Сүхбаатар аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 12 сарын 19 өдөр

Дугаар 23

 


Сүхбаатар аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн иргэний шүүх хуралдааныг шүүгч О.Баатарсүх даргалж, шүүгч С.Оюунтунгалаг, Д.Байгалмаа нарын бүрэлдэхүүнтэй шүүх хуралдааны “Б” танхимд хийв.

Шүүх хуралдаанд:
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Энхцэцэг
Нарийн бичгийн дарга Э.Энхсаруул нар оролцов.

Сүхбаатар аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн 412 дугаар шийдвэрийг эс зөвшөөрч бичсэн нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Энхцэцэцэгийн давж заалдах гомдлоор Ч.Сын  “цалин 3457166 төгрөг, алданги 1249124 төгрөг, 3 сарын цалинтай тэнцэх тэтгэмж 2700000 төгрөг, нийт 7406387 төгрөг гаргуулах тухай” нэхэмжлэлтэй Сүхбаатар аймгийн “С” ОНӨААТҮГ-т холбогдох иргэний хэргийг давж заалдах шатны шүүх 2019 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр хүлээн авч, шүүгч  Д.Байгалмаагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Энхцэцэг шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний үйлчлүүлэгч Ч.С нь Сүхбаатар аймгийн С ОНӨААТҮГ-т 2017 оны 12 сарын 25-ны өдрөөс үйлдвэрлэл технологийн парк хариуцсан менежерээр томиглогдож 800.000 төгрөгийн цалинтайгаар ажиллаж байгаад 2018 оны 5 дугаар сараас цалин нь 100.000 төгрөгөөр нэмэгдэж, сард 900.000 төгрөгийн цалин авдаг болсон. Байгууллага 2019 оны 02 дугаар сараас эхлэн цалин олгоогүй ба 2019 оны 05 сарын 29-ний өдрөөр тасалбар болгон бүтцийн өөрчлөлт хийгдэж, Сүхбаатар аймгийн С ОНӨААТҮГ-ын захирлын 2019 оны 5 сарын 29-ний өдрийн 02 тоот тушаалаар ажлаас чөлөөлөгдсөн. Ийнхүү чөлөөлөхдөө Хөдөлмөрийн тухай хуулийн 42 дугаар зүйлд заасны дагуу 3 сарын цалинтай тэнцэх тэтгэмжийг олгохоор шийдвэрлэсэн боловч цалин 3.457.166 төгрөг, ажлаас халагдсаны 3 сарын цалинтай тэнцэх хэмжээний тэтгэмж 2.700.000 төгрөг зэргийг нь олгоогүй. Цалинг хугацаанд нь олгоогүй тул Хөдөлмөрийн тухай хуульд заасан хожимдуулсан хоног тутамд 0,3 хувийн алданги тооцон 1.249.124 төгрөг нэхэмжилснээ нэмэгдүүлж өнөөдрийг хүртэл цалингаа аваагүй байгаа тул 1.728.583 төгрөг, нийгмийн даатгалын шимтгэл байгууллага төлөөгүйгээс ажилгүйдлийн тэтгэмж авах боломжгүй ажилгүйдлийн тэтгэмж 1.451.893 төгрөг, бүгд 9.337.642 төгрөг нэхэмжилж байна гэв.

Хариуцагч С ОНӨААТҮГ-ын хууль ёсны төлөөлөгч захирал О.Батсайхан шүүхэд ирүүлсэн тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Ч.С 2019 оны 2 сараас 5 сарын 29-ний өдрийг дуустал цалингаа аваагүй гэж нэхэмжлэл гаргаж байгаа. Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь зөвшөөрөхгүй байна. Сын ажиллаж байсан талаар цагийн бүртгэл байдаггүй. Өөрөө энд ч ажилладаггүй Улаанбаатарт байдаг хүн. Би Стай ярьж ирээд ажлаа хүлээлгэж өгөөч гэхэд би ажилд орсон тул очиж чадахгүй гээд ирж ажлаа ч хүлээлгэж өгөөгүй. Иймд Сын ажиллаж байсан эсэх нь тодорхойгүй. Энэ хүний хийсэн ажил нь нотлогдохгүй, ажлын үр дүн, бүтээмж харагдахгүй байгаа. Энэ байгууллага бол аж ахуйн тооцоон дээр ажиллаж өөрсдийн цалин хөлсийг өөрсдөө бүтээж, цалин авах ёстой. Гэтэл энэ байгууллага их өртэй. Хуучин дарга Шинэхүү цалингаа тавьж чадахгүй байсан байж, энэ хүмүүст байгууллагад хохиролтойгоор тэтгэмжийн асуудлыг шийдсэн. Миний бие нэхэмжлэлийн цалингийн шаардлагыг бүхэлд нь зөвшөөрөхгүй байгаа учраас дагалдаж гарсан шаардлагуудыг зөвшөөрөхгүй. Цалингийн алдангиа өнөөдрийн шүүх хурал болох хүртэл хугацаагаар нэмэгдүүлсэн шаардлагыг ч бас зөвшөөрөхгүй байна. Энэ хүн надад ажилд орсон гээд ажлаа хүлээлцэж өгөөгүй байтлаа ажилгүйдлийн тэтгэмж нэхэмжилж байгааг зөвшөөрөхгүй гэв.

