны өдөр хүртэл сунгасан,
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 6 дугаар сарын 19-ний өдрийн 128/ШШ2017/0490 шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 9 дүгээр сарын 13-ны өдрийн 211/МА2017/0665 дугаар магадлал, Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн шүүх хуралдааны 2017 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн 509 дүгээр тогтоолоор “ЧДЧГ” ХХК-ийн нэхэмжлэлтэй, Байгаль орчин аялал жуулчлалын яаманд холбогдох хэргийг эцэслэн шийдвэрлэсэн,
уг хэргийн гуравдагч этгээд “Монголтур рисорт” ХХК-иас “Улсын тусгай хамгаалалттай нутаг дэвсгэрт газар ашиглах 497 дугаар гэрчилгээг илт хууль бусад тооцуулах” бие даасан шаардлага гаргасныг шүүх хүлээн авахаас татгалзаж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосон,
Дээрхи шийдвэрүүдийг үндэслэн “Шүүхийн шийдвэр биелүүлэх тухай” Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2018 оны 3 дугаар сарын 14-ний өдрийн А/60 дугаар тушаал гаргасан,
Нэхэмжлэгч “Монголтур рисорт” ХХК-иас Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд хандаж “Улсын тусгай хамгаалалттай нутаг дэвсгэрт газар ашиглах 497 дугаар гэрчилгээг илт хууль бусад тооцуулах”-аар гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг тус шүүхийн шүүгчийн 2020 оны 5 дугаар сарын 26-ны өдрийн 128/ШЗ2020/4008 дугаар захирамжаар хүлээн авахаас татгалзаж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн,
Уг захирамжийг Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 6 дугаар сарын 18-ны өдрийн 488 дугаар тогтоолоор хэвээр үлдээж шийдвэрлэсэн, эдгээр шийдвэр захирамж тогтоолууд хуулийн хүчин төгөлдөр болсон үйл баримтууд тус тус тогтоогдож байна.
Байгаль орчин, аялал жуулчлалын яамны Тусгай хамгаалалттай нутгийн удирдлагын газрын дарга Г.Эрдэнэчимэгээс, “ЧДЧГ” ХХК-д олгосон 3 тусдаа байршил бүхий газрыг нэгтгэсэн болон тус компанийн газар ашиглах гэрчилгээний хугацааг 2017 оны 11 дүгээр сарын 07-ны өдөр хүртэл сунгасан 2013 оны 9 дүгээр сарын үйл ажиллагааг тус тус илт хууль бус болохыг тогтоолгох нэхэмжлэлийн шаардлагыг Хариуцагч Байгаль орчин, аялал жуулчлалын яам болон гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нар дээр дурдсан үндэслэлээр буюу “шүүх өмнө нь шийдсэн, тухайн шийдвэрүүд нь хуулийн хүчин төгөлдөр байгаа тул хүлээн авах боломжгүй” гэж маргаж байх боловч шүүх тухайн нэхэмжлэлийн шаардлагыг Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.6-д заасан үндэслэлд хамаарахгүй тул хүлээн авахаас татгалзах хууль зүйн үндэслэлгүй гэж дүгнэв.
Учир нь дээр дурдсан хүчин төгөлдөр шүүхийн шийдвэр магадлал тогтоолд “ЧДЧГ” ХХК нь Богдхан уулын дархан цаазат газрын хязгаарлалтын бүсэд 3,0 га газар ашиглах эрхтэйг дүгнэж эцэслэн шийдвэрлэсэн, энэ талаар нэхэмжлэгч маргахгүй байх бөгөөд харин Тусгай хамгаалалттай нутгийн удирдлагын газрын дарга Г.Эрдэнэчимэг 2013 оны 9 дүгээр сарын 16-ны өдөр, “ЧДЧГ” ХХК-д олгогдсон 3 тусдаа байршил бүхий 1,0 га газруудыг байршлын хувьд нэгтгэсэн болон “ЧДЧГ” ХХК-ийн газар ашиглах гэрчилгээний хугацааг 2017 оны 11 дүгээр сарын 07-ны өдөр хүртэл сунгасан үйл ажиллагааны улмаас нэхэмжлэгчийн газар ашиглах эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдсөн гэх үндэслэлээр эдгээр үйл ажиллагаануудыг тус тус илт хууль бус болохыг тогтоолгохоор шаарджээ.
