Хөвсгөл аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 11 сарын 03 өдөр

Дугаар 00283

 

 

 

 

 

  2017         11              03                                             283        

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хөвсгөл аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч М.Эрдэнэ-Очир даргалж,

Нарийн бичгийн дарга Х.Золжаргал,

Улсын яллагч П.Итгэл,

Шүүгдэгч М.М,

Шүүгдэгчийн өмгөөлөгч Л.Цогтбаяр нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар Аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн М.М-д холбогдох эрүүгийн 1738000000080 дугаар хэргийг 2017 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол улсын иргэн,  М.М, 1981 оны 01 дүгээр сарын 29-ний өдөр Хөвсгөл аймгийн Жаргалант суманд төрсөн, 36 настай, эрэгтэй, боловсролгүй, мэргэжилгүй, малчин, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт Хөвсгөл аймгийн Мөрөн сумын .................. оршин суух, урьд ял шийтгэлгүй, регистрийн ..................дугаартай,

Шүүгдэгч М.М нь 2017 оны 09 дүгээр сарын 17-ны өдөр Хөвсгөл аймгийн Жаргалант сумаас Мөрөн сум руу өөрийн эзэмшлийн 63-55 ХӨВ улсын дугаартай Хьюндай Маяти маркийн автомашинаар гарал үүслийн гэрчилгээгүй, мод бэлтгэх эрхийн бичигт заасан хэмжээг хэтрүүлэн мод тээвэрлэж явсан гэмт хэргийг үйлдсэнд холбогджээ.

Шүүхийн хэлэлцүүлгээр яллах, цагаатгах болон бусад нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгч М.М нь 2017 оны 09 дүгээр сарын 17-ны өдөр Хөвсгөл аймгийн Жаргалант сумаас Мөрөн сум руу өөрийн эзэмшлийн 63-55 ХӨВ улсын дугаартай Mighty маркийн автомашинаар гарал үүслийн гэрчилгээгүй, мод бэлтгэх эрхийн бичигт заасан хэмжээг хэтрүүлэн мод бэлтгэж, тээвэрлэж явсан гэм буруутай болох нь хэрэгт авагдсан дараах нотлох баримтуудаар тогтоогдож байна. Үүнд:

Шүүгдэгч М.М-ийн мөрдөн байцаалтын болон шүүхийн хэлэлцүүлгийн шатанд өгсөн: “2017 оны 09-р сарын 14-ний өдөр би Хөвсгөл аймгийн Мөрөн сумаас өөрийн 96-55 ХӨА улсын дугаартай Маяти маркийн тээврийн хэрэгслээр өвс ачиж Жаргалант сум орсон. Ингээд маргааш нь буюу 2017 оны 09-р сарын 15-ны өдөр Жаргалант сумаас Мөрөнгийн төв рүү явахаар болоод хоосон явж байхаар мод ачаад оръё гэж аавтай ярилцаад аав мод бэлтгэх эрхийн бичиг болон гарал үүслийн бичиг авахаар Жаргалант сумын ой хамгаалагч нартай уулзахаар явсан. Ингээд аав буцаж ирэхдээ сумын байгаль хамгаалагчийн нэг нь ээлжийн амралттай, нэг нь өвчний чөлөөтэй байгаа гээд гэрээт байгаль хамгаалагч Пүрэвдорж гэх хүнээс мод бэлтгэх эрхийн бичгээ авчих, харин гарал үүслийн бичиг нь дуусчихсан, гайгүй байх хяналт шалгалт таарвал надтай яриулаарай гээд утасныхаа дугаарыг нэртэйгээ эрхийн бичиг дээрээ бичиж өгсөн байсан. Тэгээд би түүнд найдаад 2017 оны 09-р сарын 17-ны өдөр модоо ачиж орж байгаад хяналт шалгалттай таараад намайг гарал үүслийн бичиггүй мод тээвэрлэсэн гээд тээврийн хэрэгслийг маань түр саатуулсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 43 дугаар хуудас/,