Сүхбаатар аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн 412 дугаар шийдвэрт: Хөдөлмөрийн тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.1, 46 дугаар зүйлийн 46.1, 49 дүгээр зүйлийн 49.1, 128 дугаар зүйлийн 128.1.11, 141 дүгээр зүйлийн 141.4-д заасныг тус тус баримтлан Сүхбаатар аймгийн С ОНӨААТҮГ-аас нэхэмжлэгч Ч.Ст ажилласан хугацааны цалин 3.457.166 төгрөг, ажлаас халагдсаны тэтгэмж 2.700.000 төгрөг, цалингийн алданги 1.728.583 төгрөг, нийт 7.885.749 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Ч.Ст олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 1.451.893 төгрөгийг хэрэгсэхгүй болгож, Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.2-т зааснаар нэхэмжлэгч Ч.Сын 2019 оны 2-5 саруудад ажилласан хугацааны нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг Нийгмийн даатгалын хэлтсийн нийгмийн даатгалын санд нөхөн төлж, дэвтэрт бичилт хийхийг С ОНӨААТҮГ-т даалгаж, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгддөг болохыг дурдаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2 дахь хэсэгт заасныг баримтлан хариуцагч С ОНӨААТҮГ-аас улсын тэмдэгтийн хураамжинд 141.121 төгрөг, нэхэмжлэгч Ч.Саас 38.180 төгрөг тус тус гаргуулж улсын төсвийн орлогод оруулж шийдвэрлэжээ.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Энхцэцэг давж заалдах гомдолдоо: Нэхэмжлэгч Ч.С нь Сын захирлын 2019 оны 05 дугаар сарын 29-ний өдрийн 02 дугаар тушаалаар ажлаас чөлөөлөгдсөн. Тухайн байгууллага нь нийгмийн даатгал, эрүүл мэндийн шимтгэийг хугацаанд нь нийгмийн даатгалын санд төлөөгүйгээс нийгмийн даатгалын сангаас олгогдвол зохих ажилгүйдлийн тэтгэмжээ авч чадаагүй хохирсон учраас энэ асуудлаар шүүхэд хандаж нэхэмжлэл гаргасан. Гэтэл шүүх шийдвэртээ “Сыг хариуцагч ажилд орсон, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ажилд ороогүй гэж маргаж байгаа болно. Нэхэмжлэгч нэхэмжлэл гаргахдаа ажилгүйдлийн тэтгэмж нэхэмжлээгүй байсан, С ажлаас халагдсанаасаа хойш ажилгүй байсан гэдгийг нотлох баримт ирүүлээгүй” гэх үндэслэлээр ажилгүйдлийн тэтгэмжийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн. Хэрэгт нэхэмжлэгч Ч.Сын нийгмийн даатгалын дэвтрийн хуулбар, нийгмийн даатгалын хэлтсийн 2019 оны 06 дугаар сарын 14-ний өдрийн 1/233 тоот албан бичгийн хуулбар нотлох баримтаар авагдаж, шийдвэрийн үндэслэл болгон үнэлжээ. Нэхэмжлэгчийн нийгмийн даатгалын дэвтэрт ажилд орсон тухай тэмдэглээгүй байгаагаар түүний ажилд ороогүй нь нотлогдоно. Түүнчлэн ИХШХШТХ-ийн 26 дугаар зүйлийн 26.2-т зааснаар нэхэмжлэгч нь ... нэхэмжлэлийн шаардлагыг ихэсгэх, багасгах ... эрхийн дагуу хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлсэн, үүнийг буруутгах, ажилд орсон гэдгийг нотлох, нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгох үндэслэл болохгүй. Мөн улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэгч улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгддөг. Гэтэл шүүх шийдвэрийн үндэслэх хэсэгт энэ талаар дүгнэсэн атлаа Ч.Саас 38180 төгрөг гаргуулж улсын төсвийн орлогот оруулж шийдвэрлэсэн нь дээрх хуулийн заалтыг зөрчжээ. Ийнхүү шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэлтэй байх шаардлагыг хангаагүй байх тул анхан шатны шүүхийн 412 дугаар шийдвэрт өөрчлөлт оруулж, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Ч.С “С”  орон нутгийн өмчит аж ахуйн тооцоотой үйлдвэрлэлийн газраас /цаашид ОНӨААТҮГ гэж товчлох/ 2019 оны 2-5 саруудад ажиллаж байсан хугацааны цалин 3457166 төгрөг, ажлаас халагдсаны 3 сарын тэтгэмж 2700000 төгрөг, цалин хугацаандаа олгоогүй алданги 1728583 төгрөг, ажилгүйдлийн тэтгэмж 1451893 төгрөг бүгд 9337642 төгрөг гаргуулах тухай  нэхэмжлэлээ шүүхэд ирүүлжээ.

