Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 05 сарын 03 өдөр

Дугаар 2022/ДШМ/466

 

П.Ххолбогдох

эрүүгийн хэргийн тухай

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч.Ж.Эрдэнэчимэг даргалж, шүүгч О.Чулуунцэцэг, Б.Ариунхишиг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор Д.Эрдэнэчимэг,

шүүгдэгч П.Х, түүний өмгөөлөгч Д.Энхбаатар,

нарийн бичгийн дарга Ө.Бишрэлт нарыг оролцуулан,

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч А.Алтанхуяг даргалж хийсэн шүүх хуралдааны 2022 оны 3 дугаар сарын 04-ний өдрийн 2022/ШЦТ/159 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч П.Хийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн П.Ххолбогдох эрүүгийн 217 дугаартай хэргийг 2022 оны 4 дүгээр сарын 20-ны өдөр хүлээн авч, шүүгч Б.Ариунхишигийн илтгэснээр хянан хэлэлцэв.

П.Х,  

Шүүгдэгч П.Х нь 2021 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн 06 цаг 50 минутын орчимд Баянгол дүүргийн 11 дүгээр хороо Гандангийн хойд талын автобусны буудлын замд “Mitsubishi Rosa” маркийн УАА улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож явахдаа Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 1.3-т заасан “замын хөдөлгөөнд оролцогч нь аюул, хохирол учруулахгүй, хөдөлгөөнд осолтой байдал бий болгохгүйгээр зорчино” мөн дүрмийн 12.2-т заасан “харанхуй үед болон үзэгдэлт хангалтгүй нөхцөлд жолооч өөрийн үзэгдэх хүрээн дотор тээврийн хэрэгслээ зогсоох боломжтой хурдыг сонгож явна.” мөн дүрмийн 4 дүгээр хавсралт 3.7-д заасан “улирал, цаг агаарын тухайн нөхцөлд тохирохгүй тэмдэглэгээтэй дугуй ашигласан” гэсэн заалтуудыг тус тус зөрчсөний улмаас явган зорчигч Ц.Ө мөргөж, улмаар амь насыг нь хохироосон гэмт хэрэгт холбогджээ. 

Тээврийн прокурорын газраас: П.Хийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Шүүгдэгч П.Хийг авто тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний амь нас хохирсон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар П.Хийг тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 жилийн хугацаагаар хасаж, 1 жилийн хугацаанд Улаанбаатар хотын нутаг дэвсгэрээс гарахыг хориглох зорчих эрхийг хязгаарлах ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар П.Х нь зорчих эрх хязгаарлах ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй зорчих эрх хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1,1.2 дахь заалтад зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн компакт дискийг хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсаргаж, П.Хийн жолоочийн №2421 дугаартай үнэмлэхийг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар хүргүүлж, хэрэгт эд хөрөнгө битүүмжлэгдээгүй, П.Х нь цагдан хоригдсон хоноггүй, гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршигт бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэжээ.