Хохирогч Б.Ундармаагийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “Жаргалант сумын Засаг даргын үүргийн дагуу тухайн Байгаль орчны эсрэг гэмт хэрэг дээр сумын Засаг даргын Тамгын газрын өмнөөс хохирогчоор тогтоосон. Экологи эдийн засгийн үнэлгээг тогтоосон үнэлгээгээр хохирлоо нэхэмжилж байна...” гэх мэдүүлэг /хх-ийн 18 дугаар хуудас/,

Гэрч Д.Отгонхуягийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “2017 оны 09 дүгээр сарын 17-ны өдөр би албан үүргээ гүйцэтгэн Аймгийн Мэргэжлийн хяналтын газрын архивын ажилтан Очирсүх, Эрүүл ахуйн байцаагч Уранчимэг нарын хамт Хилэнтийн гүүрэн дээр эргүүл хийж 24 цагийн хугацаагаар гарч ажилласан. Эргүүлийн үүрэг гүйцэтгэн ажиллах хугацаанд Mighty маркийн 96-55 ХӨА улсын дугаартай тээврийн хэрэгсэлд мод ачсан байхаар нь уг тээврийн хэрэгслийг зогсоож шалгахад жолооч Магсаржаламын Мөнх-Эрдэнэ нь түлээний модыг гарал үүслийн бичиггүйгээр тээвэрлэж явсан зөрчилтэй байсан тул тээврийн хэрэгсэл түр саатуулах байранд тээврийн хэрэгслийг саатуулан уг зөрчлийн талаар Цагдаагийн газрын рапортад оруулсан. Жолооч М.Мөнх-Эрдэнийн жолооны үнэмлэх болон тээврийн хэрэгслийн гэрчилгээ, 0118413 дугаар бүхий мод бэлтгэх эрхийн бичгийн хамт тухайн үед жижүүрт гарч ажиллаж байсан хариуцлагатай зохицуулагч хошууч Батсайханд хүлээлгэн өгсөн...” гэх мэдүүлэг /хх-ийн 21-22 дугаар хуудас/,

Гэрч Г.Бямбасүрэнгийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “2017 оны 09-р сарын 15-ны өдөр байсан. Намайг Хөвсгөл аймгийн Жаргалант сумын төвд ажил дээрээ байж байхад манай нутгийн Дамба гэх хүн миний ажлын өрөөнд ирээд манай хүүхэд Мөрөнгөөс өвс ачиж Жаргалант суманд ирсэн юм. Буцаж Мөрөн рүү явахдаа түлээ ачиж орох гэсэн юм гэхээр нь би ямар машинаар түлээ ачиж орох гэж байгаа юм бэ гэж асуухад портер шиг машин гэж байсан ба би тэр хүнд та машинаар түлээ ачиж орох гэж байгаа бол гарал үүслийн бичиг, мод бэлтгэх эрхийн бичиг авах ёстой. Одоогоор манай байгаль хамгаалагч нарын нэг нь өвчтэй, нэг нь ээлжийн амралттай байгаа учраас гарал үүслийн бичиг бичих хүн байхгүй. Та гэрээт байгаль хамгаалагч Пүрэвдоржоор мод бэлтгэх эрхийн бичгээ бичүүлээд авчих, тэгээд манай ээлжийн амралттай байгаа байгаль хамгаалагчийн гэрт нь очоод үз гэж хэлсэн. Тэгээд тэр хүмүүс явсан бөгөөд хэсэг хугацааны дараа над руу залгаад танай байгаль хамгаалагч гэртээ байхгүй рашаанд явчихсан байна гэсэн. Тэгээд би тэр хүнээс та нар яг хэзээ Мөрөн рүү явах гээд байгаа юм бэ гэхэд өнөөдөр л явна, Мөрөнд ажилтай гээд байсан. Би тэр хүмүүст та нар гарал үүслийн бичиггүй Мөрөнгийн төв рүү явж болохгүй постонд байгаа хүмүүс шалгаад та нарыг саатуулна гэдгийг нь хэлсэн. Тэгээд тэр хүн манай ажил дээр дахин ирээд намайг тодорхойлолт бичээд өгөөч гээд гуйгаад байсан, би тэр хүнд тодорхойлолт бичиж өгч болохгүй эрхийн бичиг нь гарал үүслийн бичигтэйгээ хамт байх ёстой. Би өөрийн дугаараа л өгье гэж хэлээд утасныхаа дугаарыг өгсөн. Ингээд 2017 оны 09-р сарын 17-ны оройн 23 цагийн орчимд Хилэнтийн гүүрэн дээр постонд гарч байсан мэргэжлийн хяналтын ажилтан гэх нэрийг нь мэдэхгүй хүн миний утас руу залгаад танай сумаас Маяти маркийн тээврийн хэрэгсэлтэй хүн мод тээвэрлэх гарал үүслийн бичиггүй явна гэсэн. Тухайн үед би Маяти маркийн тээврийн хэрэгсэлтэй хүн мод бэлтгэх эрхийн бичиг болон гарал үүслийн бичиг аваагүй гэдгийг хэлсэн...” гэх мэдүүлэг /хх-ийн 24 дүгээр хуудас/,