    Хариуцагч байгууллагын төлөөлөгч О.Батсайхан “Ч.С ажиллаж байснаа бүртгүүлсэн цагийн бүртгэлгүй, цалин нэхэмжилсэн хугацааны хийсэн ажил,  үр дүн нь тодорхойгүй, сул зогссон үеийн цалинг, алдангийн хамт   нэхэмжилснийг бүхэлд нь зөвшөөрөхгүй” гэж маргасан байна.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаан дээр нэхэмжлэлийн шаардлагаа 1931352 төгрөгөөр нэмэгдүүлснийг шүүх хүлээн авч, хариуцагчид нэг хувийг гардуулан, тайлбар авч, түүний хүсэлтээр шүүх хуралдааныг үргэлжлүүлэн явуулсан нь  хэргийн оролцогчдын хуулиар олгосон эрхийг   хязгаарлаагүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчөөгүй гэж үзнэ.

Нэхэмжлэгч Ч.Сын цалин нэхэмжилсэн хугацаандаа буюу 2019 оны 2-5 дугаар саруудад ажиллаж байсан болох нь түүнийг ажлаас чөлөөлсөн “С” ОНӨААТҮГ-ын захирлын  2019 оны 05 сарын 29-ны өдрийн 02 дугаар тушаал, нийгмийн даатгалын дэвтрийн хуулбар, 1-5 сарын хооронд хийсэн ажлын тайлан, 2019 оны 6 дугаар сарын 10-ны өдрийн ажил хүлээлцсэн акт зэрэг нотлох баримтуудаар нотлогдож байх тул анхан шатны шүүхийн энэ талаар хийсэн дүгнэлт үндэслэлтэй байна.  /хх-6, 13, 84-87,88-91/,
Анхан шатны шүүх хэрэгт цугларсан нотлох баримтуудыг  хуульд заасан журмын дагуу үнэлж, зохигчдын хоорондын маргааныг шийдвэрлэхдээ эрх зүйн харилцаа,   холбогдох хуулийн зүйл, заалтуудыг зөв тайлбарлан хэрэглэж, хариуцагч байгууллагаас Ч.Сын ажиллаж байсан хугацааны цалин 3457166 төгрөг, ажлаас халагдсаны тэтгэмж 2700000 төгрөг, цалингийн алданги 1728583 төгрөгийг гаргуулж  шийдвэрлэсэн нь үндэслэл бүхий болжээ.

    Гэвч   “нэхэмжлэгч нэхэмжлэл гаргахдаа ажилгүйдлийн тэтгэмж нэхэмжлээгүй байсан, ажлаас халагдсанаас хойш ажилгүй байснаа нотлоогүй” гэсэн үндэслэл муутай дүгнэлт хийжээ. Учир нь: Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны аль ч үе шатанд  нэхэмжлэлийн шаардлагаа ихэсгэх эрхтэй байдаг бөгөөд энэ эрхээ хэрэгжүүлснийг шүүх буруутгах боломжгүй юм.

Хариуцагч  “нэхэмжлэгчийг ажлаасаа чөлөөлөгдсөнөөс хойш өөр ажилд орсон” гэж тайлбар өгдөг боловч, үүнийг нотлох үүргээ хэрэгжүүлээгүй байхад  нэхэмжлэгчийг ажилгүй байснаа нотлоогүй гэсэн  дүгнэлт хийсэн нь ойлгомжгүй байна.
 Нийгмийн даатгалын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт: “ажил олгогчийн буруугаас нийгмийн даатгалын шимтгэл төлөгдөөгүй даатуулагчид учирсан хохирлыг ажил олгогч бүрэн хариуцахаар” гэж, Нийгмийн даатгалын сангаас олгох ажилгүйдлийн тэтгэмжийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 1, 4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт: “ажилгүйдлийн тэтгэмжийг даатгуулагчийн шимтгэл төлж ажилласан хугацааг харгалзан сүүлийн 3 сарын хөдөлмөрийн хөлсний дунджаас тодорхой хувь хэмжээгээр ажлын 76 өдрөөр тооцож олгохоор”  тус тус заажээ.