Энэ нь шүүхээр өмнө шийдвэрлэсэн маргааны үйл баримтаас өөр, тухайлбал шүүхэд Тусгай хамгаалалттай нутгийн удирдлагын газрын дарга Г.Эрдэнэчимэгээс, “ЧДЧГ” ХХК-д олгогдсон 3 тусдаа байршил бүхий 1,0 га газруудыг байршлын хувьд нэгтгэсэн үйл ажиллагаа болон “ЧДЧГ” ХХК-ийн газар ашиглах гэрчилгээний хугацааг 2017 оны 11 дүгээр сарын 07-ны өдөр хүртэл сунгасан үйл ажиллагааны талаар маргаан үүсгээгүй, шүүх энэ талаар дүгнэж шийдвэрлээгүй тул Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.6-д заасан “нэхэмжлэлд заасан үйл баримт, захиргааны үйл ажиллагаа...-ны талаар...хуулийн хүчин төгөлдөр шийдвэр байгаа” үндэслэлд хамаарахгүй гэж шүүх дүгнэв.
Нэхэмжлэгч, захиргааны байгууллагын үйл ажиллагааг илт хууль бус болохыг тогтоолгох нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ “...ЧДЧГ ХХК-ийн газар ашиглах эрхийн гэрчилгээний хугацаа дууссан байхад сунгасан нь хууль бус, Тусгай хамгаалалттай нутгийн удирдлагын газрын даргад Сайдын тушаалгүйгээр гэрчилгээний хугацааг сунгах, газрын байршлыг тогтоох эрх олгогдоогүй...” гэж тодорхойлон маргав.
Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1-д “Тусгай хамгаалалттай газар нутгийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага нь дараах бүрэн эрхийг хэрэгжүүлнэ”, 1/ тусгай хамгаалалттай газар нутгийн талаарх төрийн бодлого, хууль тогтоомжийг хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулах, 9/ тусгай хамгаалалттай газар нутгийн зөвшөөрөгдсөн бүсэд тодорхой зориулалтаар ашиглаж болох газар, түүний хэмжээ, ашиглах журам...ыг тогтоох, 36 дугаар зүйлд “Газар ашиглуулах тухай шийдвэр гаргах”, мөн хуулийн 36.1-д “Төрийн захиргааны төв байгууллага нь дархан цаазат газрын болон байгалийн цогцолборт газрын хязгаарлалтын бүс, байгалийн нөөц газар, дурсгалт газраас иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад газар ашиглуулах тухай шийдвэрийг хамгаалалтын захиргаа болон сум, дүүргийн Засаг даргын саналыг үндэслэн гаргана” гэж тус тус заажээ.
Хуулийн дээрхи заалтуудаас үзвэл Богдхан уулын дархан цаазат газрын хязгаарлалтын бүсэд ашиглаж болох газар, түүний хэмжээ, ашиглах журмыг Тусгай хамгаалалттай газар нутгийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага болохын хувьд Байгаль орчин аялал жуулчлалын сайд тогтоох эрхтэй, түүнчлэн уг хуулийн 30 дугаар зүйлийн “Дархан цаазат газар, байгалийн цогцолборт газрын хамгаалалтын захиргааны үйл ажиллагаа” хэсэгт зааснаас үзвэл Байгаль орчин аялал жуулчлалын сайдын шийдвэрээр хуулийн этгээдэд ашиглуулахаар нэгэнт олгосон газрын байршлыг өөрчлөн тогтоох эрх хэмжээ Тусгай хамгаалалттай нутгийн удирдлагын газрын даргад /Г.Эрдэнэчимэгт/ олгогдоогүй байна.
