Хэнтий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 10 сарын 06 өдөр

Дугаар 125

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

 

Хэргийн индекс:180/2017/0127/Э

 

Хэнтий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Л.Уянга даргалж тус шүүхийн шүүх хуралдааны "Б" танхимд нээлттэй хийсэн хуралдаанд:

 

Нарийн бичгийн дарга                    А.Цэрэндулам

Улсын яллагч                                      Ц.Цэен-Ойдов 

Шүүгдэгчийн өмгөөлөгч        Г.Бадамгэрэл

Шүүгдэгч                                             Х.Г нарыг оролцуулан

     

 Тус Аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь                                           хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Хүрэлүүд овогт Х.Г-д холбогдох 201523000349 дугаартай эрүүгийн хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт: 

Монгол улсын иргэн,  Хэнтий аймгийн Цэнхэрмандал суманд 1977 оны 1 дүгээр сарын 26-ны өдөр төрсөн, 40 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 2, эхийн хамт, Улаанбаатар хот Багануур дүүрэг 4 дүгээр хороо гүний 7-12 тоотод оршин суух, улсаас авсан гавъяа шагнал, ял шийтгэлгүй гэх, Хүрэлүүд овогт Х.Г 

Шүүгдэгчийн холбогдсон хэргийн талаар:  /яллах дүгнэлтэд дурдсанаар/ 

Шүүгдэгч Х.Г-нь 2015 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр Хэнтий аймгийн Цэнхэрмандал сумын Согоот багийн Бургастай гэх газар иргэн Л.Дүгэрсүрэнгийн эгэм, бугалга тус газар хутгалж, хөнгөн хохирол, 2016 оны 8 дугаар сарын 01-ний өдөр иргэн Л.Баатарсайханыг цээж, шуу хэсэгт хайчаар хатгаж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол тус тус учруулсан гэмт хэрэгт холбогджээ. 

 

       ТОДОРХОЙЛОХ нь:

 

  Хохирогч Л.Дүгэрсүрэнгийн мөрдөн байцаалтанд өгсөн: “Х.Г гэдэг хүн болгон руу агсраад байсан. Гэрийн зүүн талд Өлзийбаяр сууж байгаад тамхиа асаагаад шүдэнзээ Х.Г рүү шидсэн чинь намайг шидчихлээ гэж бодоод босож ирээд намайг шууд шанаадаад авсан. Би босоод иртэл намайг заамдаад авахаар нь та яагаад байгаа юм бэ гэхэд битгий андуураад байгаарай гээд би цохих гэхээр нь мөргөсөн. Тэгээд намайг тэврээд авахаар нь эргүүлээд түлхэх үед зүүн талын эгэм рүү түлхэх шиг болсон, 2 удаа хутгалсан байсан. Ган Эрдэнийг гэрээс гаргаад Энхжаргал ах хутгыг нь булаагаад авсан. Би гомдолтой байна эмчилгээний зардал 870.000 төгрөг нэхэмжилнэ гэсэн мэдүүлэг /ХХ – 107 хуудас/

Шүүхийн шинжилгээний №422 дугаар дүгнэлтэнд: “Л.Дүгэрсүрэнгийн биед зүүн мөр, зүүн гарын бугалганд мэс заслын оромж бүхий гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна” /ХХ – 60 хуудас/

Гэрч С.Энхжаргалын мөрдөн байцаалтанд өгсөн: “Дүгэрсүрэнгээс чи хаана байдаг хүн бэ гэхэд Дүгэрсүрэн би баруун айлын хүн байгаа юм гэсэн. Х.Г чи намайг муухай хараад байна уу гэж хэлэх үед Дүгэрсүрэн үгүй гэсэн. Манай хүргэн болох Өлзийхишигтэй Х.Г чамайг хаана харлаа гэж асуухад Өлзийхишиг би таньтай хотод байшин янзалж байсан шүү дээ гэсэн. Х.Г өө нээрээ тийм би шоронгоос гараад бригад ахалж байлаа тухайн үед том байлаа шүү дээ гэхэд Өлзийхишиг юу шорон яариад байгаа юм бэ гээд шүдэнз зураад шидэхэд Ган Эрдэнийн өвөр дээр шүдэнз унахад Х.Г босоод хажууд байсан Дүгэрсүрэнг цохиод пизда минь давраад байгаарай гээд 2-лаа зууралдаад Х.Г Дүгэрсүрэнгийн нүүрэнд хүчтэй мөргөсөн. Х.Г гартаа хутгатай байсан, би очиж хутгаа өг гэхэд өгсөн” гэсэн мэдүүлэг /ХХ – 31-34 хуудас/,