Мод бэлтгэх эрхийн бичиг /хх-ийн 5 дугаар хуудас/,

Эд хөрөнгө битүүмжлэх тухай тогтоол /хх-ийн 8-9 дүгээр хуудас/,

Эд хөрөнгө битүүмжилсан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 10-12 дугаар хуудас/,

Эд мөрийн баримтаар тооцох тухай тогтоол /хх-ийн 13 дугаар хуудас/,

Эд мөрийн баримтыг хураан авах тухай прокурорын зөвшөөрөл /хх-ийн 15 дугаар хуудас/,

Эд мөрийн баримт хураан авсан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 16-17 дугаар хуудас/,

Бөөрөнхий модон материалын хэмжилтийн хүснэгт /хх-ийн 33 дугаар хуудас/,

Хөвсгөл аймгийн Дэлгэрмөрөн сум дундын ойн ангийн 2017 оны 10 дугаар сарын 04-ний өдрийн шинжээчийн:

  1. Иргэн бэлтгэсэн мод нь 8.7 м3 хэмжээтэй хуурай шинэс мод байна. Уг модонд хэмжилт хийж хүснэгтийг хавсаргав.
  2. Иргэн М.М нь Ойн тухай хуулийн 34-р зүйлийн 34.1-д заасны дагуу “Ойгоос мод бэлтгэх эрхийн бичиг” байгаль хамгаалагчаас авсан боловч мод тээвэрлэхдээ мод, модон материалын гарал үүслийн гэрчилгээ аваагүй байгаа нь БОНХСайдын 2013 оны 05 дугаар сарын 15-ны өдрийн А/153 дугаар тушаалын 1 дүгээр хавсралтын 6.6 дахь хэсэгт /гарал үүслийн гэрчилгээгүй, гэрчилгээг баталгаажуулаагүй, дамжин өнгөрөх хяналтын цэгт бүртгүүлээгүй, хугацаа хэтэрсэн зэрэг зөрчилтэй мод, модон материалыг зөвшөөрөлгүй бэлтгэсэн, тээвэрлэсэн гэж үзнэ./ гэсэн заалтыг, “Ойн тухай хууль”-ийн 35 дугаар зүйлийн 35.4.1 дэх заалт /гэрээ, зөвшөөрлийн баримт бичигт заасан тоо хэмжээ хэтрүүлсэн, төрөл, зориулалт, бэлтгэх арга технологийг зөрчиж мод бэлтгэсэн/-ыг тус тус зөрчиж мод бэлтгэсэн байна.
  3. М.М-ийн бэлтгэсэн модны экологи эдийн засгийн үнэлгээ 522.000 төгрөг,
  4. М.М-ийн бэлтгэсэн модонд “Байгаль орчин, аялал жуулчлалын сайд”-ын 2009 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн 394 дүгээр тушаалын 1 дүгээр хавсралтыг үндэслэн “Ойн сангийн нэг шоометр модны экологи-эдийн засгийн үнэлгээ” тооцох аргачлалаар тооцсон.
  5. М.М нь мод бэлтгэхдээ авсан 011813 дугаартай эрхийн бичиг нь 4м3 хэмжээтэй, бэлтгэж тээвэрлэсэн мод нь 8.7м3  хэмжээтэй буюу 4.7м3 –ээр хэтрүүлэн бэлтгэсэн байна.