Өөрөөр хэлбэл тусгай хамгаалалттай газар нутгийн хязгаарлалтын бүсэд газар ашиглах эрх олгох, эрхийн гэрчилгээний хугацааг сунгах, газрын байршлыг өөрчлөн тогтоох шийдвэрийг тухайн бүс нутгийн хамгаалалтын захиргааны саналыг үндэслэн Байгаль орчин аялал жуулчлалын сайд гаргахаар хуульчилсан, Байгаль орчин аялал жуулчлалын сайдаас ийм шийдвэр гараагүй байхад тус яамны Тусгай хамгаалалттай нутгийн удирдлагын газрын дарга Г.Эрдэнэчимэгээс, “ЧДЧГ” ХХК-д олгосон 3 тусдаа байршил бүхий 1,0 га газруудыг нэгтгэсэн болон тус компанийн газар ашиглах эрхийн гэрчилгээний хугацааг сунгасан үйл ажиллагаа нь бүхэлдээ илт хууль бус.
Иймд Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1-д “дараахь тохиолдолд захиргааны акт илт хууль бус болно” гэж, 47.1.3-д “тухайн захиргааны актыг гаргах эрхгүй этгээд гаргасан” гэж тус тус заасан тул энэ үндэслэлээр Тусгай хамгаалалттай нутгийн удирдлагын газрын дарга Г.Эрдэнэчимэгийн, 2013 оны 9 дүгээр сарын 16-ны өдөр “ЧДЧГ” ХХК-д олгосон 3 тусдаа байршил бүхий 1,0 га газруудыг нэгтгэсэн болон тус компанийн газар ашиглах гэрчилгээний хугацааг 2017 оны 11 дүгээр сарын 07-ны өдөр хүртэл сунгасан үйл ажиллагааг илт хууль бус болохыг тогтоох хууль зүйн үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.
Хоёр. Байгаль орчин, аялал жуулчлалын Сайдын 2018 оны 3 дугаар сарын 14-ний өдрийн А-60 дугаар тушаалын нэг дэх заалтын “ЧДЧГ” ХХК-д холбогдох хэсгийг илт хууль бус болохыг тогтоолгох нэхэмжлэлийн шаардлагын тухайд:
Байгаль орчин, аялал жуулчлалын Сайдын 2018 оны 3 дугаар сарын 14-ний өдрийн А-60 дугаар бүхий “Шүүхийн шийдвэр биелүүлэх” тухай тушаалаар Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.2 дахь хэсэг, Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1, 36 дугаар зүйлийн 36.1, 36.5 дахь хэсэг, Монгол Улсын Дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдааны 2017 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн 509 дүгээр тогтоол, Захиргааны хэргийн Давж заалдах шатны шүүхийн 2017 оны 9 дүгээр сарын 13-ны өдрийн 221/МА2017/0665 дугаар магадлалыг тус тус үндэслэн нэг дэх заалтаар Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын сайдын 2015 оны 6 дугаар сарын 16-ны өдрийн А-236 дугаар тушаалын хавсралтын 1 дэх заалтын “ЧДЧГ” ХХК-д хамаарах 3,0 га газрын эрхийг шүүхийн шийдвэрийн дагуу сэргээж, Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын сайдын 2015 оны 8 дугаар сарын 05-ны өдрийн А/321 дүгээр тушаалын хавсралтын 13 дахь заалтын “Монголтур рисорт” ХХК-д холбогдох хэсэг, Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2016 оны 8 дугаар сарын 24-ний өдрийн А/12 тоот тушаалыг бүхэлд нь хүчингүй болгож “Монголтур рисорт” ХХК-д 2.13 га газрыг Богдхан уулын дархан цаазат газрын Хүрхрээгийн аманд олгохоор шийдвэрлэжээ.
Гэтэл маргаан бүхий захиргааны акт болох Сайдын тушаал нь дээрхи шүүхийн шийдвэрийг биелүүлж гарсан боловч илт хууль бус захиргааны үйл ажиллагаанд өөрөөр хэлбэл захиргааны акт гаргах эрхгүй этгээд болох Тусгай хамгаалалттай нутгийн удирдлагын газрын дарга Г.Эрдэнэчимэгийн илт хууль бус үйл ажиллагаагаар “ЧДЧГ” ХХК-ийн газрын байршлыг нэгтгэсэн хэмжээгээр сэргээсэн байх тул уг тушаалын “ЧДЧГ” ХХК-д холбогдох хэсгийг илт хууль бусад тооцох хууль зүйн үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.
