Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 05 сарын 03 өдөр

Дугаар 2022/ДШМ/465

 

 

Г.Бад холбогдох

эрүүгийн хэргийн тухай

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ж.Эрдэнэчимэг даргалж, шүүгч О.Чулуунцэцэг, Б.Ариунхишиг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

Прокурор М.Отгонбаатар,

шүүгдэгч Г.Б, түүний өмгөөлөгч Ч.Болдбаатар,

нарийн бичгийн дарга Ө.Бишрэлт нарыг оролцуулан,

Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Х.Идэр даргалж хийсэн шүүх хуралдааны 2022 оны 3 дугаар сарын 25-ны өдрийн 2022/ШЦТ/315 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгчийн өмгөөлөгч Ч.Болдбаатарын гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн Г.Бад холбогдох эрүүгийн 22 дугаартай хэргийг 2022 оны 4 дүгээр сарын 26-ны өдөр хүлээн авч, шүүгч Б.Ариунхишигийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Г.Б, 

Шүүгдэгч Г.Б нь 2022 оны 02 дугаар сарын 06-ны өдөр Сүхбаатар дүүргийн 10 дугаар хорооны нутаг дэвсгэрт орших “Ампер” хаусны урд талын зам дээр иргэн М.Э“такси үйлчилгээ үзүүлэхдээ буруу чиглэл рүү эргэлээ” гэх үл ялих зүйлээр шалтаглан маргалдан зодож, түүний биед “баруун дээд соёо шүдний булгарал, доод үүдэн 1, 2 шүдний сулрал, доод уруулын дотор салстад цус хуралт” бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ. 

Сүхбаатар дүүргийн прокурорын газраас: Г.Бын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Шүүгдэгч Г.Быг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Бад 300 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Б нь шүүхээс оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийг ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг сануулж, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 1, 510 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Баас 30.000 төгрөгийг гаргуулж, хохирогч Батнууд олгож, хохирогч М.Э нь өөрт учирсан гэм хорын хохирол, хор уршгийн бусад зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар гэм буруутай этгээд болох Г.Баас жич нэхэмжлэх эрхтэй болохыг дурдаж, шүүгдэгч Г.Б нь хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэжээ.

Шүүгдэгчийн өмгөөлөгч Ч.Болдбаатар давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Миний үйлчлүүлэгч Г.Быг Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 03 дугаар сарын 25-ны өдрийн 2022/ШЦТ/315 шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэгт гэм буруутайд тооцон, 300 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэл оногдуулсныг доорхи үндэслэлээр үл зөвшөөрч, энэхүү гомдлыг гаргаж байна. Үүнд:

Шийтгэх тогтоолын үндэслэх хэсэгт ” ...шүүгдэгч Г.Б нь тухайн гэмт хэргийг үйлдсэнээс хойш хохирогч М.Этэй уулзаж, хохирол нөхөн төлөх талаар ямар нэгэн арга хэмжээ аваагүй, энэ талаар ямар нэгэн санал санаачлага гаргаагүй болох нь тогтоогдож байна. ...Шүүхээс шүүгдэгч Г.Бад ял шийтгэл оногдуулахдаа шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдэж гэм буруугаа хүлээн зөвшөөрч буй шүүгдэгчийн хувийн байдал, эрүүгийн хариуцлага хүлээлгэх тухай улсын яллагчийн дүгнэлт, өмгөөлөгчийн санал зэргийг тал бүрээс нь харгалзан үзээд шүүгдэгч Г.Бад 300 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэж шийдвэрлэх нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн хүнийг цээрлүүлэх гэсэн эрүүгийн хариуцлагын зорилгод нийцнэ...” гэжээ. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах ” гэсэн гэмт хэрэгт оногдуулах хуулийн хариуцлага нь торгууль, нийтэд тустай ажил хийлгэх, зорчих эрх хязгаарлах гэсэн сонголтуудаас шүүх “нийтэд тустай ажил хийлгэх” ял шийтгэл оногдуулсан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна.” гэсэн хуулийн заалттай нийцээгүй, ял шийтгэл нь хүндэдсэн гэж үзэж байна. Учир нь, шүүгдэгч Г.Б нь шүүхийн хэлэлцүүлэгт “гэм буруу”-гийн асуудлаар маргаагүй бөгөөд хийсэн хэргээ хүлээн зөвшөөрч, хийсэн хэрэгтээ гэмшиж байгаагаа илэрхийлж хохирогчоос удаа дараа “уучлалт” хүссэн. Мөн мөрдөн байцаалтын шатанд гаргаж өгсөн баримтын хүрээнд хохирол болох 70.000 төгрөгийг төлсөн байсан. Хохирогч нь шүүх хуралдааны өмнө 30.000 төгрөгийн хохирлын баримт гаргаж өгснийг төлөхөө илэрхийлсэн зэрэг нөхцөл байдлыг шүүхээс шийтгэл оногдуулахдаа харгалзан үзээгүй гэж үзэж байна. Хохирогч М.Э нь шүүхэд хэрэг шилжсэний дараа хиймэл шүд хийлгэнэ гэж 4.440.000 төгрөг нэхэмжилсэн боловч, энэ талаарх баримт материалаа гаргаж өгөөгүй, гэмт хэргийн улмаас шууд хохирол гэж үзэх боломжгүй талаар шүүх дүгнэлт хийсэн боловч, шүүгдэгч Г.Быг “хохирол нөхөн төлөх талаар ямар нэгэн арга хэмжээ аваагүй” гэж дүгнэсэн нь үндэслэлгүй байна. Анхан шатны шүүх хуралдааны дараа хохирогч М.Эийн шүүхэд гаргаж өгсөн баримтыг үндэслэн 30.000 төгрөгийг төлсөн бөгөөд мөн харилцан тохиролцон 1.500.000 төгрөгийг хохирогчид төлсөн байна. Шүүхийн хэлэлцүүлэгт прокурор болон өмгөөлөгчийн зүгээс “торгууль”-ийн ял шийтгэл оногдуулах саналаа шүүхэд илэрхийлсэн байтал шүүхээс Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 2 дах хэсэгт “...эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзнэ...” гэсэн заалтыг зөрчин хөнгөрүүлэх нөхцөл байдлыг харгалзан үзэлгүйгээр “нийтэд тустай ажил хийлгэх” ял оногдуулсан нь хийсэн хэрэгт нь хүндэдсэн, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан шударга ёсны зарчимд нийцээгүй гэж үзэж байна. Шүүгдэгч Г.Бын үйлдэл нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэгт холбогдсон, мөн учирсан хохирлыг барагдуулсан, гэм буруугаа шударгаар хүлээн зөвшөөрч, хийсэн хэрэгтээ гэмшин, хохирогчоос удаа дараа “уучлалт” хүссэн зэрэг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдлыг шүүхээс ял оногдуулахдаа харгалзан үзээгүй, торгуулийн ял шийтгэл оногдуулах бүрэн боломжтой гэж үзэж байна. Г.Б нь “Премьер фүүдс” ХХК-нд ажилладаг бөгөөд тус компани нь нөөцийн мах бэлтгэдэг, хөдөө орон нутагт явж ажилладаг тул “нийтэд тустай ажил хийлгэх” ялыг торгуулийн ялаар өөрчлүүлэх хүсэлтэй байгаа юм. Иймд дээр дурдсан тайлбар үндэслэлийг харгалзан үзэж, Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 03 дугаар сарын 25-ны өдрийн 2022/ШЦТ/315 дугаартай шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж “нийтэд тустай ажил хийлгэх” ялыг торгуулийн ялаар өөрчилж өгнө үү.” гэв.

Шүүгдэгч Г.Б тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...1.500.000 төгрөгиийн хувьд М.Э ах өөрөө тийм санал гаргасан. Би М.Э ахад шүүх хуралдаан болохоос өмнө Би таны шүдийг янзлаад өгнө санаа зоволтгүй гэж хэлж байсан юм. Би шүүх хуралдаанд юу болдог талаар мэдээгүй. Би эмнэлэг дагуулаад явахад М.Э ах Ахын дүү ах нь шүд хийлгэмээргүй байна. Угаасаа ахынх нь шүд муу байсан юм. Тийм болохоор 1.500.000 төгрөг өгчих гэсэн. Тэгээд би 1.500.000 төгрөг өгсөн.” гэв. 

Прокурор М.Отгонбаатар тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Шүүгдэгч Г.Бад Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн, гэм буруутай нь нотлогдон тогтоогдсон тул нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулсан бөгөөд Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 3 дугаар сарын 25-ны өдрийн шийтгэх тогтоол хууль ёсны бөгөөд үндэслэлтэй гарсан гэж үзэж байна. Анхан шатны шүүх хуралдааны хэлэлцүүлгийн шатанд хохирогч 3 шүдээ авaхуулсан бөгөөд тэдгээр шүдээ авaхуулсантай холбоотойгоор хиймэл шүд хийлгэх шаардлагатай байгаа бөгөөд шүдээ хийлгэх боломжгүй байгаа учраас баримт бүрдүүлж чадаагүй талаараа хэлсэн. Прокурорын зүгээс гэмт хэргийн улмаас учирсан хор уршиг гэж үзээд төлүүлэх саналыг шүүхэд гаргасан бөгөөд шүүх нотлох баримтын шаардлага хангаагүй гэж үзээд иргэний журмаар жич нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээсэн. Шүүгдэгчид оногдуулсан ял түүний үйлдсэн гэмт хэргийн шинж чанарт тохирсон гэж үзэж байх тул давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож, анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү.” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

 Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар хэргийг хянан шийдвэрлэхдээ шүүгдэгчийн өмгөөлөгч Ч.Болдбаатарын гаргасан давж заалдах гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзлээ.