Гэрч Ц.Одгэрэлийн мөрдөн байцаалтанд өгсөн: Өлзийбаяр сууж байгаад шүдэнз шидэхэд Ган Эрдэнийн өвөр дээр буугаад тэр 2 ноцолдоод Х.Г Дүгэрсүрэн 2-ыг хүмүүс салгаад гадагшаа гаргасан. Араас нь би гараад харахад манай хүргэн болон Х.Гтэй зууралдаад байж байсан. Ган Эрдэнийг гарт урт шар өнгийн иштэй манай гал тогооны хутгыг бариад зогсож байхад би хутгатай байна гэж хэлж Энхжаргал Улаанаатай цуг хутгыг нь булааж авсан. Гэрт орж ирээд Дүгэрсүрэнгийн хувцасыг тайлахад 2 хутгалсан байсан гэсэн мэдүүлэг /хх-ийн 34 тал/, 

Хохирогч Л.Баатарсайханы мөрдөн байцаалтанд өгсөн: “Урьд шөнө манайд Х.Г хоносон. 2016 оны 8 дугаар сарын 01-ний өглөө 11 цагийн үед би архи авчирсан. Х.Г бид 2-ын хэн хэн нь нилээн согтуу байсан. Х.Г надад та намайг алиагаа алдаж гэрээ хүнд зарсан байна гэж ярьсан байна гээд уурлаад миний толгой руу нэг удаа цохьсон, дараа нь тавиур дээр байсан хар иштэй хайч барьчихсан намайг нэг удаа цохьсон, би Ган Эрдэнийн өөдөөс зодолсон зүйлгүй. Х.Гэс одоо нэхэмжлэх зүйлгүй, гомдолгүй гэсэн мэдүүлэг /ХХ – 201-203 хуудас/

Шүүх эмнэлгийн №170 тоот дүгнэлт: “Л.Баатарсайханы биед духны язарсан шарх, цээжний зүүн талд зүсэгдсэн шарх, зүүн гарын хатгагдсан шарх бүхий гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна” /ХХ – 225 хуудас/, 

Шүүгдэгчийн ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас зэрэг болно. 

Шүүгдэгч Х.Г нь 2015 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр Хэнтий аймгийн Цэнхэрмандал сумын Согоот багийн Бургастай гэх газар иргэн Л.Дүгэрсүрэнгийн эгэм, бугалга тус газар хутгалж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол, 2016 оны 8 дугаар сарын 01-ний өдөр иргэн Л.Баатарсайханыг цээж, шуу хэсэгт хайчаар хатгаж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол тус тус учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь хавтаст хэрэгт авагдсан хохирогч, гэрч нарын мэдүүлгээр нотлогдон тогтоогдож байна. Иймээс шүүх шүүгдэгчийг 2 хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна. 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Х.Г нь хохирогч Дүгэрсүрэнд хохирол төлсөн гэж мэдүүлэх боловч хавтаст хэрэгт энэ талаар авагдсан нотлох баримт байхгүй байна. Иймээс шүүх хохирогч Дүгэрсүрэнгийн учирсан хохирлоо нотлох баримт бүрдүүлэн иргэний журмаар жич нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээж, шүүгдэгч нь хохирогч Л.Баатарсайханд төлөх төлбөргүйг дурьдах нь зүйтэй байна. 

Шүүх шүүгдэгч Х.Г-д холбогдох эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэхдээ шүүгдэгчид ашигтай байдлыг харгалзан 2015 оны Эрүүгийн хуулийг хэрэглэсэн ба шинээр даган мөрдөж буй хуульд зааснаар шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэрэг хөнгөн гэмт хэргийн ангилалд багтсан болно. 

Шүүгдэгч Х.Г-нь энэ гэмт хэргийн улмаас 126 хоног цагдан хоригдсон байх  тул түүний цагдан хоригдсон хугацааг Эрүүгийн хуулийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар тооцоход 1008 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялтай тэнцэхээр байна. Иймээс шүүгдэгч Х.Г-г хуульд зааснаар оногдуулсан ялыг эдэлсэн гэж үзэх үндэслэлтэй байна. 

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 36.1 дүгээр зүйлийн 5, 6, 8, 36.8 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон 

 

   ТОГТООХ нь:

 

           1.  Шүүгдэгч Хүрэлүүд овогт Х.Г-г 2 хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт хэсэгт зааснаар шүүгдэгч Х.Г-г 500 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэсүгэй.

 

3.  Эрүүгийн хуулийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Х.Г цагдан хоригдсон 126 хоногийг эдлэх ялд нь оруулан тооцож, мөн хуулийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар тооцсугай. 

 

4.  Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, шүүгдэгчийн биеийн байцаалттай холбоотой баримт бичиг шүүхэд ирээгүй, шүүгдэгч нь хохирогч Л.Баатарсайханд төлөх төлбөргүй, хохирогч Дүгэрсүрэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг  нотлох баримтаа бүрдүүлж иргэний журмаар жич нэхэмжлэх эрхтэйг дурьдсугай.  

 

5. Шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардуулснаас хойш 14 хоногийн дотор Хэнтий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл  бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

6. Давж заалдах гомдол гаргасан буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч Х.Г авсан хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.   

 

 

 

ДАРГАЛАГЧ,  ШҮҮГЧ Л.УЯНГА