Шүүх | Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Цолмонгийн Сайхантуяа |
Хэргийн индекс | 020/2014/0077/З |
Дугаар | 128/ШШ2016/0338 |
Огноо | 2016-05-09 |
Маргааны төрөл | Бусад, |
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2016 оны 05 сарын 09 өдөр
Дугаар 128/ШШ2016/0338
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ц.Сайхантуяа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: Том зам ХХК-ийн /РД 5384605/ нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Ашигт малтмалын газарт холбогдох
Нэхэмжлэлийн шаардлага: Том зам ХХК-нд Ц-020Х, Ц-021Х дугаар бүхий 2 ширхэг ашигт малтмалын тусгай зөвшөөрлүүдийг эзэмших эрхийг сэргээж бүртгэхгүй байгаа Ашигт малтмалын газрын эрх бүхий даргын эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоож, Том зам ХХК-нд Ц-020Х, Ц-021Х дугаар бүхий 2 ширхэг ашигт малтмалын тусгай зөвшөөрлүүдийг сэргээн бүртгэх шийдвэр гаргахыг Ашигт малтмалын газарт даалгуулах тухай нэхэмжлэлтэй захиргааны хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Давааравдан, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Ууганжаргал нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Том зам ХХК нь шүүхэд бичгээр гаргасан нэхэмжлэлдээ:
...Цөмийн энергийн газрын даргын 2012 оны 01 дүгээр сарын 13-ны өдрийн 07 дугаар тушаалаар Том зам ХХК-нд Ц-020Х, Ц-021Х дугаар бүхий 2 ширхэг ашигт малтмалын тусгай зөвшөөрлүүдийг зохих хууль, журмын дагуу олгосон. Нэхэмжлэгч тал болох дээрх аж ахуйн нэгжүүд нь дугаар бүхий цацраг идэвхт ашигт малтмалын тусгай зөвшөөрлүүдийг хуулийн дагуу эзэмшиж, өөрсдийн үйл ажиллагаагаа хэвийн явуулж байсан.
Гэтэл цөмийн энергийн газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч н.Манлайжав гэгч 2012 оны 3 дугаар сарын 13-ны өдрийн А/29 дүгээр тушаал гаргаж Том зам ХХК-нд Ц-020Х, Ц-021Х дугаар бүхий 2 ширхэг ашигт малтмалын тусгай зөвшөөрлүүдийг тус тус ямар ч үндэслэлгүйгээр цуцалсан байсан. Бид үүнийг мэдмэгцээ тус газарт хууль зөрчиж гаргасан дээрх тушаалд нь гомдлоо гаргасан. Тус өргөдөл гомдлыг Цөмийн энергийн газар хянан судлаад хууль зөрчсөнөө хүлээн зөвшөөрч нэр бүхий компаниудтай 2015 оны 3 дугаар сарын 25-ны өдөр бичгээр Эвлэрлийн гэрээг байгуулсан болно.
Уг эвлэрлийн гэрээний гол зорилго, үндэслэл Том зам ХХК-ийн гаргасан гомдлын шаардлагыг Цөмийн энергийн газар хүлээн зөвшөөрч маргааныг эвийн журмаар шийдвэрлэхэд оршино гэж заасан. Мөн Цөмийн энергийн тухай хуулийн дагуу тусгай зөвшөөрөл хүсч өргөдөл, материалаа ирүүлсэн Том зам ХХК-нд Цөмийн энергийн газрын даргын 2012 оны 01 дүгээр сарын 13-ны өдрийн 07 дугаар шийдвэрээр Ц-020Х, Ц-021Х дугаар тусгай зөвшөөрлүүдийг олгосон ба уг тусгай зөвшөөрлүүдийг цуцалсан Цөмийн энергийн газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгчийн 2012 оны 3 дугаар сарын 13-ны өдрийн А/29 дүгээр тушаал нь Цөмийн энергийн тухай хуулийн 26 дугаар зүйлд заасан тусгай зөвшөөрлийг хүчингүй болгох нөхцөлд хамаарахгүй байх тул тус шийдвэрийг хүчингүй болгож, Цөмийн энергийн газрын даргын 2012 оны 01 дүгээр сарын 13-ны өдрийн 07 дугаар шийдвэрүүдийг сэргээх үндэслэлтэй байна гэж, мөн гэрээний 2 дугаар зүйлийн 2.1-д хариуцагч хариуцагч Цөмийн энергийн газар нь нэхэмжлэгч Том зам ХХК-нд олгосон ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл эзэмших эрхийг нь энэхүү эвлэрлийн гэрээ байгуулмагц сэргээн гэх үүргийг хүлээж, хоёр тал харилцан тохиролцсон юм.