 “С” ОНӨААТҮГ нь нэхэмжлэгчийн ажиллаж байсан хугацааны нийгмийн даатгалын шимтгэлийг төлөөгүйгээс түүний нийгмийн даатгалын сангаас ажилгүйдлийн тэтгэмж авах эрх зөрчигдсөн болох нь зохигчийн тайлбар, Нийгмийн даатгалын хэлтсийн 1/233 дугаар албан бичиг, нийгмийн даатгалын дэвтрийн  хуулбар зэргээр нотлогдож байх тул тэдгээрийг үндэслэн хөдөлмөрийн хөлс, түүнтэй адилтгах орлогын 45 хувиар, 76 хоногоор тооцож  1451893 төгрөг гаргуулж  нэхэмжлэгч Ч.Ст олгох үндэслэлтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв. /хх-6,100/
    Шүүх шийдвэрийн үндэслэх хэсэгт хариуцагч байгууллагаас нэхэмжлэгчийн ажилласан хугацаанд  олгоогүй цалингийн алдангийг тооцож гаргуулахдаа Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.4 дэх хэсэгт зааснаар “гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 50 хувиас хэтэрч болохгүй” гэсэн зохицуулалтыг хэрэглэсэн боловч, тогтоох хэсгийн 1 дэх заалтад энэ зүйл, хэсгийг баримтлаагүй орхигдуулсныг нэмэх шаардлагатай байна.

    Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.1, 41.1.5-д зааснаар тэтгэвэр, тэтгэмж, гомдлоор авч хэлэлцэх хэргийн нэхэмжлэл улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгддөг бөгөөд шүүх нэхэмжлэгчийн ажилгүйдлийн тэтгэмж гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг хангаж байгаа тул тогтоох хэсгийн 3 дахь заалтад зохих өөрчлөлтийг оруулах нь зүйтэй гэж үзэв.
    Иймд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангаж, дээрх үндэслэлүүдээр анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулахаар шүүх бүрэлдэхүүн шийдвэрлэв.

Нэхэмжлэгчийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 38180 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгохоор тогтов.

    Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг  удирдлага болгон ТОГТООХ нь:

    Нэг.Сүхбаатар аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн 412 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1, 3 дахь заалтад дараахь өөрчлөлтийг оруулсугай.

 1.1.   Тогтоох хэсгийн 1 дэх заалтын: “Хөдөлмөрийн тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.1,46 дугаар зүйлийн 46.1, 49 дүгээр зүйлийн 49.1, 128 дугаар зүйлийн 128.1.11, 141 дүгээр зүйлийн 141.4-д заасныг тус тус баримтлан Сүхбаатар аймгийн “С” ОНӨААТҮГ-аас нэхэмжлэгч Ч.Ст ажилласан хугацааны цалин 3457166 төгрөг, ажлаас халагдсаны тэтгэмж 2700000 төгрөг, цалингийн алданги 1728583 төгрөг, нийт 7885749 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Ч.Ст олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 1451893 төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай” гэснийг “Хөдөлмөрийн тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.1,46 дугаар зүйлийн 46.1, 49 дүгээр зүйлийн 49.1, 128 дугаар зүйлийн 128.1.11, 141 дүгээр зүйлийн 141.4,  Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.4, Нийгмийн даатгалын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 2, Нийгмийн даатгалын сангаас олгох ажилгүйдлийн тэтгэмжийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 1, 4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг баримтлан Сүхбаатар аймгийн “С” ОНӨААТҮГ-аас нэхэмжлэгчийн ажилласан хугацааны цалин 3457166 төгрөг, ажлаас халагдсаны тэтгэмж 2700000 төгрөг, цалингийн алданги 1728583 төгрөг, ажилгүйдлийн  тэтгэмж 1451893 төгрөг, бүгд  9337642 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Ч.Ст олгосугай” гэж өөрчилсүгэй.

    1.2.Тогтоох хэсгийн 3 дахь заалтын “ 41 дүгээр зүйлийн” гэсний дараа “41.1.1” гэж нэмж,  “141121 төгрөг” гэснийг “164352 төгрөг ”  гэж  өөрчлөн, “нэхэмжлэгч  Ч.Саас 38180 төгрөг  тус тус” гэснийг хассугай.

    Хоёр. Тогтоох хэсгийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.   

Гурав. Нэхэмжлэгчийн нэхэмжлэл болон давж заалдах гомдол нь Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.1, 41.1.5-д зааснаар улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгддөг болохыг дурдсугай.

Дөрөв. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 38180 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

Тав. Зохигчид, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн, хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн, төсөөтэй харилцааг зохицуулсан хуулийг буруу хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн үндэслэлээр хяналтын шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг мэдэгдсүгэй.




                                ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                           О.БААТАРСҮХ
                                                  ШҮҮГЧИД                           С.ОЮУНТУНГАЛАГ
                                                                                              Д.БАЙГАЛМАА