Шүүгдэгч П.Х давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 3 дугаар сарын 04-ний өдрийн 2022/ШЦТ/159 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч дараахь давж заалдах гомдлыг гаргаж байна. Миний бие П.Х нь 2021 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн 06 цагийн орчимд Баянгол дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт “Mitsubishi Rosa” маркийн 15-85 УАА улсын дугаартай тээврийн хэрэгсэл жолоодож замын хөдөлгөөнд оролцохдоо нийтийн хэрэгцээний замд тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын болон ашиглалтын журам зөрчиж замын хөдөлгөөний аюулгүй байдлаа хангаагүй буюу явган хүний гарцгүй хэсгээр зам хөндлөн гарч явсан явган зорчигч Ц.Ө мөргөсний улмаас түүний амь нас хохирч Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдон шалгагдсан ба энэ асуудлыг шүүхээс шүүх хуралдаанаар хянан шийдвэрлэж шүүхийн шийтгэх тогтоолоор намайг дээрх гэмт хэрэгт гэм буруутайд тооцож, тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 жилийн хугацаагаар хасаж, 1 жилийн хугацаанд Улаанбаатар хотын нутаг дэвсгэрээс гарахыг хориглох зорчих эрхийг хязгаарлах ялаар шийтгэж шийдвэрлэснийг дараах үндэслэлээр өөрчлөлт оруулж өгнө үү. Уг шийтгэх тогтоолд намайг 1995 онд төрсөн, 37 настай гэж миний насыг 30 насаар залуу болгож буруу ташаа бичсэн байна. Миний бие 1955 оны 4 дүгээр сарын 03-ны өдөр төрсөн, 67 настай, тэтгэвэрт, Төв аймгийн Батсүмбэр сумын 3 дугаар баг Дэнжийн 1-15 тоотод байнгын оршин суудаг бөгөөд тэтгэврийнхээ хажуугаар сумынхаа газар тариалан эрхэлдэг улирлын чанартай үйл ажиллагаа явуулдаг компанид туслах ажилтанаар ажилладаг. П.Х миний бие гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршиг, бусдад төлөх төлбөргүй болсон. Хохирогчийн ар гэрээс гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэсэн хэдий ч би хүний амь нас хохироосон хэрэгтээ одоо хүртэл асар их гэмшиж, гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа. Гэвч анхан шатны шүүхээс оногдуулсан дээрх ял нь өндөр настан намайг харъяа орон нутгаас авдаг өндөр настаны хөнгөлттэй эмийн үйлчилгээ болон эмнэлэг, нийгмийн халамжийн бусад үйлчилгээнд хамрагдахааргүй болгож, сум орон нутаг Улаанбаатар хотын хооронд явж эмнэлгийн тусламж үйлчилгээг байнга авч байсан асуудалд минь хүндрэл үүсч, цаашлаад байнгын амьдардаг хаягтаа ажиллаж амьдарч болохгүй нөхцлийг бүрдүүлсэн зэрэг миний эрх зүйн байдлыг дордуулсан маш олон ээдрээтэй асуудлыг бий болгоод байна. Нөгөө талаар миний хувьд энэ хэрэгт холбогдсон цагаас эхлэн сэтгэл зүйн хувьд асар их дарамтанд орсон, айдас түгшүүртэй, тайван бус, зүрх байнга дэлсэж, даралт тогтворгүй болсон нь эрүүл мэндийн байдалд нилээдгүй сөрөг үр дагаварууд үүсээд байгаа энэ цаг үед биедээ байнгын дохиололын бугуйвч зүүж явах нь цаашид эрүүл мэндэд маань хортой үр дагавар бий болгож болзошгүй тул энэхүү гомдлыг арга буюу гаргаж байна. Иймд П.Х миний нас өндөр болсон, биеийн эрүүл мэндийн байдал болон байнгын оршин суугаа орон нутгийн хаяг байршлыг минь харгалзан үзэж анхан шатны шүүхээс оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 жилийн хугацаагаар хасаж, 1 жилийн хугацаанд Улаанбаатар хотын нутаг дэвсгэрээс гарахыг хориглох зорчих эрхийг хязгаарлах ялаар шийтгэсэн анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж мөн хугацаагаар тэнсэж өгөхийг хүсье.” гэв.

Шүүгдэгч П.Хийн өмгөөлөгч Б.Энхбаатар тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Миний үйлчлүүлэгч гэм буруугийн хувьд маргаагүй, өндөр настай, эрүүл мэндийн хувьд эмнэлгийн хяналтад байдаг. Төв аймаг, Улаанбаатар хот хоёрын хооронд байнга зорчих хэрэгтэй байдаг. Төв аймгийн Батсүмбэр суманд очиж тэтгэвэрээ авдаг ба улирлын чанартай ажил хийж амьдардаг. Төв аймагт эмнэлгийн хяналтад байдаг. Улаанбаатарт нарийн мэргэжлийн шинжилгээ хийлгэх шаардлагатай байдаг. Хэргийн нөхцөл байдал, хувийн байдлыг нь харгалзан үзэж тэнсэн харгалзах ялаар сольж өгнө үү.” гэв.