Хариуцагч байгууллага Цөмийн энергийн газар эвлэрлийн гэрээг байгуулсан өдрөө үүргээ биелүүлж тус газрын даргын 2013 оны 3 дугаар сарын 25-ны өдрийн 032 дугаар бүхий Тушаал хүчингүй болгож, тусгай зөвшөөрөл эзэмших эрхийг сэргээх тухай тушаал гаргасан. Уг тушаалд Цөмийн энергийн газрын даргын 2012 оны 01 дүгээр сарын 13-ны өдрийн 04 дүгээр тушаалаар Нейшнл ураниум ресурсес ХХК-нд олгосон цацраг идэвхт ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл эзэмших эрхийг сэргээсэн. Энэхүү тушаалтай ижил утга агуулга бүхий тушаал ч бусад үлдсэн компаниуд дээр гарна гэж хүлээж байсан.
Хариуцагч Цөмийн энергийн газар нь бусад компаниудад тушаал гаргаж цацраг идэвхт ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл эзэмших эрхийг сэргээж амжаагүй байхад тус газар нь татан буугдаж түүний хэрэгжүүлж байсан чиг үүрэг нь одоогийн Ашигт малтмалын газарт шилжсэн.
Үүний дагуу Ашигт малтмалын газрын дарга, удирдлагатай удаа дараа биечлэн уулзах болон албан бичгээр хандаж тусгай зөвшөөрлөө сэргээн бүртгэхийг хүсэхэд татгалзаж сүүлд буюу 2015 оны 09 дүгээр сарын 07-ны өдрийн 2/6892 дугаар албан бичгээр Танай хүсэлтийн дагуу тусгай зөвшөөрлүүдийг сэргээх боломжгүй тул холбогдох байгууллагад хандаж шийдвэрлүүлэх нь зүйтэй болно гэх хариуг манайд хүргүүлээд байна. Иймд Том зам ХХК тус шүүхэд хандаж өөрсдийн зөрчигдсөн эрхээ сэргээлгэх, хууль ёсны ашиг сонирхлоо хамгаалуулахаар дараах нэхэмжлэлийн шаардлагыг гаргаж байна.
Том зам ХХК-нд Ц-020Х, Ц-021Х дугаар бүхий 2 ширхэг ашигт малтмалын тусгай зөвшөөрлүүдийг эзэмших эрхийг сэргээж бүртгэхгүй байгаа Ашигт малтмалын газрын эрх бүхий даргын эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоож, Том зам ХХК-нд Ц-020Х, Ц-021Х дугаар бүхий 2 ширхэг ашигт малтмалын тусгай зөвшөөрлүүдийг сэргээн бүртгэх шийдвэр гаргахыг Ашигт малтмалын газарт даалгаж өгөхийг тус тус хүсч нэхэмжлэл гаргав гэв.
Хариуцагч Ашигт малтмалын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч Д.Үүрийнтуяа нь шүүхэд бичгээр гаргасан тайлбар болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Давааравдан нь шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
... Том зам ХХК-иас 2011 оны 4 дүгээр сарын 18-ны өдрийн 11 дүгээр албан бичгээр Цөмийн энергийн газарт /хуучин нэрээр/ Дорноговь аймгийн Өргөн, Улаанбадрах, Эрдэнэ сумдад орших Бүрдэнгийн хөндий, Ухаан толгой нэртэй талбайнуудад тус тус цацраг идэвхт ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл хүссэн өргөдлийг бичиг баримтын хамт ирүүлсэн.