Хэргийн бүх ажиллагааг хянахад, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны үед болон шүүхээр хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн зөрчил тогтоогдоогүй болно.

Хавтаст хэрэгт цугларсан, анхан шатны шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг харьцуулан шинжлэн судлахад;

Шүүгдэгч Г.Б нь 2022 оны 02 дугаар сарын 06-ны өдөр Сүхбаатар дүүргийн 10 дугаар хорооны нутаг дэвсгэрт орших “Ампер” хаусны урд талын зам дээр иргэн М.Э“...такси үйлчилгээ үзүүлэхдээ буруу чиглэл рүү эргэлээ” гэх үл ялих зүйлээр шалтаглан маргалдан зодож, түүний биед “...баруун дээд соёо шүдний булгарал, доод үүдэн 1, 2 шүдний сулрал, доод уруулын дотор салстад цус хуралт” бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь:

Хохирогч М.Эийн “...би эхнэрийн хамт өөрийн эзэмшлийн приус-20 маркийн 85-04 УБВ улсын дугаартай тээврийн хэрэгсэлтэй таксинд явж байгаад 11 дүгээр хорооллын хойшоо зуун айл руу явдаг автобусны буудал дээрээс нэг залуу гар өргөхөөр нь аваад хаашаа явах юм гэсэн чинь “зүүн эргэ” гэхээр нь би гэрлэн дохио хүлээж байгаад зүүн гар тийш эргэсэн чинь “пизда чинь буруу эргэчихлээ” гээд нөгөө залуу бууя гэхээр нь буу гэсэн чинь нөгөө залуу буухдаа машины хаалгыг савсан. Тэгээд би буутал нөгөө залуу миний нүүр хэсэг рүү хоёр гараараа ээлжлээд цохьсон. Тэгэхээр нь би барьж аваад эхнэрээ цагдаа дууд гээд дуудуулсан...” /хх 14-15, 34/,

гэрч Н.Оюун-Эрдэнийн “...нөхөр Энхтөрийн хамт хүүхдийн үсний найрт орчихоод гэр рүүгээ харьж явахад 11 дүгээр хорооллын дунд хоёр залуу гараа өргөхөөр нь зогстол нэг нь нэгнийгээ суулгаж өгөөд явуулсан. Тэгсэн чинь тэр залуу “зүүн эргэ” гэхээр нь 100 айлаас Баянбүрд тал руу эргэтэл “пизда чинь буруу тийшээ эргэчихлээ” гэхээр нь нөхөр уурлаад буу гэж хэлсэн. Тэгсэн чинь тухайн залуу буухдаа машины хаалга чанга саваад буусан ба араас нь манай нөхөр буугаад яаж байгаа юм бэ гэтэл тухайн залуу шууд манай нөхрийн нүүр хэсэг рүү цохиод бас гэдэс рүү нь цохиод байсан. Би хөгжлийн бэрхшээлтэй учир бууж очоод салгаж чадахгүй байсан...” /хх 40/

 яллагдагчаар Г.Бын “...2022 оны 02 дугаар сарын 06-ны өдөр хамаатны үеэлтэйгээ 11 дүгээр хороололд байрлах Таны зоог гэх нэртэй газарт 5-6 шил шар айраг уучихаад орой 18 цаг өнгөрч байхад Сэлбэ плазагийн урд талын 11 дүгээр хорооллын зам дээрээс таксинд суугаад явсан бөгөөд тухайн машины маркийг сайн санахгүй байна. Таксинд суугаад зүүн гар тийш эргээрэй гэж хэлтэл нөгөө такси зүүн гар тал руугаа буюу Баянбүрд тал руу эргэчихээр нь би “буруу эргэчихлээ, би буулаа зогс” гэж хэлээд буусан. Тэгсэн чинь араас жолооч ах бууж ирээд зам дээр загнаад байсан. Тэгээд намайг бариад авахаар нь би гарыг нь тавиулах гээд түлхсэн бөгөөд намайг бүр боогоод байсан. Би юу болсон талаар сайн санахгүй байгаа бөгөөд миний ухаан санаа орж гараад байсан.” /хх 8-9, 24/ гэх мэдүүлгүүд,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн  2022 оны 02 дугаар сарын 08-ны өдрийн 2622 дугаартай “...М.Эийн биед баруун дээд соёо шүдний булгарал, доод үүдэн 1, 2-р шүдний сулрал, доод уруулын дотор салстад цус хуралт” бүхий хөнгөн зэргийн гэмтэл...” учирсныг тогтоосон дүгнэлт /хх 27-28/ зэрэг анхан шатны шүүхийн шүүх хуралдаанаар хэлэлцсэн нотлох баримтуудаар тус тус нотлогдон тогтоогджээ.