Прокурор Д.Эрдэнэчимэг тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “Шүүгдэгч П.Х нь 2021 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн 06 цаг 50 минутын орчимд Баянгол дүүргийн 11 дүгээр хороо Гандангийн хойд талын автобусны буудлын замд “Mitsubishi Rosa” маркийн 15-85 УАА улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож явахдаа Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 1.3-т заасан “замын хөдөлгөөнд оролцогч нь аюул, хохирол учруулахгүй, хөдөлгөөнд осолтой байдал бий болгохгүйгээр зорчино” мөн дүрмийн 12.2-т заасан “харанхуй үед болон үзэгдэлт хангалтгүй нөхцөлд жолооч өөрийн үзэгдэх хүрээн дотор тээврийн хэрэгслээ зогсоох боломжтой хурдыг сонгож явна.” мөн дүрмийн 4 дүгээр хавсралт 3.7-д заасан “улирал, цаг агаарын тухайн нөхцөлд тохирохгүй тэмдэглэгээтэй дугуй ашигласан” гэсэн заалтуудыг тус тус зөрчсөний улмаас явган зорчигч Ц.Ө мөргөж, улмаар амь нас нь хохирсон бөгөөд шүүх хавтаст хэргийн хүрээнд хэргийг хянаж үзээд зохих зүйл ангиар ял шийтгэл оногдуулж шийдвэрлэсэн. Мөрдөгчийн зүгээс дуудах хуудас өгөхөд эрүүл мэндийн шалтгааныхаа талаар П.Х хэлж байсан учраас миний зүгээс хувийн байдлыг нь харгалзан үзэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийг журамлан хорих ял оногдуулахгүйгээр шийдвэрлэж өгнө үү гэх саналыг шүүхэд гаргаж байсан юм. Тийм учраас анхан шатны шүүхийн шийдвэрийг өөрчилж, ялыг хөнгөрүүлж шийдвэрлэхэд прокурорын зүгээс татгалзах зүйлгүй.” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар хэргийг хянан шийдвэрлэхдээ шүүгдэгч П.Хийн гаргасан давж заалдах гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзлээ.

Хэргийн бүх ажиллагааг хянахад, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны үед болон шүүхээр хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн зөрчил тогтоогдоогүй болно.

Хавтаст хэрэгт цугларсан, анхан шатны шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг харьцуулан шинжлэн судлахад;

Шүүгдэгч П.Х нь 2021 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн 06 цаг 50 минутын орчимд Баянгол дүүргийн 11 дүгээр хороо Гандангийн хойд талын автобусны буудлын замд “Mitsubishi Rosa” маркийн 15-85 УАА улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож явахдаа Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 1.3-т заасан “замын хөдөлгөөнд оролцогч нь аюул, хохирол учруулахгүй, хөдөлгөөнд осолтой байдал бий болгохгүйгээр зорчино” мөн дүрмийн 12.2-т заасан “харанхуй үед болон үзэгдэлт хангалтгүй нөхцөлд жолооч өөрийн үзэгдэх хүрээн дотор тээврийн хэрэгслээ зогсоох боломжтой хурдыг сонгож явна.” мөн дүрмийн 4 дүгээр хавсралт 3.7-д заасан “улирал, цаг агаарын тухайн нөхцөлд тохирохгүй тэмдэглэгээтэй дугуй ашигласан” гэсэн заалтуудыг тус тус зөрчсөний улмаас явган зорчигч Ц.Ө мөргөж, улмаар амь нас хохирсон гэмт хэрэг үйлдсэн болох нь:

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ц.Цогтбаатарын “...2021 оны 11 дүгээр сарын 18-ны өдөр зам тээврийн осолд орж нас барсныг тухайн өдөр 10 цаг өнгөрч байхад цагдаагаас залгаж хэлээд мэдсэн. Талийгаачтай хамгийн сүүлд осол болохоос 7-8 хоногийн өмнө уулзсан. Талийгаачийн эмчилгээний зардал болон оршуулгын зардалд нийт баримттай 5.739.552 төгрөг, баримтгүйгээр Монгол уламжлалын дагуу оршуулга, лам шашны дагуу хийж гүйцэтгэсэн ажиллагааны өглөг, бусад буяны үйлд зарцуулсан 2.000.000 төгрөг нийт 7.739.552 төгрөгийг нэхэмжилнэ. Өөр гомдол санал хүсэлт байхгүй байна. ...” /хх 24-26/,

яллагдагч П.Хийн “...Би өдий хүртэл буруу муу юм хийхгүй, хүнд тус дэмтэй явъя гэж бодож ирсэн боловч ийм зүйл болсонд маш их харамсаж, гэмшиж байна. Оршуулгын зардалд одоогоор 1.000.000 төгрөг өгсөн байгаа. Одоо буяны ажилд зарцуулсан мөнгийг төлж байрагдуулах болно.” /хх 111-112/ гэх мэдүүлгүүд,

Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн 2021 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээ 11573 дугаартай: “...Ц.Өын биед суурь яс, хоёр талын хөхлөг сэртэн, дух ясны хугарал, их тархины баруун, зүүн талын бөмбөлгийн хатуу хальсан доорх цусан хураа, аалзан хальсан доорх цус харвалт, зулайн хуйханд зөөлөн эдийн няцрал, зүүн шанаа, хоёр сарвуу, зүүн бугуйнд зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр хэрэг болсон гэх хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой шинэ гэмтэл байна. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.2-д зааснаар амь насанд аюултай тул гэмтлийн хүнд зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулах эсэх нь эмчилгээ эдгэрэлтээс хамаарна. ...” гэх шинжээчийн дүгнэлт /хх 68-69/,

Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн 2021 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн Цогцост хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээ 2582 дугаартай: “... Талийгаачийн цогцост хийсэн шинжилгээгээр дагзны дээд хэсгээс 2 талын хайрс хэсэг, баруун, зүүн чамархай яс, баруун, зүүн чулуулаг ясыг дайрч турк эмээл хүрсэн цагираг хэлбэрийн хугарал, баруун, зүүн зулай, чамархай, чамархайн суурийн хэсэг, бага тархины орой хэсгийн хатуу хальсан доорх цус харвалт, баруун чамархай болон баруун чамархайн суурийн хэсэг, зүүн тал бөмбөлгийн таламус, судалт бөөм, багана хэсэгт тархины эдийн няцрал, хуйхны дотор гадаргуугийн цус хуралт, хатуу хальсан доорх цусан хурааг авах мэс заслын дараах байдал, нүүр, сарвууны зулгаралт, баруун чихний цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр тухайлбал зам тээврийн ослын үөд хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байна. Талийгаачийн цогцост хийсэн шинжилгээгээр үхэлд нөлөөлөх архаг, хууч өвчин тогтоогдсонгүй. Талийгаач дээрх гавал тархины гэмтлийн улмаас зогсонгишлын хатгалгаагаар хүндэрч амьсгал зүрх судасны дутагдлаар нас баржээ. ...” гэх шинжээчийн дүгнэлт, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх 74-84/,

Автотээврийн Үндэсний төв” ТӨҮГ-ын Баянзүрх техникийн хяналтын үзлэгийн төвийн 2021 оны 11 дүгээр сарын 24-ний өдрийн 7445497 дугаартай: “ ...Уг тээврийн хэрэгслийн тоормосны гэрэл асахгүй, зуны улирлын дугуйтай, хойд бүртгэлийн дугаарыг стандарт бусаар зүүсэн, урд нүүр хэсэг зүүн гар талдаа 60x80 см орчим талбайд хонхойж будаг халцарсан, галын хор, эмийн сан, ослын тэмдэг байхгүй байгаа нь авто тээврийн хэрэгсэлд тавигдах стандартын шаардлагыг хангахгүй байна. ...” гэх шинжээчийн дүгнэлт, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх 90-95/,