Том зам ХХК-ийн 2011 оны 4 дүгээр сарын 18-ны өдрийн 11 дүгээр албан бичгээр ирүүлсэн цацраг идэвхт ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл шинээр авахыг хүссэн өргөдөл холбогдох материалуудыг хянан үзэж, цөмийн энергийн газрын даргын 2012 оны 01 дүгээр сарын 13-ны өдрийн 07 дугаар шийдвэрээр Том зам ХХК-нд Дорноговь аймгийн Эрдэнэ, Улаанбадрах суманд орших Ухай толгой нэртэй 27415 гектар талбайд Ц-020Х, Дорноговь аймгийн Өргөн, Эрдэнэ суманд орших Бүрдэнгийн хөндий нэртэй 82449,85 гектар талбайд Ц-021Х тусгай зөвшөөрлүүдийг олгосон.
Монгол Улсын Ерөнхийлөгчийн Уран, газрын ховор элемент эрчим хүчний үйлдвэртэй холбогдсон үйл ажиллагаанд хяналт тавих тухай 2011 оны 9 дүгээр сарын 07-ны өдрийн 181 дүгээр зарлигаар үндэсний эрх ашиг, эдийн засгийн аюулгүй байдалд нөлөө үзүүлэх уран, газрын ховор элементийн хайгуул, олборлолтын тусгай зөвшөөрлийг олгох, эрх шилжүүлэх, эрчим хүчний үйлдвэр барьж байгуулах асуудлаар шийдвэр гаргахын өмнө Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн хуралдаанаар хэлэлцүүлж байхыг холбогдох төрийн байгууллагуудад үүрэг болгосон бөгөөд тус зарлиг хүчин төгөлдөр мөрдөгдөж байсан тул Том зам ХХК-нд цацраг идэвхт ашигт малтмалын хайгуулын Ц-020Х, Ц-021Х дугаартай зөвшөөрлүүдийг олгохдоо Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн хуралдаанаар хэлэлцүүлээгүй нь Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2011 оны 9 дүгээр сарын 07-ны өдрийн 181 дүгээр зарлигийг зөрчсөн байх тул Цөмийн энергийн газрын / хуучин нэрээр/ даргын 2012 оны 01 дүгээр сарын 13-ны өдрийн 07 дугаар шийдвэрийг хүчингүйд тооцох үндэслэл бүрдсэн болохыг Цөмийн энергийн газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгчийн 2012 оны 02 дугаар сарын 27-ны өдрийн 1/290 дүгээр албан бичгээр Том зам ХХК-нд мэдэгдсэн.
Засгийн газрын агентлагийн эрх зүйн байдлын тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 8 дугаар зүйлийн 8.4, Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1.9, Монгол Улсын Ерөнхийлөгчийн 181 дүгээр зарлиг, Төрийн жинхэнэ албан хаагчийн албан үүргийг түр орлон гүйцэтгэх журмын 4.4, Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн 2012 оны 02 дугаар сарын 20-ны өдрийн Чиглэл өгөх тухай н/35 дугаар албан бичгийг тус тус үндэслэн Цөмийн энергийн газрын даргын 2012 оны 3 дугаар сарын 13-ны өдрийн А/29 дүгээр тушаалаар Цөмийн энергийн газрын даргын 2012 оны 01 дүгээр сарын 13-ны өдрийн тусгай зөвшөөрөл олгох тухай 07 дугаар шийдвэрийг хүчингүй болгосон.
Том зам ХХК-ийн Ц-020Х, Ц-021Х дугаартай цацраг идэвхт ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрлүүдийг хүчингүй болгосон цөмийн энергийн газрын даргын А/29 дүгээр тушаалын талаар болон Цөмийн энергийн тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.4 дэх хэсэгт заасны дагуу хайгуулын тусгай зөвшөөрлийг 1, 2 дугаар хавсралтын хамт Цөмийн энергийн газарт /хуучин нэрээр/ ирүүлэх тухай 8/394 дүгээр албан бичгийг Том зам ХХК-нд 2012 оны 3 дугаар сарын 15-ны өдөр хүргүүлсэн.