Дээрх нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, шүүхээс үнэлж дүгнэх боломжтой, хоорондоо зөрүүгүй байх ба гэмт хэргийн үйл баримтыг нотолж чадсан байна.

Анхан шатны шүүхээс Г.Быг “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон нь хэргийн бодит байдалтай нийцжээ.

Шүүгдэгч Г.Бын хохирогч М.Эийн биед “баруун дээд соёо шүдний булгарал, доод үүдэн 1, 2 шүдний сулрал, доод уруулын дотор салстад цус хуралт” бүхий хөнгөн хохирол учруулсан үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилсэн нь хууль зүйн үндэслэлтэй, шүүх Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэжээ.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “...Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан бол дөрвөн зуун тавин нэгжээс нэг мянга гурван зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр зуун дөчин цагаас долоон зуун хорин цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл нэг сараас гурван сар хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэнэ.” гэж энэ гэмт хэргийг үйлдсэн хүнд торгох, нийтэд тустай ажил хийлгэх болон зорчих эрхийг хязгаарлах ялын аль нэгийг сонгон ял шийтгэл оногдуулах боломжтой байдлаар хуульчилжээ.

Шүүгдэгчийн өмгөөлөгч Ч.Болдбаатар нь “...Г.Б нь  ажилладаг бөгөөд тус компани нь нөөцийн мах бэлтгэдэг, хөдөө орон нутагт явж ажилладаг тул “нийтэд тустай ажил хийлгэх” ялыг торгуулийн ялаар өөрчлүүлэх хүсэлтэй байгаа юм. Иймд дээр дурдсан тайлбар үндэслэлийг харгалзан үзэж торгох ял шийтгэл оногдуулж өгнө үү...” гэсэн агуулга бүхий давж заалдах гомдол гаргажээ.        

Анхан шатны шүүх эрх хэмжээнийхээ хүрээнд шүүгдэгч Г.Бын үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэр, хувийн байдалд тохируулан нийтэд тустай ажил хийлгэх ялыг сонгож шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлтэй байна.

Өөрөөр хэлбэл, шүүгдэгч гэм буруу дээр маргаагүй, давж заалдах шатны шүүхэд хэрэг хэлэлцэх үед хохирогчид 1.500.000 төгрөгийн хохирол төлсөнөөр хохирогч гомдол саналгүй гэх баримт /хх87-92/ хэрэгт ирүүлсэн боловч анхан шатны шүүх дээр хэлэлцэгдсэн нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт /хх45/, гэрч, яллагдагчаар мэдүүлсэн мэдүүлэг зэргээс гадна давж заалдах гомдолд дурдсан “...тус компани нь нөөцийн мах бэлтгэдэг, хөдөө орон нутагт явж ажилладаг тул нийтэд тустай ажил хийлгэх ялыг торгуулийн ялаар өөрчлүүлэх хүсэлтэйгэх талаарх нотолсон баримт хэрэгт авагдаагүй тул анхан шатны шүүхээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Быг 300 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэсэн нь шүүгдэгчийн хөрөнгө, цалин хөлс, бусад орлого олох боломжийг нь харгалзан түүний үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэр, хувийн байдалд тохирсон байна гэж дүгнэв.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна.” гэж заасан шударга ёсны зарчимд нийцүүлэн шүүгдэгч Г.Бын үйлдэлд тохирсон ял шийтгэл оногдуулсан байна гэж давж заалдах шатны шүүх дүгнэв.

Иймд Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 3 дугаар сарын 25-ны өдрийн 2022/ШЦТ/315 дугаартай шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгчийн өмгөөлөгч Ч.Болдбаатарын гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзэв. 

Харин анхан шатны шүүхийн 2022 оны 3 дугаар сарын 25-ны өдрийн 2022/ШЦТ/315 дугаартай шийтгэх тогтоолын удиртгал хэсэгт болон шүүх хуралдааны тэмдэглэлд хохирогч, шүүгдэгчийн өмгөөлөгч нарын нэрсийг бичээгүй орхигдуулсан байх тул цаашид анхаарвал зохино.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 3 дугаар сарын 25-ны өдрийн 2022/ШЦТ/315 дугаартай шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгчийн өмгөөлөгч Ч.Болдбаатарын гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.  

2. Анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсхүл дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

                                   ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                             Ж.ЭРДЭНЭЧИМЭГ

 

                                   ШҮҮГЧ                                                    О.ЧУЛУУНЦЭЦЭГ

 

                        ШҮҮГЧ                                                   Б.АРИУНХИШИГ