Гурав. “Монголтур рисорт” ХХК-ийн 2015 оны 8 дугаар сарын 05-ны өдрийн 2015/560 дугаар газар ашиглах гэрчилгээний дагуу эзэмшиж байсан 5,2 га талбай бүхий газар ашиглах эрх сэргээхийг Байгаль орчин, аялал жуулчлалын сайдад даалгах нэхэмжлэлийн шаардлагын тухайд:
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 6 дугаар сарын 19-ний өдрийн 490 дүгээр шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 9 дүгээр сарын 13-ны өдрийн 665 дугаар магадлал, Улсын дээд шүүхийн 2017 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн 509 дугаар тогтоолоор “ЧДЧГ” ХХК-ийн эзэмшиж байсан газрыг тус компанийн 497 дугаар гэрчилгээний дагуу сэргээж шийдвэрлэсэн, эдгээр үйл баримттай хэргийн оролцогчид маргаагүй.
Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.2 дахь хэсэгт “Илт хууль бус захиргааны акт гарсан цагаасаа эхлэн эрх зүйн үйлчлэлгүй байна” гэж заасан, түүнчлэн шүүхийн энэ шийдвэрээр “ЧДЧГ” ХХК-ийн ашиглах эрх бүхий 3 өөр байршил бүхий газрыг нэгтгэсэн болон гэрчилгээний хугацааг сунгасан хариуцагч захиргааны байгууллагын үйл ажиллагааг илт хууль бус болохыг тогтоосноор “Монголтур рисорт” ХХК-ийн 2015 оны 8 дугаар сарын 05-ны өдрийн 2015560 дугаар газар ашиглах гэрчилгээний дагуу хууль ёсоор эзэмшиж байсан газрын эрхийг сэргээхийг даалгаж шийдвэрлэх хууль зүйн үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.
Өөрөөр хэлбэл, “ЧДЧГ” ХХК-ийн ашиглах эрх бүхий 3,0 га газрын байршлыг А Б С талбайгаар тогтоож нэхэмжлэгч болон гуравдагч этгээдийн ашиглах эрх бүхий газрын давхцалыг арилган “Монголтур рисорт” ХХК-ийн 2015 оны 8 дугаар сарын 05-ны өдрийн 2015/560 дугаар газар ашиглах гэрчилгээний дагуу эзэмшиж байсан 5,2 га талбай бүхий газар ашиглах эрх сэргээхийг Байгаль орчин, аялал жуулчлалын сайдад даалгах нь зүйтэй.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3, 106.3.12-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 27 дугаар зүйлийн 9, Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.3-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч “Монгол тур ресорт” ХХК-иас гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, “ Байгаль орчин, аялал жуулчлалын Сайдын 2018 оны 3 дугаар сарын 14-ний өдрийн А-60 дугаар тушаалын нэг дэх заалтын “ЧДЧГ” ХХК-д холбогдох хэсгийг илт хууль бус болохыг тогтоож, Тусгай хамгаалалттай нутгийн удирдлагын газрын дарга Г.Эрдэнэчимэгийн ЧДЧГ ХХК-д олгосон газрын давхцлыг арилгаж гэрчилгээний хугацааг 2017 оны 11 дүгээр сарын 07-ны өдөр хүртэл сунгасан захиргааны үйл ажиллагааг тус тус илт хууль бус болохыг тогтоож “Монгол тур ресорт” ХХК-ийн 2015 оны 8 дугаар сарын 05-ны өдрийн 2015/560 дугаар газар ашиглах гэрчилгээний дагуу эзэмшиж байсан 5,2 га талбай бүхий газар ашиглах эрхийг сэргээхийг Байгаль орчин, аялал жуулчлалын сайдад даалгасугай.
2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс төлсөн 70200 (далан мянга хоёр зуун) төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Байгаль орчин, аялал жуулчлалын сайдаас 35,100 төгрөгийг, хариуцагч Байгаль орчин, аялал жуулчлалын яамны тусгай хамгаалалттай нутгийн удирдлагын газраас 35,100 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгчид буцаан олгосугай.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д заасны дагуу хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч өмгөөлөгч энэхүү шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Н.ДУЛАМСҮРЭН