Уг албан бичгийг уг компани хүлээн аваад Захиргааны хэргийн шүүхэд хандаж байгаа талаараа Цөмийн энергийн газарт мэдэгдсэн байна.
Том зам ХХК-ийн Ц-020Х, Ц-021Х дугаартай цацраг идэвхт ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрлүүдийг хүчингүй болгосон цөмийн энергийн газрын даргын А/29 дүгээр тушаалыг хүчингүй болгуулах шаардлага бүхий нэхэмжлэлийг Нийслэлийн захиргааны хэргийн анхан шатны шүүхэд гаргасан.
Нийслэлийн захиргааны хэргийн шүүхээр хэргийг хянан хэлэлцэж Цөмийн энергийн газрын даргын 2012 оны 3 дугаар сарын 13-ны өдрийн А/29 дүгээр тушаалыг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, 2012 оны 5 дугаар сарын 25-ны өдрийн 207 дугаар шийдвэр гаргасан.
Нийслэлийн захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2012 оны 5 дугаар сарын 25-ны өдрийн 207 дугаар шийдвэрийг эс зөвшөөрч нэхэмжлэгч компаниудын өмгөөлөгч, итгэмжлэгдсэн төлөөлөгч нар Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан бөгөөд 2012 оны 8 дугаар сарын 01-ний өдөр магадлал гарч Нийслэлийн захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2012 оны 5 дугаар сарын 25-ны өдрийн 207 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгч нарын гомдлыг хангахгүй орхисон.
Нөгөө талаараа урд шүүхээр шийдвэрлэгдсэн шүүхийн хүчин төгөлдөр шийдвэртэй хэргийн талаар дахин нэхэмжлэл гаргаж байгаа нь Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.1.6-д нэхэмжлэлд дурдсан үйл баримт, хариуцагчийн гэм буруугийн талаар, эсхүл уг нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзсан, түүнчлэн хэргийг хэрэгсэхгүй болгосон хуулийн хүчин төгөлдөр шүүхийн шийдвэр буюу шүүхийн тогтоол, шүүгчийн захирамж байгаа гэх хуулийн заалтыг зөрчиж нэхэмжлэл гаргасан гэж үзэж байна.
Иймд Том зам ХХК-ийн Ц-020Х, Ц-021Х цацраг идэвхт ашигт малтмалын тусгай зөвшөөрлүүдийн эзэмших эрхийг сэргээн бүртгэхгүй байгаа Ашигт малтмалын газрын даргын эс үйлдэхүй, дээрх тусгай зөвшөөрлүүдийг сэргээн бүртгэх шийдвэр гаргахыг хариуцагчид даалгах тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж өгнө үү гэв.
ҮНДЭСЛЭХ нь:
Шүүх хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтууд, нэхэмжлэгч болон хариуцагч, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нарын шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбарыг хянаад нэхэмжлэгч Том зам ХХК-ийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэлээ.
Нэхэмжлэгч Том зам ХХК-ийн захирал Ш.Бүрэнбаярт шүүх хуралдааны товыг мэдэгдэж, гарын үсэг зуруулсан бөгөөд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр шүүх хуралдаанд ирээгүй тул түүнийг байлцуулахгүй шүүх хуралдааныг үргэлжлүүлэх санал хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч гаргасныг хүлээн авч, Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.2-т заасны дагуу нэхэмжлэгчийн эзгүйд хэргийг шийдвэрлэсэн болно.
Цөмийн энергийн газарт /хуучин нэрээр/ Том зам ХХК 2011 оны 4 дүгээр сарын 18-ны өдрийн 11 дүгээр албан бичгээр Тус компани нь танайд хандан Дорноговь аймгийн Эрдэнэ, Улаанбадрах, Өргөн, Сайншанд сумдын нутагт хайгуулын тусгай зөвшөөрөл хүсэж өргөдөл гаргаж байгааг хүлээн авч нааштайгаар шийдвэрлэж өгнө үү хэмээн тусгай зөвшөөрөл хүсэж өргөдөл гаргасны дагуу Цөмийн энергийн газрын даргын 2012 оны 01 дүгээр сарын 13-ны өдрийн 07 дугаар шийдвэрээр Дорноговь аймгийн Эрдэнэ, Улаанбадрах, Өргөн, Эрдэнэ сумын Аргалант уул, Бүрдэнгийн хөндий нэртэй газарт цацраг идэвхт Ц-020Х, Ц-021Х дугаартай ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрлүүдийг Том зам ХХК-нд олгосон байна.