2022 оны 01 дүгээр сарын 05-ны өдрийн 19 дугаартай: “...“Mitsubishi Rosa” маркийн 15-85 УАА улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож явсан П.Х нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 1.3-т заасан “замын хөдөлгөөнд оролцогч нь аюул, хохирол учруулахгүй, хөдөлгөөнд осолтой байдал бий болгохгүйгээр зорчино” мөн дүрмийн 12.2-т заасан “харанхуй үед болон үзэгдэлт хангалтгүй нөхцөлд жолооч өөрийн үзэгдэх хүрээн дотор тээврийн хэрэгслээ зогсоох боломжтой хурдыг сонгож явна.” мөн дүрмийн 4 дүгээр хавсралт 3.7-д заасан “улирал, цаг агаарын тухайн нөхцөлд тохирохгүй тэмдэглэгээтэй дугуй ашигласан” гэсэн заалтуудыг тус тус зөрчсөн гэж үзэх үндэслэлтэй байна. Явган зорчигч Ц.Ө нь Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн 5.12-т “явган зорчигчид дараах зүйлийг хориглоно. а/ үзэгдэх хүрээнд явган хүний гарцтай замын гарцгүй хэсгээр, эсхүл явган хүний гарамтай замын гарамгүй хэсгээр зам хөндлөн гарах” гэсэн заалтыг зөрчсөн гэж үзэх үндэслэлтэй байна. ...” гэх мөрдөгчийн магадлагаа /хх 98-99/,

2021 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн эд зүйлд үзлэг хийсэн “...2 дахь автобусны урдуур хар бараан өнгийн хувцастай ногоон өнгийн хантаазтай явган зорчигч алхаж гарч ирээд зорчих хэсгийн 2, 3 дугаар эгнээнд явж байсан машинуудын урдуур чигээрээ гарч тусгаарлах зурвас дээр ирээд баруунаас зүүн тийш чиглэлийн замын 3 дугаар эгнээ рүү орохдоо тухайн замаар явж байсан тээврийн хэрэгслүүдийг өнгөрөөгөөд чигээрээ алхаж 2 дугаар эгнээ рүү ороод 07:00:36 секундэд тухайн эгнээгээр явж байсан шар өнгийн автобус тухайн явган зорчигчийг мөргөж 1 дүгээр эгнээ рүү орж зогсож байгаа дүрс бичигдсэн байна. ...” гэх тэмдэглэл /хх 22/, 

зам тээврийн осол, хэргийн үзлэгээр тогтоосон байдал /хх 13-14/, цогцост үзлэг хийсэн тэмдэглэл, зургийн үзүүлэлтүүд /хх 15-20/, мөрдөгчийн 2021 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн камерын бичлэг бүхий саарал өнгийн 1 ширхэг сидиг эд мөрийн баримтаар тооцох тухай тогтоол /хх 21/, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх 113/ зэрэг хэрэгт цуглуулж, бэхжүүлсэн, анхан шатны шүүх хуралдааны хэлэлцүүлгээр хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар тус тус нотлогдон тогтоогджээ.

Хэрэгт авагдсан нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх ба уг нотлох баримтуудыг үндэслэн шүүгдэгч П.Хийг автотээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний амь нас хохирсон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон анхан шатны шүүхийн дүгнэлт хэргийн бодит байдалтай нийцсэн, түүний үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар зүйлчилсэн нь хууль зүйн үндэслэлтэй, Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэжээ.   

