| Шүүх | Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Баяраагийн Баярмаа |
| Хэргийн индекс | 184/2024/04169/И |
| Дугаар | 184/ШШ2024/03425 |
| Огноо | 2024-06-14 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шүүгчийн захирамж
2024 оны 06 сарын 14 өдөр
Дугаар 184/ШШ2024/03425
2024 06 14 184/ШШ2024/03425
Зохигч талуудын эвлэрлийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
******* дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч ******* би,
Нэхэмжлэгч: ***-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: ***-д холбогдох
Зээлийн гэрээний үүрэгт 4,317,025 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2024 оны 04 дүгээр сарын 30-ны өдөр хүлээн авч, мөн оны 05 дугаар сарын 07-ны өдөр иргэний хэрэг үүсгэснээр хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч “******* ******* *******” ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Зээлдэгч ******* нь 2019 оны 02 дугаар сарын 11-ний өдөр манай банк бус санхүүгийн байгууллагын КМОБИМН цахим зээлийн үйлчилгээнд №5929 дугаартай цахим зээлийн эрх нээх гэрээ байгуулж, 2,330,000 төгрөгийг 45 хоногийн хугацаатай, 129,050 төгрөгийн шимтгэлтэй, хугацаа хэтэрсэн тохиолдолд сарын 4 хувийн хүүтэй тохиролцож зээлсэн. Бидний хооронд байгуулагдсан зээлийн эрх нээх гэрээний 4 дүгээр зүйлийн 2.2 дах хэсэгт “Зээл тус бүрийн эргэн төлөх хугацаанд тухайн ашигдасан зээлийн дүнг түүнд ноогдох шимтгэлийн хамт үл маргах журмаар төлөх” 4 дүгээр зүйлийн 2.3 дах хэсэгт “Зээл, зээлийн шимтгэлийг тухайн зээлийн эргэн төлөх хугацаанд төлж барагдуулаагүй тохиолдолд хүү төлөх гэж заасан. Мөн банк бус санхүүгийн байгууллага нь зээлийн эрх нээх гэрээний 5 дугаар зүйлийн 1.5 дах хэсэгт зааснаар “Зээл болон зээлийн шимтгэлийг эргэн төлөх хугацаанд төлөөгүй тохиолдолд хүү тооцож эхлэх бөгөөд эдгээр төлбөрийг нийтэд нь төлүүлэх эрхтэй” гэж заасан. Гэтэл зээлдэгч ******* нь зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчиж, авсан зээлээ гэрээнд заасан хугацаанд төлж барагдуулалгүй, гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй болно. Бид зээлээ төлөхийг удаа дараа мэдэгдэж, зээл хүүгийн төлбөрөө төлөх боломж олгосон боловч тодорхой үр дүн гараагүй тул шүүхэд хандаж байна. 2024 оны 04 дүгээр сарын 24-ний өдрийн байдлаар зээлдэгч нь дараах зээлийн өр төлбөртэй байна. Зээлийн үндсэн төлбөрт 2,330,000 төгрөг, шимтгэл 129,050 төгрөг, хүү 1,857,975 төгрөг нийт 4,317,025 төгрөгийг улсын тэмдэгтийн хураамжийн хамт гаргуулж өгнө үү гэжээ.
Зохигч талууд эвлэрлийн гэрээндээ: "******* ******* *******” ХХК-ийн нэхэмжлэлтэй, *******д холбогдох зээлийн гэрээний үүрэгт 4,317,025 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрч, төлбөрийг 2024 оны 07 дугаар сарын 20-ны өдөр 1,000,000 төгрөг, 2024 оны 08 дугаар сарын 20-ны өдөр 1,000,000 төгрөг, 2024 оны 09 дүгээр сарын 20-ны өдөр 1,000,000 төгрөг, 2024 оны 10 дугаар сарын 20-ны өдөр 1,317,025 төгрөгөөр тус тус төлж барагдуулахаар харилцан тохиролцов. Иймд хэргийг хялбаршуулсан журмаар шийдэж өгнө үү гэжээ.
Шүүх зохигчдын эвлэрлийн гэрээг хянаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч “******* ******* *******” ХХК нь *******д холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 4,317,025 төгрөг гаргуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргажээ.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад “******* ******* *******” ХХК-ийн нэхэмжилсэн 367,760 төгрөгийг хариуцагч ******* бүхэлд нь хүлээн зөвшөөрч, төлбөрийг 2024 оны 07 дугаар сарын 20-ны өдөр 1,000,000 төгрөг, 2024 оны 08 дугаар сарын 20-ны өдөр 1,000,000 төгрөг, 2024 оны 09 дүгээр сарын 20-ны өдөр 1,000,000 төгрөг, 2024 оны 10 дугаар сарын 20-ны өдөр 1,317,025 төгрөгөөр тус тус төлж барагдуулахаар харилцан тохиролцож, эвлэрлийн гэрээ байгуулсан байна.
Зохигч талууд эвлэрлээ бичгээр илэрхийлэн гэрээ байгуулан түүнд хүлээн зөвшөөрч, гарын үсэг зурж баталгаажуулан шүүхэд ирүүлсэн эвлэрлийн гэрээ нь Иргэний хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалсан эрх ашгийг хөндөөгүй байна.
Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 26.2, 26,3 дахь хэсгүүдэд зааснаар зохигч талууд эвлэрэх эрхтэй, мөн хуулийн 74 дүгээр зүйлд зааснаар тус хэргийг хялбаршуулсан журмаар зохигч талуудын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 75, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
1. “******* ******* *******” ХХК-ийн нэхэмжлэлтэй, *******д холбогдох зээлийн гэрээний үүрэгт 4,317,025 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрч, төлбөрийг 2024 оны 07 дугаар сарын 20-ны өдөр 1,000,000 төгрөг, 2024 оны 08 дугаар сарын 20-ны өдөр 1,000,000 төгрөг, 2024 оны 09 дүгээр сарын 20-ны өдөр 1,000,000 төгрөг, 2024 оны 10 дугаар сарын 20-ны өдөр 1,317,025 төгрөгөөр тус тус төлж барагдуулахаар харилцан тохиролцсон зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д заасны дагуу улсын тэмдэгтийн хураамжийн хэмжээг тал хувиар бууруулан хариуцагч *******аас 42,015 төгрөгийг, нэхэмжлэгчээс тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 84,030 төгрөгөөс 42,015 төгрөгийг ******* дүүргийн татварын хэлтсийн 100200900941 тоот данснаас буцаан гаргуулан “******* ******* *******” ХХК-ид тус тус олгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг тайлбарласугай.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д заасны дагуу хариуцагч ******* нь шүүгчийн захирамжийг сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн адил албадан гүйцэтгүүлэхийг дурдсугай.
ШҮҮГЧ ***