Цөмийн энергийн газрын даргын 2012 оны 3 дугаар сарын 13-ны өдрийн А/29 дүгээр тушаалаар Засгийн газрын агентлагийн эрх зүйн байдлын тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 8 дугаар зүйлийн 8.4, Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1.9, Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2011 оны 9 дүгээр сарын 07-ны өдрийн 181 дүгээр зарлиг, Төрийн жинхэнэ албан хаагчийн албан үүргийг түр орлон гүйцэтгэх журмын 4.4, Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн 2012 оны 02 дугаар сарын 20-ны өдрийн Чиглэл өгөх тухай н/35 дугаар албан бичгийг тус тус үндэслэн Цөмийн энергийн газрын даргын 2012 оны 01 дүгээр сарын 13-ны өдрийн Тусгай зөвшөөрөл олгох тухай 07 дугаар шийдвэрийг хүчингүй болгожээ.
Том зам ХХК-нд Цөмийн энергийн газрын 2012 оны 3 дугаар сарын 15-ны өдрийн 8/394 дүгээр албан бичгээр Засгийн газрын агентлагийн эрх зүйн байдлын тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 8 дугаар зүйлийн 8.4, Цөмийн энергийн тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.6.5, Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1.9, Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2011 оны 9 дүгээр сарын 07-ны өдрийн 181 дүгээр зарлиг, Төрийн жинхэнэ албан хаагчийн албан үүргийг түр орлон гүйцэтгэх журмын 4.4, Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн 2012 оны 02 дугаар сарын 20-ны өдрийн Чиглэл өгөх тухай н/35 дугаар албан бичгийг тус тус үндэслэн Цөмийн энергийн газрын даргын 2012 оны 01 дүгээр сарын 13-ны өдрийн 07 дугаар шийдвэрийг хүчингүй болгосныг үүгээр мэдэгдэж байна... хэмээн цацраг идэвхт Ц-020Х, Ц-021Х дугаартай ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрлүүдийг хүчингүй болгосон талаар мэдэгдсэн байна.
Үүнийг нэхэмжлэгч эс хүлээн зөвшөөрч Нийслэлийн захиргааны хэргийн шүүхэд Том зам ХХК, нэр бүхий 5 компанийн нэхэмжлэлтэй, Цөмийн энергийн газарт холбогдох захиргааны хэргийг тус шүүхийн 2012 оны 5 дугаар сарын 25-ны өдрийн 207 дугаар шийдвэрээр Цөмийн энергийн тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1, 11.6.1, Засгийн газрын агентлагийн эрх зүйн байдлын тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1, 7.1.1, 8 дугаар зүйлийн 8.4-т заасныг баримтлан нэхэмжлэгч Нэйшнл ураниум ресорсес ХХК, Прайм энержи пауэр Ресурсиз ХХК, Монголгурван мянга ХХК, Моннуклер ГМ ХХК, Том зам ХХК-иудын итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.Энхзаяагийн Цөмийн энергийн газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгчийн 2012 оны 3 дугаар сарын 13-ны өдрийн А/26, А/27, А/28, А/29, А/30 дугаар тушаалуудыг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэжээ.
Энэхүү шүүхийн 2012 оны 5 дугаар сарын 25-ны өдрийн 207 дугаар шийдвэрийг эс зөвшөөрч давж заалдах болон хяналтын журмаар гомдол гаргасан бөгөөд Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн хуралдааны 2012 оны 8 дугаар сарын 01-ний өдрийн 228 дугаар магадлал, Монгол Улсын Дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдааны 2012 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн 163 дугаар тогтоолоор анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээн шийдвэрлэсэн байна.