Шүүгдэгч П.Хийн “...Миний бие Төв аймгийн Батсүмбэр сумын 3 дугаар баг Дэнжийн 1-15 тоотод байнгын оршин суудаг бөгөөд харъяа орон нутгаас авдаг өндөр настаны хөнгөлттэй эмийн үйлчилгээ болон эмнэлэг, нийгмийн халамжийн бусад үйлчилгээнд хамрагдахааргүй болгож, сум орон нутаг Улаанбаатар хотын хооронд явж эмнэлгийн тусламж үйлчилгээг байнга авч байсан асуудалд минь хүндрэл үүсч, цаашлаад байнгын амьдардаг хаягтаа ажиллаж амьдарч болохгүй нөхцөл байдлууд үүсээд байгаа юм. Иймд зорчих эрхийг хязгаарлах ялыг тэнсэн харгалзах ялаар сольж өгнө үү...” гэсэн агуулга бүхий давж заалдах гомдлыг гаргажээ.

Шүүгдэгчид оногдуулах ял шийтгэл нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “...Эрүүгийн хариуцлага нь тухайн хүний үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна.” гэсэн Эрүүгийн хуулийн шударга ёсны зарчимд нийцэхээс гадна Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “...Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүнийг цээрлүүлэх, ...гэмт хэргээс урьдчилан сэргийлэхэд оршино...” гэсэн эрүүгийн хариуцлагын зорилгыг хангасан байх ёстой.

Анхан шатны шүүх П.Хял шийтгэл оногдуулахдаа шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийн шинж, учруулсан хохирлын хэмжээ, хохирол төлөгдөөгүй болон шүүгдэгчийн хувийн байдлыг харгалзан түүнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 жилийн хугацаагаар хасаж, 1 жилийн хугацаанд Улаанбаатар хотын нутаг дэвсгэрээс гарахыг хориглох зорчих эрхийг хязгаарлах ялаар шийтгэж шийдвэрлэсэн нь үндэслэлтэй байна.

Харин давж заалдах шатны шүүхээс П.Х нь анх удаа гэмт хэрэг үйлдсэн, үйлдсэн хэрэгтээ гэмшиж байгаа, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй,  хохирол төлбөрийг төлж барагдуулсан, мөн байнгын оршин суугаа хаягийн лавлагаа зэрэг нөхцөл байдлуудыг харгалзан анхан шатны шүүхээс оногдуулсан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч П.Хийг 1 жилийн хугацаанд Улаанбаатар хотын нутаг дэвсгэрээс гарахыг хориглох зорчих эрхийг хязгаарлах ялаар шийтгэж шийдвэрлэснийг Төв аймгийн нутаг дэвсгэрээс гарахыг хориглох зорчих эрхийг хязгаарлах хязгаарлалт тогтоох өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж үзэв.  

 

Иймд  Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 3 дугаар сарын 04-ний өдрийн 2022/ШЦТ/159 дугаартай шийтгэх тогтоолд зохих өөрчлөлт оруулж, шүүгдэгч П.Хийн гаргасан давж заалдах гомдлын зарим хэсгийг хүлээн авах нь зүйтэй гэж дүгнэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.4 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 3 дугаар сарын 04-ний өдрийн 2022/ШЦТ/159 дугаартай шийтгэх тогтоолын:

2 дахь заалтын “...Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар П.Хийг тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 жилийн хугацаагаар хасаж, 1 жилийн хугацаанд Улаанбаатар хотын нутаг дэвсгэрээс гарахыг хориглох зорчих эрхийг хязгаарлах ялаар шийтгэсүгэй. ...” гэснийг, “...Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар П.Хийг тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 жилийн хугацаагаар хасаж, 1 жилийн хугацаанд Төв аймгийн нутаг дэвсгэрээс гарахыг хориглох зорчих эрхийг хязгаарлах ялаар шийтгэсүгэй. ...” гэж өөрчилсүгэй.

2. Шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн бусад заалт, хэсгийг хэвээр үлдээж, шүүгдэгч П.Хийн гаргасан давж заалдах гомдлын зарим хэсгийг хүлээн авч, зарим хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.  

3. Анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

                                  ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                             Ж.ЭРДЭНЭЧИМЭГ

 

                                   ШҮҮГЧ                                                    О.ЧУЛУУНЦЭЦЭГ

 

                        ШҮҮГЧ                                                   Б.АРИУНХИШИГ