  6. Жаргалант сумын байгаль орчны хяналтын улсын байцаагч, байгаль хамгаалагч нар нь Ойн тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 1 дэх заалт /Аймаг, нийслэлийн ИТХ-аас тогтоосон хэмжээнд багтаан ойн анги /байхгүй бол сум дүүргийн эрх бүхий албан тушаалтан/ иргэн, ойн нөхөрлөл, аж ахуйн нэгж, ойн мэргэжлийн байгууллагад мод бэлтгэх эрхийн, гарал үүслийн гэрчилгээг олгоно./-ыг, Байгаль орчны хамгаалах тухай хуулийн 27, 28 дугаар зүйлд заасан эрх, үүргээ хангалтгүй биелүүлсэн нь иргэн хууль зөрчихөд хүргэсэн байна гэх дүгнэлт /хх-ийн 34-35 дугаар хуудас/,

Ц.Эрдэнэчимэгийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “Ойн тухай хуульд заасны дагуу сумын байгаль орчны хяналтын улсын байцаагч, байгаль хамгаалагч нар нь мод бэлтгэх эрхийн бичиг олгоод түүндээ хяналт тавьж эрхийн бичигт заагдсан хэмжээнд зөвшөөрөгдсөн газраас мод бэлтгэж байна уу гэдэгт хяналт тавьж байх ёстой. Цэвэрлэгээний журмаар иргэний бэлтгэж авах модыг хаанаас бэлтгэж авахыг нь зааж өгөх ёстой. Гэтэл иргэн М-ийн бэлтгэсэн модонд байгаль орчны хяналтын улсын байцаагч, байгаль хамгаалагч нарт хяналт тавиагүй учраас иргэн эрхийн бичигт заасан хэмжээнээс хэтрүүлж мод бэлтгэсэн байсан. Мөн М.М гэх хүнийг мод бэлтгэж машиндаа ачаад Мөрөн рүү явна гэж байхад эрхийн бичиг өгөөд гарал үүслийн бичиг байгаль хамгаалагч байхгүй байна гэж хэлээд өгөлгүй Жаргалант сумын байгаль орчны улсын байцаагч нь эрхийн бичиг дээр нь өөрийн нэр болон утасны дугаарыг бичээд хяналт шалгалт таарвал надтай яриулаарай гэж хэлээд явуулсан байсан. Эдгээрийг би үндэслэж байгаль орчны улсын байцаагч, байгаль хамгаалагч нарыг Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 27, 28 дугаар зүйлд заасан эрх үүргээ хангалтгүй биелүүлсэн гэж үзэж байгаа юм...” гэх мэдүүлэг /хх-ийн 39 дүгээр хуудас/,

Тээврийн хэрэгслийн гэрчилгээний хуулбар /хх-ийн 54-55 дугаар хуудас/,

Эд зүйлийн үнэлгээ /хх-ийн 59 дүгээр хуудас/ зэрэг болно.

Дээрх нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх тул хэргийг шийдвэрлэхэд хамааралтай, ач холбогдолтой гэж үнэллээ.