Монгол Улсын Засгийн газрын 2014 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн 387 дугаар тогтоолоор Төрийн захиргааны байгууллагын тогтолцоо, бүтцийн ерөнхий бүдүүвч шинэчлэгдэн батлагдсантай холбогдуулан Засгийн газрын тохируулагч агентлаг Цөмийн энергийн газрыг татан буулгаж, Цөмийн энергийн газрын эрх хэмжээг Ашигт малтмалын газарт шилжүүлжээ.
Нэхэмжлэгч Том зам ХХК нь 2013 оны 3 дугаар сарын 25-ны өдрийн эвлэрлийн гэрээг үндэслэн Ц-020Х, Ц-021Х дугаар тусгай зөвшөөрлүүдийг хариуцагч Ашигт малтмалын газар сэргээх ёстой бөгөөд хариуцагч хууль бусаар татгалзаж байна гэж маргаж байна.
Нэхэмжлэгч Том зам ХХК, хариуцагч Цөмийн энергийн газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч Н.Тэгшбаяр нарын байгуулсан 2013 оны 3 дугаар сарын 25-ны өдрийн эвлэрлийн гэрээгээр тусгай зөвшөөрлийн эрхийг сэргээхээр тохиролцсон гэх боловч энэхүү гэрээ нь хууль бус, тухайн үеийн Цөмийн энергийн газрын даргын гарын үсэг биш болох нь Н.Тэгшбаярыг гэрчээр асуусан мэдүүлэг, Цөмийн энергийн комиссын ажлын албанд хийсэн бичиг баримтын үзлэг, 2016 ны 4 дүгээр сарын 14-ний өдрийн 2318 дугаар шинжээчийн дүгнэлтээр тус тус тогтоогдож байх тул хариуцагч Цөмийн энергийн тухай хуулийн 112 дүгээр зүйлийн 112.1, 112.1.1-д заасны дагуу цацраг идэвхт ашигт малтмал эрэх тусгай зөвшөөрөл олгохоос татгалзаж байгаа нь үндэслэлтэй гэж шүүх үзлээ.
Иймд төрийн захиргааны байгууллага тусгай зөвшөөрөл олгосон шийдвэрээ хүчингүй болгож, энэ нь шүүхийн шийдвэрээр үндэслэлтэй болох нь тогтоогдсон байхад хууль бус гэрээг үндэслэн тусгаар зөвшөөрөл олгуулахаар маргаж байгаа Том зам ХХК-ийн гаргасан Том зам ХХК-нд Ц-020Х, Ц-021Х дугаар бүхий 2 ширхэг ашигт малтмалын тусгай зөвшөөрлүүдийг эзэмших эрхийг сэргээж бүртгэхгүй байгаа Ашигт малтмалын газрын эрх бүхий даргын эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоож, Том зам ХХК-нд Ц-020Х, Ц-021Х дугаар бүхий 2 ширхэг ашигт малтмалын тусгай зөвшөөрлүүдийг сэргээн бүртгэх шийдвэр гаргахыг Ашигт малтмалын газарт даалгуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэв.
Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 70 дугаар зүйлийн 70.1, 70.2.9-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Цөмийн энергийн тухай хуулийн 112 дүгээр зүйлийн 112.1, 112.1.1-д заасныг баримтлан Том зам ХХК-ийн гаргасан Том зам ХХК-нд Ц-020Х, Ц-021Х дугаар бүхий 2 ширхэг ашигт малтмалын тусгай зөвшөөрлүүдийг эзэмших эрхийг сэргээж бүртгэхгүй байгаа Ашигт малтмалын газрын эрх бүхий даргын эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоож, Том зам ХХК-нд Ц-020Х, Ц-021Х дугаар бүхий 2 ширхэг ашигт малтмалын тусгай зөвшөөрлүүдийг сэргээн бүртгэх шийдвэр гаргахыг Ашигт малтмалын газарт даалгуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
2. Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т тус тус заасны дагуу нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээсүгэй.
Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 81 дүгээр зүйлийн 81.1-д заасны дагуу хэргийн оролцогчид, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ц.САЙХАНТУЯА