Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2021 оны 03 сарын 30 өдөр

Дугаар 128/ШШ2021/0241

 

үүгчийн захирамжид өөрчлөлт

 оруулах тухай

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Дуламсүрэн би, “Биеийн тамир, спортын газар” УТҮГ-ын нэхэмжлэлтэй, Нийслэлийн Засаг дарга, Хот байгуулалт, хөгжлийн газарт тус тус холбогдох захиргааны хэргийг хянаад

ХЯНАВАЛ:

            Тус шүүхийн  шүүгчийн 2020 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн 9492 дугаар захирамжаар уг захиргааны хэрэгт Мэргэжлийн хяналтын ерөнхий газар, Нийслэлийн онцгой байдлын газрыг тус тус шинжээчээр томилсныг 2021 оны 01 дүгээр сарын 22-ны өдрийн 128/ШЗ2021/0647 дугаар шүүгчийн захирамжаар “...Мэргэжлийн хяналтын ерөнхий газар гэснийг хүчингүй болгож, “Барилгын хөгжлийн төв” гэж өөрчилж, захирамжийн бусад заалтыг хэвээр үлдээсэн байна.

Гэтэл 2021 оны 01 дүгээр сарын 29-ний өдөр Барилгын хөгжлийн төвөөс ирүүлсэн 1/149 тоот албан бичгээр “... Тус төвийн инженерүүд танай захирамжид дурдсан шинжилгээг хийх боломжгүй тул Шүүхийн шинжилгээний тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.1.7-д зааснаар шинжилгээ хийхээс татгалзаж байна ... Жич: Шүүгчийн захирамжид дурдсан асуудлаар “Р*******” “*******” ХХК-д хандахыг хүсье” гэж, мөн 2021 оны 02 дугаар сарын 08-ны өдрийн 2/210 тоот албан бичигтээ “Тус төв нь шүүгчийн захирамжид заасан ажилд шинжээчээр ажиллах боломжгүй болохоо үүгээр мэдэгдэж байна ...” гэсэн хариуг тус тус өгчээ.

Иймд Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 111 дүгээр зүйлийн 111.3-т “Энэ хуулийн 111.1-д заасны дагуу гаргасан шүүгчийн захирамж, шүүхийн тогтоол илт үндэслэлгүй бол уг захирамж, тогтоолыг гаргасан шүүгч, шүүх бүрэлдэхүүн хүчингүй болгох, эсхүл өөрчилж болно” гэж заасны дагуу шүүгчийн 2021 оны 01 дүгээр сарын 22-ны өдрийн 128/ШЗ2021/0647 дугаар захирамжийн захирамжлах хэсгийн 1 дэх заалтын “...Барилгын хөгжлийн төв” гэснийг “О*******” ХХК гэж өөрчлөх нь зүйтэй байна.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 111 дүгээр зүйлийн 111.1-д заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

   1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 111 дүгээр зүйлийн 111.3-т заасныг тус тус үндэслэн тус шүүхийн шүүгчийн 2021 оны 01 дүгээр сарын 22-ны өдрийн 128/ШЗ2021/0647 дугаар захирамжийн захирамжлах хэсгийн 1 дэх заалтын “...Барилгын хөгжлийн төв гэснийг хүчингүй болгож “О*******” ХХК гэж өөрчилж, захирамжийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

            2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2–т заасныг баримтлан тусгай мэдлэг бүхий шинжээчийг томилж, 2.1-2.4 дэх асуултад хариулж, дүгнэлт гаргуулж, шинжээчийн дүгнэлтийг шүүхэд 2021 оны 5 дугаар сарын 20-ны дотор ирүүлэхийг “О*******” ХХК-д, 2.5 дахь асуултад хариулж, дүгнэлт гаргуулан 2021 оны 01 дүгээр сарын 21-ний өдрийн дотор шүүхэд ирүүлэхийг Нийслэлийн онцгой байдлын газарт тус тус даалгасугай.

2.1.Нийслэлийн Засаг даргын 2018 оны 5 дугаар сарын 11-ний өдрийн А/422 дугаар захирамжаар иргэн В.Б*******д олгогдсон 547 м.кв маргаан бүхий газар дээр 2018 оны 9 дүгээр сарын 18-ны өдрийн МЗХ2018/22-03 тоот архитектур төлөвлөлтийн даалгаврын дагуу 30х15 метрийн харьцаатай газар доорх авто зогсоол, 15х15 метрийн харьцаатай 10 давхар барилгын ажил эхлүүлэх, барилга барихад хил залгаа орших нэхэмжлэгч “Биеийн тамир, спортын газар” УТҮГ-ын эзэмшил түүний харьяа гимнастикийн заалны үндсэн хийц, загвар, бүтээц, суурь, эдлэхүүнд нөлөөлөх эсэх,

2.2. В.Б******* нь барилгын суурийн нүхийг ухсанаас болж гимнастикийн заалны үндсэн хийц, загвар бүтээцэд өөрчлөлт орох эсэх, эвдэрч гэмтсэн эсэх,

2.3. В.Б*******ын барилгын зураг төсөл нь Барилгын тухай хууль болон Барилгын норм, дүрэмд нийцэж байгаа эсэх,

2.4. В.Б*******ын барилгын зургийн дагуу 30х15 метрийн харьцаатай авто зогсоолын барилга болон 15х15 метрийн харьцаатай 10 давхар барилга барихад гимнастикийн зааланд хичээллэж буй хүүхэд, залуучууд, тамирчид, ойр орчимд оршин суугч иргэдийн эрүүл мэнд, амь нас, хүрээлэн байгаа орчинд аюул учруулах эсэх, эрүүл аюулгүй орчинд ажиллаж, амьдрах үндсэн эрх зөрчигдөх эсэх,

2.5. Галын аюулгүй байдлын тухай хууль, Хот тосгоны төлөвлөлт, барилгажилтын норм ба дүрэмд заасан гал түймэр унтраах үед ашиглах усан хангамж, галын аюулаас хамгаалах барилга хоорондын гал тусгаарлах зай, хэмжээ алдагдсан эсэх, орц гарч хаасан эсэх.

3. Шинжээч дүгнэлт гаргахад шаардлагатай гэж үзвэл хэргийн материалтай танилцах, асуулт тавих, нэмэлт материал гаргуулах тухай хүсэлтээ шүүхэд гаргах, хэрэгт ач холбогдол бүхий шинэ нөхцөл байдлыг олж тогтоовол энэ тухай дүгнэлтдээ оруулах эрхтэй болохыг дурдаж, санаатайгаар худал дүгнэлт өгсөн, эсхүл дүгнэлт өгөхөөс хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр татгалзсан шинжээчид Эрүүгийн хариуцлага хүлээлгэхийг сануулсугай.

4. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.7-д заасныг баримтлан Биеийн тамир, спортын газар” УТҮГ-ын нэхэмжлэлтэй, Нийслэлийн Засаг дарга, Хот байгуулалт хөгжлийн газарт тус тус холбогдох захиргааны хэргийн хянан шийдвэрлэх ажиллагааг шинжээч дүгнэлтээ гаргаж шүүхэд ирүүлэх хүртэл хугацаагаар түдгэлзүүлсүгэй.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 122 дугаар зүйлийн 122.2-т зааснаар хэргийн оролцогч, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч энэхүү шүүгчийн захирамжид гомдол гаргах эрхгүй.

 

 

 

ШҮҮГЧ                           Н.ДУЛАМСҮРЭН