Шүүгдэгч М.М нь хууль бусаар мод бэлтгэх гэмт хэрэг үйлдсэн нь нотлогдсон, гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн, прокурорын сонсгосон ял, эрүүгийн хариуцлагын төрөл хэмжээг зөвшөөрч, үүнээс үүсэх үр дагаврыг ойлгосон тул прокуророос Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасны дагуу хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх тухай тогтоол гарган, яллах дүгнэлт, ялын санал үйлдэж хэргийг шүүхэд шилжүүлсэн байна.

Иймд шүүгдэгч М.М-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан зөвшөөрөлгүйгээр ойд мод бэлтгэсэн, гарал үүслийн гэрчилгээгүйгээр мод, модон материалыг бэлтгэсэн, тээвэрлэсэн гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт заасны дагуу прокурорын саналын хүрээнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна

Шүүгдэгч М.М нь урьд ял шийтгэл эдэлж байгаагүй болох нь ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 47 дугаар хуудас/-аар тогтоогдож байна.

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдэж учруулсан хохирлыг нөхөн төлсөнг ял хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцов. Ял хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна.

Шүүгдэгч нь хохирол 522.000 /таван зуун хорин хоёр мянга/ төгрөгийг төлж барагдуулсан баримт /хх-ийн 65-66 дугаар хуудас/ байх тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 116 см урттай, дундаж нь 23 см диаметртэй, 23 ширхэг, нийт 8.7м3 эзлэхүүнтэй хуурай модыг улсын төсөвт шилжүүлэхийг эрх бүхий байгууллагад даалгах нь  зүйтэй байна.

Шүүгдэгч  М.М-ийн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан, хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн, хувийн байдал зэргийг харгалзан битүүмжлэгдсэн түүний эзэмшлийн   63-55 ХӨВ улсын дугаартай /арлын дугаар KMFVA17FPYC106318, тээврийн хэрэгслийн гэрчилгээний дугаар 01375372/, Mighty маркийн ачааны автомашиныг шүүгдэгчид буцаан олгох нь зүйтэй байна.

Шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй болохыг дурдах нь зүйтэй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйл, 36.2, 36.3, 36.6, 36.7, 36.8, 36.10-т заасныг тус тус удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

  1. Шүүгдэгч М.М-ийг зөвшөөрөлгүйгээр ойд мод бэлтгэсэн, гарал үүслийн гэрчилгээгүйгээр мод, модон материалыг бэлтгэсэн, тээвэрлэсэн гэмт хэргийг үйлдсэнд гэм буруутайд тооцсугай.
  2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч М.М-ийг дөрвөн зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
  3. Ялтан нь торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг дурдсугай.
  4. Эрүүгийн хуулийн 7.5 дугаар зүйлийн 2,3, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1.1 дэх хэсэгт зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 116 см урттай, дундаж нь 23 см диаметртай, 23 ширхэг, нийт 8.7м3 эзлэхүүнтэй хуурай модыг улсын төсөвт шилжүүлэхийг эрх бүхий байгууллагад даалгасугай.
  5. Эрүүгийн хуулийн 7.5 дугаар зүйлийн 2, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.2 дугаар зүйлийн 1, 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар М.М-ийн эзэмшлийн тээврийн хэрэгслийн улсын бүртгэлд бүртгэгдсэн, 63-55 ХӨВ улсын дугаартай /арлын дугаар KMFVA17FPYC106318, тээврийн хэрэгслийн гэрчилгээний дугаар 01375372/, Mighty маркийн ачааны автомашиныг шүүгдэгчид буцаан олгосугай.
  6. Эрүүгийн 1738000000080 дугаартай хэрэгт шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.
  7. Шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба давж заалдах гомдол эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч М.М-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
  8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор ялтан, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                                   М.ЭРДЭНЭ-ОЧИР