| Шүүх | Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Жигжидийн Лхагвасүрэн |
| Хэргийн индекс | 184/2024/04129/и |
| Дугаар | 184/ШШ2024/03260 |
| Огноо | 2024-06-10 |
| Маргааны төрөл | Цалин хөлсний маргаан, |
Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2024 оны 06 сарын 10 өдөр
Дугаар 184/ШШ2024/03260
Хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг
хэрэгсэхгүй болгох тухай
Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ж.Лхагвасүрэн би
Нэхэмжлэгч: УБ, тоот хаягт оршин суух ******* овогт *******гийн ******* /*******/-ы нэхэмжлэлтэй
Хариуцагч: УБ, Сонгинохайрхан дүүрэг 13-р хороо, 2а тоот хаягт байрлах Улаанбаатар ус цаг уур орчны шинжилгээний төв /9129006/-д холбогдох
2024 оны 3 дугаар сарын 05-ны өдрийн ******* дугаар Сахилгын шийтгэл ногдуулах тухай тушаалыг хүчингүй болгуулах, суутган авсан мөнгөн дүнг буцаан гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Х.******* шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: ... Миний бие тус байгууллагад 28 дахь жилдээ ажиллаж байна. Т.******* нь 2024 оны 01 дүгээр сарын 02-ны өдрөөс томилогдсон ба түүнээс хойш дарамталж, элдвээр хэлж доромжлох, хэлээгүй үг хийгээгүй хэргийн төлөө хүний хэлсэн үгийг мэдсээр байж гүтгэж, хамт олон доторх нэр хүнд гутаах, чадваргүй, ажилдаа ирдэггүй гэх мэт худал хэлж явсаар 2024 оны 3 дугаар сарын 05-ны өдөр өвчтэй байх хугацаанд үндэслэлгүйгээр хуралдаж сахилгын шийтгэл ногдуулсан ******* тоот тушаал гарган цалингийн 20 хувийг хасаж байгаад гомдол гаргасны дагуу Сонгинохайрхан дүүргийн гурван талт хороонд өргөдөл өгч 2024 оны 4 дүгээр сарын 09-ний өдөр хуралдсан. Тус хурал дээр эвлэрсэн дүр эсгэж ******* тоот тушаалыг үндэслэлгүй болгоно гэж хэлчхээд хэд хоногийн дараа гаргасан шийдвэрээ хэвээр үлдээнэ гэж байгаа нь байгууллагын дарга хүний хувьд хэлсэн үгэндээ хүрдэггүй, төрийн албаны ёс зүйгүй, гурван талт хороог үл тоож, доромжилж байна. ... Иймд надад холбогдуулан гаргасан ******* тоот тушаалыг хүчингүй болгож, суутган авсан мөнгөн дүнг буцаан олгох шийдвэр гаргаж өгнө үү гэжээ.
Хариуцагч Улаанбаатар хотын ус цаг уур орчны шинжилгээний төвийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.******* шүүхэд гаргасан тайлбартаа: ... Хариуцагч байгууллага нь нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч, сахилгын шийтгэл ногдуулсан тушаалыг хүчингүй болгож, нэхэмжлэгчийн цалингаас суутган авсан 468,000 төгрөгийг буцаан олгохыг хүлээн зөвшөөрч байна гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Х.******* нь хариуцагч Улаанбаатар хотын ус цаг уур орчны шинжилгээний төвд холбогдуулан 2024 оны 3 дугаар сарын 05-ны өдрийн ******* дугаар Сахилгын шийтгэл ногдуулах тухай тушаалыг хүчингүй болгуулах, суутган авсан мөнгөн дүнг буцаан гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрч, энэ талаар тайлбараа бичгээр гаргасан байх тул шүүх хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2-т зааснаар хариуцагч Улаанбаатар хотын ус цаг уур орчны шинжилгээний төв нь нэхэмжлэгч Х.*******ы нэхэмжилсэн 2024 оны 3 дугаар сарын 05-ны өдрийн ******* дугаар Сахилгын шийтгэл ногдуулах тухай тушаалыг хүчингүй болгуулах, цалингаас суутган авсан 468,000 төгрөгийг гаргуулах тухай иргэний хэрэгт нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.
3. Энэ захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдсугай.
4. Зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ШҮҮГЧ Ж.ЛХАГВАСҮРЭН